Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Шатахууны тасралт, нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Монгол Улс өөрөө энэ хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас түлш, шатахууны асуудлаар тодрууллаа.

-Шатахуун борлуулалт, түгээлтийн асуудал үе үе гарч ирэх боллоо. Одоо зарим түгээгүүрүүд шатахуун өгөхгүй байна. Яагаад ийм асуудал болоод байдаг юм бэ. Нөөц хангалттай байгаа гэж мэдээлдэг шүү дээ?

-Энэ удаагийн үүсээд байгаа асуудал нөөцөөс шалтгаалаагүй. Ер нь шатахууны асуудал нөөцөөс огт болдоггүй. Шатахууны нөөцийг зургаан сар эсвэл бүр жилээр нь хадгалах боломжгүй. Учир нь бүтээгдэхүүний чанараас хамаарч хоёр сараас илүү хугацаанд хадгалах боломж байдаггүй. Урт хугацаанд хадгалах цаашлаад нөөцийн асуудал үүсгэхгүйн тулд Монгол Улс өөрөө шатахуунаа үйлдвэрлэх, боловсруулах шаардлагатай.

-Зарим колонкууд шатахуун өгөхгүй байхад зарим нь өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ?

-ОХУ-ын Засгийн газрын тогтоол сая гарсан, та бүхэн мэдэж байгаа байх. Тэр үеэр манай улс руу бараг хорь хоног ачилт огт хийгдээгүй байсан. Үүнээс болоод түлш, шатахууны салбарт үнэхээр шок үүссэн нь үнэн. Гэхдээ бид үүнд эмзэглээд байх хэрэггүй. Ганцхан Монгол Улс энэхүү хоригт орчихоогүй шүү дээ. Харин ч бид энэ шокноос бага багаар гарч байгаа. Өнгөрсөн сарын эхээр ОХУ хориг тавьсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл Монгол Улс АИ-92 бензинийг 36 мянган тонныг импортоор авчихаад байна. Манай улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ гэхэд 53 мянган тонн байдаг. Сарын хэрэглээ гэсэн үг. Тэгэхээр 36 мянган тонн ороод ирчихсэн байгаа. Тэгэхээр хойноос бензин түлшний хувьд байнга ачигдан импортлогдож байна. Тийм учраас ойрын өдрүүдэд бензиний асуудал 100 хувь жигдэрчихнэ гэж баттай хэлье. Колонк болгон яагаад адилгүй байгааг би мэдэхгүй байна. Ямартай ч нийлүүлэлтэд асуудал огт байхгүй. Харин баруун талаар орж ирдэг бензин, шатахууны урсгал түр хугацаанд хаагдчихсан байгаа. Тэр утгаараа энэ бас ерөнхийдөө нөлөөлж байх шиг байна. Хаагдчихсан гээд бидний хувьд ямартай ч зүгээр суугаагүй. Ажиллаж байгаа. Бидний хувьд баруун талын урсгалыг нээж өгөх хүсэлтийг ОХУ-ын талд байнга л тавьж байна. Удахгүй нааштай шийдэл гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа

-Бензин гэхээс илүү түлшний хомсдол манай улсад хаа сайгүй үргэлжилж байх шиг байна. Газар тариалангийн бүсэд ч дутагдалтай байгааг тариаланчид хэлж байна. Түлшний хомсдолыг яаж зохицуулахаар байгаа вэ?

-түлшний хувьд охУ хориг тавьснаас хойш өдийг хүртэл 44 мянган тонн манай улсад орж ирчихээд байгаа. тэгэхээр мөн адил нийлүүлэлтийн хувьд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ нэг асуудал байгаа юм. Тэр нь энэ арав, арваннэгдүгээр саруудад түлшний шилжилт хийгддэг. Өөрөөр хэлбэл зуны түлшнээс өвлийнх рүү шилждэг гэсэн үг. энэ шилжилтийн процесс нь өөрөө олон асуудлыг үүсгэдэг. Учир түлшийг нөөцлөж болдоггүй. эсвэл өвлийн түлшийг урьдчилаад оруулаад ирэх боломжгүй байдаг. тэгэхээр яг өдийд нийлүүлэлтээс бус шилжилтийн хөдөлгөөнөөс хамаараад асуудал бий болоод байгаа юм. Гэх мэт олон бэрхшээл бий. Гэхдээ ирэх жилээс төр ядаж өөрөө хадгалаад авчихдаг савтай болох шаардлагатай байгаа юм. Ядаж бид түлш, шатахуунаа гуч биш тавь хоног хадгалдаг болчихмоор байна.

-Түлшний үнийн хувьд харьцангуй өндөр байгаа. Энэ нь мэдээж эдийн засагт том дарамт болж байна. Иргэдийн амьжиргаа, үнийн өсөлтөд ч нөлөөлж байна. Түлшний үнийг бууруулах боломж юу байна. Уг нь энэ сард тодорхой хэмжээгээр буурна гэж байсан шүү дээ?

