Categories
мэдээ нийгэм

“Asia Folk 2024” наадам өнөөдөр эхэлнэ DNN.mn

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам энэ сарын 14-16-нд тохиож байна. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцоно. Мөн нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.

Тус наадмыг гадаадын жуулчид болоод монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгаа хийнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм.

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцлов.

Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ачааны автомашины импорт 44.3 хувиар өсчээ DNN.mn

Он гарсаар нийт 52 392 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 12484 ачааны автомашин импортоор орж ирсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын сэг зэмийн 94.18 хувийг устгажээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын явцад зүй бусаар хорогдсон малын тоог төрлөөр нь авч үзвэл тэмээ 4150 толгой, адуу 406485 толгой, үхэр 653448 толгой, хонь 3982208 толгой, ямаа 2351438 толгой нийт 7,456,475 толгой мал хорогдсон. Үүнээс устгалд тэмээ 3141 толгой, адуу 391738 толгой, үхэр 625369 толгой, хонь 3793146 толгой, ямаа 2280237 толгой буюу нийт 7,101,182 толгой мал булшилж устгасан байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас сэг зэмийн устгалыг 94.18 хувьтай хийж гүйцэтгэсэн гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монполимет” компанийн өмгөөлөгч Г.Нацагдорж: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олоогүй байж, түүнийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй DNN.mn

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн талаар Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа.


-“Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Яллагдагчаар татах тухай тогтоол дотор “ТУЗ-ийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Монполимет” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон. Зээлийн гэрээнд заасан зориулалтаар бус гадаад улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан” гэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан 2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг.

-Хатгагчаар хамтран оролцсон гэхээр тухайн хэрэгт холбогдуулан өөр хүмүүсийг шалгаж байгаа гэсэн үг үү?

-Авлигын гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэнийг огт тогтоогоогүй буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг прокурор болон АТГ тогтоож чадаагүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж байгаа нь буруу дүгнэлт юм. Ер нь бол гэмт хэрэг хэн, хэзээ үйлдэв. Ийнхүү гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн зориуд хүргэсэн гэдгийг эхэлж тогтоогоод дараа нь Ц.Гарамжав хатгасан эсэхийг шалгах ёстой л доо. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээдээ олж тогтоогоогүй байж хатгагчийг нь олж тогтоогоод, түүнийгээ цагдан хориод байгаа нь энэ цаг үеийн хамгийн эмгэнэлтэй явдал юм.

Гэмт хэрэг гардан үйлдсэн хүн гэж байхгүй юм уу?

-Тийм, энэ шалгагдаж байгаа хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоогүй байж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй. Ер нь бол гэмт хэрэгт хамтран оролцсон гэхээр өөр этгээд заавал байх ёстой ч өөр этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээгүй тул үнэхээр өөр хүн огт байхгүй.

-Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Харин тийм ээ, яллагдагчаар татах тухай тогтоолд яг ингээд тун ойлгомжгүй байдлаар биччихсэн юм билээ. Санхүүжүүлэх зэргээр гэдгийн ард нь ашиглаж гэсэн үг байгаа биз. Юуг гэдэг нь тодорхой бус байна. Хэрэв зээлийн мөнгийг гэчихвэл АТГ, прокурор хоёрт “Зээлдэгч зээлийн мөнгөө хэрхэн зарцуулах” ёстой нь түй ч хамаагүй болчихно. Тэгэхээр л “Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина” гэдэг шиг юуг ашигласан гэдгийг нь тодорхойлж чадахгүй, бөөрөнхийлөөд л биччихэж байгаа юм.

-Мөнгө угаасан зүйл байгаа юм уу?

-Хөгжлийн банкнаас “Монполимет” ХХК руу шилжүүлсэн тухайн зээлийн мөнгө нь хууль ёсны тул мөнгө угаах гэсэн ойлголт байх боломжгүй. Хөгжлийн банк л тухайн мөнгийг хууль бус замаар олж аваагүй бол шүү дээ. Мөнгө угаах гэдгийг Эрүүгийн хуульд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” түүнчлэн “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” үйлдлийг хэлнэ гэсэн байгаа. Гэтэл “Монполимет” ХХК нь холбогдох баримтаа бүрдүүлээд, зохих журмын дагуу зээлээ аваад, зээлийн гэрээнд заасны дагуу эргүүлэн төлөөд, зээлийн гэрээгээ дүгнээд, хаачихсан. Мөнгө угааж байгаа юм бол мөнгийг эргүүлэн өгөх ямар ч шаардлага байхгүй.

-2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа, хууль хэрэглээ гээд асуудал байдаггүй юм уу?

