Categories
мэдээ спорт

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн болно DNN.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Таеквондогийн Холбооноос зохион байгуулдаг “Элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн” энэ жил 14 дэх угаагаа 11 сарын 9-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд нийт 21 аймгаас 37 клубын 500 гаруй тамирчид оролцох ба A, B, C төрлөөр 10-15 нас, 12-12 насны ангилалаар зохион байгуулагдах юм.

Нээлтийн ёслолын ажиллагаа 11 сарын 9-ний өдрийн 13:00 цагт V-Court спорт зааланд болох ба БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд болон Монголын Таеквондогийн Холбооны ерөнхийлөгч оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ DNN.mn

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.11.08 № 2023/ШЦТ/1121

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №08, 2023.11.08

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнхбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жаргалсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баттулга, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пунцагбалжир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Энхтүвшин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бүрэнбадрах нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2102003050249 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлт гаргасныг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08.30 цагт зарлаж шийдвэрлэлээ.

Тус шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Т.Мөнхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Жаргалсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Баттулгад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Пунцагбалжирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Тоймыг бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж, хаагдсан зам, гарцыг нээжээ DNN.mn

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг хүндрэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймаг, сумдын Онцгой комиссын гишүүд газар орон дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлэх, хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 3-5-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Урт цагаан” үйлчилгээний төвийг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэв DNN.mn

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

2019 онд “Урт цагаан” үйлчилгээний төвд 24 хуулийн этгээд, зургаан иргэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй  түрээсийн гэрээ байгуулаагүй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнээс 2020-2023 оны аравдугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг аравдугаар сарын 10-ны дотор төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч дээрх иргэд, аж ахуйн нэгжүүд тус хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул байр, талбайг аравдугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн өмчийн байрыг иргэдэд дамжуулан түрээсэлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул өнөөдөр тэдэнд дахин байр, талбайг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “2009, 2011, 2014 онд тус барилгыг ашиглах боломжгүй, барилгын хийц бүтээц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтүүд гарсан.  Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн. Тус 25 этгээдтэй байгуулсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”, “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 3.11-т “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл эдгээр этгээдүүд иргэдэд зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлснээс үүдэн өнөөдөр энд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд түрээслэгчээ ч мэдэхгүй байна. Ийм эрсдэл өндөртэй барилга нураад унавал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Тиймээс тус барилгыг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу нураана. Энэ талаар 25 түрээслэгчид албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сараас хойш улсын төсөвт нэг ч төгрөг ороогүй. Энэ бол төрийн өмч, орон нутгийн өмч. Орон нутгийн өмчийг 3-4 жил ямар ч үр ашиггүй ашиглуулж болохгүй. Тиймээс хууль тогтоомжийн дагуу нурааж, дахин төлөвлөнө” гэв.

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн зүгээс арваннэгдүгээр сарын 8-ны 09:00 цагт түрээслэгч нартай уулзалт хийхээр урьсан боловч ганц ч аж ахуйн нэгж, иргэн ирээгүй юм. Ийнхүү Хотын даргын орлогч өөрийн биеэр Урт цагаан үйлчилгээний төвд ажиллан, өдгөө үйл ажиллагаа явуулж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Өчигдрийн түгжрэлд 28 удаа галт тэрэг явж, ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон DNN.mn

Улаанбаатар хотод өчигдөр орой авто замын түгжрэл дээд цэгтээ хүрч, 0 зогсолт болсон.

Түгжрэл үүссэн шалтгааны талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах тайлбарыг өглөө.

Тодруулбал арваннэгдүгээр сарын 8-ний өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж, тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг тогтоов.

Үүнд:

  1. СХД-ийн нутаг тавдугаар баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
  2. БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
  3. Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
  4. ХУД-ийн ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.

Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэв.

Жолоочдыг замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилсан нам бүх татварыг 10 хувь болгоно гэдгээ зарла DNN.mn

УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хуульд улсын төсвийн 92.9 хувийг татварын орлогоос бүрдүүлнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилийн төсөв болох 25 их наядын ачаалал ард түмний нуруун дээр ирж байна. Уг нь МАН татвар нэмэхгүй гэж ард түмэнд амлалт өгч гарч ирсэн. Гэвч тасралтгүй найман жил төрийн эрх барихдаа татварыг шат дараатай нэмж байв. Хамгийн сүүлд гэхэд импортын автомашины татварыг нэмэх, хотын төв рүү зорчих тээврийн хэрэгслээс татвар авдаг болно гэхчлэн татварын чангатгасан бодлого оруулж ирэв. Энэ бүх татварын ачаалал ард түмний нуруун дээр л бууна.

