Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэгшбаяр: Монголд хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл хяналтаас гарах нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэнд тооцогдох эрсдэлтэй DNN.mn

Санхүүгийн гэмт хэргийн шинжээч Д.Тэгшбаяртай ярилцлаа.

-Дэлхийн улс орнуудын Зохион байгуулалттай гэмт хэргийн индексийн үнэлгээ гарч, Монгол Улсад зарим төрлийн гэмт хэрэг хяналтаас гарах эрсдэлтэй гэж үнэлэгдсэн талаар та мэдээлсэн. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын санаачилга гэж байгууллага байдаг. Энэ байгууллагаас хоёр дахь удаа дэлхийн улс орнуудын зохион байгуулалттай гэмт хэргийн индексийг гаргаснаа есдүгээр сарын сүүлчээр зарлалаа.

Өмнө нь 2021 онд анх удаа зарлагдаж байсан. 2022 оныг үнэлсэн индексийг сая зарлахад Монгол Улс олон улсын жишгээс зарим талаараа доогуур, зарим талаараа арай боломжийн үзүүлэлттэй үнэлэгдсэн.

Дээрх индексийг хоёр бүлгээр үнэлдэг. Нэгд, зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн нөхцөл буюу үүн дотроо гэмт хэргийн зах зээл, гэмт хэрэгтнүүдийн зохион байгуулалт ямар байна вэ гэдгийг үнэлнэ. Хоёр дахь бүлэгт нь тухайн улсын гэмт хэрэгтэй тэмцэх орчин нөхцөл буюу улс төрийн манлайлал, ил тод байдал, Засгийн газрын хариуцлага, олон улсын хамтын ажиллагаа, шүүн таслах ажиллагаа, хүний эрхийн хууль тогтоомж нь ямар юм бэ, системийн хувьд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл байдлыг сайжруулах чадварыг үнэлдэг.

НҮБ-ын гишүүн 193 орноос манай улс эхний бүлэг буюу зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн нөхцлийн тухайд олон улсын жишгээс арай доогуур. Гэмт хэрэгтэй тэмцэх орчин нөхцөл, системийн хувьд чадавхаараа олон улсын жишиг хавьцаа байна. Дундаж оноогоор манай улс 2021 оноос бага зэрэг сайжирсан байна лээ.

Зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн орчныг үнэлэхдээ 15 орчим төрлийн гэмт хэргийг авч үздэг. Харин системийн хувьд үзэхдээ 10 орчим хүчин зүйлийг үнэлдэг.

-Хуурамч бараа бүтээгдэхүүний эргэлт хяналтаас гарах эрсдэлтэй гэдэг нь анхаарал татсан. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн хуурамчаар орж ирдэг гэсэн үг вэ?

-2022 оны үнэлгээн дээр хэд, хэдэн зүйлийг нэмж оруулж ирсэн нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавх, цахим гэмт хэргийн орчин, хууль бус бараа борлуулалт, хөрөнгө дээрэмдэх, хүч хэрэглэж олж авах зэрэг таван төрлийн гэмт хэргийг нэмж оруулж ирж үнэлсэн байсан. Яг энэ нэмэгдэж орж ирсэн үзүүлэлт дээр Монгол Улс сайн үнэлэгдсэнгүй. Онцгой бараа, хууль бус бараа борлуулах эрсдэл хяналтаас гарах шинжтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, манайх хил гаалиар нэвтрүүлж оруулж ирж байгаа хуурамч бараа бүтээгдэхүүн дээр хяналт сул байна. Дэлхийн брендийн бүтээгдэхүүнүүд хуурамчаар орж ирж байна. Gucci-гийн цүнхнээс эхлээд маш олон төрлийн бараа орж ирдэг. Хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих нь өөрөө үй олноор хөнөөх зэвсэг, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх эрсдэл гэсэн өргөн утгаараа ноцтой асуудалд тооцогддог.

Нөгөө талаар хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл гэмт хэргээс олдсон мөнгөн хөрөнгө дахиад гэмт хэрэгт орж байдаг гэдэг утгаараа анхнаасаа олдсон хэлбэр гэмт хэргийн гаралтай, цаашлаад дахиад хуурамч бараа бүтээгдэхүүн өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, эндээс олсон орлого ашгийг дахин гэмт хэрэгт ашиглах магадлалтай гэж үздэг. Энэ утгаараа хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулалт гэдэг дээр дэлхий нийт өндөр ач холбогдол өгч эхэлж байна.

