Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Саруулхүү: Хятадын барилгын салбарын хямрал манай улсын экспортод сөрөг нөлөөтэй DNN.mn

Олон улс судлаач, эдийн засагч Т.Саруулхүүтэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.


-Урд хөршид үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор эдийн засгийн хүрээнд шуугьж байна. Яг ямар хямрал үүсчихэв ээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт Хятадын коммунист намын улс төрийн товчоо хуралдсан. Өөрөөр хэлбэл Хятадыг удирдаж байгаа өндөр албан тушаалтнууд хуралдсан гэсэн үг.

Энэ хурлаараа улсдаа үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан нөхцөл байдлын асуудлыг авч хэлэлцсэн байгаа юм. Гэвч тус хурлаас эдийн засгаа өсгөх, асуудлуудыг шийдэх ямар нэгэн бодитой санал, дүгнэлт гараагүй талаар олон улсын эдийн засагчид ярьж байгаа. Эдийн засгийг нь унагааж байгаа хамгийн гол салбар бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл.

Энэ салбарын уналт Ковидын үеэс эхэлсэн гэж хэлж болно. Орон сууц, барилгын томоохон хэд хэдэн компани дампуурлаа зарласан байна.

Тухайлбал, Хятадын 280 хотод 1300 гаруй барилгын төсөл хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн аварга “Evergrande Group” нь олон улсын зах зээлээс босгосон 300 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг төлж чадахгүйд хүрч өөрийн үнэлгээний 99 хувийг алдсан байна. Тэдний Хонгконгод гаргасан бондын барьцааг Төв Хятадын Засгийн газар хангуулахгүй завааруулаад бөөн юм болж байгаа. Учир нь хоёр өөр хуультай засаглалтай. Хятадын хөрөнгийн зах сүүлийн таван жилийн доод түвшин буюу 8.7 хувьд хүртэл уналаа. Бүр 30 хувь хүрч магадгүй гэсэн тул хүчээр арилжааг Засгийн газар нь өнгөрсөн долоо хоногт түр зогсоосон. Тэр утгаараа олон улсын хөрөнгө оруулагчид Хятадад итгэхээ болиод эхэллээ. Учир нь 2021 оноос хойш Хятадын хөрөнгийн зах 7.1 триллион ам.доллар алдсан. Нөгөөтэйгүүр Британийн Capital Economics  судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр,  Хятадад  зарагдаагүй  30 сая орон  сууц байна.

-Энэ бүхэн Монголд яаж нөлөөлөх вэ. Манайхан анхаарч байгаа юу. Хятадын барилгын салбар уналтад орвол бидэнд яаж нөлөөлөх вэ?

-Хятад улсын эдийн засгийн 30-35 хувийг үл хөдлөх хөрөнгө буюу барилгын салбар бүрдүүлдэг. Гэтэл олон жилийн турш энэ салбарт явагдсан хөөсрөлтийн үр дүн өнөөдөр гарч ирлээ гэж эдийн засагчид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хаа сайгүй цементэн ширэнгэ бий болгосон нь Хятадын эдийн засгийг ийнхүү хүнд байдалд оруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Хятадад үл хөдлөх хөрөнгийн магнат “Evergrande” компани 300 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйн улмаас дампуурлаа зарласан гэж хэлсэн. Үүний улмаас арматур төмөр, ган, коксжих нүүрсний үнэ унаж Азийн эдийн засгийн хямрал үүсэх магадлалтай болж ирлээ. Мэдээж Ази дотор бид оршин амьдарч байгаа учраас манай улс ч энэ хямралтай нүүр тулах цаг хаяанд ирлээ гэсэн үг. Нэг талаасаа бидэнд барилгын гол түүхий эдийн үнэ унаж байгаа нь сайн хэрэг ч Монгол Улсын хувьд импортоос илүү экспортдоо санаа зовох шаардлага үүслээ гэсэн үг. Гол нь нүүрс. Барилгын түүхий эд болох төмөр, арматур, ган зэрэг нь нүүрсний эрчим хүчээр л боловсруулагдана. Тэгэхээр Хятадын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унана гэдэг бол үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Үйлдвэрлэл зогсохоор нүүрс шаардлагагүй болно. Нүүрс шаардлагагүй болчихвол Хятад улс манайхаас авах нүүрсний хэмжээгээ огцом багасгана.

-Харин манай эдийн засаг үндсэндээ нүүрсний экспорт дээр л тогтож байгаа болохоор энэхүү хямрал хүчтэй нөлөөлнө гэсэн үг үү?

-Яг зөв. Монголын эдийн засгийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг салбар бол уул уурхай гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тэр утгаараа дэлхийн зах зээлд зэс, алт, мөнгө, нүүрс, төмөрийн үнэ унахаар манай улсын эдийн засаг огцом буурдаг шүү дээ. Ковидын дараа дөнгөж сэргэж байгаа эдийн засаг Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас болоод дахиад унаж болзошгүй болоод байна. Тиймээс төр засгийн хувьд энэхүү хямралаас эрсдэл багатай гарах арга замыг нэн яаралтай эрэлхийлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Хятадын жишээнээс харахад л эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулахуйц нөхцөл байдал манайд ч үүсэх эрсдэл бий. Дахин хэлэхэд Хятад барилгын салбарын уналтаас болоод барилгын материал тэр дундаа төмөр арматур, зэс кабелийн хэрэгцээ буурч байна. Энэ нь түрүү нь хэлсэнчлэн зэсийн болон коксжих нүүрсний хэрэгцээ буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай гол экспортын бүтээгдэхүүн буурна. Товчхондоо бид мөнгөгүй болж хэцүүднэ гэсэн үг.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯМРАЛ Ч МАНАЙ УЛСАД БИЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

-Цаашид Хятад улсын хувьд энэхүү асуудлаа яаж зохицуулах бол. Мөн манай улсын хувьд экспортын асуудлаа яаж шийдэх ёстой юм бэ?

