Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын 2023 оны намрын чуулганы нээлт болж байна DNN.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулган өнөөдөр эхэлж байна.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Наадмаар М.Бадарч начин төрүүлсэн юм бол түүнээс дээш давааны бөхчүүд нь хэнтэй барилдаж цол ахисан байх вэ? DNN.mn

Монгол наадамд түрүүлсэн бөхчүүд жил бүр допингийн шинжилгээнд бүдэрдэг болов. Тэгээд л төрийн наадам түрүү бөхгүй болж бүтэн жилийн хэрүүл тэмцэл эхэлнэ. Энэ жилийн баяр наадмын түрүү бөх М.Бадарч метенолон гэх допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь албан ёсны лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Энэ нь булчингийн масс нэмэх зориулалттай, бүх цаг үед хориглосон бодис гэнэ. Үүнийг хэрэглэснээр булчин томорч тэр хэрээр тэнхээтэй болдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрснээр түүнд олгосон цол, тансаг зэрэглэлийн байр, машинууд ямар ч утга, учиргүй болж хувирав. Зарим хуульчдын зүгээс ард түмнийг хуурч допинг хэрэглэж наадамд түрүүлээд бай шагнал хамдаг үзэгдлийг луйврын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Энэ нь ч зарим талаараа ортой. Хэдэн өрөө байр, бандгар жийпний төлөө улайрч допинг хэрэглэж ард түмнийг мэхэлж байгаа нь дэндүү хударгагүй үйлдэл. Дээрээс нь бөх болохоороо л ингэдэг юм байх даа гэсэн гайхширал дагуулах юм. Өөр хэвийн ухаантай хүн бол түрүүлчихээр допингийн шалгалтад ордог гэдгийг эрх биш мэдмээр юм.

Ийм луйврыг таслан зогсоох цаг тулж ирснийг М.Бадарч, Э.Оюунболд нарын жишээ тод харууллаа. Наадамд түрүүлсэн бөхийг халуун хөлсөн дээр нь индэрт залж зарлиг дуудаж цол олгодог явдлаа эргэж харъя. Долдугаар сарын 12-ны орой батламж гардуулаад допингийн шинжилгээний хариу ирэхэд нь цолны үнэмлэх тэмдгийг нь гардуулдаг байхаар Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ. Бөхчүүдийн допингийн шинжилгээний дээж аваад 40-50 хоног ор сураггүй алга болдог үзэгдэл манайхаас өөр хаана ч алга. Энэ нь хор уугаад ч хамаагүй түрүүлчихээд шагналаа хамчих. Цаадуул чинь нэгэнт өгсөн юм чинь буцааж нэхэж чадахгүй. Нэхвэл ийм нүнжиггүй хүмүүс бас байдаг аа гээд л орилчиход яаж ч чадахгүй гэсэн аминдаа их нарийн ухааны ажил юм шиг байна. Бодвол нөгөө ам авна гэж хөгшид, хүч чадал нь харьчихсан хүмүүсээ амладаг дэлхийд хаана ч байдаггүй жудаггүй үйлдэлээ боддогтойгоо адил бодож гаргалгааг нь гаргаа биз.

Одоо энэ нарийн ухааны юмыг нь таслан зогсоохын тулд шинжилгээний хариу нь тэр дороо гардаг олон улсын жишигт шилжих болсныг түрүүлээд шагнал хамдаг бөхчүүд тодорхой харуулав. Иймд бөхчүүдээ долдугаар сарын 12-ны өдөр шинжлээд маргааш нь хариу гаргадаг болъё. Ингээд уяачдын наадмаар цолны үнэмлэх тэмдгийг нь албан ёсоор гардуулж байя. Цол авсан бөхчүүд тэнд цуглаж нутгийн зөвлөлөөсөө байр, машин авдаг уламжлалтай. Яг энэ үеэр нь л цолыг нь өгч баталгаажуулъя.

Үгүй бол допингийн хэрэглээг нь сул тавья. Бөхчүүдийн шээсийг хаа байсан Солонгос руу зөөж зуу зуун сая төгрөг үрдэг ажлаа зогсооё. Сумо шиг хэрэглэх нь хэрэглээд барилдаг. Хамгийн ойрхон жишээ Өмнөд Монголын бөхөд ч допинг хэрэглээд л барилддаг. Ийм жишигт шилжье. Энэ жил тэр бөх хүчтэй допинг хэрэглэж түрүүллээ гээд л сууж байдаг.

