Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

АИ-92 шатахууны 22 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 8,076 тн, Хангайн бүс 4,377 тн, Төвийн бүс 14,009 тн, Зүүн бүс 3,533 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагналаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа.

  • Хариуцсан алба, салбар, хамт олноо чадварлаг удирдан, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Мөнхбаярын Түмэнжаргал, ахлагч Даваасүрэнгийн Ганзам нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”-гоор;
  • Мэргэжлийн ур чадвар, туршлага, сахилга, зохион байгуулалтаараа манлайлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Нэргүйн Пүрэвдорж, ахлагч Цэндийн Ариунболор нарын 37 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар;
  • Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Энхбаатарын Батбаяр, ахлагч Жамъянжавын Дондогмаа, Ганболдын Мөнхбат, Сүхбаатарын Отгон-Эрдэнэ нарын 409 алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар шагнав.

Эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэнд нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэн ерөөв.

Мөн цэрэг дайчдын найдвартай ар тал болсон эцэг, эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.

Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлдэг.

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлан дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  идэвхтэй оролцож, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Авлига, албан тушаалын 8 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.302, мөрдөн байцаалтын 3603 хэрэгт хяналт тавьж, нийт 263 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Авлига, албан тушаалын 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Мөнгө угаах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар тус тус ажиллаж О.М нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Х.З нь “Ц” ХХК-тай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсны хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– УИХ-ын гишүүн Б.Э, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Архангай аймгийн Засаг дарга Ц.М, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ө нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 22.1 дүгээр зүйлийн 2, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Т.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэтгэмжийн мөнгөн хөрөнгөөс өөрийн болон бусдын данс руу шилжүүлэг хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэгт битүүмжилсэн эд зүйлийг эзэмшигчид буцаан олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Х.Г нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, бусдад борлуулахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлэг рүү дроноор тээвэрлэн хүргэв DNN.mn

Өвчтөнд хүргэх цус цусан бүтээгдэхүүнийг түргэний тэргээр түгжирч зөөдөг цаг ард хоцрох нь дээ.
Дрон нь таван кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг өөртөө агуулж цагт 36 км хурдттай 10 минутад зорилтод газраа хүрхээр тооцоолсон байна.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ийн төслийн хүрээнд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судлан ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд цус тээвэрлэх дроны нислэгийг өнөөдөр анх удаа хийжээ.

Тээвэрлэлтийг AirTruck тусгай ложистикийн дроноор хийсэн бөгөөд энэ дроноор таван кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 36 км цагийн хурдтай хүргэхээр тооцоолжээ. Анхны хүргэлтийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.75 км зайд хийж, амжилттай хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хувийн эмнэлгээс УХТЭ-т ирсэн эмэгтэй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгээс “Эмэгтэй хүн 2 дугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч хувийн эмнэлэг эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 477 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11-р сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 33.164 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 477 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 208, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 23, Өмчлөх эрхийн эсрэг 197, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 16 хэрэг байна.

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 28, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 117, сураггүй алга болсон хүн 57, шүүхээс даалгасан хүн 159, зөрчил үйлдсэн 25 хүнийг олж тогтоосон байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 169 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн улмаас 5696 хүн, 14 хуулийн этгээдэд учирсан 67.0 тэрбум төгрөгийн хохирлын 51.3 тэрбум төгрөг буюу 76.5 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлээд байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн захиралд хуурамч бичиг баримт үзүүлэн их хэмжээний санхүүжилт авч байгаа, тухайн хөрөнгөөс 40 сая ам.долларын зээл олгоно гэж итгүүлэн 1.8 тэрбум төгрөг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлоос 1.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Түүнчлэн дараах зарим зөрчлийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас нэр бүхий мэдээллийн сайтын сэтгүүлч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй гэх мэдээлэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж,

Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке дотор нэр бүхий сайтын ажилтнууд зөвшөөрөлгүй гэрэл зураг авч, дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна.

Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон. Иймээс нийслэлийн 2023 оны аравдугаар сарын төсвийн гүйцэтгэл, жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Тодруулбал,

  • Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг;
  • Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум төгрөг;
  • Нийслэлд хэрэгжиж буй есөн нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлаас нийт 7.8 тэрбум төгрөг;
  • Нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум төгрөг;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихээр тооцон төлөвлөсөн 800 сая төгрөгийг тус тус хэмнэхээр төлөвлөсөн.

Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эхний 10 сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 6 тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу 14 төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг, нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар тооцон төлөвлөлөө.

Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 15.2 тэрбум төгрөг, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,

  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр 27.6 тэрбум төгрөг;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг;
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил (Улаанбаатар хот) 800 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тусгалаа.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч нар нийслэлийн шинэ удирдлагын багийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, шийдвэрийн талаар асуулт асуусан. Хотын дарга Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дорвитой ажлууд хийх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг онцолсон. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон тоог одоо байгаа түвшинд буюу 25 хувиар цөөлж байгаа. Аль болох урсгал зардлаа хэмнэх бөгөөд хэмнэсэн хөрөнгийг түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэдгийг хэлж байлаа.

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны эхний хэлэлцүүлэг өнөөдөр болж буй бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш бүх нийтээр амарна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байна.

Монголчууд “Монгол бахархлын өдөр”-ийг 11 дэх жилдээ бүх нийтийн амралтын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнийг 18 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн эрэн сурвалжлах ажиллагаа болон гэр бүлийн хүчирхийллийн шийдвэрлэлтийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 28 оргодлыг олж тогтоожээ.

Гэмт хэрэгт сэрдэгдсэн 117, сураггүй алга болсон 57, шүүхээс даалгасан 159, зөрчил үйлдсэн 25 хүнийг дэвшилтэт технологи ашиглаж, олсон байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэн 18 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Харин удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 169 иргэнийг 7-30  хоног баривчлуулах санал шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Ирэх жилийн төсвийн онцлог нь Нийслэлийн төвлөрлийг бууруулж, хөдөөг хөгжүүлэхэд чиглэж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Төсвийн алдагдлыг хоёр их наядаас 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан гэж Ажлын хэсэг мэдээлсэн. Манай улс сүүлийн жилүүдэд алдагдалтай төсөв батлах болсон. Ирэх жил эдийн засаг гайгүй байна гээд орлогоо дээгүүр төсөөлсөн. Алдагдалгүй төсөв батлах боломж байгаагүй юу?

-Үнэн. Алдагдал гэдэг бол өр. 1.5 их наяд төгрөгийн алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газар бонд юм уу, эсвэл зээл авна. Аль аль нь л өрийг нэмэгдүүлнэ. Тиймээс алдагдалгүй батлах ёстой гэдэгт санал нэг байна. Энэ жилийн хувьд орлого тун дажгүй байгаа. Манай экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой байна. Нийлүүлэлт сайн байна. Тиймээс их өөдрөг төсөөллийг Засгийн газраас өргөн барьсан байна лээ. Тухайлбал, 60 сая тонн нүүрс экспортолно. Алт, зэс, төмрийн хүдрийг экспортын өмнөх хэмжээнээс нэмэгдүүлнэ гэж тооцсон. Тиймээс ирэх жил экспортын хувьд гайгүй жил байна гэж төсөвлөсөн байна. Үүнээс илүү орлого олох боломж бий юу гэвэл бий. Бүх түвшиндээ шахвал байгаа. Гол нь бид орлогоо оны эхнээс дайчилж ажиллаж байж 27 их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлж чадна.

-Ажлын хэсгээс зарлагыг 390 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн үү?

-Орлогыг 590 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зарлагыг 390 тэрбум төгрөгөөр бууруулсан. Зарлагыг бууруулахдаа сайд нарын багцыг 1.88 хувиар хасч 320 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн зарим хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, үнийн дүнгээс хасч нийт 70 орчим тэрбум төгрөг бууруулсан. Ингээд нийт 395 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн.

-УИХ-аар дандаа объектийн санхүүжилт ярих юм хэмээх шүүмжлэл бий. Тэгвэл үйлдвэржилт, ажлын байрыг ирэх жилийн төсвөөр хэр нэмэгдүүлж байгаа вэ?

-Энэ жилийн тухайд өмнөх хөрөнгө оруулалтуудаас нэг онцлогтой. Өмнөх нь тойрог, сум хороо дагасан хөрөнгө оруулалтыг их хийдэг байсан. Энэ жилийн онцлог нь бүс нутгийн хөгжил дагасан хөрөнгө оруулалт байгаа юм. Тэр дундаа нэгдүгээрт, эрчим хүч. Хоёрдугаарт, дэд бүтэц. Жишээлбэл, улсын төсөв дээр 20 орчим автозамын төсөл орж ирсэн. Аймгуудыг хооронд нь холбох, мөн аймгаас сум руу холбох дэд бүтцийн төслүүд бий.

