Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам.долларын нэмэлт орлого олжээ DNN.mn

 “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулан, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого оруулав.

Тус компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3, нүүрс тээврийг 3.5, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржийн цахим арилжааг энэ оны 2 дугаар сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл 57 удаа зохион байгуулж, 955.1 сая ам.долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай, 3 сая тонн нь сул коксжих, 0.8 сая тонн эрчим хүчний нүүрс байв. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам.долларын нэмэлт орлого олоод байгаа аж.

Categories
мэдээ спорт

Азийн пара наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ- ны дарга Б. Бат-Эрдэнэ болон БТСУХ-ны дарга О.Баттулга нар БНХАУ-ын Ханжөү хотноо болсон IV дэх удаагийн Азийн Пара наадамд өндөр амжилт үзүүлсэн Монголын баг тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ.

Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.

Харин Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин өрсөлдөж хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тус тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Арголанд гэх хуурай газрын үлдэгдлийг олжээ DNN.mn

Нидерландын Утрехтын их сургуулийн эрдэмтэд Австрали тивээс 155 сая жилийн өмнө салж алга болсон Арголанд гэх хуурай газар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хоёр хэсэгт хуваагдаж үлдсэнийг олон жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Арголандын багахан хэсэг өнөөдрийн Мьянмар улсын нутаг дэвсгэрт үлдсэн бол үлдсэн том хэсэг нь Индонез улсын зүүн арлуудын суурь болж тогтож Уоллосын шугам хэмээх нүдэнд үзэгддэггүй далд байгалийн хил хязгаар тогтоосныг бас нотолжээ.

Зүүн Өмнөд Азийн арлуудын амьтны аймаг энэ шугамаар хуваагдаж, хоорондоо эрс ялгаатай байдаг аж. Зөвхөн амьтад биш, эртний хүний төрөл зүйлүүд хүртэл энэ шугамаар хуваагдаж тархсан байдаг гэнэ. Тухайлбал шугамын баруун хэсэгт бар, заан, мич зэрэг амьтад байдаг бол зүүн хэсэгт ийм амьтад огт байхгүй, харин Австрали тивийн уугуул амьтадтай ижил төрөл зүйлийн амьтад нутагладаг юм байна. Энэ зааг ялгаа нь Арголанд тивийн хэсэг сүүлд энэ бүс нутагт амьтны аймгийн хамт шилжиж ирсний нотолгоо гэж эрдэмтэд үзсэн байна. Эрдэмтэд энэ бүс нутагт үлдсэн эртний хуурай газрын үлдэгдлүүдийг хооронд нь эвлүүлэх замаар ямар хуваагдал болсныг тодорхойлсон бөгөөд “Бид арлуудын учрыг олох хэцүү даалгавартай тулгарсан учраас манай судалгаа ийм удаан үргэлжилсэн. Бид шууд утгаараа арлуудын дүрсийг эвлүүлэхэд долоон жилийг зарцууллаа” гэж Утрехтийн их сургуулийн геологич, судалгааны багийн ахлагч Элдерт Адвокаат тайлбарласан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Э.Мөнхзул: Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа бүс нутагт чиглэн хөгжих боломж бүрдлээ DNN.mn

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзултай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүн өмнөд Ази руу чиглэсэн төрийн айлчлал Лаос улсад үргэлжиллээ. Монгол Лаосын түүхэн уламжлалт харилцааны талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Өнөөгийн Лаосын анхны вант улс манай эриний өмнөх VIII зууны үед үүсэн байгуулагдсан хэмээн түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Лаосын их хаан Фа Нгум XIII зуунд тархай бутархай олон аймгийг нэгтгэн Лансан буюу Сая зааны вант улсыг байгуулснаар өнөөгийн Лаос улсын эх үндэс тавигджээ. Лаос улс тусгаар тогтнолоо бататгах, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хадгалан үлдэхийн төлөөх урт хугацааны хүнд тэмцлийн жилүүдэд гадаад орчинд шинэ түншүүдийг эрэлхийлж байсан юм. Энэ цаг үед БНЭУ-д суугаа Монголын Элчин сайдын яам Дели дахь Лаосын Элчин сайдын яамны дипломатуудтай анх удаа дотно холбоо тогтоосон. Улмаар 1958 онд БНМАУ-ыг ЮНЕСКО, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст гишүүнээр элсэхэд дэмжиж өгөхийг Лаосын Засгийн газарт хүсэлт болгож байсан явдал нь манай хоёр орны харилцааны эхлэл тавигдах оролдлогуудын нэг байв.

Монгол Улс 1961 оны аравдугаар сард НҮБ-д гишүүн элсэхэд Лаосын вант улс биднийг тууштай дэмжиж байсан. Эндээс хоёр орон нэг нэгийгээ харилцан дэмжиж ирсэн уламжлалт харилцааны суурь тавигдсан гэж үзэж болохоор байна.

Ийнхүү Монгол Лаосын хувьд дипломат харилцаа тогтоох сонирхол давхцаж, гадаад, дотоод орчин бүрэлдээд байсан үе л дээ. Улмаар 1962 оны есдүгээр 12-нд албан ёсны дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосон юм. Манай талаас 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Лаост айлчилж байв. Харин манай улсад Лаосын талаас Ерөнхийлөгч Суфанувонг 1980, 1985 онд, Ерөнхийлөгч Чуммали Саяасон 2007 онд тус тус айлчилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулахуйц өндөр ач холбогдолтой. Цаашлаад улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон ихээхэн үр дүнтэй айлчлал боллоо гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар талууд ямар, ямар тохироонд хүрэв. Хэд хэдэн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа харагдсан. Үүний ач холбогдол цар хүрээг нь хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон карго тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ. Хоёр улс “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа. Ингэснээр манай хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгана гэсэн үг. Түүнчлэн мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө. Тэгвэл “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр” нь ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлж хамгаалах юм. Энэ хүрээнд хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломж бүрдэнэ гэж харж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар зурагдсан бас нэг хэлэлцээр бол аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг. Уг хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх аж. Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой. Бас “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр талын салбар яамд байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөл бүрдэнэ. Дээрхээс гадна талууд хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэхээр санамж бичиг байгуулсан. Монгол Лаосын соёлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар урлагийн үзэсгэлэн, тоглолт, кино үзвэр зохион байгуулахаас гадна дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх боломж бүрдэж байна.

-Лаос улс нь бүс нутагтаа далайд гарцгүй цорын ганц орон. Тус улс эдийн засгийн хувьд ямархуу үзүүлэлттэй байдаг вэ?

-Газар нутгийн ихэнх хэсэг нь ойгоор хучигдсан уул нуруудтай. Нийт газар нутгийн гуравны хоёр нь уулархаг. Алт, мөнгө, зэс, цагаан, хар тугалга, цайр, төмөр, хүхэр, нүүрс, цэхэр индранил зэрэг үнэт, хагас үнэт чулуу болон барилгын материалын түүхийн эдийн арвин нөөцтэй улс. Лаосын эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуй дээр суурилдаг. XX зуунаас хойш гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамааралтай байгаа. 1976 оноос социалист эдийн засгийн журамд орсон бол 1986 онд төрийн оролцоог танаж, хувийн хэвшлийг зөвшөөрчээ. 1980 он гэхэд Лаосын Засгийн газар илүү прагматик бодлого баримталж эхэлсэн. 1986 онд чөлөөт зах зээлд чиглэсэн шинэчлэлүүдийг хийж байв. Түүнээс хойш төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зэрэгцэн ажиллаж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн.

Худалдааны гол түншүүд нь Тайланд, Вьетнам, Хятад, Малайз зэрэг улсууд юм. Гадаад худалдааны эргэлтийн 60 хувь нь Тайландад, 25 хувь Вьетнамд, 10 орчим хувь нь Хятадад, үлдсэн хувь нь бусад орнуудад ногддог. Лаосын эдийн засаг 20-иод жилийн хугацаанд жилд дунджаар долоон хувиар буюу тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлт аажмаар буурсан. Энэ нь COVID-19 тахлын үеэр илүү тод илэрч, Лаос улс гаднын нөлөөнд хэт өртөмтгий эмзэг болсон. Засгийн газар вирусийг дарахын тулд шийдэмгий алхам хийсэн боловч ажлын байр, амьжиргаагаа алдахад хүргэж, гадаад валютын орлогыг бууруулсан талтай. 2023 оны тавдугаар сарын байдлаар инфляци өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиас давсан үзүүлэлттэй байна. Зээл, тусламжийн хувьд нэг жилд дунджаар 390 сая ам. доллар. Гол хандивлагчид нь Япон, Франц , БНСУ юм. Францын тал Лаост бүх салбарт шууд болон шууд бус замаар хөрөнгө оруулалт хийх, тусламж үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Япон гэхэд жил бүр Лаост 100 гаруй сая ам.долларын зээл тусламж үзүүлдэг.

-Ингэхэд Монгол Лаосын эдийн засгийн харилцааг хэрхэн шинэ шатанд хөгжүүлэх боломжтой вэ?

-Манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь улс төрийн хамтын ажиллагаатай харьцуулахад хангалтгүй байна. Тухайлбал, худалдааны эргэлт 2021 онд 172.2 мянган ам.доллар, үүнээс экспорт 1.82 мянган ам.доллар, импорт 170.46 мянган ам.доллар байсан. Тэгвэл 2022 онд энэ дүн буурч 45.6 мянган ам.доллар болов. Үндсэндээ экспорт байхгүй, импорт 45.6 мянган ам.доллар байсан гэсэн үг.

1977 оноос Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр Лаосын 130 гаруй оюутан анагаах ухаан, хөдөө аж ахуй, хэл зүй, түүхийн мэргэжлээр манай улсын их, дээд сургуульд суралцаж төгссөн. Мөн 1984 онд Монгол Улс Лаост хүн эмнэлгийн 60 ортой “Лаос, Монголын найрамдал” эмнэлэг, 200 хонь, ямааны аж ахуйг 13.1 сая төгрөгт багтаан буцалтгүй тусламжаар байгуулсан нь одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Бид Лаосоос юу, юу авах боломжтой вэ. Мөн тэд Монголоос юу авахыг сонирхож байгаа юм бол?

-Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Энэ давуу талаа ашиглан Монголоос арьс ширэн бүтээгдэхүүн, хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хивс, малын эм, вакцин авах сонирхолтой. Харин Лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, жимс жимсгэнэ нийлүүлэх өргөн боломж бий.

Цаашид хоёр улс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтой боллоо. Тодруулбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Мөн хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

-Ерөнхийлөгчийн Лаос улсад хийсэн айлчлалыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Бид ямар үр дүн хүлээж болох вэ?

-Өнгөрсөн 60 жилийн харилцаанд түүхэн сургамж, тулгамдсан асуудлууд багагүй байлаа. Юуны өмнө бодит хүчин зүйл, тэр дундаа хил залгаа орны хувьд Хятад, Вьетнамын нутгаар дамжуулан тээвэр хийх, олон улсын төмөр замын сүлжээ, ложистикийн төвүүдээс алслагдмал байршилтай, сул хөгжсөнтэй холбоотой. Мөн улс дамнасан тээвэр, импорт, экспортын тарифын хөнгөлөлтийн асуудал бүрэн шийдэгдээгүй өнөөг хүрсэн юм. Энэ нь худалдаа, эдийн засаг төдийгүй бусад салбар харилцаа сул, зарим харилцаа огт хөгжөөгүйн гол шалтгаан хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал манай гадаад бодлого, харилцааны түүхийн салшгүй нэгэн хэсэг. Хамгийн чухал нь Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутагт чиглэсэн цаашдын хэрэгжилтэд тусгалаа олоход хувь нэмэр оруулахуйц айлчлал боллоо хэмээн харж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зам тээврийн 438 ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ DNN.mn

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн:

-Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй.

Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн нийт 438 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Өвлийн улиралд зам тээврийн ослын гол шалтгаан нь халтиргаатай зам байдаг. Энэ үед дөрвөн улирлын болон зуны дугуйтай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо зогсоох арга хэмжээ авахад оройтох хандлагатай. Үүнээс шалтгаалж өчигдөр хөдөлгөөн зохицуулж буй цагдаагийн албан хаагчийн араас мөргөсөн тохиолдол хэд хэд гарсан.

Төв шуудангийн уулзвар нь гол гогцооны уулзвар учир гурван талаасаа ачаалал авдаг. Өчигдрийн тухайд ХААИС-ийн уулзварын хөдөлгөөнд саад учирсан тул Энхтайваны өргөн чөлөө хоёр талдаа хураагдчихаж байгаа юм. Иймд хөдөлгөөн зохицуулж буй алба хаагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд Багшийн дээдийн уулзвар болон Зүүн дөрвөн замд хөдөлгөөн задлах арга хэмжээ авсан.

Судалгаагаар Улаанбаатар хотод 110 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол 25 болон түүнээс дээш км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох бололцоотой гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх бүрд хөдөлгөөнд оролцож буй хурд багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 400 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болно. Мөн ачааны машин зогссонтой холбогдуулан бид ачааны автомашиныг тодорхой цагуудад хязгаарлах саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Энхжингийн гарамд автомат ажиллагаатай хаалт ажиллаж байгаа. Мөн гармын хойно хоёр, урд нэг, нийт гурван тээврийн цагдаагийн албан хаагч ажиллаж буй. Тухайн гарам дээр 1000 метрээс дээш толгой болон зүтгүүр ойртон ирэхэд автомат гарам хаагдаж байх ёстой. Гэтэл жолооч нар хааж, нээх хугацааг нь хүлээлгүйгээр дүрэм зөрчин нэвтэрснээр мөн л хөдөлгөөн саатсан.

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчид хоёр ээлжээр тасралтгүй хөдөлгөөн зохион байгуулалт хийн ажиллалаа хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Гэртээ харих зам DNN.mn

Тэсгим хүйтэн өвлийн нар эрт буцахыг хэлэх үү харанхуйд гэрээсээ гараад харанхуйд гэртээ ирдэг үе ирлээ. Түмнийг араасаа гүйлгэн суулгах автобусандаа суугаад гэрийнхээ урд буухад нэгэн тэргэнцэртэй эмэгтэй яг тэр цагт автобус хүлээгээд зогсож байгаа харагддаг юм.

Улаанбаатарын автобус л болсон хойно техниктэй хүн битгий хэл хөлийн хүч сайтай залуу бидний ч шандасыг шалгадаг хойно. Надтай зөрөөд суух тэр бүсгүй ойр хавиар явж байгаа эрэгтэй хүн болгоныг өргөөд ороход туслаач гээд гуйж байгаа нь харагддаг. Монгол эрчүүд ч тусархуу зангаараа гурав, дөрвөөрөө нийлэн өргөөд оруулж өгнө. Харин нэг удаа би ганцаараа бууж таарахад эргэн тойронд хэн ч харагдсангүй.

Бид хоёр бие бие рүүгээ хараад ойлголцсон ч ганцаар өргөж дийлэхгүй учир жолооч ахаас тусламж гуйв. Энэ өдөр жолооч ахтай хоёулахнаа тэр бүсгүйг өргөж оруулахдаа энэ маань буухдаа яах юм бол гэж бодож билээ. Миний хувьд ажилдаа ирж очих зам түгжрэлийг эс тооцвол нэг л хэвийн өрнөдөг. Гэтэл тэр бүсгүйн хувьд өдөр болгон хэн нэгнийг гуйх, санаа зовох асуудалтай нүүр туулдаг гэхээр бүх зүйл шударга бус санагдана.

Тэр бүсгүй над шиг л гэртээ харихаар ийн зогсох нь бид өөр ертөнцийн хоёр хязгаараас энэ автобусны буудал дээр нийлж байгаа мэдрэмжийг надад төрүүлдэг байж билээ. Миний хувьд гэртээ харих зам хамгийн дардан байдаг бол тэр бүсгүйн хувьд хамгийн их бартаат зам нь байдаг. Энэ бүхнийг эрэгцүүлэн суухад бид хүндээ ээлгүй тэр тусмаа тусгай хэрэгцээт ийм хүмүүстээ хамгийн ээлгүй хотыг, нийгмийг бүтээжээ. Хэдий болтол хажуугаар өнгөрөх хэн нэгэнээс дэм хүсч,  хүн царайчлахгүйгээр гэртээ харьдаг болох вэ, тэр бүсгүй. Ойрын хэдэн сар тэр үзэгдсэнгүй. Магадгүй бусдад хамгийн дардан ч хамгийн хэцүү замд явахаас түүртээд гэртээ суухыг сонгосон юм болов уу. Тэр бүсгүйг буруутгах аргагүй. Тэр чадах бүхнээ хийсэн.

Энэ бүгдийг эргэцүүлэн суухдаа бид адилхан л хүн гэтэл яагаад хоёр өөр ертөнцөд байгаа мэдрэмж төрөөд байгаагийн учрыг тайлах шиг. Бид хоёр зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл, бие хүнийхээ хувьд ижил ертөнцөд аж төрдөг ч нийгмээс шалтгаалах зүйлс л биднийг тусгаарлаад байгааг ойлголоо. Хэрэв тэр бүсгүйг гэрт нь хүргэдэг автобус тусгай хэрэгцээт хүмүүст зориулагдсан техникээр тоноглогдсон бол, харааны бэрхшээлтэй хэн нэгнийг чиглүүлэх замын хавтан нь стандартыг хангасан, шон мөргөхөд хүргэдэггүй бол би ч тэр бүсгүй рүү тэгж харахгүй тэр бүсгүй ч над руу тийм харцаар ширтэхгүй байх байж. Учир үүнд л байж.

2021 оны статистик мэдээллээр Монгол Улсад 106100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байна.Улсын хэмжээнд 13700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхэлж байна. Манай хуулиар байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах үүргийг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол тодорхой төлбөр төлнө. Ихэнх байгууллагууд төлбөр төлөх сонголтыг хийж байна. Гэтэл нөгөө талд ажил хийж, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэн бий. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа нь хоёр талтай. Нэг талд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ажил олгогчид ойлголт, мэдлэг багатай байна. Нөгөө талд ажил хийхийг хүсэж буй иргэдийн мэдлэг, ур чадвар шаардлага хангахгүй байх нь түгээмэл. Тиймээс ажил олгогчийн хандлагыг өөрчлөх, ажлын байрны таатай орчин бүрдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд нь хэлжээ. Энэ асуудлууд бодит байгаа нь үнэн. Гэхдээ яг энэ хоёр асуудлын зааг дээр орших тэдний ажилдаа явах, ирэх дэд бүтцийн асуудлыг хөндөхгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Солонгос, Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхдээ энэ мэт нарийн асуудлыг нь ч шийдэж чаддаг нь суралцмаар. Тухайн иргэнийг ажилд авсан байгууллага, ажилтан тусгай тээвэр шаардлагатай гэх хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлбэл шаардлагатай техникээр тоноглосон машинаар түүнийг ажилд нь хүргэж, бас авна. Энэ нь мэдээж нийгмийн халамж, даатгалын санхүүжилтээр шийдэгдэнэ. Энэ зөвхөн нийтийн тээврээр зорчих боломжгүй иргэдийн хувьд яригдах зүйл. Харин миний зүс таних тэр бүсгүй шиг өөрөө бие дааж ажилдаа явахад ямар ч бэрхшээл тулгарахгүй. Бүх нийтийн тээвэр нь тэдний зорчих бүх эрхийг хангасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь хэн бүхэнд ашигтай. Тэд нийгмийн халамж хүртдэг бус татвар төлдөг иргэн байхыг хүсдэг. Тэд бусадтай л ижил нийгмийн амьдралд оролцож, алдаж онож, амжилт, уналтыг мэдэрч, хамт олны дунд буцалж байхыг хүсдэг. Гуравхан сая хүн амтай бидний хувьд хүн бүр хөдөлмөрлөж байж л хүсээд байгаа эдийн засгийн хөгжилдөө хүрнэ. Харин тэр бүх боломжийг бий болгох, түүнийг шаардах нь бид бүхний үүрэг. Хэн нэгнийг хойно үлдээхгүй хамтдаа л хөгжицгөөе. Уриалж байна.

 

Б.Заяа

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 2872 гэмт хэргийг илрүүлж, 51.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй.

Тэгвэл тус хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ. Илрүүлсэн хэргүүдийг бүлгээр ангилбал,

  • Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 24,
  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 680,
  • Хүчиндэх 51,
  • Хүн худалдаалах 15,
  • Хулгайлах 403,
  • Мал хулгайлах 41,
  • Дээрэмдэх 34,
  • Залилах 1235,
  • Гээгдэл эд хөрөнгө завших 84,
  • Эд хөрөнгө устгах, гэмтээх 48,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 32,
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 18,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 59,
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 33,
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 95,
  • Бусад 20 хэрэг зэрэг байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн улмаас 5696 хүн, 14 хуулийн этгээдэд учирсан 67.0 тэрбум төгрөгийн хохирлын 51.3 тэрбум төгрөг буюу 76.5 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

Хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зорилгоор энэ хугацаанд амины орон сууц 2, Монгол гэр, эзэмшлийн газар, 8 нэрийн хүнсний дэлгүүр, банкны данс, гэмт хэргийн замаар худалдан авсан байж болзошгүй тээврийн хэрэгсэл 19, хулгайд алдагдсан мал 43 толгой, бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжлэн хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 86 нэр төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй DNN.mn

Иргэн та нийслэл хотод дараах 86 төрлийн үйлчилгээ, бизнесийг эрхлэх гэж байгаа бол E-Mongolia-д нэвтрэн Нийслэлийн үйлчилгээ хэсэгт хандаж өөрийн эрхлэх үйлчилгээний ерөнхий мэдээллийг цахимаар илгээсэн л бол ямар нэгэн хариу хүлээлгүй, шийдвэр зөвшөөрөл шаардлаггүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгож байна.

Нийслэл хотын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 11 чиглэлийн 86 төрлийн үйлчилгээ эрхлэхэд өнөөдрөөс эхлэн төрийн байгууллага хэсэн, түгжрэл төвлөрөл үүсгэн, хүнтэй харилцаж, хүнд сурталд бухимдаж, цаг, мөнгөө үрж, урт хугацаанд хүлээж байх шаардлаггүй боллоо.
/Цахимаар хүсэлтээ илгээгээд зөвшөөрөлгүйгээр эхлэх жагсаалттай танилцана уу. /
Худалдаа:
1. Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/
2. Төрөлжсөн барааны дэлгүүр
3. Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа
4. Агуулах дэлгүүр
5. Бөөний худалдааны төв
6. Хүнсний бус барааны зах, худалдааны төв /барилгын материал, мод автотехникийн, төрөлжсөн барааны г.м/
7. Их дэлгүүр
8. Хайпермаркет
9. Бутик
10. Үзүүлэнгийн танхим
11. Дахивар худалдан авах цэг
12. Аутлет
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:
13. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
14. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг
15. Баар (Паб, лоунж)
16. Кофе шоп
17. Кафе
18. Хүргэлтийн хоолны үйлчилгээ
19. Баар /Диско клуб/
20. Баар /Тайчих клуб/
21. Баар биллиард
22. Баар /Дэлгэцийн гольф, автомат тоглоом/
23. Баар /боулинг/
24. Баар /Спорт/
25. Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ
Ахуйн үйлчилгээ:
26. Үсчин
27. Гоо засал
28. Алжаал тайлах төв /иллэг/
29. Нийтийн халуун ус
30. Хумс засал
31. Айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ
32. Айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ
33. Саун
34. Хими цэвэрлэгээ, угаалга
35. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
36. Нүдний шил захиалга, засвар
37. Хувцас захиалга, засвар
38. Эд бараа түрээслэх үйлчилгээ
39. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
40. Гутал засвар
41. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
42. Цоож, түлхүүр, засвар
43. Цаг засвар
44. Цүнх засвар
45. Гэр ахуйн тавилгын засвар
Зочлох үйлчилгээ:
46. Дэн буудал
47. Амралтын газар
48. Жуулчны бааз
49. Гэр буудал
Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ:
50. Фитнес, спиннинг
51. Аэробик, иог, бүжгийн клуб
52. Бассейн
53. Биллиард
54. Боулинг
Авто үйлчилгээ:
55. Автомашины доторлогоо
56. Авто засвар /агрегат, кузов/
57. Автомашины угаалга
58. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
59. Дугуй засвар
60. Авто зогсоол /битүү/
Тоглоомын төв:
61. Цахим тоглоомын газар
62. Хүүхдийн тоглоомын төв
Соёл урлагийн үйлчилгээ:
63. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драма, кино, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа
64. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа
65. Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар
Үйлдвэрлэл:
66. Хүнсний бусад үйлдвэрлэл
67. Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
68. Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
69. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
70. Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл
71. Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэл
72. Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээний үйлдвэрлэл
73. Өндөгний үйлдвэрлэл
74. Хөнгөн үйлдвэрлэл
Галын дүгнэлт:
75. Галын дүгнэлт сунгуулах
76. Галын дүгнэлт шинээр авах
Иргэн та өөрийн болон компанийнхаа бүртгэлээр E-Mongolia-д нэвтэрч, нийслэлийн үйлчилгээнүүд гэсэн ангиллаас сонгон хүсэлтээ илгээнэ.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд л хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдана.

Цахимаар үйлчилгээ үзүүлэх систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит алхам, хүн биш хууль засаглах, хүнд суртлыг халж технологи үйлчлэх шийдэл юм. E-Mongolia, цахим технологийн шийдэл нь зөвхөн ажлын цагаар бус 7 хоногийн бүх өдөр 24 цагаар Танд тасралтгүй үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг ихэнх иргэд дэмжжээ DNN.mn

Хотын даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар томилогдонгуутаа гаргасан шийдвэрүүдийн нэг нь Урт цагааны гудамжны дахин төлөвлөлт. Тэрбээр “1960-1962 оны хооронд баригдсан 8000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч, хятадууд барьсан юм билээ. Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. “Хурдан” системийг ашиглаж байгаа учир хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. Санал асуулгыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд явуулна.

Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа. Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн” хэмээн энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийхдээ ярьсан.

Тэгвэл одоогоор Урт цагааны гудамж ямар байдалтай байгаа талаар сурвалжиллаа.


Өчигдөр өдрийн 13:30 цагийн үед Урт цагааны гудамжийг зорин очив. Цас бага багаар хялмаалан хаялж, нар илч муутайхан ээнэ. Тэнгис кино театрын урдуур Теди төвийн хажуугаар алхан, Урт цагааны гудамжны зүүн талын үзүүрээр тойрон эргээд зорьсон газартаа хүрлээ. Ажлын өдөр энэ гудамжны урсгал хөл хөдөлгөөн ихтэй, алтан эдлэлээ засуулах, мөнгөн тоноглолоо хайлуулах гэсэн хүмүүс, зах худалдааны төвийг зорих иргэд, түлхүүр олшруулж, гутлаа засуулахаар хүмүүсийн урсгал нааш цааш сүлжилдэнэ.

Зүүн захын эхний хаалгаар ороход түлхүүр олшруулна, алт мөнгөн эдлэл авна, гутал засна, үсчин гэх маш олон хаягтай хаалгаар орлоо. Үүдэнд нь жижигхэн өрөөнд алт мөнгөний дархан гэсэн өрөөнд 40 эргэм насны эрэгтэй сууж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ярихдаа “Амьжиргааны ганц эх үүсвэр минь энд байна. Өдөрт эндээ хэдэн алт мөнгөн эдлэл засч л амьжиргаагаа залгуулдаг. Овойж оцойтол их олоод байдаг зүйл байхгүй. Сар болгоны түрээс, ар гэрийн хэрэгцээгээ шийдэх гээд хүнд асуудал зөндөө л гарна шүү дээ. Байнгын тогтмол орлого биш. Сар бүр өөр өөр орлого олно. Зарим сар нь түрээсээ ч өгч хүрэхгүй. Заримдаа овоо хэдэн төгрөг ч олно. Энэ газрыг нураана, буулгана л гээд байх юм. Ганц амьжиргаанаасаа салчихвал яах юм байгаа юм. Энд ажиллаж байгаа иргэдийг хүн чинээ тоохгүй тэнгэрийн, тэнгэрийн юм ярьцгаах юм. Энэ барилгад миний тооцоолсноор 200-гаад түрээслэгч байгаа. Тэд бүгд амьжиргаанаасаа сална. Тэдний нэг хүний ард л гэхэд дор хаяж гурван хүн байгаа. Тэгэхээр хэчнээн өрх айл хоолноосоо салах нь уу гэдгийг бодож үзсэн болов уу. Хөрсөн дээр бууж амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай” хэмээв. Ингээд цааш алхлаа. Гутал засвар гэсэн хаягтай ойролцоогоор арав гаруй ширээ тавьжээ. Ширээ тус бүрийн ард нэг гуталчин сууна. Зарим ширээ нь хоосон байгаа нь анзаарагдав. Тэдгээр хүмүүс өнөөдөр ажилдаа ирээгүй нь энэ аж. Харин хажууд нь жижигхэн вакум ханаар тусгаарлан өрөө хийсэн нь “Түлхүүр олшруулна” гэсэн бичиг хаалгандаа наажээ. Ойролцоогоор 7х8 м.кв өрөөнд ийнхүү арав гаруй хүн тус тусдаа үйл ажиллагаа явуулж, тус тусдаа түрээс төлдөг гэнэ. Тэднээс зарим зүйлсийг тодруулахад “Бидэнд энэ газрыг түрээслэдэг хүнд тэрхүү мэдэгдэл нь ирсэн байж мэдэх л юм. Гэхдээ яг бидний гар дээр ирсэн зүйл байхгүй. Тиймээс энэ газрыг нураах хүртэл нь үйл ажиллагаагаа явуулна” гэж дуу нэгтэй хэлж байлаа.

Энэхүү байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг оёдолчин С.Хандмаатай ярилцлаа.

-Та энд оёдол хийгээд хэдэн жил болж байна вэ?

-Би энд ажиллаад найман жил болж байна. Энэ хооронд байнгын үйлчлүүлэгчтэй ч болсон. Гэтэл нэг л өдөр нураана, буулгана гээд хотын дарга нь ирж баахан сэтгүүлчид яриа өгөөд л. Энд ажиллаж байгаа хүмүүсийг яа гэж байгаа юм бол. Хааш нь шилжүүлэх, бидний ажлын байрыг яаж шийдвэрлэх талаар ер яриагүй.

-Та энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэрэг үү?

-Эсэргүүцсэн ч биш л дээ. Гол нь энэ барилгыг нураалаа гэхэд энд түрээсээр ажиллаж байгаа иргэдийн ажлын байрыг яаж шийдвэрлэх вэ гэдэг чинь бидэнд хамаатай асуудал шүү дээ.

-Гэтэл нийслэлээс авч буй санал асуулга нь буулгах уу, үгүй юу гэдгээр биш юм билээ. Та “Та Урт цагаан”-ы дахин төлөвлөлтөд саналаа өгнө үү” гээд “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хоёр л сонголт байна лээ. Тэгэхээр буулгах нь тодорхой юм биш үү?

-Хэрэв буулгах бол энд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн амьжиргаа залгуулах ажлаа хийх боломжийг олгож, дараагийн газар руу нь нүүлгэн шилжүүлсний дараа буулгах хэрэгтэй. Бид чинь бас Монгол Улсын иргэд шүү дээ. Иргэдээ хөсөр хаяж болохгүй. Биднийг тэжээ, хоол өг гээгүй. Ажлын байраар хангаад өгөөч ээ. Бид амьдралаа өөрсдөө аваад явна л гэж гуйж байна.

Оёдолчин С.Хандмаа ийн байр сууриа илэрхийлэв. Энд түрээсээр ажиллаж байгаа иргэд бүгд л ийм байр суурьтай байлаа. Харин Урт цагааны гудамжинд алхаж яваа энгийн иргэдээс байр суурийг сонсов.

Иргэн С.Амаржаргал: Хэрэв энэ барилгыг заавал буулгах ёстой бол доороо олон машины дулаан зогсоолтой дээр нь нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн ч юм уу эсвэл залуус, хүүхдүүдэд зориулсан спорт, соёлын газар байгуулах нь зүйтэй. Өнөөдөр залуус, хүүхдүүд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар тун ховор байна.

Иргэн Э.Долгор: Түүх соёлоо бодвол энэ газрыг аль болох хүчитгээд хуучин хэвээр нь сэргээн засварлавал хотын маань түүхийн нэгэн хэсэг юмсан. Хэрэв үнэхээр тийм боломж байхгүй бол цэцэрлэгт хүрээлэн болгосон нь л дээр байх.

Иргэн Ц.Ариумаа: Доороо машины зогсоолтой, дээр нь цэцэрлэгт хүрээлэн хийсэн нь л олонд хэрэгтэй байх даа. Энд угаасаа орон сууц хэрэггүй шүү дээ. Тэртээ тэргүй тойроод зөндөө худалдааны төвүүд байна. Жуулчдаа татъя гэж байгаа бол өндөр шилэн барилга биш монгол ахуйгаа харуулсан цомхон шийдэлтэй үндэсний үйлдвэрлэл, гар урлалын зүйлс зарах жижигхэн худалдаа наймаа эрхлэх газар хийсэн нь дээр байх. Бусад хэсгийг нь цэцэрлэгт хүрээлэн болгочихвол хотынхоо төвд иргэд амарч зугаалах сайхан талбай шүү дээ. Иргэд өнөөдөр хотын төвд тааваараа суугаад, зуны улиралд таатай цагийг өнгөрүүлэх газар байхгүй шүү дээ. Тийм л болговол зүгээр санагддаг.

Урт цагааны гудамжаар алхах иргэдийн байр суурь ийм байлаа. Тус гудамжны түүхийг сөхвөл Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бол Жуулчны гудамж. Хүмүүсийн ярьж заншсанаар Урт цагааны гудамж юм. Энэ гудамж 1778 онд Их хүрээ одоогийн байршилд ирж суурьшихад үүсчээ. Хүрээний анхны худалдааны төв гудамж. Тухайн үеийн хэллэгээр Хүрээний их зээлийн газар нь түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар байв. Энэ гудамж нь одоогийн Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Туул ресторан, Урт цагаан, Шар дэлгүүр, цаашлаад Гандангийн хүр хүртэл үргэлжилдэг байлаа. Энд монголчуудаас гадна Хятад, Орос, Англи, Япон, Төвөд тэргүүтэй гаднын улс орнуудын пүүс, дэлгүүрүүд худалдаа эрхэлдэг байжээ. Энэхүү гудамжинд Их хүрээний үеийн нэг, Нийслэл хүрээний үеийн хоёр, Социализмын үеийн долоон түүхэн барилга байдаг. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн гудамж, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрийджээ.

Тэгвэл хотын зарим иргэдийн байр суурь ямар байгаа талаар тодрууллаа.

Иргэн Т.Лут-Очир: Урт цагааны гудамжинд байгаа тэрхүү барилга өөрөө Улаанбаатар хотын түүхэн барилга. Аль дээр үед Хүрээнээс эхлээд л “Худалдааны гудамж” нэршилтэй байсан юм билээ. Тухайн үедээ гадаад дотоодынхон тэнд худалдаа наймаа эрхэлдэг байсан. 1958 онд анх Хоршоологчид буюу хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр барьсан. Сүүлд нийслэлийн өмчид оччихсон байгаад одоо нийслэлийн өмчөөс хасчихсан байгаа юм билээ. Тэгээд нийслэлээс санал аваад ард иргэдийн ихэнх нь тэрхүү байшинг нураагаад цэцэрлэгт гудамж болгоё гэж санал өгсөн юм билээ. Миний хувьд хотын түүхийг үлдээх ёстой гэж бодож байна. Угаасаа л энэ барилга хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байсан. Түүнийг нь орчин үетэй нийлүүлээд үлдээх хэрэгтэй гэж бодож байна.

Иргэн Д.Монголхүү: Би буулгасны дараа яах вэ гэдэг зүйлийг огт яримааргүй байгаа. Буулгаж болохгүй гэдэг дээр маш хатуу байр суурьтай байгаа. Хэрэв нэгэнт хотын иргэдээс үл шалтгаалсан байдлаар асуудлыг явуулаад Төв музейг нураасан шигээ машиндаад явах юм бол Урт цагааныг “Урт ягааны гудамж” болгоод биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөөд явсан нь дээр гэж бодож байна. Социализмын үед баригдсан барилгууд монголчуудын хотжиж эхэлсний түүхэн эхлэл. Тэр утгаараа хотынхоо ой санамжийг үе дамжуулан тээж, хөшөө дурсгалын үүргийг гүйцэтгэдэг түүхэн барилгуудаа нэг нэгээр нь ингэж устгаад баймааргүй байна. Тэгэхээр Урт цагааны гудамжийг устгана гэдэг хотынхоо ой санамжийг устгаж байгаагаас ялгаагүй. Хөгшин европ гээд л бид яриад байдаг. Европчууд анхныхаа баригдсан барилгуудыг сэргээн засварлахдаа орчин үеийн материалаар биш, тэр үед ямар материалаар барилгыг барьж байсан гэдгийг шинжилж, судлаад түүнийг нь боловсруулж түүхэн барилгаа засварладаг. Тэр үед ямар шавраар тухайн барилгыг барьсан түүнийг нь найруулж, боловсруулж, шинжилж судлаад яг адилхан материалаар сэргээдэг. Гэтэл бид түүхэн барилгуудаа нураана гээд сууж байдаг. Ер нь бол Оросын их хядлагын үед ч Улаанбаатар хотын түүхэн барилгуудыг нураалгүй үлдээснийг санах хэрэгтэй.

Иргэн Г.Ганбат: Монгол хүн монгол гэрт амьдарч байгаад суурин соёлд шилжсэн. Бид өв уламжлалаа бодсон ч монгол гэрээс орон сууцанд нүүж орсон ч аав ээжийнхээ өвлөж үлдээсэн авдар савыг энэ хуучин муу юм гээд гаргаж хаядаггүй. Шинэ байрандаа аавынхаа, ээжийнхээ, эмээ өвөөгийнхөө авдрыг үнэ хүндтэй газраа хоймортоо байршуулдаг. Түүнтэй адил хотынхоо түүх болсон үлдэж хоцорсон барилгуудаа эхнээс нь Байгалийн түүхийг музейг нураачихсан. Одоо МУИС-ийн гуравдугаар байрыг нурааж байна. СЭЗДС-ийн барилгыг нурааж байна. Үндсэндээ Улаанбаатар хотын түүх байсан неоклассик стилийн түүхэн дурсгалт барилгуудад маш хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж байгаад өөрийн чадал хэрээр эсэргүүцдэг. Гэсэн ч нурааж байгаад Улаанбаатар хотынхоо иргэн хүний хувьд маш их харамсдаг. Яг түүнтэй адил барилгуудын нэг нь Урт цагааны гудамжны барилгууд тэр чигээрээ ордог. Урт цагаан бол Монголын биет соёлын өв болох уран дархан, алт мөнгөн эдлэлээр эд хэрэглэл хийдэг Монголын хамгийн том биет соёлын өвийг тээж яваа газар. Тухайн барилдга нь олон жил нийслэлийн өмч байх хугацаандаа муудсан. Үнэхээр өмчийн эзний хувьд маш арчаагүй байдалтай байлгасаар өдийг хүрсэн. Ийм болгосон хойноо нэгэнт муудчихсан юм чинь нураана гэдэг байр сууринаас хандаж байгаад гомдож, харамсаж байна. Урт цагааныг хуучин төрхөөр нь сэргээн засварлаад, одоогийн зорилго жуулчны гудамж хэвээр үлдээж, Монголын соёлын өв болсон уран дархчуудын төв байх хэрэгтэй гэж боддог. Бид жуулчид ирэхэд үзүүлэх юмгүй гээд байдаг. Гэтэл тэдгээр уран дархчууд жуулчдад Монголын уран дархчууд ээмгийг ингэж хийдэг, бөгжийг ингэж хийдэг, эмээлийн бүүрэг ингэж урладаг гээд нүдэн дээр нь дархлаад, урлаад үзүүлээд, гайхуулаад явах боломжтой ийм газар гэж би боддог. Би Урт цагааныг нураагаад оронд нь иргэдэд зориулсан амралт зугаалгын цэцэрлэгт гудамж болгоно гэдэгт итгэхгүй байгаа. Та бүхэн санаж байвал 13 дугаар хороолол дөрвөн замын уулзвар дээрх East төв шатаад олон жил болж байна. Түүнийг цэцэрлэгт болгоно гээд шатсан туурийг нь буулгасан. Гэтэл өнөөдөр тэнд зүгээр л нөгөө л өндөр барилгаа барьж байна. Тэгэхээр Урт цагааныг буулгаад нөгөө л оффисийн барилгаа барих байх гэж би боддог. Манайх яг иргэдэд зориулсан маш гоё цэцэрлэгт хүрээлэн барьж чаддаггүй. Хэдэн улиас, хайлаас л тарьдаг. Усан ориглуур нь зуны 2-3-хан сар л ашигладаг. Тиймээс Урт цагааныг буулгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэхэд итгэдэггүй.

Иргэн Ц.Уянга: Урт цагааныг яг хуучин байснаар нь сэргээн засч машин явдаггүй хуучин хэвэнд нь оруулчихвал хамгийн гоё гудамж шүү дээ. Социализмын үед ч оросууд түүхэн өгөгдлийг нь эвдээгүй. Үндэстний суурин соёлын ой санамжийг нь хүндлэн, органик үүсэл хөгжил дээр нь тохируулж төлөвлөлт хийж өгч байсан юм шүү. Түүхийг буцааж босгох ямар ч аргагүйг санаарай.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Ulaanbaatar.mn хаягаар авч буй санал асуулга “Урт цагааныг өөрчлөхөд та санал өгөх үү?” гэсэн асуулттай. Хариулт нь “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хоёр сонголттой. Энэхүү санал асуулгад өчигдрийн байдлаар нийт 3436 хүн оролцжээ. Тэдний 96 хувь нь буюу 3294 иргэн “Цэцэрлэгт хүрээлэн барих” гэсэн хариултыг бөглөжээ. Харин “Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хариултыг дөрвөн хувь буюу 142 хүн дэмжжээ.

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Шатахуун ачсан 485 вагон хил, өртөө, боомтод байна DNN.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын Төв лаборатори, Гаалийн бүрдүүлэлтийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй шатахууны татан авалт, тээвэрлэлт, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Толгойт өртөөнд хийжээ.

Уулзалтаар холбогдох талууд хилээр орж ирсэн вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэж, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээг хэрхэх асуудлаар санал солилцов.

Энэ үеэр Гаалийн бүрдүүлэлтийн газраас гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар төмөр замаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөдөд нэмэлт сэлгээний ажлыг зохион байгуулж байгааг дуулгав. 2023 оны 11-р сарын 08-ны байдлаар шатахуунтай 485 вагон (29100 тонн шатахуун) хил, боомт, өртөөдөд зогсож байна. Үүнээс Толгойт өртөөнд шатахуунтай 195 вагон (11700 тонн шатахуун) татан авалт хийхээр зогсож байгаа юм.

ОХУ-ын Засгийн газраас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьж, үүний улмаас манай улсад шатахууны хангамжийн доголдол үүссэн билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс нийлүүлэлт хэвийн явагдаж эхэлсэн. Нийлүүлэгч талаас 9, 10 дугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотой хилийн боомт, өртөөдийн ачаалал эрс ихсээд буй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас хилээр орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, татан авалтыг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлт, шинжилгээг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах хүсэлтийг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн билээ.

Энэ хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж, шатахууны хангамж тогтворжих хүртэл хамтарч ажиллахаар тохиролцов.
Дашрамд, улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.