Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалан: Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийнх байх болно DNN.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Ардчилсан намын бүтцийн байгууллага. Тиймээс юун түрүүнд Ардчилсан намын үнэ цэнэ юу вэ, үнэ цэнийг юу гэж харж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ.

Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна.

 

-Ардчилсан намд ч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ч шинэчлэл туйлын үгүйлэгдэж байгаа. Тиймээс энэ цаг үед Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ямар шинэчлэлийг хийх вэ?

-Ардчилсан нам жендерийн асуудалд нээлттэй, дэвшилтэт үзлээр хандаж ирсэн. Манай намын дотоод үйл ажиллагаанд эмэгтэй гишүүд өндөр үүрэгтэй оролцдог. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшсэн, сонгогдсон эмэгтэйчүүд ямагт улс төрийнхөө орон зайнд өргөн хүрээнд харж, өргөн хүрээний сэдвээр бодлогын шийдлүүд санал болгож ирсэн. Энэ утгаараа Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо маш чухал үүрэгтэй. Үүнийг саяхан болсон АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль харууллаа. Олон талын төлөөлөл нэр дэвшлээ. Олон өнгө будаг гарлаа. Намд элсээд удаагүй байгаа шинэ гишүүд ч нэр дэвшлээ. Ерөнхийдөө Ардчилсан намаас хүлээх хүлээлт нийгэмд өндөр байгааг алхам тутам харуулж байна. Ардчилсан нам дотор эмэгтэйчүүдийн орон зай ямагт том байж ирсэн. Ардчилсан намын эмэгтэйчүүд улс төрийн үйл ажиллагаанд ямагт том хувь нэмэртэй оролцож ирсэн.

Нам доторх дотоод ардчиллыг бэхжүүлэх, Ардчилсан намын үйл ажиллагааг илүү нийгэмтэй уях, иргэдийн дуу хоолойг сонсоод АЭХ-ны үүрэг маш өндөр. Энэ утгаараа нам доторх реформыг эмэгтэйчүүдээсээ эхлүүлэх зорилготой байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум хороодод салбар нэгжтэй. Намынхаа гишүүд дундах хамгийн их идэвхжил өндөртэй салбар нэгж. Тиймээс эхний ээлжинд намынхаа гишүүдтэй тулж ажиллах, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах ажлыг хийнэ. Үүнд саяны сонгуульд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдийг татан оролцуулна. Мөн өмнөх удирдлагууд болон өмнө нь улс төрд идэвхтэй оролцож байсан бүх бүсгүйчүүдээ татаж оролцуулна.

Цаашлаад эмэгтэйчүүдийнхээ салбар нэгж дээр тулгуурлаж иргэдтэй нягт холбоотой ажиллана. Учир нь улс төрийн орчин амаргүй байна. Нэг нам буюу эрх баригч намын нөлөө бүх шатанд маш өндөр байна. Тиймээс энэ цаг мөчид Ардчилсан нам иргэдтэйгээ хамт сөрөг хүчний тэмцлийг өрнүүлэх ёстой.

Цаашлаад ирэх жилийн сонгуульд иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэсэн, улс орныхоо хөгжлийг зөв зам руу залсан оновчтой мөрийн хөтөлбөр боловсруулна. Тэрхүү мөрийн хөтөлбөртөө иргэдийн дуу хоолойг шингээж, сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллах шаардлагатай байна. Энэ бүх ажил АЭХ-той нягт холбоотой.

Ойрын хугацаанд бид хэд хэдэн зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, “Төрийн дарамтгүй Монгол Улс” аяныг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Иргэдтэй хамтарч ажиллаж, дуу хоолойг нь сонсож, иргэдийнхээ дуу хоолойг эрх баригчдад хүргэхийн тулд үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулж байна. Үүнд иргэд сонгогчид идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь бид хамтарч байж эрх баригчдыг зөв тийш нь зална. Бид нэг л эх оронд амьдарч байгаа. Хамгийн гол нь дуу хоолойгоо нэгтгэж байж шахалтыг үзүүлмээр байгаа юм.

