Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны дарга Архангай аймгийн цагдаа, шүүхийн байгууллагад ажиллав DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга  Д.Цогтбаатар энэ сарын 26-29-ний өдрүүдэд Архангай аймгийн шүүх болон цагдаагийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Тэрбээр тус аймгийн шүүхүүдийн бүтэц, үйл ажиллагаа болон эхний хагас жилийн ажлын тайлантай танилцахын зэрэгцээ Шүүх байгуулах тухай хууль, шүүхийн төсвийн талаар шүүгч, ажилтнуудтай нээлттэй ярилцаж, улмаар  шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийн талаар саналыг  нь сонсов.

Мөн Архангай аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч нартай уулзах үеэр удирдлагын зүгээс Цахир сумын цагдаагийн хэсгийн барилга цэвдэгтэй хөрсний улмаас хананд хагарал үүсэж, цаашид ашиглах боломжгүй болсон тул шаардлагатай санхүүжилтийг 2025 оны төсөвт суулгах, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан иргэдийн баривчлах шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хангалтгүй байгаа тул бэлтгэл ажлыг сайтар хангуулж шилжүүлэх, сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын гэр бүлийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах зэрэг тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигыг мэдээлэх 110 утсаар 160 дуудлага хүлээн авчээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 31 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 61.3 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 160 дуудлага хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Балж, Онон /Дадал/, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Хангай нурууны арын Хануй, Урдтамир, Хойттамир, Орхон /Хархорин/, өврийн Онги /Сайхан-Овоо/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Туул / нийт уртын дагуудаа/, Эг, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 15-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.

Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 15 см, Туул гол Лүн сум орчимд 5 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Зургаан эгнээтэй хоёр урсгалтай, 900 метр хос цамхаг тулгууртай барьж, Богд хан уулын туннелтэй холбоно DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв

Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд:

1.    Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг өөрчилж Зайсан амнаас Өвөр Зайсангийн амны чиглэлд 5.6 км урт эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ авто зам бүхий туннелэн байгууламж барьж байгуулах,

2.    “Өөдөө тэмүүлэх Монгол-Go Mongolia” ган татлагат гүүрэн байгууламжийг Туул гол, Туулын хурдны зам дээгүүр 6 эгнээтэй 2 урсгалтай, 900 метр хос цамхаг тулгууртай барьж Богд хан уулын туннелтэй холбох,

3.    Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Кувейтийн судалгааны төвийн ойролцоо 4400 га газарт барьж байгуулах,

4.    Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хүрээнд нийслэлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөлтэй уялдуулж Богдхан уулыг тойрсон Хөнгөн галт тэрэгний шугам (LRT) төслийг хэрэгжүүлэх (Нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний шугам нь хос замтай, 20 хүртэлх хэвгийгээр өгсөж уруудах 1-р шатандаа Толгойт-Буянт-Ухаа-Өлзийт-Шинэ Зуунмод хот хүртэлх 46.4 км, 2-р шатандаа Шинэ Зуунмод-Зуунмод-Майдар-Налайх-Амгалан хүртэлх 60.5 км, нийт 106.9 км байхаар төлөвлөсөн),

5.    Туулын хурдны зам болон Шинэ тойрог замын ажлыг тус тус эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

Засгийн газрын хуралдаанаас төсөл арга хэмжээний төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд, эдгээр төслийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2024 оны Улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Мөн  Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор барьж байгуулах газар, талбайд газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад шаардагдах зардлын хэмжээ, чөлөөлөх хугацааг тохиролцох, Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарт, Богдхан уулын туннел барих төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Төсвийн хуулийн хамт өргөн мэдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарт, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар /А.Энхманлай/-т тус тус даалгалаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Товч мэдээ

·      Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбогдуулж Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоов.

·      Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлав.

·      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов. Л.Мөнхзул нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч, 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, улсад 25 жил, төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай.

