Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцжээ DNN.mn

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад 3,716 зохицуулалттай этгээд, 2,376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцсэн байна.

Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий 2 банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15.2 хувиар өсөж 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нийт 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа. Харин биржийн бус зах зээлд нийт 45 үнэт цаас гаргагч 52 компанийн бондыг гаргаж 498.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадлаа. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. Нийт хураамж өмнөх онтой харьцуулахад 23.6 хувиар өсөж 300.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Харин нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оноос 34.9 хувиар өссөн байна.

Банк бус санхүүгийн салбар: Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр нийт хөрөнгө өмнөх оноос 30.2 хувиар өсөж 3.5 их наяд төгрөгт хүрлээ.

Хадгаламж, зээлийн хоршоо: Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.5 хувиар буурч 210.2 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оноос 0.2 пунктээр буурч 3.3 хувьд хүрсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Нийт 1,705.3 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах үйл ажиллагаа, 102.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан нь өмнөх оноос ихээхэн өсөлттэй гарлаа.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа: 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь өнгөрсөн онд 670.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдсан бол 700.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан байна.

Салбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, сэндбоксын орчинд туршигдаж буй бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нүүрсний хэрэгт гадаадын гурван иргэн яллагдагчаар татагджээ DNN.mn

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 50 орчим мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Уг асуудлаар нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 17 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 87 хүнийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 33 хэргийг шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 17 хэрэгт улс төрд нөлөө бүхий 9, нийтийн албан тушаалтан 49, хувиараа нүүрс тээвэрлэгч 8, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 36, гадаад улсын гурван иргэн байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 7 иргэн байна.

Нийслэлийн прокурорын газраас дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 хүнд холбогдох 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Одоо прокурорт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 24 хүнд холбогдох нэг хэрэг хянагдаж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос орон байранд нэгжлэг хийх 76, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 19, мэдээлэл баримт бичиг гаргуулах 27, эд зүйл хураан авах 3, нийт 125 зөвшөөрлийг мөрдөгчид олгожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсний баярт очсон иргэд Ханх чиглэлд зорчих боломжгүй DNN.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дээр уламжлалт мөсний баяр болж байна. Жилээс жилд олны анхаарлыг татаж дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татах болсон мөсний баярыг энэ удаад 30 мянган хүмүүс үзэж сонирхох тооцоолол гарсан.

Мөсний баяртай холбогдуулан орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр далайн мөс хиллэж, автомашин явах боломжгүй болсон талаар сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, Ханх сумаас далай руу ирэх замд олон хил гарсан байна. Тиймээс иргэдийг нуурынхаа араар зорчихыг уриалж байгаа юм. Мөс их хэмжээгээр хиллэсэн зүгээс орон нутгийн наадамчид болон ОХУ-ын жуулчид ирэх зам юм. Дээрээс нь мөсний баярыг зорьж очсон иргэд газар үзэх, сонирхох байдлаар мөсөн дээгүүр зорчдог тул байнга сэрэмжлүүлсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн сурагчид маргааш хичээллэнэ DNN.mn

Ерөнхий боловсролын сургууль маргааш буюу гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж хичээллэнэ.

Учир нь цагаан сарын битүүний өдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт нөхөж хичээллэсэн.

Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг энэ бямба гарагт буюу гуравдугаар сарын 4-ний өдөр нөхөж хичээллүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбарыг буулгаж эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн.

Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг.

Гэвч аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсаар байгаа юм.

Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу тодорхой стандартуудыг мөрдүүлэхээр уг хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж буй.Хан-Уул дүүрэгт гэхэд 951 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах стандартын шаардлага хангахгүй хаяг, хаягийн байгууламж бий гэсэн судалгаа гарчээ.

Иймд тус дүүргийн зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг буулгаж эхэллээ.

Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Зөвшөөрөлгүй байршуулсан, өнгө үзэмжээ алдсан самбарууд нь хүчтэй салхинд унах, улмаар хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул уг ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил 600 гаруй зөвшөөрөлгүй хаяг, хаягийн байгууламж буулгасан. Энэ жил Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан тушаал болон дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулан, зөрчлийг арилгахаар ажиллаж буй.

Хан-Уул дүүрэг хороодтойгоо хамтран худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд гурав хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс буулгах ажил эхлээд байна” хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн III хорооны Засаг дарга С.Батхишиг “Манай хорооны нутаг дэвсгэрт 270 гаруй аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Эдгээрээс эхний ээлжид зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламжаа байрлуулсан 22 аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүнээс 11 аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламжийг буулгаад байна.

Самбарыг зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулснаар явган хүний зам, гарц гармыг хааж, зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох стандарт, журмыг чанд сахиж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэв.

Хотын стандартын “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага”-ыг 2022 онд шинээр баталсан.

Үүнд гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангадаг байх зэргийг тусгасан.

Ийнхүү зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг дүүрэг бүр эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Одбаяр: Халимаг иргэнийг өөр улс руу явуулснаар оросын засгийн газар болон тус улсын эрх баригчдаас болгоомжилдог, хэт хараат байдаг нь илэрлээ DNN.mn

“No war” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.


-Та бүхний дэлгэсэн үзэсгэлэн рүү цагдаа дайрч орсон тухай мэдээллийг цахим орчинд тавьсан. Тухайн үед юу болсон юм бэ. Цагдаа нар яагаад дайрч орсон юм бол?