-Зээл авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гэхээр зүйлчлэл нь тохирч өгөхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаад “тэд нар”-ыг зовоогоод байхаар нь 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэчихэж байгаа юм. Хүндрүүлсэн бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим огт хэрэглэгдэхгүй байна. Тэгэхээр “Монполимет” ХХК-ийг ямар нэг байдлаар нийгмээс тусгаарлах замаар айлгах, компанийнх нь үйл ажиллагааг тасалдуулах замаар хохирол учруулах зорилготой үйл ажиллагаа юм байна гэдэг нь жирийн иргэнд ч ойлгогдохоор байгаа биз дээ. Үнэхээр аргаа бараад 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гээд үзье л дээ. Нэрлэж буй хоёр гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааг нь хууль үйлчилж эхэлсэн 2017 оноос тоолоход л 2022 онд дуусчихаж байгаа байхгүй юу. Гэтэл 2024 онд эрүүгийн хэрэг үүсгээд л, цагдан хориод л, эд хөрөнгийг нь хураан аваад л, компанийн үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Энэ улсад чинь Эрүүгийн болон процессынх нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Ерөнхий прокурор байдаг ч энэ асуудлыг тоохгүй байна гэхээр түүнийг хөдөлгөхгүй байгаа “далд”-ын хүч байгаа л гэсэн үг.

-Хувийн хэвшил рүү хүчний байгууллага дур зоргоороо халдаж, үйл ажиллагааг нь зогсоож, хаалга үүд, тоног төхөөрөмжийг нь лацдаж байгаа үйлдэл нь эргээд тэнд ажиллаж байгаа ажилтан, үйл ажиллагааг нь удирдаж байгаа албан тушаалтан, тэдгээрийн ар гэрт ямар нэг байдлаар дарамт шахалт үүсгэж, цаашлаад улс эх орны хөгжлөөс хойш татсан тийм зохисгүй үйлдэл болж байгаа талаар нийгмийн бүхий л төлөөлөл цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна?

-Компанийн үйл ажиллагааг хүчээр ингээд зогсоочихоор ажилтнууд нь цалин хөлсгүй болно. Сул зогсолтын хөлс өгнө гэхээр компанийн буруугаас болоогүй тул компанид алдагдал үүснэ. Мэдээж компани орлого олоогүй тул улсад татвар төлөх боломжгүй гээд олон сөрөг үр дагаврууд гарч ирнэ.

-Монцементийн үйлдвэрийн төсөлд зориулж Хөгжлийн банкнаас авсан “Монполимет” ХХК зээлээ бүрэн төлсөн. Гэтэл яагаад хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм бол?

-Хохирогчгүй, хохиролгүй, бүр гэмт хэрэг үйлдсэн этгээдгүй хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой байгаа нь тус компанийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн сонирхол эрх мэдэл бүхий этгээдэд байгаа нь л илэрхий байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, дансыг нь хаах зэрэг ажиллагааг хийдэг ч ямар ч хохиролгүй байхад эд хөрөнгийг битүүмжилж, хурааж байгаа үйлдэл нь миний дээрх тайлбарын бодит нотолгоо болно. Дашрамд дурдахад, УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны зээлийн сонсголын үеэр “Монполимет” ХХК нь 126 тэрбум төгрөгийн зээл анх авч, 188 тэрбум төгрөгийг үндсэн зээл, 71 тэрбум төгрөгийг хүү, 775 сая төгрөгийг зээлийн шимтгэлд буюу нийт 261 тэрбум төгрөгийг төлж зээл бүрэн хаасан гэж байгааг анхаарах нь зүйтэй.

-Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татан шалгахдаа түүний хамаарал бүхий компаниуд, үр хүүхдийнх нь дансыг хааж эд хөрөнгийг нь хураан авч болдог юм уу?

-Мөрдөн шалгах ажиллагаа нь Ц.Гарамжав гэдэг хүн рүү чиглэн хийгдэж байгаа тул хувьд ногдох түүний эд хөрөнгө, харилцах дансыг хязгаарлах, битүүмжлэх ажиллагаа хийж болох ч бусад этгээдэд халдсан бүхий л үйлдэл нь хуульд нийцэхгүй. Иймд уурхайг лацдах, бусад компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгө хураах зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй этгээдэд хохирол учруулах, бүр нарийн хэлэх юм бол хорлон сүйтгэх зорилготой л гэж ойлгогдож байна. Энгийнээр хэлбэл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнийг шалгаж байна гээд тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож болохгүй биз дээ.

-Хэвлэл мэдээлэл, нийгэмд хандсан ажилчдын маш олон мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр явлаа. Энэ нь төр засагт тавьж байгаа шаардлага уу?

-Өөрөөс нь болон ажил олгогчоос шалтгаалахгүйгээр үйл ажиллагаа нь зогсоод цалингаа авч чадахгүй байвал зохих этгээдэд нь хандах, анхаарлыг татах эрхтэй шүү дээ.

