Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар өвс шатаасан хоёр иргэнд хариуцлага тооцов DNN.mn

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх 48 дуудлагын хоёрт буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Тухайлбал 2024.04.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” иргэний үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгосон.

May be an image of 1 person and grass

Мөн 2024.04.29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 15 дугаар гудамжинд зэргэлдээх 2 айлын хашаанд шар өвсний гал түймэр гарсан талаар зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шар өвс шатаасан иргэн Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгож тус тус хариуцлага тооцож ажиллалаа.

May be an image of crater

Categories
мэдээ нийгэм

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо DNN.mn

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Улмаар яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшилсон байна.

Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж буй уг гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцож байгаа талаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлсэн юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий 9 яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийн талаар тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум 032 сая 414 мянган төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум 491 сая 459 мянга 600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Сансрын тунель орчимд осол гарч, нэг хүн гэмтжээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ 06:58 цагт авто осол гарчээ.

Ослын улмаас нэг хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.

Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн  ажиллаж, мөрдөн шалгаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах хуваарь DNN.mn

Монгол Улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг Гаалийн байгууллагаас танилцууллаа.

Энэ сард агаарын болон төмөр замын боомтууд өдөр бүр ажиллах бол авто замын зарим боомт түр хаагдах юм байна.

Тодруулбал ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан боомт тавдугаар сарын 1-нээс гадна ялалтын баярын өдрүүдэд түр хаах бол БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Булган, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Баянхошуу, Сүмбэр авто замын боомтыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 4-нийг хүртэл түр хаажээ. Энэ нь олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож буйтай холбоотой байна.

Монгол Улсад Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тавдугаар сарын 23-нд тохиох тул эдгээр авто замын боомт түр хаагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс амарна DNN.mn

2023 оны хичээлийн жилээс сурагчид дөрвөн улирал хичээллэж эхэлсэн билээ.

ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.

  • I-II ангийн сурагчид зургадугаар сарын 1-нд амарна
  • III-V ангийн сурагчид зургадугаар сарын 8-нд амарна
  • VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын 15-нд амарна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЕГ: Нийт 70.071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Улсын бүртгэлийн байгууллага хуулийн хэрэгжилтийг хангаж иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсоолоо.

  • 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 70,071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна. Үүнээс 1 дүгээр сард 42,750, 2 дугаар сард 9,420, 3 дугаар сард 11,389, 4 дүгээр сард 6,512 бүртгэл хөтөлсөн.
  • Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сүүлийн 5 жилийн эхний 4 сарын байдлаар харьцуулбал: 2020 онд 229,149, 2021 онд 50,231, 2022 онд 52,762, 2023 онд 60,808, 2024 онд 70,071 шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн.

    Жич: 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон тул  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сараар тооцсон болно.

  • 2020 оноос 2024 оны эхний 4 сард хийгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг нарийвчилж үзвэл…
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой DNN.mn

Цагдаагийн байгууллагаас “Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венын конвенцын шаардлагад нийцүүлсэн шинэ загварын үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд энэ оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийн захиалга ирүүлсэн 34.600 иргэний үнэмлэхийг хэвлэж олгоод байна.

Харин өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний И-Монголиа системээр 16.384, орон нутгаас ирүүлсэн эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах 1633, нийслэл болон орон нутгийн шинээр жолооч болсон, ангилал нэмсэн 15.403, нийт 33.420 иргэний жолоодох эрхийн үнэмлэхийн захиалга хэвлэлтэд хүлээгдэж байна. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, бэлдэц, дагалдах хэрэгсэл, нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоны улмаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд доголдол үүссэн билээ.

Иймд иргэд таны жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв “баталгаажсан” эсвэл “хүчинтэй” болсон, мөн бичиг баримтууд хэсэг дэх жолооны үнэмлэхийн мэдээлэл тань шинэчлэгдсэн бол Монгол Улсын хаана ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Маралгуа: Анх удаа багаараа Ази тивийн тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэндээ баяртай байна DNN.mn

МУИС-ийн Аэробик гимнастик болон Чирлидингийн шигшээ багийн тамирчин, сэтгүүлзүйн III курсийн оюутан Б.Маралгуатай ярилцлаа.

Бангкок хотноо болсон Ази тивийн цомын тэмцээнээс багаараа аваргын алтан медаль хүртсэн юм. 


-Саяхан Банкок хотод болсон тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Тэмцээнийхээ талаар ярихгүй юу?

-Тайланд улсын Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Ази тивийн цомын “3rd SISB Aerobic Gymnastics Open 2024 Bangkok, (THA)” тэмцээн боллоо. Тус тэмцээнд найман улсын 300 гаруй тамирчин оролцсон  юм. Энэхүү тэмцээнд амжилттай оролцож 18+ насны ангилалд алтан медаль хүртлээ.

Манай МУИС-ийн баг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон олон улсын тэмцээн байсан. Тиймээс маш үнэ цэнтэй дурсамжтай тэмцээн байлаа.