-Дайны эсрэг “No war” үзэсгэлэн гараад хэд хонож байгаа. Хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дэлгэсэн шүү дээ. Тухайн өдөр “No war” хөдөлгөөний Б.Билгүүнийг ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцор гэж бичсэн үндэслэлээр цагдаагаас дуудсан. Тэгээд үүн дээр нь хэрэг үүсгэх гээд байгаа юм уу гэхээр үгүй. Тодруулна гээд байгаа юм. Зүгээр тодруулах юм бол утсаар асуучих гэхээр үгүй заавал ир, дуудах хуудас явуулъя гээд байгаа. Бид үзэсгэлэнгээ ажлын өдрүүдэд 12:00-14:00, амралтын өдөр 12:00-17:00 цагийн хооронд үзүүлж байгаа. Тэр өдөр Ц.Чинбат, Ц.Жаргалсайхан хоёр үзэсгэлэнгээ үзүүлээд байж байтал хоёр цагдаа гэнэт дайран орсон. Цагдаа орж ирээд, яагаад үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэн гаргах зөвшөөрөл чинь хаана байна гэсэн. Дайны эсрэг үзэсгэлэн гаргахын тулд зөвшөөрөл авах ёстой юм байна л даа. Тийм агуулгаар ярьсан. Мөн зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийхээр завдсан. Цаад өрөөнд чинь юу байгаа юм, үзье гэж дайрсан. Ер нь орж ирээд ярилцаад, галлерейг үзээд, цай уугаад, бие засах байсан бол бид нойлоо хэрэглүүлэх байсан. Харамсалтай нь биднийг хянаж шалгасан өнгө аястайгаар, дарамтлах байдалтай хандсан. Орж үзье гээд байгаа өрөө нь коридор, нойл л байгаа.

-Жуковын хөшөөний хажууд авахуулсан зураг нэг хэсэг асуудал дагуулсан. Фотошопоор янзалсан гэсэн үү?

-ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтэст зарим сэтгүүлчийг Жуковын хөшөөний толгойг тасалсан зураг нийтэлсэн гээд шалгаж эхэлсэн байна лээ. Асууж байгаа чиглэл нь “No war” хөдөлгөөнийхөн өөрсдөө ийм зураг эвлүүлээд хэвлэл мэдээллээр тараасан уу гэдэг асуумжтай байна гэсэн. Биднийг тойрсон ийм ажиллагаанууд нэг л өдрийн дотор хийгдэж байгаа нь энэ. Өмнө нь иймэрхүү дарамт шахалтууд байнга явж байсан. Сүүл рүүгээ бүр танил болоод, дасаад эхэллээ. Цагдаа нар манай үзэсгэлэн рүү дайрч орж ирсэн үйл явдал арав гаруй минут үргэлжилсэн. Үүний тодорхой хэсгийг таслаж аваад ямар нэгэн монтаж эвлүүлэггүй цахим орчинд тавьсан.

-Та бүхний шалгагдаж байгаа хэргүүд юу болж байгаа вэ?

-Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Чинбат, Б.Билгүүн нарын таван иргэнд шүүхээс ял оноосон. Бүгдэд нь нэг жил зорчих эрх, надад нэг жил, хоёр сар зорчих эрхийг хязгаарласан. Хоёр эрүүгийн хэргийн шийтгэл оногдуулсан. Агуулга нь 461 дүгээр хорих анги дээр хууль сахиулагчийг эсэргүүцсэн гээд байгаа. Энэ дунд биднийг сайн дурын хөдөлгөөн өрнүүлсэн гээд хилийн хориг тавьсан. Давхар зөрчлийн шийтгэл оногдуулсан. Энэ бол шууд улс төрийн нөлөө орсон шийдвэрүүд. Бид давж заалдах шатны шүүхэд хандтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан. Бид өнгөрсөн даваа гаригт шүүхийн магадлалаа хүлээж аваад, дээд шүүхэд хандахаар өмгөөлөгчидтэйгөө ажиллаж байна. Яг энэ асуудал дээр бидний эцсийн найдвар дээд шүүх болоод байна. Шүүх хурал тодорхой үе шаттай явдаг шүү дээ. Бид зүгээр асуугдаад л явж байсан. Шүүх хурал болоогүй байхад биднийг аль хэдийнэ яллачихсан. Зүгээр л асуугдаад явж байтал наад асуудлыг чинь шууд гэм буруугийнх дээр ярьчихна аа гээд л явчихсан. Өмнө нь Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу бидний хэргийг мөрдөн байцаалт руу буцаасан байдаг. Учир нь бүх хэргийг бөөндөөд ял халдаачихсан