-Энэ бүхний эцэст Ц.Гарамжав гэдэг хүн буруугүй гэдэг нь тогтоогдвол энэ хугацаанд зогссон бүх хохирлыг хэн хариуцах вэ?

-Хохирлыг төр хариуцна. Энэ талаар хуульд тусгайлан заасан байгаа. Төр хариуцна гэхээр л эзэн биегүй болчихоод байгаа учраас тэд зориуд ийм хууль бус шийдвэр гаргаж, хууль тогтоогч нь хууль дотроо төр хариуцна хэмээн эзэнгүйдүүлж орхисон.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.


-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улаанбаатарыг задалж, дүүргүүдийг хот болгох ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд том суурь өөрчлөлт орсон. Үндсэн хуулийн 57.1-д Монгол Улс нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороонд хуваагдана гэдэг суурь зарчим байсан. Үүн дээр нэмээд хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Аймаг, нийслэл гэдэг бол засаг захиргааны нэгж. Харин хот гэхээр хүмүүсийн төвлөрөл бүхий суурьшлыг хэлж байгаа юм. Энэхүү суурьшил бүхий хот гэдэг айлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байдаг төрийн чиг үүргүүдийг шилжүүлж өгөх боломжтой гэсэн ойлголт. Захиргааны эрх зүйн нэлээд нарийн ухагдахуун л даа. 1992 оны Үндсэн хуулийн зарим бүлэгт би шүүмжлэлтэй ханддаг.

Өмнө бүх аймгийн төвүүд хот гэсэн зохион байгуулалттай байсан. Суурин газруудаа тосгон гэж нэрлэдэг байв. Энэ хотод миний яриад байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг хамт хадгалагдаж байсан. Жишээлбэл, намайг хүүхэд байхад Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан хот гэдэг байсан. 1992 оны Үндсэн хуулийн дараа Өндөрхаан хот гэж байхаа больсон.

Хэнтий аймгийн төвийг Хэрлэн сум болгосон. Энэ мэтчилэн бүх аймгийн төвүүд сумын статустай болсон шүү дээ. Энэ удаагийн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улс цаашид суурин соёл иргэншилд илүүтэй төлөвших эрх зүйн суурь үндсийг тавьсан. Хот, суурин газар болгонд өөрт нь хадгадалагддаг чиг үүрэг дээр төрийн чиг үүргийг нэмээд өгчих юм бол богино хугацаанд хөгжих боломжтой. Миний хариуцаж байгаа албан тушаал бусад эрх зүйн өндөр хөгжилтэй орнуудад сонсогдож байгаагүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Би хоёр албан тушаал хашдаг. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Миний нэг гарт нийслэл гэдэг засаг захиргааны нэгжийг удирдах чиг үүрэг байна. Нөгөө гарт нь хот гэдэг айлын нийтийн аж ахуйг удирдах чиг үүрэг. Гэтэл энэ хоёр ажлыг нэг хүн хийгээд байгаа. Тэгэхээр 2028 оноос хойш нийслэл, Улаанбаатар гэдэг хоёр чиг үүргийг нэгтгэж явбал яасан юм бэ гэж байгаа.

-Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гэж тодотгосон. Дүүрэг болгоныг хот болгочихоор Улаанбаатар хот гэж байхгүй болох юм уу?

-Нийслэлийг хөдөлгөх тухай ямар ч ойлголт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй. Нийслэл Улаанбаатар дотор орон нутгийн шинж чанартай 20 минутын 14 хот байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэл Улаанбаатар маань өөрөө хотуудын нэгдэл байна. Нийслэлээс захын гурван дүүргийн хоёр нь буюу Багануур, Налайх хоёр салж, улсын чанартай хот болно. Цаашид нийслэл татаас өгөхгүй. Эдгээр дүүрэг нь эдийн засгийн болон тээвэр ложистикийн хувьд ашигтай байрлалд байна. Хүн амын тоо нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас цаашид бие даасан хот болох байх. Багахангай дүүргийн хувьд дагуул хот байх уу. Эсвэл алслагдсан дүүргийнхээ зохион байгуулалтаар явах уу гэдгийг тухайн үедээ шийдэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотыг бүрдүүлэгч 14 хот нь Толгойт, Баянхошуу, Дарь-Эх, Сэлбэ зэрэг хотууд байна. Ингэж дахин төлөвлөлт хийж зохион байгуулахгүй бол Улаанбаатар хотын төвд бүх үйлчилгээ төвлөрсөн болохоор иргэдийн урсгал ийшээ чиглэж түгжрэл нэмэгддэг. Нийслэлчүүд өдөртөө гурван сая гаруй зорчилт хөдөлгөөн хийж байна гэсэн судалгаа бий. Үүнийг багасгахын тулд Сэлбэ, Дарь-Эх, Баянхошуу зэрэг хотууддаа нийгэм соёлын, ахуйн, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах бүх төлөвлөлтүүдийг хийх юм. Тухайн бүс дотроо хүмүүс амьдралын бүх хэрэгцээгээ авдаг боломжийг бүрдүүлэхийн тулд энэ удаагийн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагасан УИХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хот ямар, ямар татвараа татаж авах вэ. Харин 14 хот аль, аль төрлийн татварууд авах вэ гэдэг нь хууль хэрэгжих үед шийдэгдээд явчихна.

