ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүүтэй ярилцлаа.
-Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Та энэ өдрийг хэдийнээс тэмдэглэж эхэлсэн бэ?
-Багадаа дөрөвдүгээр сарын 1-нийг хүн хуурдаг өдөр гэсэн ойлголттой байлаа. Бүс чинь алдуурчихаж, цамц чинь ардаа урагдчихаж гэх зэргээр бусдыг ихэд хуурдагсан. Харин сүүлийн хэдэн жил манайхан энэ өдрийг инээдмийн баяр болгож, хошин урлагийн хамтлагууд үзэгч олондоо шилдэг уран бүтээлээсээ толилуулдаг уламжлал тогтоод байгаа.
-Та ямар шинэлэг уран бүтээлээр фенүүдтэйгээ уулзах гэж байна?
-Хошин шогийн үзүүлбэр үнэндээ бэлдэж амжсангүй. “Гоёлын даашинз” нэртэй инээдмийн киногоо энэ сард багтааж үзэгчдийн хүртээл болгох санаатай явна.
-Хүн инээлгэх хамгийн хэцүү гэдэг?
-Үнэн шүү. Уурлуулах, гомдоох, уйлуулах амархан. Өөрт нь таалагдахгүй нэг хатуу үг хэлээд л болоо. Харин инээлгэх хэцүү. Ер нь хүн инээлгэнэ гэдэг маш их буян үйлдэж байгаа хэрэг.
Энэ буяныг хэнээс өвл өж авав?
-Ааваасаа гэж хэлж болох юм. Учир нь манай аав их шооч хүн байсан. Гэхдээ хүнийг хэзээ ч хэтрүүлж, бас үнэмшилгүйгээр шоглож байсанг үй. Яг л тухайн хүний дүрийг гаргаж, донж маягийг нь олоод хэлчихдэг байсан. Анзаараад байх нь ээ, амьдрал тэр чигээрээ инээдэм шүү дээ. Аль өнцгөөс харах нь чухал.
Манайхан дээр доргүй л эдийн засгийн хямрал гээд ярьж байна. Бүхнийг гэгээ гэрэлтэй талаас нь харъя л даа. Хямрал ганцхан сэтгэлд байдаг гэдэг биз дээ.
-Тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэхэд хүмүүс огт инээхгүй тохиолдол гардаг уу?
-Гаралгүй яахав. Тийм зүйл олон тохиолдоно. 2000 онд санагдана. “ХТҮЦ” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтарч тоглож байхдаа “Би хулгайч” гэсэн үзэгдэл бэлдсэн юм. Бэлтгэл дээр манайхан инээлдээд, зарим нэгийнх нь элэг хөших нь холгүй байлаа. Дотроо “гараад өгч дээ” гэж баярлан үзэгчид тэр чигээрээ “нурж” байгаа нь нүдэнд харагдаад л. Шөнө ч бараг нойр хүрсэнгүй.
Маргааш нь тоглолт эхлэхэд энгэрээрээ дүүрэн түлхүүр дүүжилчихээд үзэгчдийн өмнүүр явлаа. Хүмүүс “энэ нөхөр юу хийх гээд байна” гэж гайхсан байдалтай харцгааж сууна. Тэгэхээр нь костюмаа яраад л “Би хулгайч” гэлээ. Хэн ч инээсэнгүй. Хоёр гурав алхаж байгаад дахиад “Би хулгайч” гэж өндөр дуугаар хэлэв. Бас л хэн ч инээсэнгүй. Яадаг юм билээ гэж бодон арга барагдаад хоолойныхоо өнгийг өөрчилж байгаад сүүлчийн удаа хэлэв. Мөн л хэн ч инээсэнг үй. Тэгээд цөхрөнгөө бараад хөшигний араар орсон доо.
-Та чинь Өмнөговь аймгийнх байх аа?
-Тийм ээ. Хятад улстай хиллэдэг Баяндалай сумынх.
-Сумандаа аравдугаар ангиа дүүргэсэн үү?
-Баяндалайд VIII анги төгс өөд, Цогтцэций суманд X анги төгссөн юм. Тэр намраа (1982 он) шууд цэрэгт явсан. Аймгийнхаа 167 дугаар ангид гурван жил алба хаасан.