Дээрээс нь миний Дорнод аймагт машинд дайруулсан хүүхдийн талаар шүгэл үлээсэн хэргийг шүүхээр шийдээгүй. Энэ үйл явдал бодитоор болсон үйл явдал байна. Тиймээс гэмт хэрэг гэж үзээд байгаа зүйл чинь тогтоогдохгүй байгаа учраас дахин мөрдөн байцаалт явуулж, нотлох шаардлагатай гэж үзээд буцаасан. Үүнээс болоод бидэнд зориулж мөрдөн байцаах газраас арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Тэгээд дахин мөрдөн байцаалт явуулаад шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс ял оноосон. Прокуророос 1.2-2 жилийн яллах дүгнэлт үйлдэж санал болгон оруулж ирсэн. Гэхдээ энэ чинь торгох байна уу, хөдөлгөөн хязгаарлах байна уу, хорих байна уу хамаагүй бүгд л ял. Нэг ёсондоо биднийг хэрэг хийж байсан, ял эдэлсэн гэсэн түүх намтартай этгээдүүд болгочихож байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлж, хууль бусаар хүнийг хорьсон асуудалд нь шаардлага тавьтал зарим нэг алба хаагчид гаргаад явуулсан л асуудал байгаа шүү дээ. Одоо бидний эцсийн найдлага дээд шүүхэд хандах л үлдлээ.

-Дайныг эсэргүүцсэн үзэсгэлэн гаргахад заавал зөвшөөрөл авдаг юм уу. Хууль зүйн талаасаа ямар байдаг юм бол. Та бүхэн өмгөөлөгч, хуульчдаасаа энэ талаар лавласан уу?

-Жишээлбэл, би өөрөө Зон олны намын гишүүн хүн. Би намын гишүүнийхээ хувьд ч тэр, Зон олны намын удирдах түвшний алба хашиж байгаа хүний хувьд ч тэр улс төрийнхөө намын байран дээр, үзэл санааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах нь бидний бүрэн эрхийн асуудал. Хоёрдугаарт, манай намын байр Улсын дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй. Үндсэн хаяг байршил дээрээ байдаг. Манай ажлын байр руу удаа дараа халдаж байгаа. Өмнө нь намайг намын даргаар сонгогдсон өдөр дүн өвлийн хүйтэн шөнөөр ажлаа хийгээд сууж байтал баривчлаад явсан. Тэгж намайг шившиглэж гутааж байсан. Ажлаас гараад явахаар л үүднээс бариад авдаг. Зөндөө хууль бус баривчилгаа явуулж байсан. Сая хүртэл цагдаа нар халдаж шиншлээд, нэгжлэг хийх зөвшөөрөлгүй байж нэгжинэ гээд л. Цагдаа орж ирж үзэж болно. Бид хориглохгүй. Орж ирээд зураг хөрөг үзэж, сонирхоод цай уугаад, нойл ашиглаад, ярьж хөөрөөд суухад дургүйцэхгүй. Энгийн үед бид гадагшаа харсан камериа чөлөөтэй ашиглуулдаг. Гэтэл дарамт шахалт үзүүлж, ЦЕГ-ын дарга нь чиглэл үүрэг өгөхөөр л биднийг оролдоод ээрээд эхэлдэг. Манай ажлын цонхыг шөнө дунд хоёр этгээд хагалаад зугтсан асуудал байгаа. Цагдаагаас уг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Прокурор нь хэрэгсэхгүй болгоод, бид дээд шатны прокурорт нь гомдол гаргаж байж энэ хэргийг буцааж сэргээлгэсэн. Одоо шалгагдаад явж байгаа. Приус машинтай хоёр этгээд шөнө яг 03:00 цагт ирж, шил цонх хагалаад зугтсан бичлэг бий. Миний хувьд цагдаад мэдүүлэхдээ цагдаагийн алба хаагчид байгаа гэж хардаж байгаагаа удаа дараа мэдүүлсэн. Галлерей зохион байгуулах ажлын хувьд бид ашгийн бус үйлчилгээний зориулалтаар энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Ашгийн зориулалтаар зохион байгуулсан бол мэдээж аж ахуйн нэгжийн чанартай үйл ажиллагааны дагуу бүртгэл, хураамж төлөх асуудал явагдах ёстой. Үзэл санааны бөгөөд улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулахад ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй. Тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын байранд маш олон янзын хурал цуглаан, галлерей үзэсгэлэн тавьдаг. Тэгэхэд цагдаа нар шавхай чирч ороод л хянаж цагдаад, нөхдүүдийг байцаагаад байдаггүй шүү дээ. Double standart яваад байгаа юм. Биднийг эрх мэдэлгүй, хүч сул учраас яаж ч болно гэдэг ялгавартай хандаж байна. Саяхан Тусгаар тогтнолын ордонд “Үнэн-100” гэж үзэсгэлэн болсон. Өнөөдөр л гэхэд үйл ажиллагаа болж л байна. Гэтэл цагдаа очоогүй шүү дээ. Монголд дайныг эсэргүүцэж, цагдаагаас зөвшөөрөл авна гэдэг чинь утгагүй шүү дээ. Засгийн газрын алдаатай асуудлыг шүүмжлэхийн тулд Засгийн газраас зөвшөөрөл авна гэдэг өөрөө утгагүй хэрэг.

-Та бүхэн нисэх буудалд гацсан халимаг иргэнийг Монголд орогнуулах асуудлаар хандсан байна лээ. Гэтэл өөр тийш нь явуулчихлаа. Тэнд юу болсон юм бэ?

