Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 128-129км-т суурь солих ажил хийж, 150-136км-т авто замын угаагдсан хөвөөг сэргээн засварлалаа.
Month: August 2024
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны наймдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ХУД-ийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам буюу Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг 8 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 9 дүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай шатахууны нөөц болон нийлүүлэлтийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Түлш шатахууны өнөөгийн нөөц хэр байгаа талаарх мэдээллээс тодруулгаа эхэлье?
-Манай байгууллага долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой импорт, нөөц зэрэг мэдээллийг гаргадаг. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 41,823 мянган тонн АИ92 бензин байна. Үүнийг улсын өдрийн хэрэглээгээр тооцвол 23 хоногийн нөөцтэй байна гэсэн үг.
Дизель түлшний хувьд 127,678 мянган тонн байна. Үүнийг өдрийн дундаж хэрэглээгээр тооцвол 46 хоногийн нөөцтэй байна. Энэ бол гааль болон импортлогч газруудаас авсан мэдээлэлд үндэслэсэн мэдээ.
Импорт хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 29-ны байдлаар Сүхбаатар боомтоор 1061 вагон буюу 63600 тонн АИ92 бензин орж ирсэн. Манай улсын АИ92 бензиний нэг сарын хэрэглээ ихдээ 55 мянган тонн байдаг. Одоогийн байдлаар сарын хэрэглээнээс илүү хэмжээтэй АИ92 бензинийг импортлоод байна.
Дизель түлшний хувьд 2067 вагон буюу 124 мянган тонн Сүхбаатар боомтоор импортолсон. Манай улс сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Хэрэглээнээс давсан хэмжээтэй буюу 46 хоногийн нөөцтэй байна.
Үүнээс гадна Эрээнцав, Цагааннуур, Боршоо боомтуудаар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортолдог шүү дээ. Эрээнцав боомтоор наймдугаар сард 1760 тонн АИ92 бензин орж ирсэн. Зүүн бүсийн сарын хэрэглээ 1500 тонн байдаг. Харин Цагааннуур боомтоор 2207 тонн орж ирсэн байна. Баян-Өлгий, Ховд аймгийн 1800-2000 мянган тонн байдаг. Боршоо боомтоор 829 мянган тонн орж ирсэн. Ингээд улсын хэмжээнд нийт 68 мянган тонн АИ92 импортолсон байна.
-Зарим сумдад түлш шатахуун тасалдсан тухай мэдээлэл байна л даа. Тухайлбал, Архангай аймгийн Чулуут суманд гэхэд долоо хоног түлш тасалдсан гэсэн мэдээлэл манай сонины редакцид ирсэн?
-Зарим сумдад тасалдаж байна гэх мэдээлэл байна. Фэйсбүүкээр Хэнтий аймгийн Норовлин суманд тасалдлаа гэх мэдээлэл гарсан байна гэсэн. Тэнд байгаа шатахуун түгээх компани, аж ахуйн нэгж рүү явуулж байгаа нөөцийн мэдээллийг харж, судаллаа. Нөөц хэвийн байгаа ч бороо орж гол үерлэсэн зэрэг шалтгаанаас болж тасалдсан гэсэн мэдээллийг өгсөн.
Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улсын хэмжээнд нийт 1600 шатахуун түгээх станц бий. Эдгээр ШТС-ын ямар нэгэн газарт нь тодорхой нэг хүчин зүйлээс шалтгаалсан түр саатлыг дэвэргэж иргэдийг төөрөгдөлд оруулмааргүй байна.
-Ургац хураалт эхлэх гэж байна. Энэ үед өмнөх шиг дизель тасалдах гэхчилэн асуудал үүсэхгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Дизель түлшний нийт хэрэглээний 70-80 хувийг уул уурхай эзэлдэг. Газар тариалангийн салбар ихдээ 20 хувийг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар 127 мянган тонн дизель түлшний нөөц байна. Тиймээс импорт хэвийн явагдаж байгаа энэ үед ургац хураалтын үеэр ямар нэгэн асуудал үүсэхгүй.