Хоёрдугаарт, аравдугаар сарын 23, 24-нд УИХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар ковидын хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг зохион байгуулах гэж байна. Ковидын үед болж өнгөрсөн үйл явдалд бодит дүгнэлтийг хийх ёстой. Засаглалын хувьд, төсвийн зарцуулалтын хүрээнд, бусад салбаруудад ямар нөлөө үзүүлэв, хаана алдаа гарав гэдгийг ил тод нээлттэй хэлэлцэж, цаашид ийм асуудал үүсвэл ямар зохион байгуулалт хийх ёстой вэ гэдгийг уг сонсголоор ярилцана. Тиймээс энэхүү нээлттэй сонсголд бэлтгэж иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Ингэж байж иргэд, иргэний нийгэм, улс төрийн намууд идэвхтэй үйл ажиллагаа хийж байж эрх баригчдын дураараа дургиж байгаа үйлдлийг таслан зогсооно. Ардчилсан нам ямагт иргэдийн дуу хоолой болж ажиллана.

-Азийн соёлоос үүдэлтэй юу улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал маш дутмаг явж ирсэн. Эмэгтэйчүүд улс төрд орж ирэхээр заавал нэг хүн, эсвэл нэг фракцын нэр хоч зүүдэг. Эмэгтэй хүн нөлөөтэй, хүчирхэг байх боломжгүй мэтээр хандаж ирлээ. Нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг бий болгоход яах ёстой вэ?

-Монголчууд эмэгтэйчүүдийг их өндөр түвшинд хүлээн зөвшөөрч ирсэн ард түмэн. Их хатны түүх, уламжлалт нүүдэлчдийн соёлыг энд дурдаж болно. Эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийн хүрээлэлд эрх мэдэлтэй, нөлөөтэй байж ирсэн. Сүүлийн жилүүдэд үүнээс ухарч байна. Үүнд хэд хэдэн учир шалтгаан байна гэж харж байгаа.

Эдийн засаг, нийгмийн том асуудлуудыг харвал, сүүлийн жилүүдэд Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа зааг нэмэгдлээ. Хөрөнгө орлого цөөн хүний гарт төвлөрч эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөлт ажиглагдаж байна. Энэ процесст эмэгтэйчүүд оролцохгүй дандаа эрчүүдийн эдийн засгийн эрх мэдэл нэмэгдэж байна. Улс төр нь хөрөнгө санхүүгээс ихээхэн хамааралтай болсон энэ цаг мөчид зөвхөн эрчүүд их хэмжээний хөрөнгө орлоготой байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоог хумьж байна. Тиймээс Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэгт сонгуульд мөнгөний хүчин зүйлийн нөлөөг багасгах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эерэг заалт оруулахыг зорьсон. Үүнд тал талын эмэгтэйчүүдийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд ихээхэн идэвх санаачилгатай хамтарч ажилласан. Тиймээс тодорхой хэмжээний дэвшлүүд гарч байна. Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийн сонгууль байх болно. Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, нийгэмд нөлөөтэй эмэгтэйчүүдийг аль нам олноор нэр дэвшүүлнэ тэр нам сонгуульд ялалт байгуулна гэж харж байгаа.

Хоёрдугаарт, эрх баригч намын соёлтой холбоотой зүйлүүд ажиглагдаж байна. Учир нь эрх баригч нам эцгийн эрхт ёс давамгайлсан соёлтой. Бүх шатанд эрх баригчдын нөлөө өндөр байгаа учраас эрх баригч намын энэ соёл улс төрийн соёлд нөлөөлөөд байна. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх, өөрсдийн дэвшилттэй соёлыг улс төрд нэвтрүүлэхэд Ардчилсан нам том хувь нэмэртэй.

АЭХ-ны хувьд энэ чиглэлээр тодорхой нөлөөллийн ажлыг хийхээр зорьж байна. Бид өөрсдөөсөө үлгэрлэх ёстой. Намын дотоод ардчиллын хүрээнд, мөн бүтцийн хүрээнд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, бүх шатны намын удирдлагад эмэгтэйчүүдийг олноор нь сонгуулж, дэвшүүлэхэд Ардчилсан нам манлайлалтай байвал Монголын улс төрийн соёл эерэг үр дүн гарна.

-Тэгвэл таны ярьсан эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлийг яаж задлах вэ?