-Бид уржигдар Монголд орогнол хүсээд ирсэн Баатар гэдэг хүнд орогнол олгооч, Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд улс төр, үзэл санааныхаа эсрэг хавчигдан гадуурхагдаж байгаа хүнд орогнол олгоно гэдэг Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлээч гэж очсон. Яг очих мөчид тэр хүн “Korea air”-ийн онгоцонд суугаад, АНУ-ыг зорилоо гэдэг мэдээллийг бид авсан. Үүнд нэг харамсмаар зүйл нь Монгол Улсад монгол үндэстэн ястан нь зориод, дайныг эсэргүүцээд орогнол хүсээд ирэхэд нь хүлээж авахгүй байгаа нь эмгэнэл. Бид үүний эсрэг “Нэг үндэс” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Монгол үндэстнүүд дайныг эсэргүүцээд, Монголдоо дүрвэж, ихээр ирж байгаа. Түүний шугамаар “Нэг үндэс” хөдөлгөөнийг эхлүүлж байсан. Тиймээс бид энэ хөдөлгөөнийхөө шугамаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Гэтэл орогнол хүссэн иргэнийг Монгол Улс хүлээж авсангүй. Монгол Улс монгол үндэстнийхээ өмнө хүлээсэн түүхэн үүргээ гүйцэтгэж чадсангүй. Оросын çасгийн газар, îросын эрх баригчдаас болгоомжилдог, хэт хараат байдал нь үүгээр илэрлээ. Монгол үндэс угсаатай хүн нисэх онгоцны буудал дээр 6-7 хоног бие нь өвдсөн маш хүнд байдалтай байж байгаад, хаяанаас нь буцлаа. АНУ орогнол олгосон гэсэн мэдээлэл авсан.

-Гадаад харилцааны сайд хэлэхдээ хаашаа явсныг нь мэдэгдэж болохгүй, нууцалж байна гэсэн?

-Үүнд нууцсаад байх юм байхгүй. Б.Батцэцэг сайд яагаад тэгж хэлж байгаа гэхээр АНУ-д өгөөд явууллаа гэдгээ хэлэхээсээ айж байгаагийн хэлбэр л юм. Энэ нь юутай холбоотой гэхээр 2022 оны есдүгээр сард ОХУ-ын áатлан хамгаалах яам, ãадаад хэргийн яамны хамтарсан тушаал гарсан юм. Энэ тушаалын агуулга нь ОХУ-ын гадаад орнуудад суугаа ýлчин сайдын яамд руу ОХУ-аас дайны улмаас гарч явсан цэргийн насныхныг тухайн улсын Гадаадын иргэн харьяатын албатай хамтарч, ОХУ руу буцаах ажлыг зохион байгуулах, хоёрдугаарт, үүнтэй холбоотой зардал төсвийг шийдэх, гуравдугаарт, тухайн улсын çасгийн газартай хамтарч ажиллах гэсэн заалтууд бий. Хүний эрх, эрх чөлөө хөгжсөн орнууд хамтран ажиллахаас шууд татгалзсан. Харин манай улс энэ үйл ажиллагаанд шууд татагдан оролцсон. Дайнаас дүрвэж ирж байгаа хүмүүст бид уг нь боломжоороо туслах ёстой. Б.Баатар гэж хүний хувьд аваад үзэхэд түүнийг оруулаагүй нь уг тушаалын дагуу хамтран ажиллаж байгаа нь батлагдлаа. Дээрээс нь тухайн иргэнийг оруулахаас айж байна. Мөн ОХУ-ын өдүүлсэн дайнд манай улс татагдан оролцож байна. Үнэхээр харамсалтай.


Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хаврын чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ DNN.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Тэгвэл энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ.

Үүнд:

1. Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2. Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4. Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5. Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6. Байгаль орчны багц хуулийн төсөл;

7. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9. Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11. Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12. Газрын багц хуулийн төсөл;

13. Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17. Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21. Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22. Казиногийн тухай хуулийн төсөл;

23. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29. Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35. “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36. “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44. Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51. “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цэргийн ангиуд дахь яргалал хэвээрээ байна” гэв DNN.mn

Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 27-ны өдөр “Цэргийн албан хаагч амиа хорлочихлоо” гэх дуудлага бүртгэгдсэн байна. Одоогоор Алтанбулаг сум дахь цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Урьдчилсан байдлаар амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдоод буй хугацаат цэргийн алба хаагчийн тухайд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс Зэвсэгт хүчний 311дүгээр ангид цэргийн албанд татагдаад байжээ. Эх сурвалжийн онцолж байгаагаар амиа алдсан алба хаагч 2022 оны хаврын ээлжээр цэргийн албанд татагджээ. Тэрбээр ирэх хавар халагдах байсан ч амь насаа ийн алдсан байна. Цэргийг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд өөрийгөө боомилсон байдалтай олжээ. Тухайн үед алба хаагч нас бараагүй амьсгалж байсан ч эмнэлгийн байгууллагаас тусламж авч амжилгүй амьсгал хураажээ.

Талийгаач сар шинийн өдрүүдэд чөлөө авч гэртээ хариад хугацаандаа ангидаа очоод байжээ.

Бид талийгаачийн найзаас зарим зүйлийг тодрууллаа. Түүний ярьж байгаагаар нас барсан цэрэг албанд татагдсан цагаасаа л гэр бүлийнхэн болоод ойр тойрныхноосоо их бага хэмжээгээр мөнгө асуух болсон гэнэ.

