Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ DNN.mn

GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ. 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрчээ. CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Үүний үр дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.

Түүнчлэн 2023 онд эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, нийт экспортын орлого цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан,  ДНБ 63.3 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам.долларт хүрсэн төдийгүй Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан зэрэг эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг тэмдэглээд эдгээр өсөлтийн үр дүнд “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн монголчуудын оюун санааны ертөнцөд болсон томоохон үйл явдал буюу 266 жилийн дараа монгол Богдтой болж, Гүюг хаан хариу захидал илгээснээс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын пап Францис анх удаа Монгол Улсад айлчилсан, тогтолцооны реформ хийснээр жалга довын үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан шинэ 30 жилийг эхлүүлсэн зэрэг нийгмийн томоохон үйл явдлуудыг дурдаад “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор үлдэх он болж өнгөрлөө гэв.

Тэрбээр Монгол Улс 2023 онд олон улсад “Welcome to Mongolia” үндэсний брэндийг тунхаглаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг дэвшүүлэн,  төр, хувийн хэвшил түншлэлийн хамтын ажиллагааны эрхзүйн орчноо тодорхой болгож, маркетингийн зардлуудаа нэгтгэж, олон улсын тавцанд хамтран ажиллах томоохон амбицыг санаачилсан. Харин 2024 онд Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлан, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ хэмээв. Энэ нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна хэмээлээ.

MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр  зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор энэ оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үйлчлэхгүй бөгөөд бүх тоо хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Тэгвэл маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

О.Насанбурмаа: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлээд дэвжээнд гарсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….

Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо бол­сон чөлөөт бөхийн Азийн авар­гаас 67 кг-ын жинд гавьяат тамир­чин Очирбатын Насан­бурмаа алтан ме­даль авч зургаан жил манай тамирчдын хүр­тээ­гүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо ав­чирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид ур­жиг­дар эх орон­доо ир­сэн байна. Тэд­ний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүү­дэд болох “Mongolian open” тэм­цээний бэлт­гэлд гара­хаар Эр­дэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавь­яат тамирчин Очир­батын Насан­бурмаа­тай ярилцлаа.


-Чөлөөт бөхийн ти­вийн аварга шалга­руу­лах тэм­цээнээс алтан медаль хүрт­­сэн танд баяр хүргэе. Өнөө жи­лийн Ази тивийн авар­гын тэмцээний тухай ярихгүй юу?

-Би өмнө нь Ази ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаа­гаа орол­цохдоо алтан медаль хүрт­сэндээ туй­лын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хү­лээ­сэн чөлөөт бөхийн ти­вийн аваргын алтан ме­далийг хүртэж чадсан болохоор сэт­гэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насан­бурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хан­гагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.

-Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ…

-Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд өмнө нь хоёр удаа орол­цохдоо би мөнгө, хүрэл медаль хүр­тэж байсан. Өсвөр за­луучуудын ангилалд би мөн медаль хүртэж бай­сан. Энэ удаагийн алтан ме­даль миний хувьд Азиас ав­сан 10 дахь ме­даль болж байгаа юм.
-Азийн аваргаас ал­тан ме­даль хүртсэн бо­ло­хоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж бай­гаа хэрэг үү?

-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэм­цээнд орол­цож байгаа болохоор бэлтгэл ерөн­хийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлт­гэл­дээ гарах гэж байгаа минь энэ. 10 га­руй­хан хоногийн дараа эх оронд маань “Мon­golian open” тэмцээн бо­лох гэж байна. Тийм бо­ло­­хоор бэлтгэл сургуу­лилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч би­дэнд байнгын бэлтгэл зайлш­гүй хэрэгтэй байдаг.

-Та Азийн аваргаас ал­тан медаль хүртсэн ч бусад та­мирчдынхаа тухайд ямар бо­долтой байна вэ?

-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэг­тэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамир­чид хүч­тэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамир­чид хүчтэй өрсөл­дөг­чийн хэмжээнд хүр­сэн. Чө­лөө­тийн эмэгтэй та­мирчид маань цөө­хүү­лээ ч гэсэн сай­хан ба­рилдаж багаараа гу­рав­дугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээндээ хүч үзнэ гэсэн бодолтой бай­гаа.

