Categories
мэдээ нийгэм

Үeр бууж Хужирт-Арвайхээр чиглэлд байрлах модон гүүр нуржээ DNN.mn

Улсын чанартай А08 дугаартай Хужирт-Арвайхээр чиглэлийн авто замд өнөөдөр/2024.07.29/ өдрийн 15:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас үeр бууж тус чиглэлд байрлах модон гүүр нурсан байна.

Тус гүүрээр зорчих боломжгүй болсон бөгөөд яаралтай сэргээн засварлахаар зам хариуцагч “Өвөрхангай АЗЗА” ТӨХК газар дээр нь ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын химийн 56 дугаар олимпиадaд оролцсон сурагчид багаараа медаль хүртжээ DNN.mn

Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарлаа.

МӨНГӨН МЕДАЛЬ

• Б.Номин-Ундрах. Орчлон сургууль, 11-р анги

ХҮРЭЛ МЕДАЛЬ

• А.Амартүвшин. Орчлон сургууль, 11-р анги

• Б.Эрмүүнболд. Шинэ Монгол Харүмафүжи сургууль, 12-р анги

• М.Одгэрэл. Бага Тэнгэр сургууль, 10-р анги

нар тус тус хүртлээ.

Дасгалжуулагчдын багт:

• Б.Сүхбаатар. МУИС

• Б.Туяагэрэл. МУИС

• Д.Баттөгс. ШМТДС

• Г.Отгондэмбэрэл. ХААИС

• Д.Бамбар. АХШУТИС нар ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын хөтөлбөр DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр гурван тамирчин өрсөлдөнө DNN.mn

Францын Парис хотноо болж буй зуны олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр манай тамирчид гурван төрөлд өрсөлдөнө. Тодруулбал 17:15 цагаас усанд сэлэгч Б.Энхтамир 100 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорих юм. Манай тамирчин дөрөвдүгээр хэсэгт Кипр, Сенегал, Сент Люси, Уругвай, Арабын Нэгдсэн Эмират, Гана, Шри Ланкын тамирчинтай наймдугаар шугамаас уралдана.

Мөн 18:00 цагаас байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Алдар” спорт хорооны харваач Д.Отгонболд Мексикийн Матиас Грандетай өрсөлдөх юм.

Түүнчлэн 23:22 цагаас боксчин М.Энхжаргал хоёр дахь тулаанаа хийх юм. Тэрбээр Румыны тамирчин Лакрамиоара Перичочтой нударга зөрүүлэх билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын гайхамшигт эмэгтэйчүүд DNN.mn

Монгол төрийн далбаа “хүн төрөлхтний тэнгэрт”дарцаглан мандлаа. Сайхан байна. Бахдалтай байна. Монгол түмэн олон омогшиж байна. Энэхүү омогшлыг 24-хөн настай, турьхан Монгол эмэгтэй бадрааж чадлаа.

Тив дэлхийд эв нэгдлийн бэлгэдэл хэмээн хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд Б.Баасанхүү гэх охин мөнгөн медаль хүртэв. Үнэхээр иртэй, уран байлаа. Дайчин, зоримог байлаа. Сайхан ч барилдлаа.

Ийн хөх Азийн цээжин дэх гуравхан сая Монгол олимпийн 12 дахь мөнгөн медальтнаа өлгийдөж авлаа. Булган сүүлтэй байг, охин минь. Уу-хай, уу-хай. уу-хай, Хурай, хурай. хурай.

Ер нь монгол эмэгтэйчүүд гайхамшигтай юм. Монголын нийгмийн эгзэгтэй хүнд цаг үеийг тэд л нуруун дээрээ үүрч босгож ирсэн байдаг. Жишээ нь, хүн төрөлхтний түүхэн дэх тод улс Их Монгол Улсыг байгуулахад Өэлүн Үжиний гавьяаг дурдахгүй өнгөрч болохгүй. Бага хаадын задралын үед Монгол төрийг сэргээсэн Мандухай сэцэн хатны гавьяаг монголчууд мартахучиргүй. Мөн Ану хатан, Сорхутан Бэхи гэхчлэнгээр Монголын түүхэнд гавьяатай эмэгтэйчүүдийн түүх олон бий.

Ер нь монгол эмэгтэй ямар эрэмгий, эр зоригтой, цог жавхаатай, дайчин болох нь Монголд зочилсон олон орны сэхээтнүүдийн аян замын тэмдэглэлээс тод томруун харагддаг.

Тухайлбал, алдарт Марко Пологийн тэмдэглэлд“ Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг. Моринд гарамгай. Эрчүүд нь дайнд мордсон үед ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг” хэмээн бичсэн байдаг. Мөн Гильям Де Рубрукийн 1253-1255 онд Монголоор жуулчлахдаа бичсэн тэмдэглэлд “Тэд ачаа бараа зөөж, гэрээ ачаалдаг. Үнээгээ саадаг. Ааруул хурууд хийдэг. Арьсыг боловсруулж шөрмөсөөр нь утас хийж гутал, хувцас оёдог. Эсгий хийж гэр бүрдэг” зэргээр монгол эмэгтэйчүүдийн ажилсаг байдал, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн тэмдэглэл олон бий.