-Улаанбаатар хот яг ямар чиг үүрэг, эрх мэдэлтэй байх юм бэ?

-Улаанбаатар эрх мэдлийнхээ бараг 90 орчим хувийг 14 хотдоо өгнө. Өөрсдөө эрх мэдлийнхээ 10 хувийг авч үлдэнэ. Мэдээж хэрэг Улаанбаатар хотын ерөнхий мастер төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийслэлийн тойрог хурдны замуудыг бүтээн байгуулах, метро бусад масс тээврийн хэрэгслүүдийг төлөвлөнө. Үндсэн архитектур төлөвлөлтийг өөрчлөх, хот нийтийн аж ахуйн мастер төлөвлөгөөг сахиулна. Эрчим хүч, дэд бүтцийн том станцуудаа өөрөө өмчилж, түүнийгээ хөгжүүлж явна. Бас Уулаанбаатар хотод эрчим хүч, дэд бүтцийн болон ундны усны найдвартай нөөц бий гэхчлэн глобал асуудлуудаа авч явна. Харин хотын цэвэрлэгээ, нохой, муур устгал ч юм уу тохижилт үйлчилгээний ажлуудыг 14 хот өөрсдөө хариуцна. Хот болгон өөрийн гэсэн захирагчтай байна. Бас хот дотроо зөвлөлтэй байна. Хотын захирагч, зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийнхээ ард иргэдээс шууд сонгогдоно. Зөвлөл нь төсөв төлөвлөгөөг баталж өгдөг. Хэрэгжилтэд нь хяналт тавьж явна. Захирагч нь хот нийтийн аж ахуйн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиг үүргээ хэрэгжүүлээд явах юм.

-Нийслэл Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэх асуудал сүрхий яригдсан. Үүнд МАН-ынхан, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон та гурвыг нэлээд хамаатуулж шүүмжилдэг. Тэр нь юу вэ гэвэл, Хэнтийн гаралтай улсууд Монголын сүүлчийн хаан амьдарч байсан Улаанбаатарыг устгах гэлээ гэдэг юм уу. Нийгмийн ийм хандлага МАН-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх талтай гэж судлаачид ярих юм билээ. “Эрдэнэт”-ийг хувьчилсны дараа АН найман жил унасан шиг юм болох вий гэх болгоомж байна л даа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хархорин хот байгуулъя гэдэг судалгаа шинжилгээний ажил явагдаж байгаа. Энэ бол мэдээж Үндсэн хуулийн том өөрчлөлтийн асуудал учраас урьдчилж дүгнэлт хийх боломжгүй. Хот байгуулах асуудал тийм ч амар зүйл биш. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг Хөшигийн хөндий, шинэ Зуун мод хотын чиглэл рүү хотоо задалж тэлье гэдэг шийдвэр гарсан. Нийслэлчүүд дөрвөн уулын дунд багтахаа байлаа. Иймд их, бага тойруу доторх эрх мэдлийн төвлөрлийг задалъя. Тэнд нь Засгийн газрын бүтцийн байгууллагууд болон иргэн, аж ахуйн нэгжүүд нь нүүж очих төлөвлөлт хийгдээд явж байгаа. Миний хувьд Улаанбаатар хотод төрж, өссөн хүн. Нарийн ярьвал нийслэлийн II төрөхөд төрсөн. Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургууль, дээд сургуулиа төгссөн. Үүнээс хойш хотод амьдарч байгаа. Миний ээж, аавын гарал үүсэл Хэнтийнх байж болно. Тэрүүгээр хамаагүй хамаатуулж ярьж болохгүй байх. Одоо би Улаанбаатар хотын захирагч. Яавал энэ хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, экологийн доройтолгүй болгох вэ гэдэгт миний үзэл санаа оршино.

-Нийслэлд хийгдэж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажлуудаас сонирхуулахгүй юу?