-Энэ бол шууд засаглалаас хамааралтай. Төрийн дарамт өндөр байх тусам, дарга нарын шийдэх асуудлын цар хүрээ том байх тусам, эдийн засагт төрийн оролцоо их байх тусам цөөн хүнд л боломж олдоно. Үүнийг задлахын тулд төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулмаар байна. Хувийн хэвшилд эрх чөлөөтэй ажиллах боломжийг нь нээмээр байна. Нам дагаж төрөөс давуу тал авдаг байдлыг таслан зогсоох ёстой. Ингэж байж дундаж давхаргыг бий болгоно.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд хувийн аж ахуйн нэгжүүд маш олон салбарт үйл ажиллагаа явууллаа. Олон ч салбарт туршлага хуримтлууллаа. Тэгвэл одоо бид дэлхийд гармаар байна. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус бусад салбарын экспортыг нэмэгдүүлмээр байна. Дэлхийтэй өрсөлдмөөр байна. Гэтэл зөвхөн төрөөс татаас авах юм уу, эсвэл тусгай зөвшөөрөл авах хэлбэрээр бизнесийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлдэг зүй тогтол сүүлийн жилүүдэд бий болчихлоо шүү дээ.

Бид илүү нээлттэй, хүн бүрд илүү боломж олгосон тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол энэ байдал зогсохгүй. Үүнийг хэн хийж чадах вэ гэхээр Ардчилсан нам төрийн эрхэнд гарч байж хийж чадна. Учир нь өнгөрсөн хугацаанд хийж ирсэн нам нь Ардчилсан нам л байсан. Жишээлбэл, 1996-2000, 2004-2008, 2012-2016 онд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс бодит реформуудыг санал болгож байсан. Тухайн үед эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байсан.

-МАН эрх барьж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм, улс төр, тэр дундаа эдийн засгийн орчинд ямар өөрчлөлт гарсан гэж та харж байна вэ?

-Сүүлийн долоон жилийн хугацаанд бид олон зүйлээр ухарлаа. Нэгдүгээрт, засаглалын хувьд, ардчиллын хувьд ухралтууд ажиглагдаж байна. Шүүх хуулийн засаглалын түвшинд, ардчилсан Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалтай холбоотой олон эрх зөрчигдөж байна.

Үүнийг богино хугацаанд зөв голдиролд нь оруулахгүй бол 1990 онд хийсэн хувьсгалын үр дүн талаар болох гэж байна. Улс төрийн орчинд ийм байна.

Эдийн засгийн орчинд гэвэл, бид 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Төрийн өмчийг хувьчлах, аль болох хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үйл явц амаргүй байлаа шүү дээ. Энэ шилжилтийг Монгол Улс хүнд нөхцөлд хийсэн. Гэтэл сүүлийн долоон жил тэрхүү шилжилт эрсдэлд ороод эхэллээ. Төсөв хэт данхайсан. 20 гаруй их наядын зарлагатай болчихлоо. Төрийн өмчит компаниудын баланс өндөр хувь хэмжээтэй болчихлоо. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр болсноор хувийн хэвшил шахагдаж байна. Энэ нь Цар тахлын үеийн эдийн засгийн хямралтай давхцаж Монголын аж ахуйн нэгжүүд өсч өндийхөд бэрхшээлтэй нөхцөл байдалтай тулгарлаа. Тиймээс энэ байдлыг нэн даруй залруулж аль болох бизнесийн орчныг сайжруулах, төрийн дарамт шахалтыг багасгах реформууд хүлээгдэж эхэллээ. Эдгээр реформуудыг эрх баригчдаас харалтгүй нь тодорхой болж байна. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд аль болох дарга төвтэй, төр төвтэй, төрийн дарамтыг нэмэгдүүлсэн бодлогыг явуулж ирлээ.

Татварыг ч нэмлээ. Төрөөс хамааралтай бүх зүйлийг нэмэгдүүлж байна. Ардчилсан нам 1990 оных шиг дахиад реформ санал болгоно. Бид зоригтой шийдлүүд санал болгохгүй бол дахин 1990-ээд оных шиг хүнд шилжилтийг хийх шаардлагатай болж байна. Тиймээс цаг алдаж болохгүй. 2024 оны сонгууль бид хаашаа явах вэ гэсэн сонголтыг хийх шаардлагатай болсон цаг үе болно.