1989 онд нийгэм солигдоход ч тэр. Социализм, коммунизмын үеийн дараахь ядуурсан нийгэм, туйлдсан эдийн засгийг монгол эмэгтэйчүүд л босгож ирсэн. Тэр үед нийгмээ чирээд явчих хувийн хэвшил байсангүй. Эмэгтэйчүүд л хойшоо, урагшаа явган нүцгэн ганзагын наймаанд явсан юм шүү дээ. Одоо бол хэн ч тоож харахгүй тарваганы арьсыг тэр үед үнэд оруулж байлаа. Үнэд оруулах оруулахдаа Монгол дахь цөөн хэдэн валютыг тэд авч ирж байсан юм. Монголын хөдөөд байгаа өрхийг ганзагын наймаанд явж байсан эмэгтэйчүүд орлоготой болгож, давснаас өөр бараагүй дэлгүүрийг тэд бараагаар хангаж байсан юм шүү дээ. Үнэндээ шилжилтийн тэр хүнд үеийг ганзагын наймаанд халуун хүйтнийг үл хайхран зүтгэсэн монгол эмэгтэйчүүдийн ач гавьяагаар л даван туулж ирсэн дээ. Ингэж үеийн үед Монголын ороо бусгаа цаг үеийг монгол эмэгтэйчүүд л нуруун дээрээ үүрч ирсэн.

Өнөөдөр ч эмэгтэйчүүдийн нуруун дээр л тогтож байна. Улс орон өрх гэрээс тогтдог. Тэр өрх гэрийг хэн авч явж байна гэхээр өнөөх эмэгтэйчүүд. Гэр бүлийн эрүүл мэнд, хоол хүнс, хувцас хунар, хүүхдүүдийн сургууль соёл, ажил төрөл, сэрэхээс унтах хүртэлх айл гэрийн бүхий л асуудлыг эмэгтэйчүүд зохицуулж байна. Нийгэмд ажил хөдөлмөр хэн эрхэлж байна мөн эмэгтэйчүүд.

Монголын хөдөөд өнөөдөр охид эмэгтэйчүүд алга. Шалтгаан нь монгол эмэгтэйчүүд ерөөс хөдөлмөрч, манлайлагч байгаатай холбоотой. Бусад орны эзэгтэй нар шиг тэд гэртээ хүүхдээ хараад суухыг хүссэнгүй. Сурч боловсрох, нийгэмд ажиллаж хөдөлмөрлөх тэдний сонирхол эрэгтэйчүүдээсээ хол тасраад байна. Тиймээс цаашид ч Монголын нийгмийн ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр төвлөрөх бололтой.

Гайхамшигт монгол эмэгтэйчүүдийн нэг тод дүр өнөөдөр олимпийн шинэхэн мөнгөн медиальт Б.Баасанхүү байлаа. Тэр дөрвөн уулын дунд тортог, нерв, асуудал бүрт дарлагдаж, тэрэндээ нэгийгээ дүүжилчих шахам суугаа монголчуудыг сэрээж, бадрааж чадлаа. Чиний баярт монголчууд магнай хагарах шахлаа, охин минь.

Хэдэн сар жилийн өмнө түүхэн 100 жилийнхээ хөтөлбөрийг баталчихсан аймаг, сумд хөтөлбөрөө зогсоож нийтээрээ чиний уран барилдааныг харлаа. Бахархлаа. Тэнд байсан олон хүнд чи урмын оч асаалаа. 24-хөн настай охин дэлхийд Монголын нэрийг дуурсгаж байхад миний тэр асуудал ч яамай байна, юухан байхав гэсэн зориг, хүчийг чи өглөө. Чиний амжилт хэзээ ч тасардаггүй олимпийн бамбар шиг олон хүнд урмын оч, итгэлийг галыг сэргээсэн шүү, охин минь. Илүү том амжилт хүсье. Чи чадлаа.

Р.ЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч Г.Анхбаяр: Талийгаач О “Зодуулснаас хойш дотор эрхтэн болон хэвлийн хэсгээр өвддөг болчихсон” гэж ярьдаг байсан DNN.mn

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан иргэн О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрээр АТГ-т цагдаа нар өөрийг нь мэдүүлэг авна гэж дуудаад зодсон хэмээн гомдол гаргаж, төд удалгүй Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байсан юм. Бид түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан “Өмгөөллийн Эн Энд Би Эдвокэйтс ХХН” ХХК-ийн өмгөөлөгч Г.Анхбаяртай ярилцлаа.


-Та хэзээнээс талийгаач О-гийн өмгөөлөчөөр ажиллаж эхэлсэн бэ?

-Түүний өмгөөлөгчөөр ажиллах гэрээг албан ёсоор долдугаар сарын 20-нд ахтай нь байгуулсан. Учир нь долдугаар сарын 23-нд цаашид цагдан хоригдох эсэх нь шийдвэрлэгдэх шүүх хуралтай байсан. Харамсалтай нь ийм таагүй үйл явдал боллоо. Өмнө нь тавдугаар сарын эхээр уулзаж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч байсан.

-Цагдан хоригдох хугацаанд нь та түүнтэй хэдэн удаа биечлэн уулзаж байсан бэ?

-Цагдан хоригдох хугацаанд нийт дөрвөн удаа уулзсан. Хэргийн бодит байдлыг бүгдийг нь надад амаараа үнэн зөвөөр, юуг ч нууж хаалгүй ярьж байсан.

АТГ-т гомдол гаргасан байдал, хэрэгт холбогдсон, цагдаа нарт зодуулсан тухайгаа, анх энэ хэрэгт яагаад холбогдсон зэрэг бүх зүйлсээ надад хэлсэн. Наадмын өмнө талийгаач О-той уулзах үед биеийн байдал нь хэвийн байсан.