Хөрөнгө оруулалт хоёр талтай. Нэг талаас хөрөнгө оруулалт их байх тусам аж ахуйн нэгж, бизнесүүд идэвхжиж тодорхой хэмжээнд ажил хийх сайн талтай. Сул тал нь валютын нөөц, ханшинд нөлөөлөх гээд байдаг. Хөрөнгө оруулалтын төсөл ихэвчлэн импортын бараа шаарддаг сөрөг тал бий. 2024 оны төсвийн нэг онцлог нь Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөөг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ чиглэлд хэд хэдэн арга хэмжээ бий. Тухайлбал, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 40 хувийн цалингийн нэмэгдэл олгож байгаа. Аймагт бол 20 хувь. Өөр бусад нийгмийн хамгааллын асуудлууд бий. Үүнийг дагаж төсвийн асуудлууд явж байгаа. Мэдээж бизнесийн эрх зүйн орчнг сайжруулах чиглэлээр мөнгөний бодлогоор авч байгаа арга хэмжээ бий. Энэ долоо хоногт мөнгөний бодлогыг хэлэлцэж батална. Мөнгөний бодлогод зайлшгүй шигтгэх зүйлүүд бий. Инфляцийг 10 хувьд яаж оруулах вэ гэдэг хамгийн чухал байна. Инфляци 10-аас дээш хувьд хүрчихээд байгаа учраас тэтгэврийг 100 мянгаар нэмсэн. Инфляцид хамгийн их өртөж байгаа хэсэг нь бага орлоготой хүмүүс. Тиймээс ажлын хэсэг дээр ярьж байгаад тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ингэж байж инфляциа гүйцэх юм байна гэж үзсэн.

-Харин ч эсрэгээрээ инфляцийг өдөөх юм биш үү. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн ч дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр гэлтгүй цалинг ч мөн нэмэгдүүлж байгаа шүү дээ?

-Мэдээж цалин, тэтгэвэр инфляцид нөлөөлнө. Засгийн газар инфляцитай уялдуулж нэмнэ гэж байгаа. Энэ утгаар дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэсэн. Жилийн эцсээр инфляци 9.5 хувь руу орох болов уу гэж үзэж байна. Ингэж барих болов уу гэж бодож байна. Өслөө гэхэд 10 хувьд байна. Тиймээс Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулж 10 хувиар нэмж байгаа юм. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр 55 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Гэхдээ орлого нь инфляциа гүйцэхгүй байгаа юм. Тиймээс бага тэтгэвэр авагчдад зориулагдсан бодлого. Энэ нь инфляцид хүчтэй нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийг тэтгэврийн санд 448 тэрбум төгрөгөөр тавьж өгч байгаа. Тэтгэврийг яаж нэмэгдүүлэх, хэдээр нэмэгдүүлэх, үе шаттай байх эсэх, ялгавартай байх эсэхийг Засгийн газар шийднэ. Тэтгэвэр нэмэгдүүлэх дүн 308 тэрбум төгрөгөөр орж ирснийг 448 тэрбум болгосон. Энэ хүрээнд Засгийн газар ярилцаж яаж нэмэхээ нийгмийн бодлогынхоо арга хэмжээтэй хамтатгаж шийднэ. Бид хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж байгаа юм.

-Ер нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх ямар бодлогыг хэрэгжүүлж байгаа вэ. Дундаж давхарга одоо яг бодитоор хэд байгаа вэ?

-Үндэсний статистикийн газраас гаргасан тоогоор сүүлийн үед ядуурлын түвшин тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Энэ нь инфляци, үнийн өсөлттэй холбоотойгоор гарч байгаа тоо. Дундаж давхарга өмнө нь өргөн байсан. Дундаж давхаргынхан хоёр тийшээ яваад байна. Нэг хэсэг нь дээшээ яваад, бусад нь доошоо яваад байна. Угтаа нийгэм тогтвортой байх хамгийн гол зүйл нь дундаж давхарга өргөжиж байх ёстой. Нийгмийн бодлогын хамгийн чухал нь яах аргагүй дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлого байх ёстой. Энэ чиглэл рүү анхаарч байгаа юм бий. Бодлогоор дэмжиж, хэрэгжиж байгаа зарим зүйл бий. Мөн эсрэг явж байгаа зарим нэг зүйл ч байна.

