Уралдаанч хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн цуврал сурвалжилгын хоёр дахь хэсэгтээ хүүхдүүд яагаад мориноос унаж бэртээд байна вэ, эрсдэл хаана үүсээд байна, алдаа дутагдал, хариуцлага хаана алдагдаад байгааг хөндөх болно.
Монгол Улс олон улсын гэрээ конвенцид идэвхитэй нэгдэн орж Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр баталж, 1990 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу гэрээ конвенцийн үүргийг биелүүлэн ажиллахыг НҮБ шаарддаг. Тиймээс ч НҮБ-ын Хүүхдийн сан уралдаанч хүүхдийн асуудлыг онцгой анхаарч ирсэн. НҮБ-ын монгол дахь төлөөлөгчийн газар Хүүхдийн сангийн мэргэжилтэн А.Болормаа “Морин уралдаан нь хүүхдийн хүнд хөдөлмөрт тооцогддог. Хамгаалалтын хувцас хэрэглэлтэй ч бай эрсдэл үүсдэг. Тиймээс хүүхдээр морь унуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр сууринаас манай байгууллага ханддаг” гэлээ.
Ж.ХУНАН: МОРИН УРАЛДААН ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ШИНЖ ЧАНАРЫГ АГУУЛДАГ
Уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунангаас тодрууллаа.
-Хүүхдийн эрхийн конвенц, хүний эрхийн чиглэлийн хуулиудад уралдаанч хүүхдүүдийн асуудлыг ямар байдлаар тусгасан байдаг вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай конвенц гэж бий. Уралдаанч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт энэ хүрээнд багтаж байгаа гэсэн үг. Хэдийгээр хурдан морь унах нь монголын түүхт уламжлал соёлыг тээдэг нэг хэлбэр боловч нөгөө талаараа хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Түүнчлэн жилийн дөрвөн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулдаг нь өөрөө хүнд нөхцөлд тооцогддог учир хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн шинж чанарыг агуулж байгаа юм. Үүнд бид анхаарал хандуулах ёстой. Монгол Улсын Засгийн газраас өвөл, хавар, намрын уралдааныг хориглосон.
-Улсын баяр наадам болон томоохон морин уралдааны үеэр хүүхэд унаж бэртсэн, эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэн үү?
-Энэ жилийн баяр наадмаар хүүхэд мориноос унаж бэртсэн тухай мэдээлэл бүртгэгдээгүй.
-Ямар үед хүүхэд гэмтэж бэртэх, амь нас нь эрсдэх аюул түгээмэл байдаг юм бэ?
-Албан ёсны зөвшөөрөгдсөн хугацаанд төрийн байгууллагуудын хяналтан дор зохион байгуулагдаж буй уралдааны явцад хүүхэд мориноос унаж амь насаа алдах явдал харьцангуй бага. Харамсалтай нь, албан ёсны уралдаан,үсэргээнд бүртгүүлээгүй буюу хэсэг бүлэг иргэн, эсвэл найз нөхдийн дунд зохион байгуулсан уралдаан тэмцээнд мэргэжлийн байгууллага тэр бүр хяналт тавьж ажиллах боломж хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл, албаны хүмүүст мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй учраас уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэл, тоноглол бүрэн эсэхэд хяналт тавих боломжгүй. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Комиссын зүгээс өвлийн морин уралдаан зохион байгуулахгүй байх, үүнд хяналт тавьж ажиллах тухай зөвлөмжийг аймаг, орон нутгийн удирдлагуудад тогтмол хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг.
–Хүүхдэд хамгийн эрсдэл үүсгэдэг хүчин зүйл өөр юу байна вэ?
-Маш олон нөхцөл байдал, хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг дотоодын болон олон улсын шинжээчид хэлсэн байдаг. Наад зах нь уралдааны замыгцэвэрлэсэн эсэх. Аливаа эрсдэл үүсгэх нүхийг бөглөж, чулууг зайлуулах зэргээр морь бүдрэх эрсдэлийг бууруулах ёстой. Уралдаж байгаа хүүхдүүд хоорондоо бие биенээ хүндэтгэж, оролцох гээд олон асуудал бий.
ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэхь илтгэлд хүүхдийн ажил хөдөлмөртэй холбоотой бодлого эрхзүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийжээ. Тус илтгэлд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.1-д “уралдах морийг долоогоос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах” гэж зохицуулжээ. Судалгаанаас үзэхэд “2015 оны байдлаар жилд давхардсан тоогоор 40 мянга орчим хүүхэд хурдан морь унадаг. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн ихэнх нь бага насны буюу 7-10 насны хүүхдүүд. Харамсалтай нь унаач хүүхдүүдийн дийлэнхийг буюу 80.6 хувийг өөрийгөө эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аюултай нөхцөл байдлыг даван туулах чадвар сул, бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн төлөвшөөгүй 12 хүртэлх насны хүүхэд эзэлдэг хэвээр байна. “Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэвч хүүхдүүд, уяачидтай хийсэн ярилцлагаар жилийн дөрвөн улиралд үсэргээ, сунгаа, тодорхой хэмжээний бооцоот уралдаан хийсээр байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн статистик мэдээллээс үзэхэд хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон саруудад мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо унуулахыг хориглоогүй саруудын мөн үзүүлэлтээс дунджаар 3.7 дахин бага байна. Хурдан морь унаач хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж уяачид, эцэг, эхчүүд хичээлийн жил дуусаагүй байхад хүүхдүүдийг сургуулиас нь нууцаар авч явах тохиолдлууд элбэг гардаг. Хүүхэд 14-15 нас хүрч уралдааны морь унах нас нь өнгөрсөн тохиолдолд системтэй мэдлэг олж авч чадаагүйгээс анги дэвшин суралцах боломжгүй болдог. Тиймээс энэ наснаасаа бүрэн бус дунд боловсрол эзэмшин цаашдаа тухайн уяач, эздийнхээ туслах уяач болох, морь малын бусад ажлыг нь хийж өгөх зэргээр бусдаас хараат байдлаар морь уях, мал маллахаас өөр сонголтгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлэх болж байна. Унаач хүүхдүүд уралдааны явцад нуруу, хөл өвдөх зэргээр биед мэдрэгддэг гэжээ. Статистик мэдээнээс харахад жил бүр хүүхдийн бэртэл гэмтлийн тоо цөөрч байгаа ч амь нас эрсдэх, бэртэл, гэмтэл авах явдал байсаар байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын статистик мэдээллээс үзэхэд 2018-2020 онд нийт 671 уралдаан зохион байгуулагдсанаас аймаг, сумдад 647, нийслэлд 24 уралдаан зохион байгуулагдаж, 165 хүүхэд ямар нэгэн бэртэл гэмтэл авчээ. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн статистикт жилийн дөрвөн улиралд хурдны мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо бүртгэгдсэн. Мөн хурдан морь унаач хүүхдүүдтэй хийсэн ярилцлагад “жилийн дөрвөн улиралд уралдаан, үсэргээ, сунгаанд явдаг” гэж хэлснээс үзвэл төрийн байгууллагуудын хянах боломжгүй байдлаар хурдан морины уралдаан зохион байгуулдаг. Уралдааны явцад хүүхэд мориноос унах, бэртэх тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авсан тоогоороо ийнхүү бүртгэгдсэн гэж дүгнэж болохоор байна. Судалгааны үр дүнд хүсэл зоригийнх нь эсрэг, албадах, үл хайхрах, мөрдөн мөшгөх, заналхийлэх, хязгаарлах, гутаан доромжлох хэлбэрээр сэтгэл санаанд айдас, түгшүүр, шаналал үүсгэхүйц нөхцөл унаач хүүхдийн ажлын шинж чанарт байдаг нь илэрсэн. Ерөнхийд нь дүгнэж үзвэл 12 хүртэлх насны унаач хүүхдүүд морины амыг татаж дийлэхгүйгээс эсвэл бороонд морь халтирах зэргээс болж унаж гэмтэх, уралдааны үед бусдад ташуурдуулах, үеийн хүүхдүүдэд дээрэлхүүлэх, архи уусан том хүмүүстэй харьцахаас айх, уралдаанд хоцрох, түрүүлэхгүй байх зэрэг айдас, түгшүүрээс, мөн гомдсон, гэрээ санасан тохиолдолд уяаны галаас зугтах тохиолдол ч цөөнгүй гардаг нь ажиглагдлаа. Харин 13 ба түүнээс дээш насны унаач хүүхдүүд мориноос хүчтэй унах, зодуулж шийтгүүлэхээс айх, завгүй ажиллахаас халшрах, цалингаа авч чадаагүй тохиолдолд том хүнээс нэхэж авахаас айх зэрэг айдас, түгшүүрээ илэрхийлсэн” хэмээн дурджээ.
МОРИН УРАЛДААНЫ БЭЛТГЭЛИЙН ЯВЦАД НЭГ ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Сүхбаатар аймагт энэ жил 40 гаруй морин уралдаан болжээ. Гэвч зөвшөөрөлгүй уралдаан ч бас болсон байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Энхнарангаас тодруулахад “Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал маш чухал. Үүн дээр эцэг эх, асран хамгаалагч, уяачид маш сайн анхаарах хэрэгтэй. Зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулах асуудал гарсаар байна. Уралдаан болохоос өмнө үсэргээ сунгаа, морины ажил хийх явц өрнөдөг. Энэ үед уяачид хүүхдийг даатгалд хамруулдаггүй. Бүртгүүлэхдээ л хүүхдээ даатгуулна гэдэг. Гэтэл уралдааны бэлтгэлийн явцад хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол 2023 онд нэг бүртгэгдсэн. Энэ онд хоёр удаа зөвшөөрөлгүй сунгаан болсон. Түүнийг зохион байгуулагчдад нь арга хэмжээ авсан” гэлээ.
Уралдаанч хүүхдүүдэд тохиолддог бэрхшээлийн тухай Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн уралдаанч хүү Б.Равжираас тодруулахад “Зун тоос шороо ихтэй үед олон машин дагаж явахад тоосон дунд юу ч харагддаггүй. Тэр нь хэцүү байдаг. Бороотой үед морь хальтрих гээд хэцүү. Олуулаа зэрэг барианаас гарахад бусад морь, хүүхдийг цохих гэх мэтээр асуудлууд гардаг” гэсэн юм.
Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагуудын туслах малчдын дунд хийсэн судалгаагаар туслах малчны хүүхэд хөдөлмөрийн мөлжлөг ч биш боолын хөдөлмөр эрхэлж байна гэж онцлов. Үүнийг тодруулбал, туслах малчин ямар нэгэн байдлаар малын хорогдол гаргахад тухайн малынхаа үнэнд хүүхдээрээ морь унуулахыг тулгадаг. Хүүхэд хүсээгүй хөдөлмөр эрхэлж хөдөлмөрийн мөлжлөг ч биш ямар ч цалин хөлсгүй албан шахалтаар боолын хөдөлмөр эрхэлж байна гэсэн юм.
С.ОТГОНБАЯР
Б.БУДНЯМ