-Хар тамхины хэрэглээ өндөр улс гэж манайхыг үздэг. Энэ байгууллага ч бас үүнийг баталжээ?

-Манай уналттай гарсан өөр нэг асуудал бол хар тамхины хэрэглээ, зах зээл. 2021 оны индекс дээр ч үнэлэгдэж байсан энэ үзүүлэлт 2022 оных дээр илүү нарийвчилж орж ирлээ. 2021 онд Монгол Улсад хар тамхины зах зээл байна, өсч байна гэж байсан бол 2022 онд тухайн хар тамхины зах зээлийг дотор нь задлаад үзсэн байна. Каннабис, синтетик хар тамхины худалдаа, зах зээл өндөр өсөлттэй гэж үзсэн. Геройн, кокейны зах зээл дээр нэг их өөрчлөлт гараагүй харагдаж байна. Харин синтетик дээр өсөлт өндөр байгаа нь маш эрсдэлтэй. Синтетик байх тусам донтолт хурдан бөгөөд хүчтэй явагддаг учраас өндөр эрсдэл байхаас гадна цаашаа өргөн хүрээг хамрах, тархах магадлалтай гэж үздэг. Энэ бол маш том анхааруулга.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэд хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр залуучууд, хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ өсч байна. Цаашдаа 43 хувиар өсөх магадлалтай. Тиймээас хэрэглээг хумих, хяналт хариуцлагын механизмыг сайжруулах тал дээр анхаарах ёстой гэж хэлсэн нь цагаа олсон мэдэгдэл.

-Рекетлэх, хүч хэрэглэж хүний эд хөрөнгийг өөрийн болгох гэмт хэрэг хяналтаас гарах магадлалтай гэжээ. Тэр бүр мэдээлэгддэггүй гэмт хэргийн төрөл хяналтаас гарах хэмжээнд хүрэх гол шалтгаан юу юм бол?

-Онолын хувьд 1920-иод оны АНУ, 1900-гаад оны эхээр Европын холбоо, Англи гэх мэт улсуудад авлигатайгаа эрчимтэй тэмцээд ирэхээр рекет дээрмийн үйл ажиллагаа өссөн гэсэн судалгаа байдаг. Пропорционал харилцаатай гэсэн үг. Нэг талд авлига буурахад нөгөө талд дээрэм өсөх магадлалтай. Авлигыг системээр нь бууруулна гэж үзэхдээ нөгөө талдаа ажлын байр, хөрөнгө, оюуны өмч хамгаалах, хөдөлмөрийн баталгаа бий болгох, аюулгүй байдал талаас нь анхаарах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв энэ тогтолцоо бүрдэж чадахгүй бол нөгөө талд хүч хэрэглэж хөрөнгө олж авах бүлэг өсөлттэй гарч байдаг гэсэн үг юм. Манайд энэ төрлийн

хэрэг өсөх хандлагатай, эрсдэл нь хяналтаас гарах магадлалтай байна гэж үнэлэгдэж байна. Тэгэхээр энэ бол анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай бас нэгэн хэсэг. Нэг талдаа хууль хяналтаа сайжрууллаа. Авлигын гэмт хэргээр гэмт хэрэгтнийг барих хориход илүү фокус өгч байгаа үед системийн хувьд тогтвортой байлгах, хүний хөрөнгө өмч, оюуны өмчийг хамгаалах хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй.

-Хуурамч барааны эргэлтийг хянадаг эсэх нь нэлээд бүрхэг юм. Цагдаагийн байгууллага ажиллах ёстой юу?

-Цагдаагийн байгууллагад хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх тусгай нэгж алба байдаг байх гэж бодож байна. Дотоод үйл ажиллагааг нь мэдэхгүй юм. Бид яаж харвал илүү үр дүнтэй вэ гэвэл хэдийгээр шинэ индекс боловч ялангуяа цагдаагийн байгууллага холбогдох бусад хууль хүчний байгууллага үүн дээр анхаарал хандуулах шаардлагатай болсны дохио. Нэгэнт эдгээр асуудлыг үнэлээд байгаа юм чинь бид өгч байгаа мэдээллээ тодорхой болгох хэрэгтэй, дотоод чадавхаа бэхжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх арга хэмжээ мөн иргэдэд хүргэх нөлөөллийн ажлаа зөв чиглэлд хандуулах ёстой. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой юу, хүн хүчээ нэмэгдүүлэх үү, эсвэл цахим хөгжил дээрээ илүү анхаарах уу, хил гаалийн хяналтаа чангаруулах уу эрсдэлээ үнэлээд үнэлгээнийхээ дагуу үйл ажиллагаагаа үе шаттай явуулах ёстой юм. Ер нь аливаа үнэлгээ улс орнуудаас тов тодорхой, төгс юм шаарддаггүй. Бид ойлгомжтой, ил тод, өгч байгаа мэдээллээ системтэй, үнэлэгдэхүйц байлгаж л чадахгүй байна. Тодруулах шаардлагатай бол хэн нь ч, хэдийд ч холбогдох боломжтой шүү дээ.

