Categories
мэдээ нийгэм

Д.Багахүү начны нэрэмжит барилдаанд Г.Бадрах харцага түрүүллээ DNN.mn

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин О.Түмэн, Д.Тогтохжаргал, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдэв.
May be an image of 4 people and text
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан Д.Багахүү начинд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхон, үе тэнгийн бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Энэ долоо хоног буюу гуравдугаар сарын 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нийт 1612 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1359, гэмт хэргийн шинжтэй 65 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дараах дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлсэн. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах юм.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр дараах байршилд цахилгааны хязгаарлалт хийх хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 30 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны ес, гал түймрийн 30 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 91 иргэний амь нас, хоёр тэрбум 122 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Алслагдсан дүүрэгт цасанд суусан есөн дуудлага бүртгэгдсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй үед мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг хүлээн авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

Дуудлага мэдээллийн дийлэнх нь өвөл, зуны сууц шатсан тохиолдол байжээ.

Иймд

  • Цахилгааны гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засуулах
  • Ил гал гаргахгүй байх
  • Яндангийн цонолт үүсэхээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 256.000 төгрөгийг гуравдугаар сарын 25-наас олгоно” гэв DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тухай мэдээлж байв.

ЗГХЭГ-аас мэдээлснээр ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох юм байна.

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгогчдын тал нь хэнийг сонгохоо шийдээгүй энэ үед намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж юу хийхээ ард түмэндээ танилцуулах хэрэгтэй DNN.mn

Сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төр, социологийн тандалт судалгаанууд олон хийгдэж, үр дүнгээ танилцуулсаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгааг жишээ болгон дурдъя. Тус судалгааны мэдээллийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад оршин суудаг сонгуулийн насны 901 иргэнээс авчээ. Ингэхдээ мэдээллээ 2024 оны хоёрдугаар сарын 17-22-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж, утсаар цуглуулсан байна. Судалгаа авахдаа “Тухайн улстөрч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл та сонгох уу” гэдэг асуултыг иргэдээс асуужээ. Ингээд үр дүн гарч. Судалгаанд оролцсон иргэдийн 30 аад хувь нь л намуудад саналаа хуваан өгчээ. Хамгийн сонирхолтой нь тус судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх олонх буюу 70 орчим хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэдэг саналыг өгсөн байна. Энэ мэт судалгаануудын үр дүнгээс харахад сонгогчдын талаас илүү хувь нь аль ч нам, улстөрчийг сонгохоо шийдээгүй байгаа нь сонирхол татаж буй. Нөгөө талдаа улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд муу байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Гэвч сонгогчдын талаас илүү хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг бол нам, улс төрчдөд маш том боломж гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь сонгогчид одоогоор хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг нь таныг, эсвэл танай намыг ч сонгоход бэлэн байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгогчдын тал хувь нь таныг, танай намыг огт танихгүй байна гэсэн үг. Тиймээс сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, улстөрчдийг энэ том боломжийг эртнээс ашиглах, хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа идэвхтэй явуулах шаардлагатайг тандалт, судалгааны дүн тодорхой харуулж. Өөр нэгэн судалгааны дүнгээс харахад хуучин улс төрийн намуудад иргэдийн урам хугарсан, түүнээс болоод төрд итгэх итгэлээ алдсан хувь нь өндөр гарчээ. Нөгөө талдаа шинэ нам, шинэ улстөрчдийг сонгогчид одоохондоо танихгүй байгаа нь судалгаануудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Мөн хэт залуу хүмүүсийг улс төрд гаргах нь замбараагүй байдал газар авч төр самуурах юм биш байгаа гэсэн болгоомжлол иргэдийн дунд бас байна. Энэ мэт олон судалгааны дүн эхнээсээ гарч байгаатай зэрэгцээд улс төрийн нам, улстөрчид сонгогчид руу чиглэсэн пиарын ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, хуучин намуудад урам хугарсан гэдэг судалгааны дүн гарч. Тэгвэл энэ дагуу МАН, АН-ын хувьд бидэнд урам хугарах хэрэггүй ээ, бид та бүхний төлөө ийм, ийм ажлууд хийнэ гэдэг ухуулгаа хэвлэл мэдээллээр явуулж эхлэх цаг нь болсон гэсэн үг. Харин шинэ нам, шинэ эвсэл, шинэ улстөрчдийн хувьд өөрсдийгөө таниулах ажлаа идэвхжүүлэх шаардлагатай аж. Энэхүү ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд нээлттэй байгаа. Гэтэл яагаад өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өргөх ажлаа өнөөгийн нам, улс төрчид хийхгүй байна вэ. Энэ олон судалгааны дүнтэй танилцах завгүй явна уу. Сонгууль гэдэг бол цэвэр судалгаа, стратеги. Үнэхээр сонгуульд ялъя л гэж байгаа бол та бүхний хийх хамгийн гол ажил чинь өөрсдийгөө таниулах, нэр хүндээ хэвлэл мэдээллээр дамжуулан өсгөх биш юм уу. Нөгөөтэйгүүр иргэдийн санал хүсэлт, судалгааны дүнгээс өөр нэгэн чухал зүйл ажиглагдаж байгааг судлаачид анзаарч. Тэр нь нам, улстөрчдийн дунд өрнөх улс төрийн мэтгэлцээн гэжээ. Урьд өмнөх сонгуулиар ч улс төрийн мэтгэлцээнүүдийг их явуулахыг сонгогчид хүсэж байсан. Тэгвэл энэ удаад ч улс төрийн намуудын мэлтгэлцээнүүдийг явуулж эхлэхийг сонгогчдын ихэнх нь хүсчээ. Тиймээс улс төрийн намууд, улстөрчид мэтгэлцээнээ явуулж эхлэх цаг нь болсон байна. Ингэхдээ улс төрийн намууд Ерөнхий сайдаа зарлачих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай нам сонгуулиар ялж, олонх болвол энэ хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулна гэдгээ одооноос сонгогчдод танилцуулчих хэрэгтэй гэсэн үг. Яг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл өмнөхөө бодоход асар их нэмэгдсэн. Мэдээж сонгуульд ялсан нам Ерөнхий сайдаа тавина. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс сонгогчдын хувьд улс төрийн намууд хэнийг Ерөнхий сайдаар тавих вэ гэдэг чухал байна. Тэр утгаараа улс төрийн намууд энэ хүнийг бид Ерөнхий сайдаар томилно гэдгээ одооноос шууд зарлаад явчих хэрэгтэй.

