Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.08/ хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй  эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Саранчимэг даргалж, хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, ургац хураалтын үеэр 10 гаруй хоног бороо орсны улмаас ургацын чанарт нөлөөлсөнтэй холбогдуулан намрын ургац хураалтын дүн, чанар, борлуулалтад дэмжлэг үзүүлэх чиглэлээр салбарын яамны мэдээлэл сонсох асуудлыг 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглаварт багтаах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, “Ургац хураалтын дүн мэдээлэл, ургацын чанар, борлуулалттай холбоотой Хүнс, хөдөө аж ахуйн мэдээллийг ирэх 7 хоногийн хуралдаанаар сонсох, шаардлагатай гэж үзвэл Ажлын хэсэг гарган ажиллах бүрэн боломжтой” хэмээн хариулсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Байнгын хорооноос 11 дүгээр сард Органик бүтээгдэхүүний тухай,  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, хяналт, шалгалтын чиглэлээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг хуралдуулахаар төлөвлөсөн байв.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Ц.Идэрбат, Ц.Туваан болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд ажилласныг тодотгоод Ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус тус хуралдсан гэж байлаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 12, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 8, хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар  зарчмын зөрүүтэй 10 санал, найруулгын 8 санал боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Ганболд, Ж.Батжаргал, Б.Бейсен, Н.Наранбаатар нар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан.

Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн Олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх биохамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр батлах, хамгаалалттай аж ахуй нь дээрх зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх биохамгааллын зааврыг баталж мөрдүүлэх, Мал, эмнэлгийн хяналтын байцаагчийн эрхийг төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуультай зөрчилдөж байгаа тул тус заалтыг хасах, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлдэг байх, эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг бус эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэдэг байх зэрэг агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Ч.Цогтбаатар бодибилдингийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Дэлхийн 204 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын бодибилдинг, Фитнессийн холбооны (IFBB) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-6 ны хооронд Испани Улсын Санта Сусанна хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 100 гаруй орны 1700 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 14 тамирчин албаны багийн гурван хүн оролцож нэг хүрэл медаль, есөн шагналт байрт шалгарчээ.

Тус тэмцээний классик бодибилдинг ангилалд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Ч.Цогтбаатар бодибилдингын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр анхдагч алдартны өлгий Булган аймгийн харьяат юм байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ.

Тодруулбал, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан механикжсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор аймаг болон сумдын суурин газарт мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2024 оны гуравдугаар сарыг дуустал түр хугацаанд хязгаарлажээ.

Захирамжийн хэрэгжилтийг хангаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Categories
story-news

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 10-нд бүх төрлийн мал арилжаа болно DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.

Дундын зуучлалгүйгээр малчин үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих,  төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Түүнчлэн оролцогч талуудад тогтвортой харилцаа бий болгож, урт хугацааны хамтран ажиллах боломж үүсгэдэг малчин, хоршоо, үйлдвэр хоорондын биржийн худалдах, худалдан авах форвард гэрээг байгуулах боломжтой юм.

Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэх ба  малд мал эмнэлгийн хяналт хийгдсэнээр арилжаанд оролцуулна.

Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.

Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 7 сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж, 10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.

Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна. Энэ баасан гарагт зохион байгуулагдах амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
гадаад мэдээ

Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалж эхлэв DNN.mn

Германы хэд хэдэн хотод Палестиныг дэмжсэн жагсаал дахин боллоо. Эссен хотод исламын шашинтнууд Исламын улсынхтай төстэй бэлгэ тэмдэг бүхий жагсаал цуглаан зохион байгуулж, Германд халифат байгуулахыг уриалж байснаар бусдаасаа ялгарав.

ХБНГУ-ын нийслэлд 10 мянга орчим хүн Берлин хотын захирагчийн байр байрладаг талбайд цугларч Далайн вангийн усан оргилуур руу авирч, Палестины далбаагаар тэнгисийн эзнийг чимэглэв. Жагсаалд оролцсон илтгэгчдийн нэг Израилийн эрх баригчдыг “апартейдын соёл түгээгч” хэмээн буруутгаж, Газын зурвасыг бөмбөгдөхийг зогсоохыг шаарджээ. Өдрийн дундуур исламистуудын жагсаал Потсдамер Платц руу хөдөлж, Берлиний бараг бүх төв замын хөдөлгөөнийг хаажээ.

Берлинд болсон Палестиныг дэмжсэн жагсаалын дараа цагдаа нар үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн, гэмт хэргийг зөвтгөсөн, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх мэтээр гуч гаруй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж 68 хүнийг түр саатуулжээ.