-Цахим гэмт хэргийн нөхцөл байдал ямар юм бэ, манайд?

-Үнэнийг хэлэх үү. Цахим гэмт хэрэг дээр манай улсын төрийн хэмжээний дата хадгалдаг сервер нь олон улсын хакеруудын халдлагад өртсөн асуудлаас болж цахим аюулгүй байдал тал дээр сайн үнэлгээтэй гарахгүй байгаа.

-Хэзээний халдлагыг та хэлж байна?

-2020 оных. Одоо ч манайд халдлага гарч байгаа. Ер нь атемт буюу халдах оролдлого өдөрт секундээр хэмжигддэг. Ялангуяа хоёр хөрш талаас цахим халдлага хийх эрсдэл өндөр байна гэж гарч ирсэн. Дээрээс нь бид өмнө нь том мэдээллүүдээ алдаж байсан. Жишээ нь, банкны 1.7 сая харилцагчийн мэдээлэл алдагдаж, Курдын хакерууд манай төрийн байгууллагын яаж хакадсанаа дарквеб дээр цацаад, мэдээллийг нь харуулаад, сайтыг нь харуулаад онигоогоо чирсэн шүү дээ. Тэр үед арилжааны банкийг буруутгаад өнгөрсөн боловч яг алдсан нь төрийн байгууллага байсан. Нэрийг нь дурдаад яахав. Цахим гэмт хэрэг, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бодлого боловсруулах, ФАТФ-ын өмнө тайлангаа хамгаалахад оролцдог байгууллага л байсан. Өөрсдөө цахим сайтаа шинэчилж байгаа гэх мэдээллийг иргэдэд өгч төөрөгдүүлсэн. Гол нь эндээс бид юу сурсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.

-Яаж тэмцэх ёстой вэ?

-Ер нь цахим вирус 97 хувь нь полиморфик буюу илрүүлэлтээс зугтаах чадвартай болж хувираад байна. Омекрон, альфа, дельта гэж хувирдагтай адилхан цахим вирус хувирна гэсэн үг. Бид төрийн байгууллагын мэдээллийг хооронд нь холбох дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ холбохоос гадна хамгийн гол зүйл нь цахим аюулгүй байдал. Энэ асуудал зөвхөн энэ индекс дээр гарч байгаа юм биш. Олон улсын Серфшарк байгууллагаас гаргадаг Дижитал амьдралын чанарын индекст манайх цахим аюулгүй байдал дээр дэлхийн 121 орноос 102-т явж байна. Цахим аюулгүй байдал тал дээр дэлхийн жишгээс нэлээд хол тааруу байна.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд нь үндэсний аюулгүй байдлыг цахим аюулгүй байдлаар алдагдах гэж байна гэж мэдэгдчих шиг болсон. Анхаарах ёстой зүйл рүүгээ л анхаар. Иргэдийн дуу хоолойг боох, цахимаар шүүмжлэл хэлэх, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх рүү халдахын оронд энэ ажлаа л хиймээр байна.

-“Е-монголиа”системд манай нийт хүн амын мэдээлэл нэгтгэгдэж байгаа. Магадгүй эрсдэл үүсэх үү?

-Манайд цахим хөгжил дээр давуу тал олон байдаг. Нэг зүйл бий. Манайхаас илүү үнэлэгдээд байгаа улсуудаас Монгол Улс уг нь давуу тал олонтой. Бид яагаад үүнийгээ харуулж чаддаггүй юм бэ гэдэг л асуудал. Олон улсын үнэлгээг дан гаднынхан үнэлдэг юм биш. Жишээ нь, эрсдэлийн индекс эсвэл нэгдсэн тайлан дээр дан гаднынхан үнэлэх тохиолдол бий ч ихэвчлэн дотоодын зөвлөхүүд олон улсын үнэлгээ руу ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Тэгэхээр дотоод зөвлөхийн олж авч байгаа мэдээлэл дутуу байгаад байна. Дутуу байгаа нь тэр зөвлөхүүдийн буруу биш. Төрийн байгууллага баахан тууз хайчилсан, баахан нээлт хийсэн мэдээллээ энд тэнд цацахын оронд яг тодорхой хэрэгтэй, авч хэрэглэж болохуйц мэдээллийг мэдээлэх хэрэгтэй байна. Муу үнэлэгдэж байгаа бол манай улсын хэрэгтэй мэдээллийг өгч чадахгүй байгаатай холбоотой.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Амарсанаа: Ардчилсан нам “хөл сайтай” тулдаа олон жил үргэлжилсэн зөрчилдөөнөөс амьтай гарлаа DNN.mn