Ингэх нь нэг талдаа улс төрийн намуудад сонгогчдын саналыг татах том боломж гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Нөгөө талдаа улс төрийн намуудыг ийм байхыг иргэд хүсэж байгаа юм. Ингээд тал талаасаа Ерөнхий сайдаа тодруулчихсан намууд одоо юу хийх вэ гэж. Мэдээж улс төрийн, бодлогын том том мэтгэлцээнүүдээ явуулж эхлэх хэрэгтэй. Бүр аль телевизээр хэзээ, хэдэн цагаас ямар нам, улстөрчид мэтгэлцээн хийх вэ гэдэг хуваариа сонгууль хүртэлх байдлаар хөтөлбөрийг нь гаргах шаардлагатай байна. Ингээд хуваарийн дагуу дараагийн Ерөнхий сайдууд бодлого, мөрийн хөтөлбөр, хийх ажлаа танилцуулах маягаар мэтгэлцэнэ. Харин иргэд, сонгогчдын хувьд хэн нь ямар бодлого дэвшүүлж байна, аль улс төрийн хүчин хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаас хамаарч сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх давуу талтай. Сонгогчдын талаас их хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байгаа энэ цаг үед намууд, улстөрчид одооноос Ерөнхий сайдаа зарлаж, иргэд, сонгогчдод танигдах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай болсныг дахин хэлье. Одоо л энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол бусдаасаа хоцорч мэдэх юм. Монгол Улс бол эрх зүйт төртэй, ардчилсан орон. Тэр утгаараа Үндсэн хуулиараа засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэхүү эрхээ бид дөрвөн жил тутам болдог сонгуулиар эдэлж, төр, засгаа байгуулдаг тогтолцоотой. Төрөө байгуулахгүй байна гэж байхгүй. Сонгууль болдгоороо болно, төр засаг байгуулагддагаараа байгуулагдана. Гагцхүү төрөө байгуулахын тулд аль нэг намыг сонгох нь тодорхой. Гэтэл улс төрийн намууд байх шаардлагагүй, нам, улстөрчдөөс болж авлига, хулгай үүсдэг гэдэг яриа нийгэмд цөөнгүй гардаг. Гэвч энэхүү яриа нь ихэнхдээ улс төрийн тодорхой зорилготой байдгийг сонгогчид хэрсүү ойлгодог болсон. Тиймээс монголчууд удахгүй болох сонгуулиар дараагийн төр барих төлөөллөө гаргаж ирж л таарна. Харин хэнд ч харьяалагдаагүй санал 70 хүртэлх хувиар сул явж байгаа нь улс төрийн намуудыг даруйхан хөдөлж эхлэх хэрэгтэйг сануулж байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Залаатын аманд улс төрийн ямар нууц уулзалт болчихов? DNN.mn