Жилээс жилд төсөв тэлж байгаатай холбоотой иргэдийн төлөх татварын хэмжээ тэр хэрээр нэмэгдэж байгаа. Аж ахуйн нэгж, иргэдийн татвар сүүлийн гурван жилд 12.6 их наядаар нэмэгджээ. Төсөв бүрдүүлэх байдлаар татвар нэмэх нь хамгийн буруу гаргалгаа гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Яг үнэндээ татварын дарамтад сөхөрч хаалгаа барих аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Тэгвэл энэ цаг үед сөрөг хүчний дуу хоолой нийгэмд үгүйлэгдэж байна. Хуучин Ардчилсан нам татварын ачааллыг бууруулах бодлого дэвшүүлсэн нь амжилттай хэрэгжиж байв. Тухайлбал, “Дөрвөн 10”-ын бодлого нь байна. 2004 онд Ц.Элбэгдорж гудамжнаас Ерөнхий сайд болж гарч ирээд бүх татварыг 10 хувь болгож бууруулах ажлыг эрчимжүүлсэн. АН-ын энэ амлалтыг ард түмэн алга ташин хүлээж авч байлаа. Тэд ч биелүүлсэн. Тодорхой сануулбал, нийгмийн даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 19 хувийг 10 хувьд буулгаж байлаа.

Иргэд, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүд үнэхээр хүнд байдалд байгаа өнөө үед Ардчилсан нам дахиад татварыг арван хувь болгож бууруулна гэдгээ дахиад зарла. Мэдээж эрх баригч МАН халамжийн бодлогоо нэмэхтэй зэрэгцээд татвараар чангална. Барууны үзэл баримтлалтай Ардчилсан намын хувьд энэ бодлогыг сөрөх ёстой. Бизнес эрхлэгчдэд ажлын байр бэлдэж, төрийн өмчит компаниудыг хувьчилж, татварыг бууруулах бодлого дэвшүүлбэл ирэх сонгуульд ялах нь гарцаагүй. Дээрээс нь өнөөдөр алаг цоог ялгамжтай олгож байгаа ипотекийн зээлийг зургаан хувь болгож, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогуудыг зарлах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

О.Батчулуун: Гаднын банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаад хямд эх үүсвэр татахад чухал үүрэгтэй DNN.mn

Эдийн засагч О.Батчулуунтай гадаадын банк Монгол Улсад оруулж ирэхтэй холбоотойгоор ярилцлаа.


-Монгол Улсад гадаад улсын банк оруулж ирэх асуудал олон жил яригдаж байна. Манай улсын санхүүгийн тогтолцоонд арилжааны банкууд гол тоглогч болчихсон яваа. Ийм нөхцөл байдалд гаднын банк оруулж ирэх нь ямар үр дагавар бий болгох вэ?

-Манай санхүүгийн зах зээлийн дийлэнх хувь нь банкны салбар бүрдүүлдэг. Арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 оны III улирлын байдлаар банкны нийт актив 49.5 их наяд төгрөг. Энэ нь манай эдийн засгийн 90 гаруй хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Эндээс банкны салбар ямар том хэмжээтэйг харж болно.

Бид ямар төрлийн банкны тухай ярьж байна гэдгээ нэг талдаа гаргах хэрэгтэй болов уу. Одоогоор ярьж байгаа асуудлын хүрээнд гаднын хувийн хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх тухай яригдаж байгаа. Арилжааны банк биш.

Арилжааны банк нь иргэд, ААН-үүдээс мөнгө татаж, түүнийгээ зээл гаргах замаар ашиг олдог байгууллага. Харин хөрөнгө оруулалтын банк нь иргэдтэй харилцахгүй, иргэдээс эх үүсвэр татахгүй. Энэ нь томоохон төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, тухайн төслийн явцтай уялдуулж хөрөнгө оруулалт хийдэг. Мөн хөрөнгө оруулалтын банк нь өргөн утгаараа хөрөнгийн захаас бонд босгож, хувьцааны IPO ч хийдэг. Тэгэхээр гаднын банк оруулж ирэх хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын банк шүү гэдгийг ялгах хэрэгтэй. Зөвхөн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгоно. Иргэдэд үйлчлэхгүй.