Ховд аймгийн Ардчилсан намын дарга М.Амарсанаатай намынх нь үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-Танай аймгийн намын хувьд гурван жил даргагүй явж, сая шинэ дарга удирдлагуудаа сонголоо. Яагаад энэ олон жил даргагүй явж ирэв. Төв намын зөрчилдөөн бас нөлөөлөв үү?

-2016 оны орон нутгийн сонгуульд ялагдсанаас болж сүүлийн гурван жил нийтээрээ маш идэвхгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг манай намын 1960-аад оныхны хоорондох эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн сүүлийн долоон жил үргэлжилсэн. Энэ зөрчилдөөний хар сүүдэр орон нутгийн буюу дунд шатны намын үйл ажиллагаан дээр буусан. Ерөөсөө өнгөрсөн долоон жилийн хугацаанд АН-ын ярьдаг зүйл нь тамга, тэмдэг. Нэг тамга, нэг гэрчилгээг бид сүүлийн долоон жил ярьсан. Үүнээс шалтгаалж намын бүх шатанд идэвхгүй үйл ажиллагаа, эв нэгдэлгүй байдал газар авах болсон. Үүнд эрх баригч намын нөлөөлөл ч хүчтэй байлаа. Дээрх шалтгаануудаас үүдэж сүүлийн гурван жил орон нутгийн намын үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Дарга ч үгүй, дээрээсээ нэгдсэн удирдлага бодлого ч үгүй намын үйл ажиллагаа ингэж аажмаар хөрдөг, хөлддөг юм билээ. Хэрэв манай намын хагарал, зөрчилдөөн энэ чигээрээ дахиад нэг жил болсон бол үндсэндээ АН гэж байхгүй болох байсан болов уу даа. Байлаа ч дахиад сэргэх гэж нэлээд их зүйлийг золиослох байсан. Ардчилсан нам “хөл сайтай” тулдаа олон жил үргэлжилсэн зөрчилдөөнөөс амьтай гарлаа. Харин ч бид дэндүү оройтохоосоо өмнө цэгцэндээ орж чадлаа. Шинэ намын даргаа сонгож, бүх шатандаа удирдлагатай боллоо. Нэгдсэн нэг бодлоготой боллоо. Бүтцээ сайжрууллаа. Одоо үлдэж байгаа богино хугацаанд намын бүх шатны үйл ажиллагаа, гишүүдийн оролцоог идэвхжүүлэх бодлогыг хамгийн түрүүнд хийнэ. Бидний хувьд одоо хамгийн чухал нь эв нэгдэл.

-Танай аймгийн хувьд намын удирдлагуудаа ямар байдлаар сонгосон бэ. Сонгууль ямар зохион байгуулалтаар болж өнгөрөв?

-Аймгийн намын хорооны сонгууль болсон. Дараа нь намын даргыг сонгох сонгууль боллоо. Аймгийн намын хороо хуралдаж, энэхүү сонгуулийг зохион байгуулж явуулсан. Улмаар ахмад, идэр, залуу насны төлөөлөл болсон таван нэр дэвшигч өрсөлдөж, миний бие дөрвөн удаагийн санал хураалтаар аймгийн намын даргаар сонгогдсон.

-Гурван жилийн турш намын үйл ажиллагаа идэвхгүй байсан гэлээ. Тэгвэл одоо сонгууль хаяанд ирсэн энэ үед намынхаа үйл ажиллагаа яаж идэвхжүүлэх юм бэ. Цаг хугацааны хувьд боломжтой гэж харж байгаа юу?

