Categories
мэдээ нийгэм

Сэлбэ гол дагуух үерийн түр далангийн шороог зөөвөрлөх ажил үргэлжилж байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хүчитгэсэн түр даланг зөөвөрлөх ажлыг өнгөрсөн шөнө эхлүүлжээ.

Өглөөний 06:00 цагийн байдлаар уг далангийн 70 орчим хувийн шороог зөөж тээвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, нэгжийн 95 төрийн албан хаагч гурван машин механизмтай, 09:00 цаг хүртэл Парисын гудамж буюу Буян компанийн урд талын авто болон явган хүний замын хэсгийг цэвэрлэн, ариутгал хийжээ.

Одоо замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх ажил үргэлжлэх тул иргэд, оршин суугчид заасан маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

Мөн Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт босгосон үерийн далангуудыг цэвэрлэж эхэлжээ. Цэвэрлэгээний дараа ариутгал хийх юм байна.

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас танилцуулсан. Өнөөдөр дараах байршлууд цахилгаан хязгаарлана.

Categories
нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт Дорнодын Баянтүмэнд 40 мм бороо оржээ DNN.mn

Долоо хоногийн хур тунадасны нийлбэр 0.0-40.4мм байсан байна. Үүнээс хамгийн их нь

  • Дорнодын Баянтүмэн 40.4 мм,
  • Булган 30.0мм,
  • Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин 28.0мм,
  • Хэнтийн Дадал 24.5мм,
  • Хэнтийн Галшар 18.9мм,
  • Дундговийн Цагаандэлгэр, Сүхбаатарын Баруун-Урт 17.0мм, Төв аймгийн Жаргалант 16.6мм, Говь-Сүмбэрийн Чойр 15.0мм, Хөвсгөлийн Эрдэнэбулган 13.4мм,
  • Хөвсгөлийн Бүрэнтогтох 13.0мм,
  • Хөвсгөлийн Цагааннуур, Хэнтийн Оргил 12.0мм, бусад нутгаар 0.0-11.0 мм бороо оржээ.

Долдугаар сард нийслэлд хоёр үер болсон. Нийслэлийн жилийн дундаж хур тунадас 240 мм орчим байдаг бол долдугаар сард 120 мм бороо орсон юм.

Categories
нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын есдүгээр сарын хуваарь гарчээ.

Ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэг, насны хишиг, онцгой тохиолдлын зэрэг 12 төрлийн тэтгэмжээс есийг нь энэ сарын 14-нөөс олгох хуваарьтай байна.

Хүүхэд бүрийн 100,000 төгрөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг есдүгээр сарын 20-ноос данс руу нь шилжүүлэх аж.

Дэлгэрэнгүй хуваарь: Энэ оны эхний хагас жилд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд ₮971 тэрбумыг олгожээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Д.Гансаруул: Дэлхийн яруу найргийн наадамд хэн ч, хэний ч шүлгийг шүүгээгүй, шүүдэггүй юм билээ DNN.mn

МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn сайтын орлогч захирал Давхардаваагийн Гансаруултай ярилцлаа.


-Дэлхийн яруу найргийн их наадамд ганзага дүүрэн оролцоод ирэв үү. Яруу найргийн наадам зохиогдсон хотын онцлогийн талаар ярилцлагаа эхэлье. Яагаад чухам тухайн хотод дэлхийн яруу найргийн наадмыг зохиодог юм бол?

-“Struga Poetry Evenings” буюу Дэлхийн яруу найргийн их наадам наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Хойд Македонийн Струга хотноо зохиогдлоо. 62 дахь удаагаа зохиогдож буй уг наадам нь Дэлхийн яруу найрагчдын хамгийн том цугларалт гэдэг утгаараа нэр хүндтэй юм байна. Македоничууд, тэр дундаа Охрид нуурын оршин суугчид буюу Струга хотынхон бүхэлдээ яруу тансаг үгэнд умбасан яруу найрагч ард түмэн юм. Охрид нуур, эргэн тойрны байгаль, уулс нуруу нь тэр чигээрээ яруу найраг. Шүлэг оролддоггүй, мөр холбодоггүй хүн ч тэнд очоод сэтгэл уярч, тайвшрал мэдэрч мөр холбож мэдэхээр эсхүл дуу аялмаар тийм сайхан жаргалтай газар байна билээ. Энэ наадам анх Македонийн хэмжээнд л зохиогддог байснаа хүрээгээ тэлсээр Дэлхийн яруу найргийн их наадам гэгдэх болж нийт 90 гаруй орны 4000 гаруй яруу найрагч Стругад ирж шүлгээ уншаад байгаа гэсэн тоо харсан шүү.

-Хичнээн улсын яруу найрагчид энэ удаад оролцов. Тэдний бичсэн шүлгүүдээс танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн ямар шүлэг байв?

-30 шахам орны 50 гаруй яруу найрагч Стругад цугласан. Македоничууд энэ наадмаа 62 дахь жилдээ зохиож байгаа арвин их туршлагатай учир зохион байгуулалтын тал дээр үнэхээр гайхалтай байсан. Наадмын туршид өдөр болгон, үдэш бүр яруу найргийн уншлага болсон бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар, музей, урлаг соёлын томоохон төвүүд, хуучин сүм, хуучин хот, нуурын эрэг, гүүрэн дээр хүртэл яруу найрагчид шүлгээ уншиж байлаа. Хаа ч очсон шүлэг шимтэн сонсох гэсэн үзэгчид, хүмүүс дүүрэн байсан нь их соньхон байсан шүү. Оролцогчид эх хэлээрээ шүлгээ унших үед ард нь дэлгэц дээр англи, македони хэлээр орчуулга нь давхар харагдана. Испани, Франц, Хорват, Унгарын яруу найрагчдын шүлгийг анзаарахад ахуй талдаа шүлэг их байна лээ.

Можно е да е слика од еден или повеќемина и толпа

…Галт тэрэг. Төмөр мангас намайг чиглэнэ
Удахгүй намайг залгиж
Би эндээс явна…

***
…Чамаас холдоод
Шүхэр дэлгэх төдийд л
Чамайг саначихдаг…

***
…Цагийн зөрүү бүсгүйг зовооно
Цаг, цагийн зүү түүнийг зовооно
Жаахан ч атугай унтчихаасай
Маргааш тэр дахиад л аялна

***
Байшиндаа тэр хайртай байв
Байшин нь байсаар байв
Түүнийг үхэл дагуулан одоход
Байшин нь байсаар л байна
Байшинд нь шинэ эзэд ирнэ… Яг энэ агшинд гадаад яруу найрагчдын уншсан эдгээр мөртүүд санаанд бууж байна. Харин Македонийн яруу найрагчдын шүлэг уянгын голдуу, аядуу зөөлөн дүрслэлтэй санагдсан.

-Та тухайн яруу найргийн наадамд ямар шүлгээ уншсан бэ?

-Биднийг Струга хотод буухад наадмын зохион байгуулагчид хэн, хэзээ, хаана, хэдэн цагаас ямар шүлгээ уншихыг нь нарийн төлөвлөөд бэлтгэчихсэн хавтас өгсөн л дөө. “Тэр буцаж байна” шүлгийг минь наадмын нээлтийн ёслол дээр мөн Македонийн нийслэл Скопье хотын Орчин үеийн урлагийн музейн задгай талбайд болох яруу найргийн уншлага дээр унших хуваарь гаргачихсан байсан.

