Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд гал түймрийн дуудлагагүй тайван хоножээ DNN.mn

Нийслэл хотын хэмжээнд объектын гал түймрийн 1503 удаагийн дуудлага бүртгэгджээ.

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр объектын гал түймрийн дуудлага мэдээлэлгүй тайван хонолоо.

Нийслэл хотын хэмжээнд 448 удаагийн техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр аврах ажиллагааны нэг дуудлагаар ажиллалаа гэж НОБГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

П.Жимсээ: Манай гэрийн хоймрын ор миний анхны тайз байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………….

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Пүрэвжавын Жимсээтэй ярилцлаа. Тэрээр энэ сарын 7-нд Монгол бөхийн өргөөнд “Нандин” тоглолтоо хийх гэж байгаа билээ.


-Таны бие даасан “Нандин” тоглолт удахгүй болох гэж байна. Тоглолтод тань ямар уран бүтээлчид оролцох бол?

-Миний бие даасан хоёр дахь тоглолт удахгүй үзэгчдэдээ хүрэх гэж байна. Би 2013 онд “Таван эрдэнэ” тоглолтоо хийж байлаа. Үзэгчдийн халуун, дулаан уур амьсгалтай сайхан тоглолт болсон.

Энэ удаагийн “Нандин” тоглолтын бэлтгэл ажил бараг дууслаа. Тоглолтод маань Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг, Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, О.Баянмөнх гэсэн сайхан уран бүтээлчид оролцож байгаа. С.Ганзориг гавьяаттай хамтран дуулсан “Ханийн хорвоо“ уран бүтээлээ хүргэнэ. Мөн тоглолтдоо хамгийн шилдэг гэсэн дуунуудаа дуулах болно. Сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Та “Таван эрдэнэ” дууг сэргээн дуулсан нь сонсогчдод маш их хүрсэн байдаг. Энэ дууг хамгийн анх ээж тань хонины бэлчээрт зааж өгч байсан гэл үү?

-Би Увс аймгийн Өмнөговь сумын харьяат. Малчин айлын охин л доо. Эгчтэйгээ хоёулаа гэрийнхээ хойд энгэрийн жалганд хургаа хариулаад, бас зүгээргүй дуулдаг хүүхэд байсан. Дуулах дуртай болохоор минь “Таван эрдэнэ” дууг ээж маань зааж өгч байсан юм. Ээж минь “Энэ ёстой сайхан дуу. Миний охин сайн сураарай” гэж байсан нь санаанаас гардаггүй. Тэр үеэс хойш байнга амандаа аялдаг байж билээ. Харин дуучнаар сурч эхлээд энэ дууг өөрийнхөө өнгө аясаар дуулж, дүрсжүүлэх юмсан гэж боддог байлаа. Энэ хүслийг минь сонссон юм шиг, дууны шүлгийг зохиосон Л.Лувсандорж гуайн ууган хүү Дуурсах гуай “Таван эрдэнэ дууг хэн сайн дуулах вэ” гэсэн бэсрэг тэмцээнийг зохион байгуулсан юм. Түрүүлсэн хүнийг “Таван эрдэнэ”-ийг дахин сэргээн дуулуулж аавынхаа гэгээн дурсгалд зориулах байсан юм билээ. Энэ тэмцээнд түрүүлсэн нь миний уран бүтээлийн гараа болж, үзэгчдийн танил болсондоо маш их баярладаг. Цагаан сарын үеэр цацагдаж, хүмүүст ч маш сайн хүрсэн. Олон хүн сайхан уран бүтээл боллоо гэж хэлж байсан. Булган сүүлтэй уран бүтээл гэж ихэд бэлгэшээдэг юм.

-Сүүлийн үед дуучид хуучны дууг маш их сэргээн дуулж байна. Сонсогчдын хүртээл болчихсон бүтээлийг дахин сэргээн дуулахад их хариуцлага шаарддаг байх?

-Би үүнтэй санал нэг байна. Мэдээж ард олны сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон дууг дуулна гэдэг маш том хариуцлага. Тухайн дууг анх дуулсан уран бүтээлчээс илүү гаргахгүй бол дуулаад ч хэрэггүй шүү дээ. Тиймээс миний хувьд “Таван эрдэнэ” дуугаа цацахаас өмнө хэд хэдэн мэргэжлийн хүнд сонсгосон. Маш сайн болсон байна гэсэн талархал ч сонсож байлаа. “Таван эрдэнэ” дуу маань Монголын радиогийн сүлд дуу шүү дээ. Тэр дууг цацагдсаны дараа Ц.Лхагвадаш захирал уулзаад “Миний дүү энэ дууг өмнөх дуучнаас ньдутахааргүй сайхан дуулж хүмүүст хүргэлээ. Маш их баярлалаа” гэж байсан.

-Та бол мэргэжлийн дуурийн дуучин. Яагаад нийтийн дуу руу орох болов?