-Таны найз хугацаат цэргийн алба хааж байхдаа амь насаа алджээ. Та талийгаачтай ямар холбоотой байсан бэ. Цэргийн алба хааж байхад нь уулзалтаар очиж байсан уу?

-Бид дунд сургуулийн найзууд. Миний найз төрийн албанд ажиллах сонирхолтой байсан. Төрийн албанд ажиллахад цэргийн алба хаасан байх шаардлага тавьдаг. Үүний тулд л цэргийн албанд явах болсон талаараа надад хэлж байсан

нь тун ойртоод байхад ийм муухай мэдээ дууллаа. Ар гэрийнхэнд л хэцүү байна. Би талийгаачтай уулзахаар хоёр ч удаа очсон.

-Очиж уулзахад тань юу хэлж байв?

-Эхлээд хэлэхэд Жанжин штабын зүгээс амиа хорлосон гэх мэдээлэл гаргасан байна лээ. Дотны найзын хувьд хэлэхэд амиа хорлох хэмжээний сэтгэлийн хатгүй хүн биш. Үүнийг би сайн мэднэ. Ямар ч хүнтэй нээлттэй харьцдаг, бусадтай зөв боловсон харилцдаг нэгэн. Уулзалтаар очиход сэтгэлзүй нь хямарсан асуудал надад лав анзаарагдаагүй. “Албаа сайн хааж байна аа. Удахгүй халагдлаа даа” гэх зүйлийг л надад хэлж байсан. Гэнэт л ийм мэдээ дууллаа. Хэвлэлээр амиа хорлосон гэх мэдээллийг шууд цацаж байгааг хувьдаа ойлгохгүй байгаа. Ямар нөхцөл байдлаар амиа хорлосон нь тогтоогдоогүй байна шүү дээ. Шууд л амиа хорлосон гэж нийгэмд цацаж байгаа нь ар гэрт нь асар хүнд тусч байгаа.

-Талийгаач цэргийн албанд татагдсанаас хойш анхаарал татах зүйл танд хэлж байв уу?

-Гэр бүлийнхэн, ойр дотнынхон руугаа мөнгө нэхэж утсаар ярих болсон нь хачирхалтай санагдсан. Найз нөхдөөсөө 50, 60 мянган төгрөг тогтмол нэхнэ. Цэргийн хуаранд ямар зорилгоор мөнгө хэрэг болдог нь сонин. Нэг удаа над руу яаралтай мөнгө шилжүүлэхгүй бол хүнд шийтгүүлэх нь гэж хэлж байсан ч удаатай. Үүнээс үзэхэд түрүүч нар нь ч дарамталж, мөнгө нэхдэг юм болов уу гэж ойлгосон. Тухайн үед ч нэг их ач холбогдол өгөөгүй орхисон. Сүүлд нь бодоход 311 дүгээр ангид алба хааж байгаа цэргүүдийг ахлагч, түрүүч нар нь дарамталдаг, тогтмол мөнгө нэхдэг, өгөхгүй бол яргалдаг байсан юм уу л гэж ойлгосон. Тухайн цэргийн ангид алба хааж байгаа цэргүүдийн ар гэр ч хүүхдүүд нь мөнгө нэхээд байгааг гайхаад ярьж байна лээ. Мөнгө өгөхгүй бол шийтгэдэг, цаашлаад яргалж зоддог, ингэхдээ цэргүүдийн гэдэс дотор руу цохидог асуудал байдаг юм байна. Түрүүч нар нь ингэхдээ нийслэлээс татагдсан цэргүүдийг онилдог. Ингээд л найзууд юм уу, ар гэр рүү нь утасдуулаад л мөнгө аваад сууж байдаг. Миний найз Сонгинохайрхан дүүргээс цэргийн албанд татагдсан. Тийм болохоор найзууд руугаа мөнгө асууж яриад байсан болов уу.

-Цэргийн ангиуд бүрэн камержсан байдаг биз дээ. Ийм байхад хуучин нийгмийн үеийн яргалал оршсоор л байна уу?

-Удаа дараагийн жишээ үүнийг нотолж байна шүү дээ. Камерын өмнө цэрэг зодоод зогсож байдаг хүн гэж юу байх билээ.

-Таны найз цэрэгт мордохдоо тантай уулзсан уу. Юу хэлж байв?

-Цэргийн алба хааж төрийн албанд ажиллах сонирхолтой талаараа л хэлж байсан. Тухайд үед ч тухайн үед ч цэргийн ангиудад хэд хэдэн цэрэг зодуулж нас бараад дэглүүлж байгаа бичлэгүүд нийгмийн сүлжээнд цацагдаж байлаа. Энэ бүхнээс шалтгаалж цэргийн алба хаахдаа бага зэргийн айдастай байгаа нь илэрхий мэдэгдэж байсан. Гэсэн ч цаашид ажиллах ирээдүйгээ бодож цэргийн албанд мордсон найз маань харамсалтайгаар нас барлаа. Эрүүл саруул залуу эмчийн үзлэгт тэнцээд л цэргийн албанд мордсон. Эргэж ирсэнгүй. Амиа егүүтгэсэн гэх мэдээлэл гаргаад сууж байна. Цэргийн ангиудад ийм хэрэг тогтмол гардаг болсон. Дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас л энэ үйлдэл давтагдаад байна. Цэргийн анги дахь хуучин нийгмийн яргалал өнөөдөр ч яг хэвээрээ л байна. Цэргүүдээс мөнгө нэхдэг ч юм уу хэлбэр нь л бага зэрэг өөрчлөгдсөн юм уу даа. 311 бол хотын ойролцоох цэргийн анги шүү дээ. Тэнд л ийм асуудал гарч байна. Баруун, зүүн хязгаар дахь эргийн ангиудад ямар яргалал явагддагийг таах арга байхгүй. Үүнд өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байна. Энэ янзаар цаашилбал хэдэн цэрэг амиа алдахыг хэлж мэдэхгүй. Ийм хэвээр байвал хэн цэрэгт явж амь хохирохыг хүсэх билээ гэв.