Харин “Тариан талбайн дэргэдэх жижигхэн байшинд” шүлгийг Охрид нуурын эрэг, “Бисер” зочид буудлын задгай талбайд болсон “Circles” яруу найргийн уншлага дээр уншихыг заачихсан байж билээ (инээв). “Тэр буцаж байна” шүлгийг хоёронтаа уншуулсан нь учиртай биз ээ.

Можно е да е слика од 1 лице

Дэлхийн яруу найргийн их наадамд триллер, детектив чиглэлийн шүлгүүдээ уншаагүй. Шүлгийн сонголт дээр Монголын яруу найрагчидтайгаа зөвлөлдөж таван шүлгээ наадмын зохион байгуулагчид руу илгээсэн юм. Гансаруул гэж хувь хүн биш Монгол Улсаа төлөөлж оролцсон учир даруухан шүлгүүд сонгосон (инээв). Энэ наадамд оролцоход надад маш олон хүн тусалсан. Тэр бүх хүндээ талархсанаа илэрхийлж байна.

-Македоничуудын дахиулсан “Тэр буцаж байна” шүлгийг тань сонирхъё?

-Бололгүй яахав. 2019 оны 12 дугаар сард бичсэн шүлэг л дээ.

“Тэр буцаж байна”
Их хот үймэлдэнэ
Ижил тэрэг сүлжилдэнэ
Дуу шуугиан нь
Тэнгэрт хүрч
Тоос буртаг нь
Алсад савсана.
Бүгд ажилгүй хэрнээ
Завгүй
Бүгд жаргалтай хэрнээ
Инээмсэглэлгүй.
Тосгоны охин
Хормогч зүүж
Хоолны газарт зүтгэнэ
Хоёр сар болоод
Хөлсний өрөөнөөсөө хөөгдөнө.
Хот бараадаж
Хөлөө олж
Хүний дайтай амьдарна гэсэн ч
Их хотод тэр багтсангүй
Ижилсэх хань ч олдсонгүй.
Тэр буцаж явна.
Тэвэр дүүрэн гуниг
Амьсгалаад ч барахгүй
Уйтгар тээн
Шуудангийн тэрэгний цонхоор
Шувууд зэллэсэн дорныг чиглэн
Тэр буцаж байна.
Хөгшин ээж
Хөвөнтэй хүрмээ санана
Хүр хорхойн шүлс
Хүрэлзгэнэ, мэлхийтэй хөндийгөө
Хэдүүлхнээ ч аз жаргалтай байдаг
Жижиг тосгоноо санана
Тэр буцаж байна

-Таны бичсэн шүлгүүдийг уншихад уламжлалт яруу найргаас тэс өөр сэтгэлгээтэй бичигдсэн байдаг. Үүнийхээ талаар яривал?

-Сэтгэлгээний хувьд хайрцагт өсөөгүй л дээ. Оюутан ахуй цагаасаа триллер, детектив, акмейст чиглэлээр шүлэг бичиж эхэлсэн. Гэвч тэр шүлгүүдээ төдийлөн нийтэд дэлгэдэггүй, хав дардаг байлаа. Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулсан “Анхны номын уралдаан”-д шүлгүүд минь шалгарч ном болон хэвлэгдсэн юм, “Саранд гандсан хөшиг” нэртэйгээр. Тэр номд триллер, детектив шүлгүүд тодорхой хэмжээгээр багтсан ч мөнөөх жинхэнэ триллер шүлгүүдээ бас л аваад үлдчихсэн. Яагаад вэ гэвэл нийгэм хүлээж авах цаг нь болоогүй байсан мэт санагддаг байлаа. Нэг, хоёрдугаар курстээ голдуу триллер, детектив шүлгүүд бичсэн. Бичсэнээ хүнд уншуулдаггүй, бараг тийм шүлэг бичдэгтээ ч гайхаж “Яагаад бусдаас өөр шүлэг бичдэг юм бол” гэж хүртэл өөрөөсөө асуудаг байлаа (инээв). Нэгэн удаа ангийн найз, эрхэм яруу найрагч О.Элбэгтөгс миний шүлгүүдийг уншаад “Бичээд бай. Үнэхээр гайхалтай” гэж билээ. Ингээд л үргэлжлүүлээд бичээд байсан хэрэг.

Утга зохиолын ажилтны ангид хамт сурч байсан Э.Тунгалагтуяа “Саруулын шүлгүүдийг одоо хэн ч ойлгохгүй. 15-20 жилийн дараа л хүмүүс ойлгоно. Цаг хугацаанаасаа түрүүлж бичигдсэн шүлгүүд” гэдэг байсан юм.

2017 онд хэвлүүлсэн “Цоохор майлзын түүх” ном бол тэр чигээрээ триллер, детектив, акмейст чиглэлийн шүлгийнх. Гэвч тэр номд оролгүй үлдсэн шүлгүүд бас бий бий. Энэ чиглэлээр уран бүтээл туурвихад гарт минь үзэг атгуулж өгсөн хүн бол МУБИС-ийн С.Энхбаяр багш минь. Миний шүлгүүдийг эдгээр чиглэлд хамаарна гэдгийг тодорхойлж, оюутны ширээнээс туурвилзүйн номоо хэвлүүлэхэд “Өмнөх үг” бичиж, утга зохиол руу түлхсэн гол хүн л дээ.

-Таны өвөрмөц шүлгүүдийн нэг “Чамаар гоёно” гээд шүлэг байдаг. Энэ шүлгээ яагаад бичих болсон бэ. Уншигчид үүнийг өөр өөр сэтгэлгээгээр хүлээж авдаг?

-Лүйжингийн шүлэг үү (инээв). Бас Халловины ч шүлэг гэх болсон байна лээ. Дээр хэлсэнчлэн оюутан байхдаа бичсэн анхны триллер шүлгүүдийн нэг нь. Яагаад бичих болсныг мэдэхгүй, тухайн агшинд төрсөн мэдрэмжээс л гарсан мөртүүд. Түүнээс биш надтай, миний хувийн амьдралтай огт хамаагүй шүлэг шүү. Бичигдээд 15, 16 жил өнгөрсний дараа сошиалаар гэнэт нэг өглөө түгж, хүмүүс шуугилдахад “За даа, шүлгийг минь нийгэм зах зухаас нь мэдэрч эхэлж дээ” л гэж бодсон (инээв). Соёлын гавьяат зүтгэлтэн, нэр дипломатч Д.Цахилгаан гуай тэр үед “Ямар гоё хайрын шүлэг вэ. Яаж ийм их аугаа хайрлаж чадаж байна вэ” гэсэн шүү. Тэгэхээр хайрын шүлэг ч байж мэдэх юм.

-Та багадаа яруу найрагчдаас хэний шүлгийг илүү уншдаг байсан бэ?

-Илүү уншаад байсан найрагч байгаагүй ээ. Р.Чойномын шүлгүүдийг дунд ангид байхдаа сонирхдог байсан.

-Яруу найргийг та өөрийн үгээр илэрхийлбэл юу гэж хэлэх вэ?

-Юу ч гэмээр юм, шүлэг бичихгүй удахаар уйтгартай байдаг (инээв).

May be an image of 9 people

-Тус наадам Охрид нуурын эрэг дээр болсон. Нуурын салхины илбээнд ямар шүлэг төрөв. Шинэ шүлэг бичив үү?