Сонгууль юу юугүй туллаа. Улс төр хачин ажин түжин байна. Уг нь өдийд улс төр учиргүй халж байдагсан. Хот хөдөөгүүр зөрөлдөж гүйсэн улстөрчид, горилогчид л олон байна. Зарим тоймчид “Энэ маягаараа нам гүм байсаар санал өгөх өдөр болоод сонгууль дуусна” гэж бичээд эхэллээ. Гэвч тэр нь юу л бол доо. Энд тэнд улс төрийн тохироо хийдэг нууц уулзалтууд болоод л байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Дархан цаазат Богдхан уулын Залаатын аманд байх нэгэн газарт улс төрийн нууц уулзалт болжээ. Хэн нэгний харш эдлэн ч байж болзошгүй юм байна. Улс төрийн хүрээнийхэн ам дамжуулан ярьж байна. Бодвол ийм томоохон уулзалт ойрд болоогүй, эсвэл олон улстөрч оролцож улс төрийн томоохон шийдэл гаргасан бололтой. Одоогоор тэрхүү уулзалтын талаар тодорхой мэдээлэл алга. Удахгүй ил болж таарах биз.

Эх сурвалжуудын яриа хөөрөөнөөс анзаарвал өмнөх Тэрэлжийн уулзалт, Хөвсгөлийн уулзалтуудтай дүйхүүц уулзалт болсон гэж байна. Тэдгээр уулзалтыг олон нийтэд ил зарлаагүй болохоор нууц хэмээдэг. Басхүү тэр уулзалтуудаар улс орны шинжтэй, тэр

Тэрэлжид бол МАН, АН-гүй уулздаг. Ялангуяа сонгууль дөхүүлээд тэнд очиж яриа хөөрөөгөө хийдэг. Намын дарга нь тусдаа гэрт тухалж, хойморт нь сууж байгаад гишүүдээ нэг нэгээр нь хүлээж авдаг. Ийм дүр зурагтай уулзалтын эцэст намын дарга нь хүн нэг бүрийн үзэл бодлынх нь зүг чигийг зааж өгдөг. Харин даргадаа бараалхсан гишүүн улс төрийн байр сууриа баталгаажуулж авдаг. Том намуудад ингэж сонгуулийн өмнө томоохон уулзалтаа Тэрэлжид хийдэг.

Басхүү улс төрийн шийдлийг ч Тэрэлжид гаргана. Сүүлд 2021 онд эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэнд ч ярьсан. Тэгээд “Үндсэн хуулийг өөрчилье” гэдэг дээр бүгд нэгдсэн гэдэг.

