Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүдийн авто замын боомт дөрөв хоног ажиллахгүй DNN.mn

БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баяр болно.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 29, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна хэмээн Гаалийн газраас мэдээллээ.

Харин дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр нийт 1872 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1429, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгаар нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, хөрсөн дээр цочир хүйтэрч, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2023 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 27, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон улс судлаач С.Пүрэвдорж: Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо DNN.mn

Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдожтой ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володины айлчлалын хүрээнд ярилцлаа.

-ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд яригдан шийдвэрлэгдсэн гол хэлэлцээрүүд юу байна вэ?

-Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын доод танхимын дарга В.Володин манай УИХ-ын даргыг айлчлан ирэхийг урьсан. Улмаар Их хурлын дарга ОХУ-д тав хоногийн айлчлал хийгээд ирсэн байдаг. Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мань нөхрийг хариу айлчлахыг урьсан. Энэхүү урилгын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд манайд айлчлаад буцлаа. Айлчлал дэндүү албан ёсны агуулгаар болж өндөрлөлөө гэж харж байгаа. Мэдээж албан ёсны арга хэмжээ. Гэхдээ дэндүү албан ёсны гэхээр байдаг л асуудлаа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэж, цагаан цаасан дээр гарын үсэг зурсан төдийд л үйл ажиллагаа өрнөсөн гэсэн үг. Дэлхий дахинд ОХУ-ын төр, засгийн гаргаж байгаа үйл ажиллагаа, хөдөлгөөн бүрийг нягт нарийн анхааралтай ажиглан харж байна. Тэр утгаараа айлчлал товлогдсон өдрөөс эхлээд олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилж байгаа нь ямар учиртай вэ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мэдээлэл дунд нэг сонин өнцөг харагдсан. Дэлхийн бүх улс оронд харилцан нэгнийдээ айлчилдаг. Айлчлал бүр харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах гэсэн оролдлого гэж үздэг. Гэвч айлчлал бүр тийм байдаггүй. Судлаачид айлчлал хэзээ, хэдэн өдөр болохоос хамаараад үр дүнтэй чухал айлчлал эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн айлчлал ажлын өдрүүдэд товлогдсон бол маш их үр дүнтэй, ажил хэрэгч айлчлал болох юм байна гэж үздэг. Харин амралтын өдрүүдэд тохиож байгаа айлчлалыг тийм ч үр дүн гарахааргүй буюу чанаргүй айлчлал хэмээн тооцдог.

 

-Тэгэхээр ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал өөрөө амралтын өдрүүдэд тохиосон. Тэр утгаараа чанаргүй айлчлал гэх ангилалд оруулна гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд олон улсад айлчлал судлалын олон баг, хүрээлэн бий. Энэ бол олон улсад байдаг нэг судалгааны арга. Тэгэхээр шууд чанаргүй айлчлал болно гэж үзэх нь нэг талдаа учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон улс, гүрний удирдагчид аль нэг оронд айлчиллаа гэхэд дандаа ажлын өдрүүдэд, тэр дундаа ажлын эхний долоо хоногоос айлчлалаа эхэлдэг.

Бүр урьдчилж эдгээр өдрүүдийг сонгодог. Үүгээрээ бидний айлчлал харилцан адил ашигтай үр дүнтэй чухал айлчлал болно шүү гэдгээ илтгэдэг байх нь. Харин амралтын өдрүүдэд болж буй айлчлал нь өөрөө стратегийн чухал ач холбогдолтой айлчлал биш гэдгийг илэрхийлдэг.

-ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал эхлэхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газраас шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоох, хориглох шийдвэр гаргасан. Уг хоригт Монгол Улс орж байгаа гэх мэдээлэл хүчтэй явсан. Харин тус айлчлалын үеэр Монгол Улсыг уг хоригт оруулахгүй байхыг албан ёсоор шийдвэрлэсэн гэж харж байгаа. Та судлаач хүний хувьд үүнийг ямар өнцгөөр ажигласан бэ?