Германд цагаачдын тоогоороо дээд амжилт тогтоодог Хойд Рейн-Вестфалийн холбооны муж улсын хотуудад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо. Дюссельдорф хотод гэхэд л “Хүний эрхийн төлөө” уриан дор 16-17 мянган исламистууд оролцсон жагсаал болжээ.

Берлиний нэгэн адил цагдаа нар үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөн хатгасан, Холокостыг дэмжсэн гэсэн хэргээр хэд хэдэн мөрдөн байцаалт явуулж, антисемитийн уриа лоозон бүхий баннеруудыг хураан авчээ.

Эссен хотод болсон жагсаалд гурван мянга орчим хүн оролцсон бөгөөд гол илтгэгч нь Ойрхи Дорнодын Исламын мөргөлдөөний үеийн нэг удирдагч болох Ахмад Тамим байв. Исламистуудын барьсан зурагт хуудаснуудын дунд “геноцидийг зогсоо” гэсэн уриалга байсан бөгөөд нэгэн дээр нь сэтгүүлчид “Германы төр засаг манай хүүхдүүдийг алахыг шаарддаг” гэсэн бичээсийг анзаарчээ.

Эссен хотод болсон Палестиныг дэмжсэн жагсаалд оролцогчид долоовор хуруугаа дээш өргөн Аллах бурханыг бэлгэдэж байжээ. Исламистуудын жагсаалыг зохион байгуулагчид жагсаал эхлэхийн өмнө оролцогчдыг хүйсээр нь ялган эрэгтэйчүүд түрүүлж, араас нь эмэгтэйчүүд, хүүхдүүд алхаж байв. Жагсаал төв талбай дээр ирэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ зайтай зогсож “Аллаху Акбар” гэж хашгирч, “дэлхийн жихад” гэсэн уриалга хааяа сонсогдож, араб бичигтэй хар тугнууд буюу Исламын улсын бэлгэ тэмдэг тэдний толгой дээгүүр эргэлдэж байв. Хамгийн гол нь тэдний зурагт хуудаснууд Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалсан байжээ.

Эссений цагдаа нар жагсаалын үеэр авсан видео бичлэгийг Ахмад Тамимд үзүүлэн түүнийг үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэсэн байна.

Германы Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн Йохен Копелке манай засаг захиргаа жагсаал, цуглаан зохион байгуулах өргөдөлд илүү болгоомжтой хандаж байхыг шаардаж “Германы хотуудад ийм жагсаал болох ёсгүй” гэж мэдэгдсэн бол ХБНГУ-ын эрх баригч эвслийн нэг хэсэг болох Ногоон намын тэгш эрхтэй нэгэн дарга Омид Нурипур Эссен хотод болсон исламист байгууллагуудыг дэмжсэн еврейчүүдийн эсрэг уриа лоозон, илтгэлүүдийг “тэвчиж болшгүй зүйл” гэж нэрлэн “Иймэрхүү үйлдэлд төрөөс хатуу хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлжээ.

Германы хэвлэлүүд, тухайлбал Людвигсбургер Крейсзейтунг сонин “Энд ноёрхож буй үнэт зүйл, хууль, журмыг үл тоомсорлодог хүмүүс манай хууль дээдлэх ёсыг тохуурхаж байгаа явдлыг зогсоох цаг болсон” гэж бичээд Герман дахь Палестиныг дэмжигч бусад байгууллагуудын үйл ажиллагааг хориглохыг шаардсан байна. Мөн Вестфален-Блатт сонин “Бид ардчилал болон өөрсдийн байгуулсан нийгмээ ардчиллын дайснууд болон шашны фанатуудад өгөх эрхгүй” гэжээ. Мөн Leipziger Volk­szeitung сонин “Эссен хотод болсон шиг биднийг үзэн ядсан үйл явдалд оролцсон гадаадын иргэдийг бид эх орноосоо хөөх ёстой” гээд Германы хуулиар ийм үйлдэл хийсэн хүмүүсийг албадан гаргахыг зөвшөөрдөг гэдгийг сануулжээ. Мөн Хойд Рейн-Вестфалийн Ерөнхий сайд Хендрик Вүст “Халифатын улсад амьдрахыг хүссэн хэн бүхэн Германд амьдрах ёсгүй. Бидний хүлцэнгүй, чөлөөт нийгмийг устгахыг хүссэн хүмүүсийг манай чөлөөт нийгэм цаашид тэвчиж чадахгүй. Исламистууд, хэт даврагчдыг нэг мөр хориглох ёстой” гэж мэдэгдэв.