-Таны хувьд Казахс­тан, Хятад, Энэтхэгийн тамирч­дыг хожиж авар­гын алтан медаль хүрт­сэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүү­хэн болсон доо?
-Миний хувьд эхний той­рог­тоо Казахстаны бөх За­рина Кунанга­рае­ваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт та­мирчин, Лондонгийн олим­пийн мөнгөн ме­дальт Риксие Жингийг ял­сан. Өмнө Риксие Жинг­тэй алтан цомын тэм­цээнд таарч барилдан ялаг­даж байсан боло­хоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хята­дын тамир­чин­тай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бу­ка чи амлалтандаа хүрээ­рэй” гэж билээ. Энэт­хэгийн тамирчин нутгийн­хаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр бай­­­сан. Нутгийн иргэ­дийн уухайн түрлэг үнэн­дээ л нү­сэр сонсогдож байлаа. Энэт­хэгт байгаа Монголчууд маань цуг­ла­чихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чи­хэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед ба­рил­даан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүү­лийн оноо авсан гэдгээ­рээ би хожсон. Дараа­гийн үед нь 5:2-ын харь­цаатайгаар би хож­со­ноор Ази тивийн аварга болж чадсан.
-Зургаан жилийн да­раа эх орондоо алтан медалийг авчирсан бо­лохоор ме­далийн тав­цанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?

-Хамгийн анх Отгон­жар­гал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн авар­гаас алтан медаль хүр­тэж байсан юм. Мөн Монгол Ул­сын гавьяат тамирчин Ц.Энх­­жаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан меда­лийг хүртсэн байдаг. Миний энэ удаа­гийн тивийн аваргын ал­тан медаль чө­лөөтийн эмэг­­тэйчүүдийн Азийн авар­гын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад ма­найхан алтан медаль хүртэж, авар­гатай болно гэсэн зо­рилготой байсан. Медалийн тавцанд зог­сож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол тө­рийн алтан соём­бот дал­баа намирч, төрийн дуу­ллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуу­чуудын Азийн аваргад тү­рүүлэн төрийн дууллаа эг­шиг­лүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгч­дийн 67 кг-д тивийнхээ аварга бол­чихоод зогсож байхад сайхан л юм би­лээ.

-Та 63 кг-ын жинд ба­рилддаг байсан. Харин олим­поос хойш 67 кг-ын жинд барилдаж байгаа ха­рагд­лаа. Цаашид ч уг жин­дээ барилдах уу?

-Намайг бөхийн спор­тод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин ха­суул­даггүй бай­лаа. Өс­вөр, залуучуудад байх­­даа 60, 65 кг-д барилд­даг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Ба­куд болох “Алтан гран при” тэм­цээнүүдэд уг жин­дээ барилд­ах байх. Цааш­даа бэлтгэл сургуу­лилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барил­даж байгаа юм.
-Азийн аваргаас дөн­гөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлт­гэл­дээ гарах юмсан гэж бодож байв уу?
-Бид өөрсдөө дур мэ­дэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөв­лөгөөний да­гуу амрах үедээ амарч, бэлт­гэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоно­гийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлт­гэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бо­дол­­цох хэрэгтэй.

-Азийн аваргад орол­цож байхад Энэт­хэгийн халуун ду­лаан уур амьсгал, хоол хүн­сэнд дасахад бэрх­шээл­­тэй байсан биз?
-Манай тамирчдын хувьд бэлт­гэл сургуулилт нь үнэхээр сайхан таар­сан байсан. Шиг­шээ ба­гийн тамирчдаас хэд­ хэ­дэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бо­дож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байд­лаас шалт­гаалан хүссэн амжилтаа гар­гаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж би­дэнд байсан гэж бод­дог. Яа­хав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид бид­нийг олон тэм­цээн шил шилээ даран хү­лээж байгаа. Манай эрэг­тэй­чүү­дийн хувьд аварга бо­ломж байсан. Барил­даа­ны явцад сүү­лийн оноо­гоор хо­жих боломжтой байсан ч сүү­лийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гар­сан.
-Ямарваа нэгэн тэм­цээн уралдааны үед шүүгчдийн зүгээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гар­даг вэ?

-Хэн одтой, хийморь­той байгаа нь түрүүлдэг. Тэмцээ­ний үед багш на­рын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөн­хий­дөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.