Дээрх байр суурийг талийгаач цэргийн найзын зүгээс илэрхийлж байна. Тэрбээр хэргийг зөв шударга шийдвэрлэхийг хүсч байлаа. Урьд урьдын жишээ шиг бүдгэрээд алга болох вий гэдгээс болгоомжилж байв.

Харин өөр нэг цэргийн ар гэрээс тодруулахад хүүхдийнх нь зүгээс “Намайг эндээс аваач ээ” гэж хоёр ч удаа залгаж хэлснийг онцолж байна. Дээрх жишээнээс харахад тухайн ангид дарамт явагддаг нь

ил цагаан харагдаж байна. Өнгөрсөн оны ХЭҮК-оос явуулсан судалгаагаар ч цэргийн ангиудад оны ялгаа дарамт байдаг нь харагдсан.

Хэргийн талаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Буянжаргал “Манай ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабаас дотоод шалгалт явуулж байгаа юм байна. Үүний дараа амиа алдсан цэрэг гадны нөлөөтэй байсан уу, амиа алдахад юу нөлөөлөв гэх зэрэг шалтгаанууд ил болох нь.

Сануулахад, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ахлах албан тушаалтан цэргүүдийг зодож дэглэсэн, хугацаат цэргийн алба хаагч оргосон, гар бөмбөг тэсэрч цэрэг амиа алдсан зэрэг асуудлууд гарч байв. Удаа дараагийн ноцтой ослуудын мөр гүйцэд балраагүй байхад дахин нэг цэрэг амь насаа алдлаа. Үүссэн асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсны мэдээлэл одоогоор гаргаагүй байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас ч байр суурь илэрхийлсэнгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб гэх ээж аавын эрүүл саруул хөвгүүдийг албанд татаж эрэмдэглэж, цаашлаад амь насыг нь авдаг байгууллагын дотоод хяналт л үүнд ажиллаж байна.

Адуунд явсан байлдагч моринд чирэгдэж амиа алдсан, хадлан бэлтгэн ажилд явсан байлдагч осолдож нас барсан, тэмээ хайхаар гарсан цэрэг бутнаас өөрийгөө боомилсон, зэвсэгтэйгээ оргосон байлдагч амиа алдсан ослууд гарсан. Армийн удирдлагууд хүн биш цэрэг үрэгдлээ гэх хайнга хандлага гаргасаар байвал цэрэгт мордсон залуус юу юугүй үрэгдээд дуусах нь.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд энэ онд 51 байршилд 235 мянган цэцгийн мандал байгуулна DNN.mn

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах, цаашид үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, компаниудаас гадна нийслэлийн есөн дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүд оролцсон юм

2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс авах арга хэмжээ, хийх ажлуудыг энэ үеэр танилцуулсан. Тухайлбал:

  • Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 23 багцын 51 байршилд 235,000 цэцгийн мандал байгуулна.
  • Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316,000 цэцэг тарина.
  • Худалдаа үйлчилгээний байгууллага, есөн дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулах хүрээнд гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах ажлыг зохион байгуулна. Улмаар зүлэгт талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.
  • Цэцгийн аж ахуйг хөгжүүлэх, загвар шийдлийг нь олон улсын жишигт хүргэх, цэцгийн төрөл, зүйл тоо хэмжээг иргэдэд сурталчлах, үзэсгэлэн, сургалт, зөвлөгөө өгч, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотын хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Манайд энэ үзүүлэлт дэлхийн жишигт хүрсэн хотуудынхаас 2-3 дахин бага, үүнийг дагаад тоосжилт, орчны бохирдол, дуу чимээ ихтэй. Тиймээс бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тэдний оролцоог хангах, санал солилцох, худалдан авалтыг ил тод, нээлттэй, шуурхай байлгах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ жил Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатарт болно, энэ утгаараа хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Тухайлбал, 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийхээр төлөвлөсөн. Нөгөө талаас зөвхөн хотын төвөөр зогсохгүй алслагдсан бүс, гэр хороололд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал, хашаандаа мод бут тарьсан өрхийг урамшуулах журам хэрэгжинэ.

УБЗАА дэргэдээ Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвтэй. Энэ төвийг түшиглэн судалгаа, туршилт хийх, мөн Ах дүү хотуудын ургамал судлалын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Улаанбаатарын нөхцөлд сайн ургах сортыг гарган авах, тарихаар төлөвлөөд байна” хэмээлээ.