-Өнгөрөгч өвлийн тодорхой хэдэн сард манайх БНХАУ-аас дизель түлш импортолсон. Тэр импорт хэвийн явж байгаа юу, эсвэл зогссон уу?
-Тодорхой шалтгааны улмаас хоёрдугаар сараас хойш импортлоогүй байгаа. Төмөр замын хуваарь нь гарахгүй байгаа л даа.
-ОХУ-ын нийлүүлэлт цаашид хэвийн явагдах, хоригт орохгүй байх ямар баталгаа бидэнд байгаа вэ?
-ОХУ ямар нөхцөл байдалтай байгааг та бүхэн харж байгаа байх. Дотоод нөхцөл байдлаасаа үүдэн экспортдоо хориг тавьж байгаа зүйл байна. Монгол Улс ОХУ хоёр бол найрсаг харилцаатай хөрш орон. Тиймээс гэрээ, харилцан тохиролцсоныхоо дагуу нийлүүлнэ гэж харж байгаа
СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Нийгэм маань стрестэй байна гэж яригддаг. Удахгүй хичээл сургууль орж, хөл хөдөлгөөн нэмэгдэхээр нийгмийн стресс дагаад өсдөг үү?
-Стресс нь англиар хүчдэл гэсэн утгатай үг юм. Нэг талаасаа хүн стрессдэнэ гэдэг нь булчин чангарлын байдалд орохыг хэлж буй юм. Хүнд хоёр төрлийн булчин байдаг. Эхнийх нь хүний ухамсарт хөл гарын хэл яриа, хүзүү толгойн булчингууд шууд удирдагддаг. Мөн автомат мэдрэлийн систем гэж бий. Энэ нь зүрхний цохилт амьсгалын хэмнэл, хоол боловсруулах эрхтний тогтолцоо зэрэг юм. Маш олон төрлийн булчингаас хүн бүрддэг. Стресс хүн, амьтанд хоёуланд нь байдаг зүйл. Стрессийг тухайн тааламжгүй нөхцөл байдалд үзүүлж байгаа ерөнхий хариу урвал гэж үзэж болно. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлийг нь стрессор гэж нэрлэдэг. Стресс үүсгэх хүчин зүйлүүд нь тухайн хүнээс өөрөөс нь, нийгмээс, цаг уураас шалтгаалан олон янз байдаг. Цаг уурын эрс тэс уур амьсгал, хэт халах, хүйтрэх, үер, ус гамшиг, нийгмээс шалтгаалах нь утаа, замын түгжрэл, хүмүүсийн хоорондын харилцааны зөрчил, дэд бүтэцтэй холбоотой асуудлууд яригддаг. Мөн ажлын байрны ачаалал, бүтэц зохион байгуулалт, соёл, багаар хэр ажилладаг вэ зэргийг хамааруулдаг. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг нэг хэсгийг нь хүн удирдаж чадах ч зарим хэсгийг нь удирдаж чадахгүй. Стресс бол амьдралын нэг салшгүй хэсэг. Үүнээс ангид амьдарна гэж байхгүй. Стресс хүнийг амьд байгааг, шинэлэг алхам хийх санааг өгч байдаг. Энэ нь хэт их байж болохгүй. Стресс ихэдвэл эмгэг, өвчин болно. Огт стрессгүй амьдрах хэцүү. Тохиолдож байгаа стрессийг яаж зохицуулах, даван туулах вэ гэдэг аргачлалд суралцах нь илүү бодитой болох юм. Бас зохиомол стрессүүд байдаг.
Ерөөсөө бүх юм болохгүй байна гээд л стресстдээд байвал тийм л дүр зураг харагдана. Аливаа зүйлийн сайхныг олж харж чадахгүй л гэсэн үг.
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хоорондоо маш зохисгүй, ямаан омогтой харилцах юм. Тухайн хүнийг стресс ихтэй байна гэж үзэх үү, эсвэл соёлгүй, бүдүүлэг байгаагийн илрэл үү?