-“Багийн төв, соёлын төвийн төсөвт өртгийг нь их өндрөөр тооцоолсон байна. Тухайлбал, 154 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар тавьсан байна” гэх шүүмжлэл гарсан. Үүнийг яаж шийдсэн бэ?

-Бүгд зураг төсөвтэй. АУДИТ-ын байгууллагаар хянагдсан. Тиймээс ажлын хэсэг зураг төсөвтэй, АУДИТ-ын байгууллагаар хянагдсан хөрөнгө оруулалтыг хянах, хасах ямар ч шаардлагагүй. Ноднин УИХ төсөв дагуулж тогтоол гаргасан. Тэр нь хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар магадлал гаргая. Түүнийг нь заавал АУДИТ-ын байгууллагаар хянуулъя. АУДИТ-ын байгууллага хянахаар зарим тоо багассан ч гэдэг юм уу янз бүрийн дүгнэлт гардаг. Мэргэжлийн байгууллагын хянасан зүйлийг УИХ хянах шаардлагагүй гэж үзсэн. Соёлын төвийн тухайд хувь байр сууриа илэрхийлэхэд, сумдын иргэдийн ганц цугладаг газар нь Соёлын төв шүү дээ. Зарим хүн Соёлын төвд мөнгө өгөх гээд байна гээд байгаа болохоос үнэн хэрэг дээрээ хөдөөгийн иргэдийн жилдээ тоотой хэд цугладаг, уулздаг, арга хэмжээнд оролцдог гол газар нь Соёлын төв юм. Сүүлийн үед хөрөнгө оруулалт бүх түвшинд нэмэгдэж ирсэн. 1960-1980 онд соёлын төв, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, тамгын газрын барилгыг түүхий тоосго ч юм уу, модон материалаар барьсан. Одоо тэр барилгууд нь бүгд шаардлага хангахааргүй болсон. Шинэ үеийн барилга болгох зайлшгүй шаардлагатай болсон. Ирэх жилийн хөрөнгө оруулалтыг хийгээд дуусахаар Монгол Улсын 330 сумын хөрөнгө оруулалтын асуудал овоо шийдэгдэх болов уу гэж бодож байна. Сүүлийн хэдэн жилд энэ чиглэлд маш их хөрөнгө тавьж байгаа. Тиймээс сүүлийн үед бүс нутгийн хөрөнгө оруулалтыг голлоё, сумдын хөрөнгө оруулалтыг больё гэсэн чиглэл барьж байгаа.

-Хавдрын эмнэлгийн барилгын зураг төсөв нь байхгүй учраас эхний ээлжид ахиухан санхүүжилт тавиад эмнэлгийн барилгаа эхлүүлэх саналыг гишүүд гаргаж байсан. Эмнэлгийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бол?

-Хоёр арга хэмжээ авсан. Хэлэлцүүлгийн явцад бид сайд нар, ХСҮТ-ийн захиралтай уулзсан. Шинэ эмнэлгийн зураг төсөл одоогоор хийгдэж байна. Зураг төсөв эцэслээгүй учраас үнийн дүн тавих боломжгүй байна гэж ярьцгаасан. Нийгмийн зайлшгүй шаардлага байгаа учраас ямартаа ч барилгын ажлыг нь эхлүүлье гээд төсөвт бид 10 тэрбум төгрөг тавьсан. Зураг төсвийн гэрээ нь анх 900 сая төгрөгөөр хийсэн юм билээ. Гэтэл одоо нөгөө компанийн зүгээс “байршил өөрчлөгдсөн учраас техникийн нөхцөл өөрчлөгдсөн. Тиймээс үнэд өөрчлөлт орсон, 2.5 тэрбум төгрөг” гээд байгаа юм байна. Эдийн засаг, хөгжлийн сайд тэдэнтэй уулзсан. Сайдын багц дээр оны төгсгөлд зураг төсвийн мөнгө үлдэх юм билээ. Тиймээс энэ хөрөнгөөр гэрээг шинэчилж байгуулъя. Амжвал эхний улиралд багтаан зураг төслөө дуусгая. Хоёрдугаар улиралд тендер зарлаж, ямартаа ч 10 тэрбум төгрөгөөр Хавдрын эмнэлгийн суурийн ажлыг эхлүүлье гэсэн чиглэлийг ажлын хэсэг Засгийн газартай ярилцсан. 10 тэрбум төгрөгөөс илүү мөнгө тавивал ашиглаж чадахгүй юм байна гэж бид үзсэн. Учир нь зураг төсөл нь дуусаагүй. Тендер зохион байгуулагдаагүй. Энэ процессуудыг хараад 10 тэрбум төгрөгөөс илүү ажил хийгдэж чадахгүй гэж үзээд шийдсэн. Ямартаа ч хойтон хийгдчих болов уу гэж бодож байна. Зураг төсөв эцэслэж гараагүй учраас нийт өртгийн дүн гараагүй. Нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс зарим нэг ажлыг ингэж эхлүүлэхгүй бол ирэх жил дахиад л яриад сууж байна. Тиймээс ямар ч байсан эхлүүлэх нь зөв гэж үзсэн. Байршил нь БЗД-ийн 11-р хороонд гэсэн.