Гэхдээ хэвлийгээр өвдөөд байгаа. Эмнэлэгт үзүүлэх ямар арга чарга байна гэж асууж байсан. Бие чинь өвдөөд байвал хорих ангийн эмчдээ хандаарай гэж зөвлөсөн. Хэрвээ хоёрдугаар шатлалын буюу хорихын эмнэлэгт эмчлэх боломжгүй байвал чамайг гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэх боломжтой. Чи хорихын эмнэлэгт үзүүлэх боломжтой, ЭХО-д харуулаарай гэх мэт боломжтой зүйлсийг нь түүнд хэлсэн.

-Хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт ЭХО байдаг уу?

-Түүнийг би мэдэхгүй байна. Гэхдээ хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлэх боломжгүй бол дээд шатны эмнэлэгт хүргэж эмчлэх арга хэмжээ авах ёстой.

-Тантай сүүлд уулзахдаа шүүх хурал хүртэл биеийн байдал гайгүй байх, шүүх хурлын дараа эмнэлэгт тухтай үзүүлнэ гэж ярьдаг байсан уу?

-Үгүй, огт эмнэлэгт үзүүлэх бодлоо хойшлуулсан зүйл ярьж байгаагүй. “Эмнэлэгт үзүүлмээр байна аа” гэж л ярьдаг байсан. Тэгээд яаж эмнэлэгт үзүүлэх, яах ийх талаар нь би хэлж өгч, зөвлөж байсан. Долдугаар сарын 11-13-нд хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Гэхдээ бүгчимдээд, агаар дутагдаад байна гээд өөрийнхөө хүсэлтээр хоригдож байгаа камертаа байж байх хүсэлт гаргасан юм. Тухайн үед ажиллаж байсан эмч нар нь өөрөөр нь “Эмнэлгээс гарахад гомдолгүй, дараа нь ямар нэгэн гомдолгүй” гэсэн зүйлс бичгээр бичүүлж аваад гаргасан. Тухайн үедээ бие өвдөж эхэлж байсан гэж үзэж байгаа.

-Тантай уулзах үеэр юуны тухай ярьж байсан бэ. Биедээ өвчин зовиур байна гэж хэлдэг байсан уу?

-Нуруу, өгзөг, толгой зэрэг газрууддаа ил харагдах шархтай байсан. Тэдгээрийгээ баримтжуулаад АТГ-т гомдол гаргахдаа тухайн гомдолдоо хавсаргаад өгсөн байдаг. Одоо ч ар гэрийнхэнд нь тэдгээр зураг байгаа. Мөн зодуулснаас хойш дотор эрхтэн болон хэвлийн хэсгээр өвддөг болчихсон гэж ярьдаг байсан. Гэхдээ эцсийн дүгнэлт шүүх шилжилгээний хариугаар гарах юм. Яг юунаас болж гэмтэл учирсан байна гэдэг нь тогтоогдоно.

-Талийгаач О таны ажигласнаар түргэн зан авиртай хүн байсан уу, дөлгөөн тайван хүн байсан уу?

-Даруухан. Залуу хүн ямар байдаг билээ дээ, цовоо сэргэлэн байдаг шүү дээ. Гэхдээ түрэмгий бол биш. Соёлтой боловсон, даруу төлөв залуу байсан. Нүднээс харахад сэргэлэн залуу.

-Талийгаач О нь “Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой, 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан” гэх хүний эмзэг мэдээллийг олон нийтэд зарласан. Ингэж хүний хувийн мэдээллийг олон нийтэд зарлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл байлаа?

-Хувь хүний эмзэг мэдээллийг олон нийтэд тараасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ар гэрээс нь ч зөвшөөрөл аваагүй. Олон нийтэд тэгж мэдээлж байгаа бол ар гэрээс нь зөвшөөрөл авах ёстой байсан. Нас барсан ч гэсэн аливаа хүний эмзэг хувийн мэдээллийг олон нийтэд зарласан нь ёс зүйн алдаа байлаа.

-Долдугаар сарын 22-нд эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг нь танд хэзээ мэдэгдсэн бэ?

-Би ар гэрээс нь олж мэдсэн. Харин ар гэрийнхэнд нь Улсын III төв эмнэлгээс мэдэгдсэн байсан. Долдугаар сарын 23-ны өглөө очиход ухаангүй байсан. III дугаар эмнэлгийн эмч нар бидэнд хэлэхдээ “Энэ хүнийг ганцхан хоногийн өмнө авч ирсэн бол амьдруулах бүрэн боломжтой байлаа” гэж хэлж байсан. Амин үзүүлэлтүүд нь уначихсан байсан. Нэг хоногийн өмнө, ядаж ухаан алдахаас нь өмнө авч ирсэн бол амьдруулах бүрэн боломжтой байсан гэж эмч нар хэлж байсан.

-Талийгаачийг гавласан байсан нь ямар учир шалтгаантай байсан бэ?

