Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 28, Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:51 цагт мандан, 17:21 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна DNN.mn

 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -29…-34 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын зарим нь Чех улсад очжээ

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол ханган МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж Бүгд Найрамдах Чех Улсад суралцах болсон оюутнуудын түрүүч 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Прага хотноо очжээ.

Эдгээр оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцах юм.

Монгол Улсаас Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх оюутнуудыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзав.

Тэрбээр Прага хотын Техникийн Их сургууль нь Чех улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын нэг болохыг тэмдэглэж, орон нутгийн шилдэг сурагчаас Европын шилдэг сургуулийн оюутнууд болж байгаад баяр хүргээд сургуульдаа хичээл зүтгэлтэй сайн суралцан аав, ээжийнхээ ачийг хариулж, улс эх орон, нутаг усныхаа бахархал болж явахыг хүслээ.

Мөн оюутны амьдрал, шинээр ирсэн улс орондоо дасан зохицох талаар зөвлөжээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Холер өвчний хяналтын шинжилгээг хийлээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв цэвэрлэх байгууламж, цэвэр усны худгийн цэгүүд, жимс ногооны худалдааны газарт 2023 оны есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд холер өвчний хяналтын шинжилгээ хийжээ.

Лабораторийн шинжилгээгээр эерэг сорьц тодорхойлогдоогүй байна.

Мөн эрсдэлт бүлгийн хүн ам болон олон нийтэд холер өвчнөөс сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Амьд малын төвлөрсөн арилжаа болж байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК өнөөдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулж байна.

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д энэхүү арилжаа үргэлжилж байна.

Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу талтай. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих, төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэж байна гэж албаныхан үзэж байна.

 

Амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгоно DNN.mn

УИХ ирэх оны төсвийн төслийн 3 хэлэлцүүлгийг хийж батлах шат руугаа орж байна. Төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын төсвийн байнгын хороо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 2011 оны тогтоолд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцүүллээ.

Төсөлд, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж, баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгохоор өөрчлөн найруулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж, гэмтсэн 435 хүн тусламж үйлчилгээ авчээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо энэ сарын 7-ны өдөр 39, 8-ны өдөр 86 байсан бол, 9-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн энэ сарын 3-10-ны хооронд осголт, хөлдөлтийн шалтгаант тохиолдол нийт 18 байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна DNN.mn

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан танхим”-д эхэллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Олон улс, бүс нутгийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, давтамж, эрчим нэмэгдсээр байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал нь нарийн төвөгтэй, салбар дундын хамтын ажиллагаа шаарддаг, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц үйл ажиллагаа юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдаад таван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид гамшгаас хамгаалах эрх зүй, бодлого орчныг сайжруулах, гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, одоогийн байгаа эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад салбар дундын зохицуулалтаар хангах, бүх талуудын оролцоо, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чиг хандлагыг төлөвшүүлэх, олон улс, бүс нутгийн бодлого чиглэл, төлөвлөлтөд Монгол Улсын санал, санаачилгыг тусгахад чиглэсэн арга хэмжээнд онцгойлон анхаарч ажиллаж ирлээ. Бидэнд олсон ололт амжилт цөөнгүй байгаа ч бас учирч буй хүндрэл сорил нэлээдгүй байна. Олон улсад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн туршлагууд болох бонд гаргах, эрсдэлийн сан бий болгох, даатгал, давхар даатгалд хамруулах зэрэг эрсдэлийн санхүүжилтийн орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, төлөвлөгөөг хэрэглэж буй улс орнуудын туршлага дээр түшиглэн боловсруулах, Гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай байгааг энд онцлон хэлмээр байна” гэлээ.

Хуралдаанаар зөвлөлийн 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнгөрөгч сард агаарын температур өмнөх жилээс 4.7 хэмээр, олон жилийн дунджаас 3.8 хэмээр дулаан байжээ. 1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь аравдугаар сар болж өнгөрсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас “Арваннэгдүгээр сарын 3-5-нд их цас орж, шууран, аюултай үзэгдэл болсон. Ихэнх нутгаар 0-16.7мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 10мм, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 16.7мм цас орсон байна. Салхины хурд 10-18м/секундэд хүрч, 1-22 цаг цасан шуурга үргэлжилж, найман хүний амь нас эрсэдсэн гамшигт үзэгдэл болов.

Хиймэл дагуулын мэдээгээр арваннэгдүгээр сарын эхээр Монгол орны нийт нутгийн 57%-д цасан бүрхүүл тогтсон байна. Төв аймгийн Эрдэнэсант суманд 36.1см цасан бүрхүүлтэй байгаа нь хамгийн их. Цасан бүрхүүл багасахгүй. Харин говийн нутгаар цасны зузаан намсаж, сууж магадгүй” талаар мэдээллээ.

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

  • Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурганы аюултай үзэгдэл болно. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хур тунадасны хэмжээ бага, салхины хурд 10-18м/секундэд хүрэх төлөв гарчээ
  • Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
  • Арваннэгдүгээр сарын 15-нд зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна.
  • Арваннэгдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна
Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-ын гишүүд, Дэлхийн банк, Жайка Олон Улсын байгууллагатай хамтран “Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” сэдэвт ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлгийг Төрийн Ордонд зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь шинээр батлагдсан, ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулийн талаар ажил олгогч, бизнес эрхлэгчдэд танилцуулах, бизнес эрхлэхэд тулгарч буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг сонсох зорилготой юм.
Энэ үеэр “Нийгмийн даатгалын багц хууль, шинэчилсэн найруулга”, “Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем E-JOB платформын танилцуулга”, “ЖАЙКА-ийн Монгол дахь жижиг, дунд бизнесийн салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэсэн үгэндээ, “2023 оны 2 дугаар улирлын статистик мэдээллээр ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж, өмнөх улирлаас 7.9 мянгаар буурсан. Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамж авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангахад онцгой анхаарч байна гэлээ.
“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого 2015-2030” зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэл, арга хэмжээг УИХ, Засгийн газар сүүлийн жилүүдэд нэлээд сайн хийсэн.
Тухайлбал, нийгмийн харилцааны суурь зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аас шинэчлэн батлаад байна.
Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр нар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгчид, НИТХ-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 800 төлөөлөл тулгамдаж буй асуудал, саналаа илэрхийлэн оролцож байна.