Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг-2022” наадмын эхний шатны дүн гарлаа DNN.mn

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмын эхний шатанд ирсэн 80 өгүүллэгийг Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгарууллаа.

1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.
Шалгарсан өгүүллэгийн зохиолчид “Утгын чимэг” наадамд унших жүжигчдийнхээ нэрсийг 2022 оны 12 дугаар сарын 26-наас өмнө МЗЭ-ийн менежер П.Наранбаатарт өгнө үү!

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор болжээ DNN.mn

Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, гар утсаараа шууд дамжуулалт хийдэг иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорьжээ.

Түүнийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан. Цагдаагийн албан хаагчийн тавьсан хуулийн шаардлагыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр цагдан хорьсныг эх сурвалж мэдээлэв.

Нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2022.12.19/ гаргажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нүүрсний хулгайг илрүүлэх “Лобби” бүлэгт сөрөг хүчнээс гурав, эрх баригчдаас 15 гишүүн нэгджээ DNN.mn

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг олон нийтэд зарласан. Уг ил болгосон гишүүд нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар нар билээ. Эдгээр гишүүд “Бид нүүрсний хулгайд ямар ч хамааралгүй. Нүүрстэй холбоотой бизнес эрхэлж үзээгүй, нүүрс гэдгийг түлж үзсэнээс хулгай хийж үзээгүй, ер нь нүүрсний гэх хэрэгт ямар ч холбогдолгүй намтар түүхтэй гишүүдийг сонгосон нь их хачирхалтай” хэмээн тус бүрдээ байр сууриа илэрхийлж ирсэн. Тэд “Та нар жинхэнэ хулгайчдаа зарла” гэж чуулганы хуралд тодорхой байр сууриа илэрхийлсэн. МАН-ын дээрх нэр бүхий таван гишүүнээс энэхүү асуудлыг эрс эсэргүүцэж, нийгэмд зарим шуугиантай хэргүүдийн сэжүүрийг ил тод, хамгийн чангаар хэлж байгаа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өдийг хүртэл нийгэм, улс төрийн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, өөрөөр хэлбэл “чимээгүй” сууж ирсэн. Харин АТГ-аас нэрийг нь хулгайн хэрэгт холбогдуулан зарлахад “дуу” орж, ёстой гишүүнийхээ ажлыг хийж эхэллээ хэмээн хэлэх хүмүүс цөөнгүй байна. Нөгөөтэйгүүр эдгээр таван гишүүн өөрсдийгөө нүүрсний хулгайд ямар ч хамааралгүй гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эдгээр таван гишүүн нүүрсний хулгайтай тэмцэх, шалгах “Лобби” бүлэг байгуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Тус бүлэг иргэдийн шаардсан нэрсийг гаргах, өөрсдийнх нь хэлээд буй жинхэнэ нүүрсний хулгайчдыг олон нийтэд ил болгохоо зорилго, чиглэлээ болгон ажиллах аж. Дашрамд дурдахад, лобби бүлэг ямар учраас байгуулдаг болох талаар товч хүргэе. УИХ-ын гишүүд тодорхой нэг чиглэл, сэдвийн хүрээнд лобби бүлэг байгуулдаг. Лобби бүлгийн зорилго нь шийдвэр гаргах хүрээлэлд нөлөөлж тухайн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Энэ утгаараа нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд УИХ-д “Лобби” бүлэг байгууллаа. Энэхүү бүлэгт сөрөг хүчин буюу Ардчилсан намаас гурав, эрх баригч буюу Монгол ардын намаас 15 гишүүн нэгдсэн байна. Тухайлбал, АН-аас С.Ганбаатар, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар нэгджээ. Харин МАН-аас Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Д.Батлут, Э.Батшугар, Ч.Булгантуяа, Г.Ганболд, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир нарын гишүүн нэгджээ. УИХ-д суудалтай ХҮН-аас энэхүү лобби бүлэгт одоогоор гишүүд нэгдээгүй ажээ. Цаашид нүүрсний хулгайг илрүүлэх буюу тэдний хэлж байгаагаар “жинхэнэ” хулгайчдыг илрүүлэх дээрх лобби бүлэгт нэгдэх сонирхолтой гишүүд цөөнгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг “Неllfest” наадамд оролцоно DNN.mn

“The Hu” хамтлаг 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа металл хөгжим сонирхогчдын хамгийн ихээр зорьдог “Неllfest” наадамд оролцохоор болжээ.