Бодит реформуудыг Ардчилсан нам санал болгосоор ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирсэн реформ бүрийг Ардчилсан нам санаачилсан байдаг. Бид дахин тэр үүргээ гүйцэтгэх шаардлагатай болж байна.

-Та өнгөрөгч хавар манай сонинд ярилцлага өгөхдөө “Ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлэх хэрэгтэй. Шинэ залуу үеийг оруулах ёстой” гэж ярьж байсныг санаж байна. Ер нь Ардчилсан нам хоёр дахь давлагааг эхлүүллээ гэсэн мессэж нийгэмд зунаас хойш явлаа. Нийгэм ч эергээр хүлээж авч байна. Танай нам үүнийг бодитоор хийж чадаж байна уу. Нөгөө талаас өрсөлдөгч МАН-ын үеийнхнийгээ та юу гэж харж байна?

-2023 оны нэгдүгээр сарын 19-нд бид намынхаа даргыг сонгосон. Шинэ үеийн төлөөлөл гарсан. Лу.Гантөмөр дарга өөрийнхөө удирдлагын багийг танилцууллаа. Тэр багт ахмад, дунд үеийн төлөөлөл бүгд багтсан. Өөрөөр хэлбэл, гурван үеийн хэлхээ холбоог агуулсан шинэ удирдлагын багаа танилцуулж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд ч гэсэн олон өнгө будаг бүхий нэр дэвшигчид оролцсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүх шатанд эрүүл өрсөлдөөн явж байна. Эрүүл өрсөлдөөн, мөн дотоод ардчилал сайн байгаа цагт эерэг үр дүн гардаг. Ардчилсан намын гишүүд сэргэсэн байна. Итгэл үнэмшил нь бадарсан байна гэж харж байгаа.

Эрх баригч намын хувьд залуучууд нь түрээд гарсан байна. Тэрийгээ ч их ярьж байна. Гэхдээ залуучууд болон шинэ үе гэсэн томьёоллууд өөр. Би шинэ үе гэдгийг харахдаа шинэ мөрөөдөл, шинэ тэмүүлэл, шинээр зүг чигээ тодорхойлсон бодлого, оюун санааны хувьд шинэ үе байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ бол насны тухай ойлголт биш. Манай намд оюун санааны шинэ манлайллыг гаргаж ирэх хүмүүс гарч ирж байна. Ирэх баригч намын хувьд хэдийгээр залуу үе нь эрх мэдэлд хүрч байгаа ч маш олон талаар хуучинсаг байна.

Бодлогын хувьд хуучинсаг байна. Тэр дундаа залуус эрх барьж байгаа энэ цаг мөчид ардчиллаас ухарч байна. Төрийн дарамт шахалтыг нэмэгдүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна. Дэлхийгээс тасарч байна. Маш харамсалтай байна л даа. Тиймээс үүнд Ардчилсан нам эрх баригчдад шахалт үзүүлж ажиллах ёстой. Бодлогоор өрсөлдөх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Г.Цолмонгэрэл: Тээврийн хэрэгсэл бол цэнэгтэй буу. Тиймээс жолооч замын хөдөлгөөнд үргэлж сэрэмжтэй оролцох ёстой DNN.mn

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй хүүхдийн эрхийн талаар ярилцлаа.

-Зам тээврийн осолд хүүхэд өртөж, эрүүл мэнд амь насаа алдах явдал манай улсад маш өндөр хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногт хүүхэд амиа алдсан харамсалтай явдал боллоо. Ер нь энэ тухайд хуульчид та бүхэн ямар санал бодол, байр суурьтай байдаг вэ?

-Замын хөдөлгөөний дүрэмд хүүхэдтэй холбоотой дараах дүрмийг баримтлахыг үүрэг болгодог. Үүнд, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэж яваа бол 50 км/цагийн хурдтай явах ба түүнээс дээш хурдаар явахыг хориглодог. Мөн дээр нь харгалзах хүнгүйгээр 10-аас доош насны хүүхдийг машин, тээврийн хэрэгсэлд үлдээх, тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, суудалд суулгах боломжгүй бол зөвхөн арын суудалд насанд хүрэгчдийн өвөр дээр суулгах, мотоциклийн ард талд суулгахыг хориглох, хамгаалах бүс зүүлгэх гэх мэтээр хамгаалах ёстой.