-Цаг хугацааны хувьд бидэнд хангалттай боломж бий. Манай Ховд аймгийн Ардчилсан нам 10 мянган гишүүнтэй гэж явдаг. Эдгээр 10 мянган гишүүнийг идэвхжүүлэх ажлыг он дуустал хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ардчилсан нам сэргэлт авахдаа хурдан. Төв намаас дунд болон анхан шатны намын гишүүдийн идэвхийг сэргээх асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. Тэр утгаараа Ардчилсан намын хувьд “хөлөө” бэхжүүлэх ажилд бүх нийтээрээ анхаарч байгаа. Хөл сайн бол бид хол явна, хурдтай, тогтвортой болно. Миний хувьд ч намын гишүүдийн идэвхийг сэргээх чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

-Сонгууль хаяанд ирлээ гэж байна. Гурван жил маргаантай явж, сая нэг даргатай болсон аймаг Ховд биш байх л даа. Бусад орон нутгийн намын дарга нар ч саяхан сонгогдлоо. Тэгэхээр том зургаараа АН-ын хувьд ирэх жилийн сонгуульд орон нутагт ялах, олонх болох боломж ямар байгаа вэ. Танай намын гишүүд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдэж. Тэрийг хэн хүнгүй сайн ойлгож байгаа. Гэхдээ энэ хугацааг бид богино гээд хаяж болохгүй. Ер нь ашиглаж чадаж байгаа улс төрийн хүчний хувьд энэ хугацаа хангалттай боломж. Өөрөөр хэлбэл үлдсэн хугацаанд манай нам дээрээ ч доороо ч эв нэгдэлтэй, нэгэн бодлого дороо зангидаж урагшилж чадвал бүх шатанд олонх болох боломж бүрэн бий. Тэр дундаа ховдчуудын хувьд ардчиллыг байнга дэмжиж ирсэн ард түмэн. Өнөөдөр хэт цөөнх буюу УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүний хоёр нь манай аймгаас сонгогдсон. Үүнээс харвал ховдчууд улс төрийн мэргэн сонголт хийдэг. Тиймээс хамгийн чухал нь бид нам, бүтцийнхээ хувьд нэгдмэл, идэвхтэй үйл ажиллагаатай байх нь чухал. Бид хоорондоо зөрчилдөөнтэй, бодлого үйл ажиллагаа нь тодорхой бус, идэвхгүй үйл ажиллагаа явуулсаар л байвал хэн бидний төлөө саналаа өгч, дэмжих вэ дээ. Тиймээс АН хурдан сэргэдэг нам. Хурдан учраа олж чаддаг. Хурдан шийдэл гаргадаг нам. Нөгөөтэйгүүр Монголын ард түмэн АН-аас асар их зүйлийг хүлээж байна. Бид энэ итгэлийг нь алдахгүй. Миний хувьд сая орон нутгийнхаа зургаан сумын иргэдтэй уулзлаа. Уулзалт болгон дээр иргэдийн хэлж байгаа гол зүйл бол хулгай байна. МАН хулгайдаа мансуурлаа гэдгийг хэлж байна. Хулгайч хулгайчаа барьдаггүй гэдгийг ч хэлж байна. Тиймээс хулгайчийг барихын тулд хулгайг таслан зогсоохын тулд улс төрийн өөр нэгэн хүчин гарч ирээсэй гэсэн хүлээлт асар их байна. Ардчилсан намын хувьд иргэдийн хүсэн хүлээж байгаа тэрхүү хулгайг зогсоох, хулгайчдыг барих улс төрийн хүчин нь байж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Аймгийн Ардчилсан намын хувьд орон нутгаас сонгогдсон хоёр гишүүнтэйгээ нягт холбоотойгоор хамтран ажиллана.

-Шинэ намын даргын хувьд орон нутгийн эрх баригчтай бодлогын түвшинд яаж өрсөлдөх вэ. Сөрөг хүчний хувьд аймгийн удирдлагуудын үйл ажиллагаа зөв чигт явж байгаа гэж хардаг уу?

-Ардчилсан намын хувьд 2012-2016 онд ялалт авч, орон нутгаа засаглаж байсан. Тэр үед манай намаас Д.Цэвээнравдан аймгийн Засаг даргаар сонгогдож ажилласан. Үнэндээ ховдчуудын ихэнх нь хэлнэ. Ардчилсан нам засаг барих хугацаанд Ховд аймаг нүүрээ угаасан хүүхэд шиг л өөрчлөгдсөн. Манай баг хамт олон тэр үед ховдчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулж чадсан. Ховдыг Монгол Улсын тэргүүний аймаг болгож чадсан. Үнэндээ нүдэнд харагдах, гарт баригдах бодитой олон зүйлийг 2012-2016 онд Ардчилсан нам хийж чадсан. Тэр цагаас хойш Ховд аймагт хийгдсэн ямар ажил байна вэ. Үзье гээд харагдахгүй, харуулъя гээд үзүүлэх зүйлгүй л байгаа нь үнэн. Шат шатандаа бодлого ярьсан хүмүүс. Хийж байгаа зүйл нэг ширхэг ч алга. Ардчилсан нам хийснээ ярьдаг. Ярьсанаа хийдэг. Гэтэл өнөөгийн эрх баригчид хийх гэж байгаагаа л ярихаас яг бодитой тийм ажил хийчихлээ шүү гэж огт ярьж үзээгүй. Үүнийг захын хүнээс асуухад л танд шууд хэлнэ л дээ.

