Categories
мэдээ улс-төр

Гадаадад байгаа иргэд өнөөдрөөс саналаа өгч эхэллээ DNN.mn

Гадаадад байгаа иргэдийн саналыг өнөөдрөөс авч эхэллээ.

Хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулан иргэдийн саналыг авч буй. Санал хураалтыг дөрөв хоног буюу энэ сарын 20, 21, 22, 23-нд явуулна.

Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа нийт 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн.

Харин хүйсийн хувьд нийт санал өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн 5339 нь эрэгтэй, 7756 нь эмэгтэй байна. Насны хувьд,

  • 18-19 насны 687
  • 20-24 насны 2415
  • 25-29 насны 2190
  • 30-34 насны 2080
  • 35-39 насны 1921
  • 40-44 насны 1172
  • 45-49 насны 934
  • 50-54 насны 672
  • 55-59 насны 457
  • 60-64 насны 329
  • 65-69 насны 134
  • 70 ба түүнээс дээш насны 104 хүн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Зориг агсны хөшөөг гинжилсэн иргэнийг олж тогтоон, шалгаж эхэлжээ DNN.mn

Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, үерийн газарт ариутгал хийжээ DNN.mn

УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллажээ.

Ажиллах үеэрээ үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгсөн байна.

Үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 200 гаруй алба хаагч, 30 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Алба хаагчид нийт 48 өрхийн 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, 2040 м3 лаг шавар цэвэрлэж, хатуу хучилттай 400 мзам дээр гарсан чулуу, шороог түрж тэгшилж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбай, иргэдийн 386 автомашин, 20 мотоциклд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.

Мөн Монгол Улсын их сургуулийн харьяа “Завхан” сургууль, “Хөгжим бүжиг”-ийн коллеж, “Чандмана-Эрдэнэ” сургуулийн дотуур байруудад нийт 106 иргэнийг байрлуулаад байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уснаас хоёр охины амийг аварсан талийгаач Н.Буянжаргалын багш Б.Нямсүрэн: Шүлэг яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь DNN.mn

Цэргийн зарлангаа дөнгөж гардсан, цэл залуухан 19-хөн насандаа эрдэнэт хүний амийг аварч өөрөө харамсалтайгаар эндсэн талийгаач Н.Буянжаргал хүүгийн баатарлаг үйлсийг монголчууд хайрлан, бахархахын зэрэгцээ халаглан гашуудаж байна. Талийгаач өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сэлэнгэ аймаг, Шаамар сумын “Битүүгийн тохой” гэдэг газарт, Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварчээ. Харамсалтай нь тэрбээр хүний эрдэнэт амийг аварч чадсан ч өөрөө усанд эндсэнд ар гэр нь болоод монголчууд тэр даяараа элэг нь эмтэрч, зүрх нь шархалж байна. Нэр шигээ буянлаг үйлс хийсэн бусдад тусархуу, зөөлөн, зөв сэтгэлтэй хүүг бид мартах учиргүй билээ. Талийгаач хүүгийн ээж, ах, эгч, төрөл төрөгсдөд нь мянга мянган уншигчдынхаа өмнөөс, нийт монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Бусдын амь насыг иргэн хүн авран хамгаалах, тэр дундаа өөрөө хүүхэд шахуу залуугаас ийм зүрх, зориг, нинжин сэтгэл гарах нь ховордсон билээ.

Тиймээс энэ хүүгийн баатарлаг үйлдлийг нь Монгол даяар алдаршуулах, бусдад үлгэр, дуурайл, басхүү сургамж, болгоомжлолыг бид түгээн дэлгэрүүлэхийг хүслээ. Талийгаач Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүү байжээ. Тэрбээр сумынхаа есөн жилийн сургалттай сургуулийг онц дүнтэй төгссөн, сургуулийнхаа шилдэг сурагчдийн нэг байсан аж.

Энэ талаар талийгаачийн бага ангийн багш Нямсүрэнтэй шавийнх нь талаар бахархан дурсаж ярилцлаа.


-Таны шавь үнэхээр баатарлаг үйлс хийжээ. Харамсалтай нь өөрийнхөө амь насаар бусдын эрдэнэт амийг аварчээ. Та шавийнхаа талаар бидэнд ярихгүй юу. Бага ангийн багш гэдэг бол хар нялхаас нь л мэднэ дээ…?

-Би сүлжээгүй газар явж байгаад дөнгөж саяхан (өчигдөр) суурин газар ирээд байж байна. Тиймээс энэ хэргийн талаар мэдсэнгүй. Танаас сонсоод үнэхээр шоконд орлоо. Юуны өмнө ээжид нь гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь уламжлаад өгөхийг хүсье ээ. Би шавийгаа мэдэлгүй яах вэ. Миний шавь багын л хүнд тусархуу, зөөлөн сэтгэлтэй, төлөв даруухан хүү байлаа. Үнэхээр харамсалтай байна (уйлав)…

-Таны шавь нэр шигээ үнэхээр буянтай үйл хийсэн. Энэхүү үйлсийг нь монголчууд бид бахархан ярьж байна. Үнэхээр бусдын амь насыг аврах шиг том буян хаана байх билээ…?