– Энэ спортоор хичээллээд хэр удаж байгаа вэ?

-2022 оны хавар биеийн тамирын хичээлээ Түмэнтөгс багшийн хичээлийг үзээд шалгаруулалтаар cheer leading тэнцсэн. Ер нь энэ спортоор хичээллээд гурван жил болж байгаа.

– Тэмцээнд орохынхоо өмнө юу хийдэг вэ. Сонирхолтой зуршил байдаг уу?

-Тэмцээний өмнө нь булчин сулруулахгүй гээд усанд ордоггүй. Багаараа бэлтгэлийн төгсгөлд тойрч хэвтэж байгаад ая тавиад гүйцэтгэлээ сайн хийж байна гэж дотроо төсөөлцгөөдөг.

– Тэмцээний бэлтгэл хийх явцад дурсамжтай зүйл их байдаг байх?

-Бид чухал тэмцээнд бэлдэхдээ оюутны дотуур байранд долоо хоног байрладаг. Тэр нь илүү дурсамжтай санагддаг. Хамт байрласнаар бэлтгэлийн цаг их гардаг. Мөн бие биеэ илүү ойлгодог.  Яг л нэг хүн шиг болж чаддаг.  Тэмцээний гүйцэтгэл сайжирч илүү өндөр үр дүн гаргадаг.

– Хамгийн гоё мэдрэмж өгч байсан тэмцээн нь юу байв?

-Гадаад руу явж оролцож байгаа анхны тэмцээн болохоор илүү хичээл зүтгэл гаргаж, маш их догдолж сандарч бэлдсэн. Мөн хамгийн ач холбогдол өгсөн болохоор сэтгэлд үлдсэн нь сая Тайландад болсон тэмцээн.

-Анхны гимнастикийн тэмцээндээ орж байх үе хэр байсан бэ?

-Анхны гимнастикийн тэмцээн бол аерэбеки стапын тэмцээн байсан. Хоёрдугаар курст байхдаа орж байсан юм. Мэргэжлийн баг хамт олонтой оролцож байсан болохоор алдчих вий гээд их хэцүү мэдрэмж төрж байсан л даа. Гэхдээ тэр үед спорт гэдэг чинь тэвчээртэй байх, тууштай байх, шантрахгүй байх гэдгийг ойлгосон.

-Энэ спортын давуу тал болон хэцүүг юу гэж хардаг вэ?

-Давуу тал маш их бий. Энэ спортоор хичээллэснээс хойш надад ажиглагдсан зүйл нь сэтгэлийн хаттай болсон. Бие бялдрын хөгжил сайжирч, сахилга баттай болсон. Ер нь товлосон зүйлээс хоцорчих гээд байсан бол одоо яг цагтаа ирж байгаа. Яагаад гэвэл багаар ажиллаж байх үед бусдыгаа бодох хэрэгтэй, хүлээлгэхгүй байх хэрэгтэй. Ирсэн л бол цагийг үр дүнтэй ашигладаг байх ёстой гэх мэт зүйлсэд суралцсан. Хэцүү нь гэвэл сайн хийж чадахгүй байхдаа шантраад хаячихмаар санагддаг. Бас хичээлийнхээ хажуугаар бэлтгэлдээ явахад хичээлээ хийх, найзуудтайгаа уулзах, гэр бүлтэйгээ байх цаг хугацаа маш хомс болсон. Гэхдээ тэглээ гээд шантарч нураагүй тиймдээ ч энэ спортод дурлаад явж байна.

– Гадаадаас ирээд л шууд Монгол улсынхаа тэмцээнээс алтан медаль авлаа. Ямар мэдрэмж төрж байна?

-Тайланд руу явахаас өмнө Оюутны юниверсатад бэлдэхэд хугацаа нь богинохон байсан. Тэгээд багаараа ярилцаад тэнд тэмцээнд орохынхоо хажуугаар монголд болох Монголын оюутны спортын дөрөвдүгээр наадмын Чирлидинг буюу Хөгжөөн дэмжигч бүжгийн спортын төрлийн тэмцээндээ бэлдэнэ гэж байсан ч бодсоноор сайн бэлдээгүй. Гэхдээ ирээд хоёр, гурван хоногт бүх хичээл зүтгэлээ шавхаад оролцсон болохоор их сандарч байсан.

Түүний дараа алтан медаль авах мэдрэмж маш сайхан байсан.

No description available.

-Багийнхан болон багшдаа хандаж хэлэх үг байдаг уу?

-Мэдээж байлгүй яахав. Хамт оюутан насны үнэтэй дурсамжууд бүтээлцэж яваа найзууд болон багшдаа баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.

 

 

П.ТЭРГЭЛСАРАН

Э.АНХЧИМЭГ

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн тэмцээний шүүгчээр Б.Алтангадас ажиллана DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Истанбул хотноо зохион байгуулагдах олимпийн эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрийг зарлалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас багтжээ.

Ирэх сарын 9-12-нд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII  олимпийн наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалтыг хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.

Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долдугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.