-Хятадын хувьд өнөөгийн эрх баригчид энэхүү асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа хуралдаж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй л байна. Олон улсын судлаачид энэхүү хүндрэлтэй байдлаас гарахын тулд Хятад улс эдийн засгийн бодлогоо илүү тодорхой болгох ёстой гэж зөвлөж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл эдийн засагтаа баруун үзлийг илүү барьж явах ёстой гэсэн үг. Яг одоогийн байдлаар Хятадын эрх баригчид нэг талаараа баруун үзлээр асуудлыг зохицуулах гэж хичээж байгаа ч зарим нь зүүний үзлийг түлхүү ярьж байгаа юм билээ. Үүнээс болоод эдийн засагт нь үзэл баримтлалын зөрчилдөөн үүссэн. Тиймээс энэхүү зөрчилдөөнөөсөө гарч чадвал эдийн засгийн хүндрэлтэй асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна. Хятад улсын энэхүү хямралын нөлөөлөл манай улсад хэдийнээ орж ирсэн. Сар бүрийн үзүүлэлтээр нүүрсний экспорт дандаа нэмэгдэлтэй гарч байсан бол одоо харьцангуй тогтворжсон байна лээ. Өөрөө хэлбэл нүүрсний экспортын нэмэгдэл зогссон гэсэн үг. Энэ байдал хэрэв удаан үргэлжилбэл нүүрсний экспорт нэмэгдэх битгий хэл доошоо унаж эхэлнэ. Тиймээс Хятад улстай энэхүү хямралыг эрсдэл багатай давахын тулд Засгийн газрын түвшинд тодорхой хэлэлцээрүүд хийх шаардлагатай байх. Алсдаа Монгол Улсын хувьд дан ганц уул уурхайн салбарт найдахгүйгээр эдийн засгийн бодлого боловсруулах төлөвлөлтөө хийх шаардлагатай. Салбар бүрд нэмүү өртөг шингэсэн үйлдвэр барих хэрэгцээ нэн чухал.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: Ардчиллаас ухарч байгаа долоон улсын нэгээр монгол шалгарсан DNN.mn

Ардчилсан намын Гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаатай ярилцлаа.


-Монгол Улс авлигын индексээр энэ жил таван байр ухарч, 180 орноос 121 дүгээр байрт жагслаа. Ер нь сүүлийн жилүүдэд авлигын индексээр ухарч байгаа үзэгдлийг та юу гэж дүгнэж байна?

-Төрийн албан хаагчдын гэр, оффисоос нь тэрбум тэрбумаараа тэр ч бүү хэл оймсноос нь хүртэл мөнгө төгрөг гарч, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобус, боловсролын зээлийн сангийн хулгай гээд шил шилээ дарсан авилгын дуулиан тасрахгүй байгаа ийм үед энэ нь нэг их цочирдоод байх үзүүлэлт биш л дээ. Гэхдээ бид асуудлыг тоо баримтад тулгуурлаж, харьцуулж авч үзэх хэрэгтэй. Транспэрэнси интернэшнлийн 2023 оны тайланд 2012-2023 оны хооронд 180 орноос авлигын индекс нь эрс муудсан зургаан улсын нэгээр шалгарсан “амжилттайгаар” Монгол маань сонгуулийн жилээ угтаж байна. Үүнийг задлаад үзвэл Ардчилсан намын засаглалын үед буюу 2012-2016 оны хооронд авлигын индекс эрс сайжирсан байгаа юм. Тодруулбал, МАН-ын засаглалын сүүлийн жил буюу 2012 онд 94 дүгээр байранд байсан бол 2015 онд бүр 72 дугаар байрт орж, бүхэл бүтэн 22 байраар урагшилсан. Ха рин 2016 оноос буюу МАН засаглаж эхэлсэн үеээс мууд саар өнөөдөр 121 дүгээр байрт орж, бараг л 50-иад байраар ухарч. Дайн тэмцэлтэй Сьерра Леон, Шри ланк, тоталитар дэглэмтэй Беларусаас хойгуур жагсаж байна. 100 онооноос 33-ыг авна гэдэг нь авлигад маш их идэгдсэний нотолгооноос гадна энэ оноо нь Ардчилсан бус дэглэмтэй улсуудын дундаж гэхээр бид олон ч үзүүлэлтээрээ энэ ангилал руу явж байна даа гэж санаа зовж байна. Авлигын индексийг шудар га ёс, хуулийн засаглал, бизнесийн орчин, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагын байдал гэх мэт харилцан хамаарал бүхий нийгмийн маш олон үнэлэмжид суурилж тооцдог. Тиймээс нэлээд өргөн хүрээний цогц асуудлыг тойрч ярина гэсэн үг. Тэгэхээр энэ индекс муу байгааг ардчиллын зарчим, үнэт зүйлийг тойрсон олон асуудлын зангилаа гэж харж байна. Үүнд юуны түрүүнд эрх баригч МАН-ын зүүний буюу төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай холбож тайлбарлахаас эхэлж болно. Мөн Монголын улс төр мөнгөнөөс хэт их хамааралтай байгаа нь бас нэг том хүчин зүйл болж давхацдаг. Тодруулбал, шударга бус, мөнгөний сонгуулиар МАН засгийн эрхэнд гарахаараа дараагийн сонгуулийн саалийн үнээгээ бэлдэх гэдэг.

Чөтгөрийн тойрог шахам болчихсон. Ашигтай, ашиггүй, ажиллагаатай ажиллагаагүй хамаагүй төрийн нэрээр өөртөө өмч овоолж, аж ахуйн нэгжүүдийг ихээр бий болгодог.

-Гэтэл Засгийн газраас авлигатай тэмцэхээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа шүү дээ. Хаана нь алдаа гараад байна вэ. Ер нь алдаагаа яаж засах вэ?

-Харин тийм. Засгийн газар өнгөрсөн 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон сүржин зарласан ч харамсалтай нь үйл ажиллагаа нь даржин байж, үр дүн нь тэг заалаа. Уг нь ч бас театрт жүжиг тавьж буй мэт сүр дуулиантай сонсгол, шүүх хурлууд хийгээд л байдаг. Авлигыг багасгах өөрчлөлтүүд тууштай, зоригтой хийгээд сайжрах ёстой атал улам дордоод байхаар нь үүсгээд байгаа шалтгаануудаа ер нь зөв оношилж байгаа юм уу даа гэж гайхахад хүрч байна. Уг нь ч олон улсын байгууллагууд зааж, зөвлөж л байх учиртай. Жишээ нь наад зах нь шаардлагатай мэдээллээ ил гаргахад л оноо нэмэгдэх ч үзүүлэхийн эцэсгүй л юм байгаа байх л даа, мэдээж.