Баяр наадмын тухай хуулийн өөр нэг гажуудал нь допингийн хохирогч бөхчүүдэд нөхөж цол олгодог асуудал байна. Энд ямар ч логик алга. Энэ гажуудлыг зөвхөн М.Бадарчийн жишээнд л авч үзье. Өнгөрсөн наадмаар түүнийг тавын даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд өвдөг шороодсон гэж үзсэн. Улмаар Б.Баянмөнхөд Улсын начин цолыг нөхөж олгохоор болоод байна. Өөрөөр хэлбэл М.Бадарчийн наадам тавын даваанд өндөрлөсөн гэсэн үг. Гэтэл үүнийг зургаа, долоо, найм, есийн даваанд гарч барилдсанд тооцсон нь гажуудал. Э.Даш, С.Сүхбат, О.Хангай, Ц.Бямба-Отгон нар цол ахих болоод байгаа. Тэд аль дээр тавын даваанд унасан бөхтэй барилдаж цол ахиж байгаа нь ямар ч утгагүй. Мөн М.Бадарч О.Хангайгаас бусад өрсөлдөгчөө давахгүй гэх баталгааг хаанаас гаргаж бөхчүүдэд цолыг нь нөхөж олгоод байна вэ. М.Бадарч тавын давааны өрсөлдөгч Б.Баянмөнхийг бол алчуур шиг л сэгсрээд л чулуудна. Яаж ч бодсон давна. Зургаагийн давааны учраа Э.Дашид ч М.Бадарч унаж байсан удаагүй. Таарахаараа л давдаг. С.Сүхбатыг ч тэр дугтраад л унагана. Улсын аварга О.Хангай л эн тэнцүү өрсөлдөнө. М.Бадарчийг унана гэх баталгааг хаанаас гаргаж цол нөхөж олгоод байгаа нь хачирхалтай.

Их спортод түрүүлсэн тамирчнаас допинг илэрвэл ялагдсан тамирчид нь урагшаа байр огшдог дүрэм бий. Үүнийг монгол үндэсний бөхөд хэрэгжүүлж байгаа нь зохимжгүй байна

Монгол үндэсний бөх шиг есөн даваатай тэмцээн өөр хаана ч байхгүй. Энэ дүрэм нь манай тэмцэлдээний хөрсөнд бууж өгөхгүй байна. Яаж ч үзсэн М.Бадарч Б.Баянмөнх, Э.Даш, С.Сүхбат нарыг дийлнэ. Наанадаж л наадмын их шөвөгт шалгарна. Тэгэхлээр тавын даваанаас хойших барилдааныг комисс гаргаж байгаад тэр нь тэрийг давна, энэ нь үүнд унана гээд хийсвэр барилдаан хийлгээд үзүүр түрүүн дээр аваачих хэрэгтэй болчихоод байна. Тэгж байж цол үнэмшилтэй болно. Ийм учраас дээр дурдсан цол олголт утга учиргүй болчихоод байгаа юм. Тэгээд ч аль тавын даваанд уначихсан хүний юутай нь барилдаад даваад байгааг ойлгохгүй байна. Сүнс сүлдтэй нь барилдаад байгаа юм уу. Ийм худал зүйлээр цол ахисан бөхчүүдийг тэгээд зааны сүнс цолтой, арслангийн сүнс цолтон гэх болж байна уу.