-Өнгөрсөн ч гэсэн Мон­голд болсон эмэг­тэй­чүү­дийн багийн “Дэл­хийн цом”-ын тэм­цээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүрт­сэн дээ?
-Манай эмэгтэй та­мирч­­дын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барил­даж байгаа. Эмэгтэй чө­лөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөг­жиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гар­га­сан. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнээс эхний найман байрт шал­гарсан баг дэлхийн цо­мын тэмцээнд зодог­ло­дог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шал­­гардаг байлаа. Жил бүр ба­гийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэл­хийн цомын тэмцээнд санасандаа хүртэл ба­рил­даж чадаагүй боло­хоор харам­салтай л бай­даг. Гэхдээ цаа­шид бэлт­гэлээ л сайн хийгээд бай­хад аварга болох боломж бий.
-Сүүлийн жилүүдэд эрэг­­тэй тамирчдын ам­жилт буурсан. Энэ удаа­гийн Азийн аваргаас алтан ме­даль хүртээ­гүй ч дориун сайхан оролц­чих шиг бол­лоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?

-Чөтөөл бөхийн спорт хэ­цүү л дээ. Барьцгүй барилд­даг болохоор та­мирч­наас асар их тэв­чээр, хөдөлмөр шаард­даг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн ца­гаас хойш ахмад үеийн та­мирчид маань олон сай­хан амжилт гаргасан бо­ло­хоор байнга биднээс амжилт нэ­хэж, сайн сай­хан явахыг шаард­даг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л ме­даль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын та­мирч­даас ду­тах­гүй. Эрэгтэй тамирч­даа цаашид өндөр ам­жилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Ман­дах­наран маань Азийн аварга болох боломж дүүрэн бай­сан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө ав­сан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүрт­сэн.
-Нэгэнт л чөлөөтийн та­мирчинтай уулз­саных чө­лөөт, сонго­мол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуул­гүй өнгөрч болох­гүй нь. Таны бодлоор чө­лөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?

-Би бол өөдрөгөөр л харж бай­гаа. Анхны олим­­пийн наадам зо­хиог­доход л чөлөөт бө­хийн спорт байсан. Тийм болохоор хасаг­дахгүй байх аа.

Биднийг ийн ярилцаж бай­­­хад чөлөөт бөхийн эмэг­тэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгал­жуу­лагч Т.Сүх­баатар гавь­яат тамирчин О.Насан­бурмааг бэлт­гэлдээ явъя хэмээн хэ­дэнтээ дууд­сан тул бид­ний яриа энэ хүрээд өн­дөр­­лөсөн юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….….

Монгол Улсын гавьяат жүжигчин Чинбатын БатЭрдэнэтэй ярилцлаа.


Дөрвөн жилийн өмнө алсын Ирланд руу сурахаар мордсонСургуулиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээИнгэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ?

-Хоёр сарын өмнө Мон­голдоо ирлээ. Цээж дүүрэн амьсгалаад сайхан байна. Энэ хугацаанд эх орноо, ах дүү амраг садан, Монголын ард түмнээ ямар их санасан юм бэ гэдгээ мэдэрсэн. Сур­гууль соёлын тухайд гэвэл мастерын дараах сургалтад манлайлан удирдах чиглэ­лээр сураад төгслөө.

Удахгүй өөрийн бие даасан тоглолтоороо Монголын ард түмэндээ бэлэг барих гэж байна гэж дуулсанХамгийн сүүлд таван жилийн өм­нө тоглолтоо хийсэн байх аа?