“Талын хүч” ХХК-ийн захирал Л.Моломжамц:

-Манай компани 2008 оноос хойш хот тохижилтын салбарт ногоон, байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн уулзалтаар 2023 онд энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлаа нийслэлээс танилцуулан, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа илэрхийлж ярилцлаа. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гэдэг хотын хувьд, тэр тусмаа оршин суугчдын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй. Улаанбаатар ногоон байгууламжаа нэмэгдүүлээд, зөв арчлаад явбал гудамж, талбайн тоосжилт, шороо эрс багасна” гэсэн юм.

УБЗАА цаашид Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийн үйл ажиллагааг түшиглэн нийтийн эзэмшлийн цэцэрлэгт байгууламжийн цэцгийн нөөц, суулгацыг 100 хувь хангах бодлого баримтлан ажиллаж буй. Мөн цэцгийн төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд, Олон улсын ботаникийн цэцэрлэгийн холбоо, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Тэгшжаргал: Төрийн албан хаагч зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан тохиолдолд хүндрүүлж зүйлчилнэ DNN.mn

Хуульч, өмгөөлөгч С.Тэгшжаргалтай ярилцлаа.


– Нүүрсний хулгайн хэргийн шалгалтын ажлын талаар АТГ-аас хоёр хоногийн өмнө мэдээлэхдээ УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгааг онцолсон. Ингэхдээ гишүүн тус бүрийг ямар үндэслэлээр татсаныг зарлалаа. Процесс яаж үргэлжлэх вэ?

-Хууль зүйн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа юм . Нэг ёсондоо Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдэд холбогдуулж, яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн. Уг хэргийг мөрдөж буй байгууллага буюу АТГ-аас ирүүлсэн саналыг прокурор хянаж тогтоолоо гаргадаг гэсэн үг. Гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон, тухайн хэрэгт холбогдсон этгээд хаана байгаа газар нь тодорхой тохиолдолд саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд яллагдагчаар татсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа юм. Цаашид процессын ажиллагаа яаж үргэлжлэх вэ гэхээр яллагдагчаар татсан тогтоолоор нэр бүхий гишүүдийг дуудаж, АТГтэдэнд танилцуулна. Үүнтэй холбогдуулж мэдүүлэг авах, бусад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Хуулиар тогтоосон мөрдөн байцаалтын хугацаа бол мэдээж хэргийг шалгахад хүрэлцэхүйц хэмжээний хугацаагаар сунгаад явна гэсэн үг. Хэрэгт хангалттай нотлох баримт бүрдээд энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх санал хүргүүлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусна. Тэгэхээр энэ ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг таамаглаж хэлэх боломжгүй. Хууль зүйн хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж АТГ-аас нэр бүхий хүмүүсийг татсан нь гарцаагүй гэм буруутай байна гэдгийг эцэслэн тогтоож байгаа асуудал биш.

– Ингэхэд шүүхийн шийдвэр гараагүй байхад АТГ уг асуудлыг олон нийтэд ингэж зарлаж болдог юм уу. УИХ-ын дээрх гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөхгүй юу. Ер нь бүрэн эрхийг нь албан ёсоор түдгэлзүүлээгүй байхад яллагдагчаар татаж, олон нийтэд мэдээлэх нь хүний эрх зөрчсөн гэж үзэх үү?

-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заалт бий. Энэ юу вэ гэхээр, мөрдөн байцаалтын ажиллгааны явцад илрүүлсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, нууцыг задруулахгүйгээр прокурорын зөвшөөрлөөр хэргийн шалгалтын ажиллагааны мэдээллийг олон нийтэд мэдэгдэж болно. Ингэхдээ ямар хүмүүсийг яллагдагчаар татсан, ямар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар ерөнхий үйл явцыг тайлбарласан байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэв энэ хүмүүстэй холбоотой ийм нотлох баримт цугларсан байна, ингэж мэдүүлэг өгсөн байна, ийм нотлох баримт хэрэгт авагдсан байна гэдэг хэргийнх нь асуудал руу орох юм бол хууль зөрчсөн болно л доо. Хоёрдугаарт, УИХ- ы н гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр яллагдагчаар татсан нь үндэслэлтэй эсэхийг асууж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд энэ тухай зохицуулсан байдаг. Ер нь гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд яллагдагчаар татахад заавал УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдгийг хориглосон заалт байхгүй. Зүгээр яллагдагчаар татсаны дараа УИХ- ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж гишүүний эрхийг нь хураан авах, биед халдах, эд хөрөнгийг нь битүүмжлэх гэдэг ч юм уу ийм процессын ажиллагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж явагдах ёстой гэж үздэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ- ы н гишүүний бүрэн эрхийг хэзээ түдгэлзүүлэх тухай заалт байна л даа.

Үүнд “Гэмт хэрэг үйлдэх явцад эсвэл гэмт хэргийнх нь газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулна” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлэх үндэслэл нь яг гэмт үйлдлийнх нь явцад эсвэл хэргийн газрын нотлох баримтаар баривчлах ажиллагааны явцад түдгэлзүүлэх асуудал шууд яригдаж эхэлнэ. Саяын зургаан гишүүний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах үндэслэл бий болсон учраас татсан. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэсэн процессын заалт байхгүй.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Хөрөнгийн хэмжээг нь яаж тогтоодог юм бэ. Үндэслэлгүй хөрөнгөжих гэж юуг хэлээд байна вэ. Хуруунд нь зүүсэн алтан бөгж, унаж байгаа автомашин, эдэлж, хэрэглэдэг зүйлсээр нь дүгнэдэг юм уу?