-Өнөө жил нийслэлийн төсөв дээр замын сангийн төвлөрүүлсэн 77 орчим тэрбум төгрөгийн замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд дуусах гэж байна. Автозамын хөгжлийн газар шинэ менежментээр замын ажлуудыг нэлээд хурдан шуурхай шийдээд явж байна. Одоо 200 орчим тэрбум төгрөгөөр замын хучилт болон шинэ бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлын гэрээ ойролцоогоор долдугаар сарын 20-ны үед байгуулагдана. Өөрөөр хэлбэл, баяр наадмын өдрүүдэд зам хаах боломжгүй. Хоёрдугаарт, хуулийн хугацаанд буюу ажлын 21 хоногт тендерээ зарлаад энэ том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Ер нь Улаанбаатар хотын нийт автозамын 70 орчим хувь нь шинээр хучигдаж засагдана. Зарим газруудад холбоос замуудыг шинээр хийнэ. “Найрамдал” зуслангийн замыг бүхэлд нь шийднэ. “Найрамдал” зусланд олон улсын хүүхдийн том арга хэмжээнүүд зохион байгуулдаг боловч зам нь үнэхээр хүнд. Бас Нүхтийн амны зам эвдэрсэн. Энэ замыг сүйтгэсэн барилгын компаниудад нөхөн төлүүлэх асуудал яригдаж байгаа. Мөн Жаргалантын амны зам ч ялгаагүй. Тэнд том, том миксерүүд давхиад эвдчихсэн. Хоёр, гуравхан барилгын компанитай хамаатай асуудал. Цаашид татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн замыг ашиг олох гэж байгаа бизнесийн компаниуд эвдээд байх нь зөв үү. Ямартаа ч бид нийслэлд хийж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажлуудыг энэ намартаа багтаад дуусгана. Сүүлийн 30 жилд ийм бүтээн байгуулалт хийгдээгүй гэдгийг ам бардам хэлж чадна. Одоо уулын замыг хучаад дуусч байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпийн гудамж, “Найрамдал”-ын зам, 22-ын товчоо, Хүй долоон худаг гээд эвдрэл ихтэй ихэнх замуудыг хучина. Үлдсэн замуудаа дараа жилийн замын сангийн хөрөнгөөр хучина гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Түгжрэлээс гарах ямар шийдлүүд байна вэ. Давхар, гүүрэн замууд барих асуудал юу болж байгаа бол?

-Ирэх жил хийж эхлэх том бүтээн байгуулалтын ажил бол Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог хурдны зам. Энэ намар тендер зарлахаар төлөвлөж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудад 2-3 түвшний зам явдаг. Манайд бүх зам нэг түвшнийх болохоор ар Монголын алдарт чагтан түгжээндээ ороод байгаа юм. Тэгэхээр бид энэ түгжрэлийг арилгахын тулд Их тойруу руу орж ирж байгаа бүх урсгалыг хоёр түвшний замаар зэрэг хүлээж авдаг болно. Төлбөртэй тойрог замаар хурдлаад давхиж болно. Эсвэл төлбөргүй магистрал замаараа түгжрээд явж болно. Энэ бол иргэдийн сонголт. Сая улс төрийн шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд зарласан. Хэрэв МАН энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр улиран сонгогдвол, шинэ Засгийн газар байгуулагдаад ажлын 100 хоногт Улаанбаатар хотын том бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгийн асуудлыг шийднэ гэж байгаа. Урагшаа “Өөдөө тэмүүлэх гүүр” буюу “Go-Mongolia” гүүр, цаашаа Богд уулынхаа урд гарах гүүрэн байгууламж, Номтын амны Шинэ Зуун мод хотын Засгийн газрын ордны төлөвлөлт зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Метроны ажил зэрэгцээд явна. Үүний дараа хийгдэх том бүтээн байгуулалтын ажил бол хоёрдугаар тойрог хурдны зам. Одоо бид урьдчилсан дизайн гаргах шатандаа явж байна. Хоёр дахь тойрог хурдны зам маань Саппорогоос хойшоо Баянхошуу, Долоон буудал, Цайзаар тойрч Чулуун-Овоо, Нарантуулын урдуур өнгөрөөд Туулын далан дээгүүр явах маршруттай байгаа. Дараагийнх нь гадна тойрог буюу 22-ын товчоо, Баянзүрхийн товчооноос орж ирэхээр авдаг гурван тойрог хурдны замын төлөвлөлтийг гаргах гээд манай төслийн нэгж ажиллаж байна. Ийм олон түвшний замууд байгуулагдаж байж өнөөдрийн автозамын түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Дэлхийн бүх том хотууд түгжрэлээ ингэж шийдсэн. Ойрын жишээ гэвэл Хөх хот байна. Хоёр жилийн өмнө тойрог хурдны замаа шийдээд метронууд оруулаад түгжрэлгүй болсон туршлага дээр бид үндэслэж ажиллаж байгаа. Дээр нь 20 минутын хот гэдэг том бүтээн байгуулалт хийнэ. Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шархад, Яармаг гээд томоохон нэгж хороолол буюу хотын бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байгаа.

