Менежментийн зөвлөх, эдийн засагч, судлаач П.Батхишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулган завсарлалаа. 2020-2024 оны парламент бүрэн эрхийнхээ хугацаанд ямар хэмжээнд ажилласан гэж та хувьдаа үзэж байгаа вэ?
-Далан зургаан гишүүнтэй сүүлийн парламент гэдэг утгаараа олон хууль баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан чуулган өндөрлөлөө. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог өөрчлөн 126 гишүүнтэй УИХ-тай болохыг баталгаажууллаа. Ингэснээр УИХ-д олон намын төлөөлөл багтахын зэрэгцээ сонгуулийн тойргийг томруулснаар аймаг, сумын хэмжээнд гэхээсээ илүү улс орны урт хугацааны хөгжлийн бодлогод чиглэсэн гишүүдтэй болох замыг тавилаа. Үзэл баримтлалын зөрүүтэй ч улс орны том асуудал дээр санал нэгдэн ажилласнаар дээрх үр дүнд хүрснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
УИХ зөвхөн хууль батлах биш түүний хэрэгжилтийг хянах, үнэлэх эрхээ хэрэгжүүлэн Хөгжлийн банк, Нүүрс, Эмийн чанар, Ногоон автобусны гээд сонсголуудыг зохион байгуулсан нь иргэдийн мэдэх эрхийг хангаж өглөө.
Гэхдээ Ковидын төсвийн, Боловсролын зээлийн сангийн гээд ард иргэдийн сонирхож буй асуудлуудаар сонсгол зохион байгуулаагүйг ч дурдах хэрэгтэй. D-parlament платформоор дамжуулан иргэдийн саналыг хуульд тусгах, шаардлагатай асуудлаар УИХ хуралдах боломжийг нээж өгсөн нь мөн онцлог.
Энэ мэтээр хууль эрх зүйн орчинд шаардлагатай олон асуудлыг шийдвэрлэсэн. Бас шийдвэрлэж чадаагүй чуулган өндөрлөлөө.
-Авлига гаарсан он жилүүд өнгөрлөө гэж шүүмжилж байгаа. Таны хувьд халаагаа өгч байгаа парламент авлигын асуудалд эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийсэн гэж харж байгаа вэ?
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталснаас хойш хууль эрх зүйн орчинд хэд хэдэн чухал алхам хийсэн. Авлига албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангалан, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хязгаарлах, хохирлыг төлүүлэх зэрэгт ахиц гарч байна. Гэсэн хэдий ч Трансперенси Интернэшнлийн 2023 оны үнэлгээгээр Монгол Улс дахин байр ухарсан нь авлигатай хоёргүй утгаар бодитой тэмцэхийг санууллаа. Ялангуяа шүүхийн шийдвэргүйгээр хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн зарчмын ард авлигын гэмт хэргээс янз бүрийн арга саамаар мултрах, хэрэгсэхгүй болгох, эргэн нийтийн албанд томилогдох, улсад учруулсан хохирлоо барагдуулахгүй байх тохиолдлуудыг анхаарах шаардлагатай байна.
-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Мэдээж шинэ эрх зүйн өөрчлөлтөөр, шинэ тогтолцоогоор энэ удаагийн сонгууль явагдана. Тэр утгаараа тогтолцооны хувьд ямар нэгэн алдаа, оноо байна уу?
-Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр улс төрийн намууд бодлогын нам болоход түлхэц болно. Гэхдээ өнөөгийн нөхцөлд эрх баригчид эрх мэдлээ хадгалах зорилгод илүү тус болохоор байна. Учир нь жагсаалтаар нэр дэвшигчид нь үнэхээр нийгмийн төлөөлөл байж чадах эсэх, улс төрийн ямар хариуцлага хүлээх, тойргоос сонгогдсон гишүүдтэй ижил тэнцүү нөлөөтэй байж чадах эсэх, нэр хүнд тааруу улс төрийн нам нийгэмд танигдсан иргэдээр маск тавих байдлаар хандан, ямар нэг байдлаар гишүүнээс татгалзсан тохиолдолд жагсаалтад буй дараагийн хүн гишүүн болно гээд анхаарах зүйлүүд бий. Мэдээжийн хэрэг сонгууль болгоноор өөрчилж буй тоглоомын дүрэм 2-3 сонгуулийн дараа бодитой үнэлэлт дүгнэлт хийх боломжтой. Гишүүдийн тоо нэмэгдэх нь олон ургальч үзэл парламентад орж ирэхэд тустай. Гэхдээ тойргийг томруулснаар шинэ залуу нэр дэвшигчид аймаг, дүүрэгтээ танигдсан иргэдийн сонгогдох магадлалыг бууруулсан. Зэрэгцүүлээд сонгуулийн зардлыг автоматаар үржүүлэн өсгөсөн нь байдлыг улам дордуулсан. Ингэхээр мөнөөх танигдсан, эсвэл популист улстөрчид олноор орж ирэх магадлалтай.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг олон нийтэд шүгэл үлээх хэлбэрээр ил тод болгосон. Гэтэл ил тод болсон хэргүүдэд хариуцлага үүрч байгаа албан тушаалтан ховор байна гэж шүүмжилж байна. Таны хувьд үүнтэй санал нэг байна уу?
