Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 791.4 сая ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

Төлбөрийн тэнцэл 2022 эхний есөн сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний есөн сард 1.8 тэрбум америк долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 606.7 сая америк долларын ашигтай гарав. Ийнхүү ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 3.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлжээ. 

Урсгал дансны тэнцэл 606.7 сая ам.долларын ашигтай, санхүүгийн дансны тэнцэл 460.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Түүнчлэн үйлчилгээний худалдааны тэнцэл 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 тэрбум америк долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 333.2 сая ам.доллароор өссөн байна.

Харин үйлчилгээний худалдааны орлого тус хугацааны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 556.6 сая ам.доллароор, зарлага 3.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс зарлага 889.9 сая ам.доллароор тус тус өссөн аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Улаанбаатар хотод энэ сарын эхээр их хэмжээний цас орсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүссэн.

Цас цэвэрлэх явцад буюу 2023 оны арваннэгдүгээр 5-нд иргэн “О” Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт “Toyota” маркийн машинтайгаа удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан юм.

Тэгвэл энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. 

Тухайн үйлдэл нь хотын дарга Х.Нямбаатарыг цас цэвэрлэгээний явцыг шалгах үеэр болсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” одонг Улсын Филармонийн Морин хуурын чуулгад олгоно DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар ЕТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Маргааш буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр. Энэ өдөр Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг судалж хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн, Монгол Улсын хамтлаг, иргэн хуулийн этгээдэд олгодог журамтай.

Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор боллоо. Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголын өв соёл, түүхийг дэлхийд нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа.

Хүн төрөлхтний соёлын биет, биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон морин хуурыг эрхэмлэн дээдлэх Ерөнхийлөгчийн зарлигтай” болохыг зарлалаа.

Чингис хаан одонг гардуулж өгөх ёслолын ажиллагаа маргааш болно. Уг чуулга нь 36 уран бүтээлчтэй байна.

Морин хуур чуулга энэ жил Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн билээ.

Соёлын сайд Ч.Номин “Морин хуурын чуулга Монголын язгуур болон орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Морин хуур нь хүний оюун санааны илэрхийлэл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Энэхүү хөгжмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг Морин хуурын чуулга хийдэг.

2003 онд ЮНЕСКО морин хуур хөгжмийг бүртгэж авсан” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн 8 удаагийн гал түймрийн дуудлага мэдээллээр алба хаагчид шуурхай ажиллаж, 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

-Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автомашин цасанд суусан 12 дуудлагаар шуурхай ажиллаж, 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 19 автомашиныг цаснаас татан гаргалаа.

-Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж мэдээлж байна.

Зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Баярмагнайн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан анх удаа түрүүллээ DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд үзүүрлэлээ.

Дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дархан Үржих” ХХК, “Ар Жи Ти Эл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Ганбаатар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “ОСНААУТ”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Д.Цэнд-Аюуш, Ц.Төмөрцоож, аймгийн заан С.Доржпалам, аймгийн харцага Б.Ганзолбоо нар үлдэв.
Нэрэмжит барилдаан зохион байгуулж буй аймгийн арслан Н.Баярмагнайн гэр бүлээс “Уран барилдааны шагнал”-ыг Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, аймгийн заан С.Доржпаламд гардуулсан юм.

Дараагийн барилдаан 11 дүгээр сарын 14-нд 13:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан, 18-нд 11:00 цагаас “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтуудын ажиллах, амрах цагийн хуваарь DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр зарим хилийн боомтыг түр хаана.

Тухайлбал, ОХУ-тай хиллэдэг Ханх, Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан, БНХАУ-тай хилллэдэг Замын-Үүд, Хавирга, Сүмбэрийн автозамын боомтыг түр хаах юм.

Бусад нь цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Хилийн боомтуудын ажиллах, амрах цагийн хуваарь:

Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Герман улс цагаачлалын бодлогоо чангатгахаар болов DNN.mn

Германы олон хотод болсон палестинчуудыг дэмжих жагсаалын дараа Берлинд Германы канцлер Олаф Шольц болон муж улсын Засгийн газрын тэргүүнүүдийн шөнө дунд өнгөртөл үргэлжилсэн хуралдаанаар цагаачлалын бодлогоо чангатгах тохиролцоонд хүрч, цагаачдад өгөх нийгмийн халамжаас жилд нэг тэрбум евро хэмнэх, тэдэнд олгодог нэг удаагийн мөнгөн тусламжийг 7500 евро болгож бууруулснаар ирэх онд муж бүрийн санхүүгийн дарамтыг бараг 3.5 тэрбум еврогоор багасгах шийдвэр гаргав. Хэдийгээр Эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Ногоон намынхан цагаачдад үзүүлдэг нийгмийн халамжийг бууруулахыг эсэргүүцсэн ч энэхүү улс төрийн зөвшилцлийг Герман улсын хувьд “түүхэн мөч” гэж Шольц тодорхойлсон байна. Харин энэ тухай Ногоон намын цагаачлалын мэргэжилтэн Юлиан Палке “Энэ бол нийгмийн зөрчлийг улам нэмэгдүүлж, цагаачдыг нийгэмшүүлэх үйл явцыг улам хүндрүүлэх шийдвэр юм” гэж хэвлэлд шүүмжлэн ярьжээ.

