Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Амарсайхан: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..


Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг. Гэхдээ Байка ах маань миний хэллэг дээр хамт ажиллаж тусалсан болохоор асуудал гараагүй.

Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүтэй би таарч байгаагүй. Харин “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаад одоо мэргэжлээрээ хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Бид хоёр охинтой.

Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Хүнд тусалж байгаагаа дөвийлгөх тийм ч таатай бус. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэвэгмид: 10 сая хүнтэй хотод хэрэгжүүлдэг ажлыг Улаанбаатарын замд буулгаад түгжрэл буурахгүй DNN.mn

Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидтэй ярилцлаа.

-Хүүхдийн хичээл амарсан хөдөлгөөн татардаг үеэр Улаанбаатар хотын төв замууд түгжирч үндсэндээ “0” зогсолт хийлээ. Энэ үзэгдлийг та яаж харж байна вэ?

-Ерөөсөө байгаа байдал нь энэ. Энэ бүхэн ямар ч төлөвлөгөө, зохион байгуулалтгүй явж ирснийг л харуулж байгаа юм. Гарц, шийдэл байхгүй худлаа зүйл ярьж өдөр хоногийг аргацааж яваад л энд хүрч ирлээ. Ийм арга хэмжээ авахад түгжрэл тэдэн хувиар буурна, тийм арга хэмжээ авахад тэгж буурна гэж худлаа хэлж явсаар л үнэнтэй нүүр тулж байгаа нь энэ. Өнгөрсөн хугацаанд бодлого боловсруулж даацтай арга хэмжээ авсан юм юу ч байхгүй байна шүү дээ.

-Цаашид хичээл эхлэхэд ачаалал илүү нэмэгдэнэ. Энэ үед яах вэ?

-Өвлийн улирал эхэлчихлээ. Намар эртсэн бол хөдөлгөөн зохион байгуулах арга хэмжээ авах боломж байсан.

Уулзвар замуудыг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх аль болох хөдөлгөөнд саад учруулахгүй хэвийн явагдах нөхцөлийг хангахын тулд барилгын жижиг засварууд хийгээд л нөхцөл байдлыг дээрдүүлэх боломж байсан. Угтаа бол хөдөлгөөн явуулах хэвийн нөхцөл байдал алдагдахад л түгжрэл бий болж байгаа юм. Гадна дотнын туршлага нэвтрүүлнэ гээд л сүржин ярьсан улс байна. Улаанбаатарын нөхцөл байдалд хөдөлгөөнийг яаж удирдан зохион байгуулаад ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс өөрсдөө л харчих асуудал. Яг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс энэ ажлыг хийхгүй байгаа болохоор л гаднын туршлага яриад байна. Улаанбаатар 10, 20 сая хүнтэй том хот биш. Өнөөдөр сая гаруй хүнтэй жижигхэн хот олон сая хүнтэй хотын зовлонг л эдэлж байна. Төрийнхөн чинь түгжрэлийг бизнес гээд харчихаж. Сүүлийн хэдэн жил ингэж явж ирлээ. Хамгийн сүүлийн жишээ нь ногоон автобусыг онцолж болно.

Дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн ард ашиг сонирхол байна уу?

-Түгжрэлийг арилгая гэж яриад байгаа ч үүсэж байгаа шалтгаан нөхцөлийг ойлгохгүй байна. Одоо болтол олж тогтоогоогүй. Шалтгааныг нь олж тогтоогоогүй мөртлөө 20, 30 сая хүн амтай хотын хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай арга хэмжээнүүдийг Улаанбаатар хот руу оруулж хэрэгжүүлэх гээд байна. Түгжрэл үүсч байгаа үндсэн шалтгааныг нь олж тогтоолгүй ямар ч өндөр төсөвтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Аливаа өвчнийг эмчлэхдээ эхлээд оношийг нь тодорхойлог. Ингээд шаардлагатай эмчилгээ хийдэг. Үүнтэй яг ижилхэн. Өнөөдөр шалтгаан бус үр дүнтэй нь тэмцээд байгаа юм. Магадгүй энэ нь цаанаа өөр ашиг сонирхолтой байж болно. Түгжрэлд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулж байгаа билээ. Нүдэн дээр гүүр, байгууламж хийгээд л байдаг. Энэ нь аманд багтахгүй өндөр төсөвтэй. Үүний цаана том бизнес явж байх боломжтой. Өнөөдөр дан ганц автобус дээр л илэрч байгаа болохоос бусад тендерүүдийн ард бизнесүүд л явж байгаа. Энд RFID-ыг онцолж болно. Би ингэж л харж байна.