Илбийн юм шиг засрахгүй, өөр хоорондоо авлигын сүлжээгээр хэлхэлдсэн системийн шинжтэй хүчин зүйлс бий нь бий. Гэхдээ л найман жил гэдэг бол бага хугацаа биш тул эрх баригчдад ер нь авлигатай тэмцэх улс төрийн чин хүсэл үнэхээр байгаа юм уу гэж эргэлзэхэд хүрч байна.

Дахин ухрахад нөлөөлсөн найман шалтгааныг тайланд дурдсан байснаас би хамгийн чухалд тооцож буйгаа эхний асуултад базаад дурдсан. Түүнийхээ хүрээнд л хэлэхэд төрийн өмчит компаниудаа нэмэх бус, хувьчлах, олон нийтийнх болгох, удирдлагыг нь ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, сонгох, үйл ажиллагаа, худалдан авалт, тендерээ ил тод болгож, бүрэн цахимжуулах, элдэв зөвшөөрөл, лицензийг цуцлах, төрийн албаны уялдаа холбоог нь сайжруулж, цомхон, чадварлаг болгох гэх мэт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. 46 сая хүн амтай Аргентин улс есхөн яамтай ажиллахаар болж байхад 13 дахин бага хүн амтай манайд 22 сайдын хэрэг огт алга. Бас дээрээс нь намын залуучуудын байгуулагын идэвхтэнүүддээ өгдөг дэд сайд гэгч сэтрийг нь нэмбэл бүүр 44 сайдтай болно. 1996-2000 оны үед Монгол Улс есөн яамтай ажиллаж болж байсан жишээг дурдаж болно. Тэр үед одоогийн энэ нийгэм, эдийн засгийн харилцааны гол үндсүүд тавигдаж, реформ хийгдсэн байдаг.

Авлигын индексийг доош татаж буй бас нэг томоохон зүйл бол чөтгөрийн тойрогт орсон сонгуулийн авлига. Сонгогчдын саналыг татах зорилгоор Их хуралд үлдэхийг эсвэл орохыг санаархагчдын хуулиараа тараадаг 3.5 жилийн авлига, мөн Засгийн газрын нэрийн дор эрх баригч намын тараадаг элдэв халамжийн сюрпризүүд. Үүнийг засахад уг нь амархан. Төрд орохыг санаархагч хувь хүмүүсийг дөрвөн жил, Засгийн газрыг Гүрж шиг найман сар эсвэл зургаан сар хориглоход л авлигачид бус бодлоготнууд сонгогдох магадлал нэмэгдэнэ.

-Улстөрч, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд тендер, хөтөлбөрт хамрагдахгүй байх зохицуулалттай хуулийн төслийг баталсан. Үүний үр дүнг та хэрхэн дүгнэж байна.

-Төрийн хүнд суртал, авлигад дарлуулж буй бор зүрхээрээ бизнес хийх гэж тэмтчин яваа залуусын нүдэн дээр эрх баригч намын улстөрчдийн ар гэр, ах дүү хамаатны бизнес тендер, концессод үндэслээд цэцэглээд байдаг нь монголд дабл стандарт гүнээ тогтсоны илрэл. Энэ утгаараа бол тодорхой хэмжээнд бууруулах л байх. Гэхдээ авлигын асуудалд орооцолдсон хүнийг их хуралд дэвшүүлэхгүй тухай хууль гаргаад л авлига буурна хэмээн санаа нь амарч байгаа шигээ энэ хууль хэрэгжээд л үр дүнд хүрнэ гэж хөнгөмсгөөр найдаж бас болохгүй.

Бизнес, бүлэглэлийн далд ашиг сонирхол хэр байна гэдгийг Авлигын индексийг тогтоохдоо хэмждэг юм билээ. Монголд бол бизнесийн бүлэглэлийн улс төр дэх нөлөө, оролцоо хэмээс хэтэрсэн. Тиймээс ч иргэдэд том тендер, том концессын ард тэд л байна гэсэн харыг төрүүлэх нь зүй ёсных. Зөвхөн өөрийнхөө мөнгө санхүүг өсгөх, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажиллах зорилготой бизнесмен гэгчид Монголын аль ч намуудаар дүүрэн, авлигачдаар хахсан байгаа. Тэд одоо энэ сонгуулиар ч улс төрчдийн дүр эсгээд олноороо дэвшинэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга нүүрсний сонсголоор дуудагдаад лав ирээгүй. Мөн намынх нь хэвлэл мэдээлэл хариуцсан өмнөх хойдох хоёр ч дарга нь дуудагдсан гэлүү, орооцолдсон гэлүү. Тэгэхээр улс төрийн намууд өөрсдөө хариуцлагатай байж, авлигын сүлжээний үүр уурхай байхаа болих хэрэгтэй.

-Та хүний эрхийн асуудлаар тод дуугардаг, энэ талаар бас асуудал дэвшүүлсэн нийтлэл бичдэг. Гэтэл авлигын индекс гаргадаг зургаан хүчин зүйлийн нэгт хүний эрхийг хангаж байгаа тогтолцоо ордог гэж сонссон. Тэгэхээр хүний эрх авлигын индекст нөлөөлдөг гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Авлигын асуудал бол ардчиллын чанарыг хэмждэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Хүний эрх бол ардчиллын суурь зарчим. Ухарсан шалтгаануудын нэгд төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмж, мөн шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо тус тус сул гэсэн байсан. Шүгэл үлээгчийн тухай хуулиа хойшлуулаад, одоо хүртэл батлуулаагүй мөртлөө “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах” нэртэй хязгаарлах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг завдсан.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бас л АН-ын засаглалын 2015 онд 54 дүгээр байрт байсан бол 2023 онд 90 дүгээр байрт орж бас л 36 байраар ухарсан. “Худал мэдээлэл тараах” гэсэн заалтыг 2002 оны Эрүүгийн хуульд “гүтгэн доромжлох” гэж байсныг нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах эрсдэлтэй хэмээн АН үзээд, 2015 онд Зөрчлийн хуульд оруулсан байсан. Тэгтэл МАН гарч ирээд 2017 онд үүнийг буцаагаад Эрүүгийн хуульд оруулахдаа цар хүрээг нь бүр өргөтгөөд худал мэдээлэл нэрийн доор юуг ч яаж ч оруулж болохоор хуулийн хонгил үүсгэсэн. Үүгээр сэтгүүлчийг хамгаалах нь байтугай бариад хорьчихсон байвал яах вэ. Үүнээс гадна Авлигын индексийг гаргахад V-dem буюу “Ардчиллын олон талт байдал” институцийн үнэлгээг авдаг. Үүгээр Монгол ардчиллаас ухарч буй долоон улсын нэгээр шалгарсан үзүүлэлттэй байна. Үүний цаана хүний эрх, шударга сонгууль гэх мэт маш их зүйл бий. Тэгэхээр ардчиллын индекстэй шууд хамааралтай гэсэн үг.