Маргааш нь ажлын цаг эхлэнгүүт Германы парламент болох Бундестаг уг асуудлаар бас хуралдав. ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд хатагтай Нанси Фаезер парламентад “Сүүлийн 12 жилийн хугацаанд Германы төр засаг юу гээчийг хийснийг, германчууд тэдэнд юу хийхийг зөвшөөрч тэд юуны тухай дуугүй өнгөрсөн нь манай улсын түүхэнд цаашид хэзээ ч давтагдах ёсгүй зүйл. Иймээс бид 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн лалын алан хядагчид Израильд хийсэн шиг еврейчүүд халдлагад өртөн амь насаа алдах явдал гарвал цаашид нүдээ аниад чимээгүй байж огт болохгүй” гэж мэдэгдэв.Холокостоос хойш ганцхан өдрийн дотор ийм олон еврей, еврей эмэгтэйчүүд алагдаж байгаагүй гэж тэр тэмдэглэв. Гэвч энэ аймшигт явдлыг Германы зарим оршин суугчид гудамжинд баяр болгон тэмдэглэж, антисемитийн уриа лоозон барьж жагсан энэ баяр хөөр өнөөг хүртэл үргэлжилж байна. Иймээс Германы еврейчүүд өөрсдийгөө мэдэгдүүлэхгүйг хичээж, киппагаа өмсөхгүй, Давидын одтой гинжээ нууж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаас айж байна. Иймээс ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ амлаж, “Хядлагыг зөвтгөгчид, эрх чөлөөг ашиглан бусдыг үзэн ядахыг уриалж байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн ард нуугдах ёсгүй” гэж хэлжээ. Хатагтай Фезер Палестиныг дэмжигч олон улсын Самидун сүлжээний Герман дахь салбарыг аль хэдийн татан буулгаж, энэ сүлжээг дэмждэг бусад бүх байгууллагыг хориглох тушаал гаргасан гээд Герман дахь еврейчүүд болон тэдний байгууллагуудын аюулгүй байдлыг бэхжүүлэх болно гэж амласан байна.

Германы сөрөг хүчний Консерватив намын CDU/CSU фракцын төлөөлөгч Александр Добриндт парламентын индэр дээрээс “Германд болж байгаа исламистуудын жагсаалын эсрэг улс төрийн хатуу хариу үйлдэл хаана байна?” гэж засгийн газрын хэсэгт суусан Нэнси Фезерээс асуугаад “Таны ярьсан, хийсэн хангалтгүй байна” гээд “Социал демократ, Либерал, Ногоон намаас бүрдсэн Засгийн газраас илүү шийдэмгий, тодорхой арга хэмжээ авахыг бид хүлээж байна” гэж мэдэгдэв.Тэрбээр хэд хэдэн арга хэмжээг санал болгож, антисемитизмыг үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөх онцгой ноцтой хэлбэр гэж тунхаглах, Израилийг үзэн ядах үзлийг өдөөсөн хүмүүсийг дор хаяж зургаан сар хорих, антисемитийг гэмт хэрэг гэж үздэг болох, иргэншилгүй байгаа гадаадын иргэдийг Германаас нэн даруй албадан гаргах, давхар иргэншилтэй хүмүүсийн Германы паспортыг хүчингүй болгох ёстой гэсэн байна. Добриндт мөн “Израильтай зэрэгцэн оршихыг хүсдэггүй, еврейчүүдтэй хамт тайван амьдрахыг хүсдэггүй хүн Германд амьдрах ёсгүй” гэж хэлжээ. Мөн Бундестаг дахь AfD фракцын Беатрис фон Шторч “Германы зүүн жигүүрийн намын лобби Ойрхи Дорнодоос Герман руу шинэ антисемитизм оруулах үүд хаалга болсон. Германд Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр исламистууд болон Германы зүүний үзэлтнүүд хөл нийлэн явж байгаа нь онцгой аюултай үзэгдэл. Еврейчүүдийн амь нас, Израилийн оршин тогтнолд заналхийлж буй энэ антисемитизм Германы хөдөлмөрч хүн амын дундаас гарахгүй. Антисемитизм Исламын сүм хийд, холбоо, байгууллагууд, зүүн жигүүрийн их дээд сургуулиудаас гарч байна. Улс төрийн антисемитизмын энэ тэнхлэг нь Хамасаас эхлээд “Ирээдүйн төлөөх Баасан гараг” гэх хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн, Хезболла-гаас эхлээд “Өнгөт арьст хүмүүсийн амьдрал ч чухал” хөдөлгөөн хүртэл үргэлжилдэг. Фон Шторч “Еврейн үзэн ядалтаар дүүрсэн, баруунд үл итгэгчид болох залуу, түрэмгий исламын шашинтай олон зуун мянган эрчүүдийг нээлттэй хаалганы бодлогоор Германд оруулж ирсэн Канцлер асан Ангела Меркел энэ бүхэнд буруутай” гэсэн бол фон Шторчийн AfD-ийн хамтран зүтгэгч Гётц Фромминг “Герман дахь еврейчүүдийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт бол антисемитүүдийг тус улсад нэвтрүүлэхгүй байх, Германы паспортгүй бүх хүнийг хөөж гаргах явдал” гэсэн байна.