-Харгалзагч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан журмынхаа дагуу л ажиллаж байгаа юм. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг буруутгах ёсгүй. Хууль, журмынхаа дагуу л ажлаа хийж байсан. Аав нь “та нар ядаж гавыг нь тайлчих” гэж хэлээд тайлуулсан. Ухаангүй хүргэгдэж ирэхдээ гавтай л байсан. Журам нь ийм байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийг улсын яллагч буюу прокуророор олон жил ажилласан, шүүгч болоод удаагүй хүн шүүсэн юм билээ DNN.mn

Хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цагдаагийн алба хаагчдад нэг иргэн зодуулснаас нас барлаа гэдэг асуудал гарсан. Үүн дээр та хүний эрхийн өмгөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Яг энэ асуудлаар би цахим орчноос хоёр ч мэдээллийг олж үзсэн. Нэгдүгээрт, амь хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын гадаа хэвлэлийн хурал хийж, гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Хоёрдугаарт, болсон нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээллийг сонссон. Мэдээж хүний эрхийн чиглэл, тэр дундаа гэмт хэргийн хохирогч, холбогдогч нарын эрхийн хамгааллын асуудлаар ажилладаг хүний хувьд хуулийн байгууллагад шалгагдах явцдаа алтан амиа алдсан. Тэр дундаа эмнэлгийн орон дээр гавтайгаа байж байгаад нас барсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Олон жил ийм хэрэг дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд, энэ бол ганц удаагийн тохиолдол биш. Нөхцөл байдлаас нь харахад тухайн хүний эрүүл мэндийн байдал дордсон байна. Цагдан хоригдож байгаа хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлье гэхэд ямар их хүнд суртал, олон шат дамжлагатай тулгардгийг иргэд болон дарга нар тэр бүр мэддэггүй. Олон жилийн өмнөөс л 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байгаа эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ авч чадахгүй байдлаас болоод эрсдэлт нөхцөлд орж, хүүхэд зулбах хүртэл тохиолдлууд гарч байсан. Тиймээс дөрвөн жилийн өмнөөс энэ асуудлыг хөндөж 461 дүгээр хорих ангид эмэгтэйчүүдийн жигүүр, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс мэдүүлэг авах өрөөг хүртэл тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангуулах ажлыг зохион байгуулж байсан юм. Хүн ер нь хуулийн дагуу нийгмийн харилцаанд оролцож байх эрхээ хугацаатайгаар хязгаарлуулж, үйлдэл, эс үйлдлээ шалгуулж болно. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь тухайн иргэнийг цагдан хорьж байгаа хуулийн зохицуулалтаар бүрэн хангагдаж байх учиртай. Харамсалтай нь эдгээр эрх нь хуулиар биш, тухайн байгууллагын дотоод журам заавраар хангалтгүй зохицуулагдаж хүний эрх зөрчигдөөд байна. Цагдан хорих байгууллагыг Эрүүл мэндийн яам өөрийн харьяа биш гээд анхаардаггүй.

ХЗДХЯ болохоор цагдан хоригдож байгаа хүний эрхийн элдэв асуудлыг нь мэдрэмжтэйгээр олж хардаггүй байдалтайгаар явсаар өнөөдрийг хүрсэн. Цагдан хоригдож байгаа иргэдийн хүний эрхийн асуудлыг одоо ил гаргаж тавих, хууль тогтоомжуудад нь өөрчлөлт оруулж, хүний эрхийг зөрчих, хорихоор асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон гэж үзэж байна. Гэнэтийн асуудал үүсэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадамж хүрэлцээ тааруу байгаагийн тод жишээ бол энэ. Дээрээс нь хүний бие муудлаа гэхэд хугацаа маш их алддаг. Тухайн хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт аваачихын тулд прокурор, мөрдөгчид танилцуулна. Нөгөөдүүл нь зөвшөөрөл өгөх гэж бөөн юм болдог. Миний хувьд энэ талын маш олон хүсэлт гаргаж байсан. Даанч маш бага хувьд нь л зөвшөөрөл өгсөн байдаг. Энэ мэт л шат дамжлагаас болоод эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авч болох цаг хугацаа алдсанаас амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш 21 настай хүүхдэд хууч өвчин гэж юу байх вэ дээ. Хууч өвчин нь сэдрээд амиа алдахад хүрчээ гэж өнгөц урьдчилсан дүгнэлт хийж байгаа бол хууль зөрчсөн төдийгүй ажил,мэргэжлийн хувьд асар ёс зүйгүй, хариуцлагагүй дүгнэлт болно.

-Ер нь сүүлийн үед ямар нэгэн асуудал болоход эхлээд тухайн хүнд л бурууг нь тохох гэж оролддог болчихсон мэт харагдаад байгаа?

-Хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн албан хаагчдын үйлдэл, эс үйлдлээр хүний амь нас хохирсон, нэр төр, эрхэд нь халдсан байвал хариуцлага хүлээх гэдэг асуудал шат, шатандаа байхгүй болсон. Ерөөсөө төрийн ажил, төрийн албан хаагчдын хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ хууль, хүчний байгууллагын хүний эрхийн асуудалд хандаж байгаа байдал юм. Энэ удаад ч гэсэн цагдаагийн байгууллагаас ямар мэдээлэл хийх нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байсан. Харамсалтай нь удаа дараа гаргаж байсан хүний эрхийн асуудлыг орхигдуулж ажилладаг үйлдлээ давтан гаргасан. Хохирогч 10 гаруй гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байсан, өвчтэй байсан гэх цагдаагийн байгууллагын мэдээлэл нь хүний эрхийг хүндэтгэж байна уу. Хохирогчийн гомдлыг хуулийн хугацаанд нь шалгаж хариу мэдэгдсэн, хохирогчийг зодсон цагдаагийн албан хаагчид арга хэмжээ авч шалгасан, хэрэг үүсгэсэн үр дүнг мэдээлсэн үү. Иймэрхүү зүйл өмнө нь мөн гарч л байсан. Зүүнбаянгийн цэргийн ангид нэг цэрэг амиа алдахад зодуулснаас үүдсэн хөхрөлт, толбоных нь зургийг олон нийтэд харуулж байгаад Цагдаагийн байгууллагын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан эмэгтэй “Энэ бол хүүрийн толбо” гэж урьдчилсан дүгнэлт хийж мэдээлж байсан. Харин тухайн амь хохирогчийн эрхийг хамгаалж, шат, шатны шүүхээр гадны нөлөөтэй нас барсан болох нь нотлогдож, холбогдох хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Яг л энэ асуудал давтагдаж байна. Манай цагдаагийн байгууллагаас болсон нөхцөл байдал дээр хүний эрхийн мэдрэмжгүйгээр урьдчилсан дүгнэлт хийдэг. Эсвэл амь хохирогчийг буруутгадаг. Хүний хувийн байдлын талаарх мэдээллийг хүндэтгэж үзэхгүйгээр дур зоргоороо мэдээлдэг. Энэ бол байж боломгүй зүйл. Үүнийг журамлан зохицуулах ёстой. Тухайн хүн ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаас үл хамаарч аюулгүй л байх ёстой. Саяын амь хохирогч хүү бол төрийн хамгаалалтад байсан шүү дээ.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүж 4.9 жилийн хорих ял өгсөн нь бас л маргаан дагуулж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг хүмүүс өөр өөрийнхөөрөө л дүгнэж байх шиг байна. Харин миний хувьд бол тэр хүн хэн байхаас үл хамаараад Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хэрэгжилт нь хэр байна вэ гэдэг дээр анхаарал хандуулж, хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг. Энэ эрх нь хангагдсан уу гэдэг дээр л бид нийтээрээ анхаарах ёстой. Яагаад гэвэл өнөөдөр Н.Өнөрцэцэгийн, маргааш таны асуудал, нөгөөдөр үр хүүхдийн тань эрх зөрчигдөх магадлал байж болохгүй шүү дээ. Тийм болохоор хүний эрх хаана зөрчигдөж байгааг байнга илэрхийлж, энэ талаар дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байхыг миний хувьд эрхэмлэдэг. Мөн Үндсэн хуулийн 55 дугаар зүйлд шүүгдэгч хууль зүйн туслалцаа авах, түүнийгээ мэргэжлийн хүнээр дамжуулан авах эрхтэй гэж заасан байдаг. Энгийн маргаан, зөрчил дээр хувь хүн өөрийгөө өмгөөлж чадна, болно гэсэн итгэл үнэмшил, чадвар байж болно. Гэтэл эрүүгийн гэмт хэрэг буюу хүний эрх хязгаарлагдаж, хувь заяа шийдэгдэх гэж байгаа үед мэргэшсэн өмгөөлөгчөөс мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцааг авах зайлшгүй шаардлагатай. Энгийн иргэн хуульч, прокурор буюу улсын яллагчтай мэтгэлцэж чадах эрх зүйн хангалттай мэдлэггүй шүү дээ. Ийм нөхцөлд аваачиж байгаа нь л өөрөө хүний эрхийн зөрчил.

-Нэг өмгөөлөгч нь хуралдаан давхацсан. Нөгөөгөөс нь өөрөө татгалзсан буюу шүүхэд саад учруулах гэсэн гэдэг дээр та юу хэлэх вэ?

-Шүүхийн мэдээ гэдэг сайт дээр өмгөөлөгчөөр хангасан. Тэд нь татгалзсан гэсэн нэг талын байр суурьтай мэдээлэл гаргасан байна лээ. Харин энэ асуудал дээр би өөр байр суурьтай байгаа. Үйлчлүүлэгч өөрөө татгалзсан өмгөөлөгч бол зөвхөн нэг дээр нь буюу хөнгөн гэмт хэрэг дээр нь хууль зүйн туслалцааны гэрээ байгуулсан байдаг. Яг хүнд гэмт хэрэг буюу хавтас хэрэг дээр ажиллаж байсан. Нууцын материалтай танилцаж гарын үсэг зурсан өмгөөлөгч нарыг ирсэн ганц өмгөөлөгч нь орлож өмгөөлөх ямар ч боломж байхгүй. Тийм учраас өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр татгалзах нь зүйтэй гэж үзсэн байх. Мөн шүүх хурал давхацсан өмгөөлөгчийг манай шүүх хурлаас хойно тов нь гарсан шүүх хуралдаанд орсон гэсэн буруутгасан хандлагатай мэдээлэл байсан. Гэтэл анхан шатны шүүхүүд 14-30 хоногийн өмнө зарлагддаг бол давж заалдах шат болохоор ердөө долоо хоногийн өмнө л товлогддог. Ингэхээр сарын өмнө зарлагдсан хуралдаа орно гээд давж заалдах шатны шүүх хуралдаандаа орохгүй байж болохгүй шүү дээ. Мөн энд бас нэг өнцөг харагдаж байгаа.

-Тэр нь юу вэ?