-Дарь-Эхийг Хайлаасттай холбосон шинэ гүүрний ойролцоо газар чөлөөлөлт явагдаж байгаа юм уу?

-Тэнд хувийн секторууд зэрэгцээд газар чөлөөлөлт явагдаж байгаа. Бид төлөвлөлтөө л өгнө. Бүгдийг төр барих ёсгүй. Ер нь тэр хавиар чөлөөлөлт сайн явагдаж байгаа. Тэр гүүрний ард хэдэн зам дутуу байгаа. Тэрийг гүйцээхийн тулд тендерийг нь зарлачихсан. Энэ зам урагшаа 100 айл, Америк Элчин рүү холбогдоно. Дэлхийн банкны төслөөр хийгдэх юм.

-Хотод шинээр тавьж байгаа замууд нь мухар, гүүр нь хоосон байна гээд мэргэжлийн улсууд яриад байх юм. Жишээлбэл, Яармагаас Хархоринтой холбох гүүрэн зам хоосон байх юм биш үү. “ТЭЦ-4”-ийн нарийн зам дээр тулж очоод түгжирчихээр шинэ гүүрний шид гарахгүй гээд байна. Содон хорооллоос Гэмтэл хүртэлх бүдүүн зам явсаар байгаад яг түгжрэлийнхээ аман дээр ирээд зогсчихдог. Үүнийг мухар зам гэнэ биз дээ?

-“ТЭЦ-4”-ийн замыг өргөсгөх тендер зарласан. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд оролцсонгүй. Дахиад зарласан. “ТЭЦ-4”-өөс хойшоо нэвт Хархорин руу гарах трассын зардлыг ирэх жил тавина. Содон хорооллоос Гэмтэл орох замыг есдүгээр сарын 1-нээс өмнө нээчих гээд үзэж байна.

-Улаанбаатараас баруун, зүүн аймгууд руу гарах гарцыг яаж олон болгох вэ?

-Саяны тойрог замуудынхаа асуудлыг шийдэж байж л явна шүү дээ. Хотоос гарах гарцуудыг нэмэгдүүлэхийн тулд бид 22-ын товчооноос урагшаа Биокомбинатаар нэвт гардаг төлөвлөлтүүд байгаа. Зүүн тал бол нэлээд сайжирчихсан.

-Таван шарын уулзварын урд талын нүхэн гарц хэзээ ашиглалтад орох вэ. Өөр хаана, хаана нүхэн гарцууд төлөвлөсөн бол?

-Эхний ээлжийг нь энэ зургадугаар сардаа багтаад нээнэ. Наана нь Драгоны урд шууд урагшаа нэвт гарах нүхэн гарцын барилга угсралтын ажил эхэлчихсэн явж байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө нээчих санаатай байна. Таван шарын цагдаагийн пост дөрвөн замын уулзвар болох юм. Үүний наана “Гермес”-ийн уулзварыг эхлүүлж байгаа. Энэ түрүүлж яваа. Мөн Дүнжингаравын уулзвар дээр зургийн ажил хийгдэж байгаа. Бид мянга сайхан зам, нүхэн гарц, гүүр барьсан ч жилдээ 50-100 мянган машин импортоор орж ирж байгаа тохиолдолд хэзээ ч түгжрэлээ шийдэж чадахгүй. Тиймээс УИХ, Засгийн газар импортын машинаа хязгаарлаж өгөх шийдвэр гаргах хэрэгтэй. Оны эхний байдлаар 60 мянган машин орж импортлогдсон тоо байна. Японд йенний ханш 20 хувиар сулрангуут манай ченжүүдийн машин зөөх урсгал нэмэгдсэн. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод дугаарын олголтыг зогсооно гэсэнтэй холбоотой.

-Ер нь Туул гол дээгүүр давсан гүүрүүдээ нэмж байж Яармаг, Зайсангийн их түгжрэл арилах юм биш үү?

-Бид программаар тооцоо хийж үзэж байгаа. Харамсалтай нь автомашин ингэж их орж ирж байгаа тохиолдолд ямар ч нэмэргүй. Улаанбаатар хот яг энэ хурдаараа 2026 он гэхэд нэг сая машинтай болох гэж байна. Улаанбаатарын энэ давчуу зам дээр нэг сая машин явах гээд байна шүү дээ. Манай иргэдийн хандлага нь бүгд машинтай явах сонирхолтой. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нийтийн тээврийн хөгжил хоцрогдсонтой холбоотой. Өвөл их хүйтэн байдагтай холбоотой. Нүхэн байгууламж байдаггүйтэй холбоотой. Гадаа автобусны буудал дээр даарч зогсож байхаар машиндаа паараа тавиад түгжрээд явах нь илүү гэж үзэж байна.

