Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр аваргын төлөөх тулаанд Туркийн тамирчинтай өрсөлдөж үндсэн цагт 7-7 гэсэн оноогоор тэнцэж, алтан оноо буюу нэмэлт цагт ялагдсан юм. Монголын Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин Парисын Зуны ПаралимпИЙн наадамд эрх авч оролцож нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.

May be an image of 4 people and text

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Болормаа: Хотын түгжрэл, авто замыг цогцоор нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах хэрэгтэй DNN.mn

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Авто замын зөвлөх инженер, доктор, дэд профессор Р.Болормаатай ярилцлаа.


-Хичээл, сургууль эхлэхээр авто замын түгжрэл улам ихэсдэг. Замын түгжрэлийг юутай холбон тайлбарлах вэ?

-Авто замын сүлжээ нь эрэмбэтэй байдаг. Гол хурдны замууд болох карказууд руу орж тэжээгддэг туслах замуудтай байх ёстой. Олон түвшний буюу гүүрэн аль эсвэл гэрлэн дохиотой уулзваруудаар холбогдон гол замаар нь зогсолтгүй хөдөлгөөн явагдах юм. Түүний дараа хуримтлуулах зам буюу хороолол зэрэг жижиг туслах замуудаас хөдөлгөөнөө аваад гэрлэн дохиогоор эсвэл өөр түвшний уулзвараас гол зам руугаа шилжүүлж дамжиж явдаг. Манайх бол гэрлэн дохиогүй гарцаар шууд л гол зам руугаа орчихдог. Энэ нь бүгд нэг түвшнийх, эрэмбэгүй гэсэн үг. Гол замаар явж байгаа машины жолооч хамраа оруулаад ирсэн машиныг оруулахгүй гээд яах вэ. Аль нь гол зам, давуу эрхтэй, өндөр хурдтай явах вэ гэдэг нь мэдэгддэггүй.

Бүх замууд нь нэг түвшинд учраас хүссэн нь л гол, туслах зам гаргуулаад орчихдог. Энэ нь түгжрэл үүсэхэд нөлөөлж буй нэг шалтгаан нь юм.

Солонгост гурван замын уулзвар, гол зам дагуу том үйлчилгээний төвүүд баригддаг. Зураг төсөл дээр нь ажиллаад үзэхээр үйлчилгээний төвүүддээ зам руу гарсан, орсон гарц хийхгүй, тойрч ар талаар нь орохоор зохицуулалт хийх гэсэн шаардлага тавьсан байдаг. Манайд эсрэгээрээ томоохон үйлчилгээний төвүүд нь гол замаа шахаж зогсоол хийгээд л, үйлчлүүлэгчид нь гол зам дагуу машинаа тавиад л байгаа юм. Олон хүн татаж байгаа байгууллага өндөр хурдны замд саад болохгүйгээр үйл ажиллагаагаа явуулахыг хуулиндаа заадаг юм билээ гэж Солонгост замын инженерээр сурч байсан шавь маань ярьж байсан. Энэ мэтчилэн гадаадын орны хот төлөвлөлттэй холбоотой хууль дүрмийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Гол гудамж замуудыг хайсаар хаадаг. Энэ нь тээврийн хөдөлгөөнд ч, явган зорчигч аль алинд нь аюулгүй юм. Манайхан мал шиг хашлаа гээд сураагүй учраас дургүйцдэг. Энхтайваны өргөн чөлөө бүгдээрээ нэг түвшний явган хүний замтай. Гэрлэн дохиогоор түгжрэл үүсэх, дараалж зогсох магадлал маш өндөр.

-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр олон ажлуудыг төлөвлөдөг ч хараахан үр дүнд хүрэхгүй байгаа юм. Түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?