-Шүүх хуралдаа ирж чадаагүй өмгөөлөгчийн үр дагаврыг шүүгдэгчид гаргаж хэрхэвч болохгүй. Тэр мэдээн дээр нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж бичсэн байсан. Гэтэл Н.Өнөрцэцэг саад учруулаагүй. Тэр хуралд ирчихсэн байсан. Харин шүүх хуралд ирээгүй өмгөөлөгчид сануулах, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжтой. Дээрээс нь хурлыг нэг удаа хойшлуулах дархан эрх нь шүүхэд бий. Тиймээс хүний хувь заяаг шийдэх гэж байж шүүх хуралдааныг хойшлуулж болох байсан. Үүнийг чинь л хүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс гэж хэлээд байгаа юм. Мөн шүүх хурлаар татвараас зугтсан буюу 50 гаруй сая төгрөгийг улсад төлөх шаардлагатай гэж гарсан. Үүнийгээ төлж барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх хүлээж аваагүй гэж ээж нь ярьж байсан. Учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргавал шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж заасан байдаг. Ингээд тухайн төлбөрийг барагдуулчихвал хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болдог хуультай. Үүнийг амьдрал дээр шүүх байгууллага уг нь сайн ч хэрэгжүүлдэг. Гэтэл иргэн Н.Өнөрцэцэг дээр хүсэлтийг нь хүлээж аваагүй нь сонин санагдсан. Тэр шүүгч нь дүүргийн болон нийслэлийн прокурорт олон жил ажилласан туршлагатай ч шүүгчээр томилогдоод удаагүй юм билээ. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн гурав дахь зохицуулалтыг хэрэглэсэн байх гэж үзэж байна.

-Ингэж болдог хэрэг үү. Энэ нь үнэхээр хэр зөв юм бэ гэдгийг танаас асуумаар байна?

-Хүний эрх, эрх чөлөөг шийдэж алх цохино гэдэг тийм амар хялбар ажил биш, асар хариуцлагатай алба. Ажил, мэргэжлийн хувьд өндөр шалгуур шаардлага тавигддаг байх учиртай. Манай прокурорууд цалингийн ялгаатай байдлаас шүүгчийн сонгон шалгаруулалтад их ордог. Тэр бүү хэл нийслэл, дүүргийн прокурорууд шүүгч болно гээд шалгалт өгөөд явж л байдаг. Төрийн өмнөөс хүнийг гэм буруутай гэж яллах гээд явж байсан хүн гэнэт нэг өдөр шүүгч болоод хүний хувь заяаг дэнслээд сууж байгаа нь хэр зохистой вэ. Үүнийг ер нь олж харж, анхаарах хэрэгтэй. Дээрээс нь прокурор буюу улсын яллагч гэж хэн юм бэ гэдэг шалгуур журмыг шинэ шатанд гаргах ёстой. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш. НҮБ-ын Хүний эрхийн комиссын шинжээчид манай улсад ирээд хоёр ч удаа зөвлөмж, анхааруулга өгсөн. Дээрээс нь шүүгчээр ямар хүн ажиллах ёстой вэ гэдгийг эргэж харах л ёстой. Хүний амьдралыг шийдэх гэж байгаа тэр хүн ядаж амьдрал таньсан, хуулийн салбартаа тодорхой дадал бий болгосон, хууль хэрэглээний өндөр чадвартай хүн байх хэрэгтэй. Өөрөө гэр бүл болоогүй байж бусдын гэр бүлийн маргааныг дэнсэлж, гэрлэлтийг нь цуцлах шийдвэр гаргаад сууж байгаа шүүгч байгаа шүү дээ. Анхан шатнаасаа нарийн бичиг, шүүхийн туслахаар ажиллаж байгаад шүүгч болсон хүмүүсийн хандлага арай өөр байдаг. Гэтэл хуулийн өөр байгууллагад ажиллаж байгаад ирсэн нь шүүх танхимаа зохион байгуулж байгаа байдал, хүнээс асуулт асууж байгаа хандлага, харизм нь ч өөр байдаг юм. Тиймээс л шүүгч болох хүмүүсийн шалгуур дээр хүний эрхийн мэдрэмжтэй байдлыг нь анхаарч үзэх шаардлагатай болжээ.

-Н.Өнөрцэцэгийг төрийн нууц хадгалсан гэж буруутгасан. Харин олон нийт болохоор тэгвэл төрийн нууцыг хамгаалж байх ёстой, дамжуулсан хүн нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ гэж байна. Энэ тал дээр та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хүмүүсийн адил цахим орчин дахь мэдээлэлтэй л байна. Ер нь төрийн нууц гээд байгаа зүйл нь яг төрийн нууц байсан уу. Хүн бүрийн гар дамжаад, хэн нэгний машинд явж байдаг зүйл юм уу гэдэг чинь өөрөө асуудал дагуулж байна. Төрийн нууцад тамга тэмдэг дараад орчихсон л бол түүнийг хадгалж, хамгаалах төрийн нууцын ажилтан гэж бий. Хэн гэдэг хүн тэр мэдээллийг өгсөн юм гэдгийг тогтоосон уу. Дээрээс нь Н.Өнөрцэцэгийн хурууны хээ түүн дээр нь байна уу. Тэр мэдээллийг хадгалснаараа үр шимийг нь хүртэх гээд дараагийн алхамд бэлдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон уу гээд маш олон зүйлийг олж харах ёстой. Үүн дээр л өмгөөлөгч нарын чинь ур ухаан, мэдлэг боловсрол гарах ёстой байсан. Энэ гэмт хэргийн хариуцлага нь зургаан сараас гурван жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жилийн хорих ял оногдуулах хуультай. Тэр нууцыг хадгалснаараа үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулсан ямар үйлдэл, эс үйлдэхүй бий болсон бэ гэдэг нь нотлогдсон байж энэ зүйлчлэлээр тухайн хүнийг буруутгах учиртай. Мөн хэргийн субьектив талыг нь сайтар тогтоосон байх ёстой. Гэтэл өөрөө ч мэдэхгүй, барааг нь хараагүй гэж мэдээлэгдэж байсан. Энэ мэтчилэн олон асуудал дээр өмгөөлөгчийн орон зай, мэтгэлцээний зарчим хэрэгжих байсан болов уу.