Бид сүүлийн үед үндэсний бөхчүүдээ өв тээгч гэж дээдэлж хоймортоо залж ирлээ. Одоо үүнийгээ больё. Тэд хэтэрхий увайгүй байна. Ц.Бямба-Отгон гарьд цолны найраа өнгөрсөн наймдугаар сард хийж “Нутгийн буян” группээс таван өрөө орон сууц, нутгийн зөвлөлөөсөө тансаг машин бэлгэнд авсан. Тухайн үед “Арслан болохоо мэдээд бушуухан гэгч цолны мялаалгаа хийлээ” гэж ярьж байв. Удахгүй Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан цол аваад дахиад найр хийж наашаа гэсэн болгоноо холгох уу. Иймэрхүү л юм бодож явдаг хүмүүсээр монгол эрчүүд бахархаж, тэднийг даган дууриах нь зохимжтой гэж үзэж байгаа юм уу . Монгол эрчүүд ийм шуналтай, авахаас өөр юм мэдэхгүй зан ааштай болох нь зөв үү. Бөх тайлбарлагчдын өв тээгч гэх яриаг хориглох хэрэгтэй. Монгол бөх шашин мэт бүх зүйлийн тэргүүнд залрах зохимжгүй нь олон жишээгээр амьдрал дээр батлагдлаа. Шуудхан хэлэхэд социализмын үед бөхчүүдийг тэргүүндээ залдаггүй байв. Асуудлыг хүч, бяраар шийдэхээр дайрдаг муйхардуу улс л гэж тодорхойлдог байсан. Биеийн хүчээр гурвыг билиг оюуны хүчээр мянгыг дийлнэ гэх цэцэн үг бий. Сэлмээр тулалддаг үед бяртай улс шүтээн байсан байж магадгүй. Орчин үед энэ нь орхигджээ. ОХУ, Украины дайнаас ажиглахад биеийн хүч тэнэг зориг шинжлэх ухаан технологийн өмнө юу ч биш гэдэг нь харагдлаа. Оюун ухааныг тэргүүндээ залж тэтгэх цаг болжээ. Аль ч талаас нь яаж ч харсан бөхчүүд өв тээгч биш байна.

Сүүлд нь онцлоход байгаагаа хэдэн бөхчүүдэд барьдаг, тэднийг оройн дээд шүтээн мэт залдаг, хэлсэн ярьсаныг нь бишрэн дагадаг шашинлаг байдлаа зогсооё оо. Энэ бол байдаг л нэг хувь хүний тулааны спорт билээ. Тэмцэлдэхдээ өмсдөг өмсгөлийг нь л соёлын өв гэхгүй юм бол өөр соёл уламжлал тээгээд дамжуулаад байгаа юм өчүүхэн ч байхгүй. Ялалтын үр шимийг зөвхөн ялагч хүртдэг, бусдад падлий ч байхгүй спорт юм.

О.ДАШНЯМ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Амарбаясгалан, автобус гээд Ардын намынхны авлига ар араасаа зад үсэрч байна DNN.mn

Засгийн газрын хэргийг эрхэлдэг, Ардын намыг ерөнхийлөн даргалдаг Д.Амарбаясгалантай холбоотой материал өнгөрсөн долоо хоногт гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Энэ дархлагдсан даргын талаарх тэр материалд шинэ юм багатай. Яригддаг л сэдэв байсан. Ялангуяа улс төрийн хүрээнд яриад удаж байгаа мэдээллүүд байв. Онцлог нь Монголын хэвлэлүүд Д.Амарбаясгалангийн тухай тийм мэдээллүүдийг хөнддөггүй. Учир нь энэ юм. Гэхдээ “Экспортынхоо гол орлогыг үрэн таран хийж буй Засгийн газрын цуврал авлига Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөв. Нүүрсээр баян тус улс нь хуучин барууны блок болон байгалийн баялаг ихтэй ЗХУ-ын дагуул улсуудын дунд зонхилох үзэгдэл болсон “баялгийн хараал”-ын тод жишээ. Энэ нөлөө нь БНМАУ-аас орчин үеийн олон намын тогтолцоонд шилжсэний дараах гучин жилийн улс төрийн тогтворгүй байдлын улмаас ужгирчээ. Тус улсын Тавантолгойн нүүрсний орд нь 7.3 тэрбум тонн нөөцтэй дэлхийн томоохон ордуудын нэг юм. Гэтэл энэ үндэсний баялгаа гарын салаагаараа урсгаж, орлогоос нь ердөө аравхан жилийн дотор 11.6 тэрбум ам.доллар хулгайд алдагдаж, “Монголын нүүрсний хулгай” гэж нэрлэгдэх болжээ” гээд эхэлж буй “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна” гэх гарчигтай материал хачин монголжуу бичвэртэй байсныг энд хэлэх хэрэгтэй. Хачин. Харин тэр өөрөө үүнийг “Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна” гэж няцаав. Тэр Д.Эрдэнэбилэгийг хэлсэн бололтой. Гэтэл Д.Эрдэнэбилэг түүнийг бодох байтугай эх орондоо ч хөл тавьж чадахгүй өөрийгөө яая гэж яваа. Тэгэхлээр Д.Амарбаясгалан руу хэн, хаанаас, яах гэж ийм чулуу шидсэн нь сонирхол татаад л үлдлээ.