-Би 2001 онд Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид орж Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн шавь болсон. Харин дөрөвдүгээр курсдээ Эрдэнэбаатартай хамтран Т.Найданжавын ая, Н.Баянмөнхийн шүлэг “Хайрын бороо” дууг дуулж байсан юм. Тэр үеэс хойш л нийтийн дууг дуулаад эхэлсэн дээ. Гэхдээ тэр сайхан хүний удирдлаган дор, дуурийн дуучин мэргэжлээр төгссөн болохоор энэ чиглэлээр уран бүтээл хийнэ.

-Увс нутгаас олны танил нийтийн дуучид нэлээд байдаг шиг санагддаг?

-Ер нь бол нийтийн дуучдын 60 хувь нь Увс нутгийнх байдаг шүү. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Л.Болдбаатар тэргүүтэй сайхан дуучид бий. Миний бодлоор нутаг усанд минь байгаа юм болов уу л гэж боддог юм. Манай нутгаас гаралтай дуучдын хоолойны өнгө, аяс их сайхан тослог, нүнжигтэй байдаг шүү.

– Урьд нь охидын “Vir­tuoz” хамтлагт дуулдаг байсан. Хамтлаг тань яагаад тарсан юм бэ?

-Манай хамтлагийг “Миний ээж тэмээчин” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэддэг юм билээ. Хамтлаг маань гурван гишүүнтэй, бид нэг ангийн найзууд байсан. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө юм байна шүү. Бид гурав сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа “Миний ээж тэмээчин” дууг хоолой салган дуулсан. Харин дараа нь хамтлаг байгуулъя гэж шийдэж хэд хэдэн уран бүтээл хийсэн. Хамтлагийн маань гишүүн Ирина казах охин. Ирина Казахстан руу яваад, харин Болорцэцэг гэр бүлтэй болсноор хамтлаг тарсан даа. Одоо ганцаараа л уран бүтээлээ хийж явна.

-Та бол их өнөр өтгөн айлын отгон охин. Гэр бүлд тань танаас өөр урлагийн хүн байдаг уу?

-Би таван ах, дөрвөн эгчтэй. Арвуулаа юм шүү дээ. Миний ээж, аав, эмээ, өвөө гээд бүгд нутаг усандаа алдартай сайхан дууч хүмүүс байсан. Тэр дундаа найр наадамд уртын дууг сайхан дуулдаг байсныг нутгийнхан их ярьдаг юм. Мөн миний ах, эгч нар бүгд сайхан дуулдаг. Гэхдээ надаас өөр урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүн байдаггүй.

Миний анхны тайз манай гэрийн хоймрын ор, харин үзэгч нь гэр бүлийнхэн минь байсан. Арвуулаа нийлж байгаад ээж, аавдаа зориулж орон дээрээ тоглолт хийдэг байлаа. Нэг нь хөтлөгч хийж бусдыгаа зарладаг. Яг дээд талын эгч маань надаас нэг л насны зөрүүтэй. Хүмүүс “Ихэр юм уу” л гэдэг байлаа. Тэр эгчтэйгээ хамт “Хундан цагаан хонио сүрэг сүргээр өсгөе дөө” гээдл дуулна. Намайг дуулах болоход заавал Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвжавын Жимсээ гэж зарладаг байсан юм. Гавьяат жүжигчин гэж зарлахгүй бол уурлаад гарч ирдэггүй байж билээ. Багын л дуулах дуртай хүүхэд байсан болохоор ээж минь анзаарч урлагийн хүн болгохоор шийдсэн. Хоёрдугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа найрал дууны дугуйланд явж эхэлсэн юм. Сургуулийн урлагийн үзлэгээр дандаа тэргүүн байр эзэлдэг, урлаг соёлын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байсан шүү. Харин зургаадугаар ангид байхад

ээж минь намайг Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд Соёлын тэргүүний ажилтан Ганчимэг багшийн шавь болгож байсан.

-Та хүүхэд байхдаа нэрээ солиулах гэж байсан гэсэн. Жимсээ гэдэг нэр нь таалагддагүй байсан хэрэг үү?

-Бага байхдаа нэрнээсээ их ичдэг байсан. Би Монголын хүүхдийн ордны дугуйланд байх үедээ найрал дууг гоцолно. Тоглолтын үеэр дуучин П.Жимсээ гэхээр л үзэж суугаа хүүхдүүд шоолж, инээлддэг. “Жимсээ гэнэ ээ, ямар тэнэг нэртэй юм бэ. Хорхойтсон алим аа” гээд л шоолно. Тэгэхээр нь л гэртээ ирээд ээж, аав хоёртоо “Надад яагаад Жимсээ гэдэг нэр өгсөн юм бэ. Хулан, Халиунаа гэж болоогүй юм уу” гээд л уйлдаг, уурладаг байж билээ. Ээж намайг аргадаад л “Ингэж болдоггүй юм миний охин. Энэ чинь өвөрмөц гоё нэр байхгүй юу. Миний охин өөрөө жимс шиг ийм хөөрхөн юм чинь” гээд л өхөөрддөг байсан.