-Мөн хүний эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлсэн гэж үзсэн юм шиг байсан. Гэтэл та яг энэ байдлыг хууль, хүчний байгууллагынхан өөрсдөө гаргаж, хүний эмзэг мэдээллийг ил болгодог. Гэсэн хэрнээ хариуцлага хүлээдэггүй талаар хэлсэн?

-Дорноговь аймагт 13 настай охины амь насыг хохироосон тухайн этгээдийн өмнө нь гэмт хэрэг үйлдсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж хариуцлага хүлээлээ. Үнэхээр гомдолтой байна гэж ээж нь ярьж байхыг сонссон. Яг энэ мэдээллийг Н.Өнөрцэцэг түгээсэн өдөр нь аравдугаар сарын 7-ны өдөр гэнэ. Гэтэл манай цагдаагийн байгууллагын албанаас н.Гантулга гэж хүн холбогдсон байж болзошгүй тул эрэн сурвалжилж байна. Тэр нь ийм гэмт хэргүүдэд холбогдож байсан гэсэн хэвлэлийн хурлыг хоёр хоногийн өмнө хийсэн гэж ярьсан. Хэрвээ энэ үнэн бол хүний эмзэг мэдээллийг түгээсэн гэдэг эргэлзээтэй болоод ирж байгаа юм. Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагын албан хаагчийн гаргасан мэдээллийг цахим орчинд мэдээлсэн нь хүн бүр хүний эмзэг мэдээллийг түгээсэн болох юм уу.

-Тэгвэл ярилцлагын эхэнд дурдсан амь насаа алдсан залуугийн талаар цагдаагийн байгууллагаас 10 гэмт хэрэгт шалгагдаж байсан гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг нь дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хүний эмзэг мэдээллийг тараасан гэм буруутай болчих юм уу?

-Хэрвээ ингэж үзвэл эрх чөлөөт, хүмүүнлэг нийгэм мөн үү гэдэг асуулт гарна. Их л эвгүй байдал биднийг хүлээж байна аа даа. Амь хохирсон залуугийн хувьд авч үзвэл 18-21 насны хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж авч үздэг. Энэ бол зөвхөн манай улсын хууль гэлтгүй Хүүхдийн эрхийн конвенцид ч энэ талын заалт байдаг. Харамсалтай нь өнөөдөр манайд 18 нас хүрсэн л бол шууд 461 дүгээр ангид аваачаад тэнд байнга орж, гарч байдаг удаа дараа гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хамт нэг тасагт хийчихдэг. Хүний эрхийн мэдрэмжтэй байх гэдэг чинь үүнээс л эхэлнэ. Зайлшгүй нийгмээс тусгаарлах ёстой гэж үзэж байгаа бол өсвөр насны иргэдийг тусад нь хорьдог өрөө байр байх хэрэгтэй. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар ярьвал олон асуудал бий. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял авсан хүмүүс өөрийнхөө толгойг хагартал хана мөргөж, гар хуруугаа тултал цохидог. Үнэхээр хүнд цохилтод орсон энэ үедээ хүн юу ч хийж болно. Тиймээс хэрхэн яаж тохижуулсан ямар хамгаалалттай өрөөнд байлгахаас эхлээд хийх юм олон байна. Манайд ганцхан байдаг эмэгтэйчүүдийн хорих ангид халуун, хүйтэн ус байхгүй. Хоригдол эмэгтэйчүүд нарны илчинд жаврыг нь гаргасан болоод л хүйтэн усанд хувцсаа угаадаг. Олон хүүхэд ээжтэйгээ цуг хоригдсоор байна.Дөнгөж хорвоод мэндэлсэн тэр жаахан хүүхэд тэнд хоригдох ёстой юм. Яагаад эмэгтэйчүүд хорих ангид хүүхдээ төрүүлэх ёстой юм. Нөгөө зорчих эрхийг нь хязгаарладаг цахим гавыг хүүхдийг нь төртөл, мөөмнөөсөө гартал нь зүүлгэж болохоор хуульд өөрчлөлт оруулах нэн шаардлагатай байна. Ер нь хуульд тухай бүр нь хүний эрхийн дэвшилтэй зүйл заалтуудыг оруулж байх хэрэгтэй. Ингэснээр хуулийн зохицуулалт нийгмийн харилцааны хөгжлөөс хоцрохгүй болно шүү дээ. Дээрээс нь Шүүхээс хаалттай, нээлттэй гэж хорих ял эдлэх дэглэмийг зааж ял өгдөг ч тэр хоёр нь нэг дор байдаг. Багануурын хорих анги яг ийм. Хаалттай, чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа нөхдүүдтэй цуг л анх удаа ял эдэлж байгаа, нээлттэй хорихын хүмүүс нэг хашаанд нарладаг. Энэ мэтчилэн олон асуудлыг өөрчилж, хүний эрхийг хангасан мэдрэмжтэй зохицуулалтыг тус тусын хуульд нэн даруй оруулах шаардлагатай.

-Зарим нэгэн хүний эрхийн мэдрэмжгүй цагдаа, хууль хүчний байгууллагын ажилтнуудаас болоод нийтээрээ үзэн ядах хандлага гаргаад байна гэх хүмүүс ч байдаг?

