УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй эрүүл мэндийн салбар болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган өндөрлөсөн. Тэр утгаараа өнгөрсөн чуулганы үеэр таны өргөн барьсан болоод оролцож батлуулсан голлох хуулиуд юу байна вэ?
-Гол ярих зүйл бол Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан явдал байлаа. Энд хамгийн чухал өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр амьд донор 25 наснаас дээш гэдэг байсныг 21 нас болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл 25 нас хүрээгүй хүн өөрийн хайртай хүмүүст донор болох нь хориотой байлаа. Дэлхийд амьд донорыг 18-21 насанд нь зөвшөөрдөг. Энэ жишгийн дагуу амьд донорыг 21 нас болгож тогтоож өглөө. Энэ бол маш чухал. Уг хуулийн өөрчлөлтийн бас нэг чухал зүйл нь амьгүй донорын асуудал байгаа. Тодруулбал, амьгүй донорын оршуулгын зардалд таван сая төгрөг олгох заалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл амьгүй донорын ар гэрт дэмжлэг гэх үү, туслалцаа маягаар олгож байхаар болсон. Харин амьд донор болсон хүмүүст сувилалд жилд нэг удаа төлбөргүй үйлчлүүлэх эрх нээгдэж байгаа юм. Мөн миний оролцоотой өөр нэг голлох хууль бол Ломбардын тухай хууль юм. Энэ хуулийн хүрээнд мөнгө хүүлэлтийг зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөөтэйгүүр Төсвийн тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлыг анхаарч, ажиллалаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалын сангийн 260 тэрбум төгрөгийн өр, авлага үүсчихсэн байсныг Төсвийн байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газар энэ он гарахаас өмнө дээрх асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллууллаа. Ингэснээрээ эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлийн санхүүжилтээ хийсэн ажлынхаа хүрээнд авах боломжтой болсон.
–Элэгний өвчлөлтэй иргэд нэмэгдэж байна. Энэ хүрээнд таны хувьд ямар байдлаар анхаарч ажиллаж байна вэ?
-Монголд элэгний D вирустэй хүмүүс эмчилгээгүй болчихоод байгаа. Дэлхий даяар ч энэ өвчний эсрэг эмчилгээний арга бүрэн дэлгэрч түгээгүй байна. Гэхдээ энэ өвчний эсрэг эмчилгээг Герман, Франц, Орос зэрэг оронд хийгээд эхэлчихсэн. Энэ эмчилгээг нь Монголд оруулж ирэхэд өртөг их өндөр байдаг. Үүнд өмнө нь улсаас ямар нэгэн төсөв, хөрөнгө суулгаж өгдөггүй байсан. Харин энэ оны төсөвт 13.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Ингэснээрээ бид D вирустэй иргэдийн D вирусийг тоолох оношилгоо шинжилгээг сайн хийх боломжтой болж байгаа юм. Ковидыг эхлээд түргэвчилсэн тестээр вирустэй эсэхийг үздэг. Вирустэй гэж гарвал дараа нь PСR өгөх гэх мэт явдаг. Үүнтэй адилхан D вирусийг эхлээд түргэвчилсэн шинжилгээгээр байгаа эсэхийг нь үздэг. Дараа нь D вирусээ тоолж байж онош нь батлагдах ёстой. Түргэвчилсэн тестээр D вирустэй гээд гарч ирж болно. Гэхдээ тухайн хүн халдвар аваад эдгэчихсэн ч байж болно. Тиймээс заавал тоолж, баталгаажуулах шаардлагатай байдаг. Тэр утгаараа тоолох шинжилгээ нь төсөв, даатгалын санд орж байгаагүй бол энэ оны төсөвт энэ чиглэлийн хөрөнгө суугдсан. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн шинжилгээг авахдаа ард иргэдээс ямар нэгэн төлбөр авахгүй байхаар болсон гэж ойлгож болно.
-Түрүүнд та донорын тухай асуудлыг ярилаа. Амьгүй донор гэж байна. Тэр утгаараа гадуур үнэн худал нь мэдэгдэхгүй нэг мэдээлэл яваад байна. Тухайлбал, дуудлагын эмч нар нас барсан эсвэл эмчилгээгүй, дахин сэрэхээргүй болсон өвчтөнийг бусдад мэдээлж, түүнээсээ ашиг олдог гэсэн мэдээлэл байна. Эрүүл мэн[1]дийн салбарт үнэхээр ийм аймшигтай зүйл байна уу, энэ мэдээлэл бодитой юу?