·      Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан талаар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өглөө. Тус компанийн ашиглаж байгаа хүдрийн овоолго, катодын зэсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгааны болон усны хязгаарлалт тавьсантай холбоотойгоор цөөрмийн дүүргэлт нэмэгдэж, цөөрмийн далан халих, уусмалын ууршилт температурын бууралтаас хамаарч багасах, уусмалын хүчиллэг чанар буурч, зэсийн тунадас үүсэх, үйлдвэрийн шугам хоолой, тоног төхөөрөмжид талстжилт, тунадасжилт үүсэж бөглөрөх нөхцөл бүрдсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ: Алсын дуудлагын баг авто осолд орсон иргэнд яаралтай тусламж үзүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа тэргүүтэй зөвлөлийн шийдвэрийн дагуу тус алсын дуудлагын баг бүрэлдэхүүн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.Наранбаатар, мэдээгүйжүүлэгийн эмч Э.Алтанхуяг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Н.Наранбаатар, мэс заслын сувилагч Д.Дэлгэрмаа, асрагч н.Отгонсүрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж буй бөгөөд орон нутгийн замд авто ослоос урьдчилан сэргийлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюул эрсдлийг тооцож зорчихыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, “АПУ” хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛЫГ:
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигч тээврийн албаны дарга Дүнжүүсарайн Пүрэвсүрэн,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
  • “АПУ” хувьцаат компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Лхамжавын Аваасүрэн,
  • “АПУ” хувьцаат компанийн ахмад ажилтан Бүдрагчаагийн Содномпэлжээ,
  • “АПУ” хувьцаат компанийн Санхүү эрхэлсэн захирал Гончигийн Энхбилэг нарт хүртээв.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • “АПУ” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Цэвээнжавын Эрдэнэбилэг,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1 дүгээр ангийн 3 дугаар хэсгийн замчин Жанчивын Ганцэцэг,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Захиргаа, боловсон хүчний газрын дарга Содномдоржийн Цэвээндорж,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Гаалийн хэлтсийн дарга Саяболдын Саяран,
  • “АПУ” хувьцаат компанийн Агуулах хариуцсан ахлах менежер Доржийн Бямбацогт,
  • “АПУ” хувьцаат компанийн Ахлах менежер Минжээгийн Сэргэлэнбат,
  • “АПУ” хувьцаат компанийн Ахлах инженер Пүрэвийн Жаргалсайхан,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эрдэнэт өртөө хариуцсан дарга Гончигийн Амарсайхан,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дулаан, сантехникийн инженер Лхамын Батсайхан,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Чулуун заводын дарга Нямсүрэнгийн Отгонбаатар,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Галт тэрэгний дарга Буянравжихын Ганчимэг,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төлөвлөлт эдийн засгийн албаны орлогч дарга Пүрэвлхагвын Мөнхзул,
  • “АПУ” хувьцаат компанийн Ахлах инженер Гэлэгжамцын Батцэнгэл,
  • “АПУ” хувьцаат компанийн Үйлчилгээний жолооч Бандийн Бат-Орших,
  • “АПУ” хувьцаат компанийн Худалдааны төлөөлөгч Мижигийн Отгонбаатар,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын 2 дугаар ангийн 10 дугаар хэсгийн замчин Ганбаатарын Ялалтбаяр,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Вагоны ашиглалтын депогийн харьяа Толгойт техник, үйлчилгээний газрын вагон үзэгч Нямдоржийн Билэгсайхан,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн засварчин Эрдэнэмөнхийн Мөнхцоож,
  • “АПУ” хувьцаат компанийн Савлалтын оператор Алтангэрэлийн Сувдаа,
  • “АПУ” хувьцаат компанийн Бүртгэл тайлагналын менежер Амаасүрэнгийн Гүнжидмаа,
  • “АПУ” хувьцаат компанийн Брэндийн загвар хөгжүүлэлтийн мэргэжилтэн Чойбаатарын Хурбаяр нарыг шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Хоёр иргэн голын усанд живж, амиа алджээ DNN.mn

Өчигдөр буюу долдугаар сарын 30-нд нийслэлд хоёр иргэн голын усанд живж амиа алджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:27 цагт очиход иргэн Э /36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Туул” голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. 07.31-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 31 дүгээр гудамжинд тогтоол усанд эрэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 15:58 цагт очиход иргэн Э/45 настай, эрэгтэй/ нь 1.7 метр орчим гүнтэй тогтоол усанд живж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 28 нэгжээс улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.

Иргэд өөрт ойр байрлах цэгүүдэд очин шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхээс гадна цахимаар буюу E-Mongolia-аас уг үйлчилгээг авах боломжтой.

Улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой 28 цэг:

May be an image of text that says 'дуурэг улсын буртгэлийн байгууллагын уйлчилгээ узуулж буй нэгжууд нэгж багахангай налайх "багахангай"т хаяг, байршил бнд, бхд, нд, хороо, засаг даргын гамгын газрын байр баянгол засаг даргын тамгын засаг газрын и-март байр утас 7021 0692 7049-1097 7023-3314 8071-1890 8073-1890 алтай хотхон баянзурх бзд, засаг тамгын байр тев сухбаатар 8079-1890 51-267013, 8062-1890 8063-1890 "сонгинохайрхан" "баянхошуу" ΤθΒ сонгинохайрхан /лхагва, худалдааны газрын бизнес, сургалтын гарагт амарна/ 8666-1890 тунгалаг цэг тасгийн баруун урд тамгын газрын байр чингэлтэй ухаа 1000" буудал" буудал /ням, даваа гарагт амарна/ чд, хороо, хороо, даргын тамгын байр байр 8978-1890 7724-1890, 8092-1890 8094-1890 8095-1890 8097-1890 8630-1890 ард, байр хорооны байр 8960-18'
Categories
гадаад мэдээ нийгэм

ПАРИС-2024: Монгол Улсын баг 28 дугаар байрт жагсаж байна DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн наадам олимпын наадмын өрсөлдөөн дөрөв дэх өдрөө өрнөж байна. Тус наадамд 206 орны 10.500 тамирчин хурд, хүчээ сорьж байгаа бол манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин оролцож буй билээ.

Энэ наадмын медалийн хүснэгтийг одоогоор Япон улсын баг (7 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль) тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг (6 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль), Австрали улсын баг (6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль) удаалж байна.

Харин Монгол Улсын баг нэг мөнгө, нэг шагналт байрт орсон амжилтаар 206 орноос 28 дугаар байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар жүдо болон боксын спортын төрлөөр долоон тамирчин өрсөлдөөнөө өндөрлүүлсэн (жүдо зургаа, бокс нэг) юм. Тэгвэл үлдэж буй өдрүүдэд Монголын 25 тамирчин есөн төрөлд өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн авто замыг засварлаж байна DNN.mn

2024 оны долдугаар сарын 29-ны өдөр орсон хүчтэй борооны улмаас А0403 дугаартай Сүхбаатар – Алтанбулаг чиглэлийн авто замд 338-341 км-т үерийн усанд эвдэрсэн замын далан хажуу налуу болон хөвөө, шуудууг сэргээн засварлах ажлууд тус тус хийгдэж байна.