Эдгээр шаардлагыг биелүүлэх үүднээс Хотын захиргаанаас сурагчдын автобус гаргаж хүүхдүүдийг хичээл сургуульд нь тээвэрлэж байгаа ч хүрэлцээ, буудлуудын зохион байгуулалтын хүртээмжтэй байдал хангалтгүй байгаа юм. Эцэг эхчүүд болон багш, сургуулийн зүгээс 10 хүртэлх, зарим сургууль 12 нас хүртэл хүүхдээ харгалзах хүнгүйгээр сургуульдаа ирж, буцахыг хориглосон байдаг. Энэ нь маш зөв шаардлага. Ингэж байж олон хүүхдийг эрсдэлээс хамгаална. Мөн хүүхдээ зөв тээвэрлэх тал дээр анхаарч, үүн дээр нь замын цагдаа нар хяналт тавьж байна. Цэцэрлэгийн наснаас эхлээд Ногоон гэрэл цагаан шугам хөгжөөнт сургалт, замын хөдөлгөөний талаар мэдлэгийг сургуульд олгож байгаа. Сургуулийн эцэг эхийн зөвлөл эргүүл гаргаж сургууль орчимд хяналт тавьж байна.

Гэвч сүүлийн үед автомашин жолоодох үеийн гар утасны хэрэглээнээс үүдэн анхаарал алдах, хурд хэтрүүлэх, хурд хэтрүүлээгүй боловч анхаарал болгоомжгүйгээс болж зам тээврийн осол гаргах тохиолдол нэмэгдсээр байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.

-Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй. Тийм тохиолдолд жолооч нар замын хөдөлгөөнд ухамсартай оролцох соёл л манайд дутагдаад байна уу?

-Арваас дээш насны хүүхдүүд замын хөдөлгөөнд бие даан орж, гэр сургууль, дугуйлан гэсэн маршрутаар зорчиж байгаа. Бусад байдлаар хаана зорчиж байгаа талаар эцэг эх, багш асран хамгаалагч нар байнга анхаарах нь зүйтэй. Бага насны хүүхэд насанд хүрэгчдийг бодвол оюун ухаан, сэтгэн бодох, самбаачлах чадвар дутмаг, гэнэн томоогүйгээс зам тээврийн осолд холбогдож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хэдийгээр гарцгүй газраар гарсан, улаан гэрлээр гарсан байж болох ч үүнд хүүхдийг буруутгах боломжгүй.

Жолооч орчин тойрноо сайтар ажиглаж хүүхэд байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Тээврийн хэрэгслийг зогсоож чадахаар хурдыг тохируулах ёстой. Ээж аав, ах эгч нар болон гудамжинд таарсан томчууд хэн ч байж болно, хүүхдийг зам гарахад, зөв хөдөлгөөнд оролцоход нь тусалж байх учиртай. Механикжсан тээврийн хэрэгсэл гэдэг бол цэнэгтэй буутай л ижил. Түүнийг жолоодож яваа хүн биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд үүнийгээ бүрэн ухамсарлах ёстой байдаг. Жолоог шилжүүлэхдээ ч энэ талаар байнга бодолцох учиртай. Тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нь буруутай байсан, машиныг жолоодож явсныг үл харгалзан хохирлыг төлөх хуулийн зохицуулалттай. Ер нь энэ талын хууль тогтоомж хангалттай байгаа. Харин зохион байгуулалт, хэрэгжүүлэлт сулрах хандлагатай байгаа нь асуудал юм.

-Монгол Улс хүүхэд, хөгшдөдөө ээлгүй улс гэж нэрлэж болно. Ялангуяа хүүхдийн эрх олон талаар зөрчигдсөөр байгаа. Сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах гээд хуульд заадаг ч амьдрал дээр эсрэгээрээ байна. Энэ юутай холбоотой вэ?