-Гишүүн бүрийн тойрогт гурван тэрбум төгрөг тусгаж амыг нь таглалаа гэх шүүмжлэл гарсан. Энэ ямар учиртай вэ?

-Гишүүд төсөвт санал өгөхдөө зарим нь 200, 300 тэрбум төгрөгийн санал өгсөн юм билээ. Сангийн яам мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Төсөвтэй, зурагтай, ТЭЗҮ нь хийгдсэн, үр ашигтай хөрөнгө оруулалтад төсөв тавьсан. Үүний дараа УИХ дээр ажлын хэсэг ажиллахаар гишүүд баахан санал ирүүлж байгаа юм. Тэр саналууд нь зурагтай, төсөвтэй юу, АДУИТ-аар хянуулсан уу гэдгийг хянаад бололцоотой гэсэн хөрөнгө оруулалтад төсөв тусгасан. УИХ-д орлого нэмээд зарлага нэмэх эрх байхгүй. Зарлага бууруулж зарлага нэмэх эрх бий. Тиймээс энэ агуулгын хүрээнд хандсан. Засгийн газрын харьяа байгууллага болон төсөвт байгууллагаас нийт 18 санал төсөвт тусгагдсан. Засгийн газрын харьяа байгууллага, УИХ-ын харьяа байгууллагын саналыг бүгдийг нь нэгтгэж тусгаж байгаад шийдсэн. УИХ-ын гишүүд төсөвт өртөг нь хэт өндөр санал оруулж ирээд байгаа юм. Төсөвт өртөг хэт өндөр байх нь дараа жилийн төсөвт нөлөөлдөг. Түүний дараа дараагийн жилийн төсөвт нөлөөлдөг. Үүнээс гадна инфляцийн түвшинтэй уялдаж төсөв нэмэгдвэл бүр хэцүү болдог. Тиймээс бид төсөвт өртгийг гурван тэрбумаас хэтрүүлэхгүй. Жил жилд нь барьж дуусгах объект байвал сайн байна. Тэгэхгүй өндөр өртөгтэй бүтээн байгуулалт оруулж ирдэг. Өнөөдөр харахад гайгүй юм шиг боловч хоёр гурван жилийн дараа төсөвт сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг агуулгаар нь хандаж гурван тэрбумаас төсөвт өртгийг хэтрүүлэхгүй гэж би ажлын хэсэг дээр ярьж байсан. Үүнийг Г.Ганболд гишүүн чуулганы хуралдаан дээр яриад байх шиг байна лээ. Түүнээс биш танай тойрогт гурван тэрбум төгрөг гэж хуваарилсан асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмчихвэл төсөвт тодотгол хийх үү?

-D-parliament гээд цахим парламенттай болсон. Үүгээр ирж байгаа иргэдийн саналыг УИХ заавал үзэж, судалж, боломж байвал шийдэж байх ёстой. НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох санал 100 гаруй мянган хүний санал авсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ойрын хугацаанд энэ асуудал орж ирэх болов уу. Тэр үед нь ярилцах байх. Энэ оны төсвийн хувьд хууль эрх зүйн орчин шинэчлэгдээгүй учраас таван хувь болгох асуудал 2024 оны төсөвт оруулах боломжгүй болчихоод байгаа юм. Ер нь цаашдаа татвар, төсөв, Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар D-parliament-д санал асуулга явуулахгүй байх ёстой. D-parliament-ын журмыг ойрын үед өөрчлөх чиглэлээр УИХ ажиллаж байна. Иргэдээс “Чи ямар татвар төлөх вэ, чи ямар ял авах вэ” гэж огт асууж болдоггүй. Төрийн бодлогоороо явдаг зүйл. Тиймээс энэ хоёр асуудлаар санал асуулга явуулахгүй байх ёстой.