Улс даяараа бид өрийн дарамттай байна. Манай аймгийн бараг бүх хүн л өрийн дарамтад байна. Хувийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад туйлын хэцүү болсон. Хийх ажлыг нь төрийн компаниуд булаалцалдаад авчихдаг болсон. Авчхаад хийсэн зүйлгүй, хамаг санхүүжилтийг нь идэж уугаад дуусгадаг. Үүнээс болоод хувь хүний болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа сөхөрч байна. Өнөөдөр манай аймагт хувийн хэвшлийн барьсан барилга гэж алга. Хувийн хэвшлийн хэрэгжүүлсэн төсөл бүтээн байгуулалт гэж байхгүй байна. Учир нь хувийн хэвшлээ зах зээлээс түлхэх бодлогыг өнөөгийн эрх баригчид хүчтэй явуулж байна.

-Ардчилсан намын дунд шатны намын дарга нар оролцсон зөвлөгөөн нийслэлд болж өнгөрсөн. Энэхүү зөвлөгөөнөөр юу яригдав. Мэдээж сонгууль ойртсон учраас бэлтгэл ажлуудаа хангах чиглэл намын даргаас өгсөн байх…?

-Аймгийн болоод дүүргийн намын дарга нарыг дуудаж, уузалт зөвлөгөөнийг хоёр өдөр хийсэн. Уулзалтаар намын дарга Л.Гантөмөр дунд шатны дарга нарт намын эв нэгдлийг хангаж ажиллахыг захисан. Бидний хувьд өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол эв нэгдэл. Хоёрдугаарт, аймаг, дүүргийн намын гишүүдийн идэвхийг сэргээх чиглэлээр тодорхой саналуудыг хэлсэн. Гуравдугаарт, бид намын бодлого зорилтуудтай холбоотойгоор нэгнийхээ саналыг сонсоцгоосон. Яг одоо УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Түүхэндээ байгаагүй хамгийн өндөр дүнтэй төсвийг хэлэлцэн батлах гэж байгаа. Эрх баригчдын хувьд 27 их наядын төсвөөс хоёр их наядыг сонгууль угтсан халамжид зарцуулахаар оруулж ирсэн байна лээ. Төсвийн алдагдал асар өндөр байгааг ч бид ярьсан. Мөн гурван жил идэвхгүй байсан намын үйл ажиллагаанд ямар хүндрэл бэрхшээл бий болж байгаа талаар саналуудаа солилцсон.

-Улс төрийн хүрээнийхэн Ардчилсан намыг хөл сайтай нам гэж үздэг. Тэр ч утгаараа орон нутагт ялалт авах нь элбэг шүү дээ. Та түрүү нь хэлсэн. Хөл сайтай тулдаа нам амьд гарсан гэж…?

-Ардчилсан нам бол үнэхээр хөл сайтай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Орон нутагт энэ хоёр нам л дээр доороо орж явна. Гуравдагч улс төрийн хүчин орон нутагт ялалт байгуулна гэдэг ойрын жилүүдэд боломжгүй. Яагаад гэвэл намын гишүүнчлэл, намын үүр гэж байдаггүй. Орон нутгийн иргэд АН, МАН гэсэн хоёр намд л хуваагдчихсан байдаг. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам хөл сайтай ч бид хөлөө улам бэхжүүлэх шаардлагатай. Хөлөө идэвхтэй хөдөлгөж байж намын гишүүнчлэлээ нэмэгдүүлнэ. Гишүүдийнхээ идэвхийг сэргээнэ. Тиймээс толгой гэхээс илүү хөлөө бодох цаг үе ирсэн. Дунд, анхан шатны намын гишүүдийн хувьд үнэхээр хүнд үеийг туулж байгаа. Гэхдээ энэ хүмүүс хэзээ ч итгэлээ алдаж байгаагүй. Тиймээс л манай нам хөл сайтай байдаг байх.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 2, Бархасвадь гариг. Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 07:38 цагт мандан, 17:34 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, луу, үхэр, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улайны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