Намайг мэндлэх жил нутагт маань урьд нь ургаж байгаагүй арвин их жимс ургасан юм билээ. Тийм болохоор аав, ээж минь бэлгэшээгээд Жимсээ гэдэг нэр хайрласан. Харин дунд сургуулиа төгсөх жилээ паспортын хэлтэс дээр очоод нэрээ солиулах гэтэл тэнд ажилладаг эгч “Чи эцэг, эхийнхээ өгсөн ийм сайхан нэрийг солиулах гэж байдаг. Тийм юм гэж байхгүй” гэж загнаад, уйлаад гарч билээ. Одоо бол энэ нэрэндээ их хайртай.

-Уран бүтээлчид хөдөө орон нутгаар аялан тоглолт их хийдэг. Тухайн үед тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Манай уран бүтээлчид, тэр дундаа нийтийн дуучид хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж, сонсогчидтойгоо уулздаг. Хөдөө, орон нутгийн үзэгчид маань байнга тоглолт үздэггүй учраас хүлээлттэй байдаг. Тэдэнтэйгээ уулзаад бид маш гоё энерги авна. Алга ташилт, нүдний харц бол үнэхээр гайхалтай. Өнгөрсөн жил Б.Мөнхбаяр найзтайгаа 21 аймгийг 45 хоногийн турш тойрсон. Хөдөө их яваад байхаар хотод удаан баймааргүй санагддаг шүү.

Залуу уран бүтээлчид явж байгаа учраас хөгжилтэй зүйлс бишгүй л тохиолддог юм. Нэг удаа Соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзий, Б.Пүрэвсэнгэ, Б.Мөнхбаяр бид хэд аялан тоглолтоор явж байлаа. Бид дөрөв хуучны дуунуудыг попури болгож дуулсан юм. Түүнийгээ дуулахаас өмнө Мөнхбаяр маань ая дуугаа өргөж, бид гурав тайзны ард хүлээж байв. А.Түмэн-Өлзий бид хоёр яриандаа улайраад харин Б.Пүрэвсэнгэ фэйсбүүк ухаад тайзан дээр гарахаа мартчихаж. Гэтэл клубийнх нь хүн “Та гурвыг дуудаад байна” гэдэг юм байна. Бид гурав ч яарч сандраад хам, хум тайз руу гүйчихсэн. Дуу эхлэх гээд л ая явж байтал А.Түмэн-Өлзий намайг нудардаг юм байна. Юу болсон тухай асуутал “Миний гутлыг хар даа” гэлээ. Гэтэл Түмээ маань гэрийн шаахайтайгаа гараад иржээ. Б.Пүрэвсэнгэ ч

“Нарлаг хорвоод жаргаах биеийг

Наддаа ээж минь заяасан билээ” гээд л дуулж эхэллээ. Б.Мөнхбаяр, А.Түмэн-Өлзий бид гурав инээгээд дуулж чаддаггүй. А.Түмэн-Өлзий “Өсгийтэй гутлаа тайлаад хэсэг хөлөө амрааж байгаад яарсандаа гутлаа ч анзаарсангүй” гээд үзэгчдээсээ уучлал гуйж билээ. Үзэгчид ч “Зүгээр ээ” гээд, бас бүгд инээгээд. Бараг арав гаруй минут инээцгээсэн байх шүү. Сүүлд нь үзэгчидтэйгээ хамтдаа дуугаа дуулж байлаа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярхүү: 10 аймгийн 22 суманд зудын нөхцөл байдал бүрдээд байна DNN.mn

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Та сая орон нутагт ажиллаад иржээ. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ус цаг уур орчны шинжилгээний газраас жил бүр зудын эрсдэлийн зураглал гаргадаг. Хамгийн эхнийх нь арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар гарсан. Энд нийт нутгийн 50 гаруй хувь зудын эрсдэлтэй, 40 хувь нь дунд эрсдэлтэй, 10 хувь нь бага эрсдэлтэй гэсэн зураглал гарсан байна. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч аравдугаар сарын сүүлээр гантай байсан аймгуудад ажиллаж үнэлгээ хийгээд ирсэн. Үүнээс үзэхэд өвөлжилт нэлээн хүндрэх зураглал гарсан.

УОК-ын ажлын хэсэг Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгууд буюу өнгөрсөн зун гантай байсан хэсгүүдээр ажиллалаа. Эдгээр аймгуудад зудын эрсдэл маш өндөр байна. Сүүлд гарсан үнэлгээгээр төвийн аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ нь арваннэгдүгээр сард орсон их хэмжээний цастай холбоотой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 22 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн, найман аймгийн 26 суманд цагаанаар зудархуу гэдэг үнэлгээ гараад байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 аймгийн 22 сум зудын, найман аймгийн 22 сум зудархуу нөхцөл байдалтай байна.

-Сүүлд та бүхэн зүүн аймгуудад ажилласан. Тэнд нөхцөл байдал ямар байна вэ?

-Сая УОК-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг цасан шуурганы улмаас нөхцөл байдал хүндэрсэн Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажилласан. Энэ хүрээнд 330 орчим иргэн төөрч сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Аймаг орон нутгийн онцгой байдлын газруудтай хамтарч эрэн хайх ажиллагаа явууллаа. Энэ үеэр Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Бусад иргэдийг олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Зарим нь шуурганы нөхцөл байдал тогтворжиход гэртээ өөрсдөө ирсэн. Эдгээр аймгуудад цас их унасан өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна.

