Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна DNN.mn

Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар доорх найман байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худаг суурилуулжээ.

  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт (Хараагүйчүүдийн байрны урд зам);
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл;
  • Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл;
  • Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт;
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх;
  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл;
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийж байна.

“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, Дарь-Эх орчмын шугам сүлжээний угсралтыг хийхэд газар доор нь холбооны шугам, цахилгааны кабель, дулаан, бохир, цэвэр усны хоолой зэрэг бүх л төрлийн шугам сүлжээ бий. Үүнийг гараар ухаж гаргах нарийн түвшний ажил хийж буй учир цаг их орж байгаа юм. Мөн хуучин шугамыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор бүрэн шинэчлэн хоолойны доор 80-90 см-ийн лаг тунгаах хэсэг хийж өгсөн. Ингэснээр тухайн хэсгийн ус тогтох асуудал бүрэн шийдэгдэж байна хэмээв

Categories
мэдээ нийгэм

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.05.30/ өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралт танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийн эцсийн  хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс асуулт, санал гараагүйг онцлоод УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул дээрх хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус  танилцуулсан юм.

Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгааны дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус эрх олгогдсон заалтыг  хоёр дахин багасгах чиглэлийг баримтлан холбогдох хуулийн төсөл боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 дүгээр захирамжаар байгуулагдсан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдыг 2024 оны холбогдох тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж, дүрэм журамд хяналт шинжилгээ хийж, хуулийн төсөл боловсруулах Ажлын дэд хэсэг байгуулагдсан хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.

Дэд ажлын хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах 35 хууль тогтоомжоор эрх олгосон 160 гаруй заалт, түүний дагуу баталсан дүрэм, журамтай нэг бүрчлэн танилцаж хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багцын хүрээнд 26 хуульд 65 журмыг холбогдох хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэн хуулийн төслүүдийг боловсруулжээ. Эдгээрээс Галт зэвсгийн тухай хууль нь олон тооны журмын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгаагаас нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр бичих боломжгүй болсон тул хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр төслийг боловсруулсан гэв.

Дээрх хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үзэл баримтлалыг тусад нь тодорхойлж, холбогдох үнэлгээ, судалгааг хийсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүйн туслалцааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг 7 хуульд 25 эрх олгосон заалтын дагуу баталсан журмыг нэмж тусгах хуулийн төслүүдийг хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийн хүрээнд боловсруулсан болохыг төслийн танилцуулгад онцолсон юм. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн салбарт Засгийн газрын 2023 оны 48 дугаар тэмдэглэлээр өгсөн захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин бууруулах чиглэлд 90 журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгахаар төсөл боловсруулсан байна.

Энэ хүрээнд Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн  төдийгүй төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн санал авч байна. Байнгын хорооны хуралдаанаар  хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт онцлов.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Үргэлжлүүлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг (Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан) хэлэлцсэн.

Энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг баримтлан Байнгын хорооноос боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа явуулсныг онцлов.

Мөн тогтоолын төслийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах арга хэмжээний талаарх зохицуулалтыг тусгаж боловсруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул “Байнгын хорооны горимын саналаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжив. Иймд тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хуралд ирүулсэн саналыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тоггоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүйг онцлохын зэрэгцээ уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  55.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдав.

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/4805 тоот албан бичгээр ирүүлсэн санал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/1198 тоот албан бичгээр ирүүлсэн дэмжсэн саналыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төсөлд “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Улсын ерөнхий прокурорын газар гэсэн баганын “АА-5” зэрэглэлийн “Тасгийн дарга,” гэсний өмнө “Прокурорын газрын хэлтэс,” гэж, “АА-9” зэрэглэлийн “Ахлах мэргэжилтэн” гэсний өмнө “Прокурорын газрын” гэж нэмэхээр тусгасныг онцлов.

Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул  дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  52.6 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, мөн Төрийн албаны зөвлөл болон Ёс зүйн хорооноос ирүүлсэн саналуудыг тус тус үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн гэв.