Бусад фракцуудын төлөөлөгчид эдгээр баруун жигүүрийн популистуудыг буруутгаж, Либерал намын Кристиан Дуэр “Германы парламентын төлөөлөгчдийг еврейн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж, гөрдөж байгаа ганцхан нам Бундестагт сууж байна. Энэ бол хэт барууны үзэл бүхий Германы альтернатив нам” гэж онцолжээ. Үнэхээр ч зарим олон улсын судлаачид Европын хэт барууны намуудыг Кремль санхүүжүүлэн гаргаж ирсэн гэж үздэг юм. Кристиан Дуэрр хэдийгээр эрх баригч намын төлөөлөгч боловч Засгийн газрын цагаачлалын бодлогод байгаа алдаа дутагдлыг засч залруулах шаардлагатай гээд “Бидний үндсэн үнэт зүйлийг үл хүндэтгэдэг цагаачид манай улсад оршин суух зөвшөөрлөө эрсдэлд оруулж байгаа бөгөөд тэд ямар ч тохиолдолд Германы иргэн болох ёсгүй” гэж хэлсэн байна.

Хуучин коммунист, одоогийн хэт зүүний намын фракцын гишүүн Дитмар Бартч Герман дахь антисемитизм 1938 оны Кристаллнахт эсвэл 1923 оны еврейчүүдийн анхны томоохон хэлмэгдлээс эхлээгүй гэж дурдаад “Христийн Европ угаасаа еврейчүүдийг ад үздэг байсан бөгөөд энэ танхимд байгаа олон хүн үүнийг мартсан байна. Тиймээс өнөөдөр зөвхөн импортын антисемитизмийн талаар ярих нь ичмээр зүйл” гэсэн нь олон депутатын дургүйг хүргэсэн байна.

Цагаачлалын асуудал Германы эрх баригчдын хувьд томоохон сорилт болж байгаа бөгөөд 2015 онд канцлер Меркелийн засаглалын үед тус улс нэг сая гаруй дүрвэгчийг Ойрхи Дорнодоос хүлээн авсан юм. Мөн энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэлх хугацаанд Германд оршин суух хүсэлт гаргасан цагаачдын тоо өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсч, 250,000 гаруйд хүрчээ.Үүнээс гадна Оросын эзлэн түрэмгийлэх дайны улмаас нэг сая гаруй дүрвэгч Украинаас Германд ирээд байгаа юм.Германд дүрвэж ирэгсдийн дийлэнх хэсэг Сири, Афганистан, Турк улсаас гаралтай байдаг бөгөөд зарим олон улсын шинжээчид “Барууны улсуудын гудамжинд дэлхийн III дайн дэгдэж магадгүй болов” хэмээн бичиж байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2023 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Амаржаргал: Оюу толгойн гэрээ Монголд ашигтайг хэлэх цаг болсон DNN.mn

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас эхлэн өнөөг хүртэл 15 жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай юм.


– Оюу толгойн хөрөнгө оруулагч талаас байр сууриа байн байн илэрхийлээд байдаггүй.Олон жилийн турш Оюу толгойн гэрээг хийсэн хүмүүс нь биш өөр хүмүүс их тайлбарлалаа.

– Оюу толгойн гэрээг анх байгуулагдах цагаас эхлэн ажиллаж, амьдралынхаа арав гаруй жилийг зарцуулсан хүний хувьд ярих нь зүйтэй гэж бодож байна.Оюу тол­гой нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш монголчуудын хэрэгжүүлж буй хамгийн том төсөл.Төслийг бид анх удаа барууны буюу Англи, Австралийн хөрөнгө оруулагчидтай орчин цагийн дэлхийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн зарчмаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийсэн гэдгээрээ онцлогтой.Тиймээс ч анхны гэдэг утгаараа Оюу толгойн гэрээг дагасан асар олон зөв, буруу мэдээлэл, байр суурь, үзэл бодлууд хөвөрсөн жилүүд өнгөрлөө.