-Бие даасан тоглолтоо хийлгүй дөрвөн жил гаруй,  бараг таван жил болчихсон байна. Энэ хугацаанд гэхдээ зүгээр байгаагүй.  Олон уран бүтээлчидтэй хамтран ажил­лаж, амралтаараа хоёр гур­ван ч дүү нарынхаа тоглол­тыг зохион байгууллаа. Найз нөхөд, уран бүтээлч андууд, ард түмнийхээ хүсэлтээр тоглолтоо хийхээр болсон. Хэдэн жил уран бүтээлийн тоглолт хийгээгүй болохоор аятайхан тоглолт хийчих юм­сан гэж л хичээж явна.  Дө­рөвдүгээр сарын 17, 18-нд тоглохоор төлөвлөсөн. Анх­ны бие даасан тоглолтоо  2003 онд хийж байлаа. Ту­хайн үед нээрээ “Хонхны нулимс” тоглолт маань тэр үеийхнийгээ залуусыг хошуу­руулж л байлаа. Зохиолын дуу ид хүчээ авч байсан үеийг ч хэлэх үү. Түүнээс хойш  нийт долоон удаа бие даасан тоглолтоо ард тү­мэндээ тай­лагнажээ. Зургаан удаа эх орноо нар зөв бүтэн тойрсон. Энэ удаагийн тог­лолт ч гэсэн өмнөх тоглолтуу­дын үргэлж­лэл байх болно. Харийн оронд хэдэн жил боллоо. Монголчуудтайгаа, тэднийхээ халуун алга та­шил­тан дунд хоёр оройг өн­гө­рөөмөөр бай­на шүү. Дуу­чин хүнд урам зориг эрч хүч өгч байдаг халуун сэтгэл, алга ташилтыг ахин мэдэрмээр байна. Энэ удаагийн тоглолт “Хонхны нулимс”-ыг тоглох гэж байсан үе шиг л эрч хүч, энерги, сэтгэл догдлолыг на­дад өгч байна даа. Тайзан дээрээ хурдан гарах юмсан гэж бодохоос цаг хугацаа хүртэл удаан өнгөрөөд ч байх шиг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн боло­хоор санасанд нь хүртэл тоглочих юмсан л гэж хичээж явна.

Харийн оронд байхад Монголын тухай юу бодогдож байх юмТоглолтынхоо нэрийг “Монголын тухай”  гэж нэрийдсэн байсан?

-Тоглолт маань “Монго­лын тухай” гэдэг нэртэй. Ми­ний дуулсан уран бүтээлүүд тэрхүү цаг хугацаа “Монголын тухай” байсан бол цаашид ард түмэндээ хүргэх уран бүтээлүүд хүртэл “Монголын тухай” байх юм. Бид ер нь Монголынхоо тухай тэр сайн сайхан зүйлсийг дуулдаг юм байна. Уур амьсгалаас эх­лээд аж байдал, үнэт зүйл, тэрхүү соёл бүрийг дуу бол­гон ард түмэндээ илгээдэг нь дуучид бид юм. Нэг аав, ээжийн тухай дуулахад л Монгол аав, ээжийн тухай дуулдаг. Газар нутаг, эх орон, элгэн садан, уул ус, ургамал амьтан тэр бүгд Монголын тухай юм байна гэж бодсон. Р.Чойном агсны “Сүмтэй бударын чулуу” номонд

Гүн зузаан хөвчийнхөө тухай

Гүйдэлгүй жороо мөрөн голынхоо тухай

Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай

Алдалсан ч үзүүр нь газар хүрдэггүй хадагны тухай гээд шүлэг байдаг. Тийм ч болохоор би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон. Ма­гад­гүй дэлхий дээрх долоон тэрбум хүнээс би монгол гэж ялгарах онцлог нь энэ байж мэднэ.

Харьд байгаа хүн бол эх нутгаа, тэр ахуйгаа үгүйлдэг юм билээ. Ирландад очоод эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж хүртэл бодогдсон. Хөгжчихсөн хот хөгжиж байгаа хот хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэвчиг бид юуны төлөө, хэний төлөө яваад байгаа юм бэ гэх бодол адгаж эхэлсэн. Өнөө­дөр бид хэн байсан, хэн бай­гаа, одоо хэн болох гээд бай­гаа юм гэдгийг бүгдээрээ бие биенээ­сээ асуумаар санагд­сан. Бид америк, солонгос болох гээд байгаа юм уу эсхүл монго­лоороо байх гээд бай­гаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгож гэмээ нь бид урагшаа зүтгэх ёстой. Эх орноо гад­наас харахад болж бүтэж байгаа зүйл харагдаж байхад болохгүй байгаа нь харагдаж  л байна. Монгол­чууд омогтой, ууртай болсо­ноос эхлээд янз бүрийн зүйл харагдаж байна шүү дээ. Яваандаа энэ бүхэн илаар­ших байлгүй.

-Монголд ирээд Алтай нутгаараа очив уу. Өдийд уулсын сэрвээ­гээр эрэмгийн салхин исгэрсэн нэг тийм таа­вар ч гэмээр юм уу хавар болж байгаа байх даа?

-Сайхан хавар болж бай­гаа гэж бодож байна. Ах дүү хамаатан садангууд нутагтаа байгаа болохоор ийм байна, тийм байна гэж хэлдэг. Ирээд нутаг явж амжаагүй байгаа. Харин тоглолтоо дуусгаад 21 аймагтаа очиж ая дуугаа өргөнө.