Канцлер Олаф Шольц Холбооны муж улсуудын ерөнхий сайд нарын уулзалтад оролцож, Герман руу хууль бусаар цагаачлах, тэр дундаа исламын шашинт орнуудаас ирсэн, ирж буй цагаачдын асуудалтай хамт Германы хотуудад болж буй Палестиныг дэмжсэн жагсаалын асуудлыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ Германы эрх баригчид Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж, Германы Үндсэн хуулийг шариатын хуулиар солих уриалгад ямар тодорхой хариу үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганаар 62 хуулийн төсөл хэлэлцэж, батална DNN.mn

УИХ-ын намрын чуулган эхлээд нэг сар болж байна. Энэ парламентын намрын отгон чуулганаар нийт 62 хуулийн төсөл хэлэлцэхээр өргөн баригдсан. Дийлэнхэд нь шинэчилсэн найруулга хийх аж. Тухайлбал, автотээвэр, ашигт малтмал, байгалийн ургамал, биеийн тамир, спорт, гэр бүл, газрын тухай хуулиудыг шинэчлэх юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Намрын чуулганд өргөн баригдсан хуулиудаас ард түмний амьдралд тустай, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй хуулиудын судлаачид хэрхэн харж байгааг тоймолъё.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос асуудалд шат дараалалтай хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн байдаг

Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болсон. Өөрөөр хэлбэл, түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөн биш, төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч гацаа байна гэж дүгнэн уг хуулийн төслийг өргөн барьсан.

Газрын тухай багц хуулийн төсөл

Барилга хот байгуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран боловсруулсан уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд алдагдсан газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шийдвэрлэнэ. Хуулийн төсөлд газар олголтыг цэгцтэй зохион байгуулах, замбараагүй олгогдсон газруудыг эргэн харах, цуцлах, нөхөн олговор олгох гэх мэт суурь харилцааг шингээснийг шинжээчид сайшааж байсан.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ хуулийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулжээ. Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухай жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлэх юм байна. Уг сангийн орлогыг валют хэлбэрээр Монголбанканд хадгалах зохицуулалтыг тусгажээ. Хөгжлийн сан нь улс орны нийгэм, эдийн засгийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгасан юм. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бодлого нь төсвийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байх аж. Хөрөнгийн удирдлагын эцсийн шийдвэрийг УИХ-аас батлан гаргахаар төсөлд оруулсан байна. Засгийн газрын тухайд жил бүрийн улсын төсвийн төсөлтэй хамт Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтыг УИХ-д өргөн мэдүүлэх ажээ.

М.МӨНХ

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 4.3 хувиар буурчээ DNN.mn

Брент төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар унаад байна.

Газрын тосны үнэ өснө гэсэн таамаглал бүдгэрч байна гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 4.3 хувиар унаж, баррель нь 77.37 ам.доллар болж, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Харин брент төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар унаж,  баррель нь 81.61 ам.доллар буюу мөн л зургаадугаар сараас хойших доод түвшинд хүрээд байна.

Израил-ХАМАС-ын хоорондын дайн эхэлсэнтэй зэрэгцээд газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт эрс унаад байгаа юм. Газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д эрэлт тааруу байх төлөвтэй байгаа нь үүнд голлон нөлөөлөхөөр байна.

Үүнээс гадна АНУ-д шатахууны хэрэглээ эрс буурч байгаа нь газрын тосны эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нэг иргэн байшинтайгаа шатаж, нас баржээ DNN.mn

Увс аймаг, Сагил сумын 5 дугаар багийн “Хар мод” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 61 км, сумын төв/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 00:29 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:10 цагт ангиас гарч 61 км замыг туулан 02:10 цагт очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсныг хана, дээврийн хэсэгт задаргаа хийж 3 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраасан.

Уг гал түймэрт иргэн Б/эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 25 иргэн, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч ажилласан.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг 2024 оны төсвийн төслөөр хоёр цагийн завсарлага авлаа DNN.mn

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ирэх оны төсөв асар тэлэлттэй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл нэрээр бэлэн мөнгө тараахаар тусгасан байна. Эдгээр нь эх үүсвэргүй учраас инфляц өсөж, худалдан авах чадварт нөлөөлнө. Хувийн хэвшлийнхнийг боомилсон зүйл болно. Ардчилсан намын бүлгийн зүгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна” гэлээ.

Энэ үеэр Засгийн газрын гишүүдийн зүгээс УИХ хуулийн төслийг оройтож хэлэлцэж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах боломжгүй талаар хэлэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсвийн хэлэлцүүлэг бол хуулийн хугацаатай асуудал. Тоглоом наадгай хийх зүйл биш. Харин ч УИХ эхний долоо хоногоос хэлэлцэхийг шаардаж байсан. Сайд нар хойшлуулж хэлэлцүүлсэн шүү” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хоёр цагийн завсарлага авах санал гаргав. Ингээд АН-ын бүлэгт хоёр хоног бус хоёр цагийн завсарлага олголоо