-Энэ УИХ-д олон гишүүд нь хулгай луйвар, авлигад холбогдсон нь үнэн. Гэхдээ иргэдийн хүлээж байсан шиг ял шийтгэл хариуцлага ногдуулж чадаагүй. Зарим гишүүний эрх түдгэлзсэн хэвээрээ шинэ сонгуулийн цикльд ирж байхад зарим нь эрх түдгэлзүүлээгүй гэдгээрээ сонгуульд дэвшээд явж байна. Тэгэхээр сонгуульд ялаад орж ирсэн ч эргэн татагдах үндэслэлтэй хүнийг 28-нд хэдүүлээ сонгох нь. Нэмээд хэлэхэд, шүүхийн шийдвэр гэлтгүй ёс зүйн өндөр шаардлагаар ч нийтийн албан тушаалд дэвшүүлдэггүй, дэвшдэггүй байх соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Шүгэл үлээсэн олон асуудлууд дээр дорвитой арга хэмжээ аваагүй хэвээр. Наад захын жишээ нь Боловсролын зээлийн сангаас хууль журмын зөрчилтэй зээл авсан, түүнийгээ төлөөгүй, бүр сургуульдаа сурч чадаагүй гээд олон нөхдүүд одоо та бидний төлөө зүтгэнэ ээ гээд л сонгуульд дэвшиж байна гээд хар даа.
-Нөгөөтэйгүүр саяны хаврын отгон чуулганы төгсгөлд УИХ-аар олон хууль зэрэгцэн батлагдлаа. Олны анхаарал сарнисан энэ үед хууль батлагдах нь нийгэмд сөрөг нөлөөтэй гэж ярьдаг шүү дээ. Түүнчлэн үнэхээр батлах цаг үе нь ирчихсэн ямар хуулийн төслүүд байсан бол?
-Чуулганы төгсгөлд олон хууль баталсан нь төлөвлөгөө муугийнх. Хаврын чуулган нээснээс хойш дахин дэвших сонирхолтой гишүүд зуд турхан, тойрог, цагаан сар гээд эсэн бусын шалтгаанаар тойргоо зорьсныг бид мэдээллийн сувгуудаар өдөр тутам харсан. Аливаа хуулийг сайн судалгаатай, үр дүнгийн үнэлгээтэй, бусад хуулиудтай харилцан уялдаатай, хугацаа зарцуулж боловсруулах нь чухал гэж боддог. Олон хууль баталснаараа ч сайн ажиллалаа гэж болохгүй. Харин нийгмийн хөгжлийн асуудлыг урт хугацаанд чиглүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг урьдчилан харж, усгүй хууль батлахад анхаарах хэрэгтэй. Жишээ нь, газрын тухай хууль маш чухал. Зөвхөн уул уурхай гэлтгүй мал аж ахуй, хөдөө аж ахуй, хувийн өмч гээд эдийн засгийн суурь харилцааг өөрчлөх хууль хэлэлцэгдсэнгүй. Худалдааны тухай хууль сураг ч үгүй гээд үзвэл илүү чухал хуулиуд баталж болох байлаа.
-Засгийн газартаа хяналтгүй, тэдний үгээр хууль баталдаг дэндүү давжаа парламент байсан гэж зарим судлаачид шүүмжилдэг. Таны хувьд энэ парламент хяналт тавих үүргээ ямар түвшинд биелүүлсэн гэж харж байгаа вэ?
-МАН сүүлийн найман жил бүрэн засаглалаа. Зарим судлаачид олонхын санал аваагүй ч олонх болж ажиллалаа гэж хэлдэг нь сонгуулийн системтэй холбоотой дүгнэлт. Хэт олонх учраас цөөнхийн дуу хоолой бүдгэрч, намын даргынх нь оруулж ирсэн асуудал парламентын шийдвэр болдог ийм жилүүд өнгөрлөө. Зарим шийдвэрт Засгийн газар нь УИХ-ын дээр гараад суусан мэт эргэлзээ төрж байлаа. 126 гишүүнтэй парламент бүрдсэнээр Засгийн газарт бүрэн хяналтаа тавьж, шахаж шаардаж ажиллах боломж нэмэгдэх биз. Өөрөөр хэлбэл, гишүүдийн олон цөөнөөс үл хамааран сонгогдсон гишүүн хэн боловч үгээ хэлж, иргэдийн дуу хоолой болж ажиллах ёстой.
-126 гишүүнтэй парламентын талаар та хэллээ. Энэ парламентад улс төрийн хэчнээн нам суудал авах бол. Нөгөөтэйгүүр ард түмний төлөөллийг бодитой ханган, бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадах болов уу?
-126 гишүүнтэй шинэ парламентад улс төрийн 5-6 нам, эвсэл суудалтай болох магадлал өндөр байгаа. Магадгүй намуудын жагсаалт, нэр дэвшилт гарахаас өмнө дээрх тоо 3-4 байсан байж мэднэ. Бүлэг байгуулах хэмжээнд гурван нам суудал авахаар харагдаж байна. Аль болох олон улс төрийн намтай, улс төрийн манлайлалтай гишүүдтэй болохын зэрэгцээ УИХ-д гарч буй аливаа шийдвэр улс орны язгуур эрх ашигт нийцэж гарна. Хамтарсан засаг байгуулах тохиолдолд мөнөөх янз бүрийн авлигын нэр томьёо шиг биш, улс орны стратегийн том асуудал шийдэх зорилгоор хамтрахыг дэмжинэ. Гэхдээ үзэл баримтлал ондоо улс төрийн хүчнүүд хамтарсан тохиолдолд хөгжлийн бодлого саармагжих, хариуцлага цалгардах байдал гардаг. Ямартаа ч ардчилсан сонгуультай, сонгогдох эрхээ эдлэн дэмжигдсэн гишүүдтэй өөр өөр өнгөтэй ч гэрээ нураачихдаггүй парламент бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.