Хэзээнээс аялан тог­лол­тоо эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 22-ноос эхэл­нэ. Нэг сарын дотор эх орноо бүтэн тойрчих болов уу гэж бодож байгаа.

-Манай хамтлаг дуучид аялан тоглолт хийхээ­рээ аймгийн төв томоо­хон хотуудаар л явчи­хаад ирдэг. Тэдний цаа­на өчнөөн суманд олон хүн уран бүтээлчдээр цангасан байдаг?

-Бүх сумдаар аялан тоглох боломж бий. Урлаг соёл хэнд  яаж хүрэх  вэ гэдэг Төрийн бодлого байх ёстой.  Соёлын тухай хуулинд ч байгаа. Уг нь сум бүрт ард иргэддээ үйл­чилдэг урлагийн хүмүүс нь байгаа. Ч.Бат-Эрдэнэ бүх сумдаар очно гэвэл асуудал­тай. Бүтэн жилийн хөтөлбөр боловсруулж байж бид сум бүрт очно. Магадгүй удахгүй тийм боломж нээгдэх биз. Өнөөдөр уран бүтээлчид өөрс­дийн уран бүтээлээсээ олж буй хэдэн төгрөгөөсөө зардалаа гаргаад орон ну­тагт очиж байгаа нь үнэлүүш­тэй. Бидний хэдэн уран бүтээлчид жим гаргаснаас хойш Монголыг сарын дотор тойрдог болсон. Тэр жимээр л яваад байгаа. Удахгүй энэ өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. “Хонхны нулимс” тог­лол­тоо ард түмэндээ хүргэх гэж 45 хоногт монголоо тойр­сон. “Хайрын хишиг” тоглол­тоос эхлээд хугацаа нь богино болсон. Хамгийн сүүлд Г.Эрдэнэбат гавьяаттай хамт “Хит” тоглолтоо 28 хоногт бүх аймагт тоглосон. Бүх аймагт 28 хоногийн дотор уран бүтээлээ хүргэсэн хүмүүс бид хоёроос өөр байхгүй байхаа.

Ирландад байхдаа уран бүтээлээ хийж байв ууТаныг гавьяат болоод л таг болчихлоо гээд байгаа?

-Гавьяат болчихлоо гээд өөрөө л дуулаад байх нь тийм ч сонин биш. Өөрийн дотор байгаа зүйлээ гадагш нь гаргахын тулд уран бүтээлч дүү нартаа олон ч уран бүтээл зориулан хийж өглөө. Бат-Эрдэнэ өөрөө дуулж, тоглолт хийж байснаас бидний араас гарч ирж буй нэгэн бүлийнхээ за­луу­сыг дуучны дайтай болго­чих юмсан гэж хичээлээ. Дуу­чин Д.Намсрайноров, П.Идэр­жавхлангийн тоглол­тыг хийлгэлээ. Үүнийг хий­хийн тулд би төр түмнийхээ хайр хишгийг хүртсэн гэж ойлгож байгаа. Дэлхий дээрх бүх хүмүүсийн дотор Бат-Эрдэнэ гэж хэн бэ. Ямар байх ёстой вэ гэдгээ мэдэхийн тулд би Ирланд явсан. Монго­лынхоо урлагийг хариас нэг харъя. Дэлхийн урлагийн үнэт зүйлийг судалъя гэж л бодсон. Бид дотор талдаа талцсан, бужигнасан хүмүүс байгаад байдаг гаднаас ямархан харагдаж байгааг мэдэхийг хүссэн.

Урлагийн салбарт ам барих явдлыг цэгцэлье гээд байгааНийтийн дуучдыг л ам барьдаг гэлцэх юм?