Хөвсгөлийн тухайд бас түүхтэй. Өнгөрсөн зун МАН-ынхан тэр чигтээ Хөвсгөлд амарсан. Амрах ч гэж намар нь нүүрсний сонсгол явчих гээд тус намынхан хуйгаараа Хөвсгөлд очиж нүүрсний сонсгол тойроод баахан ярьсан гэдэг. Тэр талаар хэвлэлүүд маш их бичсэн дээ. Жишээ нь “Хөвсгөлд болсон уулзалтад улстөрчид, улс төрийн ажилтнууд, томоохон бизнесмэнүүд оролцсон. Тэд улс төрийн том тохироо, нууц яриа хөөрөө хийсэн” гэх агуулга бүхий мэдээллийг одоо ч бичиж байна. Мэдээж хэрэг, амарч яваа хүмүүс юу ярих нь бусдад хамаагүй. Тэр тусмаа анд найз, журмын нөхдийн яриа хөөрөө хэнд ч падгүй. Гэхдээ тэр уулзалт дээр нүүрсний сонсголын талаар яригдсан байгаа юм. Тэр нь анхаарал татлаа. Шулуухан хэлэхэд, тэрхүү “Хөвсгөлийн нууц уулзалт”-аар нүүрсний сонсголын хувь заяаг шийдчихсэн бололтой. “Яаж шийдсэн нь сар гаруйхны дараа мэдэгдэнэ. Сонсгол болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхой болно. Ер нь бол сүрхий яригдаж байгаад таг болсон нүүрсний сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатар гацаанаас гаргаад орхичихсон. Тэрээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Түүндээ “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байдаг. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан. Энэ ажлын хэсэг сонсголыг нэг тийш болгох үүрэгтэй” гэж бичиж мэдээлж байв. Үнэхээр ч тэрийг нь баталгаажуулсан үйл явдлууд Монголын улс төрд өрнөсөн. Өнөөдөр нүүрсний хэрэг яаж дуусч байгаа нь ч түүний нотолгоо болно.

Эдгээрийг эргэн сануулсны учир нь ердөө өчигдөр уржигдархан болж өнгөрсөн Залаатын амны уулзалтаас улбаатай мөн л улс төрийн томоохон үйл явдлууд өрнөж магадгүй гэсэн үг.

Б.Тулгат

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Нам, эвслүүд сурталчилгаагаа хэвлэл мэдээллээр маш сайн явуулах шаардлагатай DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Шинэ он гарснаар хэрэгжиж эхэлж байгаа гол ямар хуулиуд байна вэ?

-Энэ он гарснаар хэрэгжиж эхэлж байгаа гол хуулийн нэг Улс төрийн намын тухай хууль байгаа. Энэ хууль сүүлийн 3-4 парламент дамжин хэлэлцэгдсэн ч батлагдаагүй. Миний хувьд Их сургуулийн багш, эрдэмтэн байхаас эхлээд энэ хууль дээр ажилласан. Харин 2020 онд өөрөө гишүүн болж, энэ хуулийн төслийг ахалж ажилласан. Тус хуулийн гол зүйл нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгосон явдал. Хоёрдугаарт, улс төрийн намыг бодлогын болгох тал дээр том шинэчлэлт хийсэн. Үүний хүрээнд бүх нам дэргэдээ бодлогын институцитэй болж байна. Хуучин бол намууд сонгуульд зориулсан популист шийдвэр гаргадаг байсан. Харин энэ хуульд урт хугацааны бодлого гаргадаг байхаар оруулж өгсөн.

-Та сая намууд бодлогын институци болно гэж байна. Энэ сард нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Танай намын хувьд мөрийн хөтөлбөрөө бодлогын түвшинд гаргаж чадаж байгаа юу?

-Энэ их чухал асуудал. Монгол ардын нам/МАН/ бодлогын мөрийн хөтөлбөр дэвшүүлж чадна гэдгийг хэлье. Ер нь манай нам эрдэмтэн мэргэд, бодлогын экспертүүдтэй маш сайн хамтран ажилладаг. Тэр утгаараа ч би нам бус эрдэмтэн байхдаа МАН-ын бодлогууд дээр ажиллаж, зөвлөгөө өгдөг байсан.

 

Дээрээс нь Улс төрийн намын тухай хуулиар намууд бодлогын нам болох ёстой. Намд олгох төрийн санхүүжилтийн тодорхой хувийг иргэдийн улс төрийн оролцоо, сонгуулийн мэдлэгийг дэмжихэд зарцуулах ёстой гэж зааж өгсөн. Өмнө нь ингэж санхүүжилтийн зориулалтыг зааж өгч байгаагүй.

-Мөрийнн хөтөлбөрөө боловсруулахдаа нам, эвслүүд иргэд, нийгмийн бүлгүүдээс санал авдаг. Гэтэл энэ чинь нөгөө бодлогын мөрийн хөтөлбөр болж чадах юм уу. Нөгөө л нэг мөнгөний, амлалтын шинжтэй болчихгүй юу?