Нүүрсний хулгайтай холбоотой энэ дуулианыг дараад ногоон автобусны шуугиан босч ирэв. Ногоон автобус ч яахын аргагүй авлига, хулгай юм аа. Нэг бүрийг нь 340 орчим сая төгрөгөөр авсан автобусыг нөхдүүд 7.6 сая төгрөгөөр авсан болж таарч байна. Бүх мөнгөн дүн нь Арай л дэндсэн хулгай болжээ, янз нь. Энэ автобусны талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамжаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болсон. Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Гурван үндсэн нөхцөлийн аль нэг нь байвал хууль хамаарахгүй гэж зохицуулсан. Нэг бол хуулиар төрийн нууцад хамааруулсан, Үндэсний аюулгүй байдалтай хамааралтай, галт зэвсгийн гэсэн байна. Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа. Хоёрдугаарт, хүний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт Иргэдийн амьдрах, ажиллах, аюулгүй орчныг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах, хүнийг аюулгүй байдлыг баталгаажуулах нь үндэс болно гэж заасан байгаа. Олон автобусны насжилт хэтэрсэн. Ингээд зам тээврийн осол гарч, иргэд 40 минутаас дээш автобус хүлээж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих байдалд хүрсэн. Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй” гэв. Нөгөө талд НИТХ-д байдаг ХҮН-ын гишүүд “Энэ автобусыг ямар компанитай, яагаад гэрээ байгуулсан эсэхээр хойноос нь тултал нь явна. Шаардлагатай бол Вьетнам явна гэсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд нэг их наядыг автобусанд оруулжээ. Өнөөдөр автобусаа худалдаж авч чадахгүй хэмжээнд ирлээ. Уржигдар ногоон гэх автобусыг очиж үзлээ. Үүнээс гадна нийслэл 224 улаан автобус оруулж ирсэн. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. “Dae­woo” компаниас худалдаж авсан гэж ярьж байгаа. Нийтдээ 600 автобус бөгөөд нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгөөр авсан гэсэн. Үүн дээр нэмээд 150 цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Түүнээс гадна дунд оврын автобус 50 ширхгийг оруулж ирж байгаа гэх мэдээллийг өгч байна. “Тэнүүн-Огоо” ХХК нь тендерээр сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбараа өгсөн. Энэ бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж үзээд миний бие салоны байдлыг харсан. Голчилж манай инженер А.Отгонбаяр деталь зураг, кузов засвар, арлын дугаарыг авсан. Нийслэлийн худалдан авсан автобусыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм бэ. Автобусны асуудал нийслэл дээр энэ сарын 19-ны өдөр болсон ХҮН-ын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бид нийтийн тээврийн асуудлаар асуулга тавихад “Үүнийг бид дэлгэж чадахгүй. Нууцтай холбоотой” гэсэн тайлбар хэлснээр дээрх асуудал босч ирсэн юм” гэлээ. Ингэж өндрөө авсан ногоон автобусны асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Хэвлэл, цахим сүлжээний мэдээллээс харахад нийлж байгаад бараг л дэлгээд, дөхүүлээд өгчихсөн байна шүү, энэ автобусны талаар. Тэд мөдхөн мухарлаад үнэнийг иргэдэд хэлэх байлгүй дээ. Ганц “Тэнүүн-Огоо” ХХК энэ том хэргийг мандаана гэж ч юу байх вэ. Ард нь том том дарга нар байж таарахаар болоод явчихлаа. Д.Амарбаясгалан, автобус гээд Ардын намынхны авлига ар араасаа зад үсэрч байна даа.

Б.Тулгат

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбаяр: Төрийн дарангуйлал тогтсон учраас хүний эрх зөрчигдөж, улсын хөгжил саарч байна DNN.mn

Орос Украины дайныг эсэргүүцсэний улмаас дарамт, шахалтад орж элэг нэгт Монгол орноо зорьж ирсэн ОХУ-ын иргэн Халимаг Б.Баатарын эрхийг хамгаалж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад авч гарч чадсан Олон улсын эрхзүйч Д.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр Ардчилсан намд Хүний эрхийн хороог гишүүдийн хамт санаачлан байгуулжээ. Тус хорооноос С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэдэг аравдугаар сарын 2-ны өдөр “Хүний эрх ба Үзэл санааны хоригдол” форумыг зохион байгуулах аж.