-Нийтийн дуучид ам барь­даг гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө “но”-той. Дуучид ам бариад байгаа юм бол хэн нь ам бариад байгааг шалгаад гаргаад ир л дээ. Монголчууд хаана ч явсан  ардын дууны үргэлжлэл нийтийн дууг л дуулдаг, дуулцгааж байна шүү дээ.   Урлаг гээд нэг том мод байлаа гэхэд түүнээс салбарласан мөчрүүдийг алийг нь ч муу хэлж чадахгүй. Яагаад гэхээр энэ чинь өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Өнөөдөр хошин урлагийг муулаад л байна. Гэтэл цаа­на чинь хүмүүст өгөх ёстой эрч хүч, инээд баясал, тэмүү­лэл, итгэл үнэмшлийг өгч чадаж байгаа. Үүнийг муу­лаад л байж болохгүйтэй адил юм. Рок попын дуучин гэхэд л өөрийн үнэт зүйлтэй болохоор харин түүнийг нь судлах хэрэгтэй. Манайд энэ муу, энэ сайн гэсэн нэг ойл­голт яваад байгаа. Ийм байж болохгүй. Сайн, муу гэдгийг хэн шүүгээд байгаа юм. Цаг хугацаа өнгөрсний дараа түүх шүүгээд өгнө. Харин түүхийг хэн ч шүүдэггүй. Түүнээс биш хэн яаж дуулж байна вэ гэдэг нь сонин. Дуучид болгон л өөр өөрс­дийн гэсэн өнгөтэй шүү дээ. Дуугаа хэр­хэн амьдруулж байгаа нь л сонин.

Сүүлийн үед дууны яруу найраг элгээрээ хэвтэж байнаҮүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Шүлэг гэж яг юуг хэлдэг юм бэ. Тодорхойлсон тодорхой­лолт байна уу. Б.Галсансү­хийн “Бурхан чамд хэлэх нэг зөвлөгөө байна Чи битгий хуц аа” гээд энэ шүлэг л байна шүү дээ. Үүнийг хэн шүүх юм. Харин логикийн алдаа байж болно. Ээжийн тухай бичиж байгаад ээжийгээ чулуутэй зүйрлэвэл цагаан цайлган сэтгэл энэ тэр нь алдагдах жишээтэй. Юуг яаж бичиж байгаа нь чухал биш. Түүнийг хүн хүлээж авч байна уу гэдэг нь чухал байхгүй юу. Шүлгийг ингэж бичнэ гэх юм бол бүгд нэг хайрцаганд орсон шүлэг бичнэ биз дээ. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж, туур­виг хамаагүй. Би бол бүр халбага, сэрээ, ундааны соруул­ны тухай дуу байхгүй байгааг гайхдаг. Яагаад энэ тухай бичихгүй байгаа юм бэ. Бичих ёстой шүү дээ. Тэр дууны шүлгийг ойлгохгүй бол дахин дахин унш л даа. Хүмүүс яруу найрагч, шүлэгч л гээд байх юм. Яг алийг нь яруу найрагч, алийг нь шүлэгч гэж нэрлэдэг юм бэ. Хүний оюунаас гарсан өмчийн бү­тээ­лийг нэг нөхөр шүүмжилнэ гэдэг их зориг байгаа биз.

-Халтуурны гэгдэх за­хиалгын уран бүтээ­лүүд уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуу­лаад байгаа даа?

-Уран бүтээл бүтээх нь уран бүтээлчидэд нээлттэй ганцхан тэр нь хуулийн дагуу л байх ёстой. Ямарваа нэгэн зүйлд хэмжүүр тогтоох гэдэг учир дутагдалтай. Оюуны өмчийн хууль гэж айхтар том юм байна шүү цаана чинь Монгол Улсын хил гараад л бүгд адилхан л хүмүүс. Тий­мээс бид бие биедээ хүндэт­гэлтэй хандаж хийж байгаа уран бүтээлийг нь ч гэсэн шүүмжилхээсээ өмнө зөвөөр ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнд хэмжүүр тавиад байх шаардлага ч байхгүй.

-Тэгвэл “Халуун элгэн нутаг” шиг ч юм уу. Тийм сайхан дуу төрөхөө байжээ гэх болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би энэ ойлголтоос хол байдаг хүн. Уламжилдаа суу­рилсан хөгжил яваад байгаа. Хөгжөөгүй юм бол энэ олон зохиолч байгаад яах юм. Тэр олон хөгжмийн зохиолч, дууч­дыг сургаад яах юм. Эд юу бүтээх гээд ингэж олноороо төрөөд байгаа юм бэ. Нийгэм хөгжихийн хирээр цаг мөч бүртэй уралдан хүмүүс хөг­жиж байна. Өглөө бүр хүмүүс шинэ сайхныг мэдэрч, харж байгаа. Уламжлал, шинэчлэ­лээ аваад л явж байгаа гэж боддог. Үүнийг хөгжил гэж ойлгож байгаа юм уу эсхүл хүний амьдрал үргэлжилсээр байгаа гэж ойлгож байгаа юм уу. Монгол Улс хөгжөөд бай­гаа юм уу эсвэл энэ чигтээ байсаар байх уу. Магадгүй бид 70 нас хүрчихээд “Бид­ний үеийнх шиг дуу гарахаа байж ээ” гэж байх ч юм билүү бүү мэд. Дууг хэдэн жил нас­лахыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Хувь хүмүүсийн салах нийлэх олонд хамаагүй ч дуучин Э.Оюумаа та хоёрын тухай янз бү­рээр ярих юм. Саллаа, буцаад нийллээ гээд байгаа?