Тогтоолын төслийг боловсруулахдаа “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгуулгын саналыг үндэслэн Улсын Их Хурал тоггооно.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, “Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг,  үр нөпөөг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндсэн зорилгын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, Ёс зүйн хорооны гишүүдийн ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-нии өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслииг хэлэлцэх үед асуулт асууж, үг хэлсэн гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэн.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тэрбээр, тогтоолын төслийг боловсруулахдаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтииг хангах, төрийн албаны чадахуйн зарчмыг сахиулж, улстөрийн зүй бус нөлөөллөөс ангид, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг үр ашигтай, үр нөлөөтэй явуулах, хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн, мөн Төрийн албаны эөвлөлийн гишүүдийн ажлын ачаалал, хариуцлагыг харгалзан үзэж, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд “Цалингийн хэмжээ тогтоох, итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсыг хангайн, баруун, хойд, төвийн, зүүн, говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсчлэлээр хөгжүүлэхээр тодорхойлжээ. Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг, хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг, төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатарын бүсэд Улаанбаатар хот болон дагуул хотууд байхаар тодорхойлсон байна.Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэх, бүс нутгуудын онцлог, давуу талуудыг нээж илрүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, байгалийн нөөцийн баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үйлдвэрлэл, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжих хэмээн тусгасан байна. Мөн бүс, орон нутагт өндөр технолог, инновацыг нэвтрүүлэх, бүс дамнасан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг оновчтой хуваарилах, татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх, алслагдсан бүсүүдийн хөнгөлөлт, нэмэгдлийн асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай байдлыг арилгах зорилгоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулаад байгааг дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал  бүсийн хөгжлийн төлөвлөлтийг тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгасан  эсэх  бүсийн хөгжлийн төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах удирдлагын бүтцийн талаар тодруулж байлаа.

Ингээд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтай хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийг “бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан багийн ИНХ-ын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 25.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв

Ингээд төслийн 2 дугаар зүйлийн “…дүгээр сарын ….”  гэснийг “06 дугаар сарын 15” гэж  өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 6.1-д заасан хөнөөлт организмтай тэмцэх, ариутгах, халдваргүйжүүлэх, устгах арга хэмжээний зааврыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлан энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санд байршуулна” гэж  өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулж дуусгах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь  дэмжсэн тул Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн гэв. Мөн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 7 дугаар саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлж найруулан томьёолж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу бэлтгэсэн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын  дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 33 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн төслийн талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл, алдагдлаас хамгаалах эрхтэй гэж, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4-т хүний аюулгүй байдал, монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 3.2-т өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн, өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууриар хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тус тус заасан. Энэхүү төрөөс баримталж буй бодлого зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоотой болох, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж орон сууцжуулах хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэ зохион байгуулалтаар өргөжүүлэн хэрэгжүүлэх, нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах, жилийн 3-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ноогдол ашгаас бүрдүүлэхээр заасны дагуу уг анхдагч хуулийн төслийг 6 бүлэг, 27 зүйлтэйгээр боловсруулсан байна.

Уг хуулийн зорилго нь төрөөс орон сууцыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, үндэсний орон сууцны корпорац, орон сууцжуулах санг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгө бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хууль батлагдсанаар төрөөс баримталж буй бодлогын дагуу улс даяар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх бөгөөд төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн байгууллагуудаас нийлүүлж буй орон сууцны нийлүүлэлтийн өсөлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгож, цаашид орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газар үе шаттайгаар шилжүүлэн авч Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээ нийцүүлэн тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр, хуулийн төслийг www.d parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж санал хэлээгүй бөгөөд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, орон сууцны үнийн асуудлыг хуулийн төсөлд зохицуулсан эсэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд тодорхой төвүүдэд эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л үйлчилгээнүүдийг төвлөрүүлж, орон сууцжуулах асуудлыг тусгасан талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор ипотекийн зээлийн эх үүсвэрт 1,2 их наяд төгрөг төвлөрүүлсний үр дүнгийн талаар илүүтэй лавлаж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд  Ц.Даваасүрэн сайд хариултдаа энэхүү хуулийн  зорилго нь орлого багатай иргэд, тэдэнд зориулсан орон сууцны тогтолцоог бий болгох асуудал гэдгийг тодотгов. Мөн тэрбээр “Хуулийн хүрээнд ипотекийн зээл, төрийн болон орон нутгийн өмчийн сууцыг хөлслөлгүй түрээсийн орон сууцын тогтолцоо болон түрээслээд өмчлөх орон сууцын тогтолцоог бий болгоно гэсэн орон сууцны гурван төрлийг авч үзсэн. Тухайлбал, төрийн үндэсний орон сууцны корпораци нь өөрийн захиалгаар төсвөөс санхүүжүүлсэн инженерийн дэд бүтэцтэй төрийн  эзэмшлийн газар дээр хамгийн хямд өртгөөр орон сууц барьж, иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрийг бүрдүүлж байгаа. Ингэснээр орлого бага, ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй иргэд орон сууцтай болох боломж бүрдэнэ” гэж хариулж байлаа. Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн  тухай хуулиар хуримтлалын сан байгуулах, энэ хуримтлалын санг иргэн бүр орон сууц худалдаж авах баталгаа гаргахдаа ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ жил 1, 578 тэрбум төгрөгийг хуримтлалын санд иргэн бүрдээ хуваарилана. Энэ эх үүсвэрийг орон сууцжуулалт, цаашлаад ипотекийн зээлд ашиглана гэж үзвэл нийтдээ 1.1 их наяд гаруй төгрөгийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд ашиглахаар төлөвлөсөн” гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, нэг иргэн түлэгджээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагад Багануур дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 16:04 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очход, иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Н /36 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэнийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Ирэх сард гэнэтийн ус ихтэй аадар орох төлөвтэй байна DNN.mn

Ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөж байна.

Долдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Завхан, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян­-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор хойд, Булган, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол  нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр DNN.mn

Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72 хувь нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17 хувийг эзэлж байна.

ДЭМБ-аас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг гишүүн улс орнуудын Засгийн газрын зүгээс тамхины хяналтыг чангатгаж, хойч үеэ тамхи болон тамхи үйлдвэрлэгчдийн хууран мэхлэлтээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

17 хүүхдэд хорих ял оноосон шүүхийн шийдвэрийг хойшлуулжээ DNN.mn

Нийслэл, дүүргийн прокурорын газраас 2024 оны таван сарын байдлаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 163 өсвөр насны хүүхдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байгаагаас нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн 2, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байна.

Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа аж.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссоос Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Гэр бол салалтын гол хохирогч нь хүүхэд шүү дээ. Гэр бүл болж байгаа залуус гэр бүлийн боловсрол, мэдлэгтэй байна уу?

-Гэр бүл төлөвлөлттэй холбоотой нөлөөлөл, сургалтын ажлыг бид хангалттай хийж чадахгүй байна. Нийгмийн ажилтан, Гэр бүл хүүхэд хамгаалал хөгжлийн газрын ажлыг бид нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр залуучууд сэтгэл

хөөрөл, богино хугацааны сэтгэл хөдлөлд үндэслэж хүүхэдтэй болж байгаа нь хүүхдийг хохироож байна. Дуртай нэг нь гэр бүл болдог бус гэр бүл төлөвлөлтийн тусгай сургалтад хамрагдаж байж гэр бүл зохиодог хэрэгтэй. Тэр хөтөлбөрт хамрагдаж байж гэр бүлийг нь баталгаажуулах хэрэгцээ шаардлага байна. Гэрлэлтээ батлуулах гэж байгаа залууст сургалт өгдөг байгууллагууд олон улсад бий. Гэр бүл болох нь эдийн засгийн, эрх зүйн хувьд ямар үүрэг хариуцлага хүлээх вэ. Хүүхэдтэй болох нь маш их үүрэг хариуцлага шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй

 

-Дэлхийн аль ч оронд насанд хүрээгүй хүүхэд хурдны морь унадаггүй. Бие хөнгөн насанд хүрсэн хүн уралдаанд морь унадаг. Хүний эрхийн мэргэжилтэн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Үндэсний соёл, уламжлалаа хадгалж байгаа ч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа нь тун харамсалтай. Тиймээс хурдны морь унах хүүхдийн насны хязгаарыг нэмэх шаардлагатай. Одоо мөрдөгдөж буй хуулиар наймаас дээш насны хүүхэд хурдны морь унах боломжтой. Өнгөрсөн онд долоо байсныг найман нас болгож нэмэгдүүлсэн. Заавал хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж бид соёл уламжлалаа хадгалах ёстой гэж үү.