-Төрийн өмчит компаниудыг нэмбэл ДНБ-д төрийн эзлэх хувь 60 болсон гэж зарим улстөрчид ярьж байна л даа. Энэ бодитой юу?

-60 биш 39 хувь. Сангийн яамны тооцооллоор жилийн эцэс гэхэд ДНБ 75 орчим их наяд болох болов уу гэж тооцоолсон байна лээ. Улсын төсөв 27 их наяд төгрөг байгаа. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-д улсын төсвийн эзлэх хувь 39 гэж бичсэн байна. Сүүлийн үед нэмэгдэж байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, ДНБ-д улсын төсвийн эзлэх жин нь нэмэгдэж байна гэдэгт санал нэг байна. Хувь хүний хувьд миний нэг санаа зовдог зүйл бол зарлага. Бид сүүлийн үед зарлагаа маш их хэмжээгээр нэмж байна. Энэ жилийн тухайд 4.9 их наяд төгрөгөөр зарлага нэмэгдсэн. Үүний голлох хувийг цалингийн нэмэгдэл эзэлж байна. Цаашид төрийн албан хаагчдын тооны асуудал, энэ олон байшин сав санхүүжүүлдэг зарлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Төсвийн шинэчлэл хийнэ гэж байгаа. Бодит байдал дээр төсвийн зарлагын шинэчлэл хийх ёстой гэж би хувьдаа боддог. Одоо яаж байна гэхээр зарлага өсөөд байдаг. Ингээд зарлагадаа тохируулж орлогоо нэмчих гээд байна. Тиймээс цаашдын том асуудал зарлага. Яаж зардлыг бууруулах вэ гэдэгт асуудал байгаа юм. Жишээлбэл, боловсролын зардал хамгийн ихээр нэмэгдэж байна. Таван тэрбум төгрөгөөр 320 хүүхдийн сургууль барилаа гэхэд зарлага нь нэг жилд нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Тиймээс цаашид энэ асуудал дээр шинэчлэл хийх ёстой гэж бодож байна.

-Төсөв дагаж өөрчлөгдөж байгаа 21 хууль яг юу руу чиглэж байгаа вэ. Зарим улстөрчдийн зүгээс Улаанбаатар хотын хувь эзэмшдэг уурхай руу чиглэж байна гэж мэдээлж байна л даа?

-21 хуулийн ихэнх нь татвар, 2024 оны төсөвтэй холбоотой. Өөрийн тань ярьж байгаатай холбоотой нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаж авах биржийн тухай хуультай холбоотой. Гашуунсухайтын төмөр зам хил дээр очоод зогссон. Ачиж буулгах терминал баригдаагүй. Гэтэл ачиж буулгах төхөөрөмжийг хоёр улсын хэлэлцээрээр БНХАУ-ын China energy компани барихаар болсон юм байна лээ. Тэдний зүгээс нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнтэй холбоотой юм бий. Үүнийг ажлын хэсэг дээр бид ярьж байгаад нэрээр нь шахам тодотгоод тавиад өгсөн юм бий. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг дагасан Тендерийн хууль бий. Үүнд зөвхөн хугацаа бий. Хэрэгжих хугацаатай холбоотой асуудал бий. Үүнийг би ойлгохдоо нийслэлийн уурхайтай холбоотой биш, төмөр замын ачиж буулгах төхөөрөмжтэй холбоотой. Энэ асуудлаар хоёр улсын Засгийн газар хооронд хийгдсэн гэрээний дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль, Тендерийн хуульд жаахан жаахан өөрчлөлт орж байгаа. Хууль дээр тодотгож бичсэн байгаа. Тодруулбал, “төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа”, “УИХ-ын шийдвэртэй” гэж тодотгож бичсэн. Терминал барихтай холбоотой шийдвэрийг УИХ долдугаар сарын 7-нд гаргасан. Гуравдугаарт, “энэ хоёр шаардлагыг хангасан төрийн өмчит компанид хоёр эрх олгож байгаа. Нэгдүгээрх эрх нь, биржийн үнээр бүтээгдэхүүнээ зарна. Хоёрдугаарх нь, шууд гэрээ байгуулна гэж байгаа. Үүнийгээ дээр хэлснээр тодотгосон. Тиймээс зөвхөн терминалтай холбоотой асуудлаар юм.

Р.ХИШИГЖАРГАЛ