-Би шавийгаа нэгдүгээр ангиас нь авч тавдугаар анги гардаж төгсгөсөн бага ангийн багш нь. Тиймээс ямар хүү байсныг сайн мэднэ ээ. Багадаа их хөөрхөн томоотой хүү байлаа. Эрэгтэй хүүхдүүдийн ихэнх нь сахилгагүй байдаг л даа. Гэхдээ миний шавь их томоотой. Багшийнхаа үгэнд сайн ордог, ангийнхаа хүүхдүүдтэй нийтэч, их зөөлөн харилцаатай хүү байсан. Би энэ занг нь анх таниад нэр шигээ ямар буянтай хүү вэ гэж боддог байсан. Ангийнх нь хүүхэд балгүй болчихвол өөрийнхөө балыг ч хамаагүй өгчихдөг. Найз нартаа байгаагаа өгдөг, тусалдаг, хамт хөгжилдөх дуртай хүү байсан, би мэдэлгүй яах вэ. Ийм хэрэг болсонд одоо ч итгэж чадахгүй байна. Сайхан шавь маань саяхан л сургуулийнхаа коридоороор гүйж явсан нь санагдана. Есдүгээр ангиа төгсчихөөд багш аа, би коллежид сурна гээд явсан даа.

-Ер нь хичээл сурлагадаа ямар хүүхэд байсан бэ. Аль хичээлдээ илүү дуртай байв?

-Хичээлдээ боломжийн сайн хүүхэд байсан. Багын л нийгмийн ухааны хичээлдээ сайн, дуртай хүү байлаа. Цээж их сайтай, хэл ярианы баялаг сайн хүүхэд байсан шүү. Хамгийн гол нь их төлөвшил сайтай, зөөлхөн сэтгэлтэй, нүдэнд цаанаа л нэг эерэг, дулаан энергитэй тийм шавь минь байлаа. Ээжтэйгээ амьдардаг. Ах, эгч нар олуулаа. Зан ааш нь бусдад тусархуу. Бүр онцгой тусархуу хүүхэд байсан. Ангийнх нь сахилгагүй найзыг нь загнахаар хажууд нь уйлаад суудаг, тийм зөөлөн, уяхан сэтгэлтэй. Ямар ч элдэв буруу ааш байгаагүй. Сэтгэл нь ёстой цагаахан цаас шиг л хүү байсан даа, хөөрхий. Ийм ч харамсалтай хэрэг болох гэж. 1-5 дугаар ангийн хүүхэд гэдэг бол зан төлөв нь тогтворжоогүй нас шүү дээ. Гэхдээ л тийм бусдад тусархуу хүү байсан. Хүн болох багаасаа гэдэг шиг том болоод бусдад их тусархуу хүн болох нь дээ, миний шавь гэж боддог байсан. Усанд живж байгаа хүүхэд битгий хэл муур, нохой байсан ч араас нь гүйгээд орох сэтгэлтэй хүүд ээ, миний шавь. Ийм л уяхан, бусдын төлөө гэсэн хүүхэд ховор шүү. Дахин хэлэхэд, ээжид нь ар гэрт нь, бага ангийн багшийнх нь хувьд гүн эмгэнэл илэрхийлж байна.

-Таны шавь танд хүсэл мөрөөдлөө ярьж байв уу. Юуг мөрөөддөг байсан бол. Ямар хүн болно гэж ярьдаг байв?

-Бага ангийн хүүхэд учраас яг таг тийм хүн болно багш аа, тийм мэргэжилтэй болно гэж ярихгүй л дээ. Гэхдээ л багын шүлэг, яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь. Шүлэг их сайхан, эвлэгхэн уншчихдаг, үг, ярианы баялаг, цээж сайтай хүү байсан болохоор том болоод утга, уран зохиол, нийгмийн чиглэлээр л явах хүү байна даа гэж би багш хүнийхээ хувьд дүгнэдэг байсан даа.

-Улаанбаатар хот руу хэзээ шилжиж ирсэн юм бол оо, та тэр талаар мэдэх үү?

-Удаагүй байх аа. Гурав бил үү дөрвөн жилийн өмнө л нүүлээ гэж байсан. Уг нь манай нутгийн яг энэ Цагаанхайрхан сумын унаган айл, уугуул хүмүүс шүү дээ.

-Бусад хөдөөний хүүхдүүдийн адил багадаа ээж, аавдаа туслаад малын захад өссөн үү, эсвэл сумын төвийн хүүхэд байв уу?

-Сумын төвийн хүүхэд байсан. Ээж нь сумын төвд олон жил барилгын салбарт ажилласан даа. Зах зээл гараад ч барилгын салбараасаа холдоогүй. Хувиараа засал чимэглэл, барилгын ажил хийж байсан хүмүүс. Ээж нь их хөдөлмөрч, зүтгэлтэй, хүү шигээ хүнд тусархуу хүн байдаг. Одоо 60 гаруй настай хүн байгаа даа.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс гурван чиглэлд шөнийн тээврийн автобус явна DNN.mn

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр өнөөдөр 22:00-02:00 цаг хүртэл гурван чиглэлд шөнийн тээврийн автобус явах юм байна.

Шөнийн тээврийн автобус явах чиглэлүүд:

ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”

ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсанд хүлээн авч байгааг мэдээллээ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бөх судлаач С.Давааням: Энэ жилийн наадамд О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэх магадлалтай DNN.mn

Өнөө жилийн наадамд хэн хэн түрүү, үзүүрт шалгарч, ямар хүчтэнүүд шинээр улсын цолонд хүрч, наадмын өнгө ямар байх талаар бөхийн тайлбарлагч, бөх судлаач С.Даваанямтай ярилцлаа


-Наадмаар мэдээж 512 бөх зодоглоно. Өсөхөө аварга маань зүүн жигүүрт гарах байх. Бөхийн барилдаан ямар болох талаар өөрийн таамгийг хэлэхгүй юу. Шуудхан асуухад, түрүү үзүүрт хэн хэн үлдэх бол?

-Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарах байх. Өнгөрсөн жил мөн зодоглож гурвын даваанд цолоо дуудуулж байсан. Баруун жигүүрийг Н.Батсуурь аварга манлайлна. Ингээд цолны эрэмбэ ёсоор П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай гээд лав л зургаан аварга зодоглоно байх. Ч.Санжаадамба аваргыг барилдахгүй гэсэн яриа бөхийн хүрээнийхний дунд байгаа. Түрүү жил бас зодоглоогүй өнжсөн. О.Хангай аварга, Б.БатӨлзий заан, Б.Пүрэвсайхан заан гээд Ховдын гурав дээшээ гарч ирнэ. Шөвгийн дөрвийн гурав нь Ховдын бөхчүүд магадал тун өндөр байгаа. Энэ гурвын араас Б.Орхонбаяр арслан, Ц.Бямба-Отгон гарьд, М.Лхагвагэрэл заан, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нарын харцагууд дээшээ барилдаж таарна.

-Хүмүүсийн таамаг түрүү үзүүрт О.Хангай, Б.Бат-Өлзий гэж яригдаад байгаа. Өөрөө ямар бодолтой байна?

-Би олны таамагтай санал нэг байна. Олны үг ортой гэдэг. Хэрвээ энэ хоёр хүчтэн үзүүр, түрүүнд шалгарч Хангай аварга түрүүлбэл Монгол Улсын даян аварга болно. Бат-Өлзий заан түрүүлбэл Монгол Улсын арслан цол хүртэнэ. Бөхийн өргөөнд болон хөдөө аймгуудад зохиогдсон улсын чанартай барилдаанд энэ хоёр бөх хамгийн олон түрүү, үзүүрт шалгарсныг бөх сонирхогч, ард түмэн сайн мэдэж байгаа. Даваа унааны хувьд дийлэнхэд нь Хангай аварга давсан гэх статистик тоо баримт бий. Тэгэхээр энэ жилийн наадмын тухайд энэ хоёр бөх дахиад л түрүү, үзүүрт зогсож байх тийм нөхцөл харагдаад байна. Үзүүр, түрүүнд үлдлээ гэхэд ёстой хамаг хүч тэнхээгээ шавхсан, хүч тэнцүү удаан үргэлжилсэн барилдаан болох төлөв бий.

Давхар шуудагны барьцнаас барилдаан ерөнхийдөө шийдэгдэх болов уу. Хэн хэнийхээ барилдааныг маш сайн мэдэж байгаа. Ёстой нөгөө алхаа гишгээ бүрээ мэдэж байгаа. Нэг дэвжээнд олон жил хамтдаа бэлтгэл сургуулилт хийсний хувьд, бага цолтой байхаасаа л хоорондоо тогтмол тунаж барилдаж байсны хувьд барилдаан яаж шийдэгдэнэ таахын аргагүй. Хэн нь ч давж мэднэ. Гэхдээ миний хувьд Хангай аваргыг арай олон давсны хувьд хаях магадлалтай гэж таамаглаж байна.

Б.Зоригтбаатар харцага, Б.Пүрэвсайхан заан, Б.Орхонбаяр арслан, М.Лхагвагэрэл заан, Ц.Бямба-Отгон арслан нар дээшээ барилдана. Б.Зоригтбаатар харцагын хувьд үзүүр түрүүнд зогсож байхыг ч үгүйсгэхгүй

-Бат-Өлзий заан өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанд уначихсан. Буруу ам авлаа гэж яригдсан. Энэ жил нэгийг бодож зодоглох нь мэдээж?

-Тийм ээ, тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ууганбаярыг (одоогийн начин) амлаж барилдаад унасан. Их олон хүнээс Б.Ууганбаярыг амласан. Бэртэл гэмтэлтэй, удаан барилдаагүй гэж бодож амласан байх. Мөн улсын наадам өнжсөн жил Хүй долоон худагт болсон 512 бөхийн барилдааны түрүү, үзүүрт энэ хоёр бөх үлдэж Бат-Өлзий заан түрүүлж байсан. Тэгэхээр давна гэж л амласан нь мэдээж. Түрүү жил Бат-Өлзий зааныг тавын даваанд унана гэж хэн ч бодоогүй. Энэ жил их л том зорилготой зодоглох нь гарцаагүй. Ховдын хоёртой шөвгийн дөрөв миний түрүүнд нэрлэсэн Орхонбаяр, Зоригтбаатар, Лхагвагэрэл, Бямба-Отгон, Пүрэвсайхан энэ хэдийн хоёр нь үлдэж таарна.

-Архангайн Б.Зоригтбаатар харцагыг олон хүн их дээшээ, магадгүй түрүү, үзүүрт ч гараад ирнэ гэж харж байгаа. Цахилгаан Зоригоо гээд арга байхгүй шуугиулах юм?

-Улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй бөх бол яалт ч үгүй Зоригтбаатар харцага. Өөрөө даншгийн арслан болчихоод “Улсын наадамд түрүүлж арслан болох зорилготой” гэдгээ хэлж байсан. Өнөө жил Архангайн Батцэнгэл сумын 100 жилтэй байх шүү. “Сумынхаа 100 жилийг би төрийн наадмын түрүүгээр мялаана” гэж бас хэлсэн дуулддаг. Тэгэхээр энэ жил наадамчин олон, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа, Зоригоо харцага. Бэлтгэл сургуулилт ч сайн байгаа. Сүүлд болсон “Алтан цом”-ын тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх. Зоригоогийн хувьд долоогийн даваанд БатӨлзий юм уу, Пүрэвсайхан заан нарын нэгтэй тунах магадлалтай. Ер нь ингээд бодоход 7-гийн даваанд Н.Батсуурь аварга зоолттой зогсож байх болов уу. Тэгээд Хангай аварга эрэмбээрээ ам аваад, Орхонбаяр юм уу, Бямба-Отгон нарын аль нэг ам аваад, ингээд Бат-Өлзий, Зоригтбаатар хоёр тунах магадлал тун өндөр. Эсвэл Пүрэвсайхан заантай тунах, ийм л дүр зураг харагдаад байна.

-Миний хувьд С.Мөнхбат аваргыг их хардаг. 10 хэдэн жил дээшээ барилдсан. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргууд бол наадмаар нягт барилддаг, нэг л өөр байдаг?

-Ер нь том цолтой бөхчүүд наадмаар огт өөр болоод гараад ирдэг. Батсуурь аваргыг наадмын одтой бөх гэдэг. Тав, зургаагийн даваанд хамгийн эхэнд ам авна. Тийм учраас долоогийн даваанд гараад ирэх магадлалтай. Бүр эвгүйтвэл шөвгийн дөрөвт ч байж мэдэх юм.

-Улсын цол авах, шинээр шуугиан тарьж гарч ирэх бөх байна уу?

-Сүхбаатарын хурц арслан Н.Өсөхбаяр, Өвөрхангайн хурц арслан О.Наранбаатар, тэр жилийн цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой түрүүлж шуугиан дэгдээж байсан Архангайн Э.Мөнхжаргал, Хэнтийн Д.Алтанцоож гэсэн дөрвөн аймгийн арсланг энэ жилийн наадмаар улсын цолонд баттай хүрчих болов уу гэсэн бодол байна. Өсөхбаяр хурц арслангийн хувьд саяны бүх цэргийн наадмаар үзүүрлэж эрэмбэ хамаагүй дээшилж ирсэн. Дөрвийн даваанд харцага цолтой бөхчүүдийн төгсгөл хэсэгт оноолтоор очих байх. За даа ер нь Ховдын Г.Ганхуяг харцагатай таарчих болов уу. Тэгвэл тэгээд л шуугиад явчихна. Ганхуяг харцагын хувьд түрүү жил зургаагийн даваанд Б.Орхонбаяр арсланг хаяж байсан бөх. Өвөрхангайн О.Наранбаатар хурц арслангийн хувьд хоёр жилийн өмнөх 1024 бөхийн барилдаанд Баянхонгорын Э.Батмагнай начинтай тунаж өвдөг шороодсон бол түрүү жил мөн дөрвийн даваад начны даваанд Пүрэвсайхан заанд амлуулж унасан. Энэ жилийн хувьд улсын цол гарцаагүй горилж байгаа бөхчүүдийн нэг. Эрдэнэхүүгийн Мөнхжаргал арслан өнгөрөгч жил дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай оноолт таараад яалт ч үгүй тахимаа өгсөн. Сая бүх цэргийн наадамд зургаа давж эрэмбэ дээшилсэн. Харцагуудтай таарна байх. Магадгүй нэг нутгийн бөх Б.Зоригтбаатар харцагатай таарвал тэгээд л наадмын шуугиан болно. Хэрвээ энэ хоёр таарвал Зоригтбаатар давах магадлалтай. Хэнтийн Алтанцоож арслан хоёр удаа дөрвийн давааны оноолтод Орхонбаяр арслантай таарч өвдөглөсөн. Энэ жил дахиад таарахыг үгүй гэхгүй. Магадгүй залуу арсланг давж наадмын таавар будлиулахыг таашгүй. Эдгээр аймгийн арслангуудаас гадна Архангайн цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн заан С.Доржпалам, Б.Баянсүх гээд байна. Тэдний хувьд гурав даваад гараад ирвэл дөрвийн даваанд цолны эрэмбээр аваргуудтай таарна. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат гээд аваргуудын а ль нэгийг өвдөг шороодуулахыг үгүй гэх газаргүй. Дөрвийн давааны төгсгөлд улсын начингууд хоорондоо нугарч таарна байх.

-Начингуудаас дээшээ барилдах, цолоо батлах, ахиулах хүн хэн байна. Булганы Д.Амарсайхан начин ч амаргүй дээ?