-Сургууль соёлын мөр хөөсөн нь хэдийд билээ?
-Цэргээс халагдаж ирээд дээд сургуульд орохоор элсэлтийн шалгалт өглөө. Их сургуулийн сэтгүүлчийн ангид орчих санаатай байсан ч хуваарь ирсэнгүй. Тэгэхээр нь Багшийн дээд(хуучнаар)- ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг сонирхлоо. Ганцхан хуваарь ирсэн байна. Арваад хүүхэд өрс өлдөхөөр бүртгүүлжээ. “За би ч болих уу даа” гээд шууд татгалзав. Цөөхөн хүүхэд өрсөлдөж байгаа сургуулийн хуваарь хайсан чинь Политехникийн автын инженерийн ангид нэг л хүүхэд өрсөлд өхөөр бүртгүүлж.
Түүнд бараг л орчих юм шиг санаж шалгалт өгөв. Цэргээс халагдаж ирээд дөнгөж хоёр хонож байсан юм. Ахынхаа хэлхэгэр том цамцыг өмсч, зангиа зүүгээд хэрдээ ганган амьтан очлоо.
-Ямар хичээлээр шалгалт өгөв?
-Самбар дээр математикийн гурван бодлого бичээстэй байна. Мэдэх юм нэг ч алга. Гурван жил цэрэгт яваад ирсэн, дээр нь тооны хичээлд муу байсныг хэлэх үү. Бодлогуудыг нь хуулж аваад суулаа. Хүний урманд цаасан дээр үзэгний хошуу ч хүргэсэнгүй. Нүүрээ улалзуулан сууж, сууж хоосон цаас хураалгаж билээ. Шалгалтаас гараад ирэхэд хоёр эгч маань хүлээчихсэн “Яасан, гайгүй юу” гээд асууж байна.
“Гайгүй дээ” л гэв. 30 минутын дараа дүнгээ харахад, миний нэр хамгийн эхэнд бичигджээ. Нэрний маань ард гурван бөөрөнхий өндөг тавьсан байгаа харагдана. Аргагүй шүү дээ, нэг ч бодлого бодоог үй юм чинь. Харин шалгалтын материал засч байсан багш нарт амар байсан байлг үй. Сургуульд орох өнгөрлөө гэж байтал Өмнөговь аймгийн театрт дагалдан жүжигчин шалгаруулж авна гэсэн зар дуулдав.
-Тэгээд театрт оров уу?
-Тухайн үед манай эгч тус театрын жүжигчин байв. Тэр л намайг “арын хаалгаар” оруулсан хэрэг. Гэхдээ мэдээж би өөрөө сонирхолтой байсан. Хамгийн түрүүнд Соёлын яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Ш.Шажинбат зохиолчийн “Улаан морь” гэсэн жүжгийг тоглох болов. 17 настай хүүгийн нэг дүр байсан юм. Театрын жүжигчид дандаа ахмадууд болохоор тэр дүр надад оногдлоо. Жүжигт яаж тоглодог, хэрхэн ажилладгийг мэдэхг үй. Хий дэмий л үгээ цээжлээд байдаг. Найруулагчдаа бүтэн сар толгойгоо эргэтэл загнуулж билээ. Одоо хэр нь санагддаг шүү. Аргагүйн эрхэнд тайзан дээр гарсан.
Танхим дүүрэн суугаа үзэгчдийг хараад бүр сандарч орхив. Цээжилсэн үгээ ч мартчихсан. Хамгийн урд эгнээнд сууж байсан хөгшид “Энэ хүү юу гээд байна аа” гэж нэг нэгнээсээ асууж байгаа нь надад дуулдаад байдаг. Харин миний хэлж байгаа үг өөрт минь л дуулдаж байсан байх. Ингэж аймгийнхаа театрт зургаан сар дагалдан жүжигчин гэх нэрээр ёстой нэг амиа чангаалгуулсан даа.
-Таныг С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, Д.Бямбацогт нарын жүжигчидтэй нэг үеийн оюутнууд гэж дуулсан. Хэдэн онд оюутан болж ирсэн бэ?