-Түгжрэлийн асуудлыг дээр, дооргүй олон хүн ярьж буй. Түгжрэл ганцхан авто замын салбарын асуудал биш. Өргөн хүрээний асуудал гэдгийг иргэд тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Метро барих, дүүжин тээвэр зэргийг яриад байгаа. Бусад орнууд түгжрэлтэй тулгараад нийтийн тээврийн асуудлыг хөгжүүлсэн байдаг. Манайх хөрөнгө мөнгөтэй баян улс биш учраас тэр бол хамгийн зөв гарц гэж ард иргэдийг төөрөгдүүлмээргүй байна. Хүн ам, хотын онцлог, эдийн засгийн боломжид тулгуурлан гадаад улсад хэрэглээд байгаа аль шийдлүүд нь түгжрэлийг бууруулахад оновчтой байх вэ гэдэг судалгаа хийх хэрэгтэй.

Түгжрээд байна, төмөр замаа ашиглая гээд л рэйлбусыг өмнө нь явуулж байсан. Тэр нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл явдаг байлаа. Түгжрэлтэй үед бүх хүн түүнийг хүсч байсан. Амгалан дээр буугаад автобус байхгүй. Уялдааг дутуу харсан. Тэр буудлууд дээр такси, автобусны зогсоолууд нэмээд төлөвлөөд өгөх ёстой байсан. Муу төсөл байгаагүй, дутуу төлөвлөснөөс унтарсан. Хот төлөвлөлт, нийтийн тээвэр, барилга байгууламж, авто зогсоол зэрэг бүх зүйлтэй холбож байж төсөл хөтөлбөр болж хэрэгждэг. Замын түгжрэлийг замынхан л мэддэг гэх мэтчилэн өрөөсгөл ойлголттой байдаг. Замыг өргөсгөөд байвал түгжрэл арилчихна гэж бодож болохгүй.

Скүүтер гарч ирсэн нь зам дээр машинтай түгжирч байхаас илүү эко шилжилт хөдөлгөөн юм. Скүүтер, дугуйн замын хөдөлгөөний системийг нэвтрүүлэх болов уу гэж харж байна.

Замд ээлтэй биш, хүнд ээлтэй гэдэг рүү аажимдаа орох нь зүйтэй. Явган хүний зам тавихаас илүү авто зогсоол байгуулъя гэдэг хандлага давамгай байна. Чи машинтайгаа яваад машинаа зогсоолд тавь гээд байвал түгжрэл багасахгүй. Нийтийн тээврээр таатай явж болдог, алхаад очиход болно гэх сэтгэхүйг суулгаж, тэр боломжийг бүрдүүлэх чиглэл дээр анхаарах хэрэгтэй.

-Замыг өргөсгөснөөр түгжрэл арилахгүй гэлээ. Энэ тал дээр?

-Аливаа нэг зүйл өөрийн гэсэн багтаамж, хүчин чадалтай л байдаг. Нэг түвшний уулзвар чинь хэдэн ч эгнээ хийгээд ч нэг түвшиндээ олон эгнээгээрээ уулзаж байгаа бол тэрний багтаамж, цагт гаргаж байгаа машины тоо нь хязгаарлагдмал байдаг. Миний хувьд хотын түгжрэл, авто замыг цогцоор нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах хэрэгтэй гэж хардаг.

Замыг өргөсгөснөөр түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй. Энх тайвны өргөн чөлөө манай гол гудамж. Гол гудамжтай өөр түвшний хуримтлуулах, туслах замууд уулзахдаа гэрлэн дохио, зохицуулгатай уулзвараар уулзах ёстой. Манайд бараг л байгууллагынхаа хашаанаас гараад л төв замтайгаа нийлдэг. Тэгэхээр тасралтгүй шулуун хөдөлгөөн явах боломжгүй зохицуулгагүй орох, гарах гарцууд асар их. Төв замын дагуу зорчих хэсэгтэй зэргэлдээ авто замын зогсоол байхыг хориглодог. Машин өндөр хурдтай явах ёстой байтал маневрлаад зогсох асуудал байж болохгүй.