-Та бүхэн эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр явуулсан талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн зарим сумдад цас их унасан. Цасан шуурганы үеэр тээврийн хэрэгсэл зорчих ямар ч боломжгүй байсан. Цаг агаарын нөхцөл гайгүй болмогц эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулсан. Энэ үеэр Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт төөрсөн иргэнийг тогтоож ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

-Манайд шаардлагатай үед ажиллагаа явуулах хэдэн нисдэг тэрэг байдаг юм бэ?

-Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд нисдэг тэргийг шаардлагатай үед л ашигладаг. Нисдэг тэрэг ашиглах эсэх нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Мэдээж цасаар шуурсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нисдэг тэргээр явах боломжгүй. Одоогоор Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд хоёр нисдэг тэрэг ашиглаж байна. Зэвсэгт хүчний жанжин штабт нисдэг тэрэг ашигладаг.

-Эрэн хайх аврах ажиллагаа явуулахад бага биш хэмжээний зардал гардаг. Үүний тодорхой хувийг аврагдсан иргэн төлдөг үү?

-Иргэн төлөхгүй шүү дээ. Тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын төсөвт суусан байдаг. Эндээс л санхүүжээд явдаг. Бага биш хэмжээний зардал гардгийг иргэд ухамсарлаж цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр хол замд гарахгүй, баталгаатай замаар зорчиж байх хэрэгтэй. Ингэвэл хаана хаанаа хүндрэл учруулахгүй.

-Та бүхэн энэ сарын эхээр Төв аймгийн зарим сумдад ажилласан шүү дээ. Газар дээрх нөхцөл байдал ямар байна вэ?

-Төв аймгийн Лүн суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулсан. Яг газар дээрх нөхцөл байдал маш хүнд байна.

-Та бүхний хийсэн үнэлгээгээр бол өвөлжилт хүнд болох нь. Цаашид яах вэ?

-Өвөлжилт удаан хугацаанд үргэлжилнэ. Малчид мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын гамшигт үзэгдлийн тухай сэрэмжлүүлгийг дагаж урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээг дор бүрнээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

О.ДАШ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Болор цомын эзэн С.Начин: “Уучлалын” шүлэг мөр болгоныг хөөгөөд үзвэл 108 мөртэй, 108 суварга, 108 эрхийн тоогоор хайрын гэгээлэг талын өгөгдөл болгож бичсэн DNN.mn

41 дэх удаагийн Болор цомын эзэн яруу найрагч С.Начинтай ярилцлаа.


-Болор цомын эзэн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Болор цомд хэзээнээс эхэлж анх шүлгээ сойсон бэ?

-“Болор цом” 29 дахь наадмаас хойш шүлгээ сойсон. Хоёр удаа бичгийн хэвийн шинж нийцээгүй, нэг удаа шүлгээ илгээгээгүй, нийт арван удаа оролцсон байна. Үүнээс энэ жилийн наадамд түрүүлсэндээ баяртай байна.

-Яруу найрагт хэзээнээс эхлэж хөл тавьсан бэ?

-Манай өвөө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат сэтгүүлч хүн. Насаараа “Хөдөлмөр” сонинд ажилласан, өөрөө өөртөө яруу найрагч хүн дээ. Тэр нь надад нөлөөлсөн.

-Хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Анх 14 настайгаасаа шүлэг бичсэн, нийт 18 жил шүлэг тэрлэжээ. Монголын үе үеийн гайхамшигт яруу найрагчдын шүлгийг сонсоод тайзан дээр шүлгээ унших юмсан гэж боддог байсан. Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж ахыг хараад урам зориг авдаг. Мөнгөн үеийнхээ ах нарыг харж бие биеэсээ суралцдаг даа.

-Хамгийн сэтгэлд үлдсэн нандин яруу найргийн наадмаа хэзээ, хэдэн онд үзэж байсан бэ?

-Анх 2006 онд Галсансүх яруу найрагчийг долдугаар ангийн хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт СТӨ-ний бельтаж дээр сууж шүлгийг нь сонсож байсан. Тэр үе бол санаанаас гардаггүй юм аа. Энэ миний хамгийн анх үзэж байсан “Болор цом”-ын наадам байсан. Дараа нь Ш.Лхамноржмаа найрагчийг түрүүлэхэд Эрдэнэт хот руу галт тэргээр очиж үзэж байсан. Галт тэргэнд анх сууж үзээд 1980-1990 оны яруу найрагчдыг тэгэхэд анх удаа ойроос харж байсан дурсамж санаанаас гардаггүй юм аа.

-“Болор цом” 41 яруу найргийн наадмын цомоо өргөх үедээ багшаа дурсаж байсан. Багшийнхаа тухай хуваалцаач?

-Би 2008 онд оюутан болоход багштайгаа анх танилцаж байсан.