-1988 онд 24 настай залуу Багшийн дээд сургуулийн болкино драмын ангид орно гэсэн бодол өвөрлөн ирсэн. Улаанбаатар хотод анх удаа хөл тавьж буй минь тэр. Бурхан хүнийг нэг л удаа хардаг гэсэн үг бий. Тэгэхэд л намайг харсан болов уу гэж бодогддог. 600 шахам хүүхдээс гурван үе шаттайгаар найман хүүхэд шалгаруулж авахад нь үлдсэн юм. Өмнөговийн театрт зургаан сар арьс адил “элдүүлсний” минь ач. Багшийн дээдийн кино драмын ангид хоёр жил суралцаад, 1990 онд Соёл урлагийн их сургууль тусдаа шинээр нээгдэхэд түүнд суралцаж төгсс өн. Биднийг анх дааж авсан багш маань нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан.
“Говийн зэрэглээ” киноны Арслан. Нэгдүгээр ангиа төгсөх жил багш драмын театрын найруулагчаар ажиллах болж, “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Л.Лхасүрэн багш биднийг удирдаж эхэлсэн. Хоёр алдартай уран бүтээлчийн гарын шавь болсноороо бахархдаг.
-Анх ямар кинонд дүр бүтээсэн бэ?
-”Түгшүүрт шөнө” гэж киноны хянагчийн дүрд тоглож байлаа.
-Дэлгэцэнд бүтээсэн цөөн дүрүүдээс тань “Шинэ үсгийн багш” киноны Лагсаг хүмүүст их хүрсэн байдаг?
-Тийм шүү. Миний энэ дүрд хүмүүс их хайртай байдаг. 1999 онд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхад найруулагч Б.БадарУуган агсан “Нэг кино зохиол байна. “ханцуй” Лагсагийн дүрд чи л тохирох юм шиг санагдаад” гэв. Эх зохиолыг нь уншлаа. Маш их таалагдав.
Уул нь Лагсаг эх зохиолдоо тийм ч гол дүр байгаагүй. Зүгээр нэг үзэгдээд өнгөрдөг л дүр байсан. Харин зураг авалтын үеэр чимхлүүр ажлууд хийгдээд аятайхан болчихсон. Зохиолыг нь бичиж, продюссероор нь ажилласан Батжаргалын Жамбалдорж гэж хүний төрсөн нутаг Завхан аймгийн Нөмрөг суманд киноны зургийг авсан.
-Чойжоогийн хөх сарлагтай ноцолддог шүү дээ. Үнэхээр бараагүй юу?
-Яаж барахав дээ (инээв). Тэрхүү эмнэг сарлагийг надтай “барилдахын” өмнө нутгийн залуучууд бүтэн өдөржин шахам ноцолдож, хүч тамирыг нь барсан. Хэрвээ тэгж ноцолдоогүй бол өнөө сарлаг чинь гэдсийг минь хүү татаж орхихгүй юу.
“Шинэ үсгийн багш” кино дэлгэцэнд гарч, олон нийт намайг “ханцуй” Лагсагийн дүрээр хүлээж аваад байж байтал удаа ч үгүй “Ядуугийн зовлон” кино гарлаа.
-Өөрийн эрхгүй айдас төрмөөр кино шүү?
-Харин тийм ээ. “Өнгөт инээд”-ийн захирал Хүсэлбаатартай хамтарч зохиолыг нь бичсэн юм. Тухайн үедээ хүмүүст их цочрол өгсөн. “Лагсагийн тэр сайхан дүрийг ийм аймшгийн киногоор баллаж орхилоо” гэх гомдол олон хүнээс ирж байлаа.
-”Шинэ үе” продакшныг та анх байгуулж байсан гэдэг. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Бооёо драмын театрт, Амбий Б.Батзаяа ахын хошин урлагийн театрт, би Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байсан. Драмынхан, хошин урлагийнхан нийлж тоглолт хийдэг байв. Тухайн үед бид гурав бусдаасаа арай дотно үерхдэг байсан юм. Тэгээд хошин шогийн хамтлаг байгуулъя гэж зориглоод бүгд ажлаа орхихоор шийдсэн. 2000 оны хоёрдугаар сард анх тамга тэмдгээ авч байлаа.
-Хэний нэр дээр авав?