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс /spirit of agreement/ буюу энэ гэрээг эх барих болсон шалтгааныг хамгийн эхэнд дурдмаар байна.Хөрөнгө оруулалтын гэрээг “тогтвортой байдлын гэрээ” гэж ойлгож, хүлээж авах ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулагчид дэд бүтэцгүй, алс хол Монголын говийн гүнд нойрсож байсан Оюу толгойн ордыг олборлох олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх шийдвэр гаргахдаа монголчуудаас хүссэн хамгийн гол зүйл болох “тогтвортой байдал”-ыг баталгаажуулж авсан гэрээ. Энгийнээр тайлбарлавал бизнес анх эхлэхдээ л хоёр тал цаашид хэлсэн, ярьсандаа байна шүү гэдгээ тохирч авсан хэрэг.Одоо ч талууд анх бай­гуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд хамтран ажиллаж Оюу толгойг дэлхийн хэм­жээний бизнес болгох эхлэлийг амжилттай тавиад байна.Энэ амжилтад Засгийн газрын хүчин чармайлт хамтын ажиллагаа бас чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хөрөнгө оруулагч талаас гэрээний хүрээнд тохирсон хөрөнгө оруулалтаа хийгээд төслөө маш сайн урагшлуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, хөрөнгө оруу­лагч талын харилцаа шинэ түв­шинд гарч, маш олон ам­жилтад хүрсний нэг нь энэ онд хамтдаа Гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, манай ажилтнуудын 14 жилийн тасралт­гүй хөдөлмөрийн үр дүнг дэлхий нийтэд харуулж чадсан явдал. Мөн Оюу тол­­гойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хан­гуулах талаар УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэг­жүүлэхэд Засгийн газар­тай амжилттай хамтран ажил­лаж, хэрэгжилтийг дуус­гах шатандаа явж байна.Тухайл­­бал сүүлийн дөрвөн жилийн хуга­цаанд багагүй ажил хийж, төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг есөн тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлж, улсад ирэх үр өгөө­жийг 60 гаруй хувьд хүргэж чадсан зэрэг амжилттай хэлцлүүдийг хийлээ.

– Оюу толгойн татварын маргаан арбитраар шийдэг­дэхээр хүлээгдэж байна.Тат­варын асуудлаар мар­гаад байгаа суурь шалтгаан нь юу вэ?

– Оюу толгойн татварын маргаан энэхүү гэрээг анх байгуулагдахад буюу 2009 онд тогтворжуулсан татварын орчинтой холбоотой. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үе болон  өнөөдөр үйлчилж байгаа хууль журмын ялгаанаас болж гарсан ойлголтын зөрүү байгаа. Дээр ярьсанчлан Хөрөнгө оруулалтын гэрээ­гээр тогтворжуулсан татварын орчин өөрчлөгдсөн тул Татварын ерөнхий газар, “Оюу толгой” ХХК татварын асуудлыг өөр өөрсдийнхөөрөө ойлгож, тайлбарлаж байна.Үүнээс үүдэж Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д хоёр удаагийн акт тавьсан.Нийт үнийн дүн нь 354 сая ам.доллар буюу нэг их наяд гаруй төгрөгийн дүн бүхий арбитрын маргаан үүсгээд явж байна.Ер нь асууд­лаа арбитрын бус аргаар шийдэх боломжтой учраас арбитрын үйл ажил­лагааг хоёр тал харил­цан тохи­ролцож хойш­луулаад бай­гаа.Манай ком­панийн зүгээс төслийн тогтвортой байдлыг бодож татварын мар­гааныг шийдэх хоёр удаа­гийн санал тавиад байна. Энэ­хүү саналууд нь татварын орлогыг нэмэгдүүлэх эерэг  нөлөөтэй.

Хамгийн гол нь бид ойл­голцл­ын зөрүүгээ эргэлзээгүй нэг мөр арилгах шаардлагатай байгаа.Тэгж байж Оюу тол­гойд түшиглэсэн хайлуулах үйлдвэр, дараа дараагийн бүтээн байгуулалтуудаа урагш­луулах бололцоотой болох юм.

– Сүүлийн өдрүүдэд Оюу толгой төсөлд нэмэлт 1.6 тэрбум ам.долларын санхүү­жилт авах гэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо.Энэ ямар учиртай юм бэ.Зардал хэтрэлтийн асуудал уу?

– Зардал хэтэрч байгаа асуудал биш.Одоо яригдаж буй 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг гүний уур­хайн зардал өссөнтэй хол­боо­той гэх агуулгатай ташаа мэдээлэл хэвлэлээр гарсанд харамсаж байна.Энэ бол 2021 оноос хойш төлөвлөгдсөн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор авч буй төлөвлөгөөт хөрөнгө оруулалт бөгөөд тодруулж хэлэхэд Монголын талын ногдол ашиг авах хугацаанд нөлөөлөхгүй.