-Үнийн хувьд саяхнаас колонкууд 200 төгрөгөөр л нэмсэн байна лээ. Бөөнөөр нь авч байгаа газрууд, салбарууд бас бий. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхан бөөнөөр нь шууд авчихдаг. үүнээс болоод үнийн хөөрөгдөл явж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд бид оролцох ямар ч боломжгүй. Учир нь энэ бол хувийн хэвшил. Хувийн хэвшлүүдийн хоорондох харилцаанд төр оролцох нь өөрөө хууль бус. тиймээс бид өөр гарц шийдэл л хайх шаардлагатай гэж бодож байна. үнэ буурах асуудлыг та бүхэн өөрсдөө нэг хараарай. Есдүгээр сард дэлхийд биржийн үнэ ямар байж гэдгийг хар. одоо үнэнд нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид түлшнийг зах зээлийнх нь үнээр л авч байгаа. Аи-92 шиг гэрээ байгуулсан зүйл байхгүй. Аи-92-ын үнийн гэрээ ирэх жил дуусна.

-Шатахуун түгээж байгаа компаниуд үгсэн нийлж, зориуд үнээ өсгөхийн тулд хомсдол бий болгож байгаа юу. Ийм байх боломжтой юу?

-Тэгэх ямар ч боломжгүй. тийм зүйл байхгүй. зарим колонкуудын өдрийн хангалтаа авахын тулд хоёр удаагийн таталт хийгддэг. Уг нь өмнө нэг удаагийн таталтаар өдрийнхөө хангалтыг болгочихдог байсан. харин одоо хоёроос дээш удаа таталтаа хийж байна. тэгэхээр ингэж ажиллах колонк тийм ч их биш. нэг удаагийн таталт хийгдэнэ гэдэг цаанаа тухайн колонкод асар их зардалтай байгааг бид ойлгох хэрэгтэй. иймэрхүү асуудлаас болоод колонк болгоны түгээлт борлуулалт өөр өөр байгаа юм.

-Шатахуун түлшний хомсдол бий болгохгүйн тулд Монгол Улс өөрөө дотоодынхоо хэрэглээг хангах шаардлагатай гэж хэллээ. Тэр утгаараа нөгөө газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил юу болж байгаа вэ. Энэ асуудал дээр салбар хариуцсан сайдын хувьд та ямар тайлбар өгөх вэ?

-Төлөвлөгөөгөөрөө бол 2027 он гэхэд монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж байгаа. миний хувьд энэ төлөвлөгөөт хугацаандаа багтчих болов уу гэж ойлгож байна. Газрын тосны үйлдвэрлэлийн хувьд “эрдэнэс таван толгой” ххК-д харьяалагдах болсон. Тэгэхээр энэ асуудал дээр төрийн зүгээс бүх бодлогын шийдвэрүүдээ гаргачихсан гэж ойлгох хэрэгтэй. зөвхөн бизнесийн ажил л үлдэж байгаа юм. уг асуудлыг “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагуудаас л сайн асуух шаардлагатай болов уу.

Яамны хувьд бизнесийн ажилд учиргүй оролцох нь хаашаа юм, тийм үү. Энэ бол цэвэр компанийн удирдлагын ажил байгаа шүү. бодлогыг нь төр хангалттай гаргачихсан, шийдчихсэн.

Э.МӨНХТҮВШИН

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Сугар гариг. Билгийн тооллын 21, Өглөгт охин одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 07:39 цагт мандан, 17:32 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэлдээ ялахгүй л бол худгийн манаач болоод дуусна даа” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн газрын
асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Лхаарамба Д.Жавзандорж 11 настайгаасаа Бурханы номд суралцаж
эхэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэлдээ ялахгүй л бол худгийн манаач болоод дуусна даа” хэмээн өгүүллээ.

Малчдаас “И-баримт” нэхдэг хуулийн цоорхойгоор ченжүүд
ноолуурын салбарт тоглолт хийж байна

“Глоб интернэшил” төвийн хуульч Л.Галбаатар “Сэтгүүлч хуулийн байгууллагад хандахад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг жишиг байна”  хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа DNN.mn

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард батлаад байсан юм. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор 2023 оны төсвийн орлого буурч, төсөв алдагдалай болох нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн төсвийг тодотгох шаардлага үүсээд байгааг Засаг дарга Х.Нямбаатар хэллээ. Гэхдээ төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн 2023 оны төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байхаар тооцжээ. Харин урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас 15.1 тэрбум төгрөг нийт 42.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Үүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр, Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлыг санхүүжүүлнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “….Төсвийн тодотголоор тодорхойгүй байгаа орлогын эх үүсвэрийг тодорхойлно. Он дуусах дөхсөн учир шинээр ажил, арга хэмжээ төлөвлөхөөс илүүтэй дуусаагүй ажлуудаа гүйцээхэд анхаарах хэрэгтэй. Мөн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотойгоор хэрэгжүүлэх томоохон ажлуудын хөрс суурийг бэлдэхэд чиглэх хэрэгтэй…” гэсэн юм. Дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хэлэлцэх юм. Төсвийн тодотголын төслийг өргөн барихад Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат болон хурал дахь 3 намын бүлгийн дарга нар байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкатай ажил хэргийн уулзалт хийлээ DNN.mn