-Ийм зүйл уран сайхны кинон дээр л гардаг байх. Амьдрал дээр ийм тохиолдол гарах боломж үнэхээр байхгүй. Монгол Улс Станбулын конвенцод нэгдсэн. Энэ тунхаг бол хүний эд, эс, эрхтэн худалдаалахын эсрэг, үүнээс сэргийлсэн зорилготой. Нөгөөтэйгүүр аваар, ослоос болж зүрх нь цохилж байсан ч тархи нь үхэжчихсэн, буцаж сэргэх боломжгүй болсон хүмүүс байдаг. Үүнийг бид амьгүй донор гэдэг. Уг хүний эд, эрхтнийг авахын тулд тодорхой баримталдаг журам, хуультай. Нэгдүгээрт, тухайн иргэн амьд ахуй цагтаа донор болохыг зөвшөөрсөн гэрээслэл үлдээсэн эсэх. Хоёрдугаарт, ийм гэрээслэл үлдээж зөвшөөрсөн байсан ч заавал ар гэрийнхнээс нь дахин зөвшөөрөл авдаг. Ингэж байж тухайн хүний, талийгаачийн эд, эрхтнийг авах боломжтой. Энэ бол богино хугацаанд хийгддэг ажил биш. Тэр утгаараа нэг хүн гэртээ ухаан алдчихлаа, үхэх гэж байна гээд утсаар ярихад л очоод авчихдаг зүйл гэж байхгүй. Энэ бол ор үндэсгүй, худлаа мэдээлэл шүү.
–Хавдрын эмнэлгийн ачаалал их байна. Тус эмнэлэгээр үйлчлүүлэх гэсэн иргэд хонон өнжин дугаарлаж байж, үзүүлэх дарааллаа олж авч байна. Нөгөөтэйгүүр өвчтөнүүд хагалгаанд орох гэж хэдэн долоо хоног хүлээж байна гэх юм. Та тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан хүн. Уг асуудлыг ямар байдлаар зохицуулах вэ?
-Саяхан сошиалд Хавдрын эмнэлэгт үзүүлэх иргэдэд талон тарааж байна гэх мэдээлэл явж харагдсан. Энэ бол худлаа шүү. Одоо талон тараахаа больсон. Намайг тус эмнэлгийн захирлаар ажиллаж байхад л энэ асуудлыг болиулсан. Нөгөөтэйгүүр иргэд цахимаар очер дараалал авч үйлчлүүлэх бүрэн боломжтой. Ачаалал, төвлөрөл их байгаа нь үнэн. Бид энэ ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд аймгийн эмнэлгүүдийг хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг болгох зорилгоор хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Одоо хавдрын эмчилгээг аймгуудад, дүүргүүдэд хийж байна. 2020 оноос өмнө хими эмчилгээ хийдэг болъё гэж зориод байсан болохоос биш хийж чаддаггүй байлаа. Үүний гол шалтгаан нь гүйцэтгэлийн санхүүжилт гэж байгаагүйтэй хамаатай. Тиймээс мөнгө, төсвийн асуудал тулгардаг байсан. Харин одоо гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болсон учраас аймгууд, дүүргүүд хийх боломж нь бүрдсэн. Тэр утгаараа ганцхан Хавдрын эмнэлэгт биш аймаг, дүүрэг, тэр битгий хэл зарим хувийн эмнэлгүүд ч энэ чиглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд хувийн эмнэлгүүдэд очоод мөн ялгаагүй даатгалд хамрагдаад тусламж, үйлчилгээгээ авах эрхтэй. Гэтэл зарим хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн энэ ачааллаас үүрэлцэх сонирхолгүй байна. Тэд даатгалын газартай гэрээ хийдэггүй, харин иргэдээс бэлэн мөнгө авах сонирхолтой. Энэ асуудалд Эрүүл мэндийн яам, даатгалын газрууд хяналттай, анхааралтай ажиллах шаардлагатай. Амин хувиа хичээсэн, мөнгө хөрөнгө харсан хувийн эмнэлгүүдийн нэрсийг зарлаж, олон нийтэд ил болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, даатгалд хамрагдахыг хүсдэггүй, эрүүл мэндийн ачааллаас үүрэлцэх сонирхолгүй хувийн эмнэлгүүдийг зарлаж, хариуцлага үүрүүлэх шаардлагатай гэсэн үг. Нөгөөтэйгүүр Хавдрын эмнэлэгт иргэд био хими, цус, шээсний шинжилгээ өгөх гэж дугаарлаж байгаа нь буруу. Үүнийг дүүрэг, аймгийн эмнэлгүүд хийгээд гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваач ээ. Заавал иргэдийг нэг газарт төлөвлөрүүлж, нэг эмнэлгийн ачааллыг ихэсгэх шаардлага байхгүй шүү дээ. Мөн яагаад энэ эмнэлэгт ачаалал үүсээд байгааг явж судал л даа. Миний харж байгаагаар ихэнх нь цус, шээсний шинжилгээ өгөх гэж байгаа хүмүүс л байна. Үүнийг бүгдийг нь аймаг, дүүргүүдэд хийж болно шүү дээ.Бүр химийн эмчилгээ хийх боломжийг нь гаргаад өгчихсөн байгаа. Заавал ганц Хавдрын эмнэлэгт ирж хийлгэх шаардлага байхгүй.
-Харьяа эмнэлгүүдийн болоод салбар яамны зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай гэж та үзэж байна уу?
-Тэгэлгүй, яах вэ. Миний хувьд энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байна. Очер дараалалтай байгаа газарт хяналт, судалгааг нь хийгээд өгөөч. Очоод үзээч, ямар хүмүүс байгаа нь тодорхой л байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хэн очоод очер дараалал үүсгээд байгаа нь тодорхой гэсэн үг. Зарим нь цусны шинжилгээ өгөх гээд л очерлоод байна. Хавдар судлалын төв бол олон хүн ирэх тусам манайх болж байна л гэж үзнэ. Тэгвэл дүүргийн эмнэлгүүд үүнийг яагаад өөрсдөө хийж чадахгүй байгаа юм бэ. Ямар, ямар гоё том эмнэлгүүд дүүргүүдэд баригдчихсан байна вэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсад байхгүй л том сайхан эмнэлэг баригдчихсан байна. Ийм байж, иргэдээ заавал тэр Хавдар судлалын төв рүү явуулаад байх шаардлага байгаа юм уу. Холбогдох албаны хүмүүс энэ асуудалдаа жаахан ажил хэрэгч, бүтээлч, бүтээлч, сэтгэлтэй хандах хэрэгтэй.
-Хавдрын эмнэлэгт ачаалал их байгаа юм бол тэр газрыг өргөжүүлэх, эсвэл шинээр эмнэлэг барих асуудлыг хөндөж тавихгүй юм уу?
-Энэ байшин 1980 онд баригдсан. Тэр утгаараа одоо цагт зай талбай хүрэлцэхгүй байх асуудал гарах нь ойл[1]гомжтой. Би Хавдар судлалын захирал байхдаа 3.5 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх хөрөнгийг үлдээсэн. Тэр хүрээнд тус эмнэлгийн хагалгааны тасаг шинэчлэгдэж, өргөжсөн. Одоо хагалгааны найман өрөөтэй байгаа. Эдгээр өрөөнд өглөөнөөс орой, шөнө хүртэл тасралтгүй хагалгаа хийж байна. Яг ингэж ажиллах боломж бусад эмнэлгүүдэд байгаа.
-Тэгээд яагаад тэр эмнэлгүүд нь энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэггүй юм бэ?
-Би түрүүнд хэлсэн. Яагаад нэг аймгийн Засаг дарга нь эмнэлгийнхээ даргатай нийлээд хавдрын хагалгаа хийдэг сайн эмчид гурван сая төгрөгийн цалин өгч ажиллуулаад байж чадахгүй байгаа юм бэ. Эмч, боловсон хүчнээ энэ мэтээр татаад аваад ирвэл тухайн иргэн заавал наашаа Хавдрын эмнэлэгт ирэх шаардлагагүй л болчихно шүү дээ. Монголд хамгийн их хийгддэг ходоод, элэг тайрах хагалгааг аймаг, дүүргүүдэд хийх боломжтой. Хавдар судлалын үндэсний төв жилдээ элэг тайрах 600 гаруй хагалгаа хийж байна. Нөгөө талаасаа энэ эмнэлэгт үйлчлүүлэх хүсэл иргэдэд их байна. Тиймээс энэ бол боловсон хүчний асуудал. Тэр утгаараа бусад эмнэлгүүд энэ чиглэлийн мэргэжлийн эмч нарт өндөр цалин амлаад авах шаардлагатай. Монголоор дүүрэн л эмч нар байна.
Шинэ эмнэлэг барих асуудлыг хөндөж тавихгүй юм уу?