-”Шинэ үе” продакшны нэр дээр авсан. Хамтран эзэмшигч нь дөрвөн хүн байв. Бид гурав дээр Батбаяр гэж манай продакшны менежер залуу нэмэгдсэн юм. Ингээд 2000 оноос хойш бид гурвын нөхөрл өл эхэлсэн дээ. Хувь амьдралд минь дахин давтагдахгүй сайхан дурсамжууд өнгөрсөн он жилүү- дэд үлдэж дээ.
Чанартай сайн тоглолтуудыг ч үзэгч олондоо хүргэдэг байсан. Хошин урлагийн анхны VCD, DVD-г манай продакшныхан гаргасан. Монголын хошин урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог доо. Харин тус тусдаа уран бүтээл хөөснийг хүмүүс янз бүрээр ярьдаг л юм. Надад тэр тухай ярих сонирхол байдаггүй.
-Амбий та хоёрын “Комеди арт” хамтлаг тараагүй биз дээ?
-Үгүй ээ, үгүй. Би сүүлийн үед киноны уран бүтээл рүү ороод хамтлагийн ажлаа орхигдуулаад байгаа.
-Кино урлагт орох болсны шалтгаан юу байв?
-Миний бие хошин урлагт арав гаруй жил тоглочихлоо. Амьдралынхаа бүхий л цаг үеийг энэ урлагт зориулсан хүмүүсийн дэргэд бага байх л даа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд болноо гэж бодож байгаа. Тийм болохоор кино урлагт хөл тавьж эхэлж байна.
-Тэгэхээр өөрийг тань хошин урлагаас татгалзаж байна гэж ойлгож болох уу?
-Шууд ч тэгж ойлгож болохгүй. Хошин урлагаас хөндий байна гэхээр санаанд буудаггүй. Гэвч татгалзах цаг минь ойртож буйг мэдэрч байна.
-Инээдмийн баярын өдөр ярилцаж байгаа болохоор өөрт тохиолдсон хөгж өөнтэй явдлаасаа ярьж, уншигч олонд инээд бэлэглээч?
-Санамсаргүй тагтаа намначихсанаа ярьчихдаг юм билүү.
-Тэг л дээ?
-Биднийг багад тавдугаар сарын 1-ийг “Майн баяр” гэж нийтээрээ тэмдэглэдэг байлаа шүү дээ. Би тавдугаар ангид байсан юм. Баярын парадад амжилттай оролцоно шүү гэж ангийн багш үүрэгдэв. Манай ангид аймгийн төвөөс шилжиж ирсэн банди, жагсаалын эхэнд Орос, Монгол, Негр улсыг төлөөлсөн хүүхдүүд энхийн цагаан тагтаа барьж жагсъя. Тэгээд индрийн өмнө очоод нисгэе гэсэн санааг гаргав. Бүгд дэмжлээ. Би бор царайтай болохоор негр боллоо.
Сургуулийнхаа дээвэр дээр гарч ноцолдсоор гурван тагтаа барьж авч хувинд хийгээд, нүүрээ тогооны хөөгөөр хөөдөж, тас хар хүн жагсаалд яваад очлоо. Сургуулийн гадаах модон индрийн дэргэд сум нэгдлийн дарга, намын үүрийн дарга, сургуулийн захирал гээд олон хүн эгнээд зогчихож. Бид тэдний өмнө очоод тагтаануудаа нисгэх ёстой юм. Тэгтэл миний сэтгэл хөдлөөд жагсч явах зуураа тагтаагаа хүчтэй базчихаж л дээ. Алдчихна гэж бодоод тэр биз. Дарга нарын өмнө очоод тагтаануудаа хөөргөтөл миний барьж явсан тагтаа газар пид гээд унадаг юм.
-Нөгөө хоёр нь нисээд явчихсан уу?
-Тэгэлгүй яахав. Газарт унасан тагтаа маань татганаж байснаа муухан нисмээр аядав. Тэгээд нэгдлийн даргын дээлийн энгэрийг очиж мөргөснөө хөл дор нь унаад үхчихдэг юм. Хүмүүс инээлдээд би ч нүүрээ хийх газарг үй болов. Манай ангийнхан баярын парадад юун амжилттай оролцох, хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нөхөр Хүрлээ сургуулийнхаа “Тоншуул” нэртэй ханын сонин дээр энхийн цагаан тагтаа намнасан хэргээр зурагтайгаа гарч байлаа даа.