Нэгэнт Оюу толгой төс­лийн санхүүжилтийг ярьж эхэлсэн тул Хувь нийлүү­лэгч­дийн гэрээний тухай ярья.Энэхүү гэрээ нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээтэй зэрэг байгуулагдсан.Хөрөнгө оруулалтын гэрээ­гээр тогтвортой байдлыг баталгаажуулсан бол Хувь нийлүүлэгчдийн гэрээнд санхүүжилтийн асуудлуудыг илүү тусгаж өгсөн. “Оюу толгой” компанийг байгуулж төслийг эхлүүлэхэд Монголын Засгийн газрыг төлөөлж Эрдэнэс “Оюу толгой” ком­пани 34 хувийг нь эзэмшиж эхэл­сэн бол 66 хувийг гадаа­дын хөрөнгө оруулагчид эзэмш­сэн. Ямар нэг компанийг бай­гуулахад эзэмшсэн хувь хэмжээндээ таарсан санхүү­жилтийг оруулах буюу мөнгөө гаргах нь ойлгомжтой асуудал.Монголын тал 34 хувьд ногдох мөнгөө гаргах боломжгүй байсан учраас хөрөнгө оруулагч талаас зээл авч хувиа эзэмшсэн гэсэн үг.Үүнийг хувь нийлүүлэгчдийн зээл гэж нэрлэдэг.Тухайн үед санхүү­жилтийн бусад боломж байсан уу гэвэл байсан.Жи­­шээ нь өөр улсаас, өөр банкнаас, эсвэл олон улсын зах зээлд бонд босгох замаар гэдэг ч юм уу.Харин хувь ний­­­лүүлэгчдийн зээл авах сон­гол­тыг хийсэн нь мэргэн бөгөөд оновчтой шийдвэр байсныг цаг хугацаа харуулж бай­на.Яагаад гэдгийг тайл­барлая.

Оюу толгой төслийг өнгөр­сөн 14 жилийн хугацаанд  санхүү­­жүүлсэн 15 тэрбум ам.дол­­ларыг доорх гурван хэл­бэрээр бий болгосон.

  1. Хувь нийлүүлэгчдийн зээл: Засгийн газраас гаргах ёстой санхүүжилтээ гаргаж чадаа­гүй тул хөрөнгө оруу­лагч талаас авсан зээл. Гэх­дээ энэхүү зээлийн үлдэг­дэл 2.3 тэрбум ам.дол­ларыг 2022 оны 1-р сарын хэлэл­цээрээр тэглэсэн. Ингэснээр Эрдэнэс Оюу толгой өргүй болсон. Хэлэ­л­цээрийг ам­жилттай байгуулснаар бидний харилцаа шинэ түвшинд хүрч, энэ гуравдугаар сард бид Гүний уурхайн олборлолтоо ам­жилттай эхлүүлсэн шүү дээ.
  2. Төслийн санхүүжилт: Гүний уурхайн төслийг хэрэг­жүү­лэх зорилгоор дэлхийн 14 том банкнаас авсан зээл. Үүнийг бид 2015 онд Ду­байд байгуулсан Далд уур­хайн бүтээн байгуу­лалт, санхүүжилтийн төлөв­­­лө­­­­гөөгөөр тохирол­цож, гүний уурхайн төслийг урагш­луулж байв. Энэ гэрээ бай­­гуу­лагдсанаар зогсоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалт хөдөлж, Монгол Улс бизнест эргэн ирснээ дэлхий нийтэд зарлаж байлаа.
  3. “Оюу Толгой” ХХК-ийн өөрийнх нь авч буй зээл: Бу­сад компаниудын адилаар шаардлагатай үе­дээ авдаг санхүүжилт. Оюу толгойн зээлийг хувь ний­лүүлэгчид буюу Рио Тинто, Эрдэнэс Оюу толгойн аль нь ч хариу­цахгүй.Компани төлөв­лөгөөнийхөө дагуу төлнө.“Оюу толгой” компанийн сан­хүү­гийн менежментийг бид олон улсын түвшинд хий­­дэг. Тиймээс өрийн да­рам­т­­­гүй, бүх зүйл төлөв­лө­гөөний дагуу гэж ойлгож болно.

 

Дээрх хөрөнгө оруулалтууд нь дэлхий дээр бизнес хийж буй бүх л компанийн адилаар зах зээлийн зарчмаар, зах зээлийн хүүтэйгээр авсан хөрөнгө оруулалтууд.Тө­сөл амжилттай хэрэгжиж, биз­несийн орлого нэмэгдэхийн хэрээр зээлээ эргэн төлөөд л явж байгаа.Эдгээр нь Оюу толгой уурхайн өнөөгийн ам­­жилтын суурь байсан.Үүний ачаар бид өнөөдөр 20 мянга гаруй ажлын байр бий болгосон, ТОП-100 компанийн нэг­дүгээрт эрэмбэлэгдэх ком­­панийг босгож, удахгүй дэлхийд дөрөвдүгээрт орох зэсийн уурхайтай болох гэж байна.