Замын төслүүдийг харахаар гэр хорооллуудад хөрөнгө оруулалт хийж  буй хэдий ч нэг шүүмжлэлтэй зүйл ажиглагддаг. Хот төлөвлөлтийн А даалгавраар зураг төслөө хийж байгаа гэдэг. Хотын төв гудамжнаасаа гэр хороолол руу зам татахдаа хот төлөвлөлтийн мэргэжлийн бус хүмүүс уулыг тойроод гарах хайгуул хийхгүйгээр, стандартаа барилгүй,  шууд хялбарчлан уулан дээгүүр улаан шугамыг нь татаад баталчихдаг. Тэр нь огцом өгсөж, урууддаг зам гэхээс илүү хүн алдаг байгууламж болоод байна. Хот төлөвлөлтийн А даалгаврыг биелүүлэхдээ мэргэжлийн байгууллагаар нь яагаад хянуулж болохгүй гэж. Хянасан хүмүүсийг нь харахаар замын биш архитектур хүмүүс. Эцсийн зураг төсөл дээрээ ирэхээр батлахын аргагүй, зохисгүй төлөвлөлтийг битгий хийгээч ээ. Хот төлөвлөлт гэдэг олон инженерийн дэд бүтцийн зангилаа юм. Тухайн салбар бүрийн 4-5 хүнийг оролцуулж, хянуулж байхыг хүсмээр байна.

-Гүүр баривал хотын түгжрэл буурна гэх юм. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

-Энэ нь өрөөсгөл ойлголт. Гүүрээр гарлаа гээд доод талын замуудын нэвтрүүлэх чадвар бага байгаа юм чинь дахиад л гацах магадлал бий. Зарим газарт гүүр барьснаар түгжрэл буурч болохыг үгүйсгэхгүй.

Шийдлүүд нь олон янз байдаг. Тухайн нөхцөлд тохирсон тооцоо судалгаа хийх ёстой. Нүхэн гарц, давхар гүүрүүд бүгдэд нь таарна гэсэн үг биш. Хот төлөвлөлт нийтийн тээвэр, авто зам гэх мэт олон түвшинд дэмжсэн шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Зөвхөн авто замын түвшинд гэвэл хязгаарлагдмал юм. Ойрын хоёр гурван жил төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд түгжрэлийг бууруулна гэж байхгүй.

-Бусад орнууд түгжрэлтэй тулгараад нийтийн тээврээ хөгжүүлсэн байдаг гэсэн дээ?

-Манайх автобус баазыг хөгжүүлж, нийтийн тээвэртээ тогтвортой хөрөнгө оруулалт хийсэнгүй. Автобусаа угаадаг бүрэн тоноглогдсон бааз байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Нийтийн тээврээ хөгжүүлээгүйгээс иргэд хувийн машинаа унах нь их. Гудамжиндаа автобус явах боломжгүй хоёр эгнээ өгсүүр, уруу зам тавьчихдаг. Нийтийн тээврийн сүлжээг хөгжүүлэхэд нэлээд их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Чи машинтай бай, замыг чинь тавиад өгсөн шүү гээд л байгаа юм.

-Замыг чанар муутай барьснаас бороо их орох үед эвдэрдэг гэж шүүмжлэх хүмүүс олон. Жил бүр дахин засварлаж түгжрэл үүсгэлээ гэж үзэх нь ч бий?

-Ганц зам дээр ус цуглараад байгаа болохоор л замын асуудал болж харагдаад байгаа юм. Үер борооны усыг зайлуулах систем Улаанбаатар хотод бүрэн байгуулагдаагүй. Хотхон, хороолол барилаа гэхэд гал, усны аюулаас сэргийлэх асуудлыг давхар төлөвлөх ёстой. Зам төлөвлөж барьсны дараа зэргэлдээх нутаг дэвсгэрүүд нь өөрчлөгдөөд байдаг. Учир нь манайд зам дагуух байгууламжууд нь төлөвлөгөөгүй хийгддэг. Төлөвлөсөн ч түүнийхээ дагуу биш цэцэрлэг барина гэдэг ч байр барьчих нь бий.