-Нааш буцахын урьд өдөр Скопье хотын төвөөр Испанийн найрагч Чематай хамт алхаж, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орлоо. Тэгтэл хөшөөтэй, жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал дээр торгомсог сайхан арьстай, үзэсгэлэнтэй, гоо бүсгүй суугаад шувуу хооллож байхтай нь таарсан. Талх эмтлээд л… шувуудад өгөөд л, шувуудтай яриад байх шиг нэг л…тийм дур булаам. Өөрийн мэдэлгүй би эргэж харж “Чема! энэ ямар сайхан бүсгүй вэ. Танилцацгаая” гээд эргэж очоод мэндэлтэл Амазоноос гаралтай, Бразил фото модель Суани байсан. Сонин шүү. Хаа байсан Монголоос, Испаниас ирсэн яруу найрагчид Балканы хойг дахь Хойд Македонийн нийслэлийн хаана ч байдаг юм нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Амазон бүсгүйтэй тааралдана гэдэг. Ингээд бид танилцаад инстаграм хаягаа солилцоод зураг даруулсан. Орой нь Суани Скопье хотын Орчин үеийн урлагийн музейн задгай талбайд болсон яруу найргийн уншлага дээр хүрээд ирсэн. Үнэхээр гайхалтай. Бид хэл, соёл өөр ч нэг л төрөлтөн, нэг дэлхийн гэр бүл юм даа гэж бодогдсон. Биднийг шүлэг, яруу найраг ингэж учруулж найзлуулсан. Суанид “Тэр буцаж байна” шүлгээ уншиж өгөөд номоо дурсгасан юм. Яг энэ үед надад энэ сайхан учралыг шүлэглэмээр санагдсан. Суанид “Би очоод чамд зориулж шүлэг бичээд, англиар орчуулаад илгээнэ ээ” гэж амласан. Эр хүн байтугай эмэгтэй хүнийг ч бишрүүлмээр тийм гоо үзэсгэлэнг Скопьед харсан. Хэн нэгнээс гоо сайхныг олж харна гэдэг өөрөө гоо үзэсгэлэн шүү.

Можно е да е слика од еден или повеќемина и толпа

-Тэгвэл хамгийн сүүлд ямар шүлэг бичсэн бэ?

-Хойд Македони руу явахын урдхан “Мөчир” гэж шүлэг бичсэн.

“Мөчир”
Цасанд бөхийсөн мөчир урь ороход
Тамираа тасартал тэмцэн өндийнө
Түүн шиг бөгтөр мөчирс
Өлгийг нь задалсан хүүхэд шиг
Тэнд ч, энд ч тэнийж суниана
Өвлийн хахир урт цаг тэдэнд
Үлгэр шиг өнө удаан байжээ.
Талын шувууд хэл дуулган шулганаж
Цонхны гадаа, хэцэн дээр зэрэгцэнэ
Тэгш гоо хусан ойн зүгээс
Хангинуур цуурайтаж, хөрөө ч бас чимээлнэ
Нэг нь өндийх гэж бүтэн өвлийг тэвчихэд
Нөгөө нь сүхний далайлтаар амь тасарна.

-Тухайн наадмын шүүлт, зохион байгуулалт танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Зохион байгуулалтын баг бол асар их туршлагатай, хөтлөгч, менежерүүд нь 3-5 хэлтэй. Ямар ч орны хүнтэй харилцах өндөр чадвартай, бүх юм хөтөлбөрийн дагуу нарийн явагдаж байсан. Таван минут ч хоцордоггүй, ягштал бүгдийг бэлтгэчихсэн байдаг нь авууштай санагдсан. Дэлхийн яруу найргийн их наадамд хэн ч, хэний ч шүлгийг шүүгээгүй, шүүдэггүй юм билээ (инээв). Угтаа яруу найргийг шүүнэ, шүлгийг уралдуулна гэдэг нь яруу найргийн эсрэг хийж буй гэмт хэрэг юм байна гэж бодсон. Уралдаан, өрсөлдөөн, тэмцээн биш яруу найрагчдын цугларалт, уулзалт, орон орны яруу найрагчид ойртон танилцах, уран бүтээлээ ярих, нөхөрлөх боломжийг өргөн хүрээнд олгодог баяр гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр Хойд Македонид уригдаж энэ том наадамд эх орноо төлөөлнө гэдэг нь яруу найрагч хүнд нэр төрийн хэрэг. Охрид нуур, Струга хот, Хойд Македони бол тэр чигээрээ яруу найраг, найргийн өлгий нутаг юм билээ.

 

А.Доржханд

Categories
мэдээ нийгэм

“Хүнс комплекс” компани үйлдвэрлэлдээ сав, баглаа боодлын  дэлхийн шилдэг герман технологийг нэвтрүүлэн ажиллаж байна DNN.mn

 

“Хүнс комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баттүвшинтэй ярилцлаа.

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол-Хятадын экспо” энэ өдрүүдэд үргэлжилж байна. “Хүнс комплекс” ХХК энэ экспод томоохон үүрэг гүйцэтгэж оролцож байгааг дууллаа. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд олон улсын экспо гэдэг чухал арга хэмжээнүүдийн нэг. Тиймээс хоёулаа тус экспоны талаар ярилцлагаа эхэлье?

-Манай компанийн хувьд анх 2019 оноос “Монгол-Хятадын экспо”-д оролцож эхэлсэн. Онцлох мэдээлэл гэвэл “Хүнс комплекс” компани БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн албан ёсоор экспортлох эрхтэй анхны аж ахуй нэгж болсон. Энэ нь бид компанидаа төдийгүй салбартаа хөрөнгө оруулж чадсан хэрэг болов уу гэж үзэж байгаа. Учир нь манай улс өмнө нь БНХАУ–руу хиаман бүтээгдэхүүн албан ёсоор экспортонд гаргаж байгаагүй. Тиймээс бидний хувьд энэ удаагийн экспогоор дамжуулан Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүнийг албан ёсоор экспортлох үйл ажиллагаагаа Өвөрмонгол болон Хөх хотын суурьшмал бүсэд байгаа ард иргэдэд илүү таниулах зорилготой оролцож байна.

БНХАУ-д бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болсон гэдэг сайхан мэдээ байна. Хүнсний үйлдвэр гэдэг өөрөө онцлог салбар. Бүхий л аж ахуй нэгжүүдэд тийм ч амар олдох боломж биш. Экспортын эрх авах хүртэлх шат дамжлага, хүндрэл бэрхшээл хэр байв?

-Монгол улсад мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн салбар өндөр түвшинд хөгжсөн гэж хэлэхэд хэцүү. Эхлээд Монголд малын мах эрүүл үү гэдгээ харах ёстой. Тэгсний дараа экспорт яригдана. Цаашдаа энэ салбарыг бодитойгоор хөгжүүлье гэвэл хагас эрчимжсэн аж ахуйг анхаарах ёстой. Таван хошуу малаа үржүүлэх, цаашлаад мах бэлтгэлийн зориулалтаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдана. Олон сая малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж чадна. Тиймээс юуны өмнө бид малын махыг эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Дараа нь салбар дотроо боловсруулах үйлдвэрүүдэд технологийн болон стандартын шинэчлэлүүдийг хийх нь чухал. Ингэснээр дэлхийн стандарт руу ойртож очно. Дэлхийд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах чиг баримжаатай болно.