-Авлигын индекс буурах өгсөхөд үнэхээр олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна. Харин энэ индекс нь муу байх нь өөрөө юунд нөлөөлдөг вэ. Ялангуяа, та ардчилалтай их холбож тайлбарлалаа. Ардчилалд ямар нөлөөтэй вэ?

-Нөлөөлнө өө, нөлөөлнө. Би ярианыхаа эхэнд дурдсан. Авлига бол маш олон зүйлийн зангилаа гэж.

Дэлхийн банкнаас улс орнуудын засаглалын индексийг зургаан шалгуур үзүүлэлтээр гаргадгийн нэгэнд нь авлигын индекс ордог. Иймээс манай засаглалын индекс муу гарахад шууд нөлөөлдөг. 192 орноос манайх аанай л хойгуур 103-т билүү дээ, орсон байсан 2018 онд байх аа. Ийм хойгуур байна гэдэг нь манай улстөрчид, эрх баригчдын үйл ажиллагаа, менежмент муу байна, улс орныг авч явж чадахгүй байна л гэсэн үг. За тэгээд хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг бизнес хийх, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой эрэмбэлж дараалсан зүйл бүрийг яривал санаа зовмоор асуудал маш их байна.

Зарцуулалтаа эргээд мэдээлнэ гэж амлаж олон улсын хандив тусламж авчихаад таг алга болдог гэж тайланд байгаа нь бүр ичмээр. Тэгэхээр яаж зээлжих зэрэглэл ахиж, гаднаас тусламж орж ирэх вэ дээ. Мөн баялгийн тэгш бус хуваарилалт, нөөцийн үр ашиггүй байршуулалт, улмаар боловсрол, эрүүл мэндийн чанар, амьжиргааны түвшин зэрэгт бүгдэд, өөрөөр хэлбэл улс орны хөгжилд хамгийн их нөлөөтэй дөө.

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн байдал ч бас хамрагддаг сэдэв. Социализмын үед ч Монгол гадаадын тусламжаар л төдий зэрэгтэй байсан. Бид ер нь малаа л сайн маллахаас бусдаар яг бие дааж хийж чаддаг зүйл маруухан. Гэтэл эрх баригчид 65-уулаа байж төслөө унагаачихсан. Үүнийг одоо арчаагүй л гэхээс өөр юу ч гэхэв. Эцэстээ эдийн засгийн өсөлт, ардчиллаас ухрахад сөргөөр нөлөөлнө. Авлига авсан хүний тоогоор бус ардчилсан улсад хийж болохгүй нэг алхам чиг л авлигын индексийг бууруулна гэдгийг санаж явах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна DNN.mn

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-аас хэтрүүлэхийг хориглохоор заасан.

Өөрийн болон бусдын аюулгүй танаас шалтгаална

Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мөн үзэгдэл хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй зөв сонгон зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү 179 тарваганы тулам тээвэрлэж байсныг илрүүлжээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтаар тарвага 179, чоно 10, зээр нэг, загас 187, үнэг, туулай тус бүр гурав, ятуу шувуу ес, хярс зургаа, зэрлэг гахайн мах 15 кг, чононы соёо 11, бугын эвэр зургаа, чанаж бэлтгэсэн тарвага дөрвөн ширхгийг тус тус эд мөрийн баримтаар түр хураан авч,  холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.

туулай нарын зураг байж магад

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын төвд шилжүүлдэг.

Зэрлэг ан амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэг, зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл саруул болсон охин нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны  долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг  ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн.

Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна.

Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр, маргааш нийслэлийн зарим авто замыг түр хаана DNN.mn

Нийслэлийн авто замын зарим хэсэгт 2024 оны 02 дугаар сарын 07, 08-ны /өнөөдөр, маргааш/ өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийгдэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж

  • Чингисийн өргөн чөлөө,
  • Энхтайваны өргөн чөлөө,
  • Бага тойруу,
  • Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд Та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Импортын барааны дүн 936 сая ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард импортоор нийт 936 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 248 сая ам.доллароор буюу 36 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.

Нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 170.5 сая ам.доллар буюу 18.2 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 221.9 сая ам.доллар буюу 23.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 197.4 сая ам.доллар буюу 88.9 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 99.6 сая ам.доллар буюу 14.5 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 249 сая ам.доллар буюу 26.6 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 55 сая ам.доллар буюу 5.9 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 40.9 сая ам. доллар буюу 4.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.3 хувь ногдож байна.

Гол нэрийн импортын барааны тоо хэмжээг харвал 2024 оны нэгдүгээр сард 15,034 машин импортлогджээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлт боллоо. Түүнчлэн ачааны 2,481 автомашин импортлогдсон нь 2023 оны нэгдүгээр сараас 2.1 дахин өссөн дүн юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Уламбаяр: Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын айлчлал хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээнэ DNN.mn

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Монгол, Германы 1920 оны харилцааны түүхийг судлаачид юуны учир онцолдог юм бэ?

-1920-иод онд Монголын нам, засгийн удирдах зүтгэлтнүүд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан өндөр хөгжилтэй өрнөдийн зарим орнуудтай худалдаа, соёл боловсролын харилцаа тогтоон хөгжүүлэх чиглэлийг барьж байжээ. 1921,1922 онд АНУ, Ваймерын Германы дипломат төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлалын дараа 1923 оны долдугаар сард тусгай комиссоос боловсруулан нийтэлсэн “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх Засгийн газрын бодлогын баримт бичиг бол түүний тод илрэл юм.