-Та дотоодын банкуудын нөхцөл байдлыг тодорхой хэллээ. Гадны банк оруулж ирвэл дотоодын банкуудын хүү буурах хүлээлт байдаг. Ер нь манай дотоодод банкны хүү яагаад өндөр байдгийг тайлбарлаад өгөхгүй юу?

-Монголд арилжааны банкнаас зээл авч, бизнесээ явуулж буй ААН-үүдийн амьдрах нас нь тав орчим л жил байдаг. Ийм бага насжилттай байдаг шалтгаан нь ч ойлгомжтой. Монгол бол дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй 20 улсын нэг, хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй 10 улсын нэг. Гэвч суурь хүү өндөр байгаа асуудал нь маш олон хүчин зүйлээс хамаарна. Монголд инфляци байнга хоёр оронтой тоонд байдаг. Дагаад бодлогын хүү, хадгаламжийн хүү ч хоёр оронтой тоонд багтана. Нэгэнт банк гэх байгууллага өндөр хадгаламжийн хүүн дээр үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд зээлийн хүү тогтоно. Тэгэхээр дагаад зээлийн хүү ч өндөр байхад гайхах зүйлгүй. Асуудлын эх сурвалж нь инфляци өндөр, ханш байнга унадагт байгаа биз. Энэ бол манай улсын суурь эрсдэлийн түвшин өндөр байгааг илтгэнэ. Түүхий эдийн үнээс хүчтэй хамаардаг, сонгууль тойрсон популист бодлого, дааж давшгүй өр гээд энэ бүхэн чинь дээрх эрсдэлийн уг шалтгаан нь юм. Тиймээс дан банкнаас хамаарсан үзэгдэл биш гэдгийг бид харах хэрэгтэй. Банкуудыг зээлийн хүүгээ буулгаач гээд шахах юм бол үсрээд л нэг пунктээр л буулгана. Энэ нь мэдээж үйл ажиллагааны зардлаа танах, ашгаа багасгах замаар л буурна гэсэн үг. Банк өөрөө ашгийн төлөө байгууллага. Тиймээс энэ сонголтыг хийхгүй. Гэвч иргэд, ААН-үүдийн хүсэлт бол таван пунктээр дор хаяж бууруулах хүсэлтэй байна. Ингэж байж үр дүн гарна. Тэгэхээр цогцоор нь хөдөлгөж байж зээлийн хүү буурах боломжтой. Мэдээж гадны банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хямд гадаад эх үүсвэр татахад нэлээд чухал. Гэвч энэ нь зээлийн хүүг бууруулах нэг төрлийн арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Гаднын банк ороод ирвэл тэр зээлийн хүүг бууруулаад иргэд, ААН-үүд бага хүүтэй зээл авна л гэсэн таамаглал хүн бүрд бий. Үнэндээ энэ бол өрөөсгөл ойлголт.

-Гаднын зарим оронд өөр улсаас банк орж ирэхэд зээлийн хүү чамлахаагүй хувиар буурч байсан судалгаа байдаг юм билээ. Манайд гаднын банк орж ирлээ гэхэд банкны салбар нь байх уу, төлөөлөгчийн газар нь байх ёстой юу?

-Гаднын банк оруулж ирэх нь зөв үү, эсвэл буруу юу гэх олон талт асуудлыг харуулсан гаднын судалгаанууд их бий. Эдгээр судалгаануудаас харахад сайн ч нөлөөлөл бий, муу ч нөлөөлөл бий. Түүнчлэн яг төлөөлөгчийн газар уу, банкны салбар уу гэдгээс хамаарч үр дүн нь янз бүр байна.

Тухайн улс нь хүн ам ихтэй, эдийн засгийн багтаамж том, олон улсад худалдааны нээлттэй бодлого явуулдаг гэх мэт орно. Тэгэхээр гаднын арилжааны банк ашиг талаасаа харвал Монголд орж ирэх боломж бага.

Нэгэнт гаднын арилжааны банк бусад улсуудад нэвтэрсэн олон туршлага бий. Эдгээр улсад дунджаар зээлийн хүүг 3-4 пунктээр бууруулж байсан. Гэвч иргэдэд бус тухайн улсын хамгийн том корпорациудад зээл олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлийн өрмийг нь хамж байна гэсэн үг. Харин дотоодын банкууд нь иргэд, жижиг дунд бизнес дээрээ өрсөлдөнө. Тэгэхээр бидний таамаглал өрөөсгөл байх магадлалтай.