-Хүүхэд бол энэ тэргүүнд хүн. Тиймээс хүний жам ёсны эрхийг баталгаатай эдлэх, хуулиар тогтоосон бусад эрхийг эдлэх эрхтэй. Хүний эрх болон Хүүхдийн эрхийн олон улсын конвенци, фактын хүрээнд хүүхдийн эрхийг түүний онцлогт тохируулан хамгаалж ирсэн. Үндсэн хуульд хүний журамт үүрэг бол үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэж заасан байдаг. Одоо манай улсад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенци, Гэр бүлийн тухай хуулиар дагнан хүүхдийн эрхийг хамгаалж, дэмжлэг үзүүлж байна.

Улсын эдийн засаг, ядууралтай хүний эрхийн зөрчил шууд хамааралтай байдаг. Амьдралын түвшин доогуур гэр бүлд хүүхдийг үл хайхрах, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдэх явдал түгээмэл болохыг цагдаагийн байгууллагын мэдээнээс харж болно. Дараагийн нэг хүчин зүйл нь эцэг эх хүүхдэдээ зав гаргахгүй, хүмүүжүүлэх үүргээ хангалттай биелүүлэхгүй, тэдэнтэй ярилцахгүй, анзаарахгүй байгаагаас хүүхдийн эрхийн зөрчил үүсдэг. Завгүй байх нь сайхан ч эцэг эх болсон бол хүүхдэдээ заавал зав гаргах ёстой юм. Үүнийг хуулиар ч заасан.

Хүүхдийн үзэж харж байгаа контентыг хянах, хөдөлмөр, эрүүл ахуйн зөв дадал суулгах, тэвчээр, хариуцлага, хайрын талаар зөв ойлголт өгөх, бусдын эрхийг хүндэтгэх, өөрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, эцэг эх багш итгэлт хүнтэйгээ зөвлөлдөж байх талаар бид өөрсдөөсөө эхлэх ёстой.

-Хүүхэд бол Монгол Улсын ирээдүй хойч, бас тэд өөрсдийгөө илэрхийлэх, хамгаалах чадваргүй. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн золиос болж байгаа тохиолдол ч олон. Ямар арга хэмжээ шаардлагатай байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн талаар сүүлийн үед төрийн, тэр тусмаа шүүхийн практик тогтсон гэж ойлгож болно. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өгөхөд заавал бүртгэж шалган шийдвэрлэж байгаа. Шүүх энэ төрлийн зөрчил гэмт хэрэгт өчиггүй ял шийтгэл ногдуулдаг.

Гол нь мэдээлэх, илрүүлэх тал дээр иргэд, хөршүүд, багш нарын оролцоо чухал. Мөн хамтарсан баг болох цагдаа, хорооны нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш нар хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, уулзалт хийх, хохирлын үнэлгээ хийх, дараагийн шатны байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа. Мэдээж гэр бүл төлөвлөлтөөс эхлээд хүүхдийн эрхийг хамгаалж эхлэх учиртай. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хүүхэд төрүүлэхгүй, төрүүлсэн хүүхдээ эцэг эхээрээ асруулахгүйгээр өөрөө гардан өсгөхөөс эхлээд хүүхдийн эрхийг хангах хэрэгтэй. Эдгээр үүрэг хуульд ч тэр, хүмүүний ёс зүйн хэм хэмжээнд ч байдаг асуудал. Гагцхүү бид сэрж мэдрэх, үүргээ ухамсарлах нь чухал болоод байна.

Б.ЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дашпүрэв: Олон улсын жишигт “Танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл огт байдаггүй DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал болж, энэ үеэр ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин “Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн. Энэхүү үг нь нийгмийн тодорхой хэсгийн шүүмжлэлд өртөж буй. Тодруулбал, Оросын “харцаар” Монголын парламент ажиллана гэсэн агуулга уу гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж байна.

Тухайлбал олон улс судлаач П.Наранбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай” гэдгийг хэлсэн. ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины тэрхүү мэдэгдэл нь хэр зохимжтой болох талаар олон улс судлаач, доктор Д.Дашпүрэвээс тодрууллаа.

-“Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн Думын даргын үгийг нийгэм янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна. Тусгаар тогтносон улсад айлчилж байгаа хүн ийм үг хэлэх нь хэр зохимжтой вэ?