Ус бол замын дайсан. Ус зайлуулах хоолой нь замынхаа бүтцэд ус оруулахгүй байх нэг арга. Асфальтан зам олон дахин усанд автвал чулуу нь ховхордог, хөрс нь даац даах чадваргүй болж хотойдог, өвөл хүйтэрвэл овойдог зүйл юм. Тиймээс зам руу ус орохоос сэргийлсэн хиймэл байгууламжууд болох суваг, шуудуу, хоолойг хийдэг. Үерийн усыг зайлуулах системийн асуудлаа шийдэхгүйгээр замын чанар яриад нэмэргүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Ариунгуа: Иргэд мэдээлэлд аль болох нягт нямбай үндэслэлтэй хандах хэрэгтэй DNN.mn

Өнгөрсөн 2023 онд орон сууцны залилангийн 6 2 9 гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 2024 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг 7000 гаруй бүртгэгдсэн байна. Нийт залилах гэмт хэргийн 10 хувь нь орон сууц түрээслүүлэх нэрийдлээр үйлдсэн гэмт хэрэг эзэлж байгаа аж.  Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор наймдугаар сард нийслэл хотод байр түрээслэх гэсэн оюутан залуус улам ихэсдэг. Эрэлт хэрэгцээгээ дагаад орон сууцны түрээсийн үнэ ч өсөхийн зэрэгцээ олдоц муу байдаг гэнэ. Үүнийг нь далимдуулан орон сууцны залилангийн гэмт хэргийн тохиолдол түгээмэл гарах болж. Орон сууцны залилангийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунгуагаас тодрууллаа.


-Түрээсийн байрны залилан ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад хичээлийн шинэ жил эхлэх үеэр буюу оюутнууд хөдөө орон нутгаас орж ирэхтэй холбоотойгоор түрээсийн байрны залилах гэмт хэрэг ихээр бүртгэгддэг. Нийт гэмт хэрэг дотор залилах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг. Эдгээр дотроос цахимаар үйлдэх гэмт хэрэг их байна. Түрээсийн байрны залилах гэмт хэрэг цахимаар болон бусад хэлбэрээр үйлдэгддэг. Тухайлбал цахимаар залилах гэмт хэрэг яаж үйлдэгддэг вэ гэхээр facebook, инстаграм гэх иргэдийн түлхүү ашигладаг цахим флатформууд дээр “Байр түрээслүүлнэ” гэсэн зарыг оруулсан байдаг. Зар оруулахдаа ашигласан зураг нь харахад маш үзэмжтэй, тохилог, цэвэрхэн байр байдаг. Зарын дагуу утсаар нь холбогдоод үзэхээр “ Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул маш хямд үнээр хурдан хугацаанд түрээслүүлнэ. Түрээсийн мөнгийг шууд шилжүүлсэн, хамгийн эхний иргэнд байрыг түрээслүүлэх боломжтой” гэж хэлдэг. Иргэд хараад гоё байр байна, таалагдлаа, хямд үнэтэй байгаа дээр нь авъя гэдэг байдлаар хандаж, мөнгөө залилагчийн данс руу шилжүүлчихдэг. Тэр байрны эзэн мөн бишийг нягталдаггүй. Яагаад орон сууцаа түрээслэх болов, өөрийнх нь түрээсэлдэг байр мөн эсэх зэрэг баталгаатай мэдээллийг нь нягталж шалгаагүй байж мөнгөө шилжүүлснээс залилах гэмт хэрэгт өртдөг.

Орон сууцны түрээсийн залилан хичээл, сургууль амарчихдаг тул зуны зургаа, долдугаар саруудад харьцангуй бага гардаг. Тоон мэдээллийг гаргахдаа байр түрээслүүлэх нэрээр залилуулах гэсэн иргэдийн өргөдөл, гомдол дээр үндэслэдэг.

-Залилагч урьдчилж мөнгөө шилжүүлэхийг санал болгодог гэлээ. Ямар төрлийн дансыг ихэвчлэн ашигладаг вэ?

-Залилах гэмт хэргийн хувьд ашиглагдаж байгаа данс нь ихэвчлэн танихгүй мэдэхгүй, ямар нэгэн гэр оронгүй, өндөр настай, өөрөө гар утсаараа интернэт банкаа ашиглан орлого, зарлагаа хянах гэх мэтчилэнгээр дансаа шалгаж чадахгүй хүмүүсийн дансыг ашигласан байдаг.