-Мэдээж хэрэг Төрийн дум, Засгийн газар гэдэг нь хоёр өөр үйл ажиллагаатай байгууллага. Манайхаар бол УИХ, Засгийн газар хоёр л гэсэн үг. Тэр утгаараа Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг нь Төрийн думтай холбох боломжгүй. Төрийн дум нь ч Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлөх хориотой. Аль аль талдаа хяналтын тогтолцоотой гэсэн үг. Тэгэхээр саяны айлчлалаар Төрийн думын дарга В.Володин хэлж байна лээ. Юу гэхээр “Монгол Улсыг энэхүү шатахууны хоригт бид оруулахгүй” гэж. Түүний хэлсэн үгэнд бид шууд итгэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл Төрийн дум Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлж чадахгүй. Тиймээс Холбооны хурлын доод танхимын даргын үгэнд зуун хувь итгэх боломжгүй юм. Тэр утгаараа үнэхээр энэ асуудлаар ажил хэрэгч уулзалт хийж бодит шийдвэр гаргуулъя гэж байгаа бол ОХУ-ын Засгийн газрын төлөөлөлтэй л харилцах ёстой. Түүнээс биш Төрийн думын дарга Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг тайлбар өгнө гэсэн зүйл огт байхгүй. Тэгж хэлж байгаа нь манай улсыг хуурч, хоосон амлалт өгч байгаагаас ялгаагүй үйлдэл. Бас нэг дипломат харилцааны бүдүүлэг үйлдэл гэж хэлж болно.

-Бүдүүлэг үйлдэл гэснээс энэхүү айлчлалын эхний өдөр хоёр улсын парламентын дарга нар Чингис хааны хөшөөнд очиж хүндэтгэл илэрхийлсэн. Энэ үеэр ОХУ-ын Төрийн думын дарга манай хаанд мэхийж ёслоогүй гэж цахим сүлжээнд шуугьж байна л даа. Энэ нь өөрөө дипломат ёсондоо ямар байдаг юм бэ. Заавал мэхийх ёстой юу?

-Энэ асуудлаар манай захын дипломат албанд зүтгэж яваа ахмадууд маань тодорхой хэлнэ л дээ. Дипломат ёс гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний энх тайвны амин сүнс болсон хамгийн том суурь ойлголт. Тэр утгаараа жижиг, том улс гэсэн ойлголт дипломат ёсонд байдаггүй. Улс л бол улс. Ард түмэн бол ард түмэн. Жишээлбэл, Америкийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэж бодъё. Үнэндээ АНУ болон Монгол Улсын эдийн засаг, хөгжил тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ Монгол бол тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн онцлогтой. Эдийн засагтай, ард түмэнтэй, төр засагтай. Америк ч ялгаагүй. Тиймээс жижиг улсад айлчиллаа, энэ улсын эдийн засаг жижиг, ард түмэн нь цөөхөн гэж огт ярьдаггүй. Улс орон гэдэг утгаараа дипломат ёсыг маш өндөр зэрэгт мөрдөж явдаг. Үүнийг нь олон улс анхааралтай ажиглаж байдаг. Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм.

-Ер нь оросуудад бид яагаад дургүй юм бэ. Эсвэл оросууд яагаад бидэнд дургүй юм бэ. Та үүнийг судлаач хүнийхээ хувьд юу гэж ойлгодог вэ?

-Монгол Улс өөрөө Ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй орон. Харин ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тэр утгаараа нэгдүгээрт, Засаглалын тогтолцоо өөр. Мөн хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал нь өөр. Тиймээс манай хоёр улсын иргэдийн ойлголцол, үнэт зүйл эсрэг тэсрэг гэж хэлж болохоор. Гэхдээ 1990 оноос эсвэл ерэн оны эхэн үед бид оросуудад их сайн байсан. Оросуудыг ах шигээ үздэг, хүлээж авч хүндэлдэг байлаа. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улсад ардчилсан тогтолцоо бэхжиж амжаагүй, хуучин нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөөгүй байсан гэсэн үг. Харин 2010 оноос хойш монголчуудын сэтгэлгээ, нийгмийн ухамсар эрчимтэй өөрчлөгдөж эхэлсэн. Монголчууд цахим орчинд идэвхтэй болж эхэлсэн. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх нь нэмэгдсэн. Тиймээс бодит түүх, дэлхий нийтийн чиг хандлага, улс гүрнүүдийн бодлого зэрэг дэлхийтэй илүү бид танилцаж эхэлсэн гэсэн үг. Тиймээс Оросыг ойлгох монголчуудын хандлага шал өөр болсон байж мэднэ. Судлаач хүний хувьд бид илүү ардчилагдах тусам хойд хөршөө улс төрийн түвшинд байнга шүүмжилдэг болно байх гэж ойлгодог. Дээгүүрээ шүүмжлэлтэй байхаар ард түмнийх нь дунд ч үзэл бодлын зөрчилдөөн, ойлголцлын асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш оросууд бүгд муу хүмүүс биш. Муу гэж бодох хандлага нь манай улсын иргэдийн зөв хандлага биш. Ардчилсан хүмүүнлэг улсын иргэн бол аливаа асуудлыг ул суурьтай, бодитой харж байх шаардлагатай.

Э.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д ур чадвараа сорьж Ц.Цогтбаатар медалийн төлөөх барилдаанд Казакстаны бөхийг цэвэр ялж “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медальтан боллоо.

Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт шүүгчийн торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргаланг сонгожээ DNN.mn

Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны/АЭХ/ ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргаланг сонгожээ.

Тодруулбал АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8%-ийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталжээ.

Тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан байна.

Б.Жаргалан нь 1982 онд төрсөн, АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засагч, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2020 онд АН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганцхан сар тэсчихвэл сонгууль хүртэл ажрахгүй DNN.mn

Ирэх долоо хоногоос улс төр бужигнаж эхлэх шинжтэй байна. Хэд хэдэн жагсаал цуглаан болох гэнэ. Тодруулбал, багш нар ажил хаяна гэдгээ зарлачихлаа. Дээрээс нь МАН дахь “нүүрснийхэн” Ардчилсан намын улс төрийг дөвийлгөж засаг авахаар зүтгэж магадгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 2023 оны намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд монголчуудын ээлжит улстөржилт эхлэх нь. Дээр бичсэнчлэн жагсаалуудаар тавигдах шаардлагуудын нэгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэх бололтой юм. Энэ нь МАН-ын доторх, мөн гаднах олон хүний загатнасан газарт ёстой л нэг маажих нь ойлгомжтой.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганцхан сар тэсчихвэл ирэх оны төсвийг хэлэлцээд эхэлнэ. Дээрээс нь цаг агаарын байдал ч өөрчлөгдөж хүйтэрнэ. Үүнийг дагаад улс төр намжих нь мэдээж. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэгхэн сар тэсчихвэл алзахгүй нь. Он гараад сонгуулийн сезон эхэлнэ. Сонгууль болохын хооронд засаг солих нь үр дүн багатай байдаг учраас засаг сольё гэж “сэлэм эргүүлэх” улстөрч байхгүй болов уу гэх хов жив улс төрийн хүрээнд яригдаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахууны нөөцөөрөө тариагаа хураачихвал явган явсан ч яадаг юм бэ? DNN.mn

ОХУ бензин шатахууны экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоолоо гэх мэдээлэл гарсан даруйд Монголд сүйд болж байна. Колонкууд дээр урт урт дараалал үүсээд, бараг шөнөжин нойргүй очерлоод. Бусдаасаа өрсөж таван литр бензин авах гэж үхэлдэж байна. АИ92 болон дизель түлшний 30 хоногийн нөөцтэйг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн. Тэгэхээр нөөцөнд байгаа жаахан шатахуунаараа хэдүүлээ юуны түрүүнд тариагаа хураагаад авчихъя. Өдөр шөнөгүй үхэлдэн очерлож, ар өврийн хаалгаараа дамжуулан хуваагаад “уучих” биш намрын ургац хураалтын ажилдаа зарцуулж энэ өвөл идэх гурилтай, бага сага хүнсний ногоотойгоо сууж байя.

Тэгээд нөөцөнд жаахан юм үлдвэл автобусандаа хийчихээд бүгдээрээ явган явцгааж байсан ч яадаг юм. Ямар ч байсан идэх хоолтойгоо байхад учир олдоно. Орос бензин өгөхөө болилоо гэдгийг сонсоод Монголд юу болдог гэж санана. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн оросыг магтсан, долгиносон, ая тал зассан, зусардсан сэтгэгдэл, постууд урсаж гарна. Яг одоо оросыг магтсан ийм шившигтэй үер болж байна. “Барууныг дэмжсэнийхээ горыг харж байна уу, та нар. Орос шатахууны крантаа хаачихлаа. Одоо бид яах юм бэ” гээд л урваганаж шарвагнасан, айж бэмбэгнэсэн, чичирсэн өрөвдмөөр дүр зураг Монголын нийгмээс нэвт ханхалж байна.

Монголчууд аа, та нар яагаад ийм аймхай, хулчгар дорой үхээнц юм бэ. Шатахуун гэхээр энэ дэлхий дээр ганцхан орос байдаг юм шиг өрөвдмөөр, хөөрхийлөлтэй ичгэвтэр байдлаасаа одоо салаач ээ. Оросыг уурлуулчихвал бензинээ өгөхөө больчих нь гээд л Орос Украины дайн эхлэхэд л орилолдсон. Сая тэгээд экспортоо зогсоолоо гэж дэлхий нийтэд зарлахад нь бүр амь тавьцгааж байна. Монголчууд бид Орост яаж ч долгиноод, Роснефть болон төр засгийн хэмжээнд гэрээ хэлэлцээр хийгээд ч эцэст нь зүгээр л шатахуунаа хаачихаж л байгаа биз дээ. Бидэнд ингэж дээрэнгүй хандаж, зүгээр л доромжлон тохуурхдагийг нь харж байна уу.

Ер нь ингээд харахад оросын шатахуун гэдэг зүйл бараг шашин шиг болчихжээ. Оросоор оролдож болохгүй, шатахуунаа хаачихна шүү гэж дарга цэрэггүй, дээр дооргүй гүйлдээд л.

Яг л шашин шиг, шашны зан үйл шиг. Аливаа улс үндэстнийг шашнаар нь, зан үйлээр нь л огтоос оролдож болдоггүй юм гэх ухагдахуун хүн бүхэнд баттай суусан байдаг шиг шатахуунаар нь хөдлөх аргагүй болтол нь атгачихсан. Шатахуун гэнгүүт яг л шашны сүсэг бишрэл шиг монголчуудын тархинд зурсгээд буудаг. Туурга тусгаар улс гүрэн ийм ичмээр өрөвдөлтэй байхыг харна гэдэг аймшиг. Ард түмнийг ийм байдалд эрх баригч Монгол ардын нам л оруулсан. Шатахууныг 100 хувийн хараат болгоод, эцэстээ шашин шиг болгочихсон. Ардчилсан нам засгийн эрх барьсан тэрхүү зурвас үед оросоос ганцхан шатахуун авдаг гэх ойлголтыг өөрчлөх гэж үзэж байсныг бид мэднэ.

2012-2014 оны үед дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар хүрч байсан. Гэтэл тухайн үед манайх оросоос нэг барреллийг нь 380 ам.доллар буюу бараг гурав, дөрөв дахин нугалж авч байсан. Орост ингэж шулуулдгаа больё гээд Солонгосоос бензин оруулж ирж байсан. Энэ талаар тухайн үед Уул уурхайн яамыг толгойлж байсан “Бридж” Д.Ганхуяг “Хятадын Петро Чайна компанид Монголын төр санал тавьсан. Бид хэтэрхий өндөр үнээр ганцхан компаниас авч байгаа учраас хараат болчихоод байна гэдгээ хэлсэн. Хятадын тал болохгүй зүйл байхгүй, харин ямар үнээр авах гэж асуусан. “Танай нефть Сингапурын биржийн үнээр тодорхойлогддог. Тэр үнээрээ л бидэнд өгөхгүй юу” гээд хоёр тал албан ёсоор гэрээ хэлэлцээ хийж байлаа. Ингэж Хятадаас хамаагүй хямдаар шатахуун авч байсан. Мөн Солонгосоос оруулж ирж байсан. Ингэж бид бүхэн ОХУ-аас авдаг байсан шатахуун бензиний импорт 100 хувь байсныг 70 хувь болтол бууруулж байсан. Хэрвээ орос экспортоо зогсоочихвол бидэнд Хятад, Солонгосоос шатахуун авах бүрэн боломжтой” гэдгийг хэлсэн.

Ингэж Ардчилсан нам засаг барих үед шатахуун дээр Оросын нөлөөлөл 100 хувь байсныг 70 болтол нь бууруулж байсан түүх бий. Харин өнөөдөр өнөө 100 хувь нь бүр 150 хувь болчихоод шатахуун гэдэг нь Монголд шашин шиг ноёлчихоод байна. МАН бол оростой нөхөрлөдөг нам. Яаж ийж байгаад нөхөрлөчихдөг, оросуудын байгуулж өгсөн нам ч гэдэг. Хэрвээ орос Монголыг эзэрхийлээд ороод ирлээ гэхэд Монгол ардын намд ямар ч гарзгүй. Оростойгоо нийлээд төрөө бариад явчихна. Хуучин тийм л байсан. Харин жирийн ард түмэн бол оросуудад ад шоо үзэгдэн амьдарч яваа буриад, тува хоёрын дараа л жагсах байх. Орос Украины дайнд монгол ахан дүүс болох буриад, тува хоёр л үхээд дуусч байгааг бид харж байгаа биз дээ.

Оростой нийлбэл буриад туваг нь хамгаалж тэмцсээр эцэст нь монголчууд бид үхэж дуусах ийм л амьдрал хүлээж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр хямдхан хямдхан гэж гүйгээд оросын шатахуун гэдэг тоногонд хүзүүгээ углаж өгөөд энэ чигтээ дуусах уу. Ийм дарамтан дор монголчууд бид цааш амьдрах ёстой юу. Ашигт малтмал газрын тосны дарга Л.Баярмандалаас “Нэг улсаас шатахууны 100 хувийн хамааралтай байна гэдэг эрсдэл дагуулж байна, дайн нөлөөлж байна. Хятадаас юм уу өөр улсаас нефтийн бүтээгдэхүүн авах гэрээ хэлэлцээр хийж болдоггүй юм уу” гэж асуухад “Бид шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг, үлдсэн таван хувийг БНХАУ-аас авдаг. Хятадаас авч болох ч үнэ өндөр. Тээврийн үнэ өндөр учраас илүү үнэтэй болно” гэх хариултыг өгч байсан.

Уул уурхай, үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ч гэсэн “Өөр улсаас шатахуун авах бараг боломжгүй. Тээвэрлэж авчирч чадахгүй” гэсэн маш өрөвдмөөр хариулт хэлээд зогсож байна лээ.

Улс орны тусгаар тогтнолоос үнэтэй тээвэр, шатахуун гэж байх уу.

Ардын намын эрх баригч нөхөд өө. Алийн болгон ингэж алгын чинээ болж үхээнц дорой амьдрах юм бэ. Шатахуунаа Хятадаас, Солонгос авч байсан олон гарц байна. Саяхан Арабын ханхүү айлчиллаа гэсэн. Арабаас хүртэл шатахуунаа авчих боломж бүрэн байна. “Арабаас ийм ийм улсаар дамжуулаад, ингээд аваад ирэх боломж байна” гэдгийг эдийн засагчид, стратеги судлаачид хэлсээр ирсэн. Шатахуунаар тусгаар тогтнолоо сольж болохгүй. Приус унаж галзуурсан ард түмэн маань шатахуунаар тусгаар тогтнолоо сольсон ч яадаг юм гэж бархиралдаж байгааг хараад үнэндээ хэлэх үг олдохгүй юм. Бид өөрсдийгөө улны гэдэг. Тусгаар тогтнолоо шатахуунаар сольё гэж нийтээрээ орилолдож байгаа хүмүүсийг чинь улны гэхээс өөр юу гэх юм бэ, үнэндээ. Улс орон оршин тогтноход хатуу хууль цааз хэрэгтэй байдаг. Улс орныхоо тусгаар тогтнолоос ухарч байгаа нөхдөд хатуу арга хэмжээ үзүүлж, төр төмөр нүүрээ харуулах цаг ирсэн байна. Энэхүү улс гүрнийг зүгээр нэг шатахуунаар сольчихолгүй хөмхийгөө зуугаад аваад үлдчих зоригтой, эх оронч аавын хүү Монголын эрх баригчдын дунд эрх биш байгаа байлгүй дээ гэж итгэж байна.

Шатахуунаар тусгаар тогтнолоо солино гэж байхгүй ээ. Ёстой битгий горьдоцгоо. Харин үүний эсрэг эцсийнхээ цусыг дуустал хэн бүхэн тэмцэх ёстой. Тиймээс байгаа жаахан шатахууныхаа нөөцөөр тариа будаагаа хураагаад авъя. Идэх хоолтойгоо байхад бүгдээрээ явган ч хамаагүй таваргаж, амьд хүн аргатай гэгчээр дараагийнхаа арга замыг бодоцгооё. Ямар чиг л байсан оросын шатахуун гэдэг дөнгөнд хүзүүгээ углаад өгч яавч болохгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв аймгийн Жаргалант сумын тариаланч М.Даваанямынх энэ жил 400 тонн төмс хураана DNN.mn

Зүүн уулын суганаас алгуурхнаар хөөрөх нарны туяа өвс халиурсан талыг шаргалтуулж орхив.

Зөөлөн салхины аясаар долгиолох дэрсний толгойд сандайлсан шүүдрийн дусал илч муутай нарны туяанд гялтганаж үзэгдэх нь намар авхайн уран бүтээл ажээ. Бөртийх ч үүлгүй тунгалаг тэнгэрийг хээлж таван шувуу умардыг зорих замдаа ганганалдах чимээ алсад сонсогдох нь намрын дуу гэлтэй. Уран зураг шиг намрын өглөөний үзэсгэлэнг тольдох завсарт зүүн уулын бэлд шовойх таван ханатаас 40 эргэм насны эр огло харайж гармагцаа цэнхэр тракторын кабинд үсрээд суучихав.

Тал нутагт тухалсан намрын өглөөний аниргүйг цэнхэр тракторын тачигнасан дуу эвдэж хаяв.

Төв аймгийн Жаргалант сумын тариаланч М.Даваанямаар ахлуулсан бригадын ажлын нэг өдөр эхэлж байгаа нь энэ. Анх 2004 онд аавынхаа хамт алга дарам газарт ногоо тарьж эхлүүлсэн ажил нь өдгөө өргөжин тэлж том бригад болжээ. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ бригадын нэг өдрийг сурвалжилснаа хүргэе.

Эднийх Жаргалант сум руу салдаг самбарын урд талд нийт 37 га талбайд төмс, манжин тариалжээ. М.Даваанямын бригадын ажил өглөөний нартай уралдаад эхэлдэг. Цэнхэр тракторын дуунаар сэрсэн хүүхдүүд халуун цай боорцог идээд ажилдаа гарахад Давааням аль хэдийнээ гурван мөр талбайн хөрсийг эргүүлчихсэн түр амсхийх зууртаа тамхилж зогсов.

Энэ завсарт нь амжиж түүнтэй таван үг солилоо. Энэ жил ургацын үр дүн сайнгүй байгаа гэнэ. Өнгөрсөн жил га талбайгаас 20-25 тонн ургац хурааж байсан бол энэ жил 10-11 тонн болж буурчээ. Үүний үндсэн шалтгааныг тодорхойлохдоо сүүлийн жилүүдэд яригдаад буй чийгийн өвчинтэй холбож байна. Тодруулбал их чийг ногооны ургах явцын сатааруулдаг явдал түгээмэл ажиглагдах болж. Зөвхөн эдний талбай ч биш Жаргалант сум даяар ургац хураалт тааруу байгаа гэнэ. Энэ жил наадмын өмнө чийгийн өвчнөөс сэргийлж төрөл бүрийн арга хэмжээ авсан ч төдийлөн нэмэр болоогүй аж. Ингээд ургац хураалтын арвин ажил эхэлж одоогоор гүйцэтгэл 85 хувьтай явж байгаа гэнэ.

Ажлын гүйцэтгэлийг нугалахад гол үүрэг гүйцэтгэгч нөхөд бол ногооны талбайд хөл хөөр болсон Төв Политехникийн коллежийн нэгдүгээр дамжааны охид, хөвгүүд. Тэд энэ жил 15-16 настай. Тариан талбайд ирээд 10 гаруй хоног ажиллаж байгаа гэнэ. Цаг алж ажил цалгардуулалгүй хөдөлмөрлөдөг хүүхдүүдийн тусаар ажлаа богино хугацаанд нугалж байгаадаа Давааням сэтгэгдэл өндөр байна лээ.

“Жилийн жилд тариаланчдад тулгамддаг гол асуудал нь ажиллах хүч. Энэ жил Төв аймгаас коллежийн хүүхдүүд ирж ажиллаж байна. Хүүхдийн эхний өдрүүдэд ажиллах учраа олохгүй байсан бол одоо мэргэшсээн. Нэг мөр талбайг бол тэр дор нь аваад гарч байна. Хөвсгөл, Булган, Дархан гээд олон газраас хүмүүс төмс хураах ажилд ирдэг. Гэсэн ч хүүхдүүд төмс хураагаад хөдөлмөрийн үр шимээ хүртвэл тэдэнд тустай юм уу гэж санаад хамтарч ажиллаж байгаа юм. Энэ их борооны завсраар арвин ажлыг дор нь л нугалаад ард нь гарч байна даа. Тэдэнд үлдэх гол зүйл нь тууштай чанар, цалингаа ч авчихна. Ингэж хөдөлмөрлөсөн хүүхэд барагтай ажлаас хойш сууж, цааргалаад байхгүй” гэж М.Давааням онцлов. Энэ талбайд охид хөвгүүд нийлсэн 20 орчим хүүхэд багшийн хамт ажиллаж байна. Тэднийг анзаарахад шуудай төмсийг нүд ирмэхийн зуурт л босгоод ирж байна лээ. Эдний ажил борооны завсарт үргэлжилдэг тул цаг хугацаатай уралдаж явдаг. Зарим амралтын өдөр сумын төвөөс нэмэлт хүч дууддаг. Нэмэлт хүчээр ирсэн хүмүүс шуудай төмсийг 2000 төгрөгөөр түүдэг юм байна. Тариалалтын талбайд нэг өдөр сайн ажиллахад 100 мянган төгрөг хураачих боломжтой.

Жаргалантад Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ гээд олон газраас ажиллах хүч төвлөрдөг. Тариа хураалтын үеэр энэ жижигхэн сууринд хөдөлмөрийн зах зээл төвлөрч түм түжигнэж бум бужигнадаг байна. Жаргалант сум Монголын Сөүл гэх нэр аваад хэдэн оныг үдэж байгаа гэнэ. Харин энэ жилээс аж ахуйн нэгжүүд сургуулиудтай гэрээ байгуулж оюутнуудыг ажиллуулах нь түгээмэл болжээ.

Өглөөний нартай уралдаж гарсан хүүхдүүд 11:00 цагийн алдад ногооны талбайн талыг нь ногоон шуудайтай төмсөөр дүүргээдэхжээ. Том цагаан портер талбайг сүлжиж, шуудайтай төмс цуглуулж байв. Төд удалгүй хүүхдүүдийн үдийн хоол болов. Тогооч эгч шинэ ногооны үнэр цоргисон шөл гаргажээ. Тариалалтын талбайд дуу хадааж байсан хүүхдүүд айргийн хул шиг том аягаар дүүрэн шөлийг шожигнотол сорж уугаад ар араасаа ажилдаа гарав. Тэд өдөрт гурван удаа хооллодог.

ХОЁР ХҮҮХЭД НИЙЛЭЭД ӨДӨРТ 50-60 ШУУДАЙ ТӨМС ХУРААДАГ

Энд гэрээтээр ажиллаж буй Э.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэр бол энд ажиллаж буй зургаан охины нэг. Хамгийн шалмаг хөдөлгөөнтэй нь гэнэ.

-Хэд хоногийн гэрээтэй ажиллахаар ирсэн бэ?

-Энд хоёр долоо хоногийн хугацаатай гэрээ байгуулж ирсэн. Өчигдөр хугацаа дууссан юм. Гэсэн ч талбай дуусаагүй болохоор хэд хоног сунгаж ажиллахаар болсон. Бороо орсон үед ажиллаж чадахгүй юм. Ойрын хэд хоног бороо их орлоо. Цас орохоос өмнө дуусгах даалгавартай байгаа. Анх удаа ийм ажилд ирлээ.

-Өдөрт хэдэн шуудай төмс хурааж байна вэ?

-Хоёр хүүхэд нийлээд 50-60 шуудай төмс хураадаг. Хамгийн багаар бодоход л ийм. Энд 20 хүүхэд ажиллаж байгаа. Тэгэхээр өдөрт хамгийн багадаа 500-600 шуудай төмс хураадаг гэсэн үг. Бороо орохгүй бол илүү ч ажиллах боломжтой юм билээ.

-Зуунмод хотоос ирсэн гэсэн. Зуны амралтаараа юу хийв?

-Би Сэргэлэн сум руу хөдөө явсан. Гэрийн ажил хийж байгаад л ирсэн. Хичээлд ороод удаагүй байхдаа энд хүрээд ирлээ. Өдөрт гурван удаа хоол иддэг, завсраар нь боорцог идэж кофе ууж болно. Хажуугаар нь чихэр иднэ. Хоол нь амттай /инээв/. Хамт ажиллаж байгаа хүүхдүүдээс маань ядарч, шантарч байгаа нь бараг алга. Багаараа ажиллаж байгаа учраас гоё байна гэв.

Төв Политехникийн коллежийн хүүхдүүд өдрийн 40 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Үүнийх нь 10 мянган төгрөгийг сургууль нь авч төвлөрсөн мөнгөөр нь оюутнууддаа дүрэмт хувцас авдаг гэнэ.

Хүүхдүүдийг өдрийн хоолноосоо буухын өмнө үр бүтээлтэй ажилласан хүүхдийг шагнах тухай мэдээ дуулгав. Тэд ч дуу шуу хөл хөөр болсоор талбай руугаа гүйлдлээ.

М.Даваанямынх энэ жил 37 га талбайгаас 400 тонн төмс хурааж авна. Энэ жил газар дээрээсээ шуудай төмс 40 мянган төгрөгөөр ченжүүдийн гарт хүрч байгаа юм байна. Өнгөрсөн жил газар дээрээсээ 23 мянган төгрөгөөр зарагдаж байсан ч энэ жил ургац ховор байгаатай холбоотойгоор үнэ нь өсчээ. Шинэ ургацын төмс худалдаж авахаар портерууд ар араасаа эгнээд жагсаж байна лээ. Нийт ургацынхаа тодорхой хувийг газар дээрээс нь борлуулаад үлдсэнийг нь зооринд хадгалаад хэрэгцээнд нь тааруулж гаргаж зах зээлд нийлүүлдэг байна. 400 тонн төмсийг Цагаан сараас өмнө дуусгах талаараа ярьж байна. Жаргалант сумын тухайд Улаанбаатарын хүнсний ногооны хэрэглээний цөмийг хангаж ирсэн талаар ногоочид хэлдэг. Томоохон сүлжээ дэлгүүрүүд ч Жаргалантын төмсийг илүүд үзэж авдаг юм байна. Учир нь энд хөрс нь илүү эрүүл байдаг ажээ.

Тариалан эрхэлдэг ААН-үүдийн зүгээс техник сайжруулах хэрэгцээ байгаа талаар хэлж байв. Комбайн авчихвал ажиллах хүч хайж сандардаг үзэгдэл үндсэндээ цэгцрэхийг онцлов. Цаг хугацаатай уралдаж явдаг энэ ажилд техник чухал үүрэгтэй. Жаахан алгуурлахад л ургацаа цасанд даруулах эрсдэлтэй тул цаг агаарын мэдээг цаг тутам сонсож, нөөц бололцоогоо тултал ашиглаж шоргоолж шиг л зогсолтгүй ажиллаж байна.

Талбай дахь хүүхдүүд ч үүнийг ухамсарлажээ. Энд тэндгүй тонголзож гүйгээд л ногоон шуудайнуудыг нүд ирмэхийн зуурт л дүүргэж тавиад байх. Энэ завсраа тэд хошигнож бие биенээ явуулахаа мартахгүй. Урд гарч тонголзох нэгнийхээ араас жижигхэн төмс чулуудаад тачигнатал хөхрөлдөх хүүхдүүдийн ажил гэрлийн хурдаар л урагшилж байна.

Төв Политехникийн коллежийн нэгдүгээр дамжааны оюутан М.Хантайшир “Бөөнөөрөө ажилд зүтгэхэд ажил хурдан явдаг юм байна. Найзуудтайгаа хамт дурсамж бүтээж ажиллаж байгаа анхны тохиолдол минь энэ. Ажлаа хийх завсартаа тоглож наадаж байхад л өдөр өнгөрчих юм. Оройдоо жаахан ядардаг ч цалингаа тооцож үзээд мартчихдаг. Энд ажиллаад хөдөлмөр эрхлэх талаар анхны ойлголттой болж байна. Хөдөлмөрлөөд л сайхан амьдрахыг илүү ойлголоо. Ямар ч ажлаас халшраад байхааргүй болж байна” гэв. Тэрбээр цааш нь “Бидний хураасан ногоог Улаанбаатар хот руу нийлүүлнэ гэж бодохоор сайхан байх юм. Бүтээн байгуулалтад бага ч болов хувь нэмрээ оруулж байгаа хамт олноороо бахархаж байна” гэж ярина лээ.

Жаргалант сум бол газар тариалангийн бүс нутаг. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь тариалан. Айл бүр хашаандаа ногоо тарьдаг. Мал сүргээс илүү газар тариаланд ач холбогдол өгдөг талаар тариаланчид хэлж байна. Хүнсний ногооноос гадна хадлан бэлтгэх ажил өрнүүн явж байна. Эндээс бэлтгэсэн хадлангаа говь руу нийлүүлдэг гэнэ. Жаргалантын өвс ч шимтэй тул булаацалдаад авдаг талаар хадланчид хэлнэ лээ.

Буйдхан суурингийн хаяанд ногоо тариалж, амьжиргаагаа залгуулахын зэрэгцээ ажлын байр бий болгож илүү өргөжүүлэх амбицтай ажиллаж буй тариаланч залуугийн ажлын нэг өдрийг зураглахад товчхондоо ийм байна. Ирэх жил тэрбээр техникээ баяжуулж илүү талбайд төмс, хүнсний ногоо тариалж ажиллахаа хэлж байна лээ. Ургахын улаан нартай уралдаж ажилдаа гарсан тэд харанхуй нөмөртөл талбайдаа ажиллаад сая нэг шороотой хувцсаа гөвөөд гэр рүүгээ дөхөхөөр алхав.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 26, Ангараг гариг. Билгийн тооллын 12, тооно одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6:44 цагт мандан, 18:44 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.