11-р сарын 01-ний 20 цагаас 11-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -9…-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Муу нь Муундаа дээрэлхэнэ” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УУХҮийн сайд Ж.Ганбаатар “Шатахууны тасралт, нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Монгол Улс өөрөө энэ хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд өргүй Монголын төлөө жагсав

УИХ-ын дарга асан З.Энхболд “Би Уих-ын сонгуульд нэр дэвшихгүй, малчин болно” гэлээ. Энэ тухай I болон “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт   нийтлэлч Б.Цэнддоогийн Муу нь Муундаа дээрэлхэнэ” нийтлэл хэвлэгдлээ. 

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өссөн гэв.

Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзориг” Охиныг эсэн мэнд олно гэж бүрэн итгэж байсан” хэмээснийг “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ном ярьж өгье: Цэгцтэй сэтгэх урлаг DNN.mn

Бид өдөр бүр ямар нэгэн байдлаар хүмүүстэй харилцаж шийдвэр гаргадаг. Гэвч хэрхэн оновчтой шийдвэр гаргахаа мэддэггүйгээсээ буруу худалдан авалт хийх, хэрэггүй зүйлд цагаа үрэх, үр дүнгүй зүйлд хэт их ач холбогдол өгөх зэрэг алдаануудыг гаргадаг.
Бодол сэтгэлгээний энэ мэт маш олон алдаа, төөрөгдлийн тухай Ролф Добэлли “Цэгцтэй сэтгэх урлаг” хэмээх ном бичсэн нь олон улсад маш их алдаршсан юм.
Энэхүү номд буруу шийдвэрүүд болон буруу бодлууд юунаас болж үүсдэг, мөн тэдгээрээс хэрхэн сэргийлж, оюун бодлоо цэгцтэй, илүү ухаалаг байлгах талаар 99 төрлийн “сэтгэхүйн төөрөгдөл” (cognitive error) гэж нэрлэгдэх хандлагуудыг тайлбарласан юм. Миний хувьд ихэнх бүлгүүд нь хоорондоо ижил, утга санаа нь давтагдаж байсан учир заавал 99 биш бараг 50 төрөлд ч хуваачихаж болох юм шиг санагдсан. Сэтгэл судлал, хүний зан байдлын талаар эрдэмтэн судлаачдын гаргасан онол, эшлэлүүдийн түүвэрлэл мэт
Номын хэсгээс:
1. Яагаад “Нүх” рүү өнгийж харах ёстой вэ
Шаргуу хөдөлмөр, амжилтад хүрэх магадлалаа хэзээ ч бүү дутуу үнэл. Ихэнх хүмүүс амжилттай яваа нэгний намтар, амжилттай яваа хүмүүст хамаг анхаарлаа хандуулж, тэднийг судлахад цагаа зарцуулдаг. Гэтэл түүний цаана амжилтад хүрэх гэж яваад бүтэлгүйтсэн, амжилтын үзүүрээс атгаад л тавьчихсан хүмүүс зөндөө байдаг. Бид бусдын амжилтын түүхийг уншиж, судалж,
Ном ярьж өгье: Цэгцтэй сэтгэх урлагамьдралдаа хэрэгжүүлдэг шиг бүтэлгүйтлийн “нүх” (graves of once-promising projects) буюу амжилтгүй яваа хүмүүсийн тухай ч гэсэн уншиж мэдсэнээр амжилтад амар хүрдэггүй гэдгийг мэдэрч, илүү шаргуу, илүү ухаалаг байхыг сануулна.
2. Харвард таныг ухаантай болгох уу?
Харвардад сурвал амжилттай, баян болно, усанд сэлэлтийн тамирчид өөгүй тэгш биетэй байдаг, гоо сайхны бүтээгдэхүүний моделууд гоё арьстай байдаг. Гэвч эдгээр зүйлүүд тэднийг үр дүнд хүрэхэд нь үнэхээр нөлөөлсөн гэж үү? Үгүй л байх даа. Зарим хүмүүс төрөлхийн байгалиас заяасан өгөгдлийн дагуу амжилтад амархан хүрч, бусдаас онцгойрч чаддаг. Хэн нэгнийг дуурайж аливаа шийдвэр гаргахаасаа өмнө өөрт байгаа өгөгдлөө тухайн хүнийхтэй харьцуулж нэг үзээрэй.
Жишээ нь: Харвардын их сургуулийг дэлхийн хамгийн шилдэг сургууль гэж ярилцдаг. Маш олон амжилттай яваа хүмүүс энэ сургуулийг төгссөн байдаг. Тэгэхээр Харвард бол үнэхээр сайн сургууль гэсэн үг үү. Бид үүнийг мэдэхгүй. Уг сургууль нь зүгээр л дэлхийн хамгийн шилдэг оюутнуудыг элсүүлдэг тааруухан ч газар байж магадгүй. Хамгийн магадлалтай хариулт бол элсэгчдэд тавьдаг өндөр шаардлага юм. Дэлхийн шилдэг их сургуулиудад тооцогддог тэдгээр сургуулиуд тийм л мундаг юм бол яагаад хамгийн муу оюутнуудыг элсүүлж аваад хамгийн мундгууд болгоод төгсгөдөггүй юм бол..
3. Зарлагадсан зүйлийн хойноос шаналах үзэгдэл
Бид ажил, хосын харилцаа эсвэл ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх гэх мэт зүйлүүдэд маш их цаг хугацаа, мөнгө, хүч чадал эсвэл хайрыг зориулсан байх тусмаа зарлагадсан зүйлийн хойноос шаналах үзэгдэлд автдаг. Өөрийгөө буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч чадалгүй зориулсан, зарцуулсан зүйлээ бодоод цааш үргэлжлүүлсээр байдаг. Гэвч илүү ихийг зориулах тусмаа илүү ихийг алддаг.
Харин ухаалаг шийдвэр гаргалт нь өнөөг хүртэл хэр ихийг зарцуулснаа мартаж зөвхөн ирээдүйд ашиг өгөх эсэхэд л анхаарахыг шаарддаг.
Хамгийн оновчтой шийдвэр гаргаж сурахыг хүссэн хэн бүхэн. Гаргаж байсан шийдвэрүүддээ харамсаж байсан болон дахин тийм алдаа гаргахыг хүсэхгүй байгаа хүмүүс. Энэхүү номыг уншаарай. Хувь хүний хөгжилдөө том хөрөнгө оруулалт хийсэндээ та өөртөө талархах болно. Энэ номоос “ямар ч алдаагүй амьдрах долоон алхам”-ыг та олж харахгүй. Аз жаргалын түлхүүрийг танд атгуулахгүй ч, азгүй явдлуудыг өөртөө авчрах үйлдэл хийхээс таныг хамгаалах хуяг тань болно.
Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм

М.Намуун Дэлхийн цомын аварга боллоо DNN.mn

Германы Кёлын хотод боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэaд болов.

Тэмцээнд дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор Монголын 15 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун түрүүлж, Дэлхийн цом гардлаа.

Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид:
Эмэгтэй тамирчид:
50 кг-д Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа
54 кг-д М.Энхжаргал, Э.Мичидмаа
57 кг-д Т.Номин-эрдэнэ, Б.Золжаргал
60 кг-д М.Намуун
66 кг-д Г.Бадмаараг
Эрэгтэй тамирчид:

51 кг-д А.Баттулга, Л.Даваадорж

57 кг-д Д.Ганболд, Х.Билгүүнсайхан

63.5 кг-д Т.Энхтөр, Б.Буяндалай

71 кг-д Б.Бямба-эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

340 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар 340 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-т хяналт шалгалтын ажиллагааг явуулж, 26 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Эдгээрээс зөрчилтэй 12, зөрчилгүй 5, зөрчилд тооцохгүй анхааруулсан 6, бусад 3 байв. Одоогоор ажиллагаанд 333 албан тушаалтны ХАСХОМ шалгагдаж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн удирдах албан тушаалтан  “Б”, олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын удирдах албан тушаалтан “О”, Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын удирдах албан тушаалтан  “Б”, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан  “А” нар нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн үйлдэлд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулж, цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг  хүргүүлэн ажиллалаа.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтыг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмсний үнэ буурч, өндөгний үнэ нэмэгджээ DNN.mn

Аравдугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өсжээ.

Инфографикаас харвал өнгөрсөн долоо хоногоос хонины мах, бөөрөнхий сонгино, өндөгний үнэ өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Цехийн засварчин ноос самнах машинд хавчуулагдан нас баржээ DNN.mn

Орхон аймаг, Баян-Өндөр суманд ноос, ноолуур самнах төхөөрөмжинд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б нь хавчуулагдаж нас барсан байж.

Алба хаагчид 43 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгчээ.