Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрчээ DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдээс танилцуулав.

Тодруулбал, “Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн” зэрэг эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах нь бидний хамтын сорилт юм. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.

Мөн тэрбээр “Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд суурь асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол суурь реформ. Энэхүү бодлогыг бодитоор хэрэгжүүлж чадвал нийслэл Улаанбаатарт хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэх,  хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой” гээд орон сууцны бодлого нь бүс нутгийн рефомтой шууд холбоотойг анхааруулав.  Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд гарсан үр дүнг дурдаад бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч мөн амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй.

2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна. Бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал. Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэлээ.

Аймаг, орон нутгийн удирдлагуудад энэ оны хоёрдугаар сарын сарын 1,2-нд болох “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-д онцгой анхаарал хандуулж ажиллахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ DNN.mn

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байсны нэг нь амь насаа алджээ.

Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 01-ний өдрийн 01:25 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 4,9-өөр төгссөн дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцохгүй DNN.mn

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсныг мэдэгдсэн.

Өнөөдөр буюу пүрэв гаригт 4, 9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Замын нөхцөл байдал, автомашины тоо зэргээс шалтгаалж тэгш, сондгойгоор зорчуулах түр зуурын арга хэмжээ авахаас аргагүй байлаа. Тэгш, сондгойгоор зорчуулж байхад өдөрт 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Амралтын өдрүүдэд энэ зохицуулалт үйлчлэхгүй байсан бөгөөд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, тэг зогсоход хүрч байсан. Маргаашаас түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байна. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.

Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна.  Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа хэмээв.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу арванхоёр болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан. Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач хүүгийн ээж: Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин “Ниссан патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, онц ноцтой хохирол учруулсан. Ослын улмаас амиа алдагсдын тоо тав болоод байна.Тодруулбал, ослын үеэр гурван гал сөнөөгч нас барсан. Галд өртөж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс өнгөрсөн сарын 27-нд 19 настай С, өчигдөр 40 настай Б нар эмчилгээний явцад нас барсан харамсалтай явдал болов. Тэд 80-95 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсныг Улсын онцгой комиссоос мэдээлсэн.

ГССҮТ-ийн Түлэнхийн төвд одоогоор эмчлүүлж байгаа найман иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татаж буй.

Тэрбээр ослын буруутай этгээдийг нэн даруй тогтоохыг үүрэг болгохоос гадна уг хэрэгтэй холбоотой улстөрчдийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой. Тодруулбал, хэрэг гарах үеэр тэр орчимд ямар машин хөдөлгөөнд оролцсон, тэдгээр нь улстөрчдийн хамаарал бүхий байсан эсэх, мөн дээр нь хуулийн байгууллагын хүмүүс явсан эсэхийг ч давхар шалгахыг үүрэгджээ. Нэг ёсондоо уг хэрэг санамсаргүй явдал байсан уу, зохион байгуулалттай юу гэдэг эргэлзээг нийгэмд бий болгож орхилоо.

Үүний дараа буюу энэ сарын 29-нд Улсын ерөнхий прокурорын газраас ослыг шалгах Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгчийг нэгтгэж, шалгалтын ажиллагааг явуулж эхлэхээр болсныг мэдээлэв.

Б.Батзориг: Хохирогч бүрээс мэдүүлэг авах учраас олон мөрдөгч ажиллах шаардлагатай

Ерөнхий сайдын мэдэгдэл, Ажлын хэсэгт олон мөрдөгчийг нэгтгэсэн явдал таван хүний амийг авч одсон энэ галын осол юутай холбоотой байв гэдэг асуулт урган гараад байна. Энэ хүрээнд Монголын Криминологичдын холбооны дарга, доктор профессор Б.Батзоригоос зарим зүйлийг тодруулав.


-Криминологич хүний хувьд та газтай машин дэлбэрсэн ослыг ажиглаж байгаа байх. Ерөнхий сайд уг хэргийг зохион байгуулалттай байсан эсэхийг тодруул гэдэг үүргийг холбогдох албадад өгсөн. Прокурорын байгууллагаас 115 мөрдөгчийг хамарсан ажлын хэсэг байгууллаа. Энэ явдал юуг харуулаад байна вэ?