Уг наадам нь ирэх оны зургаадугаар сарын 15-18-нд Францын Клиссонд болох аж. Мөн тус наадамд шилдэг 179 хамтлаг оролцохоор зарлагдсанаас “Тhe Hu” хамтлагийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна.

Дашрамд дуулгахад, “The Hu” хамтлаг тус наадамд оролцсон Азийн хоёр дахь хамтлаг болж буйгаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа, прокурор, шүүх нүүрсний хулгайгаас сэргийлэх ёстой юу, гоё оффис бариулж алтан бөгж зүүгээд орхих ёстой юу? DNN.mn

Нүүрсний хулгайн хэрэг мандаад багагүй хугацаа өнгөрлөө. 40 их наядаар хэмжигдэж байгаа энэ хэрэг ард түмнийг хилэгнүүлж, жагсаал цуглааныг ширүүсэхэд хүргэв. Сүхбаатарын талбайд 16 дахь өдрөө үргэлжилж буй иргэдийн тэмцлийн үр дүнд нууцын зэрэглэлд оруулсан оффтейк гэрээг ил болгож, хэдэн улстөрчдийн нэрсийг зарлах шив дээ. Гэтэл нөгөөдүүл нь “Би буруугүй” гэж тал тал тийшээ баахан сандралдан гүйлдэцгээх юм. Бүхэл бүтэн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний орлогыг хумсалсан эрх мэдэлтнүүд, улс төрийн бүлэглэлүүд тийм ч амархан “Би хулгайлсан” гээд гараад ирэхгүй нь тодорхой. Нүүрсний хулгайн асуудал гэнэтхэн өнөөдөр яригдаж байгаа сэдэв ч биш. Одоогоос хэдэн жилийн өмнө парламентын гишүүд нь чуулганы танхимд бие биеэ нүүрсний хулгайч, луйварчнаараа дуудалцаад сууж байсныг ард түмэн бүгд харсан. Тэр үед л нүүрсний хулгай ид явагдаж байж. Ер нь сүүлийн зургаан жилийн хугацаанд нэлээд эрчимтэй цэцэглэсэн гэх юм билээ. Төдийгөөс өдий хүртэл буруутай этгээдийг илрүүлээд зохих шийтгэлийг нь оноочихсон байх хангалттай сар жилүүд өнгөрөв. Гэтэл асуудал шударгаар шийдэгдсэнгүй. Харин ч хулгай улам гаарч монголчуудын боломжийг ховх сорогчид хамаг өрмийг нь ханаж, цадахааргүй хамах янзтай байв. Төсвийн хулгай ийм ил цагаандаа гарчихаад байхад манай цагдаа, прокурор, шүүхийнхэн юу хийцгээж байв. Арван мянган төгрөг хулгайлсан Батыг шуурхай яллаж, анкетыг нь барьж байгаад олон нийтэд мэдээлдэг мөртлөө нөлөө бүхий улстөрчид бүлэглэлүүдийн оролцоотой төсвийн хулгайг илрүүлэхдээ үнэндээ хойрго юм.

Төрд нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэрэг үүрлэж, сүлжээний бизнес шиг өргөжин сүлбэлдсэн энэ бүх цаг хугацаанд цагдаа, прокурор, шүүхийнхэн тэнгэр баганадсан өндөр оффист л орцгоогоод байсан. Эдийн засгийн хямрал тэдэнд огтхон ч нөлөөлөөгүй. Ар араасаа тууз хайчилж, будаг нь ханхалсан тохилог ажлын байрнуудаа гайхуулцгааж байв. Уг нь дэлхийн жишигт өндөр хөгжилтэй улс орнуудын хамгийн гоё дизайнлаг байшинд банкныхан л байдаг сан. Тэгвэл Монголд тансаг зэрэглэлийн оффист цагдаа, прокурор, тагнуул шүүхийнхэн ямбалдаг болсон нь худлаа биш. Тэдний захиалсан байшин савуудын саадгүй хурдан баригдахыг яана. Одоо бодоод байх нь ээ, хууль хүчнийнхнээс барилгын компаниуд сүрдэж ажлаа яаравчилдаг байх гэж харсаар ирсэн нийгмийн өнцөг үнэхээр гэнэн байж. Харин ч 40 их наядын хулгай гарч байхад нүдээ аньж бай гээд эд нарт зориулж барьж өгсөн авлигын байшин байсан юм биш үү.

Зүү тэвнэ биш, бүхэл бүтэн хэдэн арван их наядаар тоологдох хэмжээний нүүрсний хулгай ямар ч хяналтгүй бас айдасгүй олон жил үргэлжилж байхад АТГ, цагдаа, прокурор, шүүхийнхэн хаана байв. Төрийн луйврыг тоотой хэдэн сонин хэвлэл бэхээ тасалдтал бичиж, нийтэлж, олон нийтийг мэдээллээр хангаж ирсэн шүү дээ.

Үнэхээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, гадны өмгөөллийн товчоонд задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид ял завшиж ирсэн юм биш үү. Саяхан нэг прокурор зурагтаар гарахдаа ард түмнийг босгочихоо шахсан. Арван хуруундаа алт зүүчихээд гар, хөл ч хөдөлгөж чадахааргүй нэгэн сууж байна лээ. Үнэт эдлэлийн лангууны худалдагч ч тэгж алт эрдэнэсээр хучигдсан байдаггүй. Гэтэл тийм хүн прокурор хийхээр чинь хууль шүүхийнхэнд итгэх арга байна уу. Биеийн хэлэмжийг нь харахад л “Ээ дээ, энэ яана даа” гэмээр нөхөр байсан.

“Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл бенц “G-Class” хөлөглөж, тансаг хауст амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэж Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс хатуухан хэлээд авав. Нээрээ л төрийн албан хаагчид ямар мөнгөөрөө тансаг амьдраад байна вэ. Цалингаараа ингэж амьдардаг гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Төрийн албан хаагчдын цалингийн зэрэглэлийн цэснээс харахад газар, хэлтсийн дарга нар үсрээд 1.3 сая төгрөг л авдаг юм билээ. Ажилласан жил, зэрэг цолны нэмэгдэл гээд 1.5 сая хүрэхтэй үгүйтэй. Насаараа хамаг орлогоо хадгаламжинд дансалсан ч тэрбумын үнэтэй орон сууцанд амьдарч, чихэлдсэн хотын түгжрэлд “G-Class”-аар гангарч чадахгүй. Төрийн албан хаагчид ард түмний нүдэн дээр ингэж хөлжиж, амьдрал нь суга татагдаж байхад АТГ, цагдаа, прокурор, шүүх яагаад шалгаагүй юм бэ. Авдаг цалингийнх нь хэмжээ хүртэл бэлээхэн байж байхад яагаад хардаж, сэрддэггүй юм бэ.

Улстөрчдөөс гадна сэргийлж, харж байх ёстой АТГ, прокурор, шүүх цагдаа нарын удирдлагуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Нүүрсний гэх тодотголтой төрийн хулгайг өдий болтол жинхэнэ гааруулсан хүмүүс чинь эд нар юм байна. Уг нь тэднийг ийм хулгай зэлгийгээс хамгаалж сэргийлж, хоригло энэ тэр гэж ард түмэн татвараараа тэжээж өдий хүргэсэн. Орд харшид суулгаад, алт мөнгөнд умбуулж байгаа шүү дээ. Тэднээс хулгайчийг бариад өг гэж мянга хүсээд ч нэмэргүй юм байна. Иймд эхнээс нь эцсийг нь хүртэл энэ хүчний байгууллагуудаа бүгдийг нь солих хэрэгтэй байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын Байнгын болон түр хороод хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.12.20/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

1

Хууль зүйн байнгын хороо

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

· ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох

· Бусад

10.00

“Үндсэн хууль”

3

Түр хороо /Ковид-19/

· Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийн талаарх Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· Эрүүл мэндийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

· Нүүрсийг цахимаар арилжах бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Эдийн засгийн байнгын хороо

· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.07-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Увс аймгийн Сагил сумаас баруун тийш 36 километрийн зайд өнөөдөр өглөө 06:24 цагт газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн хүч 4.5.

Газар зүйн байршил: (Өргөрөг, Уртраг) 50.29 91.11.

Чичирхийлэл тухайн орчны иргэдэд мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй хэмээн Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сэргэлэн: Монгол Улсын хуулийг зөрчиж, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй DNN.mn


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Та бүхнийг ямар үндэслэлээр нүүрсний хэрэгт нэр холбож зарласан талаараа АТГ-аас хариу мэдээлэл өгсөн үү?

-Авлигатай тэмцэх газар биднээс асуулт, мэдүүлэг аваагүй. Гэнэтхэн л нүүрсний хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс гээд зарласан. Бид юуны учир, ямар үндэслэлээр шалгагдаж байгаагаа одоо болтол мэдээгүй сууж байна. Мэдэхийн тулд АТГ-т очсон. Одоог хүртэл хариу сонсоогүй явна.

-Таныг Хи хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед нүүрсний хулгай гарчихсан байсан уу?

-Хил хамгаалах байгууллага нүүрсний хэрэгт ямар холбоотой байж болох вэ гэсэн өнцгөөс таныг асууж байна гэж ойлголоо. Хил хамгаалах байгууллага хуулиар Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэж, зорчигчийн баримт бичигт хил нэвтрэх дардсыг нь дарж гаргадаг. Нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд хил зөрчигч байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор үзлэг хийдэг. Мөн хилээр гарч байгаа бүх тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь бүртгэдэг. Ийм чиг үүргийг хилийн боомт дээр гүйцэтгэдэг. Түүнчлэн хилийн боомтын аюулгүй байдлыг хангах том үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай байгууллага.

Гаалийн байгууллага хилийн боомт дээр хамт ажилладаг. Урьд нь Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага гээд гурван байгууллага хамт ажилладаг байсан. Өнгөрсөн жил хуулиар Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагыг Гаалийн байгууллагатай чиг үүргийн давхцалтай байна хэмээн Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагыг Гаалийн байгууллагын бүтцэд оруулсан. Одоо бол хоёр байгууллага Хил хяналтын байгууллага гэдэг хуулийн нэр томьёогоор зэрэгцэж ажиллаж байгаа.

Тээврийн хэрэгслийн ачсан гурил, нүүрс, будаа байна уу ялгаагүй тээвэрлэсэн ямар нэгэн бараа таваарын бүртгэлийг нь Гаалийн байгууллага хийж гаалийн мэдүүлэг өгүүлж татварыг нь хурааж авдаг чиг үүрэгтэй.

Хэрвээ улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа таваар байвал хурааж авдаг. Хил хамгаалах байгууллага, Гаалийн байгууллагын чиг үүрэг хуулиар тусдаа. Өөрсдийн үүргээ энэ хоёр байгууллага гүйцэтгээд явж байгаа. Хилийн боомт бүр дээр хяналт шалгалтын дараалал гэж юм бий. Монгол Улсын хилээр гарч байгаа тээврийн хэрэгслийн гарах дараалалд эхлээд Гаалийн байгууллага үзлэг, шалгалт, гаалийн бүрдүүлэлтээ хийнэ. Дээр ярьсан татвар хураамжаа авна. Ингээд Гаалийн байгууллага бүрэн шалгаж дууслаа, явж болно гэдэг командыг өгнө. Дараагаар нь Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх алба угтаж авна. Хилийн шалган нэвтрүүлэх алба бараа таваар болон хүний эд хөрөнгөд хүрч болохгүй. Учир нь Гаалийн байгууллага үзлэг хийж шалгаад хилээр нэвтрүүлж болно гээд бүртгэлийг нь хийчихсэн эд зүйл, бараа таваарт хүрэх эрх байхгүй. Ганцхан тухайн тээврийн хэрэгсэлд хил зөрчигч нуугдаж байгаа эсэхийг л шалгана. Өөрөөр хэлбэл, улсын хилээр хууль бусаар нуугдаж гарах гэж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор хүн нуугдаж болох газруудад үзлэг хийнэ. Үзлэг хийнэ гэдэг нь нүдээрээ харж, нохойгоор мөрдүүлдэг. Үзлэгээр зөрчил илрээгүй бол тээврийн хэрэгслийн жолоочийн паспорт дээр нь улсын хил нэвтэрч болно гэсэн штанб дардаг. Үзлэгийн явцад галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис илэрвэл шууд Гаалийн байгууллага, Тагнуулын байгууллагад мэдэгдэж хамтарсан үзлэг хийж протокол хөтлөөд хуулийн байгууллагад шилжүүлдэг.

Хилээр орж ирэх чиглэлд мөн адил дарааллаар шалгаад нэвтрүүлдэг. Ийм үйл ажиллагаа хилийн боомт дээр хуулиар явагддаг.

Хил хамгаалах байгууллага чиг үүргийн хүрээнд нүүрстэй холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Нүүрс ачсан эсэх, хэдэн тонн нүүрс ачсан гэдэг нь Хил хамгаалах газарт ямар ч хамааралгүй байдаг. Тэр бол зөвхөн Гаалийн байгууллагын асуудал. Гаалийн байгууллага нүүрс, будаа гурил гэхчлэн бараа таваараа бүртгэж аваад тонн хэмжээг нь хэмжээд тэдэн тонн нүүрс байна, тэдэн тонн гурил байна гэдгийг бүртгээд холбогдох татвар хураамжаа аваад гаргадаг. Тэгэхээр нүүрсний асуудал чиг үүргээрээ Гаалийн бүртгэл хяналтаар ороод гарах ёстой. Бүртгэл хяналтад орсон уу, үгүй юү гэдэг нь Гаалийн байгууллагын өөрсдийнх нь чиг үүрэг бөгөөд гарцаагүй хийх ёстой ажил. Тиймээс Хил хамгаалах байгууллага нүүрсийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн асуудалд оролцох боломжгүй.

-Нүүрс ачсан 10 машиныг бүрдүүлбэргүйгээр хилээр гаргахад Хил хамгаалах газрын хоёр ажилтан оролцсон гэсэн мэдээлэл ил болсон. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Хил хамгаалах байгууллагад харьяалалтай хоёр албан хаагч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг нь, наймдугаар сард нэг нь 10 машиныг тухайн үед гарч байсан Гаалийн байгууллагын ажилчидтай хуйвалдаж хил нэвтрүүлж байжээ гэсэн. Үүнийг би тодруулж, учир шалтгааныг нь асуусан. Тэгсэн дээрх үндэслэлээр шалгагдаж байгаа юм билээ. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайн өдөр гарч байсан Гаалийн байцаагч өөрөө шалгаж бүртгээд, татвар хураамжаа аваад гаргах ёстой байтал үүнийг гаргачих гээд явуулчихсан. Нөгөөдүүл нь штанбыг нь дарж өгөөд гаргачихсан байж болно.

Үүний хоёр машин нь хоёр дахиж гарсан. Найман машин нь нэг удаа гарсан. Давхардсан тоогоор 10 машин гарсан асуудал шалгагдаж байгаа юм билээ.

-Ер нь бүрдүүлбэргүйгээр нүүрс гарсан нь алдагдсан боломжид хамгийн их дүнг эзэлж байгаа юм билээ. Таныг дарга байх үед хоосон гарч байна гэх мэдээлэл хэр их ирдэг байсан бэ?

-Би сая хэллээ шүү дээ. Тухайн машин хоосон гарч байна уу, ачаатай гарч байна уу гэдэг асуудал Хил хамгаалах байгууллагад огт хамаагүй байдаг. Зөвхөн Гаалийн байгууллагад л хамаатай.

Хил хамгаалах байгууллага бүх машинд бүртгэл хийдэг. Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийдэг. Ачааных, хүн тээврийн, автобус гэхчлэнгээр ангилаад бүртгэж байна гэсэн үг. Энэхүү бүртгэлээ хөрш орны буюу БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагын бүртгэлтэй тулгадаг. Боломжтой бол өдөртөө, удлаа гэхэд долоо хоногт тулгадаг. Сар, улирал, жилээр байнга тулгадаг. Учир нь хилийн боомтыг хаах, нээх асуудалд хоёр улсын хил хамгаалах албанд их нөлөөтэй. Өнөөдөр манай талаас тэдэн хүн, тэдэн машин гарсан гээд хөрш улсын байгууллагатай тулгачихдаг.

-Тэгвэл хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо зөрж байгаа, Хятадын тал мэдээллээ өгөхгүй байгаа зэрэг мэдээлэл ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл нэг ч машины зөрүүгүй. Харин тэр тээврийн хэрэгсэл гаалийн бүртгэл дээр ачаатай, ачаагүй гэдэг нь зөрөөд байгаа юм. Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо БНХАУ-ын тал руу нэвтэрсэн машины тоотой таарч байгаа юм. Яагаад гэвэл үүнийг Хил хамгаалах байгууллага хилээр нэвтэрсэн машины бүртгэлийг Гаалийн байгууллагын бүртгэлтэй ачаатай ачаагүй гарсантай тулгаад үзэхээр зөрөөд байгаа юм. Уг нь Гаалийн байгууллага нүүрсэн дээр ч гэдэг юм уу экспортын том бүтээгдэхүүн дээр ямар хэмжээний нүүрс гарснаа хөрш орны Гаалийн байгууллагатай тулгаад явж байх ёстой. Тэгвэл тоо зөрөхгүй шүү дээ. Тухайн өдөртөө тулгаж болоогүй юм бол улирал, сард нь тулгалт хийгээд явах ёстой. Ингэвэл хэдэн тонн гарсан мэдээлэл дороо гараад ирнэ. Хил хамгаалах байгууллагын бүртгэсэн машины тоо зөрөөгүй.

Би Хил хамгаалах байгууллагын даргаар ажиллаж байгаад 2013 оны ихээр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх алба буюу саяны миний ярьсан чиг үүргийг Хил хамгаалах байгууллагаас татан буулгасан. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл энгийн байгууллага үүнийг хариуцсан. Энэ хугацаанд гарсан машин тээврийн хэрэгслийн асуудлыг Хил хамгаалах мэдэхгүй. Гадаадын иргэн харьяатын байгууллага энэ үүргийг хэрэгжүүлж байсан. Тиймээс тэр байгууллагын бүртгэл тооцоонд байх ёстой. 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжсэн хуулийн дагуу энэ бүтэц эргэж Хил хамгаалах байгууллагад дахин байгуулагдаад үйл ажиллагаа нь одоо хэвээр явж байна. Үүнээс хойш гарсан машин тээврийн хэрэгслийн бүртгэл мөн адил БНХАУ-ын талтай яг таарч байгаа. Нэг машин зөрвөл асуудал үүснэ. Хоёр улсын тусгай албад үүнийг дор нь илрүүлнэ. Ядах юмгүй бариад авна.

-Нүүрсний хулгай гарч байгааг та хэзээ мэдсэн бэ?

-Л.Энхболд гишүүнээс албан бичгээр Хил хамгаалах байгууллагаас улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл тооцоог гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Яг энэ дагуу нь улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэлийг, нэг бүрчлэн номер дугаараар нь өгсөн. Тэр нь Хятадын талтай тулгасан мэдээлэл.