-Дээрх зээлийн хүү анхаарал татдаг.6%+LIBOR нь хэр өндөр хүү вэ.Яагаад ийм хүүгээр зээл олгож эхэлсэн бэ?

– LIBOR гэдэг нь Лондоны банк хоорондын зах зээлийн хүү. Олон улсын зах зээлд оролцогчид зээл өгөлцөж авалцахдаа энэхүү хүүг баримталдаг гэсэн үг.Энэ хүү нь дэлхийн томоохон төв банкнуудын бодлогын хүүтэй уялдаж хэлбэлзэж байдаг юм. Тиймээс энэхүү хүүг бид ч тогтоохгүй,  төр ч тогтоохгүй, харин томоохон орнуудын төв банкнуудын бодлоготой уялдаж зах зээл тогтоож байгаа. Ковидоос үүдэж сүүлийн жилүүдэд дэлхий даяар бодлогын банкнуудын хүү эрчимтэй өссөн.Энэ нь санхүүжилтийн зардлыг хаа хаанаа л өсгөж байна.Харин 6% бол Монгол Улсын олон улсын зах зээлээс авдаг зээлийн хүү юм.Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгө оруулагчид, зээлдэгчид ма­най улсын эрсдэлийг үнэлж жилд 6 хувийн хүүтэйгээр л зээл өгдөг.Монгол Улс зээлийн хүүгээ бууруулахын тулд эдийн засгийн эрсдэлээ багасгаж, илүү найдвартай зээлдэгчийн ангилалд орох хэрэгтэй.Тиймээс ч хүүгийн асуудлыг долоон жил тутамд эргэж харах эрх нь нээлттэйгээр зааж өгсөн.Зээлийн хүүг бууруулах нь Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэхээс илүү Монгол Улсын эдийн засгийн суурь асуудал.Харин алсдаа зээлийн хүүг бууруулахад Оюу толгой шиг мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь тулгын чулуу болно.Түүнээс биш Рио Тинто Монголд өндөр хүүтэй зээл олгоод, хүүлээд байгаа юм биш.Манайх уул уурхайн компани болохоос зээлийн хүү тогтоож байдаг санхүүгийн байгууллага биш шүү дээ.

– Их сонирхолтой өнцөг байна.Рио Тинто төс­лийг хэрэгжүүлэхдээ менеж­мен­тийн төлбөр авдаг.Энэхүү төлбөрийг зардлаас тооц­дог тул зардлаа хэт­рүүлдэг гэх хардлага бий.

– Энэ яриаг үнэхээр ойл­­го­доггүй. Би гуравхан ху­вийг нь буцаан авахын тулд халаас­наа­саа нэмж  мөнгө гар­гаад өөр хүнд өгнө гэж байх уу. Жишээ нь та хоёр сая төгрөгийн НӨАТ-ын бу­цаан олголт авахын тулд 100 сая төгрөгийн зардал гаргахгүй шүү дээ.Тиймээс менеж­ментийн төл­бөрийг зард­­лаас тооцдог тул зардлаа хэтрүүлдэг гэдэг бол ямар ч тооцоололгүй, утгагүй яриа.Оюу толгой төсөл нь Рио Тинтогийн Зэсийн группийн нэг хэсэг тул бид ч энэхүү төсөлд өөриймсөг сэтгэлээр хандаж, бүх талаар зөв, шилдэг нь байлгахыг хүсдэг.

Ер нь зардал хэтрэлт гэж нэр­лээд  байгаа санхүүжилтийн зөрүүний талаар заавал хэлэх ёстой зүйл бол дэлхий дээрх бүхий л салбарын мега төслүүдийн зардал анхны төсөөлснөөс хэтэрдэг. Мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь урт холын аялал тул анхны хүлээлтээс өөр байх нь 100% ойлгомжтой.Төслийн санхүү­жилт нэмэгдэж буй нь хянамгай бус байснаас биш илүү их бүтээн байгуулалт хийж, илүү аюулгүй уурхай байгуулах болсноос үүдэж болно шүү дээ.Энгийнээр та гэртээ засвар хийхдээ ч яг таг тооцооллоо хийж чаддаггүй.Баримжаа л авна уу гэхээс яг тэдэн төгрөг гарна гэхэд хэцүү.Яг үүнтэй л ижил зүйл.Ялан­гуяа уул уурхай зэрэг өндөр технологи, нарийн инже­­нерчлэл шаардсан сал­барт зардлын зөрүү гардаг нь бичигдээгүй хууль шахам юм.

