УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо хэзээ тайлангаа тавьж, сонсгол хийх вэ?
-Гуравдугаар сарын сүүлчээр сонсгол хийе гэж төлөвлөж байсан боловч нотлох баримтууд саатуулж, мэдээлэл удаашруулах явдлууд байна. Хамаарал бүхий этгээдүүдийг шалгах явцад тоо нэмэгдэж байна. Нотлох баримтуудыг цулуулахад нэлээд цаг хугацаа орохын зэрэгцээ, саад болж байгаа зүйлүүд ч байна. Мэдээллүүдээ даруй өгөхгүй бол саад болж байгаа албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд зарлана. Эмийн чанаргүй байдалтай хавсран нийлж байгаа улсуудыг олон нийтэд ил болгоно.
-Эмийн чанарын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдана биз дээ. Чанаргүй эмийг зах зээлд нийлүүлж байгаа ард түмнийхээ эсрэг хорлох ажиллагаа юм биш үү?
-Тэгэлгүй яахав. 2020-2024 онд бүрэлдсэн парламент олон асуудлаар шүгэл үлээж байна. Ард түмний сонсох эрхийг хангасан чухал хууль баталсан. УИХ-ын Хянан шалгах тухай хуультай болсноор 2022 оноос эхлээд нийгмийг хамарсан олон асуудлыг хөндөж ярих боломж бүрдлээ шүү дээ. Тухайлбал, Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг хийлээ. Дараа нь нүүрсний сонсголыг явууллаа. Хөгжлийн банкны сонсголын үр дүнд 2.3 их наяд төгрөгийн өр төлөгдсөн. Нүүрсний сонсгол хийснээр эдийн засаг долоон хувь өслөө. Хэдхэн хүн хуйвалдаад Монголын баялгийг яасан их идэж байсан байна вэ. Гэтэл эмнэлэг барья гэхээр төсөв байхгүй гэдэг. Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны ногдол ашгаа тараалаа. Хулгайгаа больчихвол Монгол Улс баян байгаа биз дээ. Гэтэл гуравхан сая хүнд очдог, Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсон эмийг яагаад хяналтгүй хаячихав. Яагаад төр үүнийгээ зохицуулж чадахгүй байгааг судлах шинжлэх ажиллагаа явагдаж байна.
-Та монгол хүний эрүүл мэндийн томоохон баталгаа болсон эмийн асуудал дээр шүгэл үлээсэн. Импортоор орж ирж буй эмийн үнэ, чанарын талаар ямар ноцтой баримтууд цуглуулав?
-Манай зах зээл дээр яагаад чанартай эм байхгүй байгааг бид хянаж, шалгаж чадахгүй байна. Зах зээлд худалдаанд гарсан бүтээгдэхүүнүүдийг санамсаргүй түүвэрээр татаж аваад л үзэж байх хэрэгтэй. Гадаадад очоод ганц ханиадны эм уухад шинж тэмдгүүд нь хурдан дарагддаг. Монголдоо ирээд хэд хэдээр нь уусан ч нөлөөлөхгүй байна гээд хүн болгон яриад байна. Тиймээс манай зах зээл дээр байгаа эмнүүд чанартай юу гэдэгт ард түмэн эргэлздэг болжээ. Эм зүйч нар чанарын талаар ярихдаа “Эмийн дотор байгаа найрлага нь бүрэн байх. Гаж нөлөө үзүүлэхгүй байх ёстой” гэдэг. Эмч миний хувьд хэлэхэд энэ хоёр дээр нэмэх нь үр дүн чухал. Хүнээ эмчилж байна уу гэдэг нэг номерын асуудал. Эдгээр гурван үзүүлэлт байснаар эм чанартай байна. Тухайн эм үйлчлэх нөлөөлөл нь хэр сайн бэ гэдэг арга аргачлал нь ерөөсөө байхгүй. Үүнийгээ ч шийдээгүй. Тийм тогтолцоо технологи ч байхгүй. Орц найрлага, гаж нөлөөг нь шалгая гэхээр үндэсний гол гурван лабораторийн хоёр нь эвдэрхий. Дандаа гадны санхүүжилтээр авсан. Байгаа байшин нь түрээсийнх. Эзэн нь талбайгаа чөлөөл гээд шахчихсан. Доторх тоног төхөөрөмж нь хуучраад музей шиг болчихсон байна шүү дээ. Дөрвөн эгнээ тавиурын гурвынх нь дээр ажиллагаагүй гэсэн бичиг наачихсан байх жишээтэй. Үүнийг шинэчлэхгүй энэ олон жил юу хийж байгаа юм бэ.
-Эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдсэн биз дээ?
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарын төсөв хоёр их наяд төгрөг болсон. Үүнээс 1.2 тэрбум төгрөг гаргаад тоног төхөөрөмжийг нь шинэчлээд янзлаад яваад байж болно доо.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр эс үйлдэл. Эмийн чанарыг шалгадаггүй лабораторитой байх. Лаборатори нэртэй юм байж л байг гэсэн хандлага. Тэр дотор ажиллаж байгаа хэдэн сайхан залуус “Төсөв өгөөч, тоног төхөөрөмжөө шинэчилье” гээд л сууж байгаа нь үнэхэр хөөрхийлөлтэй. Цалин бага болохоор тогтвортой ажилладаггүй. Тогтолцоо нь өөрөө эмийн чанарыг шалгахгүй байя гэж байна.
-Импортоор авч байгаа эмийг орж ирэхэд нь шалгадаггүй юм уу?
-Мэдээж орж ирэхэд нь шалгаж байгаа. Гэхдээ зах зээл дээр байхад нь шалгая л даа.
-Манай импортлогчид 100 төгрөгийн үнэтэй эмийг 10 мянган төгрөгөөр зардаг гэсэн яриа байдаг. Танай түр хороо саяхан гаалийн боомтуудад ажилласан. Энэ үеэр эмийн үнэтэй холбоотой ямар зөрчил илэрсэн бэ?
-Нийтийн сонсгол дээр дэлгэрэнгүй ярина. Нэг жишээ дурдъя л даа. Сүүлийн үед Зүүн өмнөд Азийн эдийн засаг тэлж байгаа. Тухайлбал, Вьетнам улс байна. Эднийх эдийн засгийн чөлөөт бүстэй. Үйлдвэржилт ихтэй. Үүний зэрэгцээ эмийн үйлдвэрлэл асар хөгжиж байна. Тэндээс манайхан хямд үнэтэй эм их авчирч байгаа мэдээлэл байна л даа. Бид хөнгөлөлттэй эм гэдэгт оруулаад эмийн таац тавиад хөнгөлөөд байгаа. Энд 10 мянган төгрөгийн үнэтэй эмийг Вьетнамаас 300 төгрөгөөр авчирч байгаа. Энэ эмийг зах зээлд арав дахин нэмээд гурван мянган төгрөг болгоод зарахад хэн ч тоохгүй байгаа биз дээ. Тогтолцоо маань өөрөө ийм нөхцөлийг бүрдүүлээд байна. Хямдхан эм орж ирлээ гэхэд шударга өрсөлдөөнийхөө зарчмаар өртөг, зардлаа шингээгээд импортлогчид 30-40 хувийнхаа ашгийг тооцоолоод зарж болно доо. Гэтэл бүр хэд дахин нугалж зарна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм цоорхойнууд манай хууль эрх зүйн орчинд байгаад байна. Дээрээс нь тухайн үйлдвэрлэгч компаниас эксклюзив гэрээ аваад үнэ дээр өрсөлдөх боломжгүй болгоод байна. Ховор эм үйлдвэрлэгч компанитай эксклюзив гэрээ байгуулчихдаг. Тухайн компани энэ зах зээлд ганцаараа учраас үнийг жил болгон өсгөх боломжтой. 100 ам.доллар хүрэхгүй эм Монголын зах зээлд 500 ам.долларын үнэтэй болчихсон байх жишээтэй. Энэ бол хулгай биз дээ. Яавч шударга өрсөлдөөн биш. Хууль журам тогтоолыг ашиглан ганцаараа монопол тогтолцоог бий болгож байгаа нэг жишээ юм.