-Яармагт нүүж очсон хотын захиргааны шинэ байр руу эргэдэг уулзвар тэндхийн түгжрэлийн гол үндэс болоод байна уу. Тэнд гүүр барих уу?

-Бид гүүрэн байгууламжууд барих талаар зургийн даалгавар өгч байна. Үнэндээ би ажлаа аваад долоон сар гаруй болж байгаа. Ийм богино хугацаанд бүх асуудлыг шийдэж чадахгүй. Төлөвлөнө, зуруулна, төсөвлөнө, шалгаруулна, гүйцтэгүүлнэ гээд шат дараатай явж байгаа. Манайхан өргөс авч байгаа юм шиг бүх асуудлыг шийдчих гээд байдаг. Би хүмүүстэй сайдаж, муудаж байж Ээрмэл, Эрэлийн замууд нээгдэж байна. Гандигийн хөшөөнөөс урагшаа нэвт гарах замыг очиж өргөсгөж онгойлгуулсан. Энэ сарын сүүлчээр ашиглалтад орох юм шиг байна. Эрэлийн замыг одоо гэрлэн дохио тавьчихвал нээхэд бэлэн болчихсон. Ээрмэлийн замын дулааны шугамыг далд оруулж байна. Дээгүүр нь хучаад зургадугаар сардаа нээхээр байна. Замын ажлууд хаана, хаана ямар явцтай байгаатай би очоод танилцаад явж байгаа.

-Эрэлийн замаас “Гермес” хүртэл давах нь өргөн зам болох уу?

-Улаанбаатар хотын авто замын сүлжээний нягтрал, уулзваруудын нэвтрүүлэх чадвар хангалтгүй, сүлжээний холбоос замууд дутуу байна. “Эрэл” компанийн зүүн талын зам буюу Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбосноор хоногт 12500 машин нэвтрүүлэх, Чингисийн өргөн чөлөөний ачааллыг 21 хувь бууруулах юм. Энэ ашиглалтад орсон авто зам нь Дунд голын гудамжнаас Мод боловсруулах үйлдвэрийн 1.2 км авто замтай холбосон босоо чиглэлийн ачааллыг хуваах ач холбогдол өндөртэй. Цаашлаад энэ зам нь Гермесийн нүхэн гарцтай нийлж, Нарны замын хөдөлгөөний түгжрэлийг 10.7 хувь бууруулж, хоногт 31000 автомашин нэвтрүүлэх өнгөрүүлэх гол холбоос зам болох юм.

-Нийслэлийн эрчим хүчний хангамжийн тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ. Бөөрөлжүүтийн станц хэзээ ашиглалтад орох билээ?

-Бөөрөлжүүт дээр НИТХ энэ сарын 18-нд хуралдаж, төсвийн тодотгол хийнэ. Ингэхдээ дотоод, гадаад бондыг давхар оруулж батална. Тэгэхээр бонд босгох ажил долоо хоног явах байх. Үүний дараа бид аж ахуйн нэгждээ дамжуулан зээлийн харилцаа үүсгэе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү зээлийн процесс явбал аравдугаар сарын 1 гэхэд Бөөрөлжүүтийн эхний ээлжийн 150МВт-ыг, яг жилийн дараа хоёр дахь 150 МВт-ыг ашиглалтад оруулах ёстой гэдэг үүрэг хүлээх ёстой.

-Утаанаас яаж салах вэ. Хагас коксжсон нүүрсний үйлдвэр барих нь юу болж байгаа бол?

-Энэ асуудал шийдэгдэх болоогүй. Сайжруулсан түлшний үйлдвэрийг Улаанбаатар хотод шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ үйлдвэрийг авсны дараа технологийн ямар шийдэл хийх талаар дэлгэрэнгүй ярья.

М

Categories
мэдээ нийгэм

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

BSB-н бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд Эрт авбал Илүү БОНУСТАЙ боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн технологитой гэр ахуйн электрон бараа, компьютер, гар утаснууд хамгийн өргөн сонголттойгоор өдөр бүр дараах хуваарийн дагуу ИЛҮҮ БОНУСТАЙ боллоо.

  • 6-р сарын 14-нд БҮХ БАРАА 10% БОНУС
  • 6-р сарын 15-нд БҮХ БАРАА 9% БОНУС
  • 6-р сарын 16-нд БҮХ БАРАА 8% БОНУС
  • 6-р сарын 17-нд БҮХ БАРАА 7% БОНУС
  • 6-р сарын 18-нд БҮХ БАРАА 6% БОНУС
  • 6-р сарын 19-нд БҮХ БАРАА 5% БОНУС

Та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь газар дээр нь 10 минутанд УРЬДЧИЛГААГҮЙ зээлээр аваад нэмж БЭЛЭГ аваарай. Мөн бүх төрлийн зээлийн аппликейшнээр одоо аваад дараа төлөх боломжтой.