-Менежментийн төл­бөрийн тухайд бүтээн бай­гуулалтын зардлын 3%-ийг авч буй нь хэр өндөр вэ.Ер нь менежментийн төлбөр авах ёстой юу?

-Менежментийн төлбөр авах ёстой гэдэг нь ойл­гомж­той.Оюу толгойн гүний уурхай бол блокчлон олборлох буюу дэлхий дээрх хамгийн нарийн олборлолтын технологи ашиг­ладаг. Газрын гүний 1300 метрт байгаа зэсийн хүдрийг олборлох зардал багатай энэ аргыг бид сүүлийн 25 жилийн турш хөгжүүлж, энэ нөү хауг бий болгохын тулд 150 жилийг зарцуулсан. Тиймээс төслийг амжилттай хэрэг­жүүлэх удирдлага, менеж­­ментийн шаардлагатай төлбөр, санхүүжилтээ авах нь шударга шүү дээ.Энэ төлбөрийг зардлаас тооцдог тул үйл ажиллагаа нь жигд­рээд зардал нь багасаад ирмэгц угаасаа буурна.Хувь хэмжээний тухайд 2009 онд бид Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний үеэр маш олон зүйлийг жинлэж үзэж байж Монголын талд 51-ээс дээш хувь буюу илүү үр өгөөжтэй байхаар хэлцлүүдээ хийсэн юм. Тиймээс менеж­ментийн төлбөрийг  дангаар нь сугалж аваад ярьж бол­доггүй. Энэ асуудал хэлэл­цээний ширээн дээр татварын олон асуудалтай хамт яригд­сан.Жишээ нь Оюу толгой НӨАТ буцаан авдаггүй.НӨАТ авах­гүй учраас оронд нь менеж­ментийн төлбөрийг энэ хувиар авна гэх зэргээр тохирсон асуудал юм.Ер нь бизнес хийнэ гэдэг нь өгөө аваатай, хоёр тал адилхан сэтгэл ханамжтай үлдэх тухай ойлголт.

– Та сая Монголын талд 51-ээс дээш хувийн өгөөж­тэй гэж ярилаа.Оюу толгой төслийн Монголд өгөх үр өгөөжийн талаар сүүлийн 20 жил ярьж байна.Цаашид ч ярих бололтой.Монголд үнэхээр ашигтай юу?

– Хөрөнгө оруулалтын гэрээг олон улстай харь­цуул­бал Монголын талд өндөр үр өгөөжтэй байгаа.Үүнийг тоо баримт, харьцуулсан судал­гаанууд байдаг.Жишээлбэл, Рио Тинто зөвхөн Баруун Авст­ралид гэхэд 17 уурхай ажил­луулдаг.Нэг бүр нь Оюу толгой шиг. Ингээд бо­дохоор тэр уурхайнууд хэч­нээн хэм­жээний татвар төлж, хэдэн ажлын байр  бий  болгож, эрдэм мэдлэг, ур чадварыг бүтээж байгаа вэ. Австраличууд үр өгөө­жийг нь өргөн хүрээнд харж чадаж байгаа учраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж өдгөө дэлхийд 12 дугаарт орох хүчир­хэг эдийн засгийг бүтээж чаджээ.Хөрөнгө оруу­лалт орж ирэх тусам тэнд бизнес цэцэглэж, ард иргэд ажилтай байж, бүтээн байгуулалт явагдаж байдгийг бид харж байна.Хамгийн том эдийн засгууд болох АНУ, БНХАУ хөрөнгө оруулагчдад таатай байдлаараа дэлхийд тэргүүлдэг.Тэд мөнгийг за­гас ихтэй цөөрөмд усны шу­вуу цугладаг шиг л татдаг.Тий­мээс Оюу толгой төслийн үр өгөөжийг төсөвт төлж буй татвар, ногдол ашиг зэр­гээр хяз­гаарлаж ярих нь дэндүү ахархан юм.Нийгэм, эдийн засгийн бие даасан байдал гээд маш өргөн хүрээ­ний сэдэв. Энэ төсөл, гэрээ нь Монголд  ашигтай гэдгийг хэлэх цаг болжээ. Бид дараагийн шатны том ажлууддаа ханцуй шамлан орох уу, талцсаар суух уу гэх асуудал бий.Уг нь одоо дараа­гийн шатны ажлууд болох аж үйлдвэржилт, өөр мега төслүүдийг хэрхэн эх­лүү­лэх тал дээр оюун бодлоо уралдуулж, хүч нөөцөө шав­хаж байх нь зүйтэй юм.

– Дараагийн шат гэдэг нь Оюу толгойг дагасан аж үйлд­­вэржилтийг  ярьж байна уу. Үнэндээ  Монголын ард түмэн аж үйлдвэрийн сал­­бараа хөгжүүлэхийг сүү­лийн 30 жил хүслээ.

