Categories
мэдээ улс-төр

И.Мөнхжаргал: 2024 онд НӨАТ-ын 5 хувь болгох асуудлыг хэрэгжүүлнэ DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, “УИХ гүйцэтгэх засаглалдаа эрх мэдлээ алдсан дүр зургийг харлаа. УИХ-ын дарга НӨАТ-ыг таван хувь болгох санаачилга гаргаж, иргэдээс санал аваад 100 мянга гаруй хүний дэмжлэг авсан. Харамсалтай нь УИХ-ын босгыг давуулж чадалгүй, уналаа. Тодруулж, хэлбэл, Сангийн сайд нь унагаачихаж байгааг та бүхэн сая харсан. Иргэддээ өгөх мөнгийг яасан их харамлаж байна вэ. Энэ мөнгө иргэдийн амьдралд маш их нэмэртэй.

Хэрэв 2024 онд АН-д итгэж, саналаа өгвөл НӨАТ-ын таван хувийг бид хэрэгжүүлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлож, мөнгөн усаар боловсруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Экологийн Цагдаагийн Албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж,

  • орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал “алт” олборлосон,
  • мөн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан,
  • гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Түүнчлэн хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байв.

Дээрх хэргийг Прокурорын байгууллагаас шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нохойд хазуулсан иргэнд тусламж үзүүлээгүй жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт иргэн 5-6 нохойд хазуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед тусламж үзүүлээгүй явсан гэх “Ланд круйзер 200” маркийн машинтай иргэн болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоосон талаар мэдээлж байсан.

Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Харин тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон.

Иймд орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд урсгал хаах зохицуулалт хийсэн” гэв DNN.mn

Өчигдөр үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын шалтгаан нөхцөлийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Энхтайвны өргөн чөлөөний урсгалыг түр хаасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах; гэсэн заалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэв.

Тодруулбал, Багшийн дээдийн уулзварт зүүнээс баруун чиглэлд зорчих урсгалыг цагдаагийн албан хаагчийн машин хааж зогссон. Ийн нэг урсгалын хөдөлгөөнийг түр хаахад Бага тойруу буюу хойд замын хөдөлгөөн сийрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ иргэд шаардлагыг биелүүлээгүйн улмаас уг арга хэмжээ 12 минут үргэлжлээд зогссон байна.

Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Гомбосүрэн “ХУД, БГД-т шалтгаан тодорхойгүйгээр ачааны автомашинууд цаг 30 минут, нөгөө нь 40 минут зам дээр зогссон. Улаанбаатар хотод том оврын ачааны автомашинд эвдрэл гэмт үүсэхэд шууд зам дээрээс шилжүүлэн авч явах тээврийн хэрэгсэл байхгүй тул хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн” гэлээ.

 

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнгэллхам: Монгол Вьетнамын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн айлчлал боллоо DNN.mn

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Вьетнам судлаач, доктор (Ph.D) Б.Цэнгэллхамтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Вьетнам улсад айлчиллаа. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд Монгол Вьетнамын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүргэхээр санал солилцжээ. Энэхүү айлчлал ямар онцлог, ач холбогдолтой болов?

-Монгол, Вьетнамын харилцааны түүхэн үйл явц эхнээсээ өнөөг хүртэл улс төрийн харилцаа давамгайлсан, түүнд тулгуурлан бусад салбар харилцаа үүсч хөгжин, төлөвшиж иржээ. Ерөнхийлөгч бол хоёр орны харилцаанд улсаа төлөөлөх “нэг дэх хүн”. Тиймээс түүний айлчлал нь зиндаа, улс төлөөлөх эрх, ач холбогдлоороо харилцааны бусад субъектүүдээс хамгийн өндөр дээд зэрэглэлд хамаарагдана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болов. Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам улсад хийгдсэнээрээ онцлогтой. Түүнчлэн Монгол, Вьетнамын харилцаа, тэр дундаа улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагааны маш өргөн цар хүрээтэй асуудлаар харилцан ярилцсанаараа онцлогтой боллоо гэж харж байна.

Хамгийн гол нь 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Энэ хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Манай хоёр орон НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсноороо өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийлсэн. Ингэснээр манай хоёр орны харилцааны түвшинг ахиулахад бодит хувь нэмэр орууллаа. Айлын тал ч манай Ерөнхийлөгчийг дээд түвшинд хүндэтгэн хүлээн авсан нь энэхүү айлчлалын ач холбогдлыг өндөр өргөсөн хэмээн судлаачийн хувьд баяртай байна.

-Ер нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өнөөдөр ямархуу үзүүлэлттэй байгаа вэ. Үүнийг аль, аль салбарт хөгжүүлэх өргөн боломж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд БНСВУ аж үйлдвэржсэн, Зүүн өмнөд Ази төдийгүй тив дэлхийд өөрийн байр сууриа баттай эзэлсэн орон болж чадсан. Сүүлийн арван жилд тус улсын эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа. Мөн дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улс, бүс, эдийн засагтай гадаад худалдаа хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед БНСВУ-ын ДНБ 2.58 хувиар өсч, экспорт, импортын эргэлт 660 тэрбум ам.долларт хүрчээ. Вьетнам нь олон улсын худалдааны хувьд тэргүүлэх 20 эдийн засгийн нэг болсон. Манай хоёр орны хувьд худалдааны эргэлт жилд тогтмол өссөн үзүүлэлттэй гарч байна. 2021 онд 80.2 сая ам.доллар, 2022 онд 85 сая ам.доллар байсан бол 2023 оны эхний хагасын байдлаар 45 сая орчим ам.доллар болсон. Энэ дүнг оны сүүлч гэхэд 100 сая ам.долларт хүргэх зорилт биелэх магадлал өндөр байна. Худалдааны бүтцээр авч үзвэл, экспортод гянтболд буюу вольфром, молбидений баяжмал, хагас боловсруулсан арьс шир, шевро, хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн нийлүүлж байна. Харин тус улсаас бид импортолж байгаа бараанд хөдөө аж ахуй, хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн болон цахилгаан бараа, машин механизмын сэлбэг хэрэгсэл, цагаан будаа, угаалгын бодис зонхилж байна.

Вьетнам улс нь дэлхийн цагаан будааны зах зээлд хамгийн их нийлүүлэгч таван улсын нэг. Тус улс нь 29 орон, нутаг дэвсгэрт цагаан будаа экспортолдог. 2023 оны есдүгээр сарын байдлаар нийт 5.02 сая тонн цагаан будаа экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн байх жишээтэй. Цагаан будааны экспортын нийт борлуулалт нь 2.44 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар өссөн) болжээ. Энэ онд 6.3-6.5 сая тонн буюу түрүү жилийнхээс 0.2 сая тонн цагаан будаа илүү экспортолно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2021 онд дэлхийн цагаан будааны нийлүүлэлтийн 40 хувийг эзэлж байсан Энэтхэг улс 2022 оноос экспортдоо хориг тавьсан. Хятад зургаан сая тонн экспортлохоор төлөвлөсөн нь Вьетнамд ихээхэн боломжийг бий болгож байна. Гол импортлогч нь Филиппин байна. Харин манай улс 2021 онд Вьетнамаас 25 мянган тонн буюу зах зээлийн 41 хувийг эзлэх хэмжээний цагаан будааг импортолжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Эндээс манай цагаан будааны зах зээлийн эрэлт хэрэгцээг вьетнамын будаагаар хангах боломжтой болох нь харагдаж байна. Үүний тулд тээврийн асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай юм. Монгол-Вьетнам хоёр орны хооронд худалдааг хязгаарлаж буй хамгийн том хүндрэл нь ачаа тээврийн холболтын асуудал. Өнөөдрийг хүртэл бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт голчлон БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замд тулгуурлан, тээвэрлэлтийн хэмжээ болон зөвшөөрөгдөх хэмжээ хязгаарлагдмал байсаар ирсэн.

Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан. Засгийн газар хоорондын комиссын XVIII хуралдаан нь өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Энэ хурлаар талууд хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн. Мөн комиссын XIX хуралдааныг 2024 онд Ханой хотноо зохион байгуулахаар тохиролцсон байдаг.

Манай Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь эртний түүхэн улбаатай, “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирсэн харилцааг цаашид хоёр орны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэнээрээ ач холбогдолтой боллоо.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр талууд нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнг та судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Хоёр орны харилцааны хөгжлийг урагшлуулахад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлцэл, байгуулсан баримт бичгүүд тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд нэлээд олон санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Эдгээр баримт бичгүүдийн заримаас нь дурдвал, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том түлхэц болно. Мөн “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнамаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангана. Тэгвэл “Монголоос Вьетнамд экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай” баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт талууд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.

-Монгол Вьетнамын бизнес форум болж байгаа харагдсан. Ер нь хоёр улсын бизнесийн салбарынхны харилцаа холбоо ямар байдаг вэ. Вьетнамчууд Монголоос юу юу авах сонирхолтой байдаг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран Бизнес форум зохион байгуулсан. Тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо гэсэн мэдээ байна.

БНСВУ-ын Шадар сайд Чан Лыү Куан форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, түүний хүрээнд хийгдэж буй Бизнес форум нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж байгаа нь олзуурхууштай.

Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулаад зогсохгүй мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох боломжтой. Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Вьетнамын бизнесийн салбарынхан, аж ахуйн нэгжүүд хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг нээн илрүүлсэнээрээ онцлогтой байна.

БНСВУ-ын хэмжээнд 61 муж, хотод нийт 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн юм билээ. 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү туршлагаас судлан, бид өөртөө тохирохыг авч хэрэгжүүлбэл зохилтой болов уу.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёрын улсын хооронд шууд нислэг хийх боломж бүрдлээ. Хэзээнээс хэрэгжих бол. Шууд нислэгтэй болсноор манай эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгөх вэ?

-Бизнес форумын үеэр Вьетнамын Вьет-Жет авиакомпани Нячанг-Улаанбаатар-Нячанг чиглэлийн нислэг үйлдэхээр болов. Уг нислэг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэхээр боллоо. Шууд нислэг нь хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд зах зээлийн бодит нөөц бололцоог судлах гэх мэтээр хамтран ажиллах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй болно хэмээн харж байна.

-Монгол, Вьетнам нь олон улсын тавцанд хамтарч ажиллаж буй байдлыг та юу гэж хардаг вэ?

-НҮБ-д манай улс 1961 онд, Вьетнам улс 1977 онд элссэн. Дэлхийн улс төр, эдийн засаг, соёл, аюулгүй байдлын асуудлаар манай хоёр орон хамтдаа олон талт хамтын ажиллагаанд оролцож ирсэн. Ингэснээр дэлхий дахинд болон бүс нутгийн бодлого, харилцаанд байр сууриа бэхжүүлж чадсан болно.

Дэлхийн эдийн засгийн хүчний төв бидний оршин буй бүс нутагт шилжин ирж байгаа энэ үед Монгол Улс хоёр хөрш орноос гадна гуравдагч хөрш орнууд нэгдэн орсон олон талт хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь жижиг орны стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзэж байна. Манай Засгийн газар АПЕК-ийн зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрч, 1993 онд хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор анх удаа илэрхийлсэн байдаг. Үүнийгээ өнөөг хүртэл улс төр, дипломатын янз бүрийн түвшинд нотолсоор ирсэн. Өнөөдөр ч бидний байр суурь хэвээр байгаа.

Монгол Улс АСЕАН-ы гишүүн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үндсэн дээр АПЕК-д элсэх зорилтдоо тэдний дэмжлэгийг бодитоор авахыг эрмэлзэх нь оновчтой зөв арга, тактик байх болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын АПЕК-д элсэхэд дэмжлэг авах хамгийн үр ашигтай хувилбарын нэг нь БНСВУ-ын суваг мөн хэмээн судлаачийн хувьд үздэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаартахаас сэргийлэх, анхны тусламж үзүүлэх заавар DNN.mn

Уламжлалт галлагааны дарааллаас татгалзаж, мэргэжлийн байгууллагын доорх зөвлөмжийг хэрэгжүүлэх нь танд болон таны гэр бүлийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаална.

Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч дараах сэрэмжлүүлгийг заавал дагаарай.

1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
3. Яндангаа хөөлөх (яг одоо)
4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх (галлагааны дараалал нь таны мэддэг уламжлалт галлагаанаас өөр)
5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
8. Автомашины гарааш зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
9. Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

1.Угаартай орчноос яаралтай гаргах
2.Унтуулахгүй байх
3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
4. Эмчид яаралтай хандах.

Categories
мэдээ спорт

Хүчит 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдаан Арваннэгдүгээр сарын 12-ны ням гаригийн 11:00 цагт болох аж. Барилдах бөхчүүдийг 11 сарын 10-11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны 2 дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа маргааш дуусна DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны аравдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлсэн.

2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө найман хүн угаартжээ DNN.mn

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд нэг гэр бүлийн 3 хүн /нэг настай хүүхэд 57-58 насны өвөө, эмээтэйгээ/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /58-60 насны/, тус дүүргийн Хангайн гудамж орчимд 1 хүн /55 нас/, тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /43-44 насны/ иргэд тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо ·    Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

09.00 “Жанжин Д.Сүхбаатар”