-Нам эвсэлүүд эхлээд эрэлт хэрэгцээнд суурилсан судалгаа, дүгнэлтүүд хийх шаардлагатай. Ингэхийн тулд малчид, эмэгтэйчүүд, багш нар гээд нийгмийн тодорхой бүлгүүдийн саналыг зайлшгүй авах ёстой. Энэ жилийн Эх орончдын өдөр, МАН-ын байгуулагдсан өдрөөс эхлэн намын гишүүд, дэмжигчид, иргэдээс мөрийн хөтөлбөрт санал авах ажил эхэлж байгаа. Миний хувьд гэхэд л Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзаж, саналуудыг нь авлаа. Тэд боловсролын шинэчлэлийг бодитой явуулах, боловсролын шинэчлэлд олон асуудлыг тусгах зэргийг хэлж байна. Ер нь нийгмийн олон бүлгийн саналыг авсны дараа бодлогын эрдэмтэд маань ажиллаж эрэмбэлээд МАН анхан шатнаасаа эхлэн хэлэлцээд Их хурлаараа баталж мөрийн хөтөлбөрийг гаргана.

-Хаврын чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Тэгвэл энэ чуулганаар хэлэлцэгдэх ямар гол хуулиуд байна вэ?

-Олон хуулиуд бий. Гэхдээ тэр дотор авлигын эсрэг мэдээллийг өгсөн иргэнээ хамгаалдаг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байгаа. Монгол Улсын авлигыг бууруулах, олон улс дахь индексийг бууруулах шаардлага бий. Үүний тулд хийгдэж байгаа шинэчлэлүүд хийгдээд явна. Бид өнгөрсөн намрын чуулганаар Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонинрхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигатай тэмцэх тухай гээд гол, гол хуульд өөрчлөлт оруулсан. Авлига авсан албан тушаалтанд ял хялбаршуулан шийдэхгүй байх, үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хурааж, улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь насан туршид нь хязгаарлах гээд олон заалт орсон. Ингэж ялын бодлогыг нэлээд чангатгасан. Одоо харин шүгэл үлээсэн иргэнээ хамгаалдаг хуулийг батлах шаардлага байна. Ажлын хэсэг нэлээд сайн ажиллаж, олон улсын туршлага судалсан. Өнөөдөр манайд шүгэл үлээсэн иргэний эрх зүйн байдлыг дордуулах явдал их байна. Ажлаас нь халах, ажлын байрыг нь сэлгэх, томилох гээд олон зүйл бий. Дээрээс нь гэр бүлийн хүн нь Үйлдвэрчний эвлэлд ажилладаг байсных нь төлөө эхнэр, нөхрийг нь ажлаас халах, цалин, урамшууллаар торгох гээд олон асуудал байгаа. Үйлдвэрчний эвлэл бол нэг утгаараа шүгэл үлээгч шүү дээ. Дээрээс нь манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүний дагуу авлигын гэмт хэргийг мэдээлэх үйл явцыг хялбаршуулах, мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл бодит байдалд энэ бүхэн хангагдахгүй байна. Тийм учраас шүгэл үлээж мэдээлэл өгсөн иргэн хохирсон тохиолдолд хохирлыг нь барагдуулах, өндөр дүн бүхий авлигын мэдээлэл өгсөн тохиолдолд тодорхой хувиар урамшуулах зэрэг заалтуудыг хуульд оруулж өгсөн. Ингэснээр нийтийн аюулгүй байдал зөрчигдөх, албан тушаалтны эсрэг зоригтой дуугарсан иргэнээ хамгаалах эрх зүйн байдал илүү сайжирна. Авлигын эсрэг тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

-Засгийн газар, холбогдох байгууллагуудаас авлигатай тэмцээд байна л гээд байгаа. Гэтэл олон улсын индексээрээ тогтмол уруудаад байгаа нь юутай холбоотой юм бэ?