13 жил багш шавийн барилдлагаатай явсан. Багш минь зүг чиг анд найз минь байлаа. Ах шиг, аав шиг минь нөмөртэй байсан даа.Хэл бичгийн ухааны доктор, оюуны том хөрөнгө үлдээсэн хүн байсан.

-Та анх ямар шүлэг бичиж байсан бэ. Шүлгийнхээн мөрөөс танилцуулаач?

-Хамгийн анхны шүлгээ 10 жилд байхдаа “Дайн” гэсэн дөрвөн мөрт шүлэг бичиж байсан минь санаанаас ердөө гардаггүй юм аа, Түүх, газарзүйн багш н.Тамжид гэж багш байсан. Бүх ангиудын дунд “Дайн” гэсэн 500 үгтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж тухай үед, 500 үг нийлээд их үг шиг санагдаж 200 үгэнд санаагаа багтаагаад, дөрвөн мөрт бичсэн. Их урам авч тэр эссэ бичлэгийн уралдаанд би түрүүлж, Миний бичих хүсэл бадарч яруу найрагчийн гараагаа эхэлсэн дээ.

-“Болор цом-41” яруу найргийн наадмын ямар шүлгүүдээ уншсан бэ?

-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 99 жилд зориулж, хоёрын даваанд “Үеийн үед тэтгэх эх орон минь” шүлгээ уншсан.

Миний Монголын ард түмэн билигзүй, ёс уламжилалтай ард түмэн. Би “Уучлалын” шүлэг мөр болгоныг хөөгөөд үзвэл 108 мөртэй, 108 суварга, 108 эрхийн тоогоор, хайрын гэгээлэг талын өгөгдөл болгож бичсэн. Нөгөө талаас эмэгтэй хүнийг хайрлаж байгаа эр хүний сэтгэлийг илэрхийлэх гол мөрүүд минь бол…

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм бил үү… гэж гол санаагаа авсан. Залуу хүмүүс гэр бүл төвлөлтгүй учир салалт их байгаад сэтгэл минь тавгүйхэн байдаг даа.

Залуу хүмүүсийг салалтаас хол байг гэх үүднээс би энэ шүлгээ бичсэн. Аав минь “Болор цом 41” дэхь наадмыг үзсэн. Миний “Болор цом” аав минь үзсэн анхны яруу найргийн наадам байсан.

Уучлалын шүлэг

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарлдагыг

Чимээгүй нулимс унагахдаа

Ямар чимээ хацрыг чинь зүссээр

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчхаад ирэе хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!

Болгоогооч амь амьдарлыг минь.

Б.ЛХАМ-ОСОР

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 2, Санчир гариг. Билгийн тооллын 20, Найралт эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 08:21 минутад мандан, 17:02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна DNN.mn

12-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс болон Хяргас нуур орчим, Халх голын сав газраар, өдөртөө Увс болон Хяргас нуур орчим, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -14…-19 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -12…-17 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Ховд чиглэлийн нислэгийг их хэмжээний цас орж, манан буусны улмаас хойшлуулжээ DNN.mn

Улаанбаатар-Ховд чиглэлийн 2023 оны 12-р сарын 1-ний өдрийн ОМ031 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 10:00 цаг болгон хойшлуулсан байна.

Ховд хотын нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, манан буусны улмаас алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлан нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа тул аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус чиглэлийн нислэгийн хуваарьт цагийг ийнхүү хойшлуулжээ.

Улаанбаатар-Ховд чиглэлийн ОМ031 аяллын нислэг 10:00 цагаас Улаанбаатар хотоос хөөрч Ховд хотод 11:00 цагт бууж, Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ032 аяллын нислэг Ховд хотоос 11:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 14:25 цагт буухаар төлөвлөж байна.

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Улсын Онцгой Комиссын мэдээллийг сонслоо DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо.

Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлэхэд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 22 сум цагаан зудтай, найман аймгийн 26 суманд зудархуу нөхцөлд шилжсэн байдалтай байна. Үнэлгээний мэдээллийг цаашид 10 хоног тутам шинэчилж гаргана. Зуншлага гантай, гандуу байсан говийн болон баруун бүсийн нутагт зудын эрсдэл өндөр, зуншлага сайтай ч намар их цас унасан төвийн болон зүүн бүс нутагт ч эрсдэл ихтэй байгаа нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрх 69.1 сая мал өвөлжүүлж, 17.2 сая толгой мал эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарч байна. Тэдгээрээс 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалтыг хийсэн нь өмнөх оноос 1.9 сая толгойгоор буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээн дэх мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малчдын өвс, тэжээл бэлтгэсэн байдал, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд 85.7 хувьтай хангагдсан байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар ирэх оны аравдугаар сар хүртэл бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо, хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлосны 40 хувь нь дулааны аргаар боловсруулсан мах байсан. Түүнчлэн экспортын махны  11 хувь нь үхэр, 36 хувь нь адуу, 20 хувь нь хонь, 33 хувь нь ямааных байсан бөгөөд 86 хувийг БНХАУ, нэг хувийг ОХУ, найман хувийг Иран, хоёр хувийг Хонконг, үлдсэн хувийг бусад улс оронд гаргажээ. 2023 онд нийт 106.4 мянган толгой бог малыг 7.6 сая ам доллараар экспортолсон байна.