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Түүний айлчлалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын нийгмийн халамж болон даатгалын тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцлоо. Тухайлбал, нийгмийн даатгалын шинэчлэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, болон эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн халамжийн бодлогын талаар харилцан танилцууллаа.
БНЧУ-ын тухайд насжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан тэтгэврийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Тэтгэвэрт гарах насыг 60-67 болгон нэмэгдүүлэх, хамгийн багадаа 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх зохицуулалтыг хийж байгаа аж. Мөн хүн амыг өсгөх бодлогын хүрээнд хүүхдийн тооноос хамааран татварын хөнгөлөлтийг урамшуулал байдлаар үзүүлдэг, хүүхэд бүрд биш бага орлоготой хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 1999 онд байгуулсан “Монгол Улсын иргэд, Бүгд Найрамдах Чех Улсын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” дурдаж, уг хэлэлцээрийг шинэчлэх санал тавилаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаас хойш 24 жил өнгөрсөн бөгөөд хоёр улсын холбогдох хууль эрх зүйн орчин ихээхэн өөрчлөгдсөн. Тухайлбал манай улсын “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийг 2021 онд шинэчлэн, баталсныг онцлов.
Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка хэлэлцээр баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул шинэчлэх асуудлыг дэмжиж, энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Categories
мэдээ спорт

С.Жамбалжамц Испани улсын мэргэжлийн баг “Burgos BH” багтай гэрээ хийжээ DNN.mn

“Парис 2024”олимпийн эрхээ авсан, дугуйчин С.Жамбалжамц Испани улсын мэргэжлийн баг “Burgos BH” багтай гэрээ хийсэн байна. Ингэснээр тэрээр “World Pro tour” буюу Дэлхийн мэргэжлийн шилдэг баг тамирчид уралддаг “Vuelta a Espana”, “Giro d’Italia”, “Tour de France” зэрэг Дэлхийн номер 1 тэмцээнүүдэд оролцох боломж бүрджээ. Энэ нь Монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудас юм. Монгол Улс Уорлд турын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн улс болсныг UCI онцлон зарласан байна.

Дэлхийн дугуйн спортын бүхий л топ уралдааны амжилт чансааг мэдээлдэг https://www.procyclingstats.com/ сайт дээр С.Жамбалжамцыг өчигдрийн /2023.11.01/ хамгийн “Алдартай дугуйчин”-аар онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:

1. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т

Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар,

2. “Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т

Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

3. “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т

Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

4. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т

Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр,

Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

5. “Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т

Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр,

Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

6. “Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т

Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун,

Вьетнамын талаас Аж үйлдвэр, худалдааны сайд Нгуен Хонг Зиен нар тус тус гарын үсэг зурлаа.

Categories
гадаад мэдээ

Газын зурвасаас 400 гаруй хүнийг гаргажээ DNN.mn

Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Египеттэй залгаа хилийн Рафах боомтыг лхагва гарагт анх удаа нээж, Газын зурвасаас 400 гаруй хүнийг гаргажээ.

Одоогийн байдлаар 335 гадаадын иргэн, 76 шархадсан хүнийг (Газын зурвасын иргэд) хилээр гаргалаа гэж Палестины албаныхан мэдэгдсэн байна. Албаныхны мэдээлснээр, тус бүс нутгийг орхин гарсан хүмүүсийн дунд Их Британи, АНУ-ын паспорттой иргэд байгаа аж.

Энэхүү боомтыг нээсэн нь “эрчимтэй бөгөөд шуурхай дипломат ажиллагааны” үр дүн юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Газын зурваст утас, интернэтийн үйлчилгээ бүрэн тасраад байна гэж ВВС-ийн эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 13.44 тонн алт худалдан авчээ DNN.mn

Аравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд нүүрс экспортын 13.236 автомашин, 499 чингэлэг тээвэр, 1.201 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1.675.5 мян.тн нүүрс, оны эхнээс нийт 53.037.0 мян.тн нүүрс экспортолсноор нүүрс экспортын төлөвлөгөө давж биеллээ.

Мөн цайр, хайлуур жоншны экспорт төлөвлөгөөт дүнг давсан байна. Харин 248 автомашин, 158 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 1.246.3 мян.тн зэсийн баяжмал экспортод  гарчээ.Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 99 автомашин, 1.616 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 4.634.0 мян.тн-ыг экспортолсон байна. Төв банк оны эхнээс аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 13.44 тонн алт худалдан авчээ