-Таныг Удирдлагын академид багш байхаас эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн болж компанийн засаглалыг Монголд бий болгох гэж явж байгааг мэдэхийн хувьд яагаад улс төрийн намд орж сүүлдээ хүний эрхийн хамгаалагч болсон талаар юуны өмнө тодруулж болох уу?

-Би Америкт эрсдэлийн удирдлага, компанийн засаглалаар суралцаж ирээд судалгаа хийж багшилж зөвлөж байсан. Компанийн засаглал сайн байж гэмээнэ бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж улмаар нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулж, улс орон хөгждөг. Сайн засаглалыг компаниудад хэрэгжүүлэх гэж явахад төрийн байгууллагын дарамт шахалтаас болж авлига өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Ингэснээр компаниуд шударгаар үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг. Тиймээс Монголын төрийг нийтийн засаглалыг хэрэгжүүлдэг болгохын тулд олон улсын Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) эхлээд байнга шаарддаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Шалтгаан нь төрийг сонгуулиар байгуулдаг болохоор яах аргагүй улс төрийн намын засаглалыг сайжруулах хэрэгтэй болдог.

Миний хувьд 2000 онд Ардчилсан намд элссэн ч төрийн (public governance) засаглал, улс төрийн намын засаглалыг (political gover­nance) сайжруулах зорилго өвөртлөн 2017 оноос улс төрд оролцож байна. Монголын улс төрийн намын засаглал улам л тааруу болсоор байна. Үүнийг сайжруулах санаатай Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн, Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргын ажлыг хийж явсан.

Өнгөрсөн Цагаан сарын үед Халимаг Баатарт туслах ажлыг санаачилж Ардчилсан намынхныг баг болгож ажилласны үр дүнд бид хүний эрхийг хамгаалж чаддаг гэдгээ харуулж Монгол Улсын нэр хүндийг олон улсад аварч гарсан. Энэ талаар олон хүн хэлж талархсан.

-Та эрхзүйч хүний хувьд өнөөгийн Монголын асуудал нь улс төрийн намын засаглалын гажуудлаас болоод Төрийн засаглал болохгүй байна гэж хэллээ. Тодорхой хуулийн жишээгээр тайлбарлахгүй юу?

-Монголын улс төрийн намууд төрийн сонгуульд оролцож эрх барихыг л боддог болохоос биш бусад ардчилсан улс орнуудын улс төрийн намуудтай адил улс төрийн ажил хийдэггүй. Хийх гэхээр нэр хүнд, рейтингт нь нөлөөлөх гээд байдаг тул эрх баригч нам төрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хүч, нөлөөгөөрөө дарангуйлж сөрөг хүчнээ намнах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарладаг. Товчхондоо эрх баригчид өөрсдөө Үндсэн хууль зөрчиж, хууль хүчний байгууллагыг өөрсдийг нь хуулиа зөрчүүлж ашиглаад байгааг хүн бүр л хэлдэг болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Хүнийг эрхэлсэн ажил, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж болохгүй, мөн 16.10-т аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө, гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэдэг боловч зөвхөн сөрөг хүчний гишүүдийг гэлтгүй, үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчийн эрхийг зөрчих нь хэвийн үзэгдэл болчихоод байна.

Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Ковидын үеэс хэлсэн, шүүмжилсэн болгоныг барих, хорих, гав зүүх үзэгдэл ердийн болж Монгол Улс дарангуйллын нийгэм рүү аажмаар орж байгааг иргэд анзаарч эрх нь зөрчигдсөн ч хүлцэнгүй болж, дийлэнх залуус харь улсад очиж амьдрахыг сонгож байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан ч хэрэгжүүлэх байтугай хариуцлагаа хүлээдэггүй төрийн засаглалтай улс болчихоод удаж байна.

-Үндсэн хуулийн уг заалтад хүний эрх, эрх чөлөөг хангахуйц гэдэг нь чухал болчихоод байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх боломж байна вэ?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрхийг хангаж чаддаггүй юм гэхэд Үндсэн хуульд заасан хүний эрхийн ядаж Үндсэн эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ ч хязгаарлаж болохгүй. Энэ эрх нь бусад эрхээ эдлэх суурь нөхцөлийг хангаж байдаг хамгийн чухал заяагдмал эрх юм шүү.

Үүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл тараах” гэж оруулсан нь эрх баригч төр засгийг шүүмжилж эсэргүүцэх, жагсах байтугай цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоор пост хийхэд хүртэл эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог.