Нөгөө талдаа гаднын банк орж ирэх нь мөнгөний бие даасан бодлого явуулах боломжийг хумьдаг. Яагаад гэхээр гаднын банк өөрөө тухайн улсын төв банкны хяналтаар явах боломжгүй байдаг. 2008-2009 оны санхүүгийн хямралаас өмнө гадаадын санхүүгийн байгууллагуудаас дотоодын санхүүгийн системд олгох зээлийн өсөлт нь дотоодын банкуудаас их буюу мөчлөгийн далайцыг нэмэгдүүлж байсан бол санхүүгийн хямралын үеэр Ази болон Европын гадаадын банкуудын зээл олголт нь харьяа улс болон дотоодын захын аль алинд нь эрс буурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын банкууд нь эдийн засгийн мөчлөгийг дагаж, хямрал үүсэх үед дотоодын санхүүгийн салбарын нөхцөл байдлыг хүндрүүлж байсныг ялангуяа Европ, Азийн харьяатай гадаадын банкуудын жишээнээс харж болохоор юм.

-Гаднын банк оруулж ирэхэд тухайн банкууд өөрийн улс руу хийж байгаа экспортыг өргөжүүлдэг, улсынхаа нөлөөллийг тухайн орны экспорт, импортоор дамжуулан томруулдаг гэж үздэг. Манай улсын хувьд хэрэгжүүлж чадвал нэлээд таатай л дүр зураг харагдаад байх юм?

-Гадны кэйст суурилсан судалгаагаар, урьдчилан тооцоолох хэд хэдэн эрсдэл бий. Тухайлбал, гаднын арилжааны банкууд нь өөрийн улс руу хийж буй экспортыг өргөжүүлж, улсынхаа нөлөөллийг тухайн орны экспорт, импорт, бизнес сүлжээгээр дамжуулан томруулдаг. Хамгийн гайгүй дотоодын бизнесүүдийг нь онилдог байна. Өөрөөр хэлбэл, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгож, шууд “сорчлох ажиллагаа” явуулдаг жишиг бий.

Харин хөрөнгө оруулалтын банкны хувьд бол тухайн улс хоорондын экспорт, импортын худалдаа гэхээс илүү төсөл, хөтөлбөрийн ашигтай байдлыг л харна. Ялангуяа Монгол Улсыг сонирхох суурь шалтгаан нь уул уурхайн салбар. Харин бусад салбарын хувьд, гадны сонирхлыг татах зах зээлийн хэмжээ, төсөл хөтөлбөр байхгүй. Гадны хувийн хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэх нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, дагаад тухайн төслийн давхар нөлөө их бий. Жишээ нь, Оюу толгойгоор л харъя. Төслийн санхүүжилт тогтмол, тасралтгүй хийгдэж байна. Тиймээс төсөл нь эдийн засагт эерэг нөлөөлдөг. Гаднын хувийн хөрөнгө оруулалтын банк нь том төсөл, хөтөлбөр дээр орж ирэх нь мөн л Оюу толгой шиг нөлөөллийг өгнө л гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газар энэ цаг үед төсөвтэй холбоотойгоор гаднын банк оруулж ирэх асуудлыг нэлээд хөндөж байгаа. Таны өмнөх оны нийтлэлд Монголд гадаадын таван банкны төлөөлөгчийн газар ажилладаг тухай дурдагдсан байсан. Дөрөв нь банкны тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Тэр дундаас Bank of China нэлээд магадлалтай гэв үү?

-Гаднынхан хэд хэдэн байдлаар орж ирэх боломжтой. Нэгдүгээрт, дотоодын банкны тодорхой хувийг гаднынхан эзэмшиж байна. Жишээ нь, Хаан банкны хөрөнгө оруулагч Япон, Хас банкны хөрөнгө оруулагчид нь EBRD-ээс эхлээд зөндөө бий. Худалдаа хөгжлийн банкны багахан хувийг ч Голдман Сакс эзэмшдэг шүү дээ. Хоёрдугаарт, төлөөлөгчийн газар байгуулах замаар орж ирсэн. Нийт төлөөлөгчийн газрын гурван их наяд орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл бий. Төлөөлөгчийн газар нь зөвхөн энд байгаа санхүүжилтийн хүсэлтийг толгой банк руугаа явуулж өгдөг. Тэр үүднээсээ иргэд үйлчлэхгүй гэсэн үг.

Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хөрш улсуудын төрийн банкны төлөөллийг оруулах нь хэр вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй. Миний харж буйгаар, хөрш орнуудын төрийн оролцоотой банк байх нь аюултай. Тиймээс энэ хуульд “хувийн хөрөнгө оруулалтын банк” гэж онцолж нэрлээд байгаа юм.

Дээрх төлөөлөгчийн газраас Bank of China банк нь төрийн оролцоотой, хувь эзэмшлийн ихэнх буюу 67.7 хувийг Хятадын Засгийн газрын эзэмшлийн Central Huijin Investment Ltd компани эзэмшдэг. Bank of China-ийн төлөөлөгчийн газраас банк байгуулах хүсэлтээ Монголбанканд ирүүлэх тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.11-т заасан “Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд”-ийн тодорхойлолтыг хангасан байх тул Эдийн засгийн хөгжлийн яаманд эхний ээлжинд хүсэлтээ гарган холбогдох зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Гаднын банк Монголд охин компани байгуулж орж ирэх нь дараах нөлөөтэй. Төв банк бүрэн хяналт тавих боломжтой бөгөөд хуулийн этгээд байх учраас Монгол Улсад орлогын албан татвар төлнө, дотоодын банкуудтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулах, улмаар дотоодын зах зээлийн цар хүрээг өргөтгөж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, эх үүсвэрийн хүүг бууруулах боломжтой. Гаднын банкны салбар нэгж орж ирэх нь мөн л өөр нөлөөтэй. Эдийн засгийн хямралын үед толгой компаниасаа санхүүгийн дэмжлэг хурдан хугацаанд авч, эрсдэлээс хамгаалагдах боломжтой. Харин төв банк зохистой хяналт тавих боломж хязгаарлагдмал. Төв банк шууд харьцах, шаардлагатай мэдээлэл авах боломж хязгаарлагдмал. Зөвхөн толгой компанийнхаа заавар журмыг мөрдөнө.

Тэгэхээр гаднын банк гэдэгт бид яг юуг ойлгож байгаагаа нэгтгэн ойлгох нь чухал байна. Охин компани, салбар эсвэл төлөөлөгчийн газар байхаас хамааран давуу болон сул талууд харагдаж байна. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хууль эрх зүйн хувьд маш тодорхой болгох нь чухал байна.

-Энэ дашрамд, банктай холбоотой өөр нэг зүйл тодруулъя. Манайд гүйлгээний шимтгэлийг аль ч банк аль ч тохиолдолд авч байгаа. Хүн тус бүр дээр 50, 100 төгрөг гээд багахан үнийн дүн харагдаж байгаа ч төвлөрч байгаа дүн томроод явчихдаг. Хэрэглэгч талдаа хохирч байгаа үйлдэл гэж харж болохоор. Энэ үйлдэл үндэслэлтэй юу, хэрэв тийм бол хязгаарлах боломжтой юу?

-Чөлөөт зах зээлд үнэгүй юм гэж байхгүй. Төлж чадахгүй бол тэр үйлчилгээг авч чадахгүй л гэсэн үг. Төлөх үнэ нь тухайн банкуудын өрсөлдөөн дээр л тогтдог. Банкууд шимтгэлээр өрсөлдсөөр анх 500 төгрөг байсан шимтгэл 100, 200 төгрөг болсон шиг санагдаж байна. Цаашид ч дижитал шилжилт хийж буйтай холбоотой энэ өртөг буурах болов уу. Тиймээс ямар нэг үйлчилгээ бүрийн цаана хүн ажиллаж, тоног төхөөрөмж зарцуулж, бичиг цаас болж буйг бид мартаж болохгүй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэг дүгээр сарын 9, Бархасвадь гариг. Билгийн тооллын давхарласан 26, Харцага одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 07:48 цагт мандан, 17:23 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -28…-33 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Түгжрэл бол түүх, утаа бол “ICLOUD” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монголын төмөр замыг Иран, Пакистан руу холбогддог төмөр замын сүлжээтэй холбосноор Европ болон Энэтхэгийн далай руу гарах боломж бий болно” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг ихэнх иргэд дэмжжээ.

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзул” Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа бүс нутагт чиглэн хөгжих боломж бүрдлээ” гэв.

“Ардчилсан нам бүх татварыг 10 хувь болгоно гэдгээ зарла” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б. Цэнддоогийн” Түгжрэл бол түүх, утаа бол “ICLOUD” нийтлэл хэвлэгдлээ. 

Хуульч Б.Наранцэцэг” Төсвийн тухай хуулийг батлах нэрээр өөр олон хуульд хуулиас гадуур өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон” гэлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