-Хүчингийн хэрэг үйлдэгч этгээд бүр өөрсдөө хүүхэд байсан. Бид эрэгтэй хүүхдийн хүмүүжил төлөвшилд хараа хяналт тавьж байна уу. Өнөөдөр буруу өсгөсөн эрэгтэй хүүхэд ирээдүйн хэрэгтэн болоод байна уу?

-Эрэгтэй хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарахгүй байгаа болохоор энэ төрлийн асуудал даамжирч байна. Бид хүүхдэдээ сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлж чадахгүй байна. Хохирогчоос гадна бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн хэрэг хийсэн сэдэл, сэтгэл зүйг мөшгөх хэрэгтэй. Манай оронд байхгүй нэг зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хохирогч, гэмт этгээд хоёрыг тааралдахаас урьдчилан сэргийлэх ажил дутмаг байна. Тухайлбал, нэг сумын нутаг дэвсгэрт хохирогч, гэмт этгээд оршин сууж байгаа нь тэднийг тааралдах эрсдлийг нэмэгдүүлж байна. Мөн шалгагдаж байгаа этгээд цагдан хорихоос суллагдсан гэдгийг мэдээлэх механизм алга.

-Бага насны хүүхэд хүчирхийлэх хэрэг хянан шийдвэрлэх явц хэрхэн явагдаж байна вэ?

-Бага насны хүүхэд хүчирхийлэх хэрэгт цогц арга хэмжээ авах ёстой. Хохирогчоос эсрэг хүйсний хүн, гэрэлтүүлэг муу өрөөнд мэдүүлэг авах зэрэг нь учир дутагдалтай. Хохирогчоос ижил хүйсийн хүн мэдүүлэг, тайлбар авахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд хохирогчийг хамгаалах хэрэгтэй.

Америкт энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн оршин суугаа хаяг, хэзээ ял шийтгэлээс суллагдсан зэрэг мэдээлэл олон нийтэд ил тод байдаг.

-Манай улсад энэ талын сэргийлэх арга хэмжээ авах нь дутагдалтай байна уу?

-Энэ талын ажил хийгдэж байгаа. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийн мэдээллийн сан бий болгож, тэр сангаас мэдээлэл авах боломжтой гэсэн үг.

-Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн хохирогч болох хэргийн тоо ямар байна?

-Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна. Цагдаагийн байгууллага, Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр 2023 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 541 хүүхэд хохирсон байна. 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ тоо 222 байгаа. 2023 онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 395, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас 16, бэлгийн мөлжлөг гэмт хэргийн улмаас нэг, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн улмаас 128, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн улмаас нэг хүүхэд хохирсон байна. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр тоо. Бидний үзэж байгаагаар гамшгийн хэмжээнд хүрсэн тул тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай. Бид хүүхэд багачуудаа хамгаалж чадахгүй байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас авсан мэдээллээр хүчингийн гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо сүүлийн таван жилд 4477 байна. Орон нутагт энэ тоо 1903 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт. Мөн хохирогч болж үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоог шүүхээр шийдэгдсэн хэргийн тоотой харьцуулбал маш их зөрүүтэй. Ямар шалтгааны улмаас зөрүү байгааг судлах болно.

-Асрамжийн газар амьдарч байгаа хүүхдэд нэг жилд хэдэн төгрөгийн төсөв ногдож байна вэ?

-Хувийн асрамжийн газар, ТББ-ын дэргэдэх асрамж халамжийн газар болон улсаас санхүүжилттэй асрамжийн газрууд ялгаатай. Өнөр бүл төв, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг байгууллагуудын санхүүжилт хязгаарлагдмал. Тус газарт байгаа хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад бүрэн хүрэлцдэггүй гэсэн үг.

-Асрамжийн газрын хүүхдүүд, үе тэнгийн дээрэлхэлтэд хэр их өртөж байна вэ?

-Бидний хэлж буй санал, зөвлөмж яг энэхүү асуудлыг хөндөж буй юм. Асрамжийн газрын хүүхдүүдийн өрөөг төрөлжүүлэх шаардлагатай байна. Учир нь үе тэнгийн хүүхдүүд нэг өрөөнд байрлах хэрэгтэй. Тэгэхгүй бол насны зөрүүтэй хүүхдүүд нэгнийгээ шоглох гэх мэт асуудал гарч байна. Энэ нь эргээд хүүхдийн хүмүүжил, зөв төлөвшилд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

-Айлд үрчлэгдсэн хүүхдийг тандах ажил хийгдэж байна уу?