Махны нөөц бүрдүүлэлтийн хувьд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000 тонн мах бэлтгэн нөөцлөхтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллаж байгаа. Засгийн газрын 2023 оны 344 дугаар тогтоолоор “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг баталснаас гадна мах бэлтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, санхүүжилтийн эх үүсвэр болон зээлийн хүүгийн хөнгөлөлт, үйл ажиллагаа явуулах схем зураглалыг гарган, санхүүжилтийн гэрээний нөхцөлийг Монголбанктай хамтран шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа 44 аж ахуйн нэгжтэй “Бодлогын гэрээ” байгуулж, үхэр, хонины махыг бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүртгэлтэй 18 аж ахуйн нэгж байснаас тус улсын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн аж ахуйн нэгжийг шинээр бүртгэж, импортын эрх олгожээ. Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш арга хэмжээ”-г өнгөрсөн сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд 11 байршилд зохион байгуулж байгаа.

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн хугацаанд ажлыг дуусгах, үйл явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 52 зуух, 39 турбогенератор ажиллаж байгаа бөгөөд системийн горим ажиллагаа хэвийн байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 93.6 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оноос 93 МВт буюу 6 хувиар өсөх тооцоололтой. Өвлийн ачааллын горимын үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед хэрэглэгчдийг хязгаарлаж болзошгүй юм.

Шатахуун хангамжийн хувьд ОХУ-д хориг тавьсан өдрүүдэд импорт хийгдээгүй, өмнө бүрдүүлсэн нөөцөөрөө амжилттай давсан. Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тонн байдаг. 2023 оны арваннэгдүгээр сарын эхний 28 хоногт 102.6 мянган тонн дизель түлш импортолсноос 57.4 мянган тонныг ОХУ-ын “Роснефть”, 17.3 мянган тонныг “НефтеХимСервис” компаниас, 26.5 мянган тонныг бусад нийлүүлэгчээс, 6.1 мянган тонныг БНХАУ-аас авчээ.  ОХУ-ын нутаг дэвсгэрт явж байгаа шатахуунтай вагонуудыг шуурхай татан авах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. БНХАУ-аас 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 3500 тонн дизель түлш орж ирсэн, арваннэгдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тонн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тонныг долоо хоногийн дотор хилээр оруулж ирэх төлөвтэй.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 279 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 03 тоот албан даалгавар, Улсын онцгой комиссын албан даалгавар, хуралдааны тэмдэглэл зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангасан. Аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 78.5 хувьтай бэлтгэсэн. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан махны экспортод квот тогтоохгүй байх, өвсний экспортыг 2023 оны есдүгээр сарын 05-наас хязгаарлах, малын тэжээлийн экспортыг 2023 оны арванхоёрдугаар сарын дундаас 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл  хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр “Өвлийн идэш” арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил тэжээлийн ургамлын тариалалтад зориулан үрийн болон техникийн дэмжлэг үзүүлж, өвөлжөө, хаваржаанд тариалах сургалт явуулсан. Үүний үр дүнд улсын хэмжээнд 111 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж, 240 мянган тонн ногоон тэжээл хураасан нь өмнөх оноос 40 хувиар их байна. Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн үед шатахуун хангамжид экспортын хориг гэх мэт хүндрэл үүсэж байгаа ч Монгол Улсын Засгийн газар, салбарын яамны зүгээс өдөр, цаг бүрээр бодитой мэдээллийг авч шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулах зорилгоор 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВтц-ийн багтаамжтай батарей хуримтлуурын станцыг 2023 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрөөс ажиллагаанд залгахаар төлөвлөөд байна. Амгалан дулааны станцын 116 МВт-ын хүчин чадалтай шинэ зуухны өргөтгөлийг 2024 оны 01 дүгээр сард ажиллагаанд залгаж Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Засгийн газраас өвөлжилттэй холбогдох арга хэмжээг авч байна. Мөн стандартын шаардлагыг хангах шаардлагыг тавьж байгаа гэсэн юм.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн гишүүн өвөлжилт тааруу аймгийн малчид бусад суманд оторлож байгаа нь нөхцөлийг улам хүндрүүлэх болсныг дурдаад мах бэлтгэл, борлуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэхэд анхаарах, өвс тэжээлийг тараан түгээх зэргийг төлөвлөх шаардлагатайг дурдаад малын хөлийн татварыг хөнгөлөх эсэх талаар асуухад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, тухайн орон нутгийн удирдлагууд малын хөлийн татварын хэмжээг өөрсдөө мэдэх асуудал хэмээн хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймагт хоёр жил дараалан ган зудтай байдал хүнд байгаа,  орон нутагтай хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм. Томуу, томуу төст өвчний идэвхжилт эхэлсэн үе, өвөлжилт хүндэрсэнтэй давхацаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд мэдэгдээд, онцгой комиссоос отроор явж байгааг малчдын судалгааг гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарна гэв.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан махны үнийг бууруулахгүй байх, дулааны аргаар боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд холбогдох яам анхаарах, малын тэжээл, хивэг олдохгүй байгааг ОХУ-аас оруулж ирдэг улаан буудайг зөвшөөрөх, шатахууны нийлүүлэлтийг эхний ээлжинд орон нутаг руу хуваарилах, хилийн бүсүүдэд түгээх, өвс, тэжээлийн үнийг тогтвортой барих, хүргэх гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж, асуулт тавилаа. Түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулахдаа мах, махан бүтээгдэхүүнийг олон шат дамжлагатай, хүнд сурталтайгаар гадагш гаргадаг явцыг сааруулах бодлого барьсан. Боломжийн хэрээр ажиллаж байгаа. Жилд дундажаар 100 гаруй мянган тонн бэлтгэдгээс 20 хувийг нь экспортолдог гэсэн юм.