-Энэ баримт бичигт юун тухай тусгасан байдаг юм бол?

-Тэрхүү баримт бичгийн 17 дугаар зүйлд “Монгол Улсын гадаад харилцааны учир байцаавал Орос, Рибин, Америк, Англи, Герман зэргийн олон их, бага улс дотроос зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраас зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм, соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрүүлэхэд хүрвэл эрх биш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино.

Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орох буй заа” гэж заасан байна. Энэ баримт бичгийг 1923 оны долдугаар сард хуралдсан МАХН-ын II их хурлаас «намын программд нэмэн өргөтгөж баталсан 9 дүгээр зүйлтэй адил сацуугаар улс төрийн ба намын хэрэгт удирдлага болговол зохино» гэжээ.

1924 онд Монголоос ЗХУ-д суух Бүрэн эрх барих элчин сайдаар томилогдсон Баатуд овогт Ажваан Данзанд Гадаад явдлын яамнаас өгсөн удирдамжинд ЗХУ-тай харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Герман, Франц гээд гадаад улсад биеэр очиж тэндэхийн улс төрийн байдал, худалдаа, соёлын харилцаа тогтоох боломж, Монголыг хэрхэн үзэж байгаа зэргийг судлах чиглэл өгч байсан байна. 1925-1929 онд Гадаад явдлын яамны сайдаар Улсын бага хурал, НТХ-ны тэргүүлэгч гишүүн Ваанчигийн Дорлигжав ажиллаж энэ чиглэлд ач холбогдол өгч байжээ.

Монгол-Германы 1920-иод оны харилцаанд Москва дахь Монголын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Ц.Дашсампилон, Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нарын Засгийн газрын төлөөлөгчдийн 1925-1927 онд Германд хийсэн нижгээд удаагийн ажлын айлчлал чухал байр эзэлдэг. Энэ айлчлалд Москва дахь Германы элчин сайд, Ульрихийн гүн Брокдорф фон Ранцау, Монголын Элчин Ажваан Данзан нар чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

1925 оны тавдугаар сард Ц.Дашсампилон нар Германд очиж Монголд ажиллах мэргэжилтэн элсүүлэх, эх орондоо хэрэгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа таваарыг сонгох, зохих газруудтай гэрээ контракт байгуулах зэрэг ажлыг хийжээ. Төлөөлөгчид Берлин, Хамбург, Дрезден, Лейпциг зэрэг хотуудаар явсан гэдэг. Германаас металлурч химийн инженер C.Линдблом, уурхайн инженер Ф.Вайске, тосгоны үйлдвэрийн инженер X.Геринг, зүтгүүрийн ииженер К.Шварце, авто инженер Дигеон фон Монтенон, мод боловсруулах машины мастер А.Байнлих, механик инженер Р.Моеллер, сүлжмэлийн мэргэжилтэн Ж.Бергер, мужаан Х.Храйсти, механикч Х.Бродериус, Х.Малтшен нарын зэрэг мэргэжилтнийг элсүүлж байсан тухай тэмдэглэж үлдээсэн байна л даа. Ингээд тэд өөр өөрийн мэргэжлийн дагуу Улаанбаатарт байгуулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тохируулга хийх, монгол хүмүүсийг дагалдуулан сургах, үйлдвэрлэлийг мэргэжлийн үүднээс удирдахад туслах, шаардлагатай судалгаа, санал боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр болов. Үүний тулд өөрийн мэдлэг боловсролоо бүрэн дүүрэн дайчлах, хариуцсан өмч хөрөнгөө ариглан хамгаалах, гадаадын аль нэг пүүс, байгууллага төлөөлөхгүй байх, Монголын хуулийг чанд сахих, улс төрийн аливаа ажиллагаа явуулахгүй байх зэрэг болзолтой гэрээ байгуулсан байгаа юм.. Монголын Засгийн газрын үүрэг нь герман мэргэжилтнүүдэд сар бүр 225-250 мексик долларын цалин хөлс олгох. Бас орон сууцаар үнэгүй хангах. Үүгээр зогсохгүй ирж, буцах замын зардлыг төлөх, эмнэлгийн үйлчилгээгээр хангах, өмч хөрөнгийг нь хамгаалах зэрэг байжээ. Ингээд төмрийн завод, цахилгаан станц, цэмбэний фабрик, тоосгоны завод, модны үйлдвэрүүд цөм Улаанбаатар хотод байгуулагджээ. 1883 онд үндэс суурь тавигдсан Германы цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, автомашин, нисэх онгоц үйлдвэрлэдэг нэр хүндтэй “АЕG” компанийн 50000 маркаар худалдаж авсан 500 квт чадалтай дизелийн цахилгаан станц нь Монголдоо анхных байсан байна.

1920-иод онд Москва дахь Германы ЭСЯ-ны зөвлөх Густав Хилгер Гадаад явдлын яамандаа бичсэн захидалдаа “Монголын тал Германтай худалдаа хийх маш сонирхолтой байна. Нэг сая рублийн бараа авах санал тавьсан. Туршилтаар авах бараагаа мөнгөөр юм уу, түүхий эдээр төлөх саналтай. Түүхий эд ашигтай юу, үгүй юу. Даруйхан Монголын талын сонирхож буй барааны жагсаалтыг өгмөөр байна. Германд очоод байгаа Дашсампилон одоогоор 20 мянган америк долларын бараа худалдан авах гэж байна” гэж байжээ.

-Германд сурагч хөвгүүд охидыг суралцуулах асуудлыг шийдвэрлэсэн нь тухай үедээ зоримог алхам байсан гэдэг шүү дээ?

-1925-1930 онуудад Монголын 13-17 насны 40 гаруй сурагчдыг Герман, Францад явуулж сургаж эхэлсэн. Тэр дунд таван л охин байсан. Ингэж сурагчдыг сургахаар явуулсан нь БНМАУ-аас Өрнөдтэй тогтоосон анхны зоримог харилцаа байсан. Энэ нь урьд өмнө нь үзэгдэж байгаагүй үйл явдал байв. Энэ нь зөвхөн соёл, боловсролын бодлого байсан төдийгүй бас улс төрийн чиг зорилготой байсан гэж дүгнэж болохоор байдаг.