Ер нь эмийн үнийн өсөлтийг мэдэх их амархан. Ялангуяа өнөөдөр манайх “цахим Монгол” болно гээд том хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Инноваци, цахим бодлогын байнгын хороо 2020-2024 онд анх удаагаа байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжлийн яамтай боллоо. Тэгэхэд манай Эрүүл мэндийн яам нэг ч цахим шилжилт байхгүй. Дэлхийн банкнаас 19 сая ам.доллараар цахим шилжилт хийе гэсэн боловч тендерээ зарлаж чадаагүй. Баахан хулгай луйвар хийсээр байгаад мөнгө нь буцаагдсан. Эмнэлгийн ажилчид нь гараараа компьютер дээр шивээд сууж байдаг. Нөгөө цахим хөтөлбөрийн давуу тал, үр өгөөж байхгүй. Засгийн газрын тогтоолоор 2020 оны наймдугаар сарын 29-нд Эм, эмнэлгийн хэрэгслийг хянан зохицуулах газар буюу эмийн агентлаг байгуулагдсан. 2021 оноос өдийг хүртэл таван дарга солигдсон. Яагаад тогтвортой ажиллаж болдоггүй юм бэ. Яагаад энэ газар гаалийн газартайгаа хамтраад тухайн эмийн компанийн мэдүүлж байгаа эм иргэдийн гар дээр хэдэн төгрөгөөр очиж буйг харуулж чадахгүй байна вэ. Хэнтэй сүлбэлдсэн хулгай яваад байгаа юм бэ. Цахимд тавьчихъя л даа. Хэн нь хэдэн төгрөг нэмж зардаг юм байна гэдгийг мэдэх боломжтой шүү дээ.
Эм ханган нийлүүлэх байгууллагууд гаалийн систем бүртгэл дээр мэдүүлэхдээ кг, тонн, литрээр нь тавьчихдаг. Тэгэхээр нэг ширхэг эм хэдэн төгрөгийн үнэтэйг ойлгохын эцэсгүй. Гаалийн мэргэжилтэй улсууд бүр ч ойлгохгүй. Тэгэхээр тэр системээс тухайн компанийн оруулж ирж байгаа эм ийм үнэтэй гэдгийг ард иргэдэд харуулах боломжгүй.
-Даатгалаар өгдөг эм, химийн эмчилгээний эмнүүдийн үр дүнд иргэд ам муутай байдаг юм билээ?
-Нөгөө л эмийн чанар шалгаж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс Монголын зах зээл дээрх эм чанартай шүү гээд 100 хувь итгэлтэй хэлж чадахгүй. 2023 онд УИХ-аас тендерийн тухай хууль баталсан. Энэ хуульд эмийн чанар нэг номерт. Үнэ дараагийн асуудал гэсэн заалтыг оруулж өгсөн. Нэг ёсондоо үнэлгээ хийхдээ чанар нь 70 хувь, үнэ 30 хувь байх ёстой. Хуучин бол хямд үнэтэй эм байвал болно гэдэг байсан. Энэ бол өнгөрсөн 30 жилийн тогтолцооны алдаа. Лангуун дээр давснаас өөр хүнс байхгүй үед эмнэлгүүдийг юун эм дуслаар хангах манатай байв. Ганзгаар дуслын шингэнүүдээ хүртэл зөөж байсан үе. Тухайн үеийн тогтолцоог хувийн хэвшилд өгье. Эмийн хүртээмж хангалттай байж байг гэж үзсэн. Дээр нь хувийн хэвшилд өгчихөөр эмийн үнэ буурна гэсэн бодлого гаргаж байсан. Ингээд хувийн хэвшлийнхнийг 30 жилийн хугацаанд хямд үнэтэй эм олж ир гэдэг марафонд явуулсан. Хөгжлөөрөө биднээс ч дор байгаа орноос эм авчирч ард түмэндээ өгч байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ болохгүй байгаа тогтолцоогоо ширээн дээр ил гаргаж тавья. Нийтийн сонсголын давуу тал ердөө л энэ. Үүний дараа хаврын чуулганаар хэлэлцэх Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл сонсгол дээр яригдсан зүйлүүд тусгагдаж ажиллах ёстой.
-Эмийн үнэд төр оролцох боломжтой юу. Тухайн импортлогч компани тэдэн хувийн ашиг харах ёстой гэдэг ч юм уу. Бусад оронд ямар туршлага хэрэгждэг юм бол?
-Гадаадын орнуудад бөөний худалдааны нэмэгдэл 20-30 хувь байна. Жижиглэнгийн худалдаа 30 хувиас илүү ашиг харж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Харин үүнийг манай эмийн холбоод, ТББ-ууд эсэргүүцээд байгаа юм.