Эрүүгийн хэрэг бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой байтал энэ зүйл ангиар бүрэлдэхүүнтэй болохыг нотолж чаддаггүй. Надад ч гэсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч үг хэлж, шүүмжилсэний төлөө хэрэг үүсгэж байсан гэж бодоход дэлхийд байхгүй стандартыг Монголд бий болгож улмаар дарангуйллын нийгэм рүү хөтөлж байна.

Тийм учраас улстөрчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн 14.1.3-т заасан намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан намын дэргэд Хүний эрхийн хороог үзэл санаа нэгт нөхөдтэйгөө санаачлан байгуулсан. Энэ хорооны үйл ажиллагаа нь улс төрийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалах боломж олгож байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2021 онд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг нь эрх баригч МАН 30 дугаар их хурлаас 30 мянган хүний эрхийн хамгаалагчийг бэлтгэнэ гэж сүртэй тогтоол гаргаж Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран бэлтгээд байсан. Тэр тогтоол хаана байна вэ. Өнөөдүүл нь яагаад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж хүний эрхийг хамгаалахгүй байгаа нь тодорхой. Яаж өөрийн намын байгуулсан төрийг шүүмжилж, өөрсдийгөө эсэргүүцэж чадах билээ дээ. Тиймээс л улс төрийн намын засаглалыг төрийн засаглалаас салгаж өгөхгүй бол улс төрийн ялгаварлан гадуурхалт их болж хүний эрх ноцтой зөрчигдсөөр байна.

-Танай Хүний эрхийн хороо яаж ажиллах гэж байна вэ?

-Монголын ардчилсан нийгмийг бий болгоход манлайлсан сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, улстөрч С.Зориг агсныг жил бүр Ардчилсан намын зүгээс хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөөд тардаг байсан. Бид С.Зориг агсныг Хүний эрхийн хамгаалагч байсан учраас өнгөрсөн төрийн дарангуйллын нийгмийг өөрчилсөн гэж үздэг. Тиймээс жил бүрийн энэ өдөр Хүний эрхийн форум зохион байгуулж байхаар намын дарга тушаал гаргаж Хүний эрхийн хороог байгуулсан. Тус хороо нь улс төрийн намын засаглалыг бий болгох GRC буюу Засаглал-Эрсдэл-Комплаенс тогтолцоог Ардчилсан намд бий болгож түүчээлэх юм.

Үүнийг бий болгох гэж энэ форумыг зохион байгуулж, бусад уригдан оролцож байгаа намын нөхдөдөө уриалж, хамтдаа хүний эрхийг хамгаалдаг тогтолцоог улс төрийн нам хэрэгжүүлдэг болгохоор ажлаа эхлүүлж байна. Цаашид хийх ажлаа хийсэний дараа л яаж өөрчилж болдгоо харуулах нь чухал байх даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 2, Сумьяа гариг. Билгийн тооллын 18, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14..+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ялсан нам эх орноо таваглаж байгаад иддэг “соёл”-оо одоо болих хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжав” Миний бизнест ямар ч худал хуурмаг зүйл, бохир заваан хуйвалдаан байхгүй гэдгийг би бардам хэлж чадна” гэснийг V  нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулган
“Invest gobi-2023” амжилттай болж өндөрлөлөө

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ялсан нам эх орноо таваглаж байгаад иддэг “соёл”-оо одоо болих хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Д.Амарбаясгалан, автобус гээд Ардын намынхны авлига ар
араасаа зад үсэрч байна

Механик инженер Ч.Эрдэнэбат “Солонгосын хугацаа нь дуусаад
актад гарчихсан автобустай зэрэгцүүлээд үз. Ашиглалтаас
гарсан автобусаас ч долоон дор” гэлээ.

“Mandal risk management ” компанийн гүйцэтгэх захирал Г.Барсбаатар “Монголд хакердуулсан, аккаунтаа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь Fishing гэх халдлагад өртдөг”  гэв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын “Zyle Daewoo bus” компанийн захирал тайлбар, мэдэгдэл хийж байна DNN.mn

Монгол Улсын захиалга өгсөн 600 автобусыг шинэ, хуучин гэх асуудал гарч, олны бухимдал төрүүлээд байна. Уг автобусыг үйлдвэрлэгч БНСУ-ын “Zyle Daewoo bus” компанийн захирал нь өнөөдөр Монголд ирж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн байранд тайлбар мэдээлэл өгч байна.