-Начингуудаас Төв аймгийн Д.Хүдэрбулга, Баянхонгорын Э.Батмагнай, Булганы Д.Амарсайхан энэ хэд байна. Хүдэрбулга начин түрүү жил тавын даваанд наадмын үзүүр бөх Бямба-Отгон гарьдтай тунаж барилдаад унасан. Бяртай сайн начин, хэрвээ т ав давбал цаашаа зургаа даваад харцага болчих магадлал өндөр. Амарсайхан начны хувьд мөн л цолоо батлах юм уу, ахиулах бөхийн тоонд нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа. Гэхдээ түүний дунгуйлдах мэхийг нь мэдчихээд хийлгэхгүй байгаа. Иймэрхүү л прогноз харагдаж байна. Орхонбаяр арслан заалны барилдаанд бэртлийн улмаас нэг их барилдалгүй бараг жил болсон. Наадмаар бэртэл нь гайгүй бол сайн л барилдана. Лхагвагэрэл зааны хувьд олимпийн наадамд оролцоно. Гэхдээ наадамдаа зодоглох байх. Долоогийн даваа буюу шөвгийн наймд зогсож байх бөхийн нэг. Бямба-Отгон гарьд саяхан  улсын арслан цолоо албан ёсоор авлаа. Эрэмбэ нь дээшлээд ирнэ. Тэр ч утгаараа баттай зургаа даваад долоогийн даваанд зогсож байх болов уу. Энэ гурвын хувьд шөвгийн дөрөв, түрүү үзүүрт ч гараад ирж мэднэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Д.Содном: Хэрэг дээрээ Баялгийн сангийн хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж, үйлдвэрийг нь төрийн өмч болгох бодлого болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын ард түмэн төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент нь Мон голын анхны 126 гишүүнтэй парламент болохоор байгаа. Тэгэхээр таны хувьд сонгуулийн тогтолцоо болон энэхүү шинээр бай гуулагдах парламентын чадамж Монголын хөгжилд ямар байдлаар нөлөөлнө гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байх. Ард түмэн эдгээр эрхээ өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан эдэлнэ гэж заасан. Гэтэл өнгөрсөн гуч гаруй жилд засгийн бүх эрх ард түмний мэдэлд биш, улс төрийн намын мэдэлд байлаа.

УИХ, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхийг нь ард түмэнд эдлүүлэхгүй байгаа гажуудлыг засахгүй бол ард түмний төрд, эрх барьж байгаа улс төрийн намд итгэх итгэл сулрах, улс төрийн тогтворгүй байдал үргэлжлэх эрсдэл бий. Би парламентыг дээд доод хоёр танхимтай болгож энэ гажуудлыг засах саналтай байдаг. Парламентын дээд танхимыг ард түмний сонгосон өргөн төлөөлөлтөй Ардын Их Хурал нэрээр байгуулж, одоогийн УИХ-ыг хууль тогтоох үүрэгтэй Улсын Бага Хурал болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, Үндсэн хуулийн төрийн байгуулал хэмээх гуравдугаар бүлэгт энэ чиглэлээр оруулах өөрчлөлтийн төсөл болон Ардын Их Хурлын зохион байгуулалт, эрх үүрэг, г ишүүдийг нь сонгон шалгаруулах журмын төслүүдийг боловсруулсан байгаа.

-Энэ талаар өнгөрсөн жилүүдэд ард нийтийн санал асуулга явсан. Улмаар гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд л Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн шүү дээ…?

-Өнөөгийн УИХ 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентыг УИХ хэмээх нэг танхимтай хэвээр хадгалж гишүүдийнх нь тоог 126 болгон нэмэгдүүлж, 48 гишүүнийг нь улс төрийн намуудын гаргасан жагсаалтаар томилдог болох шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгааг Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах зарчимтай зөрчилдсөн шийдвэр гэж үздэг. УИХ 2023 оны тавдугаар сард нэг танхимтай парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Гэхдээ улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулж сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Нэг гишүүний хэт их эрх мэдэл эцэс болж байна. Хууль хяналтгүй гардаг асуудал түүх болж байна. УИХ өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Парламент түүхэн шинэчлэл хийв. Олон намын тогтолцоо руу орж байна гэсэн дүгнэлт хийсэнтэй би санал нийлдэггүй. УИХ-ын гишүүдийн дөнгөж гучин хувь буюу 21-24 хүний саналаар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан.  Энэ хуулийг батлах хуралдаанд гишүүдийнх нь 40 хувь ирээгүй, оролцсон гишүүдийн мөн 40 хувь нь эсрэг санал өгч байхыг зурагтаар харсан. Хүчин төгөлдөр хууль гэж үзэх эсэх асуудал гарах магадлалтай шүү.

-Тэгэхээр Монгол Улсын хөгжилд дорвитой өөрчлөлт орохгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Энэ бүхнээс дүгнэж хэлбэл, УИХ-аас Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, т эр дагуу сонгууль явагдаж, төр засгийн бүтэц өөрчлөгдсөнөөр тэдний чадамж нэмэгдэнэ. Харин Монгол Улсын хөгжилд дорвитой нөлөөлөх өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ цаг хугацаа, амьдрал харуулна даа.

-Таны хувьд төр, засгийн бодлогыг нэгэн цаг үед тодорхойлж явсан эрхэм хүн. Тэр утгаараа яг одоо сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд мөрийн хөтөлбөр, бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан явж байна. Нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэдэг бол төрийн бодлого болж явах учиртай баримт бичиг гэдэг. Та сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу. Мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор онцлоод хэлэх авууштай зүйлүүд юу байна вэ?