-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 10-т үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг гэмт хэргийн шинжийг тайлбарласан байдаг. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй бол гэмт хэрэг болно гэдэг агуулгаар хуульчилсан. Авлигын эсрэг хуульд бас үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг ойлголтыг тайлбарласан нэр томъёо ч байдаг. Уг тайлбараар зургаан сарын цалин хөлсний орлогоос илүү хөрөнгийг ямар эх сурвалжаас яаж олов гэдэг нь хууль ёсны биш байна гээд гараад ирвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна гэх үндэслэлээр шалгаж болно. Гэхдээ нэр бүхий гишүүдийн сарын цалин хөлс, хууль ёсны орлого, түүний гэр бүлийн бизнес зэргээс орж ирсэн орлого нь хууль ёсны байна уу гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ. Үүнтэй холбогдуулж эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримт бичигт үнэлгээ хийх зэрэг олон асуудлын процесс явагдана л даа. Ингэж эдгээр гишүүдийн хөрөнгө орлого нь хууль ёсны байна уу, эх сурвалж нь хаана байна гэдгийг тогтоож байж гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэнэ. Тэрнээс таны унаж байгаа машин үнэтэй байна, амьдарч байгаа байшин тансаг юм, брэндийн эд зүйл хэрэглэдэг юм байна гэдгээр шууд буруутгах боломжгүй.

-Мөн Т.Аюурсайхан гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Нөгөө айхавтар улс төрийн мафи гэж яриад байдгийн толгойлогч нь Т.Аюурсайхан гишүүн болж таарч байна уу. Эсвэл энэ хүн нүүрсний хулгайн мафи бүлэглэл гээчийн гол зохион байгуулагч нь гэсэн үг үү?

-УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хувьд зохион байгуулалттай бүлэг байгуулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татсан гэж ойлгосон. Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилготой, урьдчилан төлөвлөж нэгдсэн тогтвортой бүлгийг байгуулсан. Энэ бүлэгт бусдыгаа татан оролцуулж, элсүүлсэн. Бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, зэвсэг хэрэгслээр хангасан, гэмт хэрэгт бэлтгэсэн, төлөвлөсөн” гэдэг үйлдэл байх юм бол зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үздэг. Бас эрүүгийн үндсэн суурь онолд “Гэмт хэрэг үйлдэх зорилгоор байгуулагдсан, байнга тогтвортой шинжтэй, нарийн зохион байгуулалттай, тухайн бүлэглэлийн үндсэн үйл ажиллагааны эдийн засгийн эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олж ирсэн орлогоос үүддэг ийм бүлэглэлийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл” гэж үздэг. Тэгэхээр энэ зүйл ангийн гурав дахь хэсэгт төрийн албан хаагч хэрэв зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан тохиолдолд хүндрүүлж зүйлчилнэ гээд заасан байдаг. Өөрөөр хэлбэл 12 жилийн ялтай. Энэ нь түүнд үнэхээр гэмт бүлэглэлийг зохион байгуулах, эсрэг үйл ажиллагаанд оролцсон, хамтарч үйлдсэн гэдэг шинж байдал байна уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж байгаа хэрэг. Мэдээж чиг үүрэг бүхий байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан нотлох баримтын хүрээнд үндэслэж, дүгнэлт хийж яллагдагчаар татсан байх. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хөндлөнгөөс шууд дүгнэлт хийх боломжгүй байна.

-УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан үндэслэлээс харахад нүүрсний хулгай бол зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж харж болох уу?

-Хуульзүйн хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд шууд ингэж хэлж болохгүй л дээ. Харин ард түмэн бол хардах эрхийнхээ хүрээнд ингэж харж болно.

-Энэ хэрэгт улс төрд нөлөө бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг АТГ зарласан. Харин УИХ-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа хэвлэлээр мэдээлж байсан. Энэ асуудлыг хуулийн талаас нь та яаж ойлгож байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт холбогдож шалгагдаж байгаа этгээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар баталгаажсан эрх байгаа. Мөрдөн шалгах байгууллага ч гэсэн тухайн хүмүүсийг өөрийнх нь гэм буруугүй гэдгийг нотлуулахыг шаардах эрхгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад л тэр хүн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтууд бусад байдлаар хангалттай тогтоогдож байж сая гэм буруутай гэдгийг шийдвэрлэнэ. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийнхөө гэм буруугүй байдалтай холбоотой, энэ үйлдэлд оролцоогүй, хамааралгүй гэдэг талаараа хуулийн байгууллагад баримтаа гаргах, мэдүүлэг, тайлбараа өгөх нь нээлттэй.

-Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа явагдана биз дээ?

-Энэ тохиолдолд зайлшгүй бүрэн эрхийн асуудал яригдана л даа. Хууль зүйн хувьд хоёр талаас хоёр зүйл босч ирж байна л даа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааг хянадаг, тэрийг хөтөлж явуулдаг прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлаар УИХ-д санал тавих, үүнийг шийдвэрлүүлэх хуулийн зангилаа асуудал яригдана л даа.