–Уламжлалтын эм, тангуудыг хянаж шалгах боломжтой юу. Хятадаас орж ирдэг эм тангууд Монгол Улсын эмийн бүртгэлд байдаг уу?
-Яг үнэнийг хэлэхэд, Монголд бүртгэлгүй эмийг гаалиар хянаж шалгаж чадахгүй байгаа. Иргэд гар цүнхэндээ, тээшиндээ эмнүүдээ барьж орж ирээд зараад байдаг. Тэрнээс Монгол Улс бас ч гэж эмээ бүртгэдэг орон. Уг нь иргэддээ ээлтэй байх гээд хүн болгоныг гааль дээр шалгаад байдаггүй. Гааль дотроо энэ эрсдэлтэй байж болзошгүй гэсэн хүнийг л санамсаргүй түүвэрлэж сонгож шалгадаг. Шалгахдаа эмчийн жортой байх юм бол гурван сарын хэрэглээний эм авч орохыг зөвшөөрч байгаа. Гэтэл тэр дунд будлиан их бий. Олон дахин хил нэвтрэх. Түүгээрээ дамжуулаад эмийн жортой гэж орох ч юм уу. Үүнийг хянадаг тогтолцоо байхгүй. Гааль, хил хамгаалах нь тусдаа болохоор тэр хүн хэдэн удаа, ямар хугацаанд хил нэвтрээд байгааг хянах боломж алга. Уг нь нэг систем дээрээ энэ хүн хэдэн удаа орж байгааг хардаг болох хэрэгтэй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын эмнэлэг, эмч нар хаанаас эм оруулж ирж байгааг, эм нь Монгол Улсад бүртгэлтэй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Тэр байгууллагууд эм оруулж ирэхээсээ өмнө Монгол Улсын бүртгүүлж байх ёстой. Уламжлалт эмийн түүхий эдийн чанарыг шалгахдаа ургамлын, амьтны гаралтай бүтээгдэхүүн доторх бохир зүйл, хүнд метал, антибиотикийн үлдэгдэл хэр байна, яг найрлага нь байна уу гэдгийг үздэг. Ийм үйл ажиллагаа хангалттай хийгдэж байгаа гэдэг нь нотлох баримтаар гарч ирэхгүй л байна. Тиймээс бид эмийн түүхий эдийн чанарыг сайн шалгах ёстой. Тендерийн хуулиндаа дотоодын үйлдвэрлэгчдэдээ давуу эрх олгоод байгаа. Тэгэхээр тэд маань бас хариуцлагатай байх нь чухал. Дэлхий нийтээр БНХАУ-аас эмийн түүхий эдээ авч байна. Тэр түүхий эдийн цэвэршилт дөрвөн зэрэгтэй. Нэг төвшин ахихад үнэ нь арван хувиар өсдөг. Тэгэхээр цэвэр бүтээгдэхүүн үнэтэй. Эм үйлддвэрлэгч компаниуд ийм сайн чанартай түүхий эд авч үйлдвэрлэдэг гэдгээ хэлмээр байгаа юм. Энэ тал дээр ДЭМБ-аас тавьдаг шаардлагыг хангахын тулд дотоодын үйлдвэрлэгч нар нэлээд хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ шаардлагыг хангасан үйлдвэр манайд дөрөв, тавхан байна. Уг нь 27 үйлдвэрлэгч байдаг. Бусад нь хөрөнгө оруулалт хийх хүсэл байхгүй байна. Тэдний хийсэн эмийг нь аваад байна гэсэн үг. Аваад байгаа болохоор толгойг нь илээд байна гэсэн үг. Илээд байна гэдэг чинь тааруу эмийг ард түмэнд өгөөд байгаа хэрэг. Тэгэхээр төрийн бодлого асар чухал байна.
-Зах зээл дээрх хуурамч эмийг хянах боломжгүй байх нь ээ?
-Гаалийн мэдээллээр эмийн зах зээл дээр 630 тэрбум төгрөгийн эм эргэлдэж байна. Монгол Улсад хууль бусаар эм орж ирэхээр энэ зах зээл нэг их наяд төгрөг эргэлдээд байна шүү дээ. 350 тэрбум төгрөгийн бүртгэлгүй эм худалдаалагдаад байна гэсэн үг. Хэн дуртай нь сошиалаар эм зараад байна.
М.МӨНХЦЭЦЭГ