-Зарим нам эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцсан.  Боловсруулах үйлдвэр хөгжүүлэх талаар авууштай зүйл юу байгааг онцолж харсан. Эдийн засгийг хүчирхэгжүүлэх, ядуурлыг арилгах, ард түмний амьдралыг сайж руулах үндсэн нөхцөл учраас энэ салбарын хөгжлөөр юу төлөвлөж байгааг онцолж хардаг юм.  Уул уурхайн зарим түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэх саналууд байгаа нь авууштай. Харин малын гаралтай түүхий эд, тухайлбал мах, арьс шир, ноолуур, ноос боловсруулах үйлдвэр хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээ бага байгаад харамсаж байгаа.  Хүн амын гуравны нэгийн амьдралд холбоотой мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд онц анхаарах шаардлагатай.

-Ер нь нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс сонгогчид юуг нь илүү анхаарч харвал зүгээр вэ?

-Дахин хэлбэл, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх л чухал.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам төрийн эрхийг дангаараа барилаа. Энэ утгаараа олон жил нэг нам төрийн эрхийг барина гэдэг бол нэг талдаа мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх хангалттай хугацаа гэж үздэг. Эрх баригч намын амлалтууд ер нь яаж биелсэн гэж та үзэж байна вэ. МАН-ын хувьд хоёр ч удаагийн парламентад үнэмлэхүй олонх болсон боломжоо бүрэн гүйцэд ашиглаж чадсан уу. Олонх болсон давуу талаа ашиглаж улс орны хөгжилд хэрэгтэй томоохон шийдвэрүүдийг гаргаж чадсан гэж харж байгаа юу, та?

-Би МАН-д МАХН нэртэй байхад нь гишүүн болсноос хойш 70 жил өнгөрлөө. Улсад яг 60 жил хөдөлмөрлөсний 41 жилд нь төрийн байгууллагад ажилласан. Сүүлийн 10 жил тэтгэврээр амьдарч байна. Миний 90 гаруй насны амьдрал МАН-тай холбоотой.  МАН сүүлийн найман жилд парламентад үнэмлэхүй олонх болж ажиллахдаа алдсан, оносныг хувьдаа яаж дүгнэж байдгаа ил хэлж байх үүрэгтэй гэж боддог.

-Тэгэлгүй дээ…?

-Өнгөрсөн дөрвөн жилд МАН мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэхийн төлөө ажилласан. Гэвч хөтөлбөр, амлалтаа бүрэн биелүүлээгүй, олонх болсон боломжоо гүйцэд ашиглаж чадаагүй гэсэн таны хэлдэг дүгнэлт үндэслэлтэй байх гэж бодож байна. Ардын намын УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрлэл хөг жүүлэх амлалтуудаа бүрэн биелүүлээгүй. Тэр шалтгаанаар ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн амлалт нь хэрэгжээгүй. Хармагтайн алт, Асгат Салхитын мөнгө, Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулна, алт боловсруулах, зэс хайлах үйлдвэр барьж ашиглалтад оруулна, лити, цахиур, газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна, нүүрс хими, кокс хими, метан хийн үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн амлалтууд хэрэгжээгүй. Миний санал болгоод байдаг малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр хөгжүүлж, малчдын орлого нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр бий болгох, экспортын орлогыг ихээхэн хэмжээгээр өсгөх олон талын ач холбогдолтой асуудлыг судлах хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараагүйд харамсдаг. Ийм алдаа гаргасан боловч одоогийн хөтөлбөртөө зарим алдааг засах арга хэмжээ тусгагдсан байна. Цаашид МАН-ын нэр хүнд өндөр байх эсэх үйлдвэрлэл хөгжүүлж чадах эсэхээс л хамаарах болно.

-Ес дэх удаагийн сонгууль явагдаж байна. Ардчилсан тогтолцоонд шилжээд бид энэ олон удаагийн сонгууль явуулахдаа сонгуулийн систем, тогтолцоогоо зөв, шударга болгож чадсан гэж боддог уу. Нөгөөтэйгүүр энэ сонгуулиар монголчууд юуг илүү анхаарч сонгуульд оролцох ёстой бол?

-Төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох шаардлага, түүнийг шийдэх арга замын талаар саналаа дээр тодорхой хэллээ. Сонгуульд заавал оролцож саналаа өгөх нь зүйтэй. Нам эвслүүдийн х өтөлбөр амлалтад иргэдийн хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл, үйлдвэрлэл хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээ тусгагдсан эсэх, тэр нь бүтэх, амлагч нь бүтээх найдвартай эсэх, урьд амлаж байсан зүйл нь биелж байсан эсэхийг судлах хэрэгтэй. Нэгэн ухаантан “Алдаа гаргасан ч түүнийгээ зөвшөөрч засдаг хүнийг уучилж болно, худал амладаг, хуурдаг этгээдэд итгэж болохгүй“ гэж сургасан байдаг.

-Нам, эвслүүдийн сурталчилгааны нээлт болох үеэр та Үндэсний эвслийн сурталчилгааны нээлтэд очиж Н.Номтойбаярт “Данзан”-ийн доллар гэдэг зүйлийг гардуулж өгсөн нь иргэдэд их сонин, онцгой санагдсан. Энэ талаар та тодорхой тайлбар өгөөч. Яг ямар учиртай эд зүйлийг яагаад заавал Н.Номтойбаярт өгөх болов?