-Хагас болон бүтэн өнчин хүүхэдтэй холбоотой онцгой анхаарах ёстой нэг асуудал нь үрчлэлт. Үүнийг боловсронгуй болгох хэрэгтэй. Хүүхдийг гадаадын болон Монгол Улсын иргэнд үрчлүүлдэг. Хэдийгээр бүртгэл хийгддэг ч араас нь тавьдаг хяналт сул байгаа. Энэ талаарх мэдээлэл аймаг, дүүргийн Засаг дарга нарын тайланд нь тусгагддаггүй, хяналт тавьсан талаарх мэдээлэл алга. Иймээс хяналтыг сайжруулж, тогтмолжуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл эцэг, эхээ алдсан хүүхэд өөр танихгүй эсвэл хамаатныхаа айлд очоод ямар нөхцөл байдалд байна вэ, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадаж байна уу гэдэгт хяналт байх ёстой. Үрчлүүлсэн хүүхдүүд ямар орчинд амьдарч буйг, сурч боловсорч чадаж байна уу гэдгийг тогтмол хянах хэрэгтэй

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбат: Иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас иргэд галт зэвсэг эзэмших талаар тодрууллаа.


-Та саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр иргэддээ галт зэвсэг олгох ёстой тухай ярьсан. Тэр яриа тань цахим орчинд нэлээд маргаан дэгдээгээд байна. Яагаад чухам энэ тухай хөндөх болсон юм бэ?

-Чуулганы хуралдаан дээр хууль хэлэлцэж байх үед хэлсэн үгийг маань хүмүүс цахим орчинд түгээж байх шиг байна.

Ер нь харж байхад манай улсын нийгэм маш хүнд байна шүү дээ. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гээд Үндсэн хуульдаа заасан хэрнээ төр засаг нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ үүргээ биелүүлэхгүй байгааг өдөр тутам сэтгэл сэртхийлгэсэн мэдээллүүдээс бэлээхэн харж болно. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл газар авлаа. Саяхан шөнө дунд нүцгэн хүүхэд цахилгаан шатанд явж байна л гэсэн.

Иргэнээ хамгаалах тангараг өргөсөн цагдаа нар нь бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэрэг гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явлаа. Энэ мэтчилэн байж болшгүй, хүний санаанд оромгүй зүйлс их болж байна. хувь хүний бүхий л мэдээлэл төрийн мэдээллийн санд байдаг. Гэтэл төр төлөөлж байгаа, мэдээллийн санд чөлөөтэй нэвтрэх эрх бүхий хүмүүс нь тухайн мэдээллээр нь дарамталж, иргэдийнхээ эрхийг зөрчих нь хэрээс хэтэрлээ. Төр өөрийнхөө хийх ёстой ажлыг хийхгүй, иргэдээ хамгаалахгүй байгаа учраас иргэн хүн өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй гэж би үзэж байгаа. Уг нь манайхыг чинь бараг л цагдаажсан улс гэдэг. харамсалтай нь өнөөх олон цагдаа нь иргэдээ хамгаалахгүй байна. Бидний жишээ авах дуртай дэлхийн хөгжилтэй орнуудад бол насанд хүрсэн л бол галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг. Хүчтэй, сул дорой, хөгшин, залуу гэж ялгарахгүйгээр нэг түвшинд аваачиж тавьдаг зүйл нь галт зэвсэг гэж үздэг. эрүүл саруул, буутай яаж харьцах, хэрхэн хадгалах тухай сургалтад суусан хүмүүст чөлөөтэй эрхийг нь олгодог. Төр нь иргэдээ хамгаалах ажлаа хийж чадахгүй бол буутай болж байж иргэд нь өөрсдийгөө хамгаалдаг. Бүр дээр үеэсээ эхлээд л ийм байсан.

-Хүссэн бүхэн нь буутай болчихоор элдэв асуудлууд үүсч, гудамжиндаа буудалцаад эхлэхгүй юу?