1926 оны тавдугаар сарын 31-нд Эрдэнэбатхаан тэргүүтэй сурагч хүүхдүүд Германд анх хөл тавихад Ц.Дашсампилон нар Германы Гадаад явдлын яамны төлөөлөгчдийн хамт хүндэт харуул жагсан угтан авчээ. Эрдэнэбатхаан тэргүүтэй төлөөлөгчид, сурагч хүүхдүүд Ленинградаас Германы Штеттин боомт хот хүртэл усан онгоцоор, тэндээсээ Берлин хүртэл галт тэрэгээр аялан хүрэлцэн очжээ. Тэднийг германчууд “Хаанаас ирсэн”, “Аялан тоглолт хийдэг циркчид үү”, “Япон хүүхдүүд үү” гэх зэргээр асууж байсныг Берлин дэх монгол сурагчдын захиргааны гэрээт ажилтан Серге Вольф өөрийн дурсамж өгүүлэлдээ дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг. Германчууд анх удаа Алс Дорно дахины хүүхдүүдийг олноор нь харсан нь энэ байж.

Германд суралцагч залуус Берлин, Лайпциг, Потсдам зэрэг олон хотод айлаар амьдарч, нэхмэл, тоосго, автомашин, механик, цахилгаан хэрэгсэл, хэвлэл, гэрэл зураг, газар зүй, гар урлал, ХАА, арьс шир, хэл, утга зохиол зэрэг маш чухал олон чилэлээр сурч, дадлагажиж байжээ. Мөн эдгээр сурагч оюутнуудын сургалтын төлбөрийг Монголын Засгийн газар хариуцаж нэг оюутны жилийн дундаж зардал 1926 онд хуралдсан МАН-ын V их хурлын илтгэлд тэмдэглэснээр 2230,21 төгрөг болж байжээ. Хожим сурагч хүүхдүүдийн дундаас олон нэртэй хүмүүс төрснийг бид сайн мэднэ.

-Хүйтэн дайны үед Монгол Улс, ХБНГУ хоёр хэрхэн дипломат харилцаа тогтоосон нь сонирхолтой байдаг. Учир нь Монгол Улс 1950 онд БНАГУ-тай дипломат харилцаа тогтоосон байсан байх аа?

-Дэлхийн II дайны дараа Герман хоёр хэсэгт хуваагдсан нь “хүйтэн дайн”-ы үр дагавар байсан. 1949 оны есдүгээр сард Америк, Англи, Францын эзэмшлийн бүсийн нутаг дэвсгэр дээр ХБНГУ байгуулагдаж, ардчилал, зах зээлийн эдийн засгийг тууштай баримталж, нээлттэй бодлого явуулснаар дэлхийн нөлөө бүхий гүрэн болсныг бид сайн мэднэ. БНМАУ, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоох болсны эх сурвалж нь Холбооны канцлер, социал-демократ Вилли Брандтын явуулсан “Оstpolitik” буюу “Дорны бодлого”-той юуны өмнө холбоотой. Вилли Брандт ХБНГУ “Бүх Германыг төлөөлөх цорын ганц улс” гэсэн зарчмаасаа татгалзаж, 1970 онд ХБНГУ ба ЗХУ, ХБНГУ ба БНПАУ-ын гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд Европ дахь хил хязгаар, түүний дотор Одер-Нейсийн хил, ХБНГУ, БНАГУ-ын хоорондын хилийг халдашгүй гэдийг харилцан хүлээн зөвшөөрч, гэрээ 1972 оны зургадугаар сарын 3-наас хүчин төгөлдөр болсон. ХБНГУ нь Чехословак, Болгар, Унгартай харилцаагаа хэвийн болгож, дипломат харилцаа тогтоон, Баруун Берлиний асуудлаар дөрвөн гүрний хэлэлцээр байгуулсан. Улмаар 1973 онд хоёр Герман НҮБ-д адил тэгш эрхт, хууль ёсныхоо суудлыг эзэлсэн нь “Дорны бодлого”-ын гол үр дүн байв. Вилли Брандт “Дорны бодлого” явуулсныхаа төлөө 1971 оны Энхтайвны салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн юм. Тийнхүү Европод бий болсон намжмал байдлын нааштай уур амьсгал БНМАУ, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоох түүхэн нөхцөлийг бүрдүүлжээ. Гэхдээ дипломат харилцаа тогтоох санал, санаачилга ХБНГУ-ын талаас гарсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү үйл явц 1973 оньг тавдугаар сараас хоёр талын Лондон хотноо эхэлсэн зургаан удаагийн яриа хэлэлцээрийн үр дүн байсан. Тийнхүү бид эдүгээ хагас зуун жилийн ойг нь тэмдэглэж байна.

-ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын энэ удаагийн айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Аж үйлдвэржсэн, ардчилсан Долоогийн бүлгийн орнуудаас төрийн тэргүүн нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа албан ёсны айлчлал хийх гэж байгаа нь ХБНГУ болж буйгаараа онцлогтой. ХБНГУ бол Францын хамт Европын холбооны гол зүтгүүр хөдөлгөгч улс. Монгол, Герман хоёр улс 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан. 2022 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх саналыг талууд зарчмын хувьд тохирсон. Энэ зорилтоо 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдэж, Монгол Улсын “гуравдагч хөрш” ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар удахгүй хийх ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын төрийн айлчлал хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чиглэлд чухал түлхэц үзүүлж, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээх болов уу. Айлчлалын үеэр “Хүнсний аюулгүй байдал”, “Тэрбум мод” санаачилга, хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, тээвэр ложистик, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, боловсрол, археологийн салбар зэрэг олон чухал асуудал хөндөгдөхөөр байна.

-Монгол Улс Францтай ураны салбарт холбогдож байна. Тэгвэл Германтай аль салбараар илүү их хамтран ажиллах боломжтой вэ?

-ХБНГУ бол Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаасаа тууштай дэмжсэн өрнөдийн орнуудын нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийсэн айлчлалын үеэр дижитал технологийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон. Сэргээгдэх эрчим хүч, тээвэр, ложистик, ногоон хөгжил, боловсролын салбарын хамтын ажиллагаа ирээдүйтэй чиглэл болов уу.