-RFID буюу цахим гэрчилгээг нэвтрүүлснээр замын хөдөлгөөнийг цэгцэлнэ гэх байр суурийг нийслэлээс илэрхийлж байгаа шүү дээ. Үүгээр оношилгоонд ороогүй, өндөр торгуультай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж байгаа…

-Үүнийг хэрэгжүүлсэн хэрэгжүүлээгүй гудамж, замын хяналт шалгалтаар илрүүлж болох ажил. Үүнийг хэрэгжүүлэхгүй заавал өндөр үнэтэй төхөөрөмж суулгахаар улайраад байна. RFID гэдэг бол “Бодь” группийн л бизнес. Зам тээврийн яамны газрын дарга нь “Бодь электроникс”-той хамтарч байгаа талаараа хэлсэн. Төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгжтэй хамтраад ийм ажил хийж байгаа нь ямар учиртай юм. Төрийн захиргааны төв байгууллага ААН-тэй хамтрахаараа эрх мэдлээ далайлгаж наалт тараахаас өөр юу хийх юм бэ. Тухайн ААН-ийг дэмжсэн л үйл ажиллагаа явуулж байна. Ээлжит бүлэглэл нь л бизнес хийж байна. Та санаж байгаа бол таван уулзварт шар тэмдэглэгээ байрлуулахад түгжрэл 70 хувь буурна гэж хэлээд л 200 сая төгрөг аваад алга болсон. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ. Ингэж л бизнес хийдэг.

-Саяны “0” зогсолтыг зохион байгуулалттай байсан гэх байр суурийг ч илэрхийлэх хүмүүс байна…

-Бодит байдал нь л энэ. Арай хэтэрсэн хар байх. Хэд хоногийн өмнөөс замын гадаргууд гулгаа үүссэн. Ингээд хөдөлгөөний хурд саарч нөхцөл байдал хүндэрсэн. Яг үнэндээ суганы булчирхайгаа цочтол хөдөлгөөн зохицуулсан цагдаа нар ядарсан байх. Цаашид түгжрэлийн нөхцөл байдал илүү хүндэрнэ. Төлбөртэй бүс тогтоолоо гээд өргөс авсан юм шиг түгжрэл арилахгүй. Хэсэг хугацаанд хуураад сонгууль хүргэх л асуудал.

-Одоо тэгвэл яах вэ?

-Түгжрэл арилгана гэдэг инженерийн арга хэмжээ. Сайн зохион байгуулалт байхад түгжрэл өөрөө л алга болно. Хуулиар зохицуулна гэхэд миний санаанд буухгүй байна. Жишээ нь 90 мянган машин хойноос 32-ын тойргоос орж ирж байгаа талаар Засаг даргын орлогч Б.Сайнзориг хэлж байна лээ. Энд 500 машины зогсоол хийнэ гэж байгаа. Үүнийгээ түгжрэл бууруулах ажил гэж хэлээд байгаа юм. Бүтэхгүй.

-Тэгш, сондгойгоор ялгаж явуулахаас өөр арга зам үлдсэнгүй юу?

-Тэгш сондгой чинь арга биш л дээ. Хэрвээ хэрэгжүүлэх дээрээ тулбал ТЦА-ны алба хаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлэх ёстой. Хичээлийн шинэ жилийн үеэр хэдхэн цагдаа сунаж унатлаа зогссон. Хэрэв тэгш сондгойгоор явуулбал цагдаа нар сайндаа л 14 хоног зогсох байх. Үүнээс урт хугацаанд чадахгүй. Эд нар чинь робот биш. Өлсөнө, даарна, өвчин тусна. Тэгш сондгойгоор явна гэж заагаад орхичихвол нэг ч хүн мөрдөхгүй. Яагаад гэвэл ийм зохицуулалт манайхаас өөр хаана ч байхгүй. Дарга нарын санаанаасаа зохиосон хууль бус үйл ажиллагаа. Монгол Улсад замын хөдөлгөөнтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль бий. Үүний хажуугаар замын хөдөлгөөнтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг Түгжрэлийн хууль оруулж ирж байна. Нэг нийгмийн харилцааг хоёр хуулиар зохицуулж болдог юм уу, үгүй юм уу. Үүнийг хуульчид л мэдэх байх. Түгжрэлийн хууль нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультайгаа зөрчилдөж л байна лээ. Үүнийг том хуульчид олж харж байгаа байлгүй дээ. Цаашид уулзвар замуудын нэвтрүүлэх чадварыг л сайжруулах хэрэгтэй.

О.ДАШНЯМ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2023.11.12 / НЯМ ГАРИГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХӨХ НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 07.53-17.19
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 11 сарын 12, Адьяа гариг. Билгийн тооллын 29, Салхины эх одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мазаалай хамгаалахад нэг тэрбум төгрөг төсөвлөжээ DNN.mn

Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтэд талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ АНУ-ын Бойсе мужийн их сургуулийн зочин судлаач, доктор Т.Одбаярыг Монголд ажиллуулж, судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачидтай хуваалцаж байна.