-Монгол Улс авлигын индексээрээ ухраад байгаагийн гол шалтгаан нь авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд төдийлөн олон нийтэд хүрэхгүй байгаа явдал. Дээрээс нь авлигын төсөөллийн индекс гэдэг бол олон нийт иргэдээс авдаг төсөөллийн судалгаа. Тэгэхээр олон нийт авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг төдийлөн мэдэхгүй байна гэсэн үг. Мөн хэвлэлийн эрх чөлөөний зарим үзүүлэлтээр манай улс алдаад байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, сэтгүүлчдийн ажиллах боломжийг хязгаарлах тухай хууль мэр сэр орж ирсэн нь олон улсын тавцанд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулах гэж байна гэсэн ойлголтыг өгсөн. Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн зарим заалтууд хэвлэлийн эрх чөлөөг хөндсөн байх магадлалтай. Үүнд миний бие болон зарим гишүүд эсрэг байр суурьтай байсан. Тэгэхээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хор уршгийн эсрэг авч байгаа арга хэмжээг мэдээлэх ажил учир дутагдалтай байна гэж харагдаж байгаа. Мөн төрийн дунд шатанд авлигын гэмт хэрэг буурахгүй байгаа. Тийм болохоор бид соён гэгээрүүлэх ажлыг сайтар хийх шаардлагатай. Үүнээс гадна хэвлэл мэдээлэлд гарсан мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд маань ажиллаж, эргээд олон нийтэд мэдээлдэг болох хэрэгтэй байна. Жишээлбэл, Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг дээр хэдэн хүн асуудалд ороод хэн нь хариуцлага хүлээсэн гэсэн мэдээлэл ард түмэнд ил тодоор хүрэхгүй л байна.

-Хууль гараад байдаг ч олон нийтэд тэр бүр хүрэхгүй байна гэлээ. Тэгвэл хууль сурталчлахад зориулсан төсөв мөнгө бий шүү дээ?

-Иргэдийн эрх зүйн болон хүний эрхийн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байна. уг Сонгуулийн тухай хуулиар иргэдэд сонгуулийн боловсрол олгох нь Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг байдаг. Дээр нь Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд олон нийт, дэмжигчдэдээ улс төрийн боловсрол олгох үүрэгтэй болсон. Тэгэхээр цаашид энэ хоёр субьект онцгойлон ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, Засгийн газар, салбар яамдууд хуулиудаа сурталчлах үүрэгтэй шүү дээ. Гэтэл иргэдэд энэ талын мэдээлэл хүрэхгүй байна гэдэг нь үнэхээр анхаарах асуудал мөн. Гэхдээ гишүүд бид олон нийттэйгээ уулзалт хийхэд цөөхөн хэдэн ахмадууд л ирдэг. Залуучууд, дунд насныхан тэр бүр ирдэггүй. Тийм болохоор гишүүний албан ёсны цахим хаяг, хэвлэлд өгсөн ярилцлагаар л мэдээллээ өгдөг.

-Зудыг далимдуулаад сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлчихлээ гэж олон нийт ярьж байна. Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа нөхөд хандив тусламж өгснөөрөө хууль зөрчсөн болоод нэр дэвших эрхээ хасуулах вий гэсэн асуудал гараад ирлээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жил эхэлсэн бол сонгогчдын саналыг авах зорилгоор аливаа тусламж, арга хэмжээ хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил зөвхөн мөрийн хөтөлбөр, бодлого л ярих ёстой. Түүнээс биш бэлэг сэлт, хандив тусламж өгөх нь хориотой. Хэрэв тухайн хүн аймаг, сумандаа зудтай холбоотойгоор хандив тусламж өгөөд, дараа нь нэр дэвшихээр болбол тэрхүү нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл болно. Тийм болохоор хэрэв нэр дэвшихээр горилж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчихгүй л байх ёстой. Тэгэхээр зудаар далимдуулан аливаа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох газрууд бүртгэж авч байгаа байх гэж бодож байна.

-Тэгэхээр сонгуульд нэр дэвшихдээ тэгш гараанаас гарах байдал алдагдчихаад байна. Учир нь одоо УИХ-ын болон Засгийн газрын гишүүн байгаа хүмүүс тойрогтоо ажилласан болчихдог. Харин нэр дэвшихээр горилж байгаа хүн дараа нь бүртгэгдэхгүй байх нөхцөлд орчихоод байна шүү дээ?

