Сонгуулиар зарим нэр дэвшигчтэй хамт баруун дөрвөн аймгийг хөндлөн гулд тойроод ирлээ. Иргэдийн амьдрал хүнд байна. Монголын малчид хэвэнд цутгасан мэт нэг л мөрөөдөлтэй байна. Тэр нь малын гаралтай түүхий эдийг үнэд оруулахад чиглэсэн ганцхан үйлдвэрийг л нам харгалзахгүй бүгд нийлээд барьчихаасай гэж бараг л залбирч сууна. Очсон газар бүрийн иргэд малын гаралтай түүхий эдийг үнэд оруулчихвал… гэж үзэл бодлоо илэрхийлэх юм. Тэдний хөндөж байгаа өөр нэг асуудал нь үнийн хөөрөгдөл. Энэ хоёроос бусад орон нутагт тулгарч байгаа асуудлыг тэд хүлцээд, тэвчээд гарч чадахаар байна. Хүлцэж тэвчиж ч ирлээ л дээ.
Бидний ажилласан баруун дөрвөн аймаг дөрвүүлээ хилийн боомттой. Гэвч үнийн хөөрөгдөл өндөр хэвээр. Хилийн боомттой сумдад ч үнийн хөөрөгдөл их байгаа шалтгаан нь Улаанбаатараас бараа бүтээгдэхүүн тээвэрлэж очдог. Боомтоор хэдхэн нэр төрлийн барааг л авдаг юм байна. Нийслэл хотоос 1000 гаруй километр зайд алслагдсан эдгээр аймаг, сумдын иргэдэд бараа бүтээгдэхүүн үндсэн үнэ дээр тээвэрлэлт, татвар, борлуулагчийн ашиг орлого гэсээр хотоос хэд нугалсан үнэтэй байдгийг хэлж байлаа.
Ер нь хөдөөгийн иргэдийн хамгийн их авдаг бараа нь шуудай гурил, сахар, давс гэнэ. Орлогогүй, дээрээс нь үнийн хөөрөгдөл ихтэй учраас эдгээр гурван нэр төрлийн барааг авахдаа мэдээж өрийн дэвтэрт бичүүлдэг. Ирэх сарын хүүхдийн мөнгө буухаар өгнө гэж бичүүлсэн өрийн дэвтрийн жагсаалт сунжирсаар хаврын ноолууртай золгодог талаар Увс аймгийн Тэс сумын дэлгүүрийн худалдагч ярьж байсан юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэтгэвэр, цалинг нэмсэн нь худалдан авах чадвар болоод амьжиргаанд хэр нөлөөлсөн талаар бизнес эрхлэгчид, ахмадууд, төрийн албан хаагчдаас тодруулахад нэмсэн нь сайн хэрэг ч үнийн хөөрөгдөлд бараадахгүй байгааг хэлж байлаа
Улстөрчид сонгогдохынтулд төрд Итгэх ИргэдИйН ИтгэЛ дээр гИшгэЛЖ байна
Аймаг, сумдаар явж байхад иргэдийн төрд итгэх итгэл алдарсан, төрийн үнэлэмж суларсан нь анзаарагдаж байсан юм. Дэмждэг намынх нь, эсвэл дэмждэг улстөрчийнх нь мөрийн хөтөлбөр яриа таалагдаж байгаа ч ер нь ингэж л ярьж байдаг юм дөө. Өмнөх сонгуулиар “Дарханы арьс ширний цогцолбор” барина гэж ярьж байсан. Тэр нь одоо юу болсон, баригдаж байгаа, эсвэл гацсан эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч ярьж л байсан. Өмнө нь ч ярьж л байсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил, найман жилд миний амьжиргаа дээшлээгүй. Ноолуураар л нэг орлоготой болох юм даа гэж хуучлах малчид олон байлаа. Ер нь сонгуулиар иргэдийн хамгийн ихээр сонирхож чих тавьж байгаа зүйл нь хэн, хаагуур мөнгө тарааж байгаа талаар их танддаг бололтой. Зарим нь ч ил цагаан хэлж байлаа. Тэр намын тэр мөнгө тараасан гэсэн, би тэр намынх биш болохоор манайханд тэр мөнгө олддоггүй юм. Энэ удаа олон нэр дэвшигч байгаа болохоор намайг дунд нь хавчуулчихаарай гэж мөнгө өгөөд байгаа юм гэнэ билээ хэмээх яриа иргэдийн дунд байлаа.
Аймаг, сумдынх нь ухуулагчдаас иргэд ямар сонголт хийх төлөвтэй байгааг асуухаар ер нь л бүгд адилхан зүйл амладаг учраас мөнгө харж сонголт хийх магадлалтай гэж хариулах хүмүүс ч байсан юм. Учир нь баруун, зүүн төвийн үзлийн талаар иргэд тэр бүр нарийн мэдээлэлгүй байдаг учраас амлалтаа яаж, ямар арга замаар бодит болгохыг төдийлөн мэддэггүй бололтой.