-Монголын парламент бол улс орныхоо өнөөгийн амьдралд шаардлагатай байгаа хуулийг хэлэлцэж баталдаг төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Оросын нийгэм манай нийгэм хоёр тэс ондоо. Монголын нийгмийн амьдралд хэрэглэхээр зориулж баталж байгаа хуулийг яахаараа Оросын парламент, Оросын нийгэмд зохицуулах ёстой юм бэ. Ийм үг хэлж байгаа Оросын Думын дарга Буриадад өөрийгөө явж байна гэж бодсон юм биш үү. ОХУ-ын бүрэлдэхүүн улсад явж байна гэж өөрийгөө ойлгосон юм биш байгаа даа. Тусгаар тогтносон НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа хүн биз дээ, уг нь. Ийм агуулгатай үг хэлнэ гэдэг нь өдөөн хатгаж байгаа хэрэг шүү дээ.

-Ямар учраас өдөөн хатгаж байна гэж?

-Танай улс манай улсаас хараат байх ёстой. Ямар хууль гаргах чиглэлийг бид өгнө гэсэн санаагаар хэлсэн юм биш үү. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улс, БНМАУ байсан үед барих гэдэг байсан бодлогыг яриад байна уу. Тэгээд ийм байр суурийг баримтлах ёстой. Та нар хүлээж авах ёстой гэсэн үг биш үү. Уг нь тийм албан тушаал хашиж буй хүн ийм үг хэлэхгүй шүү дээ. Ер нь олон улсын жишигт “танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл ерөөсөө байдаггүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр их цас орно.

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 27-ны 20 цагаас 09-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос,  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар -10….-15 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -4…+1 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +14…+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9….+14 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус  хүйтэн , өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.  Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи  ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.  29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 28, Бархасвадь гариг. Билгийн тооллын 14, шувуун хошуут одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6:48 цагт мандан, 18:40 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хураах ба нүүх” хэмээн өгүүллээ DNN.mn 

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан эмэг тэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан “Ирэх жилийн
сонгууль эмэгтэйчүүдийнх байх болно” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Т.Мягмарсүрэн “Бидэнд БНХАУ-аар дамжиж гуравдагч оронд тээвэр хийх боломж нээгдэнэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хураах ба нүүх” хэмээн өгүүллээ. 

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадуудын зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Монголын ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Цахим гавны хэрэглээний талаар хуульч, өмгөөлөгч ч Ц.Мөнхбат “Цахим гавыг хэрэглэх нөхцөл бололцоогоор хангах нь Засгийн газрын үүрэг” хэмээн ярилаа.

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” эхэллээ DNN.mn

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан” өнөөдөр ОБЕГ-т болж байна.

Хуралдаанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бол ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Одоогоос 28 жилийн өмнө байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 18 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хамтран хэрэгжүүлсэн байна.

Хуралдааны нээлтэд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол, Оросын ард түмний олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хоёр орны онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарсан комиссын хуралдаан зохих үр дүнгээ өгч, хоёр улсын хил залгаа бүс нутаг, аймгийн хүрээнд өргөжин тэлж байгааг онцоллоо. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ОХУ-ын Онцгой байдлын яамны зүгээс онцгойлон анхаарлаа хандуулсанд талархал илэрхийллээ.

Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Цэрэг, иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид 2001-2023 онд 150 гаруй албан хаагч суралцаж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гээд олон үр дүн бий. Түүнчлэн 2005 оноос Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува, Буриад болон Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газруудад “Аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч”-ийн мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа бол 2021 онд Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан юм.

Хамтарсан комиссын хуралдааны үеэр ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид Онцгой байдлын байгуулагад ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж болон Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв хооронд хамтран ажиллах журмыг энэ оны хоёрдугаар сард байгуулсан нь хоёр улсын нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, арилгах, хариу арга хэмжээ авах, гамшигт өртсөн хүн амд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд цаг алдалгүй шуурхай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг дурдах нь зүйтэй юм.

“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” протоколд хоёр тал гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн гурван жил багш нарын цалин урамшуулал 49.7 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Боловсрол шинжлэх ухааны яамнаас багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулсан.