-Хуулиараа УИХ-ын гишүүн тайлангаа танилцуулах нь нээлттэй. Мөн улс төрийн намын гишүүдийнхээ дунд хийж байгаа сургалт, уулзалтууд хууль зөрчихгүй. Харин зөвхөн тайлангаа л ярих ёстой. Түүнээс биш ирээдүйд хийх ажил, хөрөнгө оруулалтын тухай яривал хууль зөрчинө. Тэгэхээр ер нь цаашдаа хуулийн гарц гаргалгаан дээр гарааны тэгш байдлыг хангах тал дээр анхаарах нь зүйтэй.

-Үндэсний аудитын газраас нам эвслээс болон нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг гаргасан. Үүнээс үзвэл Сонгуулийн хуулийг батлах үеэрээ эрх баригчдын зүгээс хэлж байсан зардлыг бууруулсан гээд байснаас зөрчихөөд байна л даа?

-Энэ бол бүсчилсэн тойрогтоо холбоотой. Ингэснээр яах аргагүй зардал нэмэгдэж, нэр дэвшигч нарт санхүүгийн тэгш бус байдал үүсгэх эрсдэлтэй. Тойрог томссонтой холбоотойгоор ухуулагчийн тоо ч нэмэгдэнэ. Сонгуулийн хуулийг батлах үеэр би ухуулагч нар сайн дурын үндсэн дээр ажиллах ёстой гэж оруулаад цөөнх болсон. Уг нь намын ухуулагч нар олон улсын жишгээр бол цалингүй ажиллах ёстой юм. бүсчилсэн тойрогтой болсон нь үнэхээр дэвшил. Гэвч нэр дэвшигч 3-4 аймгийн сонгогч нартаа сурталчилгааны 17-18 хоногт яагаад ч хүрч ажиллаж чадахгүй. Тийм болохоор энэ удаад бүх нам, эвслүүд сонгогчидтой нүүр тулсан уулзалтаас гадна хэвлэл мэдээллээр ухуулга сурталчилгаагаа маш сайн явуулах шаардлагатай. Тэгж байж олон нийтдээ хүрнэ. Уг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэх ёстой юм.

Олон улсад бол 45 хоногоос хоёр сарын хугацаанд сурталчилгаа хийдэг. Ингэж хоногийг уртасгаснаар сонгогчидтойгоо нүүр тулж уулзах, өөрийнхөө бодлогыг таниулах боломж нэмэгддэг. Харин манайд болохоор асар богино хугацаанд маш хүчтэй дайралт хийх шаардлагатай болдог. Энэ чинь эргээд зардлыг маш ихээр нэмэгдүүлдэг. Тийм болохоор сурталчилгааны хугацааг урт болгож, бага зардлаар сонгууль хийдэг болгох ёстой. Дээрээс нь алсдаа тойрог байхгүйгээр цэвэр пропорцианаль системээр сонгуулиа явуулдаг тогтолцоо руу явах хэрэгтэй байж мэднэ. Гэвч улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж мэдэх учраас бид хэсэгтээ ийм л системээр явахаас өөр арга байхгүй.

-Тэгэхээр л бүсчилсэн тойрог одоо байгаа гишүүд, мөнгөтэй хүмүүст давуу байдал бий болгоно гэдэг шүүмжлэл яваад байна?

-Нэр дэвшигч нарт гарааны тэгш байдлыг бий болгох, намуудад бодлогын өрсөлдөөн бий болгох гол хууль бол Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль байгаа юм. Намууд хандив болон орлогыг санаатайгаар нуун дарагдуулсан бол тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг зогсоохоор хуульчилсан. Ингэж байж нам өөрөө санхүүгийн хариуцлагатай болно.

-Сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх заалт байгаа бил үү?

-Байгаа, сонгуульд оруулахгүй байх, тухайн намын үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд идэвхгүй болгох заалт орсон.

Ингэж байж хөрөнгө мөнгөтэй этгээд илүү давуу байдал олдог, гарааны тэгш байдал алдагддаг нь багасна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 4, Сумъя гариг. Билгийн тооллын 24, Гар одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 07:27 мандаж 18:41 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

03-р сарын 04-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус, бусад нутгаар -5…10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.