“Тэнүүн- Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг “Манай компани нийтийн тээврийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Бид нэг ч удаа улсаас тендер авч байгаагүй. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэл хийхэд Дэү-гийн автобус манай нөхцөлд хамгийн тохиромжтой гэж сонгосон.

Үйлдвэрийн алдааг бид ч хүлээн зөвшөөрч байна. Тиймээс захиалагчийн хувьд “Шаардлага хангахгүй автобусаа буцааж тат” гэсэн шаардлагаа үйлдвэрлэгч компанид хүргүүлээд байна гэлээ. Яагаад Дэү-гийн автобус сонгосон гэхээр 2009 онд манай улс 400 автобус авсан, 14 дэх жилдээ манай улсын нийтийн тээвэрт явж байгаа шалгарсан унаа.

Энэ автобус 336 сая төгрөгийн үнэтэй. Үүн дээр Вьетнамын үйлдвэрээс тээврийн зардал нь 9800 ам.доллар болж байгаа.

Миний хувьд ирэх даваа гарагт АТГ, Цагдаагийн газарт өөрөө очиж шалгуулна. Манай компанийн дансаар орсон, гарсан санхүүгийн мэдээллийг шалгуулах болно.

Хэрэв энэ автобус капитал засвар орсон, хуучин автобус биш гэдэгт би итгэлтэй байна. Харин будгийн алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна” гэлээ.

“Zyle Daewoo bus” компанийн захирал “Солонгос улсын Дэү корпорициас Монгол Улсын засгийн газар, ард түмнээс уучлалт гуйж байна. Ирэх замдаа би хуучин Дэү автобус явж байгааг өөрөө харлаа. 2014 онд Монгол Улс 400 автобус авах гэрээнд би өөрөө гарын үсэг зурж байсан.

“Zyle Daewoo bus” компанийн захирал: Солонгос улсын Дэү корпорициас Монгол Улсын засгийн газар, ард түмнээс уучлалт гуйж байна. Ирэх замдаа би хуучин Дэү автобус явж байгааг өөрөө харлаа. 2014 онд Монгол Улс 400 автобус авах гэрээнд би өөрөө гарын үсэг зурж байсан.

Цар тахлын үед автобус үйлдвэрлэл хүнд байдалд орсон. Цар тахлын дараа Катар, Саудын Араб, Монгол Улстай BS-106 загварын автобус нийлүүлэх гэрээ байгуулсан.

Сүүлд Канад улс манай үйлдвэрээс автобус авч, дараа нь нэмж 100 автобус захиалсан. Мөн ОХУ-д манай 5000 автобус явж байгаа.

Монголын захиалга давчуу байсан тул бид будагтай холбоотой жижиг сажиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш шүү” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Ханжоу 2022” Азийн наадмын байт харваа спортын төрөлд Монголын 15 тамирчин цэц мэргэнээ сорьж байна DNN.mn

“Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулагдаж байна.

Уг наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

“Ханжоу 2022” Азийн наадмын байт харваа спортын төрөлд Монголын 15 тамирчин оролцож, цэц мэргэнээ сорьж байна.

Тодруулбал

  • Эрэгтэй ганцаарчилсан сонгодог харвааны төрөлд Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, Ж.Гантөгс, Б.Отгонболд
  • Эмэгтэй ганцаарчилсан нийлмэл нумын харвааны төрөлд  С.Мөнх-Эрдэнэ, О.Биндэрьяа, Б.Батдулам
  • Эрэгтэй ганцаарчилсан нийлмэл нумын харвааны төрөлд Г.Шандан, П.Жамьяангомбо, Ш.Даваахүү, Г.Ганзориг
  • Эмэгтэй ганцаарчилсан сонгодог харвааны төрөлд Ж.Дагийжанчив, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Ө.Халиун тус тус оролцож байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Монголын “IHC Esports” багийн залуус хагас шигшээд шалгарлаа DNN.mn

Монголын “IHC Esports” багийн залуус Азийн наадамд Монголыг төлөөлөн Дота 2 төрөлд оролцож байна. Тэд өчигдөр шөвгийн наймын тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийж 2:1-ээр ялалт байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай багийн хагас шигшээн өрсөлдөгч бол 2023 оны дэлхийн аваргад хагас шигшээд учраа таарсан Кыргызстаны баг байх юм. Заяац тэргүүтэй шилдэг тоглогчидтой Кыргызстантай манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтод хэн нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох юм.