-Энэ хэрэг өөрөө олон хохирогчтой байгааг бид харж байна шүү дээ. Нэг байр тэр чигээрээ шатаж, оршин суугчид нь хохироод байна. Хүмүүс нас барлаа. Тиймээс богино хугацаанд хэргийг шалгаж дуусахын тулд Ажлын хэсэг байгуулж байгаа хэрэг.

Мөрдөгчид хохирсон бүх хүнээс мэдүүлэг авч таарна шүү дээ. Орц орцоор нь үнэлгээ тогтооно. Маш өргөн ажиллагаа явагдана.

-Ерөнхий сайдын мэдэгдлийг та анзаарсан байх?

-Олон хохирогчтой хэргийн хувьд маш олон талаар, олон сэжиг таамгаар шалгана. Тэр бүрийг мухарлах болно. Хохирогчдоос ослын талаар өөр өөр зүйл ярьж байгаа. “Дашваанжил” ХХК ч бас нэг зүйл ярьж таарна. Гарсан сэжиг таамаг бүрийг шалгаж мухарлах ёстой. Тэр дунд таны хэлсэн таамаглал ч байх боломжтой. Түүнээс биш гал гарсан, хүмүүс хохирсон байна гээд орхичихгүй.

Бөмбөгөрийн хэргийг санаж байгаа байх. Олон хохирогчтой галын хэрэг шүү дээ. Хүн бүр харилцан адилгүй мэдүүлэг, хохирлын тухай ярьдаг. Тэр бүрд үнэлгээ хийгээд явах болно.

-Хэргийн талаар таны дүгнэлт ямар байна вэ?

-Криминологичийн хувьд хэргийг шалгаж дууссаны дараа дүн шинжилгээ хийдэг. Тиймээс одоогоор хэрэг үүнээс болсон, ийм учир шалтгаантай гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь дүгнэхэд зохион байгуулалттай гэж хэлэх боломжгүй болов уу гэв.

Дэлбэрэлтээс үүдэж анх 14 хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Дөрвөн хүн анхан шатны тусламж үйлчилгээ аваад эмнэлгээс гарсан бол 10 хүн үргэлжлүүлэн эмчлүүлсэн. Тэдний дундаас нь зургаа нь маш хүнд буюу 80-90 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг албаныхан хэлж байлаа. Харамсалтай нь эмчлүүлж байсан иргэдээс 19 настай С, 40 настай Б нар дөрөв хоногийн зайтай нас барав.

Замын хөдөлгөөнд оролцож явсан гэмгүй иргэд осолд өртөж амиа алдсан явдал олон нийтийн дунд ихээхэн эмзэглэл төрүүлж буй. Тэдний талаар өнөөдөр хэн ч дурсаж, эмгэнэж, цаашлаад нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй байгаа билээ. Талийгаач 19 настай С нь ослын үеэр автомашин дотор байсан бөгөөд газ алдагдаж, дэлбэрэлт болох үеэр машин нь шатжээ. Тухайн үед машинаасаа бууж амжсан байна. Гэвч түлэгдэлт их байсан учраас гудамжинд явж байсан хоёр залуу тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.


Талийгаач хүүгийн ээж: Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх байх

Талийгаач С-ийн ээж Б-тэй холбогдоход “Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна. Хүүгийнхээ нэрийг хөндөж, осолтой холбоотой ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байхаар тохиролцсон. Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх биз. Бид нэгэнт болоод өнгөрсөн ослын дараа хэн нэгэнд гомдол гаргаж, хэн нэгнийг буруутан болгож яримааргүй байна” гэсэн юм.

Галын осолд өртөж найман хүн одоогоор эмчлүүлж байгаа. Хийтэй холбоотой осол, түлэгдлийн талаар ГССҮТ-ийн эмчээс тодруулахад “Түлэгдлийн хувь 90 битгий хэл 60, 70 хувьтай байхад нэгэнт оройтчихдог доо. 80-90 хувийн түлэгдэл гэдэг найдваргүй, нэмэргүй. Анхнаасаа тавилан тодорхой байдаг. Учир нь амьсгалын зам түлэгдчихдэг. Тэр л хэцүү. Гал, газ, бензин, уксус гээд түлэгдэлт өөр өөр. Харин эмчилгээний зарчмын хувьд ерөнхийдөө адилхан байдаг” гэж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй DNN.mn

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед олон улсын шинжээчид хоёр туйлт дэлхий ертөнцийн талаар их ярих боллоо. Сан Францискод болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараагаас ийм нөхцөл бүрдлээ гэх юм?

-Хятадын зарим судлаачид “Хятад төвтэй, АНУ төвтэй олон улсын харилцааны хоёр туйл бүрэлдэж байна” гэж бичиж буй нь ажиглагддаг. БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн орлогч захирал доктор профессор Жинь Цанрун энэ талаар ихээхэн бичиж, ярьдаг хүний нэг л дээ.

Тэрбээр “Ойрын ирээдүйд гол зөрчил Хятад, Америкийн дунд өрнөнө. Удахгүй БНХАУ АНУ-ыг гүйцнэ. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Хятадын эргэн тойронд буй Монгол болон Төв Азийн орнууд Хятадыг л түшиглэнэ. Тэдний гол түшиг нь Хятад юм” хэмээн мэдэгддэг. Оросын Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлэхээс өмнө Хятадын судлаачид ОХУ-ыг их гүрнүүдийн хоорондын харилцааг тэнцвэржүүлэгч гэсэн байр сууринаас бичих хандах төлөв ажиглагдаж байсан.

Зарим судлаачид нь ОХУ-ын эдийн засаг бол Хятадын эдийн засгийн аравны нэг хувь буюу Гуанжоугийн ДНБ-ээс ч доoгуур хэмээн чамласан өнгө аястай бичсэн нь бий.

Гэхдээ Хятадын эдийн засгийн удаашрал, ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн гадагшлах урсгал, эдийн засаг дахь төрийн оролцоо, улс төрийн системийн өөрчлөлтгүй байдал нь Хятадыг 2030 он, тэр ч байтугай 2050 гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэх тухай санал дүгнэлтүүдыг эргэж харахад хүргэж байгаа тухай Өрнөдөд бичиж эхэлсэн байна билээ.

-Хэрэв дэлхий ертөнц хоёр туйлтай болбол хүн төрөлхтөнд учрах хор уршиг нь ямар байх вэ. Улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд гарах өөрчлөлтүүдийн талаар та яаж харж байна?

-Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй болов уу. Орос, Украины дайнтай холбоотой НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бараг зургаан удаагийн тогтоолын төслийн санал хураалтад ОХУ-ын талд зогсч буй орнууд нь Белрарусь, Хойд Солонгос, Сири, Иран, Никарагуа зэрэг 5-6 улс л орж байна. БНХАУ санал хураалтад тогтмол түдгэлзсэн байр суурь илэрхийлж ирсэн. Харин хэрхэн яаж АНУ, Британи, Европын холбоо, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, Турк зэрэг нөлөө бүхий гүрнүүд, НҮБ-ын тэгш оролцоотой олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг цогцлоох вэ гэдэг асуудал л байгаа юм.

-Олон туйлт дэлхийн шинэ дэг журам төлөвшиж байгаа гэсэн үг үү. Магадгүй дэлхий ертөнцөд хоёр туйлт нөхцөл байдал үүсвэл энэ хоёр том гүрний дунд оршиж байгаа Монгол Улсын хувь заяа хэрхэх вэ?

-ОХУ, БНХАУ олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлагын чухлыг тэмдэглэж байгаа. Гэвч хоёр хөршид эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрч, авторитар дэглэм эрчээ авна. Олон нийтийн мэдээлийн хэрэгсэлд тавих хяналт чангарч, хүний эрх, эрх чөлөө боймлогдож, тэдгээр нь иргэдийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой улам бүр зөрчилдөж, эдийн засаг дахь төрийн эрх мэдэл үлэмж нэмэгдэж байгаа нь алсдаа асуудал үүсгэх магадлалтай. Тиймээс Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах гадаад бодлогын тэргүүлэх чиг шугамаа тууштай баримталж, хоёр хөрш, “гуравдагч хөрш”-ийн бодлогын дунд тэнцвэрийн хүчийг олж, эрх ашгийн тэнцвэр барих явдал чухал болсон. Бид парламентын ардчилал, зах зээлийн харилцааг улам бүр төгөлдөршүүлэх, хариуцлагатай, сайн засаглалыг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын баталгаажуулалтыг хангах үйл явцыг тасралтгүй хийж байх ёстой юм.