Зэсийн баяжмалыг автомашинаар тээвэрлэдэг болсон нь шатахуун түшний хүрэлцээнд нөлөөлөх болсон, ОХУ-д ч дотооддоо хомсдолтой, 12 дугаар сарын дундаас хойш асуудал цэгцэрч, шатахуун, түлшийн нийлүүлэлт хэвийн болно гэсэн мэдээлэлтэй байгаа. Шатахууны чанарт анхаарч байна гэсэн хариултыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өгөв. Улсын Онцгой Комисст найдахгүйгээр орон нутгийн удирдлагууд өвөлд бэлтгэх ёстой. Гэнэт Засгийн газраас унаа, тэрэг нэхдэг асуудлаа болих хэрэгтэй. Бодлогоор мах, махан бүтээгдэхүүний худалдааг дэмжих, татан төвлөрүүлэх асуудлыг хэлэлцэж байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Тариаланчдыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого барьж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам лавлахад, нийт буудайны 70 гаруй хувийг гадаадаас импортолдог байсны нөлөө буураагүй, хүнсний хараат бус байдал хэвээр тул дотоодын хүнс бэлтгэгч тариаланчдыг дэмжих, гэхдээ чанарт ч анхаарах ёстой гэсэн хариултыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой.  Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих санал тавилаа. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг. Эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн гэдгийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд вирусээр халдварладаг таван төрлийн өвчин байдаг. Энэ жил шүлхийн голомт бүрэн арилсан. Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой малын өвчлөл гарах магадлалтай тул хяналтдаа авахыг УОК-т мэдэгдсэн. 70 гаруй мянган тонн мах экспортолсон. Нэмж авах захиалга ирүүлсэн гэсэн мэдээллийг Засгийн газрын төлөөлөл өгөв. Бэлчээрийн малын махыг дэлхий нийтэд худалдах хориотой. 21-р зуунд энэ хэвээр байх уу хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр шүүмжилж, холбогдох яамнаас тодруулахад, Засгийн газрын тогтоол гарсан, 5-6 аймгийг мал эмнэлгийн эрүүл бүс болгох зорилт тавьж, улсын хэмжээнд бодлого баримталж ажиллаж байгаа хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, малчдын асуудалд тодорхой шийдвэр гаргая, дулааны аргаар мах боловсруулалтад нэг ч Монгол хүн байхгүй, хятадууд ажиллуулдаг, энэ асуудлыг оруулж ирж байгаа нь ноцтой зүйл. Шатахууны импортыг хувь хүмүүст зөвшөөрөх ёстой. Гурил, гурилан бүтээгдэхүүн, өвс, тэжээлд оногдуулдаг гаалийн татварыг тэглэе. Баруун аймгаас сонгогдсон гишүүд үүнд анхааръя. Хүн, хүч хүрэлцэхгүйг Засгийн газар шийдвэр гаргая. Малыг ээмэгжүүлнэ гэсэн Болорчулуун сайдыг шоолоод байсан. Гэтэл үнэн хэрэгтээ малын эрүүл мэндэд анхаарахгүйгээр мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжгүй гэсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны хэмжээ хэвээрээ байгаа ч дотоодын хэрэгцээ нэмэгдсэн учраас хомсдол үүссэн. Тусгай зөвшөөрлийн хувьд тавигддаг гол шаардлага нь аюулгүй байдал юм. Дан ганц нэг улсаас импортолдог байдлыг өөрчлөх бодлого барьж байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт өнгөрсөн жил өвөлжилтийг өнтэй давсан сайн туршлага бий гээд УОК бусад аймагт хэрэгжүүлж болох юм хэмээсэн. Гурилын үнэ өртөг буурулахад анхаарах талаар хэлсэн түүний саналыг Шадар сайд С.Амарсайхан дэмжиж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга утсаа авдаггүй. Цаг үеийн асуудалтай холбогдуулан цаг агаарын мэдээллийг малчдад тогтмол өгч, бэлэн байдалд, хариуцлагатай байхад анхаарахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд сануулав. Одоо бэлэн байгаа 100 мянган тонн буудайг аймгуудад жигд хуваарилах саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан гаргалаа. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцдэг ч мал аж ахуй өнгөрсөн зууны хэв маягтай хэвээр үлдсэн, өөрчлөгдсөн зүйлгүй хэмээн шүүмжилсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь нар хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарахыг сануулсан юм. Ийнхүү өвлийг хүндрэл багатай давахын тулд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, малчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, ажиллах талаар гишүүд үг хэлж, Засгийн газрын төлөөллөөс асуулт асууж, хэлэлцсэний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудалтай холбогдуулан УИХ-ын Байгаль орчны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдад гурван зүйлд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов. Тухайлбал, юуны өмнө уул уурхай, газрын тосны экспорт өссөн нь эдийн засгийн төлөвлөлтөд эерэгээр нөлөөлсөн хэдий ч дизель түлш, шатахууныг дотоодын хэрэгцээндээ тулгуурлан тээвэрлэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахах, хоёрдугаарт, цаг агаарын мэдээллийг орон нутагт хүргэх, бүхий л арга хэрэгслээр цаг алдалгүй, түргэн шуурхай дамжуулж хэвших, тайван цагт мэдээллийн тогтолцоог тодорхой болгох, гуравдугаарт, малыг эрүүлжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ ханш, нөөц бэлтгэхэд анхаарах, малчдын хөдөлмөрийг үргүйдүүлэхгүй байх, эцсийн хэрэглэгч үйлдвэрлэгч хооронд холбож ажиллахыг даалгалаа.