– Тантай санал нэг байна.Баяртай мэдээ дуулгахад өнгөрсөн сард бид Оюу толгой төслийн 3-р шат буюу уурхайг дагасан аж үйлдвэр­жилтийг бий болгох зорил­гоор Монгол дахь оффисоо өргө­жүүлж эхэлсэн.Энэ асуудлыг хариуцах багийг бий болгож, ажилдаа ороод байна.Одоогоор хайлуулах үйлдвэр, Ханбогдыг хөгжүүлэх төсөл, овоолгоо ашиглах асууд­луудыг урагшлуулахаар судалж байна.Энэ бүгд да­хиад хөрөнгө оруулалт, аж­­лыг байрыг бий болгох чадвартай.Уг төслүүдэд Зас­гийн газар, хувийн хэвшил гар нийлэн оролцож, аж үйлд­вэр­жилтийн хөгжлийг хамт­даа урагшлуулна гэж итгэж байна.

– Оюу толгойн татварыг Эрдэнэттэй, Хөрөнгө оруу­лалтын гэрээг Францын Ораногийн хөрөнгө оруулж байгаа ураны төсөлтэй харь­­цуулах харьцуулалт явагдаж байна.Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Эрдэнэтийн хувьд хоёр уурхайн насны ялгаа бий.Эрдэнэт үйлдвэр үйл ажил­лагаагаа эхлээд 50 орчим жил болсон, бүтээн байгуулалтын үеийн зардлын асуудлаа туулаад гарчихсан уурхай.Харин Оюу толгойн ил уурхай 10 настай бол гүний уурхайн олборлолт дөнгөж энэ жил л эхэлж байна.Оюу толгойн үйлд­­вэрлэл нэмэгдэхийн хэ­рээр төлөх татварын хэмжээ нэмэг­­дэж, татвар төлөлтөөрөө тэр­гүүлнэ.Тэгэхээр энэ нь цаг хугацааны асуудал.

Ураны төслийн хувьд Мон­голын Засгийн газар гурав­­­дагч хөршөөс хөрөнгө оруулалт татаж байгаад би их баярлаж төслийн ирээдүйд амжилт хүсэж байгаа.Хөрөнгө оруулалтын гэрээний тухайд уран, зэс хоёр шал өөр учраас харь­цуулах боломжгүй.Тэмээ, ямаа хоёрыг харь­цуу­­лаад байгаатай адил болно.Мөн уран нь Цөмийн энер­гийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг.Хамгийн гол нь энэ бол Засгийн газар хоорондын хэлэлцээр.Оюу толгой бол Засгийн газар, хувийн хэвшил хоорондын хэлэлцээр.Ийм том суурь ялгаанууд байгаа учраас хоёр төслийг харьцуулан дүг­нэлт гаргахад хэцүү. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь эдийн засгаа  тогтвортой тэлэхэд чухал.

-Оюу толгойн дам нөлөө тал дээр тантай санал нэг­дэж  байна. Гэхдээ ард түмэн үүний үр өгөөжийг хүр­тэх­гүй байна гэж бодож байгаа.Ер нь уул уур­хай, мега төс­лүүдийн үр өгөө­жийг ард түмэнд хэрхэн хүртээх ёстой вэ?

-Энэ  асуултад би  та бүхний адил энэ улсын татвар төлөгч иргэн Амаржаргалын өнцгөөс хариулмаар байна. Сүүлийн жилүүдэд Оюу толгой гэлтгүй Таван толгой, Эрдэнэт үйлд­вэр, Энержи Ресурс, Мон­голын Алт гээд уул уурхайн тэр­гүүлэх компаниудын төсөвт төлсөн татвар тасралтгүй өслөө.Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан зогсох эрхгүйгээр ажиллаж эдийн засгийг хөдөлгөгч гол хүч хэвээр байна.Цаашид ч ху­вийн хэвшлээс төвлөрүүлэх орлого улам өснө.Орлогын хуваарилалтыг зөв хийх, ард түмэндээ жинхэнэ үр өгөөж хүртээх урт хугацааны хөрөнгө оруулалт хийх эсэх бол хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн шийдэх асуудал биш.Энэ бол орон гэрээ засаж янзлахтай адил манай улсын иргэд буюу бидний өөрсдөө шийдэх ёстой дотоод асуудал юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобус өнөөдрөөс “Драгон төв”-өөс явна DNN.mn

Орон нутгийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчлөлт оруулж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобусыг өнөөдрөөс эхлэн “Драгон Холдинг” компанийн байрнаас (хуучнаар Драгон төв) явуулахаар болжээ.

Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулахаар болжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сард Драгон төвд гал гарч, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг ойролцоох Номин худалдааны төвөөс хийдэг болсон юм.