Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.

Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

-Хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх,

-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,

-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,

-Тариа, ногоогоо хайрагдах аюулаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд-Эрээн хотын боомт аравдугаар сарын 1-нээс 7-ныг хүртэл амарна DNN.mn

БНХАУ-ын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Замын-Үүд-Эрээн хотын боомт ирэх аравдугаар сарын 1- нээс  7-ныг дуустал амрах хувиар гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 15 байршилд 5137 метр ус зайлуулах шугам барихаас 14 байршлын ажил дуусжээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Геодези, усны барилга байгууламжийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 15 байршилд 5137 метр замын ус зайлуулах шугам барихаас 14 байршилд ажлыг гүйцэтгэсэн. 1150 метр үерийн суваг шинээр барих, 8 байршилд 1167 метр барилга засварлах ажлуудыг үргэлжүүлэн хийж байна. Шугам угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй. Худгийн засвар, нөхөн сэргээлт, шинэчлэлт 70 хувь, өргөлтийн насос станцын ажил 82.5 хувь, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар нөхөн сэргээлтийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станц буулгасан хэсгийн Дунд голын эргийн хамгаалалтын далангийн өргөтгөл шинэчлэл, засвар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ээж хайрханы үерийн хамгаалалтын сувгийн төгсгөлийн, эвдрэлтэй хэсгийг засварлах, Улиастай голын эргийн хамгаалалтын далангийн нурсан хэсгийг засварлах, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Хайлаастын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд бүрэн дууссан. Мөн шугам сүлжээ, лаг цэвэрлэгээ, мониторингийн цооногийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулж, ажлыг гүйцэтгэж байгаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд хяналтын камер байршуулж байна DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдэл гархаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны нүүдлийн зам жим, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрлэх талбайг хамгаалах болон бусад олон төрлийн тандалт судалгааг явуулах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камеруудыг байрлуулж эхэллээ.

Тус хяналтын камерыг байршуулнаар байгаль хамгаалагч нарын ажилд ахиц гарах, хяналт шалгалтыг ухаалаг системийн оролцоотой хийх, байгаль орчны эсрэг хууль бус үйлдэл гархаас сэргийлэх, таслан зогсоох олон сайн талтай гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ DNN.mn

Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 09:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Улмаар хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт эрэн хайж эхэлсэн. Ингээд 09.24-ний өдрийн 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг ар гэрийхэн “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор,

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,
-Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл бүртгэгджээ DNN.mn

2024 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар тогтсон.

СЕХ-ны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай 198 дугаар тогтоолоор сонгуулийн санал авах гурван байрыг шинээр нэмэгдүүлсэн. Одоо орон нутгийн сонгуульд 2,230 сонгуулийн санал авах байр ажиллана. Дээрх санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газрын даргын А329 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн” гэв.

Мөн “Энэ оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас нийт 19239 иргэнд олгосон.

Есдүгээр сарын 25-ны 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Үүнийг ангилж үзвэл зөрчлийн шинжтэй 49 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл эзэлж байна.

Эдгээр гомдол мэдээллийг орон нутгаар нь ангилж үзвэл:

  • Ховд аймагт нэг
  • Булган аймагт хоёр
  • Өвөрхангай аймагт нэг
  • Хэнтий аймагт гурав
  • Дорнод аймагт нэг
  • Сүхбаатар аймагт нэг тус тус гомдол мэдээлэл ирүүлжээ.

Гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэснийг танилцуулбал:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн хоёр гомдол мэдээлэл.
  • Харьяалал, хуульд заасан үндэслэл журмын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн нэг гомдол мэдээлэл.
  • Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй зургаан гомдол мэдээлэл бий.

Ямар хүнд гомдол ирснийг хэлэх боломжгүй. Нам, нэр дэвшигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэх байдлаар гомдол ирсэн” хэмээв.

 

Эх сурвалж:www.polit.mn 

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо DNN.mn

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар  Улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон  нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдсэн.
Хүнд сорилттой он жилүүдэд Засгийн газрын хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэл бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн, улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.

Товч мэдээ
·      “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ахална.
·      Хүсэлтийг нь үндэслэн Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын, С.Магнайсүрэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөллөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаарүүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг олон улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад даалгалаа.
-Тус компанийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулах,
-Мэргэжлийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулахад олон улсын байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах,
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай ”Улсын Их Хурлын 2024 оны тогтоолд зааснаар “иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх”-ээр даалгасныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдэд санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг,  боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулан үндэсний хэмжээнд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Түүнийг энэ сарын 16-нд АТГ-аас саатуулсан юм. Засгийн газрын 2020.09.16-ны өдрийн  ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томилсон. Тэрбээр 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.