-Бид байгаа орчиндоо дасан зохицох ёстой. Түгжрэлээс болоод уурлаж, бухимдаж, стрессдээд явах юм бол тухайн хүмүүсийн эрүүл мэндэд хортой, ахиад өөр бусад хүний сэтгэлийг тавгүйтүүлэх шалтгаан болно. Мэдээж замын хөдөлгөөнд оролцож түгжирснээр цаг зав, бинзен тосоо үр дүн муутайгаар зарцуулж байгаа нь үнэн. Уурлаад энэ асуудалд хувь нэмрээ оруулах нь маш бага юм. Түгжрэлтэй үед яаж асуудлуудаа шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дулааны улиралд менежмент хийж, автобусанд суух, дугуй, скүүтер унах, алхах зэргээр шийдэж болж байна. Нийгмийн бухимдал их байгаа учраас хүмүүс хоорондоо ойлголцоход хэцүү болж буй. Мөн хүмүүс тайвширч, стрессээ бүрэн зохицуулж сураагүйтэй ч холбоотой.
Суурин амьдралын хэв маягаар амьдарч буй нөхцөлд тухайн газрынхаа соёл, амьдралын хэв маягт суралцах. Нэг хүний хүссэнээр болохгүй учир олныхоо жишгийг дагаж, улам соёлжиж, аливаад хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Хүн юунаас болж стрессдээд байгаагаа өөрөө мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс өөрийнхөө стрессдээд байгаа шалтгаануудыг олсноор стресст өртөхгүй байх гаргалгааг хайж болох юм. Хүн шууд бодсон санаснаа шүүлтүүргүйгээр хэлнэ гэдэг сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй байгаагийн нэг илрэл. Хүн стрессдэж болно, түүнийгээ хэн нэгэнд гаргана гэдэг тийм оновчтой зүйл биш. Уурласан хүнээс зөв шийдэл гарах нь бага. Стресс, уур бухимдал нь богино хугацаанд үүсэхэд сэтгэлийн хүчтэй цочролыг өгөөд хэлэхгүй үгээ хэлэх, хийх ёсгүй үйлдлээ хийхэд хүргэдэг. Стресс, уур бухимдал удаан үргэлжилбэл мэдээж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүй тайван байх нь нийгмийн хөгжил, тухайн газрын зан заншил, хүмүүсийн амьдралын хэв маяг, үзэл бодол гээд маш олон зүйлийн бүрдлээс үүсдэг.
Төр засгаас монгол хүний сэтгэл санааг яаж илүү тайван байлгах, аз жаргалын индексийг нэмэгдүүлэх вэ, тавьсан замаас эхлээд хүний хэрэглэж байгаа бүхэн ээлтэй байх бодлого үгүйлэгдэж байна.
-Нэг хүний стресс нийгмийнх болж хувирдаг. Хүний эрүүл мэндэд стресс хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
Ер нь тийм. Асуудал байгаа тохиолдолд битгий стрессд гэж хэлэхэд хэцүү. Өдөр бүр өндөр стресстэй явах нь эрсдэлтэй. Зүрх судасны болон сэтгэцийн эмгэг үүсэх гээд олон өвчний үндэс болдог. Стресстсэнээс тамхи татах, архи дарс хэрэглэх гээд сөрөг үр дагавар нь дундаж наслалтад, аз жаргалтай амьдрах амьдарлын чанарт ч нөлөө үзүүлдэг.
Стресс, уур бухимдлаа удирдаж сураагүй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Манай төвийн 1800-2000 гэдэг дугаар руу холбогдож, өөрт хэрэгтэй зөвлөгөө авч болно. Бусдад болон өөртөө хор хөнөөлгүйгээр зөв аргаар стрессээ гадагшлуулах шинэ аргад суралцах хэрэгтэй. Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол зайлшгүй байх ёстой. Насан туршийн боловсрол олгох гэдэгтэй адилхан бүх түвшний хүмүүст сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Оюун санаагаа тайвшруулах бясалгалтай холбоотой аргууд буюу энгийн иогийн дасгал хийж болно.
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стресстэй хүмүүс хэр олон ирдэг вэ?
