Categories
нийгэм цаг-үе

Явган болон дугуйн замын нийт 25 байршилд засвар, өргөтгөл хийнэ DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Энэ онд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн явган хүний болон дугуйн замын нийт 25 байршилд 19,629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнээс 12 байршлын 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан, 10 байршлын 10,904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн гурван байршлын ажил удахгүй эхэлнэ.

Явган хүний замыг засварлах, өргөтгөхдөө сургуулийн орчин, гол магистрал замууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг гаргаж байгаа. Гэр хорооллын бүсэд хийх 16 цэцэрлэгт хүрээлэнгийн 12-ынх нь ажил эхлээд байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам, талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлагыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг шинээр байгуулсан. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээн авч, хэлэлцэх ажлын жагсаалтын дагуу хуралд хэлэлцүүлж байна. Авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх 58 асуудал, орц гарц гаргах 68, нийт 126 асуудлыг хэлэлцлээ. Үүнээс сэтлэх сүвлэх 31, орц гарцын 13 зөвшөөрлийг олгохоор болсон. Авто замын нөхөн сэргээлтэд Нийслэлийн Замын хөгжлийн газар хяналт тавьж, явган зам, тохижилт, ногоон байгууламж доогуур хийсэн шугамын ажлын нөхөн сэргээлтийг УБЗАА хяналт тавин ажиллаж байна гэлээ.

Мөн УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн, Хүн төвтэй гудамжийг бий болгох ажил 2022 оноос эхэлсэн. Энэ жилийн хувьд бид сургууль орчмын байршилд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн зам нь дан шороогоороо, ус их тогтдог, зарим хэсэгтээ 50 см орчим өргөнтэй тул хоёр хүн зэрэгцэн явах боломжгүй байсан. Одоо бол хамгийн нарийн хэсэгтээ 1.5 метр өргөн болсон байна. Түүнчлэн замын гэрэлтүүлгийн шонгууд нь голлосон байсныг сургуулийнх нь хашаа руу зөөж чөлөөлсөн. Ер нь явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн эдгээр ажлыг долоодугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн засвар, өргөтгөл хийхдээ хотын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа юм хэмээв.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Г.Бадамцэцэг: Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд сэтгэцийн өвчин буюу F17 гэдэг ангиллаар бүртгэсэн DNN.mn

НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн Г.Бадамцэцэгтэй ярилцлаа.


-Утаат тамхи, электрон тамхи хоорондоо ялгаатай юу. Хорт чанарын хувьд ямар вэ?

-Бүх төрлийн тамхи никотин агуулж байдаг. Тиймээс ялгаагүй бүгд хүний биед хортой. Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн буюу янжуур тамхи, утаат тамхи, дүнсэн тамхи, электрон тамхи, халаагуурт тамхи, хамрын тамхи гээд бүгд орно. Эдгээр нь бүгд никотин агуулж байгаа. Утаат тамхинд химийн нэгдлүүд, хортой химийн хүнд нэгдлүүд агуулагдаж байдаг.

-Никотин нь хүний биед яаж үйлчлэх вэ?

-Халдварт бус бүх төрлийн өвчний эрсдэлд амархан өртөх магадлалыг тамхи татдаг хүмүүст өндрөөр үүсдэг. Халдварт бус өвчин нь амьдралын хэв маяг зан үйлийн буруу дадал зуршлаас үүсдэг өвчин эмгэгийг хэлнэ. Энэ өвчин эмгэгт зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын архаг бөглөрөлт өвчин зэргүүд орно. Үүнд хүн өөрчилж болох, өөрчилж болохгүй анхдагч хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Түүний өөрчилж болохгүй хүчин зүйлд нь нас, удамшил гэх зэргүүд орно. Өөрчилж болох хүчин зүйлд нь архи тамхины хэрэглээ, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэргийг өөрчилж болно. Тамхи татдаг бол болих, архины хэрэглээнээс татгалзах, амьдралын буруу хэв маягаа засч залруулж болно. Никотин нь сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис. Тамхи татах хорхойсол бий болгодог. Тамхичдыг тамхинаас амархан гаргах чадваргүй болгон, биед никотиний хамаарлыг үүсгэдэг. Никотин нь тамхи татахаас татгалзах үед бие махбодийн болон сэтгэцийн олон хамаарлыг бий болгодог хорт бодис юм. Нэг ширхэг тамхи татахад 1-2 мл никотиноор амьсгалдаг. 50-60 мл никотин хүнийг шууд үхэлд хүргэдэг. Тамхи татсанаас долоон секундын дараа никотины үйлчлэл дахин илэрдэг. 15-20 секундын дараа хөл гарын мэдрэмжид нөлөөлдөг. Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд сэтгэцийн өвчин буюу F17 гэдэг ангиллаар бүртгэсэн.

-Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй вэ?

-Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэгчийнхээ тавин хувийг үхэлд хүргэдэг. Хоёр хүн тутмын нэг нь тамхинаас шалтгаалж нас бардаг гэсэн үг.

-Зарим хүмүүс янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхи татдаг. Элекрон тамхи татаад тамхинаас гарах уу?

-Электрон тамхинд 2000 гаруй химийн хорт бодис агуулдаг. Жишээлбэл, уушгины хорт хавдар үүсгэдэг хөлдөхөөс сэргийлсэн химийн хорт бодис. Амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд, үнэр амт оруулагч химийн бодисууд агуулагддаг. Тамхинд хүчтэй донтолтыг үүсгэж, тархины хөгжлийг сааруулж, сурах чадвар, санах ой, анхаарал төвлөрөлтөд нөлөөлж байгаа

Тэгэхээр бүх төрлийн тамхинд никотин агуулж байгаа учраас электрон тамхи ч адилхан хор хөнөөлтэй. Тамхин дахь никотин мэдрэлийн тогтолцоог гэмтээж хамааралт байдалд оруулдаг. Ингэснээр тухайн хүнд тамхинаас гарах үед илрэх шинж тэмдэг нь бие эвгүйцэж, нойр хүрэхгүй байх, тайван биш болох, толгой өвдөх, ханиах, анхаарал саринах зэргээр илэрдэг. Тамхи татаж л байгаа бол никотиныг уушги руугаа сорж байгаа учраас биед хоруу чанар үүсч л байгаа. Тиймээс электрон тамхи нь тамхинаас гарах арга биш юм. Тамхинаас татгалзаж, татахаа болиход дөрөв дэх хоногоос хойш дээрх үгүйлэх шинжүүд маш хүчтэй илэрдэг. Энэ нь аажимдаа 5-10 хоногтоо буурч, дөрөв дэх долоо хоног хүртэл үргэлжилдэг. Тухайн хүн эхний маш хүчтэй үгүйлэх дөрөв хоногийг даваад, дараачийн нэг сарыг давчихвал дээрх шинж тэмдгүүд алга болчихно.

-Тамхи татахаа больсноор хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Жишээлбэл, эхний 1-2 дахь долоо хоногт цусны эргэлт, зүрх судасны үйл ажиллагаа сайжирна. 1-9 дэх долоо хоногоос ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг алга болно. 10 жилийн дараа уушгины хорт хавдрын эрсдэлээс болж нас барах шалтгааныг 50 хувь бууруулдаг. Тамхи татахаа болихоор миний нас уртсах уу гэж хүмүүс асуудаг. Хэдий чинээ тэр хүн тамхинаас эрт гарна ач холбогдол нь өндөр байна. 25-34 насны иргэн тамхинаас гарахад нас нь 10 жилээр уртасдаг бол 55-64 насныхан тамхинаас гарахад насжилт нь гурван жилээр уртасдаг судалгаа бий. Тэгэхээр тамхийг хэдий чинээ эрт хаяна, таны нас төдий чинээ уртсах боломжтой. Тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс уушгины хавдраар болж нас барах эрсдэл 4-24 дахин их. Уушгины хавдраар оношлогдож байгаа 10 хүний ес нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Бүх төрлийн хавдраар нас барж байгаа хүмүүсийн 30 хувь нь тамхинаас шалтгаалсан байдаг.

-Электрон тамхи татаж байгаа хүмүүсийг харахад өсвөр үеийнхэн, залуус голцуу хэрэглээд байгаа харагддаг. Энэ нь тамхи хэрэглэгчдийн нас залуужаад байгаа мэт анзаарагддаг. Тамхи татдаг хүмүүсийн насны хувьд судалгаа хийсэн болов уу?

-Халдварт бус өвчин осол гэмтлийн судалгаагаар 2015 онд хийсэн судалгааг 2019 онтой харьцуулахад насжилт нь залуужсан. Тамхи татаж эхэлсэн нас 18, 19-тэй гарсан. Электрон тамхины хэрэглээг өсвөр үе, залуус нэгнийгээ даган дуурайх, бусдад гоё харагдах, сонирхох маягаар татаж эхэлдэг асуудал гарч байна л даа.

-Нэгэнт тамхинаас гарахаар шийдсэн бол бүдүүн тамхиа нарийн болгох, эсвэл Vape буюу электрон тамхи татах нь гарах арга биш юм байна. Тэгвэл тамхинаас гарахын тулд өөр юугаар орлуулж болох вэ?

-Никотин орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Эрүүл мэндийн сайд 2022 онд тушаал гаргаад, баталчихсан. Никотин орлуулах эмчилгээ гэж бий. Энэ нь үгүйлэх хам шинжийг өөрийн хяналтад байлгахад тусалдаг. Тамхинаас гарсан өдрөөс эхлээд никотин орлуулагч эмчилгээ хийлгэх нь ашигтай. Мөн наалт болон бохь бий. Наалтыг өдөр бүр сольж үр дүн өгтөл нь хэрэглэдэг. Бохь нь хурдан хугацаанд тамхи татах бодлыг сарниулдаг, хурдан үйлчилгээтэй.

-Үүнийг эмчийн заавраар хэрэглэх үү?

-Заавал эмчийн заавар жороор хэрэглэнэ гэсэн хатуу заалт байхгүй. Тамхинаас гарах хүсэл сонирхолтой бүх хүмүүс хэрэглэж болно. Тамхи татахад хүн өдөрт дунджаар 40 минут, нэг жилд 240 цагийг зарцуулдаг. Тэгэхээр жилд 10 өдрийг зөвхөн тамхи татаж өнгөрүүлж байна гэсэн үг. Жилд өөрийн олсон орлогынхоо 10-12 хувийг тамхинд зарцуулдаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан.

-Тамхи татдаггүй ч дам тамхидалт буюу тамхи татаж байгаа хүний хажууд байх нь илүү эрсдэлтэй гээд байгаа шүү дээ?

-Дам тамхидалтын нөлөө асар хортой. Дэлхий дээр дам тамхидалтын нөлөөгөөр жилд 1.2 сая хүн нас барж байна.

Categories
нийгэм цаг-үе

Ноолуур 90-120 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур кг нь 90.000-120.000 төгрөгийн үнэтэй байна.

  • Ноос кг нь 500 төгрөг, өлөн 4000 төгрөг,
  • Үхрийн шир 5000 төгрөг,
  • Ноос кг нь 14.000 төгрөг,
  • Адууны шир сүүлтэй 10.000 төгрөг,
  • Адууны сүүл ширхэг нь 10.000 төгрөг,
  • Дэл кг нь 5000 төгрөг,
  • Цагаан шир 40.000 төгрөгийн тус тус үнэтэй байна.

Мэдээллийн “Малчны лавлах-109” төвийн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хүнсний “Хүчит шонхор” захад үхрийн мах кг нь бөөний үнээр 12.000-16.000 төгрөгийн үнэтэй байв. Жижиглэнгийн үнээр ястай нь 17.000-22.000 төгрөг, цул нь 19.000-22.00 төгрөг байв.

  • Ямааны мах бөөний үнээр 9000-9500 төгрөг, жижиглэнгээр 11.000-12.000 төгрөг,
  • Хонины мах бөөний үнээр 11.000-13.000 төгрөг, жижиглэнгээр 13.500-15.000 төгрөг,
  • Адууны мах бөөний үнээр 7000-85000 төгрөг, жижиглэнгээр 10.500-11.500 төгрөг,
  • Тэмээний мах бөөний үнээр 8000-8200 төгрөг, жижиглэнгээр 11.000-13.500 төгрөг.
Categories
онцлох-нийтлэл үндэсний-бөx

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүдийн цөм нь Сүүж ууланд бэлтгэлээ базааж байна DNN.mn

Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэхэд чуулж наадамчин олныг цэнгүүлэх хүчтэнүүдийн цөм нь “Сүүж уул”-ын амралт, сувиллын газарт бэлтгэлдээ гарчээ. Энд Ховд аймгийн “Ховд”, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн”, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” зэрэг дэвжээний 80 орчим залуус бэлтгэлдээ гараад байна. Биднийг очиход хамбан шар эмжээртэй шинэ гэр босгочихсон байсан нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх улсын залуу аварга О.Хангайгийнх гэнэ. “Ховд” дэвжээний удирдлагууд шинэ аваргадаа зориулж зургадугаар сарын эхээр энд шинэ гэр босгожээ. Харин хамбан шар эмжээр нь аварга болохдоо өмссөн дээлний өнгөө бэлгэдсэн бололтой. Хажууханд нь байрлах хоёр гэрийн нэг нь улсын заан Б.Бат-Өлзийгийнх. Нөгөөд нь улсын заан Б.Пүрэвсайхан байрлаж буй гэнэ. “Ховд” дэвжээний манлай гурван хүчтэн энэ жил тусдаа гэр барьж бэлтгэлдээ гараад байна. Харин улсын наадмын цолны даваанд хоёр ч удаа очоод бүдэрсэн аймгийн арслан Д.Бадамгарав хэдэн залуусын хамт байшингийн үүдэнд хүчний бэлтгэлээ хийж байгаатай тааралдлаа. Тэд энэ сарын эхээр бэлтгэлдээ гарсан бөгөөд одоогоор өглөө, оройдоо хөнгөхөн мэхээ давтаад, хүчний бэлтгэлээ түлхүү хийж байгаа гэнэ. Өнөөдрөөс хөдөө, гадаа явсан бөхчүүд нь бэлтгэлдээ бүрэн нэгдэж барилдааны бэлтгэл жигдрэх гэнэ. Биднийг очиход бөхчүүдийн олонх нь амарч байв. Аймгийн цолтой цөөхөн хэд нь л хүчний бэлтгэлээ базааж байлаа. Тэднийг анзаарч байтал төд удалгүй улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох нэгдэв.

Наадмын дэвжээнд огцом бяр, тэсрэлтээ гайхуулдаг түүний бэлтгэлийг залуу хүчтэнүүд нүд салгалгүй, анхааралтай ажиглах. Нэг ч гэсэн зүйлийг нь сурч авахаар оролдож байгаа нь илт. Д.Цэрэнтогтохын тухайд улсын аварга П.Бүрэнтөгсөөр тав давж начин цол хүртсэн зоригтой, цог золбоотой барилддаг бөх. Наадмын дэвжээнд улсын аварга О.Хангайг давхар ачаад чулуудчихдаг ойгүй бяртай нэгэн. Энэ жил заал танхимын барилдаанд түрүүлж, шөвгөрч сайн барилдсан тэрбээр формоо хадгалахаар эртлэн бэлтгэлээ гараад байгаа нь энэ. Ямар ч бяртай эрийг малгай шиг дүүгүүрдээд чулуудчихдаг Цэрэнтогтох начингийн хүчний бэлтгэлийн үзүүлэлтийг харсан залуус толгой сэгсрэх юм билээ. Начин өсч яваа залуу бөхчүүдэд ч туршлагаасаа харамгүй хуваалцаж, зөвлөж байв.

Эдний урдхан талд байрлах намхан саарал байшинд “Аварга” сургуулийнхан байрласан талаар хэллээ. Дөхөөд очвол үүдэн дэх модон саравчинд чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах, гавьяат дасгалжуулагч Бямбажавын Баттулга, гавьяат багш Б.Адъяахүүгийн хамт сууж байх нь тэр. Тэдний голд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, медальт, гавьяат тамирчин, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл суух аж. Хоёр гавьяат багш, гавьяат тамирчин шавийнхаа бэлтгэлийн төлөвлөгөөг илүү нарийвчилж хоорондоо зөвлөж суугаа нь энэ бололтой. АХ-ын 100, 101 жилийн заан М.Лхагвагэрэлийг өнөө жил цолыг нь батлуулах, цаашлаад ахиулах, үүний тулд ямар бэлтгэл шаардлагатай талаар үндэсний бөх болон чөлөөт бөхийн энэ цагийн шилдэг багш нар тархиа гашилгаж сууна. Дэлхийд данстай бөх болохоо зарласан М.Лхагвагэрэл заан үндэсний бөхөөрөө ч оргилд нь гарахаар энд шамдаж байна. Түүний бэлтгэлийг хангахад “Аварга” сургуулийн оюутан хүүхдүүд гар бие оролцох бололтой. Бүгд далбаа, шуудгаа зэхээд ирцгээжээ. Энэ цагийн Дэлхийн шилдэг хүчтэний бэлтгэлийг хангалцаж, юм сураад авна гэдэг тэд ч хувьтай хүүхдүүд юм. Лхагвагэрэл заан том бөхчүүдтэй тулахаас илүү залуу бөхчүүдтэй цуваа барилдаанд орж бэлтгэлээ хангахыг илүүд үзэж байгаа бололтой. Түүний бэлтгэлийн ирийг гавьяат багш Б.Адъяахүү тааруулахаар алхам бүрийг нь л ажиглаж сууна. Сүүжийн бэлтгэлээс наадмын дээгүүр даваанд гарч барилдах залуусын тэргүүн эгнээнд М.Лхагвагэрэл зааныг бөхчүүд нэрлэж байв. Өнөөдөр тэр барилдааны бэлтгэлгүй, хөнгөхөн дасгал хийгээд амарч байгаа гэнэ.

Сүүж уул амралтын баруун хойд талын байшин ганцаараа тод шар өнгөтэй нь бусдаасаа содон юм. Энд бэлтгэлд гарсан залуусын хэлж байгаагаар тэр шар байшинд байрласан бөхчүүд цол ахидаг зүй тогтол байдаг гэнэ. Э.Оюунболд л гэхэд яг энэ байшинд байрлаж шууд улсын наадамд түрүүлж байжээ. Залуу бөхчүүд тийшээ орох их сонирхолтой ч том цолтой бөхчүүдийн өмнүүр хөндөлсөөд байж зүрхэлдэггүй бололтой. Байрласан бөх нь цол ахидаг зүй тогтолтой байшин руу дөхөж очвол өөдөөс улсын харцага Ганбатын Алтангэрэл хүүгээ хөтлөөд гарч ирэх нь тэр. Тэрбээр “Ховд” дэвжээний ахлах дасгалжуулагч юм. Өөрөөр хэлбэл шинэ аварга төрсөн дэвжээний ерөнхий бэлтгэлийг энэ хүн хариуцдаг. Зөрсөн залуус бөхөлзөж хүндлэл үзүүлэх түүнтэй хөөрөлдлөө.

-Таны хариуцдаг “Ховд” дэвжээний залуус өнгөрсөн жилийн наадмын өнгийг тодорхойлж шинэ аварга цолтон төрсөн. Энэ жилийн тухайд танай бөхчүүдийн өнгө ямар байна вэ?

-Хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүнд бид өнгөрсөн жил шинэ аваргаа хүлээж авсан. Олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд хүлээлт тайлагдсан. Энэ жилийн тухайд шинэ аварга О.Хангай, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар маань бүгд бэлтгэлдээ гараад байна. Одоогоор хараахан жигдрээгүй, хэн ямар байгааг нь шууд хэлэх боломж алга. Ойрд болсон заалны барилдаануудаас анзаарвал Б.Пүрэвсайхан заан энэ жил гойд сайн байна. Бөх сонирхогчид ч харж байгаа байлгүй дээ. Тун хий зайгүй байна шүү.

-Та шавь тус бүрдээ таарсан бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулдаг уу. Эсвэл ерөнхий бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад түүнийгээ мөрдөж байна уу?

-Хүн бүрийн бие организм, өөр хоорондоо харилцан адил биш. Нэг төлөвлөгөө баталж гаргачихаад түүнийгээ хүн бүрд туршаад байвал үр гарахгүй. Хүн бүр барилдааны онцлогтой. Тэр бүрийг нь илүү боловсруулахад анхаарч ажилладаг. Хамгийн гол нь гаргаж байгаа алдааг нь ойлгуулж хэлж өгдөг. Одоо тэгээд яг тэгж барилд, ингэж барилд гэдэг зөвлөгөө өгдөг цаг ард үлдсэн дээ. Барилдааны судалгаа өндөр хөгжсөн ийм үед алдаан дээр нь ажиллаад захиад явах нь илүү үр дүнтэй. Хажуугаар нь гол өрсөлдөгчидтэйгөө барилдах тактик боловсруулна.

-МЗХ-ны 100 жилийн баяр наадамд шөвгөрсөн найман бөхийн тэн хагас нь энэ дэвжээнээс байсан санагдаж байна. Тэр жил танайхны бэлтгэл гойд сайн байв уу?

-Тэр жил “Ховд” дэвжээ бүтэн багаараа мундаг ажилласан. Наадамдаа ч сайн барилдсан. Тухайн үедээ улсын цолны батламж олгосон ч өнөөдрийг хүртэл олгож өгөөгүй л явна. Шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг хуураад. Шавь нарынхаа өмнөөс харамсах сэтгэл төрдөг л юм.

-Энд бэлтгэлд гарсан бөхчүүд наадамд өнгөлдөг зүй тогтол харагдаад байна л даа. 2019 болон 2022 оны наадмын түрүү яг эндээс тодорч. Ямар онцлог байна вэ?

-Яг судлаад гаргачихсан зүйл байхгүй л дээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан хангай. Ийм газарт бодол сэтгэлээ цэгцлээд наадамдаа очно гэдэг өөр. Бусад газруудтай харьцуулахад илүү өндөрлөг. Ийм газарт бэлтгэлийн ачаалал авсан хүн тэр доор очоод барилдахад ямар ч хүнд барилдааны ард нь гарна л гэж боддог. Энгийнээр тайлбарлахад онцлог нь ийм л байх.

-Таны энэ шар байшинд байрласан бөхчүүд сайхан нааддаг гэлцэх юм.

-Энэ үнэн шүү. Оюунболд энд байрлаад улсын аварга болж байлаа. Жилийн жилд эрт бэлтгэлдээ гардаг юм. Энэ жилийн тухайд тодорхой асуудлын улмаас ирэхгүй нь бололтой. Бэлтгэсэн бөхчүүдээс маань наадмын түрүү тодрох юм болов уу гээд л энд байрлалаа.

Бид ийн хөөрөлдлөө. Энд мөн Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний залуус байрлаж байна. Улсын цолд яригдах залуусаас М.Бямбадорж арслан харагдлаа. Мөн сонирхогчийн сумогийн Дэлхийн аварга хошой аварга, аймгийн заан Баасандоржийн Бадрал энд бэлтгэлээ базааж байна. Эдний хэн хэн нь л улсын аварга, арслангуудыг хазайлгадаг залуус.

Ингэж байтал өдрийн хоолны цаг нь болов. Аймгийн цөөхөн цолтнууд болон сумын заанууд л хоолонд орохоор заал руу орж байна. Улсын цолтнууд харагдсангүй. Тэд хувийн тогоочтой бэлтгэлд гардаг болжээ. Нийтийн хоолноос тэр бүр ам хүрдэггүй гэнэ. Улсын аварга О.Хангай л гэхэд дүүтэйгээ хамт байрласан бөгөөд дүүгийнхээ л гарын хоолыг идээд бэлтгэлээ хийнэ. Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нарын заанууд ч мөн адил. Хамт дагуулж гарсан хүнийхээ хоолыг идээд л бэлтгэлээ хийдэг. Харин зааланд хооллох залуу бөхчүүдийн порц амрагчдынхаас арай ахиу. Амрагчид 400 граммын тавгаар шөл ууж байхад аймаг, цэргийн цолтнууд 500 граммын том цагаан тавгаар иднэ. Бөхчүүд бэлтгэлд гарахад тэдэнд зориулж ийм порц бий болгожээ.

Сонируулахад Улсын аварга О.Хангайтай бэлтгэл хийхээр зорьж очих бөхчүүд ч байдаг гэнэ. Хэд хоногийн өмнө улсын начин Э.Сумъяабат, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар ирээд хэсэг байж байгаад тус тусынхаа гал руу буцжээ.

Энд улсын цолд горилох хэд хэдэн залуус байна. Начны даваанд хоёр ч удаа тулж очоод бүдэрсэн Ховдын аймгийн арслан Б.Тайван өнөө жил тун өнгөтэй байгааг дасгалжуулагч нь онцлов. Мөн Д.Бадамгарав, Ж.Жавхан нарын залуус бэлтгэлээ базааж байв. Завханы “Даян” дэвжээнд ч наадмын шөвгийн даваанд босох залуус нэг биш бий. Шилүүстэйн Д.Батбаатар, Идэрийн А.Нармандах нарын аймгийн арслангууд эндээс улсын цолд горилж байна. Тэд бүгд л улс, аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрчихсөн, бөхийн хүрээнд танигдсан улс. Сураар бол элдүүр нь ханачихсан гэж хэлж болно.

ЦАХИУР ХАГАЛАХ ЗАЛУУС ХААНА ЯМАР ГАЛД БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА ВЭ

Аймгийн цолтой залуу аварга, арслангуудыг нураагаад түрүүлдэг нь үндэсний бөхөд хэвийн үзэгдэл болсон. Өнөө жил ч ингэж цахиур хагалж, индэрт гарч мэдэх залуус хэд хэд байна. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн начин М.Баяржавхлан өнөө жил Т.Өсөх-Ирээдүй харцагын удирдлагад баяр наадмын бэлтгэлээ базааж Н.Батсуурь, П.Бүрэнтөгс гээд энэ цагийн манлай аваргуудыг ч тэнгэр харуулдаг энэ залуу шууд улсын наадамд зодоглох бололтой. Улс, аймгийн цолтнуудын барилдаанд их шөвөгт шалгарсан амжилттай тэрбээр улсын заан Ц.Мягмарсүрэнгийн төрсөн ахынх нь хүү нь юм. Энэ жил улсын арслан Б.Орхонбаярын хамтаар “Алдар” спорт хороонд баяр наадмын бэлтгэлээ базааж байна.

Тэгвэл Сар шинийн барилдааны түрүү бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал “Бөх билэгт” дэвжээндээ Сүүж уулсын орчимд бэлтгэлдээ гараад байгаа гэнэ. Наадмын дэвжээнд дээгүүр даваанд харах бөх энэ залуу. Бэртэл гэмтэлгүй тун сайн байгааг нь бөхчүүд хэлж байна. Түүнчлэн цэргийн заан Ө.Батсуурийн бэлтгэл сургуулилалт гойд сайн байгаа ажээ. Эндээс гадна аймгийн хурц арслан О.Наранбаатар, Н.Өсөхбаяр, Э.Мөнхбаатар гээд тулаад гараад ирж мэдэх залуус олон байна.

Цэнгэлдэхэд чуулах хүчтэнүүдийн цөм нь цугладаг Сүүж уулын галын амралтын өдрийг товч зураглахад ийм. Анзаарахад бөхчүүд бэлтгэлд гарахдаа хувийн дасгалжуулагч, тогооч, эмчийг хамт дагуулж гардаг болжээ. Зөвхөн тухайн бөхийн биеийн онцлогт тохирсон хоолны жор гаргаж, бэлтгэлийн горимдоо тохируулж хооллоно. Нэг бөхийн ард бүтэн баг ажилладаг болж.

Сонирхол нэгтэй залуус бөхийн галд гарах нэрээр нийлж мах чанаж идэж байгаад наадамд барилддаг цаг ард хоцорсон байна. Бөхчүүд бэлтгэл хийхдээ илүү шинжлэх ухаанчаар, бүтээлч хандах болжээ. Хангай аваргын бэлтгэлийг л гэхэд Ц.Мягмарсүрэн хариуцаж байгаа бол Лхагвагэрэл зааны бэлтгэлийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат багш Б.Адъяахүү нар хамтдаа хариуцна. Харин Б.Пүрэвсайхан зааны бэлтгэлийн горимыг нь улсын заан Ч.Батзориг тохируулна. Гэх мэтчилэнгээр наадмын өндөр давааг харж байгаа бөхчүүд тус бүрдээ хувийн багш дасгалжуулагчтай бэлтгэлээ базааж байна.

Categories
нийгэм цаг-үе

Нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 23-ны 20 цагаас 06-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +15…+20 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26…+31 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна

Categories
мэдээ цаг-үе

Согтуу 691 жолооч, эрэн сурвалжлагдаж байсан 80 хүнийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ DNN.mn

Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт өчигдөр “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулжээ.

691 согтуу жолооч, 288 эрхгүй жолооч, эрэн сурвалжлагдаж байсан 80 хүн, эд зүйл, 18 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Улмаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
нийгэм эдийн-засаг

Монголын эдийн засгийн чуулган долдугаар сарын 9, 10-нд болно DNN.mn

Монголын эдийн засгийн чуулган энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах энэ удаагийн чуулганд 1.500 оролцогч оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд 5 өөр байршилд нэгэн зэрэг зохион байгуулагдахаараа онцлог болох ажээ.

Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх бол энэ өдрийн үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавих юм байна.

Мөн чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого”, “Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил” сэдвээр болж,

  • Хөдөлмөрийн зах зээл
  • Дижитал шилжилт ба И-бизнес
  • Худалдааны боломж-Эдийн засгийн чөлөөт бүс
  • Шинэ үйлдвэрлэл-Хүнсний үйлдвэр
  • Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт
  • Шинэ боломж-Аялал жуулчлал зэрэг салбар хуралдаанууд болох ажээ.

Харин 2 дахь өдрийн хуралдааны үндсэн илтгэлийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж, нэгдсэн хуралдаан “Шинэ ирээдүй-шинэ боломж”, “Дэд бүтэц” сэдвээр болно.

Энэ өдөр

  • Хөрөнгө оруулалтын орчин
  • Ирээдүйн хөгжил-Газрын ховор элемент, Зэс, Уран
  • Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, Салхи, Устөрөгч
  • Ашигт малтмалын салбар, сайжруулах орон зай
  • Банк санхүү
  • Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орон
  • Хөрөнгийн зах зээл
  • Уул уурхайн тээвэр, логистик
  • Ногоон хөгжил-Ногоон санхүүжилт салбар хуралдаанууд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хаах юм байна.

Чуулганы зочдод 7 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний их баяр наадмын нээлтийг үзүүлж, “Соёлын наадам” фестивал, Хурдан морины уралдаан, Сурын харваагаар сонирхуулахаар төлөвлөжээ.

“Монголын эдийн засгийн чуулган-2023” арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, Рио Тинто группын ТУЗ-ийн дарга Доминик Бартон нар оролцож хүндэт зочны илтгэл тавих юм байна.

Categories
шинжлэх-ухаан-технологи

Титаникийн аялалд гарсан шумбагчийн салангид хэсгүүд далайн ёроолоос олджээ DNN.mn

Зуу гаруй жилийн өмнө живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд гараад сураггүй алга болсон Титан шумбагч машины сэг өчигдөр далайн ёроолоос олдсоноор уг аялалд явсан таван хүнийг аврах найдлага тасарсан байна.

“Эдгээр хүмүүс нь адал явдалд дурлагчид, далай тэнгисийг судлах, хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, жинхэнэ судлаачид байлаа. Ийм хүнд хэцүү цаг үед бидний зүрх сэтгэл эдгээр таван хүний гэр бүлийнхэнтэй хамт байна” гэж Титан шумбагчийг эзэмшдэг OceanGate Expeditions компани мэдэгджээ.

Канадын эрлийн хөлөг онгоцноос далайн ёроол руу илгээсэн шумбагч робот өчигдөр өглөө усны мандлаас 4 км-ийн гүнд, Титаник хөлгийн үлдэгдлээс 488 метрийн зайд Титан машины салангид хэсгүүдийг олсон тухай АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.

6.7 метр урт эх биетэй Титан шумбагч машины таван том хэсэг далайн ёроолоос олдсон тул түүнийг ямар нэг шалтгаанаар дэлбэрсэн гэж дүгнэжээ.

Хүний цогцсын үлдэгдэл олдсон эсэх талаар аврагчид мэдээлэл өгөөгүй байна.

Шумбагч машинд жолоочоос гадна дөрвөн аялагч явсан юм. Тэд бол Их Британийн 58 настай тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистан гаралтай Британийн иргэн 48 настай бизнесмэн Шахзада Давуд, түүний 19 настай хүү Сулеман, Францын далай судлаач, Титаникийн эксперт гэгддэг 77 настай Пол Анри Наргеолет, OceanGate компанийн Америкийн талын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш нар байжээ.

61 настай Стоктон Раш шумбагч машиныг жолоодож явсан байна.

Ням гарагт сураггүй алга болсон Титан шумбагчийн эрлийн ажиллагаанд өнгөрсөн хугацаанд олон орны аврагч мэргэжилтнүүд оролцож, далайн олон мянган километр талбайтай хэсгийг самнасан юм.

1912 онд Британиас АНУ-ын чиглэлд 1,500 гаруй зорчигчтой анхны аяллаа эхэлсэн Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдсөний улмаас живж байжээ.

Тус хөлгийн эх биеийн үлдэгдэл одоо Канадын Ньюфаундлэнд мужийн Сэйнт Жонс боомтоос өмнө зүгт 640 км зайтай Атлантын далайн ёроолд байдаг.

OceanGate компани живсэн Титаникийн үлдэгдлийг үзэх аяллыг 2021 оноос хойш зохион байгуулж байжээ. Уг аяллын нэг суудлын төлбөр $250,000 юм.

2018 онд болсон далай судлаачдын хурлын үеэр Титан шумбагч машины аюулгүй байдлын асуудал яригдаж, OceanGate компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал шүүхэд дуудагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

Categories
нийгэм

Ламхай нарыг шалгах ажиллагааг УЕПГ-ын мөрдөн байцаах албанд шилжүүлжээ DNN.mn

Ламхай нарыг шалгах хэргийн харьяаллыг өөрчилсөн байна.

“Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харьяаллын гэмт хэрэг болон УЕПГ-аас харьяалал тогтоосон насанд хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
эдийн-засаг

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 8 үл хөдлөхийг худалдах гэрээ байгуулах ажил үргэлжилж байна DNN

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарыг 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдөр www.dbm.mn цахим хуудсанд байршуулж, зургаадугаар сарын 15-наас худалдан борлуулах санал авч эхэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах хүсэлт гаргагчдын саналыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Худалдан авах хүсэлт гаргагчийн цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг 2023 оны зургаадугаар дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт ШӨХТГ болон ТӨБЗГ-ын төлөөллийн хөндлөнгийн хяналт дор нээсэн бөгөөд олон нийтэд зарласан 18 үл хөдлөх хөрөнгөөс 8 үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.5 тэрбум төгрөгийн шаардлага хангасан санал ирсэн.

Үүнд:

• БЗД 1-р хороо, Барилга Мега Стор худалдааны төвийн В1 давхрын 895.02 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай

• Ла Колина хотхоны 3, 10, 11, 14, 15, 23, 26 тоотууд

Дээр дурдсан 8 үл хөдлөх хөрөнгө дээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдтэй цахим системд ирүүлсэн саналыг баталгаажуулах хуудас үйлдэн худалдах үнэ буюу төлбөрийг Хөгжлийн банкны дансанд байршуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

Харин үлдсэн 10 үл хөдлөх хөрөнгө дээр цаашид сонирхсон иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан санал илгээх эрх нь нээлттэй юм. Саналыг банкны цахим хуудсаар Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хэсгийн /Худалдан борлуулах ҮХХ/ цэс рүү нэвтэрч өгөх боломжтой. Ирүүлсэн саналын мэдээллийг бодит цагийн горимоор ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн /Ирүүлсэн саналын мэдээлэл/ цэснээс харах боломжтой.