Хуралдаан даргалагчийн зүгээс Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хурлын зарыг түгээсний дараа чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 13 цаг 20 минутад завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Ж.Хүслэн модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Бүгд Найрамдах Словак Улсын Брезно хотод энэ сарын 23-27-ны өдөр модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас өсвөр, насанд хүрэгчдийн таван жинд таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Ж.Хүслэн мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр, өсвөр үеийн охидын +70 кг жинд оролцсон бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Монгол Улсын дэд аварга юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ DNN.mn

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.

Ёслолын арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирсэн хүндэт зочид, гар урчууд, бүтээлч үйлдвэрлэгчдийн төлөөлөлд талархал илэрхийлээд “Засгийн газар хийгээд нийслэлийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа томоохон үүд хаалгыг нээж байна. Эсгий урлал бол Монгол төдийгүй дэлхий дахинд танигдсан байгаль орчинд ээлтэй, “амьсгалдаг” технологи учраас олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Үндэсний хувцас, эсгий урлал, ардын бүжгийг бүтээлч үйлдвэрлэлээр хотын эдийн засгийг нэмэгдүүлэх боломж хэмээн үзэж байна” гэсэн юм.

ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ” нь 2004 оны зургаадугаар сард байгуулагдсан. 80 гаруй улсын 355 хот нэгдсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө соёл, бүтээлч байдал болон инновацад хөрөнгө оруулалт хийж буй хотуудын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий санаачилга юм.

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсноор олон давуу тал бий болж байгаа. Мөн олон улсад танигдах чухал алхмыг хийж байгаагаас гадна олон хоттой хамтран ажиллах боломж бүрдэнэ. Улаанбаатар хот жуулчдад нэгэн зэрэг олон зүйлийг санал болгох боломжтой хот гэдгээрээ онцлогтой. Бүтээлч байх нь тогтвортой хөгжлийн үндэс. Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн албан ёсны оффисыг байгуулахаар ярилцана” хэмээв.

“Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орохын тулд улс орнууд өөрсдийн хотын соёлын үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өв тээгчдийн нөөц, дэд бүтцийн хөгжлийн онцлогуудаас хамааран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбараас (уран зохиол, хөгжмийн урлаг, кино урлаг, дизайн урлаг, хоолны урлаг, хэвлэл мэдээллийн урлаг, гар урлал ба ардын урлаг) сонгон хүсэлт хүргүүлдэг. Энэ дагуу “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнөөр ахлуулсан Ажлын хэсэг нарийн судалгаа хийн ажилласнаар ардын урлаг, уламжлалт гар урлал төрлөөр ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хотыг амжилттай бүртгүүллээ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дэлхийн 355 хоттой ЮНЕСКО-ийн нэрийн дор бүтээлч хамтын ажиллагааг тэлэх боломж бүрдэж буй юм.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. ДНБ-ий 64 хувь буюу 35 их наяд гаруй төгрөгийг Улаанбаатар хот “үйлдвэрлэдэг”. ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд бүртгүүлэх Ажлын хэсгийг хагас жилийн хугацаанд ахлан ажиллалаа. Тус сүлжээнд Улаанбаатар хот нэгдэн орсноор ЖДҮҮ эрхлэгчид шинэ түвшинд гарч, дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулаад зогсохгүй хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.

“Бүтээлч хотуудын сүлжээ” (UCCN)-нд нэгдсэнээр гишүүн хотууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:

-Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

-Сайн туршлага, мэдлэг, шилдэг ололт, амжилтаа хуваалцах,

-Соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,

-Хотуудын туршлагад суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах,

-Хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хамтран боловсруулах,

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах багтаж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС