Categories
гадаад мэдээ

Жо Байден, Дональд Трамп бас Артур Чемберлен DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Йорданд Америкийн гурван цэрэг амиа алдсан дроны цохилтод АНУ хариу өгөх болно гэж мэдэгдсэн ч Ойрхи Дорнодод том дайн хийх шаардлагагүй гэж онцлов. Жо Байден энэхүү цохилтыг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл хийсэн гэж Ираныг буруутган “Цагаан ордон ноцтой хариу арга хэмжээ авна” гэж амласанч АНУ яг ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Мөн тэрбээр сэтгүүлчдэд “Ойрхи Дорнодод бүрэн хэмжээний дайн явуулах шаардлага бидэнд байхгүй гэж би бодож байна. Надад ингэх сонирхол алга” гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл ХАМАС-тай дайн эхэлснээс хойш тус бүс нутагт Америкийн цэргүүд амь үрэгдсэн ч тус улсын өнөөгийн эрх баригчид Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг хурцатгахгүй бодлого барьж байгааг тодорхой болгов.

Мөн Ираны удирдлага ч өөрийн дэмждэг зэвсэгт бүлгүүдэд цохилт өгч буй АНУ, Их Британийг буруутгасан мэдэгдэл хийхгүй байгаа юм. Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани Жо Байдены энэ мэдэгдлийг “Бүс нутгийн бодит байдлыг хурцатгахгүй байх улс төрийн тодорхой зорилготойгоор хийгдсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ираны өнөөгийн төр, засгийн дарлалд зовж бас тэмцэж байгаа 84 сая хүн амыг бүрдүүлж буй иран буюу перс( 60%), азарбайжан(20 %), араб, курд, лур, туркмен, белуж, армян, еврей үндэстнүүдийн хувь заяа АНУ-ын өнөөгийн төр, засгийн санааг огт зовоохгүй байгаа аж. Уг нь дэлхийн II дайн бидэнд улстөрчид нэгэнт тулсан дайнаас зайлах гэж оролдох, дайн хийж буй дайсантайгаа хэлэлцээр хийх аваас ямар их хохирол амсдагийг хангалттай харуулсан. Гэтэл өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Дональд Трамп нар Их Британийн ерөнхий сайд асан Артур Чемберлений алдааг давтах гэж хичээсээр байна. Хүн төрөлхтөн “Түүх давтагддаг. Эхний удаа эмгэнэлт явдал, хоёр дахь удаагаа инээдэм болдог” гэдгийг харж байна. Иймээс бид хэн гэдэг Америк “Уинстон Черчилль” гарч ирж эдгээр “Хос Чемберлен”-ий халааг авахыг л харах үлдэв.

Учир нь ирж яваа цаг үүнийг шаардаж байгаа юм. Тэгээд ч Сиритэй хиллэдэг Йордан дахь АНУ-ын “Tower 22” агаарын баазад дроноор цохилт өгсний улмаас АНУ-ын гурван мянга орчим цэргийн албан хаагчийн гурав нь амиа алдан 34 нь шархадсан явдал зүгээр өнгөрөхгүй нь тодорхой.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийн дуудлага өчигдөр 88 бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэгдүгээр сарын 31-ны өдөр нийт 1751 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1350, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийтийн тээврийн салбарт 350 гаруй жолоочийн орон тоо сул байна” гэв DNN.mn

Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлсэн.

Энэ үеэр тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор олон туршилт хийлээ. Гэвч зарим асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Одоогийн байдлаар нийтийн тээвэрт 350 гаруй жолоочийн орон тоо сул, энэ чиглэлээр ажиллах хүнгүй байна.

Түүнчлэн нэгдүгээр эгнээг чөлөөлж автобуснуудыг чөлөөтэй явуулахад саад учруулдаг гол шалтгаан бол зам дагуу байрласан зах, худалдааны төвүүд. Худалдааны төвүүд рүү баруун эргэж орох гэсэн үйлдлээс болж замын хөдөлгөөн тодорхой хэмжээнд саатдаг.

Үүнээс болоод нийтийн тээврүүд нэг талдаа овоорох асуудал үүсэж байна. Мөн Алтай хотхон 12 мянган өрхтэй боловч ойр орчимд нь сургууль, цэцэрлэг байхгүй. Оршин суугчид нь өглөө хүүхдүүдээ автомашинаар хүргэж өгөх шаардлага гардгаас болж тэр хавийн замын ачаалал ихэсдэг.

Энэ мэт олон асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж ярив.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх саруудын цаг агаарын төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.

Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна

IV сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундж ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна
V дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Эх сурвалж:ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Нийт хэргийн 17.562 буюу 27.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна DNN.mn

Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

Тодруулбал,

Залилах гэмт хэрэг 17.562 буюу 27.6 хувь;

Хулгайлах гэмт хэрэг 17.000 буюу 26.7 хувь;

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6563 буюу 10.3 хувь;

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 2416 буюу 3.8 хувь;

Мал хулгайлах гэмт хэрэг 2035 буюу 3.2 хувь;

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1713 буюу 2.7 хувь;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 1278 буюу 2 хувь;

Дээрэмдэх гэмт хэрэг 1184 буюу 1.8 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ууцны үнэ өмнөх онтой харьцуулахад 62 хувиар өсчээ DNN.mn

Сар шинийн баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад 62.0 хувиар, хэвийн боовны дундаж үнэ 23.3 хувиар, сүүн ааруулны дундаж үнэ 35.0 хувиар, хорхой ааруулны үнэ 53.1 хувиар тус тус өссөн байна.

Улаанбаатар хотод 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүндхэн өвлийг давах гэж мэрийцгээж байна даа DNN.mn

Яг үнэнийг хэлэхэд нийслэл хот эзэнгүй юм шиг л байна. Бүхэл бүтэн улсын нийслэл ийм болчихоод байгаа нь үеийн үед энэ хотыг удирдаж байсан дарга, улстөрчдийн балаг. Амьдралынхаа цөөн хэдэн өвлийг эс тооцвол Улаанбаатар хотод л өвөлжиж ирж. Гэлээ гээд энэ жилийнх шиг зутруу, хатуухан өвлийг үзээгүй гэхэд болно. Хотын иргэдийг түгжрэл гэхээсээ илүү тэгш сондгой хязгаарлалт, байж болох хязгаараас хэтэрсэн замын халтиргаа гулгаа, хүүе гэхийн завгүй солигдсон нийтийн тээврийн чиглэлүүд асар их бухимдууллаа. Ид хүйтэн тачигнаж байгаа үед нэг өглөө бүх чиглэлийг нь солиод хаячихаар яах вэ. Угтаа иргэд юу хүссэн билээ. Тав тухтай дулаахан, больё гэхэд 15 минут тутамд ирээд байдаг, хүртээмжтэй нийтийн тээврийг хүссэн болохоос жавар тачигнасан өдрүүдэд бүх чиглэлийг нь самраад хаячих гэж хүсээгүй. Ер нь нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болговол толгойн өвчин болоод байгаа замын түгжрэл шийдэгдчихмээр.

Нэгэнт сайн болсон нийтийн тээврээр хүмүүс цааргалахгүй зорчдог болчихвол дагаад түгжрэл байхгүй болж л таарна. Харин автобусаа түгжрэлд таг зогсоохгүйн тулд олон жил ярьж байгаа шийдэл болох нэгдүгээр эгнээгээ жинхэнэ утгаар нь чөлөөлчихөд болчих мэт. Угтаа аливаа асуудал судалгаа шинжилгээнд суурилсан, түүндээ үндэслэж аливаа шийдлээ гаргадаг байх ёстой ч манай нөхцөлд эсрэг байдаг гэж санагдахаар. Гэвч энэ бүхэн өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй бүүр ч асуудал болсоор байна. Мөн явган зорчигч зам хөндлөн гарна гэдэг энэ өвлийн хувьд томхон даваа байлаа. Зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн гэрэл нь маш хурдан солигддог бөгөөд тэр зуурт амжиж гарах гэдэг хүүхэд хөгшид битгий хэл идэр залуусын хувьд ч хэцүүхэн. Яаж ч явсан халтирч савж унах эрсдэл 100 хувь. Яг л их тогтоол усны хөлдсөн мандал шиг. Нэг иймэрхүү байдалтай хахир өвлийг даван туулах гэж мэрийцгээж байна. Харамсалтай нь тун удахгүй эдгээрийг мартацгаах нь гунигтай үнэн.

 

Categories
мэдээ эдийн-засаг

351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна DNN.mn

Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээллээ.

Ингэхдээ тэтгэвэр, халамж, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж.

Иргэн та Энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Мөнхтөр: Цагаан сарыг Шаньюйгийн үеэс тэмдэглэж ирсэн DNN.mn

Цагаан сарын утга учир, мөн чанар болон хэрхэн ширээ засах, ууц тавих ёсны тухай ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн судлаач Ч.Мөнхтөртэй ярилцлаа


-Цагаан сарыг монголчууд хэзээнээс тэмдэглэх болсон бэ?

-Цагаан сар бол төрт ёсны уламжлалт баяр ёслол юм. Өнөө үед иргэд зөвхөн ахмадуудад зориулагдсан баяр гэх буруу ташаа ойлголттой байх боллоо. Хүннүчүүдийн үеэс тэмдэглэж ирсэн баяр. “Хүннүгийн шастир” хэмээх түүхэн тэмдэглэлээс уншвал Шаньюйгийн үеэс Цагаан сар тэмдэглэдэг байсан. Их Монгол Улсын үед мөн тэмдэглэдэг байсан юм. Тухайлбал Хубилай хааны ордонд Цагаан сарын ёслолыг маш өргөн хүрээнд хийдэг байжээ. Ёслолыг хамгийн ахмад настай хүн удирддаг байлаа.  Тухайн цаг үедээ засаглалаа бэхжүүлж байгаа хэлбэр юм.

-Цагаан сарыг яагаад заавал тэмдэглэх ёстой вэ?

-Цагаан сарын өргөн тэмдэглэхийг зогсоох оролдлого Социализмын үед гарсан. ЗХУ-ын зүгээс хэрэгжүүлж байсан зүйл юм. 1940 оны сүүлчээс 1950 оны эхэн хүртэл эрчимтэй оролдлогууд хийдэг байсан. Тухайлбал Маршал Чойбалсангийн шарилыг нь яг Цагаан сарын шинийн нэгний өдөр авч ирсэн байдаг. Тиймээс Монгол Улс даяараа Цагаан сар тэмдэглээгүй юм. Цагаан сарын үнэ цэнийг бууруулах энэ мэт оролдлогууд байсан. Тиймээс тусгаар улс гэдэг нэгэн илэрхийлэл нь өөрөө үндэсний хэмжээний энэхүү баяр юм.

-Цагаан сарын утга учир, үнэт зүйл нь юу вэ?

-Цагаан сар бол бид тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийн илэрхийлэл. Бид өөрсдийн гэсэн соёл, уламжлалтай гэдгийг сэргээж, идэвхжүүлж өгч байдаг юм. Энэхүү баяр бүх зүйлийн шинэ эхлэл. Цагаан сар зөвхөн хүн баярладаг баяр биш. Таван хошуу мал, нохой, уулс ус, хангай дэлхийгээ хүртэл монголчууд баярлуулж байгаа юм. Тухайлбал битүүнд нохойны идүүр буюу хишгийн хүрээг дүүрэн байлгаж баярлуулж байна. Зарим монголчууд гэртээ ууган хургаа оруулж ирээд ууган хурганы дөрвөн туурай, магнайг сүүгээр, шар тосоор мялаадаг. Говь нутгийнхан  шинийн нэгний өглөө буураа мялаадаг. Буурныхаа горьхноос улаан цацаг уядаг жишээтэй. Тэр орчинд байгаа бүх зүйлс баярлаж байгаа юм. Зарим аймагт шинийн хоёронд айл хэсдэггүй.

-Монголчууд баярын ширээгээ яаж засах нь зөв зохистой вэ?

-Монголчууд энэ тухай сүүлийн үед их талцах болсон. Үндэс, угсааны ялгаа үүн дээр харагдаж байгаа юм. Түүхэндээ Цагаан сараар айл өрх бүр том ууц, өвчүүгээр ширээгээ чимэглэдэг байгаагүй. Мэдээж зарим өрх айлууд ууцаар ширээ чимдэг байсан. Гэхдээ өнгөрсөн зун бид Завхан аймгийн Яруу суманд хээрийн судалгаа хийлээ. 7093 насны ахмадууд хэлэхдээ “Бидний бага насанд Цагаан сараар ууц, өвчүү ширээндээ тавьдаг байгаагүй. Гэхдээ Бурханы өмнө хонины толгой, хонгодой, шаант зэргээр идээ засдаг байсан” гэсэн юм. Өмнөговьд хийсэн судалгаанд эсрэгээрээ бүгд ууцаар ширээгээ засдаг байх жишээтэй. Юу байна, түүгээрээ л дайлдаг байсан юм. Америкийн талархлын баярын ширээний онцлог нь цацагт хяруул байдаг шиг. Бидний баярын ширээний гол онцлогийг тодотгох зүйл яах аргагүй ууц, өвчүү мөн юм.

-Цагаан сараар бэлэн мөнгө өгдөг, авдаг соёл хэзээ дэлгэрсэн бэ?

-Монголчуудад эртнээс зочин хүний гарыг дээш нь харуулах, гар цайлгах гэдэг уламжлал байсан. Гэхдээ зуун жилийн өмнө учиргүй бэлэн мөнгө өгдөг байгаагүй. Монголчууд Цагаан сарын бэлгэнд дугуй боов, ёотон өгдөг байсан. Бэлэг гэдэг бол хүний сэтгэлийн зүйл байдаг. Татвар шиг тоо хэмжээ заадаггүй. Түүхэндээ монголчууд Цагаан сараар бэлэг өгдөг байсан, өгөх ёсгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй.

-Монголчуудын буруу хийх болсон ёс байдаг уу?

-Хэвийн боов хаях ёс зүйгүй үйлдэл байна. Зарим иргэд хог дээр хаядаг зүйлд мөнгө зарах шаардлагагүй гэх мэт бүдүүлэг хандлагатай. Цагаан сарын идээг ахмад настай хүмүүс үр хүүхэд, ахан дүүстээ хувь болгож тараадаг уламжлал байдаг. Тэр уламжлал мартагдах хандлагатай байгаа нь харамсалтай.

-Зарим иргэд Цагаан сар санхүүгийн дарамт үүсгэдэг тул тэмдэглэхгүй гэдэг. Энэ талаарх таны бодол?

-Цагаан сар тийм ч их өртөгтэй баяр биш. Хүн нэг дээлээ хоёр жил өмсөх нь нүгэл биш. “Хурын хувцас олддоггүй, хуримын хувцас олддог” гэдэг ардын үг байдаг. Монголчууд нэгэн бодлын нэрэлхүү ард түмэн. “Та өнгөрсөн жил өмссөн дээлээ энэ жил ахиад өмсчихжээ” гэж хэн ч хэлэхгүй шүү дээ. Өөрсдөө тэгж ургуулж бодоод байдаг. Зээлээр баяр тэмдэглэх шаардлагагүй. Хэн ч дүн тавихгүй. Гэр бүлтэйгээ, төрөл садантайгаа цагийг хамтдаа өнгөрөөх нь хамгийн чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос 880 нь гарсан DNN.mn

Нийтийн тээврийн 600 шинэ автобус авч байгаа ч хүртээмжгүй, иргэд гадаа удаан хүлээж зогсож буйг хэлж байгаа юм.

Автобусны үйлчилгээний зохицуулалтын талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “600 шинэ автобусаа бүгдийг хүлээн авч дуусаж байна. Шинэ автобуснуудын 115-ыг гурван хувийн байгууллагад өгсөн. Эдгээрийн төхөөрөмж суурилуулах, даатгалын ажил дуусаж байгаа.

Шинэ автобуснуудаас 130 орчим нь үйлчилгээнд гарахад бэлэн байна. Өмнө нь 400 автобус аваад эргэж огт төлөлт хийгдээгүй жишгийг хувийн ААН шаардаад байгаа юм. Тиймээс хувийн байгууллагуудаас барьцаа, үйлчилгээний хураамж авч автобуснуудаа долоон жилийн хугацаатай ашиглуулах юм. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьсан.

Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн компанид өгсөн саарал автобуснуудаас жил бүр 25 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.

Дахин хоёр хувийн компани автобус авах хэлцэл хийх гэж байна” гэв.

“Нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос 880 нь гарсан. 100 гаруй автобусыг ямар нэг байдлаар үйлчилгээнд гаргахгүй байна. Жолооч олдохгүй зэрэг зовлон байна.

Дүүргүүдийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд автобусны жолоочийг үнэ төлбөргүй сургах сургалт зохион байгуулна” гэдгийг тэрбээр хэллээ.