-Манай монголчууд дээр үеэсээ эхлээд л айл бүрд нум сум, сэлэм нь байдаг байсан. Одоо ч гэсэн гал тогоонд нь хүйтэн зэвсэг гэж үздэг хутга, заазуур ч байж л байгаа шүү дээ. Тэглээ гээд биенээ хутгалаад сүйд болоод байгаа юм алга. Түүн шиг буутай болохоор хэн дуртайгаа буудаад байна гэж байхгүй. Хэвшмэл ойлголттой зарим нь гудамжиндаа гараад л буудалцаад байх юм шиг ярьж байна.

Нэг хэсэг нь ойлгож байгаа ч албаар мушгин гуйвуулж ч байх шиг байна. Өнөөдөр хөдөөгийн малчдын гэрийн хананд нэг буу өлгөөтэй л байдаг. Тэгж байж мал сүргээ чоно нохой, хулгайч нараас хамгаалж, тэр хэрээрээ гэр бүлийнхээ гишүүдийн ч аюулгүй байдлыг хамгаалдаг. Одоо чинь орчин үеийн дэвшлээр эзэмшигчийнх нь хурууны хээгээр ажилладаг буу хүртэл гарчихсан байна. хамгийн чухал нь буу эзэмших, ашиглах, хадгалахад хүмүүсээ сургах, ойлгуулах хэрэгтэй.

-Буу эзэмших эрхийг өнөөдөр ямар шалгуураар олгодог юм бэ. Хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Мэдээж албан ёсны зөвшөөрөлтэй байж л галт зэвсэг эзэмшдэг. Дээрээс нь галт зэвсгийн татвар гэж тодорхой мөнгийг жил бүр тушаах үүрэгтэй. Мөн тогтмол бүртгүүлж, хэрэв буудсан бол хонгиогоо хүлээлгэж өгдөг. Тэр хонгиог нь цагдаа дээр хадгалдаг гээд тодорхой зохицуулалтууд бий. Гэвч бусад орнууд шиг галт зэвсэг худалдаалдаг тусгай дэлгүүрүүд алга. Тэдгээрийг нь бүртгэлжүүлж, хяналт тавьдаг систем тэр бүр сайн хөгжөөгүй гээд дутагдалтай зүйлс бий. Швейцарийн бүхий л насанд хүрсэн хүмүүс буу эзэмших эрхтэй байдаг. Скандинавын орнуудын ч иргэд нь бүгд буутай. Арми нь дуудахад өөрсдийн зэвсэгтэйгээ ирдэг. хүн ам цөөтэй улс орнууд ийм л байдаг. Украин улс л гэхэд сая бүх иргэддээ автомат буу тарааж өгсөн. израиль улсад мөн ялгаагүй бүгд л буу эзэмшиж, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй цэргийн алба хаадаг. Учир нь иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй. Манайх бол хоёр хөрштэйгөө найрсаг харьцаатай, харьцангуй тайван улс орон. Гэвч эрхүү, Улаан-үд зэрэг хил дагуу хотуудад хар тамхины хэрэглээ өндөр. Ноднин жил Оросын нэг залуу манай улсад нэг хүнийг цохиод алчихсан тохиолдол ч гарсан.

-Эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөөд иргэддээ галт зэвсэг эзэмших боломжтой болгох цаг үе нь мөн гэж бодож байна уу?

-Бид чинь бараг зуугаад жил төр засаг мэднэ, бүх зүйлийг шийднэ гэж явж ирсэн улс. Тийм болохоор хүмүүсийн энэ талын ойлголт тааруу байна. Авлигад өртсөн засаг төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чаддаггүйг бид сүүлийн жилүүдэд хангалттай харлаа.

Иргэдийн маань бараг 70 хувь нь боломж гарвал гадагшаа явах хүсэлтэй гэсэн судалгаа ч гарсан байна лээ. энэ чинь аюулгүй орчин нөхцөл хангагдахгүй байгааг л нэг талаараа илэрхийлээд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр цаг үетэйгээ уялдуулаад иргэддээ мэдлэг мэдээлэл өгч, сургалт явуулж, буу эзэмших эрх олгодог байдал руу явах л хэрэгтэй.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 31, Сугар гариг. Билгийн тооллын 23, Шувуун хошуут одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 04:58 цагт мандаж 20:42 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

05-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.