-Миний алдаа гэвэл энэ л байсан. Би ямар мундаг гайхалтай зүйл хийчихсэн биш үүнийг би яриад байхыг хүсдэггүй. Миний хувьд цамц­ныхаа товчийг зөрүүлээд товчилчихсон байсан юм аа. Одоо харин зөв товчлох гэж хичээж байна.

-Олон зүйл дээр сай­хан ярилцлаа. Таны ху­вьд “Монголын тухай” тоглолтдоо шинэ уран бүтээлүүдээ дуулах уу. Эсвэл бусдын адил хуу­чин дуунуудаа дуулах гэж байна уу?

-Мэдээж шинэ уран бүтээ­лээ үзэгчдэдээ хүргэнэ. Үүний зэрэгцээ шилдэг уран бүтээлүүдээ хүртэл эгшиг­лүүлнэ дээ. Хуучны сайхан дуунуудаа сэргээн дуулах болно.

-Таны дуу болгон өөрийн гэсэн түүхтэй байх. Гэвчиг үүн дотроо сэтгэлд тодхон дур­самж үлдээсэн ямархан бүтээл байдаг бол?

-Яалт ч үгүй бүгд л өөрийн гэсэн түүхтэй. Яахав хамгийн сайхан дурсамжтай нь “Хонх­ны нулимс” дуу минь юм аа. Бүх зүйл дээр л “Хонхны ну­лимс” дуу хамгийн түрүүн сэтгэлд буудаг. Оюутан байх­даа халаасандаа мөнгөгүй байхад Аранзаа ах, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа эгч хоёр надад туслаж хямд үнээр дууг нь минь үнэгүй шахам бичиж өгөөд л. Энэ мэтчилэн хараад байхад хамгийн дурсамжтай нь яах аргагүй “Хонхны ну­лимс” байгаа юм. Ганц дуутай хүн шиг л “Хонхны нулимс”-аа ярьж байна даа. Гэхдээ анхны уран бүтээлд гэдэг бол яалт ч үгүй л дурсамжийн эхлэл юм .

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.01.01 / ДАВАА ГАРИГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН
НЭГ ЦАГААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 08.42-17.09
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага:  Хурьцахуй

Суудал: Гал

Аргын тооллын 1 сарын 1, Сумьяа гариг. Билгийн тооллын 20, Бага морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 9 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 01-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19…-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023-2024 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, улс үндэстнээрээ улиран одож буй оныхоо ажил үйлсийг дүгнэн цэгнэж, ирж буй шинэ ондоо эрч хүч, хүсэл тэмүүлэл, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, халуун ам бүл, хайртай бүхэнтэйгээ хамтдаа шинэ оноо сэтгэл догдлон угтдаг хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2023 он хүн төрөлхтний хувьд геополитик, геостратеги, байгаль цаг уурын гээд амаргүй хүнд цаг үе байсан хэдий ч монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн, хүнсний үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжиж, түүх соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа.

Мөн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.

Монгол Улс энэ жил НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай боллоо.

Үүний зэрэгцээ Монгол Улсаас анх удаа олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч сонгогдож, Монгол Улсын иргэд визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, манай улсыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдлээ.

Энэ бол манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын бодит үр дүн, ололт амжилт юм.

Манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” хэмээн хэлснийг он солигдох энэхүү торгон мөчид тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм.

Иймээс Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, эе эвээ сахин бататгаж, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Шинэ бүхний эхлэл шинэ жилээ угтахаар халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ он солигдох торгон мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй шинэ ондоо хайр хүндлэлээр бялхаж, амжилт бүтээлээр оргилж, урам зоригоор бадарч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөн баярын энэ үдэш дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2024 онд даяар Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.