-Тайлбар нь маш энгийн. Үндэсний эвслийн залуучууд сонгуульд оролцох хөтөлбөрөө үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдээ баян болгох үзэл санаагаар боловсруулсан.  Тэр нь миний үзэл бодолтой нийцдэг. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Солийн Данзан зуун жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хувийн өмчийн хэлбэрийг хөгжүүлэх бодлоготой, иргэн баян бол улс баян гэдэг үзэл санааг хэлж байсан гэдэг. Тэр үед хэвлэгдэж байсан мөнгөн тэмдэгтийг Данзангийн доллар гэж нэрлэх нь бий. Үндэсний эвслийн залуучуудын иргэдээ баян болгох хөтөлбөр нь хэрэгжээсэй гэсэн ерөөлөөр Данзангийн долларыг Н.Номтойбаярт гардуулсан юм.

-Улс орны эдийн засаг сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа гэдэгтэй та санал нэг байгаа юу. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өслөө. Үүгээрээ дэлхийд хоёрт бичигдлээ гэж эрх баригч нам ярьдаг. Яг өрх, иргэдийн амьжиргаанд энэхүү эдийн засгийн өсөлт яаж нөлөөлж байна вэ?

-Эдийн засаг сайжирч байгаа гэдэгтэй санал нэг.  Өнгөрсөн онд долоон хувиар өслөө гэдэг сайн үзүүлэлт. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөөгүй гэдэг ч бас үнэн.  Үүнд учир байна. Эдийн засгийн өсөлт тогтворжих нөхцөл бүрдсэн эсэхэд хамаг учир байгаа юм.  Нэг жилийн өсөлтөөр нийгмийн арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргаж болдоггүй. Манай улсын эдийн засаг гадаад эдийн засгийн харилцаанаас ихээхэн хамааралтай. Жишээлбэл, экспортод гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, импортын шатахуун, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, зарим өргөн хэрэгцээний барааны олдоц үнэд өөрчлөлт гарч тэр нь эдийн засгийн өсөлтөд эсрэг нөлөөлөх эрсдэл байдаг.

-Зарим сонгуулийн жилүүдэд иргэдийн оролцоо, ирц тааруу байж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар иргэдийн ирц оролцоо өмнөх сонгуулиудыг бодоход хамаагүй нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь ард түмэн улс орныхоо хөгжилд бодитой анхаардаг болсоны илрэл гэж харж байна уу?

-Тэгж харж байна.

-Таны хувьд бүсчилсэн хөгжлийн бодлогыг ямар байдлаар харж, дүгнэж байна. Угтаа бүсчилсэн хөгжлийн бодлогоо бид аль эрт тодорхойлсон ч олон жилийн дараа буюу энэ жилээс л бодитой хэрэгжүүлэхээр байх шиг байна. Энэ бодлого ер нь зөв үү. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр болж чадах болов уу?

-Бүсчилсэн хөгжлийн бодлого зөв. Улсын хөгжилд хувь нэмэртэй байх эсэх бодлогоо яаж хэрэгжүүлэхээс хамаарна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг сүүлийн гэх тодотголтой 76 хаврын отгон чуулганыхаа төгсгөлд яаран сандран баталлаа. Хуулийн агуулгыг та харсан байх. Энэхүү хуулийн ач холбогдол, давуу болон сул талыг нь та хэлэхгүй юу. Зарим судлаачид хувийн өмч рүү халдсан эрх зүйн орчин бүрдлээ гэдэг. Зарим нь ээлжит нэгэн сонгуулийн өмнөх пиар ч гэх юм?

-Баялгийн сангийн хуулийг яаран баталсан учраас хуульд засах, ойлгомжтой болгох шаардлагатай заалтууд байгаа гэж үздэг.  Зарим зүйлийг дурдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 100 хувиар Ирээдүйн өв санг бүрдүүлхэд зориулбал зохистой. Гэтэл түүнээс улсын төсвийн алдагдлыг нөхөнө, 65 хувийг нь уг санд төвлөрүүлнэ гэж заажээ.  Энэ нь дахиж нөхөгдөхгүй байгалийн баялгийг ашигласны төлбөрийн орлогыг ирээдүйн өв сан болгож нөөцлөн хадгалах үндсэн утга агуулгаас гажсан шийдвэр гэж үзэж байна. Мөн уг санг хөрөнгө оруулалтын орлогоор бүрдүүлнэ гэсэн ойлгомжгүй, хэрэгжүүлэх арга нь тодорхойгүй заалт бичигдсэнийг засах хэрэгтэй. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчийн байгуулсан уул уурхайн үйлдвэрт төрийн өмчит компани 34 хувиар оролцсон бол түүнд оногдох ашгаас Хуримтлалын санг бүрдүүлнэ гэж заасан байна. Хөрөнгө оруулагчтай тохиролцсон нөхцөлд, төр хөрөнгө оруулсан нөхцөлд хувь эзэмших боломжтой болдог, оногдсон ашгийг юуны өмнө оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхөхөд зориулах ёс байдаг учраас энэ санд ногдол ашгаар хөрөнгө хуримтлагдахгүй байх эрсдэл бий боллоо. Улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан бол, эрдэс баялгийн үнэ төсөвт тооцсон үнээс өндөр гарснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувийг Хөгжлийн сангийн эх үүсвэр болгож байхаар заажээ. Улсын нэгдсэн төсөв ашигтай гарах эсэх, олон төрлийн эрдэс баялгийн экспортын үнийг төсөв зохиогч албан тушаалтан яаж тооцсоноос хамаарч байхаар зааснаас үзэхэд энэ санд хөрөнгө төвлөрөх эсэхийг төсөв зохиогчид, зах зээлийн үнийг таамаглагч албан тушаалтнуудын ажлаас хамаарч байхаар шийдэж байгааг зөв гэж үзэхгүй байна. Төсөв зохиогч, үнэ таамаглагч хүний ажлаас биш, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгаас хамаарч бүрддэг сантай байх зарчимыг баримтлах ёстой.