2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мазаалай баавгай хамгаалах” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, оролцогчдын саналаар Мазаалай баавгайн өдөртэй болох, үндэсний бахархалт амьтнаар зарлах, хамгааллын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх зэрэг санал, зөвлөмж гаргасан.

Нэн ховордсон, зөвхөн Монгол орны говь цөлд тархсан баавгайн дэд зүйл

Мазаалайн хамгааллыг сайжруулах, амьдрах орчны доройтлыг бууруулах, тархац нутгийг тэлэх, тоо толгойн өсөлтийг хангах, үндэсний болон олон улсын хэмжээнд таниулах зорилгоор Засгийн газрын тогтоолыг батлуулахаар санал авч нэгтгэж байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/466 дугаар тушаалаар 2024 оныг салбарын хэмжээнд “Мазаалай хамгаалах жил” болгон зарлаж, хамгааллын ажилд 2024 оны төсөвт  нэг тэрбум төгрөг төсөвлөж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүллээ.

Монгол орны нэн ховор, устах аюулд орсон Мазаалай баавгай (Ursus arctos gobiensis)-г хамгаалахад судлаачдын оролцоог хангаж, статистик тоо мэдээг нэгтгэх, нэгдсэн нэг тоо, нэг ойлголттой байж цаашдын хамгааллын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах нь чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Энх-Амгалан нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Э, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 

  1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Categories
гадаад мэдээ

Газын зурвасын барилга байшингийн 50 гаруй хувь нь эвдэрч сүйджээ DNN.mn

Газын зурваст Израилын хүчний ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна.

Хүн амын нягтшил ихтэй Газа хотын хорооллууд дунд, тэр дундаа “Аль Шифа” зэрэг дөрвөн ч эмнэлгийн ойр орчимд цохилт өгснөөс өвчтөнүүд, эмнэлгийн алба хаагчид, толгой хоргодож байгаа олон зуун мянган энгийн иргэд туйлын хүнд бэрх нөхцөлд байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.

Түүнээс гадна энэ бүс нутагт ажиллаж байгаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолкер Тюркийг Израил улс өөртөө болон Палестиний эзлэгдсэн нутгууд руу нэвтрүүлэхээс татгалзжээ.

Газын зурвасын гол хот Газад эмнэлгийн цогцолборуудын ойр орчмыг пуужингаар харваж, бас газрын тулаан болж байгаагаас хэд хэдэн хүн шархадсан тухай Газын зурвасын ЭМЯ-ны төлөөлөгч “Аль-Жазирад” мэдээлжээ.

Израилын хүчнийхэн “Аль-Шифа” эмнэлгийн дор Хамасын удирдлагын төв болон томоохон хонгилын сүлжээ байдаг гэж мэдэгддэг.

Харин Хамас бүлэг болон эмнэлгийн алба хаагчид энэ мэдээллийг эрс үгүйсгэдэг байна.

Мөн Газын зурваст ажилладаг Индонезийн эмнэлэг орчимд бөмбөгдөлт болсноос эмнэлгийн байр нь эвдрэлд орсон, мөн түлш шатахуунгүй болсноос өчигдөр эмнэлгийн үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн талаар  эмнэлгийн дарга Атеф Калутын видео мэдэгдлийг “MER-C” групп дамжуулжээ.

Энэ зуур нийт амь үрэгдсэн палестинчуудын тоо 10800-аас давж, тэдгээрийн 4400 гаруй нь хүүхэд байгааг Газын зурвасын ЭМЯ мэдээлсэн.

Израилын талаас амь үрэгдсэн 1400 гаруй, үүний олонх нь аравдугаар сарын 7-ны халдлага дайралтад өртөгсөд, дээрээс нь 240-өөд хүн Хамасын барьцаанд байна гэж мэдээлэв.

Үүний зэрэгцээ Израил-Хамасын хямралын эхний нэг сарын дотор Палестиний ДНБ-ий хэмжээ 4 гаруй хувиар хорогдсоныг НҮБ-ын тайлан мэдээ харууллаа.

Илтгэлийг танилцуулсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах ажилтан одоогийн дайн хямрал Палестиний эдийн засагт урьд үзэгдээгүй их гарз хохирол учруулж байгааг тэмдэглэжээ.

Мөн Газын зурвасын нийт барилга байшингийн 50 гаруй гаруй хувь нь буюу 40 мянгаад нь Израилын бөмбөгдөлтөд нурж сүйдсэн, нийт хохирол мөнгөн дүнгээр 4 тэрбум орчим долларт хүрсэн гэж Газын зурвасын засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд хамгийн их ус тунадаг 50 байршилд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ус зайлуулах байгууламж барина DNN.mn

Нийслэлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд, анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг танилцуулж, санал солилцон, хамтын ажиллагааны хүрээнд холбогдох чиглэлүүдийг өглөө.

Үүнд:

Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр:

– “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж дуусган, энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах,

Нийслэлийн хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулах;

– Хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга, байгууламжийн орц, гарцын мэдээллийг тулгаж шалгах арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраар холбогдох ажлыг шуурхай гүйцэтгүүлэх;

– “Сэлбэ сэргэлт” төслийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэгч байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, эхний үе шатны ажлыг энэ онд багтаан эхлүүлж, Төсөл хэрэгжих 5м хамгаалалтын зурвастай трассын дагуу нөлөөлөлд өртөж байгаа 457 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийх;

– Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  газар олголт, барилгажилтын үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулах техникийн баримт бичгүүдийг боловсруулж, батлан мөрдөх;

– Нийтийн эдэлбэр газрын талбай, ундны усны эх үүсвэр, зам, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж, газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан албан тушаалтнуудын нэрсийг яаралтай гаргаж ирүүлэх;

Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр:

– Баянхошуу, Сэлбэ дэд төв төслүүдийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн жишиг төслийг хамтран хэрэгжүүлэх;

– Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон цахилгаан шатыг шинэчилж, ашиглалтын байдалд тухай бүр үзлэг шалгалтыг хийж, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;

– Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулан гэрчилгээжүүлэх;

– Газар хөдлөлтөд тэсвэргүй, насжилт өндөртэй барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулж, Улс орон даяар өрнүүлж буй “Барилга байгууламжийн  чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Нийслэлийн хэмжээнд үр дүнтэй хамтран зохион байгуулах;

Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр:

– “Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”-ийн Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулах;

– “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 220кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон 2,4 км шугам сүлжээний ажлыг эрчимжүүлэх;

– Дулааны 9Б магистралын “Цэвэрлэх” салбар шугам сүлжээний төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;

– Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө Улаанбаатар хотын бохир усны Туул-1 коллекторыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны орон нутгийн  төсвөөс шийдвэрлэх;

– Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;

– Дулааны шугам сүлжээний даралт өргөх насосны станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;

– Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Сайд Ц.Даваасүрэн мөн Нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх ажлуудад яамны зүгээс онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа тул нийслэлийн удирдлагууд хамтраад ажлаа эрчимжүүлж, идэвхи санаачлагатай ажиллахыг санууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай, удааширч гацсан, хөрөнгө оруулалт нь царцсан ажлуудыг идэвхижүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотод тулгамдсан, хуримтлагдсан хүнд асуудлуудын талаар мэдээлэл өгч, саналаа хэллээ. Тухайлбал: Нийслэл хотод 1,7 их наядын дутуу орхичихсон ажлууд байгааг, Нийслэлийн газар доогуурх шугам сүлжээний 70 орчим хувь нь насжилт өндөртэй, шийдвэрлэхэд 3,5 их наяд төгрөг шаардлагатай гэхчлэн хотод тулгарч буй асуудлуудын талаар танилцуулав. Түүнчлэн Нийслэл хотын хамгийн их ус тунадаг 50 байршилд 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ус зайлуулах байгууламжуудыг байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хамтарч хэрэгжүүлэх төслүүд эрчимжиж, хурдацтай шийдэгдэж, ажил хэрэг болох нь чухал болохыг онцлон, энэхүү уулзалтын ойлголцол, хамтрал үр дүн дүнгээ үзүүлэх ёстойг сануулж, нийслэлийн удирдлагуудад ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: 17:00-22:00 цагийн хооронд цахилгаанаа хэмнэж хэвшицгээе DNN.mn

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас эрчим хүчний найдвартай байдалд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Тодруулбал, эрчим хүчний системийн оргил ачааллын 17.00-22.00 цагийн хооронд цахилгаанаа хэмнэж хэвшицгээе” хэмээн уриалсан байна.

УБЦТС: 17.00-22.00 цагийн хооронд цахилгаанаа хэмнэж хэвшицгээе

Categories
мэдээ спорт

Шатрын сонирхогчдын ДАШТ-ээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ DNN.mn

Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

May be an image of 4 people and text

1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
  • Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/
  • Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/
  • Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
  • Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
  • Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
  • Норовсамбуугийн БАДАМХАНД

1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болж байна.

May be an image of 6 people, dais and text

May be an image of 6 people, dais and text

May be an image of 6 people, dais and text