-Энэ асуудал яригдаад, ажил хэрэг болоод явж байгаа. Энэ дашрамд нэг зүйл тодотгож хэлмээр санагдлаа. Сүүлийн үед М.Билэгт гишүүний эмнэлгийг Хавдар судлалын Үндэсний төв авчихвал энэ бүх ачаалал алга болно гэж яриад байх юм. Хөгжлийн банкнаас баахан зээл авчихаад нэг сүрхий гавьяа байгуулчихсан юм шиг эмнэлэг гээд л яриад байна. Тэр эмнэлгийг нь авчихвал ачаалал багасна гэж ойлгох юм. Нэг талдаа тэгж ойлгох нь өрөөсгөл шүү. Түр зуурын очер дарааллыг бууруулахад нэмэр болох уу гэвэл нэмэртэй. М.Билэгт гишүүний эмнэлгийн нэг асуудал нь хагалгааны өрөөгөө хийгээгүй юм билээ. Бидэнд нэн шаардлагатай зүйл бол хагалгааны өрөө шүү дээ. Би дээр хэлсэн. Хавдрын эмнэлэг одоо хагалгааны найман өрөөтэй байгаа. Угтаа Монгол Улсын хэмжээнд хавдрын эмнэлэгт хагалгааны 20 өрөө байх шаардлагатай байгаа юм. Хэрэв ийм хэмжээнд хүрчихвэл энэ их ачаалал, очер 7-14 хоногт л хэвийн болж, яригдана. Эмч нар нь яарахгүй, шөнө, оройгүй ажиллахгүй, үйлчилгээ хаа хаанаа жигдрээд ирнэ. Шинэ эмнэлэгтэй болохгүй юм уу гэлээ. Миний хийж байгаа гол ажлын нэг бол Хавдрын хоёр том өргөтгөл, шинэ эмнэлэг барих юм. Энэ хүрээнд Туул зөрлөгийн цаад аманд 10 га газар эмнэлгийн зориулалтаар баталгаажуулчихсан. Мөн Барилга хот байгуулалтын яамнаас шинэ эмнэлэг барих зураг төслийн нэг тэрбум төгрөгийн тендер зарлагдаад ажил нь гүйцэтгэгдээд явж байгаа. Хүний нүд хуурах гэсэн эмнэлэг биш. Гаднаас хүмүүс ирж эмчлүүлдэг ийм цогц, том эмнэлгийг Азид барих гээд ажлыг нь эхлүүлээд явж байна. Өөрөөр хэлбэл Хавдрын эмнэлгээс гурав дахин илүү хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий эмнэлэг барих гэж байна.
-Ямар нэгэн саад, хүндрэл үүсэхгүй бол хэдий хугацаанд барьж ашиглалтад оруулахаар тооцож байна вэ?
Энэхүү шинэ эмнэлгийн төсөлтэй Ерөнхий сайд танилцчихсан, мөн С.Чинзориг сайд энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа. Юутай ч энэ ондоо барилгын ажлыг эхлүүлчих санаатай байна. Нөгөөтэйгүүр санхүүжилтийн асуудлыг шийдчихвэл иймэрхүү хэмжээний том эмнэлгийн байгууламжийг гурван жилийн дотор босгочих юм билээ.
-Сүүлийн үед эмийн чанар, аюулгүй байдлын асуудалд иргэд их бухимдаж байна. Өвчнөө эмчлэх гээд эм уугаад нөлөөлөх зүйл алга гэж ярих хүмүүс ч олон байна. Мэдээж эдийн засаг талаасаа асар их зардал иргэдээс гарч байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай явдаг вэ. Эмийн чанар, аюулгүй байдлыг яаж сайжруулах вэ?
-Эмийн чанар гэдэг бол эрүүл мэндийн салбарын гол тулгамдсан асуудлын нэг. Учир нь эмгүйгээр эрүүл мэндийн салбарыг төсөөлөх аргагүй. Буугүй анчин байдаггүйтэй адил эмгүй эмч гэж байх боломжгүй. Эмийн чанар тухайн эмийн тунгаас шалтгаалдаг. Тун нь хэмжээндээ хүрэхгүй бол тухайн эмийн үйлчилгээ үзүүлэх чанар байхгүй гэсэн үг. Стандарт хангахгүй эмийн асуудлын цаана манайд орж ирж байгаа хямд эмүүдийн тун нь хэмжээндээ байгаа эсэх асуудал яригдана. Гадуур эмийн чанар муудсан гэж ярьдаг. Тэр нь тухайн орж ирсэн эмийн тун нь бага, хэмжээндээ хүрэхгүй байгаатай шууд холбоотой. Тиймээс эмийн чанарыг хянадаг байгууллагын тухайд бид 2020 оны хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж өгсөн. Уг хуулиар Засгийн газрын тогтоол гарч Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг хянан зохцуулах газартай болсон. Энэ газар зах зээл дээр байгаа бүх эмийн чанар, тун дооз хүрч байгаа эсэхийг хянах, Монголд орж ирж байгаа эмийн зөвшөөрлийг олгохоос эхлээд бүх хяналтын ажлыг хийх үүрэгтэй. Ийм хяналтын чиг үүргийн байгууллагыг бид байгуулчихсан. Одоо лабораторио ажиллуулах ёстой. Иргэнээс ирсэн гомдлын дагуу тухайн эмийн найрлага, тун, доозыг нь шалгаад зөрчил гарвал хариуцлага тооцох чиглэлд идэвхтэй ажиллах үүрэгтэй. Бүр зарим эм ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг хорьчих хэрэгтэй юм. Ингээд хариуцлага тооцоод эхэлбэл эмийн чанарын асуудал, орчин нөхцөл сайжраад л ирнэ.
Э.МӨНХТҮВШИН