-Монгол дахь Германы хөрөнгө оруулалт ямархуу үзүүлэлттэй байдаг вэ?

-ХБНГУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хувьд 2011 онд 19.2 сая, 2013 онд 10.1 сая, 2017 онд 35.5 сая, 2019 онд 9.2 сая, 2021 онд 7.5 сая, 2023 онд 9.7 сая ам. долларын хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн байдаг. Нийт 150 гаруй компани Монгол Улсад бүртгэгдсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын дундажаар гурван хувийг эзэлж байгаа. Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсын хамгийн олон салбарт хөрөнгө оруулж байгаа, хамтарсан хөрөнгө оруулалт бүхий хамгийн олон аж ахуйн нэгжтэй нь ХБНГУ юм. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, тээвэр, аялал жуулчлал, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, банк, санхүүгийн салбарт Германы хөрөнгө оруулалт давамгайлж байна. Геологи, уул уурхай салбарт томоохон хөрөнгө оруулалт орж ирээгүй боловч монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хүний нөөц, мянган инженер бэлтгэх чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх нь тодохой.

Монгол Улс социализмын үед хуучнаар БНАГУ-ын их, дээд болон техник мэргэжлийн сургуульд 1958 оноос, 1990-ээд оны эхнээс Нэгдсэн Германд оюутан сурч эхэлсэн. 2000-аад оны байдлаар 20 илүү мянган оюутан төгссөн байдаг. Энэ нь тухайн үеийн Монгол Улсын 2.3 сая хүн амын бараг нэг хувь нь герман хэлээр ярьдаг гэсэн үзүүлэлт болж, Зүүн Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Энэ тоо эдүгээ 30 мянга давсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хүчин зүйл юм.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон юм. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Саналын хуудас хүчингүй болох өндөр магадлалтай сонгууль болж болзошгүй гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй DNN.mn

Ердөө дөрөвхөн сар гаруй хугацааны дараа монголчууд бид парламентын ес дэх удаагийн сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилд энэ улс орны бодлогыг тодорхойлж, чигийг заах хүмүүст саарал ордонд ард түмнээ төлөөлөн суух эрхийг олгоно. Харин энэ удаагийн сонгууль маш онцлог төдийгүй шинэлэг. Учир нь энэ сонгуулийн үр дүнгээр Их хурлын нийт 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ холимог тогтолцоогоор сонгууль явагдана. Бүр тодорхой тайлбарлавал сонгогч та нэр дэвшигч болон нам, эвслийн нэрийг дугуйлна. Нам, эвслийн тухайд ойлгомжтой. Саналын хуудас дээрээс аль нэгийг нь сонгосноор санал авсан хувиасаа шалтгаалан 47 хүнийг намууд хуваан парламентад оруулна. Тэгвэл нэр дэвшигчдийн нэрийг дугуйлах гэдэг нэлээд толгой шаардсан ажил болох бололтой. Яагаад гэвэл сонгуулийн тойргийг бүсчлэн томсгосон бөгөөд үүнтэйгээ уялдуулан мандатын тоог үлэмж нэмж, 79 хүн тойргоос сонгогдохоор хуваарилсан. Хоёрдугаар тойрог болох Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт л гэхэд нийт 10 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Тавдугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг ч гэсэн ялгаагүй ийм. Тэгвэл эдгээр тойрогт томоохон нам, эвслүүд өөрсдийн хүнээ нэр дэвшүүллээ гэхэд л багадаа 40 хүний нэр саналын хуудаснаа бичигдэнэ. Жижиг намууд оролцвол энэ тоо улам л нэмэгдэнэ. Тиймээс л энэ олон хүний нэрийг дугуйлахад алдаа мадаг гарах вий. Түүнийгээ дагаад баахан хүчингүй саналын хуудас гарах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа хэрэг. Мөн сонгуулийн тойрог хуваалт дээр Улаанбаатар хот харьцангуй мандат цөөн, хялбар харагдаж байгаа ч бас л тийм биш. Жижиг намууд, бие даагчдын гол горилдог, хууль барих дээд байгууллагад сонгогдох мөрөөдлөө биелүүлэхийг зорьдог газар нь нийслэл. Тиймээс зургаан тойрогт хуваасан нийслэлд 2-6 мандаттай ч гэсэн нэр дэвшигчид орон нутгаа бодвол хэд дахин илүү байна. Үүнийгээ дагаад хүчингүй болон цагаан саналын хуудас гарах эрсдэл нь тэр хэрээрээ өндөр байгаа юм.

Дээр дурдсанчлан сонгуулийн саналын хуудас энэ удаад хэтэрхий олон хүний нэр, нам, эвслийг жагсаан бичсэн нүсэр урт байна гэдгийг хэлсэн. Гэхдээ нэр дэвшигчдийн нэр тодорхой болсны дараа саналын хуудасны тоо, хэмжээ батлагдах учиртай. Санал өгөхөөр ирсэн сонгогч нам, эвслийн нэрсээс нэгийг, харин нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүүлэн өмнөх зууван дугуйг нь дүүргэж будна. Хэрэв сонгогч мандатын тооноос илүү юм уу дутуу будсан бол төхөөрөмж уншихгүй бөгөөд ийм тохиолдолд дахин нэг удаа саналын хуудас авч болно. Ер нь сонгуулийн саналын хуудас унших төхөөрөмж буюу бидний нэрлэж заншсанаар “Хар машин” хоёрхон тохиолдолд л саналын хуудсыг унших боломжтой гэдгийг СЕХ-ноос хэлж байгаа. Нэгдүгээрт, тухайн саналын хуудсыг ямар нэгэн алдаа мадаггүй будсан. Хоёрдугаарт, ямар нэгэн тэмдэглэгээ огт хийгээгүй тохиолдолд л уншина. Сүүлийнх буюу огт тэмдэглэгээ хийгээгүйг нь бид “Цагаан сонголт” хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийт “Цагаан сонголт”-д уриалж, ийм сонголт нэлээд өндөр хувьтай гарч байсныг санаж буй биз ээ.

Бидний дунд өнөөдөр алга дарам цаасан дээр бичсэн зүйлийг нэг бүрчлэн уншаад, учир зүйг нь олчихдог хүн нүдний гэм болсон. Үүнийг цахим орчин дахь зарын доор бичсэн сэтгэгдлүүдээс харах бүрэн боломжтой. Мах зарна гээд үнэ, ханшийг нь тодорхой биччихээд байхад л доор нь хэдэн зуугаараа мэдээлэл авъя, үнэ хэд вэ гээд байхтай уншигч та нэг бус удаа тааралдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ байдал дөрвөн жилийн өмнөхөөсөө ч улам даамжирч, хүндэрсэн. Улмаар бүр хүрээгээ тэлж өргөжсөн. Яг л ингэж асуудалд ханддаг болсон, аливааг гүйцэд уншихаа больсон нөхөд л энэ удаад сонгууль өгнө. Харин тэд саналын хуудас дээрх 40-60 нэрийг бүгдийг уншаад, сайн муугаар нь дэнслээд, сайн сонголт хийнэ гэдэг эргэлзээтэй. Яах вэ, хуулийн дагуу бол сонгогч нэг удаа дахин саналын хуудас авах бүрэн эрхтэй. Гэвч эхний удаад бүрэн ойлгоогүй нөхөр дараагийн удаа үнэн зөв бөглөнө гэдэг юу л бол. Тэгэхээр сонгуулиа өгөхөөр зориод очсон хүмүүсээс хэчнээн хүнийх нь санал энэ мэт байдлаас болж үнэгүйдэх, хүчингүй болохыг өнөөдөр тааж хэлэхэд бэрх. Дээрээс нь хүмүүс маш хурдан залхдаг, уйддаг болсон. Тэгэхээр эхний удаа өгсөн саналыг нь уншихгүй бол шууд хаяад гарах нь ч олон байна вий. Мөн гар утас, компьютерт ойрын хараагаа алдчихсан 40-өөс дээш насныхан тэр олон нэрийг уншиж гүйцээх гэж хэсэгтээ л юм болно. Тэгээд л залхана, хаяна. Энэ мэтчилэн олон зүйлээс шалтгаалан шинэ сонголт

хийгдэх, ард түмэн нэгэнт залхчихаад байгаа төрийн эрх баригчдыг сольж чадахгүйд хүрч магадгүй. Учир нь эрх баригч МАН-ын хатуу дэмжигчид хаа очиж хуучин цагийн сэхээтнүүд гэдэг утгаараа аливааг

бүрэн гүйцэд, ягштал хийж, нам засгийн даалгаврыг тултал гүйцэтгэж ирсэн туршлагатай. Дээрээс нь төрийн албан хаагчид гэж нүсэр армийн сонголт ч бий. Тэгэхээр алд дэлэм сонгуулийн хуудас, арав хорин нэрсийн жагсаалтаас эрх баригчид л илүү хожих боломжтой гэж харагдаж байна. Үүнээс гадна УИХ-ын энэ удаагийн сонгууль нийтээрээ биш ч гэсэн нэлээд хэдэн тойрогт дахин явагдах эрсдэл бий. Мэдээж татварын буюу ард түмний мөнгөөр л дахин сонгуулийг явуулж таарна. Харин сонгууль дахиж явагдсан тохиолдолд тухайн үеийн эрх баригчид үнэмлэхүй ялдаг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр энэ бүхэн бол эрх баригчдын хүсч, хүлээж байгаа гол зүйл гэхэд нэг их хилсдэхгүй. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-ны баасан гаригийн 07.00-22.00 цаг хүртэл явуулах цаг хугацааны хуваарийг СЕХ-ноос гаргасан байна. Хуульд бол уг нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна хэмээн заасан. Харин энэ удаа баасан гаригийг сонгосон нь бас л ирц хүрэхгүй байх магадлалыг бий болгож байна. Дээрээс нь сонгуулийн саналыг авах болон эхлэх цаг ч гэсэн нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай тэр бүр уялдсангүй. Учир нь өнөөдөр Монгол Улсад бараг л ажлын дөрвөн өдөртэй болсон. Долоо хоног бүрийн баасан гариг шоу цэнгээн, амралт зугаалга, агаар салхинд гарахад зориулсан өдөр болж хувирсан. Тэгэхээр урин дулаан цагийн эл өдөр сонгуулиа өгөхөөр дараалалд зогсох хүмүүс нь хэд байх бол оо. Дээрээс нь сонгуулийн дүн мэдээ амралтын өдрүүдээр гарч таарах нь. Тийм болохоор ажлын өдөр л байх ёстой учраас долоо хоногийн дундуур сонгуулийн санал авах өдрөө тавьж өгөх ёстой байлаа. Мөн саналыг 07:00 цагаас авч эхлүүлсэн нь ч амьдралгүй шийдвэр болчихоод байна. Харин 10:00-00:00 цаг хүртэл байсан бол өглөө сэрдэггүй, оройн унтдаггүй бидэнд хамгийн боломжийн үе байх байлаа. Тэгж байж л сонгуульд саналаа өгөх иргэдийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна дахин, дахин сонгууль явуулж, татварын мөнгийг үрэхгүйн тулд сошиал орчинд сонгуульдаа идэвхтэй оролцох тухай уриалгыг тогтмол явуулах шаардлагатай байна. Сонгууль болох долоо хоногт бүр битүү явуулах хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн өдөр зай завсаргүй сонгуулиа өгөхийг уриалж та өнөөдрийн 20 төгрөг горьдох биш ирэх дөрвөн жил амьдарах амьдралаа шийдэж байгаа шүү гэж ухуулах хэрэгтэй. Хэрэв иргэд сонгуульдаа идэвх муутай оролцож, ирсэн нэг нь дээрх шиг алдаа мадаг гаргаж, залхвал дээр хэлсэнчлэн өнөөгийн эрх баригчдад л ашигтай. Угаас тэд өөрсдөдөө ашигтай байх хувилбарыг сонгож, зарим нам, эвслээр түүнийгээ хүлээн зөвшөөрүүлсэн нь одоогийн Сонгуулийн тухай хууль болоод бүсчилсэн тойрог гэдгийг зарим судлаач, улстөрчид хэлж байгаа юм