Хямдралтай худалдаа ердөө 6-хан өдөр үргэлжлэх тул та BSB-н өөрт ойрхон салбар дэлгүүрээр зочилж энэ худалдаанд амжиж оролцоорой.

Мөн www.bsb.mn онлайн дэлгүүрээр бараагаа захиалаад хүргүүлэн авах боломжтой.

Эрт авбал Илүү БОНУСТАЙ хямдралтай худалдаа нь Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-гийн салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байна.

 

Харилцах утас: 7722-0272

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай”

Зөвхөн BSB

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн сурталчилгаа дуусах үеэр нэр дэвшигчийн үнэмлэхээ авах вий дээ DNN.mn

Сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлчихээд байхад “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшигч Н.Номтойбаяр нэр дэвшигчийн үнэмлэхээ дөнгөж өчигдөр албан ёсоор авлаа. Мөн хоёр хоногийн өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Үндэсний эвсэл”-ээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарыг СЕХ-нд албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгалаа. СЕХ хэзээ үнэмлэхийг нь өгч, тэд хэзээ сурталчилгаагаа эхлэх нь тодорхойгүй. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 26-нд албан ёсоор хаагдах үеэр тэдний нэр дэвшигчийн үнэмлэх гарлаа гэхэд гайхахааргүй үйл явдал өрнөж байна.
Бүхий л нэр дэвшигчид сонин сэтгүүлээ тарааж, сонгогчидтойгоо уулзалт хийж, ёстой л бужигнуулж явна. Нэг ёсондоо “Морьд эргэчихээд” тоосоороо булж байхад зарим нэр дэвшигч үнэмлэхээ ч аваагүй яваа нь хэр шударга вэ. П.Баярхүү, Д.Ганболд нарыг анх СЕХ-нд бүртгэхээс татгалзсан шалтгаан нь тун хөгийн. Тэднийг МАН-ын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Харин Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэснийг Захиргааны хэргийн шүүх үндэслэлээ болгож, СЕХ-нд албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгаж шийдвэрлэсэн юм.
Үйл явдлыг ажиглаж байхад Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн зарим нь П.Баярхүү, Д.Ганболд нараас эмээсэндээ тэднийг нэр дэвшүүлэхгүй хэмээн улдан чангааж байна гэж хардахаас өөр аргагүй. Тухайлбал, П.Баярхүүгийн хувьд 2016-2019 онд Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч даргаар ажиллахдаа дүүрэгтээ төдийгүй нийслэлчүүдэд хэрэгтэй олон ажлыг санаачилж, ажил хэрэг болгосон болохоор олны ам сайтай байдаг. Зах зухаас нь дурдахад, тэрбээр ажиллах хугацаандаа Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр, Сэлбэ, Баянхошуу,Дамбадаржаа дэд төвүүдийн төслийг санаачилж, Нэхмэлийн шарууд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа зэрэг асуудлуудыг гарган ажил хэрэг болгосон. Улаанбаатарын хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болох Яармагийн гүүр, Замын цагдаагийн гүүр, Налайхын зам ч П.Баярхүү даргын үед тавигдсан билээ. Санаачилж ажил хэрэг болгосон бас нэг буянтай ажил нь газар доорх цэвэр усны шугамыг ухаж гаргахгүйгээр маш халуун уураар зэвийг нь арилгаж, хуванцар дотор үүсгэх технологи нэвтүүлсэн. Бага тойруу, 40 мянгат орчмын халуун, хүйтэн усны шугам хоолойнуудыг ийм болгосон гээд хийсэн ажлуудыг нь бичвэл уртаас урт жагсаалт болно.
Д.Ганболдын хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар найман жил, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдсон, дүүрэгтээ төдийгүй танигдсан хүн. Чингэлтэй хайрханы иж бүрэн спорт тохижилтоос эхлээд дүүргийн өнгө үзэмж, тохижилтод анхаарч олон ажил санаачилж хэрэгжүүлжээ.
Ингэж дурдахын учир хийсэн ажилтай, цаашид хийх ажлаа ч мэддэг хүмүүсээс эрх баригчид айж, тэднийг нэр дэвшүүлэхгүй байх, нэр дэвшлээ гэхэд боломжит бүхий л аргаар саад хийхээр төлөвлөжээ гэж харагдахаа

Ц.Гэрэл

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 14, Сугар гариг. Билгийн тооллын 8, Харцага одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 04:52 цагт мандаж 20:53 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 06 сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр хална.