-Стресс их байвал эмнэлэгт хандах ёстой гэдгээ хүмүүс харьцангуй мэддэг болсон. Манайд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн клиникийн тасаг гэж бий. Стресс, архаг ядаргаа, нойртой холбоотойгоор энэ тасагт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн урт дараалал байнга үүсдэг. Эдгээр нь хүнд эмгэг биш ч тоохгүй орхивол алсдаа амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, тамирчдын хувьд аваад үзье л дээ. Сэтгэл зүй ямар чухал вэ гэдгийг тэдний амжилтаас шууд харуулчихаж байна. Сүүлийн үед сургуулиуд сэтгэл зүйчтэй болж буй нь давуу тал юм. Сэтгэл зүйчид хандах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Амьдралын зөв хэв маягтай байх нь чухал. Сэтгэл зүйн зөвлөгөөг хүн авахад амар хялбар, ойр байхаар шийдэж, эрүүл мэндийн даатгалд оруулж өгөх хэрэгтэй. Стресстэй холбоотой эмгэгийн тасаг маань төлбөртэй. Харин архины асуудалтай хүн ямар ч төлбөр төлөхгүйгээр хэвтэн эмчлүүлэх боломжтой болсон. Сэтгэл зүй гэдэг төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд хүний чухал хэсэг байдаг. Гарц шийдэл хайж, санаачлагатай байх хэрэгтэй.
-Стрессээ тайлах энгийн аргуудаас дурдвал?
-Хүн бүр өөрийнхөө туршлагаар стрессээ зохицуулдаг. Дуртай зүйлдээ цаг зав гаргах. Стрессдэж бухимдаад хэцүү байгаа үедээ тэр үүсээд байгаа мэдрэмжээ ойр дотны хүндээ илэрхийлдэг байх. Мэргэжлийн хүнд хандах. Шинэ зүйлийг сурч мэдэх нь эрч хүчийг өгч, цэнэглэдэг. Ой мод, гол ус, цэвэр агаарт алхах нь хүнд тайвшралыг өгдөг. Дэлхийн олон оронд богино хугацааны бясалгалын аргачлалыг их ашиглах болсон. Английн 400 гаруй сургуулийн бага ангид богино хугацааны бясалгалын аргачлалыг заагаад эхэлсэн. Энэ стресс гэдэг зүйл эмх цэгцгүй бодлын урсгал. Хүн өөрөө ч мэдэлгүй түүндээ түүртээд яваад байдаг. Хүн богино хугацаанд сайн төвлөрөөд байхаар маш том стрессээ тайлах багаж зэвсэгтэй болж буй юм. Нотолгоонд суурилсан бясалгалд суралцана гэдэг стресс бухимдал асуудлаа маш сайн шийдвэрлэх, дотогшоогоо хөгжих, цоо шинээр юмыг харах боломжийг хүмүүст олгож байгаа. Наад захын стресс тайлах арга нь булчин суллах, амьсгалын дасгалууд байдаг. Үүнийг цахим ертөнцөөс харж болно. Энгийн гээд түүнийг тоохгүй орхиж болохгүй. Мөн аливаад төлөвлөгөөтэй хандаж сурах нь зөв. Аз жаргалтай байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй.
“Парис 2024” паралимпийн наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм.
Аргын тооллын наймдугаар сарын 30, Сугар гариг. Билгийн тооллын 27, Өглөгт охин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 06:08 цагт мандаж 19:38 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3…+8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгаар +27…+32 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9..+11 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Таван толгой түлш” ХХК-тай холбоотой гурван асуудлыг шалгуулахаар прокурорт шилжүүлсэн” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
ХЭҮК-оос ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын хуулийн талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Комиссын гишүүн Ж.Хунантай ярилцлаа
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Тоогоо нэмсэн ч ажлын чанар тань дээшлэх юм уу, гишүүд ээ” хэмээн өгүүллээ.
- УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Богино хугацаанд төсвийн тэлэлт хийх нь төгрөгийн ханш суларч, инфляц өсөх эрсдэлтэй” хэмээн ярилаа.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр “АИ92 бензиний 23, дизель түлшний
46 хоногийн нөөцтэй байна” гэлээ.
ГАДААД МЭДЭЭ: “Telegram”-ыг үндэслэгч батлан даалтаар суллагдав
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