-Энэ хүрээнд гурван сангийн бодлогыг судлаачид, эдийн засагчид тал бүрээс нь тайлбарлан ярьж байгаа. Таны хувьд ямар саналтай явдаг вэ?

-Ирээдүйн өв санг ирээдүй үеийн иргэн бүрд хүртээх, Хуримтлалын санг одоо үеийн иргэн бүрд хүртээх, Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ гэж заажээ. Сайхан сонсогдох байх. Гэвч ойлгох, хэрэгжүүлэх, тайлбарлахад бэрхшээл гарахаар байна. Жишээлбэл, иргэнийг ирээдүй үеийн, одоо үеийн гэж юугаар тодорхойлж байх гэсэн асуудал гарах биш үү. Хуримтлалын санд Төрийн 34 хувийн оролцоогоор хөрөнгө төвлөрөөгүй нөхцөлд одоогийн иргэд дансандаа мөнгө бүртгүүлж авахыг шаардвал ямар тайлбар өгч байх вэ зэрэг шийдэхэд төвөгтөй асуудлууд үүсэх байх. Эдгээр асуудлыг анхааралдаа авч засвар тодотгол хийх шаардлага байгаа.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулагдах 34 хувийн асуудлаар та тодорхой тайлбар хэлэхгүй юу. Энэ зохиоцуулалтаар хувийн өмчид шууд халдаж болно гэсэн үг үү?

-Баялгийн сангийн хуультай холбогдуулж Стратегийн нэртэй ашигт малтмалын ордод олборлолт явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн 34 хувийг төр хөрөнгө оруулалт хийхгүйгээр хураан авч байх заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу хувийн аж ахуйн нэгжүүд ашгаасаа 25 хувийн татвар төлнө, бусад татвар хураамжууд төлнө, ашгийн татвар төлсний дараах ашгаас 34 хувиар ногдол ашиг төлдөг хуультай болж байна. Ийм хууль үйлчилбэл хувийн аж ахуйн нэгжүүд дампуурах төдийгүй, шинээр байгуулах боломжгүй болох байх.  Хэрэг дээрээ энэ хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж үйлдвэрийг нь төрийн өмчит аж ахуй нэгж болгох бодлого болно.  Монгол Улсын Засгийн газар ийм бодлоготой байж болохгүй. Ийм хуультай байх нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй.  Энэ бол Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэх асуудал юм.  Төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь хоногийн дотор өөрчлөгддөг, аль нэг улс төрийн бүлэглэлийн нөлөө лоббид өртөмхий байж болохгүй. Монгол Улсад бизнес эрхлэх байтугай амьдрахад бэрх болж байна гэж зарим залуус гадаад руу гарч ажиллах болж байгаа нь энэ бүхнээс хамаатай.

-Удахгүй шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдана. Тэдгээрийн бүтэц, үйл ажиллагаа ямар байвал зохистой вэ?

-УИХ, Засгийн газрын гишүүд дотор болон удирдлагад нь санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлийн хүмүүс ахиу байх зайлшгүй шаардлагатай болжээ. Нэг жишээгээр үн дэслэе. Манай намын хөтөлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэх амлалт байгаа.

Өнгөрсөн онд 3.4 сая хүнтэй, нэг хүнд таван мянган ам.доллар оногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Ирэх дөрвөн жилд хүн ам 280 орчим мянгаар нэмэгдэх зэргээс тооцвол ДНБ 2023 онд 17 тэрбум ам.доллар байсныг 2028 онд 37 тэрбумд хүргэж 2.1 дахин өсгөх амлалт авч байгааг үндэслэлтэй, биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Ийм амлалт авахыг санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс тооцож зөвлөсөн болов уу. Ирэх дөрвөн жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн хэмжээг 20 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх өндөр үр ашигтай үйлдвэрүүд хөгжүүлэх төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж байгаа юу. УИХ, Засгийн газрын хууль, тогтоол гаргагчид алга тогших, гарын үсэг зурах, тамга дарах тухай бүртээ би, бид юу хийж байна, юу хийчихэв гэдгээ сайн боддог байгаасай.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 20, Бархасбадь гариг. Билгийн тооллын давхарласан 13, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандаж, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29…+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Зөвхөн дарга нарт таалагдах гэж, иргэнээ хэн ч биш болгодог энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн ярилаа. Энэ тухай III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Тяньжин боомтын асуудлаар тайлбар өгөх яамдын сайд нар сонгуульдаад эзгүй байна” гэснийг I болон “Улс төр” нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • Уснаас хоёр охины амийг аварсан талийгаач Н.Буянжаргалын багш Б.Нямсүрэн “Шүлэг яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ.

  • Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа хувьд хулгайтай тултал тэмцсэн
  • ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна
  • Монголын боксын уналтад хэн буруутай вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын
тухай шинэ бодлого

АРЫН НҮҮР: Борооны тухай дурсамж алсран холдох нь үгүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