-1990 оны хүртэл дэлхий ертөнц хоёр туйлтай явж ирсэн гэдэг шүү дээ. Социалист орнууд болон барууны капиталист орнууд гээд. Үнэхээр дэлхий дахин хоёр туйлтай болчихвол тэр цаг дахин нүүрлэнэ гэж харж болох уу?

-Дэлхийн II дайн дууссаны дараа ЗХУ, АНУ тэргүүлсэн социализм, капитализм гэсэн хоёр туйлт олон улсын харилцааны дэг журам тогтсон. Үүнийг хүйтэн дайны үе хэмээн нэрлэж байсныг бид бүгд мэднэ. ЗХУ болон социализм системийнхээ хувьд задран унаснаар социализм, капитализмтай хийсэн түүхэн уралдаанд ялагдал хүлээж, хүйтэн дайн төгсгөл болсон. 1990-ээд он бол олон улсын харилцааны нэг туйлт дэг журам буюу АНУ-ын оройлол онцгойрч байсан үе юм. Социализм нуран унаснаас хойш 1990-ээд онд АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинж чанартай болж байгаад лалын ертөнц, ОХУ ихээхэн эгдүүцэн дургүйцэж буй тухай судлаачид, улс төрийн тоймчид онцлон тэмдэглэж байв. Үүнээс гадна энэ үйл явцыг Хятадын судлаачид аль нэг их гүрэн ганцаараа жанжлах гэсэн эрмэлзлэл ч гэж хурцаар шүүмжилж байсан юм. Хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх, сэргээн баталгаажуулах тухай бүх чиглэлд зааж сургаж байв. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ-ын тэргүүлэх оройлолтой олон улсын харилцааны нэг туйлт дэг журам төгсгөл болох үе шат эхэлж, 2008-2009 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаар цаашид үргэлжилсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн байдаг. Даяаршил, дижиталчлалын үйл явц гүнгийрч, харилцан хамаарал тодорхойлогч хүчин зүйл болж, хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болсон. АНУ, ОХУ,БНХАУ-д энэхүү дүгнэлт юуны өмнө хамаарч байгааг тэмдэглэх ёстой болов уу.

-Орос Украины дайн болох хүртэл дэлхий ертөнц түүхэндээ сүүлийн 30 жил дайн дажингүй амар тайван байлаа гэж хэлж болохоор. Хэрэв БНХАУ Тайваньтай дайтвал Орос, Украины дайнаас илүү том хямрал үүсэх эрсдэлтэй юу?

-БНХАУ Тайванийг цэргийн хүчээр нэгтгэхгүй болов уу. Энэ нь Хятадын хувьд ч том эрсдэлтэй. Зөвхөн Тайванийн ардчилсан статусыг хамгаалах тухай биш. Хятад, АНУ-ын хооронд цэргийн томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал байгааг үгүйсгэж үл болно. Нөгөө талд тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад тогтвортой байдал маш чухал. Зарим судлаачид тэмдэглэхдээ Тайванийг нэгтгэх тухайд яарах шаардлага байхгүй. “Нэг улс, хоёр систем”-ийн хүрээнд ирээдүйд Хятадад нэгдэнэ. Энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж үздэг. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд БНХАУ хүйтэн дайны үеийн нэг тал хэзээ ч байгаагүй боловч “Шинэ хүйтэн дайн”-ы үеийн нэг тал болох магадлал байгааг үгүйсгэж болохгүй.

-Дэлхийн геополитик болон гео-эдийн засгийн хямралыг Америк, Хятад хоёроос өөр шийдвэрлэж чадах хүчин байна уу?

-Олон улсын харилцаанд голлох нөлөө бүхий гүрнүүд, дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын хамтын хүчин чармайлтаар дэлхий дахинд илүү аюулгүй зохистой шинэ дэг журмыг төлөвшүүлэх шаардлагатай. Түүнчлэн олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэх гэдэг нь Өрнөдийн оролцоог үгүйсгэж Орос, Хятад хоёр өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох тухай асуудал огтоос биш юм. НҮБ, олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээг зөрчиж, цөмийн зэвсэгт дулдуйдан хүчээр түрээ барих, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах оролдлого хийж, чингэснээрээ дэлхийд олон туйлт дэг журам цогцлоох ямар ч боломж байхгүй.