Манай байгууллага анх 2017 онд БНХАУ-д экспортлох шалгаруулалтанд орж экспортлох эрх авсан. Тэр үед үйлдвэртээ иж бүрэн засвар хийн БНХАУ-ын Мал эмнэлэг хорио цээрийн газрын шаардлагын дагуу бичиг баримтаа боловсруулан тэнцэж байлаа. 2017-2023 он хүртэл хиаман бүтээгдэхүүн экспортлоогүй. Учир нь тэр үед хятад иргэд монгол малын махыг сонирхож байсан ч хиаман бүтээгдэхүүнийг сонирхохгүй байсан. 2017 оноос хойш олон махны үйлдвэрүүд хонь, үхрийн махыг чанаж хөлдөөсөн байдлаар таниулж эхэлсэн. Энэ үеэс монгол махны амтыг мэдэрсэн байх. Уг нь бид махаа чанаж биш шинээр нь  гаргах хэрэгтэй. Гэтэл мах нь өвчтэй байх эрсдэлтэй гэж үзэн БНХАУ-ын Мал эмнэлгийн хорио цээр гаалийн газраас хонь, үхрийн махыг чанаж хөлдөөж худалдан авах шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын дагуу манай үйлдвэрүүд хонь үхрийн мах экспортлож байна. Хятад иргэд сүүлийн үед монгол хиамыг махны орц ихтэй хэмээн ихэд сонирхож байна. Ингэснээр бид Өвөрмонголын “Замч” ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр монгол малын махаар хийсэн дөхвөн төрлийн утлагат хиамыг экспортлож байна. Мөн БНХАУ-д  бүтээгдэхүүн экспорлох эрхээ  2028 он хүртэл сунгаад байна.

Хоёр талаасаа зарчим нийлнэ гэдэг зөв шүү. Экспортын шаардлагыг дагаад компани, тэр салбарт шинэчлэл хийгддэг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Экспортонд бараа бүтээгдэхүүн гаргах нь маш хариуцлагатай ажил. Тэр утгаараа улсын нэр хүнд дагалдаж явдаг. Бид саяхан ХБНГУ-ын хамгийн шилдэг “Мультивак” компанитай хамтран савалгааны хамгийн шинэ шугам болох бүрэн савалгааны автоматжсан шугамыг нэвтрүүллээ. Энэ бол олон улсад хэрэглэгдэж байгаа хамгийн өндөр стандартын шаардлага хангасан эрүүл, найдвартай технологи. БНХАУ ч энэ технологийг хүнсний салбартаа хэрэглэдэг. Ингээд харахаар салбар маань хөгжих боломж гэж харж байгаа. Зөвхөн “Хүнс групп”, “Хүнс комплекс” компанийн асуудал биш, Монголын хөдөө аж ахуйн салбар, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар, боловсруулах үйлдвэрлэлийн салбар хөгжиж, дэлхийн жишиг рүү ойртож байна. Тийм ч учраас бид дотоодын зах зээл дээр, дотоодын ард түмний хүнсний хэрэгцээг чанарын шаардлага хангасан, бүтээгдэхүүн нийлүүлж байна гэсэн үг.

Танайх БНХАУ-аас өөр ямар улсууд руу экспорт хийж байна. Дэлхий дахинд ковид дэгдээд, үргэлжлэн дайн байлдааны нөхцөл бий болчихлоо. Энэ нь экспортын салбарт нэлээд хүнд тусч байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид ямар стратеги хэрэгжүүлж байдаг юм бол?

-Манай компанийн хувьд БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан хиаман бүтээгдэхүүн, Солонгос улс руу гэрийн тэжээмэл амьтан нохой, муурны хоолны тэжээл бүтээгдэхүүнүүд, мөн савласан хуурай болон нойтон хоолнууд, Япон руу адууны мах, Узбекистан руу үхрийн мах болон махан бүтээгдэхүүн, Казахстан руу мөн адил хиаман бүтээгдэхүүн, ОХУ-д хиаман бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй. Түүнээс тогтмол хийж байгаа экспорт бол Хятад, Солонгос. Харин Узбекистан руу бүтээгдэхүүн гаргах эхний шатны ажил үргэлжилж байгаа.

Экспортод тавигдаж байгаа шаардлага олон янз байдаг. Улс үндэстний өөрсдийнх нь соёлын ялгаа дээр суурилсан онцлогууд болон эрэлт байна. Хүнсний бүтээгдэхүүн, хүнс бэлтгэл, түүхий эд дээр тавьж байгаа шаардлага өөр, савалгаан дээр тавигдаж байгаа стандарт нь өөр байх жишээтэй. Тэр бүгдэд нийцүүлж ажиллана гэдэг өндөр хариуцлагатай ажил. Нөгөө талаар биднийг энэ нь илүү туршлагажуулж, сорилттой тулгарч, цаашаа хөгжих боломжийг өгч, шинэ ноу-хоу олж авахад тусалж байна гэж үзэж болно.

Ярилцлагын эхэнд та монгол малын мах эрүүл байх ёстой гэж онцолсон. Эрүүл мал, эрүүл махны асуудал олон жил яригдаж байгаа. Үүнийг шийдвэрлэх гарц бол мах бэлтгэлийн эрүүл тогтолцоо гэж салбарынхан үздэг. Харин танай компани мах бэлтгэлийн үйлдвэр ашиглалтанд оруулаад байгаа. Үйлдвэр өөрөө мах бэлтгэх тогтолцоотой болчихно гэдэг том давуу тал шүү?

-Өнгөрсөн онд “Хүнс комплекс” компани үүсгэн байгуулагдсаны 32 жил ой тохиосон. Түүхт ойн жилээ бид Чехийн буцалтгүй тусламжаар Европын стандартын чанарын шаардлага хангасан мах бэлтгэлийн “Чингис рөүд” үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Үйлдвэр ашиглалтанд орсноор “Хүнс комплекс” компанийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх, тасралтгүй экспортод чиглэсэн болон дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа махан болон хиаман бүтээгдэхүүн эрүүл, чанарын шаардлага хангасан, түүхий эд материал хэрэглэх боломж нь бүрдсэн гэсэн үг.

Эрүүл махны асуудал таны хэлдгээр хөндөх сэдэв мөн. Бидний өнөөдрийн ахуйн хэрэглээний мах эрүүл үү, үгүй юу гэдэг эргэлзээ, таамаглал нийгэмд яригддаг. Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой учраас ярих нь ч зөв. Мах бэлтгэлийн үйлдвэр маань малыг анхан шатнаас нь эрүүл үү, эрүүл биш үү гэж ангилдаг. Эрүүл мал байвал дараагийн шатанд малаа төхөөрөх мах бэлтгэлийн процесс руу ордог. Мөн эрүүл бус малаа эрүүлжүүлэх бүстэй. Тиймээс эрүүл биш малаа эрүүлжүүлэх процесс үргэлжилдэг. Харин эрүүл малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг.

Салбарын хувьд махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн техникийн зохицуулалт батлагдаж 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд мөрдөгдөж эхэлсэн. Энэ нь та бидний хүнсэнд хэрэглэж байгаа махыг зориулалтын стандарт шаардлага хангасан, мал төхөөрөх үйлдвэрт төхөөрсөн байхыг шаардсан эрх зүйн орчинтой болсон гэсэн үг. Энэ шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр салбарт том өөрчлөлт орж, боловсруулах үйлдвэрүүд заавал төхөөрөх үйлдвэртэй байна, эсвэл төхөөрөх үйлдвэрээс махаа авсан байхыг шаардах болсон. Нөгөө талд хэрэглэгч эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж,  үнийн хөөрөгдөлгүй мах хэрэглэж эхэлж байна. Ченжийн тогтолцоо нэг талдаа халагдаж байна. Мэдээж шинэ зохицуулалт жигдэртлээ хөл толгой нь олдохгүй юм болох байх. Гэхдээ цаашдаа бид стандартын хувьд бариад явбал, хувийн хэвшил манлайлж оролцвол хүнсний эрүүл ахуйн хувьд маш том өөрчлөлт бий болно.

Сүүлийн үед халал аргаар боловсруулсан махны экспорт манайд дэлгэрэх хандлагатай байна. Та бүхэн үйлдвэртээ энэ технологийг нэвтрүүлчихсэн үү?

-Соёлын ялгаа болон тухайн импортлогч орны шашны асуудал махны экспортод тод харагддаг. Узбекистан гэхэд исламын шашинтай орон. Исламын шашинтай орнууд бол заавал зориулалтын мал төхөөрөх үйлдвэрт халал аргаар төхөөрсөн малыг авдаг. Халал арга гэдэг нь хүнсний махан бүтээгдэхүүн дээр тавигддаг шашинд суурилсан стандартын шаардлага. Тиймээс бид зайлшгүй Халал стандарт, Халал технологиор мал төхөөрөх аргыг нэвтрүүлэх шаардлагатай болж байна гэсэн үг. Одоогийн байдлаар манай үйлдвэрт эхний тест үргэлжилж байна. Халал технологи бол дэлхий нийтээрээ хэрэглэж хэвшсэн технологийн арга тул бид ч зайлшгүй энэ технологийг нэвтрүүлээд явах ёстой.

Одоо хоёулаа дотоодын зах зээлийн талаар ярилцъя. Дотоодын зах зээл ямар онцлогтой байдаг талаар болон хэрэглэгчдийн зан төлөв, хүнсэндээ тавьж байгаа шаардлагыг үйлдвэрлэлээр дамжуулан харж болдог шүү дээ. Нөгөө талаар ууган үйлдвэр “Хүнс комплекс” ХХК групп болон өргөжөөд байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-“Хүнс комплекс” ХХК 32 дахь жилийн ойн дээрээ “Хүнс групп” ХХК болон өргөжсөн. Манай “Хүнс комплекс”, “Кайлас”, “Хүнс боловсрол”, “Чингис рөүд”, “Амундра”, “Хүнс ферм” зэрэг үйлдвэрүүд нийлээд каластр цогцолбор буюу “Хүнс групп” ХХК болох суурь тавигдсан. Зах зээлд 80 гаруй төрлийн мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. Хэрэглэгчдийн судалгаанаас харахад мэдээж нийслэл Улаанбаатар хотод хамгийн ихээр танигдсан, хэрэглэгч олонтой брэндийн нэг.

Манай компани анх 1992 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн мах махан бүтээгдэхүүний салбарт гол үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Ингээд харахаар өнгөрсөн 30 жилийн түүх бол манай салбарын түүх. Тиймээс салбартаа оруулах хувь нэмрийг шинэ түвшинд гаргахын тулд өөрсдөө шинэчлэгдэх шаардлагатай юм байна гэж бид үзсэн. Түүний дагуу корпорэйт ребрэндинг нэвтрүүлэн бүтээгдэхүүний сав баглаа болон технологи дээр суурилсан шинэчлэлүүдийг хийж байна.

Хүний биед шингэц сайтай, нэмэлт элемэнтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ манайх голчилж ажилладаг учраас энэ тал дээр илүү хөгжүүлэлт хийж байгаа юм. Нөгөө талдаа сав баглаа боодлын технологийг шинэчилж байна. Учир нь эдийн засаг болон хүн амын хүнсний хэрэглээ, хэрэглэгчийн зан төлөв цар тахлын өмнөх үе, цар тахлын дараах үе гэж ангилагдаж эхэллээ. Жишээлбэл, ковидоос өмнө задгай бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо сав баглаа боодолтойг түлхүү сонгож байна. Агаарт байгаа микро бичил биет бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх боломжтой учраас анхан болон хоёрдугаар шатны савлагаа, ариутгал зэрэг технологийн нэмэлт процессуудыг нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Энэ нь үйлдвэрлэгч бидэнд технологийн болон стандартын шаардлагаа илүү сайжруулах үндэслэл болж байна. Дээр нь импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна. Хуучин бид ОХУ-аас түүхий эдээ авдаг байсан бол одоо Герман, Польш, Чех, Франц, Солонгос зэрэг улсуудаас түүхий эд, жор, материал бүх зүйлсээ авч байна. Энэ нь олон улсаас хамааралтай, технологийн шаардлага хангасан, олон улсын технологи шингэсэн бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээл дээр нийлүүлэгдэж байгаагийн илрэл.

-Ковидын үеэр хил гааль хаагдаж, үндэсний үйлдвэрлэл ямар амин чухлыг бид нийтээрээ харсан. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үйлдвэрлэгч та бүхэнд хэрхэн мэдрэгдэв. Ямар өөрчлөлт шинэчлэлт бий болов?

-Цар тахлын үед хүн амын хүнсний хэрэглээ өссөн. Хүн амыг хүнсээр хангана гэдэг маш чухал учраас маш хариуцлагатай үе байсан. Ачаалал нэмэгдсэн. Бид стратеги төлөвлөлт гарган, хүчин чадлуудаа нэмж ажиллаж байлаа. Өнөөдөр тэрхүү шинэчлэлтүүд маань компанийн зах зээл дээрх байр суурийг тодорхойлж, баталгаажуулж байна.

Нөгөөтэйгүүр бид дотоодын зах зээл дээр өрсөлдөнө гэхээс илүү салбараа хөгжүүлэх, чанаржуулах нь суурь юм байна гэдгийг харж онцгой анхаарч ажиллаж байгаа. Худалдааны борлуулалтын зарчим дээр захиалганд суурилсан бараа материалын хүргэлтийг хийж эхэлсэн. Өмнө нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлээд л болчихдог байсан бол одоо нэг агуулахаас эцсийн цэг дээр хэрэглэгчид хурдан хугацаанд хүрдэг болсон. Хүнсний бүтээгдэхүүн онцгой учраас богино хугацаанд эрсдэлгүйгээр тээвэрлэх ёстой. Энэ нь компани өөрөө менежментийн хувьд шинэчлэгдэх, засаглалын хувьд илүү цэгцтэй, менежментмийн шинэчлэлийг хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Шинэ брэнд, үйлчилгээний талаар товч дурдахгүй юү?

-“Хүнс комплекс” ХХК 2023 оны эцэс 2024 оны эхэн гэхэд олон нийтэд нээлттэй компани болох зорилго тавиад ажиллаж байна. Ингэснээр бид хэрэглэгчид ойртсон, хэрэглэгчийн хүсэл зорилгод нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.

Цаашлаад хүүхдэд зориулсан мах махан бүтээгдэхүүнийг шинээр худалдаанд гаргана. Эргэлзээгүй хүнс гэдэг ойлголтыг бий болгох нь чухал. Цаашлаад бид convenience store болох дэлгүүрүүдэд зориулсан махан бүтээгдэхүүн, зайдсан бүтээгдэхүүнийг илүү олон төрлөөр нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Ажиллах хүчний хүрэлцээ салбар болгонд яригдаж байна. Үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүч олон тоогоор шаардагддаг. Энэ тал дээр ямар менежмент хэрэгжүүлж байна вэ?

-Ажиллах хүч бол бид гэлтгүй бүх салбарын зовлон болсон. Хүний нөөцийн тогтвортой байдал гэдэг одоо бол мэргэжлийн ур чадвартай хүн гэхээс илүү хандлаганд суурилсан чадамжийг бий болгоё гэдэг зорилго бий болсон. Нөгөө талаар үйлдвэрлэл аль болох автомат систем рүү шилжих хэрэгтэй. Түүнийгээ дагаад эрсдэлгүй үйлдвэрлэл бий болно.

Манай компанийн үнэт зүйл бол ажилтан. Нэг талаар бид нэг гэр бүл. Хүний хүнсний хэрэглээг үйлдвэрлэж байгаа хүмүүс өөрсдөө эрүүл ахуйн шаардлага хангасан, соёлтой, мэргэжлийн ур чадвар сайтай ажиллах ёстой. Тийм ч учраас хүний нөөцийн албаа түлхүү хөгжүүлж байна. Манай нийт ажилчдын 70 гаруй хувь нь мэргэжлийн чадамжинд суурилсан сертификаттай. Харин удирдлагын түвшинд стратегийн бодлого дээрээ илүү чадамжинд суурилсан, хандлага сайтай, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, хөгжлийг байгууллагадаа нэвтрүүлэх чадамжтай хүний нөөцийг бүрдүүлээд ажиллаж байна.

Манай “Кайлас” ХХК гэхэд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд, туслах эд жор, материал болон технологийг оруулж ирдэг, технологи нутагшуулдаг компани. Энэ хүрээндээ 2007 оноос хойш Польш, Герман, ОХУ-аас мах махан бүтээгдэхүүн боловсруулах технологийн инженерүүд урьж авчан мэргэжилтэн бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ нь салбартаа ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг илүү туршлагажуулах, олон улсын технологи ноу-хау-д суралцах, солилцох, тэдний дэвшилтэт технологийг оруулж ирж нутагшуулах чиглэл дээр санаачилж ажилладаг компани.

Харин “Хүнс боловсрол” ХХК маань боловсон хүчнийг бэлтгэх, бүрдүүлэх чиглэлд голлож ажилладаг. Их дээд сургуулиудад хүнсний технологич, мах сүүний технологийн ангид оюутан элсэх нь бага болсон. Бидний хувьд ХААИС болон Хүнсний технологийн коллежтэй хамтраад мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг болох үүднээс сургууль дээр нь хөтөлбөр зарладаг. Оюутны сургалтын төлбөр болон суралцах хугацааны тэтгэлэг, мөн төгссөний дараа ажлын байраар хангах гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Г.Энхчимэг

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хотын төв утаатай, захын дүүргүүд нь утаагүй өвөлжих болох нь уу DNN.mn

Хамгийн чухал нь ирэх өвөл улаанбаатарчууд утаагүй, утаа багатай орчинд баймаар байна. Хоолой аргаж, сэрвэгнэж, ханиалгадаггүй хүн энэ хотод алга боллоо. Цаашлаад уушги, улаан хоолой, амьсгалын замын үрэвсэлгүй иргэнгүй болов. Энэ бол эмгэнэл, энэ бол сүйрэл, энэ бол үндэсний аюулгүй байдал.

Нэгэнт ингэтлээ арчаагаа алдсан монголчууд бидний хувьд утаагүй амьдрах нь хамгийн чухал. Тэр шуугиан болгоод байгаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлсэн “Хагас коксжсон нүүрс Хятадаас оруулж ирэхийг буруу, зөв” гэж маргах нь үнэндээ утгагүй болчихлоо. 177 тэрбум төгрөгийг үрэх нь, урд хөршид өгөх нь, дундаас нь хусах нь, албан тушаал, авлигын гэмт хэргийн шинжтэй байна… хэмээн сошиалаар бүгд л муулж, шүүмжилж байна. Нийслэлчүүдийг туршилтын туулай болгох нь гэсэн суртал хүчээ авлаа. Тэгвэл тэгээд цаг алдалгүй утаагүй амьдрах ямар арга та нарт байгаа юм бэ. Тухайлбал энэ өвөл. Хэл л дээ. Үүнд хэн буруутай юм бэ. Өнөөдрийн төр засаг буруутай гэж хэлэх хүн байгаа бол тэднийг та нар л сонгосон шүү дээ. Тэдний хэн нь ч тооноор давхиж орж ирээд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч болчихоогүй. Бодит үнэн эцэстээ үүн дээр л тулж очно. Тэгэхээр үнэнтэй үнэнээрээ нүүр тулах цаг болжээ.

Үнэхээр тэр хагас кокс нүүрс нь энэ өвөл утааг хоёр

дахин бууруулах нь үнэн юм бол Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг дэмжье. Өөр ямар ч арга байхгүй. Төр засгийн зүгээс нийгмийн сүлжээнд санал шүүмжлэлээ илэрхийлж байгаа хэдэн хүний пост, комментоор ажлаа явуулмааргүй байна. Шийдвэр гаргасан бол түүндээ тууштай байцгаа. Та нарыг ард түмний нэрийн өмнөөс бодлого боловсруулж, шийдвэр гаргаж, улс орноо удирдаад яв гэж итгэл үзүүлэн сонгосон. Хуулиараа эрх үүрэг олгосон. Түүнийгээ хэрэгжүүл.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн утааг 50 хувь бууруулсан гэх сайжруулсан түлшний хольц болох мидлингийг мөн л урд хөршөөс авч байсан. Тэгээд нийслэлийн баруун, зүүн хоёр талд үйлдвэрлэн иргэдэд утаагүй түлш нэрээр тарааж байсан. Тэгвэл мидлингийн дараагийн технологи нь кокс, хагас кокс юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд дараагийн технологи болох хагас коксийг нь оруулж ирье гэсэн байна. Иргэдийн зүгээс “Хятадаас хагас кокс худалдаж авахгүй эх орондоо үйлдвэрлэе, манайд хангалттай бий, бид үйлдвэрлэж чадна…” гэхчлэн саналыг их гаргаж байна. Эрчим хүчний яамны зүгээс бол үйлдвэр энэ өвөлдөө яагаад ч амжихгүй учраас ирэх өвлийг ингэж давъя, урд хөршөөс авч, утаа багатай давцгаая гэжээ. Ердөө ийм л энгийн ойлголт, энгийн үнэнийг төр засгаас бидэнд тулгалаа.

Мидлинг бол яаж ч сайжруулаад утааг 40 хувь бууруулдаг. Өөр хөгжүүлэлт байхгүй. Хагас кокс бол хамаагүй сайн үзүүлэлттэй. Бараг утаагүй шахам болгодог. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гол нь хэвлэлээр тайлбарлахдаа иргэдийн дургүй хүрэхээр мэдээлсэнд учир нь байгаа юм. Туршилт ч гэх шиг. Хятадууд хэдэн жилийн өмнө бол яг манайх шиг мидлингтэй түлш түлж байсан. Одоо хагас кокс болгочихсон. Утаа алга болсон. Тэр л технологийг ингэж урагшгүй тайлбарласнаар нийгэмд стресс нэмлээ. Буруу ойлголт болоод явчихлаа. Тэгэхээр эрх баригчид аливаа шийдвэрээ нийгэмд танилцуулахдаа, болгоомжтой, хянуур, маш ойлгомжтой, зөвөөр тайлбарлаж байхгүй бол ганцхан буруу үгийн алдаанаас болж гаргасан олон сайн, ухаалга шийдвэр чинь нийгмийн сүлжээн дэх хэдэн хүний шүүмжлэлээс болж “будаа болж” байгаад дүгнэлт хийх цаг болсон шүү. ХХААХҮийн сайд Х.Болорчулуун гэхэд үхрийг цахим ээмэгжүүлэх маш сайн төслийг яаж буруу мэдээлээд будаа боллоо. ХААн салбараа сэргээх, мах импортлох хамгийн суурь шийдвэрээ тэгээд л сөнөөсөн. Түүн шиг л алдааг энэ Засгийн газрын сайдууд их хийх юм даа.

Ер нь бол өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл “Эрдэнэс Таван толгой” ХХК үүрдэг. Өнгөрсөн жил утаа их байна, тэвчихэд хэцүү байна гэх шүүмжлэл ихээхэн гарсан. Иймд мидлинг буюу түүхий эдээ хагас коксоор сольж үзэхээр туршиж үзсэний эцэст ийнхүү хагас коксийн асуудал хөндөгдсөн юм билээ.

Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судалж үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргасан. Ингээд хагас коксжсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэн 97 удаагийн галлагаа хийж үзсэн байна. Үр дүнг лабораторид шинжлүүлэхэд тоосонцор одоо байгаа мидлингийн түлш бол 157 мкг м.куб байсан бол 43 болжээ. Дэгдэмхий 19.5аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоог гаргасан. Туршилтын үр дүн нь энэ.

Хэрэв нийслэлээс 177 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлнэ. Үүнийгээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлэхдээ “Туршиж үзнэ” гэж хэлсэн. Энэ үг нь мушгигдаж, алуулах шахаж байгаа. Гэхдээ утааг бүрэн алга болгоно гэж хэлээгүй. Тэдэн хувиар багасгая гэж байгаа нь сая дурдсан үзүүлэлтүүд. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум нь асаагч, бусад нь хагас кокст зарцуулагдах юм билээ. Хагас кокс импортлоод ирвэл нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөг болно. Нэг тонныг нь 150,000 юм уу 200,000 төгрөгөөр зарах болно. Үүнээс илүү үнээр борлуулж чадахгүй. Үүнийг хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй нь тодорхой. Гэхдээ үүнээс өөр гарц энэ өвлийн аман дээр яагаад ч байхгүйтэй монголчууд, нийслэлийнхэн эвлэрэх цаг болжээ.

Ер нь бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн айхгүй хэлж байгаа энэ туршилт гэдэг үгний хэрэгжилт нийслэлийн захын дүүргүүдэд хэрэгжинэ. Тэнд үр дүн хэрэгжилт харагдана. Мэдээж утаа буурах нь тодорхой байх. Тэгэхээр эсрэгээрээ Улаанбаатар хотын төвдөө утааны эсрэг арга хэмжээ явагдахгүй нь. Шулуухан хэлэхэд Улаанбаатар хотын төв утаатай, захын хорооллууд нь утаагүй өвөлжих болох нь уу. Ийм л дүр зураг харагдаж байгаа.

Бусад улс оронд шинжлэх ухааны үндэстэй туршилтаар батлагдсан утаа бууруулах энэ төслийг одоо ийм тулсан цагт буруутгаад яах вэ. Улс төржүүлээд харахад МАН-ын 2024 оны сонгуулийн хөзөр байсан ч яахав. Ид хүйтэн, утааны дөрвөн сар дотор утаа буурч, цаашид зөв замаа олж чадвал олон зуун мянган хүний эрүүл мэндэд ач тустай. Олон мянган өндөр настан, нялх балчир хүүхэд, амьсгалын замын үрэвсэлт өвчинтэй олон зуун иргэдийн эрүүл мэнд, амь нас 177 тэрбум төгрөгөөс үнэтэй. Бодит байдал ийм болохоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Та шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан туршилтыг хийх гэж байгаа бол зориглоод хийчих ээ. Бид дэмжье.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: “Ирээдүй өв сан”-гийн мөнгийг өндөр рейтингтэй Засгийн газрын бондод байршуулсан бол нэг тэрбум ам.доллар болчих байсан DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Ер нь намрын эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор эрэлт ихэсч байх шиг байна. энэ нь валютын ханшинд хэр нөлөөлөх бол?

-Өмнөх жилүүдийн түүхийг үзвэл ам.долларын ханш ихэсдэг байсан л даа. Харин энэ жилийн тухайд бол онцлогтой. Уул уурхайн экспорт сайжирсантай холбоотойгоор ам.долларын орлого ч сайжирсан. Гэхдээ өмнө нь манайх уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбар руу хөрөнгө оруулалт болгоод оруулчихдаг байсан. Гэтэл уул уурхайгаас орж ирж байгаа орлого зургаан сараас нэг жилийн дараагаас л эдийн засагт нэвчиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ийм хугацааны дараагаас улсын төсөв, ханш, барилгын салбарт ч гэдэг юм уу нөлөөлж эхэлдэг. Энэ үйл явц явагдах нь явагдаж байна. Гэхдээ энэ жилийн тухайд сэргэлт хожуу явагдаж байна. Нэгдүгээрт, барилгын салбар руу тэр мөнгө орж амжаагүй байна. Хоёрдугаарт, ипотекийн зээл тодорхой хугацаанд саатсанаас үүдэж барилгын салбарт өмнөх жилүүдтэй адил хэмжээний том бүтээн байгуулалтыг хийгээгүй байна.

Намар, өвөл яагаад ам.долларын ханш өсдөг вэ гэхээр бэлэг сэлтээс гадна барилгын салбарын импорт ихээхэн хувийг эзэлдэг. Барилгын дотоод засалд их импорт ордог. Энэ жилийн тухайд бага байна гэсэн үг. Тиймээс 2023 оны төсөв ашигтай гарах юм шиг байгаа юм. Эдийн засгийн өсөлт зургаан хувьтай гарна. Хэдийгээр төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмсэн ч гэсэн долдугаар сарын байдлаар төсвийн ашиг 1.8 их наяд төгрөг хүрсэн байсан. Улсын төсөвт татвар бүрдүүлэлт харьцангуй сайн явж байна. Нөгөө талд хувийн секторууд руу хангалттай хөрөнгө оруулалт орсонгүй.

Дэлхий даяар зээлийн хүү өсч байна. Маш өндөр хүүтэй болж байна. АНУ-ын Засгийн газрын бонд 4.5 хавьцаа байна. Үүнээс үзвэл ойрын хэдэн жилдээ ойлгомжгүй байдал өнгөртөл гадаадаас зээл авах нь харьцангуй хэцүү болно гэсэн үг. Манайх ихэнхдээ дахин санхүүжилт хийж байгаа шүү дээ.

Бид одооноос зээл төлөлтөө дуусгаж явахгүй бол манайх шиг рейтингтэй орнуудынх дараагийн санхүүжилт минимум 10 хувьтай босохоор харагдаж байна. Тиймээс ойрын хоёр гурван жилийн хугацаанд төлөх бондуудыг бүрэн төлж явах хэрэгтэй. Үгүй бол гадаад худалдаанд дахин санхүүжилт хийвэл нэлээд өндөр хүүтэйгээр мөнгө босно. Энэ жилийн хувьд ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Дүгнээд хэлэхэд эдийн засаг өсөлттэй байна. Валютын орлого хангалттай байна. Нөгөө талд импортын гол өдөөгч буюу барилгын салбар, машины борлуулалт тодорхой хэмжээнд буурсан гэж байгаа. Энэ нь импортын барааны эрэлт харьцангуй бага байна гэсэн үг. Тиймээс ам.долларын ханш харьцангуй гайгүй байх болов уу. Ер нь шинэ жил, цагаан сар хоёр л их нөлөөлдөг. Гэхдээ ханшинд шууд том хэмжээгээр нөлөөлөхгүй байх гэж харж байна.

-Гэтэл зарим мэргэжилтнүүд инфляци нэмэгдэх төлөвтэй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ?

-Ханш алдвал нэмэгдэнэ. Би он дуустал инфляци гайгүй байна гэж харж байна. Зарим хүмүүс өмнөх жилүүдийн түүхийг харж байгаад яриад байна л даа. Дээр хэлсэнчлэн хэрэглээний бараа, барилгын дотор заслын материал их импортолдог байсныг тооцоолоод валютын ханш савах байх гэсэн таамаглал хийгээд байх шиг байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа.

Тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор инфляци өсөх байх гээд ажигласан байдалтай байна. Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Гэхдээ том хэмжээнд харьцангуй гайгүй байх гэж харж байгаа. Учир нь манай улсын хувьд инфляцийн гол өдөөгч нь ханш байдаг. Бусад нь харьцангуй гайгүй. Үүнээс гадна манайд инфляци импортлогдоод байна. Бусад оронд инфляцийн түвшин өндөр байгаа. Харин БНХАУ-ынх харьцангуй гайгүй байна. Гэхдээ барилгын салбар нь хямралтай байна. Улс орон бүр ковид, геополитикийн зөрчилдөөний дараах асуудлаа цэгцлэх гээд үзээд л байна.

-Тэгвэл ам.долларын ханшийг буулгах боломжтой юу?

-Буух боломжгүй байх гэж харж байна. Одоо гадаад бондуудын төлөлтийг хийгээд явна гэж байгаа бол тодорхой хэмжээний хуримтлалуудыг бий болгох ёстой. Энд нэг зүйлийг дурдахад, манайд хуримтлалын сангууд бий. Тухайлбал, “Ирээдүй өв сан”. Уг санд одоогоор 2.7 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Энэ сангийн мөнгийг уг нь валютаар, магадгүй гадны өндөр хөгжилтэй буюу рейтинг нь гурав А-тай Засгийн газрын бондод байршуулаад явсан бол нэг тэрбум ам.доллар болчихоор байсан юм билээ. Тэр санд сар бүр мөнгө хуримтлуулж байгаа шүү дээ. Сангийн мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хүүхдийн мөнгө өгөх нь өгсөн.

Гэхдээ төрийн сан дээр төгрөгөөр хүүгүй байршуулж байгаа. Ингэж зүгээр байршуулснаараа бид алдагдал хүлээгээд байгаа юм. Ханш алдахаар тэр мөнгөний үнэ цэнэ унаад байна гэсэн үг шүү дээ.

Гэхдээ эрсдэлтэй зүйлд тэр мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэрийг хурдан хөрвөх боломжтой үнэт цаасанд байршуулж байж баталгаатай болно.

-Дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байна гэсэн зүйл энэ зун их яригдсан. Хэрвээ үнэхээр Ази руу, тэр дундаа манай урд хөрш рүү эдийн засгийн чиг хандлага чиглэж байгаа бол манайх үүнээс ямар боломжийг өөрсдөдөө бий болгох боломжтой вэ?

-Худалдааны интеграцид орох хэрэгтэй. Ази тив том шүү дээ. БНХАУ ч том. Энэтхэг улс мөн БНХАУ-аас хүн амаараа олон болчихлоо. Бусад тивүүдийг бодоход дэд бүтцийн холболт харьцангуй муу. Тиймээс бид худалдаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Манайх шиг далайд гарцгүй, хязгаарлагдмал орны хувьд болж өгвөл чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг сайн тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт бараагаа худалдах боломжтой болох ёстой. Үүнийг нь Засгийн газар хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, манай бүтээгдэхүүн холын тээврийг даах чадамжтай байх хэрэгтэй.

Ковидын үед бид зөвхөн нүүрсээр амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Нүүрс гардгаараа гараг. Гэхдээ үүний хажуугаар өртөг шингэсэн, тээвэрлэлтийг нь харьцангуй хялбар шийдэж болохоор өндөр өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүн дотор сүүлийн яригдаад байгаа ураныг зөв вариант гэж би харж байгаа. Ураны нэг килограмм нь 150 ам.доллар. Тэгвэл нэг тонн нь 150 мянган ам.доллар гэсэн үг. Бид хэд хэдэн тонноор гаргах боломжтой. Үүнтэй адил өртөг шингэсэн тээвэрлэлтийг амархан шийдэж болохоор дараа дараагийн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд тэрхүү бүтээгдэхүүнээс орж ирж байгаа орлогоороо дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гарц байна.

Энэ жил аялал жуулчлалын тухай хуулиа амжилттай батлаад, иргэний агаарын тээврээ либералчлаад урьд өмнө авч байгаагүй хэмжээний жуулчдаа авч байна. Энэ бол ковидын дараах сэргэлтийн цаг үе. Тиймээс манайд илүү потенциалууд байна. Засгийн газар сурталчилгаа чиглэлд сайн ажилласан гэж бодож байгаа. Шинэ үеийн маркетингийн сошиал медиагийн аргыг амжилттай сайн хэрэгжүүллээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголын гайхамшигт зун монголчуудад гай гамшгийг чирч байна” хэмээн өгүүллээ DNN.mn 

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан,
АН-ын Улс төрийн зөвлөл(УТЗ)-ийн гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа. Тэрбээр “АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрын бүтцээр ажиллана” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжүүлэн уншаарай.

МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn сайтын орлогч захирал Д.Гансаруул “Дэлхийн яруу найргийн наадамд хэн ч, хэний ч
шүлгийг шүүгээгүй, шүүдэггүй юм билээ” хэмээн ярилаа.

“Эрдэнэс Таван толгой”-н Б.Ганхуягийн хөрөнгүүд хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын гайхамшигт зун монголчуудад гай гамшгийг чирч байна” хэмээн өгүүллээ.

Бага ангийн багш А.Наранцэцэг “Л.Энх-Амгалан сайдын мэдэгдсэн шиг улсын сургуульд 2.5 сая төгрөгийн дундаж цалин авч байгаа багш байхгүй” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Монголын гайхамшигт зун монголчуудад гай гамшгийг чирч байна” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Монголын гайхамшигт зун монголчуудад гай гамшгийг чирч байна” хэмээн өгүүллээ