-Хамгийн гол зүйл бол хууль, хүчний байгууллагын хуулиудад хүний эрхийн зохицуулалт бараг тусгагдаагүй. Тэдгээрт ажилладаг албан хаагч, ажилтнууд нь хүний эрхийн мэдлэг мэдрэмжгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаагаас нийт иргэдэд бухимдал бий болж төр засагт итгэх итгэл нь алдарч, төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд сайнгүй болсонд дүгнэлт хийж засах цаг нэгэнт болсон байна. Төрийн албаны шалгалт нь төрийн албанд ажиллах хүний эрхийн мэдлэг, мэдрэмж хэр юм бэ гэдгээс эхлэх ёстой юм. Хэдэн хууль цээжлүүлээд хуулийн заалтуудыг төсөөтэй зохицуулалт болгож хувиргасан асуултуудыг тааж бууддаг байдлаар нь оноо өгч шалгадгийг одоо халах цаг болсон шүү. Төрийн албаны зөвлөлүүд нь жинхэнэ төрд ажиллах хүн чанартай, ёс суртахуунтай, мэдлэгтэй хүн үү, хүнийг хайрладаг, хүний эрхийн мэдлэгтэй юу гэдгээр нь шалгаж төрийн албан хаагчдыг шилж сонгох ёстой. Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хүний эрхийн сургалтад хамруулах гээд олон зүйлийг хийж болно. Хандлага гэдэг хамгийн чухал зүйл. Төрийн хувцас өмсөхөөрөө бяр хүч орчихдог. Хүмүүсийг үл хүндэтгэж ханддаг зарим нэг албан хаагчдын хандлага бүр андашгүй харагддаг. Үүнийг өөрчлөхийн тулд удирдлагууд нь хүний эрхийн асуудлаар сургалт явуулж албан хаагчаа таньж, ажилтан бүртэйгээ тулж ажиллах ёстой. Өөрчлөхийн тулд хуулиас нь биш эхлээд хүнээс нь эхлэх ёстой юм байна. Төрийн албан хаагчдын хүнтэй харьцах харилцаа хандлага чинь мянган сайн хуулийн зохицуулалтыг муу болгоод байна. Манай хуулийн байгууллагын удирдлагын хандлага хутга хавирч байгаа аятай хар яр болсон. Үүнийгээ ухаарч, удирдлагын багаа хүний эрхийн мэдрэмжтэй л болгох хэрэгтэй байна гэж үзэж байна. Хуулийн хяналт болон өдөр тутмын хяналт шалгалтыг хариуцсан албан тушаалтан, мэргэжилтэн, холбогдох хүмүүс ажлаа зохих ёсоор хийх нь хоцрогдоод байна. Бодит амьдрал дээр нэг баг хамт олон болчихоод нэгнийгээ хянана гэдэг нь зохицолдохгүй харилцаа юм.Иймд цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын газрыг өөрчилж, прокурорын байгууллагын шууд хяналтад оруулах цаг нь нэгэнт болсон байна. Мэдээж ажлаа үнэхээр чин сэтгэлээсээ, хүний эрхийг дээдэлж хийдэг мянга мянган албан хаагчид байгааг дурдах хэрэгтэй. Чадахгүй байгааг нь өөрчилж, чадаж байгаагийнх нь илүү цаг, нэмэгдлийг нь өсгөж, нийгмийн асуудал хийгээд аж амьдралынх нь чанарыг эрс сайжруулах шаардлагатай байна. Иймэрхүү хууль эрх зүйн шинэчлэлийг Хууль зүй, дотоодын хэргийн яамныхан сайн зоригтой хийгээсэй. Үргэлжлүүлэн ажиллахаар болсон Ерөнхий сайд иргэдийнхээ бухимдалтай байдлыг хүний эрхийн талаарх хууль тогтоомжуудыг шинэчлэх байдлаар арилгаасай, хүнийхээ хөгжил болон төрийн албан хаагчдын сэтгэлгээнд өөрчлөлт оруулаасай. Ерөнхийлөгч маань хүний эрхийн зөрчил дээр дүгнэлт хийж үгээ хэлж иргэдийнхээ анхаарлыг хандуулаасай гэж хүсч байгаагаа илэрхийлье.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 30, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Чөлөөт эх одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5:27 цагт мандаж 20:31 цаг жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Муу жаал” гээд үхэхэд гарзгүй гэж хэлж болохгүй л дээ… ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тунхагласан. Үүнийгээ хангаж чадаж байна уу гэдгээ эргээд харах цаг нь болжээ” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Энтони Блинкений айлчлал Монголын ардчиллын хөгжилд чухал дэмжлэг болно” гэлээ.
  • Өмгөөлөгч Г.Анхбаяр: Талийгаач О “Зодуулснаас хойш дотор эрхтэн болон хэвлийн хэсгээр өвддөг болчихсон” гэж ярьдаг байсан” хэмээн ярилааЭнэ тухай I болон III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ““Муу жаал” гээд үхэхэд гарзгүй гэж хэлж болохгүй л дээ…” хэмээн өгүүллээ.

МУИС, ШУС-ийн багш  Г.Мөнхбаяр “Бага хугацаанд бэлтгэл хийж, Олон улсын физикийн олимпиадаас багаараа медаль хүртсэндээ баяртай байна” гэлээ.

  • Ирэх сарын 10-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах товтой байна

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