-Ирэх намар болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп гарч ирвэл дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэнэ гэлцэх юм. Та үүнийг хэрхэн ажиглаж байна вэ?

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн голлох хоёр нам доторх сунгаа албан ёсоор эхлээд удаагүй байна. БНН-аас Доналд Трамп нэр дэвших нь бараг тодорхой болох болов уу. Саяхан Айова, Нью Хэмпшир муж улсын намын сунгаанд тэрбээр ялалт байгуулсан байна. Ерөнхийлөгч Жо Байдены 2020 оны сонгуулиар ялалт байгуулсан муж улсууд дахь байр суурь нь хэвээр хадгалагдаж байгаа юм байна. Харин Израиль, Хамасын дайн түүний хувьд том сорилт болж байх шиг. Д.Трамп Жо Байденийг хэлэлтгүй тэрбээр өөрөө ч өндөр настай. Өнгөрсөн долоо хоногт The New York Magazine цахим сэтгүүлд “Д.Трамд үнэхээр дарангуйлагч болох уу?” гэсэн өгүүлэл нийтлэгдсэн байна лээ. Бүр дөрвөн жилийн өмнө, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулын өмнөхөн The Po­litico.com цахим сэтгүүлд “Трамп авторитар хүн, сая сая америкчууд ингэж харж байна” нэртэй нийтлэл хэвлэгдэж байсныг санаж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны The Washington Post” сонинд “Трампын дарангуйлал улам бүр зайлшгүй болж байна. Бид жүжиглэхээ болих хэрэгтэй” нэртэй нийтлэлүүд хэвлэгдэж байсан. Д.Трамп “Хэрэв би сонгогдвол Орос, Украины дайныг нэг өдрийн дотор л дуусгана” хэмээн хэдэнтээ мэдэгдсэн. Энэ нь агуулгын хувьд Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины зүүн дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэхийг олон улсын эрхзүйн хувьд хүлээн зөвшөөрөх тухай асуудал. Үүнийг Украин, Өрнөдийн гүрнүүд, түүгээр зогсохгүй НҮБ үл зөвшөөрнө. Доналд Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэдэггүй юмаа гэхэд ямар ч байсан том өөрчлөлт гарах болов уу. Холбоотнуудын харилцаа ч энд хамаарна. Жо Байдены хувьд сүүлийн нэг жил хагасын хугацаанд АНУ-д инфляци тууштай буурсан, эдийн засагт бодитой өсөлт мэдэгдэхүйц ажиглагдаж эхэлсэн, ажлын байр олноор нэмэгдэж байгаа юм байна. 2023 оны эцсийн дүнгээр шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд нэгдүгээрт, газрын тосны олборолтоор бүр Саудын Арабыг гүйцэж түрүүлж буй зэрэг сонирхолтой эерэг дүр зураг гарч ирж байна. Гэхдээ хэн ялахыг ярих цаг дэндүү эрт байна л даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 1, Бархасбадь гариг. Билгийн тооллын давхарласан 21, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 08:21 цагт мандан, 17:51 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтнэ байна DNN.mn

2024 оны 01 дүгээр сарын 30-наас 2024 оны 02 дугаар сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Кафкагүй “хувирал” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn 

“Өдрийн сонин”-ы пүрэв аригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр судлаач Б.Болдбаатар “Үндэсний эвсэл” сонгуулийн дараа нам болж, жинхэнэ утгаараа Монголын улс төрийн гуравдагч хүчин болох магадлалтай” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Талийгаач хүүгийн ээж “Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Кафкагүй “хувирал” нийтлэл хэвлэгдлээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 300 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан” гэв.

Т.Аюурсайханыг гурван жил, Б.Ганхуягийг таван жил есөн сар хорихоор болов

“Баримт, үйл явдал”-ы VII нүүрт ШУА-ийн Түүх, угсаатан
зүйн хүрээлэнгийн судлаач Ч.Мөнхтөр “Цагаан сарыг Шаньюйгийн үеэс тэмдэглэж ирсэн” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв аригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