Тодруулбал, БШУЯ-аас багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд ерөнхий боловсролын 681 сургууль, 28 мянга 382 багш хамрагдсан бөгөөд үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна.

Багшийн гүйцэтгэлийг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий зургаан шалгуураар хэмждэг байна.

Энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ гэдгийг онцолсон юм. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн зардлын гүйцэтгэл хоёр дахин өссөн болохыг тоон дүнгээр харуулжээ.

Тодруулбал, 

  • 2021 оны есдүгээр сард багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг,
  • 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг,
  • Энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгадаг боллоо DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан.

Уг хуулийн дагуу төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах журмыг Засгийн газар өчигдөр баталжээ.

Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүрд тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой.

Журам батлагдсанаар нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэж байгааг ХНХЯ мэдээлэв.

Categories
нийгэм улс-төр

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө тууштай дэмжлэг үзүүлж ирсэн хөгжлийн түншүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр 2024 оны төсвийг боловсруулж байгаа энэ үед хөгжлийн түншүүдийн санал бодлыг тусгах нь чухал гэдгийг тэмдэглээд 2023 оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой гэв. Мөн цаашид бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Төр дэд бүтцийг нь шийдэж, газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтарна. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна, төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, олон улсын онгоцны нислэг гэх мэтээ либералчлах, менежментийг нь дэлхийн ахисан түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энэ жилд багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, олон нийтийн хяналттай, үр ашигтай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай гэдгийг хэллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хөгжлийн түншүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, 2024 оны төсвийн төсөөллийг танилцуулав. 2023 оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл анх удаагаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6,4 хувьд хүрсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн бол 2024 онд энэ 6000 ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна гэж танилцууллаа.

Уулзалтад оролцсон хөгжлийн түншүүд санал хүсэлтээ хэллээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себистиан Сүрүн: Монгол Улс өрийн менежментдээ үр дүнтэй ажиллаж байгаад баяр хүргэе. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглахад  хамтарч ажилламаар байна. Энэ салбарыг манай улсын хөрөнгө оруулагчид сонирхож байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Хэльмут Кулитц:Цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сайн ажиллаж эдийн засгийн өсөлтийг бий болгосон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Манай улсын зүгээс, сэргээгдэх эрчим хүч, байгальорчин ба экологийн нөлөөлөл, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах саналтай байна. 2030 оноос нүүрсний хэрэглээ багасах хандлагатай байна. Тиймээс нар, салхины цахилгаан станц зэрэг төсөлд хамтарч ажиллах боломж бий.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска: Монгол улс тогтвортой хөгжлийн тайлангаа Нью-Йоркт танилцуулсанд баяртай байна. Манай байгууллагын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн тэнцлийг хангахад олон улсын хөрөнгө оруулалтыг татахад дэмжиж ажиллана. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц их байна. Ногоон эрчим хүчийг дэмжихэд хамтарч ажиллана.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Коусси-Комлан Эва:Түншлэлд 50, 50 хувиар санхүүжилтийг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажилд ахиц дэвшил гарсанд баяртай байна.
Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин: Бидний төлөвлөгөө танай Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байна. Энэ жил бүс нутгийн замуудыг барихад 180 сая ам.долларын зээл баталсан. Боомтын дэд бүтцийг сайжруулахад хамтарч ажиллана. Төслүүдээ хугацаанд нь дуусгахад анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал зэрэг санал хэллээ.

Уулзалтын төгсгөлд салбарын сайд нар хөгжлийн түншүүдийн тавьсан асуултад хариулж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын энэ намрын чуулганаар хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулна. Дампуурлын хууль, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн хууль, Шүүх байгуулах тухай хууль, Арилжааны тухай хууль, Компанийн хууль зэргийг өргөн барьж шинэчлэн батлуулна гэв.
Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах,  хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2023 онд нийт 140 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Шинэ сэргэлтийн бодлоготой уялдан хэрэгжиж буй 96 төсөл хөтөлбөрт байна. Үүнд нийтдээ 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтаан олгоно. Цаашид шинээр эхлэх гадаадын зээл, тусламжийн төслүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэж хэллээ.