-Түрээсийн байр хайж буй иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Түрээсийн байр т үрээслэх гэж буй иргэддээ зөвлөхөд байр түрээслэгчтэйгээ уулзаж, тухайн байраа очиж үзэх. Байр түрээслэгчийн эзэмшлийнх мөн эсэх, тухайн СӨХ-өөс ийм хүн энэ байрыг түрээслэдэг үгүйг нь лавлах, мөнгөө шилжүүлж болох эсэх дээр баталгаатай болсны дараа шилжүүлэх нь зүйтэй. Цахим хаяг дээр байршуулсан зураг мэдээллийн дагуу мөнгөө шилжүүлсэн боловч нөгөө байрны зураг нь өөр хүний сошиал платформ дээрээс авсан зар байдаг учраас өөрөө байраа нүдээр үзэж, харсны дараа мөнгөө шилжүүлсэн тохиолдолд энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. Тиймээс иргэд мэдээлэлд аль болох нягт нямбай үндэслэлтэй хандах хэрэгтэй.

Хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас зэрэг онлайн захиалгын барааг хямд гэдэг байдлаар нь захиалж, залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Лайк, шэйр ихтэй буюу гоё барааны зураг тавьсан үзэлт ихтэй цахим хаягаар холбогдон иргэд бараа захиалдаг. Эхлээд мөнгөө шилжүүлээд дараа нь бараа нь ирнэ гэдэг ч ирдэггүй. Бага мөнгөөр буюу 10, 20 мянган төгрөгийн бараа захиалсан тухайн иргэний хувьд учиргүй залилуулчихлаа гэж үзэн цагдаад мэдэгдэхгүй ч залилагч хүний дансанд маш их мөнгө ороод байдаг. Залилах гэмт хэргүүдээс өөрсдийгөө урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг иргэдээсээ хүсье.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 31, Санчир гариг. Билгийн тооллын 28, Найралт эх одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 06:09 цагт мандаж 19:36 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр сэрүүсэж +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно, дуу цахилгаантай. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно, дуу цахилгаантай. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно, дуу цахилгаантай. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт орон даяар эхэллээ DNN.mn

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдийг 9 сартай болон 2 настайд нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулдаг.

Таны хүүхэд товлолт вакцинд хамрагдаагүй бол өөрт ойр байрлах өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд хандана уу.

Мөн улаанбурхан өвчний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх 119 дугаарын утас Даваагаас Баасан гарагт 8:30-17:30 цагийн хооронд ажиллаж байна.

119 дугаарын утсанд ирсэн түгээмэл асуулт хариултууд:

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 15 дугаар хороонд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа DNN.mn

Нийслэл хот 2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороонд явган хүний зам, тоглоомын талбай, сүүдрэвч, хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, зам талбайн бетон цутгалт, ногоон байгууламж зэрэг бичил тохижилтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Дээрх тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Люксдаймонд” ХХК ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Яам, агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Түүнчлэн “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”, “Мэгэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам”-ыг хянаж, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах зорилгоор Батлан хамгаалахын сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав.

 

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 311 хүнийг хамруулан зохион байгууллаа

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварын авто замыг гурван эгнээтэй болгон шинэчилнэ DNN.mn

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Дүнжингарав худалдааны төвийн уулзварт орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлээд байна. “Мон-Уран” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 580 метр газрыг чөлөөлж авто замыг өргөтөх нөхцөлөөр хангаж өгсөн. Газар чөлөөлөлт энэ сарын 22-ний өдөр эхэлсэн бөгөөд одоогоор шугам сүлжээг шилжүүлж байна” гэлээ.

Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 байршилд авто замыг 18.2 км авто замыг шинэчлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Онон, Хэрлэн, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-55 см-ээр давжээ DNN.mn

Өнөөдрийн  байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Барх, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Балж, Хэрлэн /Мөнгөнморьт, Баянмөнх/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.