Л.Энхболд гишүүн гаргаж тавьсан учраас энэ хүрээнд асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэж би ойлгосон. Учир нь Л.Энхболд гишүүний манай руу явуулсан хүсэлттэй адилхан хүсэлт хууль хяналтын байгуулага руу явуулсан байсан. Иймээс Хил хамгаалах байгууллага хууль хяналтын байгууллагуудад хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг гаргаж өгсөн. Тэгэхээр нүүрсний хулгай байгаа юм болов уу гэсэн бодол төрж байсан. Гэхдээ энэ нь Хятадын талд орсон нүүрстэйгээ таарч байна уу гэдэг асуудал. Ер нь хулгай гарсан эсэхийг тогтоох хамгийн амархан арга нь Гааль дээр байгаа Монгол Улсын хилээр нэвтэрсэн нүүрсний бүртгэлийн мэдээллээ Хятадын талд орсон нүүрсний бүртгэлтэй тулгаж үзээд зөрүү гарвал нүүрсний хулгай байна гэсэн үг. Хэдэн тонны зөрүү байна гэдэг нь гараад ирнэ. Тиймээс Хятадын талтай л тулгачих хэрэгтэй. Монголын гаалийн бүртгэлийн Хятадын гаалийн бүртгэлтэй боомт боомтоор нь тулгачих л даа.

-Та 2016-2019 онд Хил хамгаалах газрын ерөнхий даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай гарч байна гэсэн мэдээлэл ил болсон байх үед та дарга байж. Хил хамгаалах газар Монгол Улсын дархан хилийг манах үүрэгтэй. Гэтэл улсын дархан хилээр Монгол Улсын байгалийн баялаг хулгайлагдаж байхад та яагаад чимээгүй суусан юм бэ. УИХ-ын гишүүн болоод ч та энэ асуудлаар яриагүй шүү дээ?

-Би нүүрсний тухай юу ч хэзээ ч ярьж байгаагүй хүн. Учир нь Хил хамгаалах байгууллага нүүрсний хулгай гэх асуудалд огт хамаагүй байгууллага учраас тухайн агентлагийн дарга энэ асуудлыг ярих боломж ч байхгүй. Тийм сэдэв ч байхгүй. Ганцхан үүнийг ярьсан, хэлсэн, хүсэлт тавьсан болгонд улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг яг хууль номынх нь дагуу Хятадын талтай тулгасан бүртгэлээ албан ёсоор гаргаж өгсөн. Хэдэн тонн нүүрс гарч байна гэдгийг Хил хамгаалах газар хянах ямар ч боломжгүй. Гаалийн чиг үүрэг гэж би танд гурван удаа хэллээ.

Гаалийн байгууллага хоёр улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Бид хилийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Би хэллээ ш дээ. Улсын хилээр хууль бусаар хил зөрчигч нэвтрүүлэхгүй байх, улсын хилээр хууль бусаар машин гаргуулахгүй байх. Үүнийгээ Хил хамгаалах байгууллага яг хуулийн дагуу хийгээд өнөөдөр хууль хяналтын байгууллага гаргаад өгчихсөн. Тэр тоо нь цаад талтай яв цав нийцэж байгаа. Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ одоо болтол хэрэгжүүлээд явж байгаа.

-Та АТГ-т мэдээлэл хийж байхдаа “намайг намнах гэсэн нэг хүн байдаг. Тэр ар өврөөр гүйж ийм юм хийж байна гэсэн. Та бол өнөөдөр хууль тогтоох байгууллагын гишүүн хүн. Монголд нэгнийгээ намнахад хууль хяналт оролцдог болчихсон юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө дархан байх ёстой. Миний харж байгаагаар нэр зарлаж байгаа нь хууль зөрчсөн л асуудал. Хүний нэр төрд халдаж байгаа хэрэг. Би үүнд тоож байгаа юм алга. Зарлачихсан юманд би юу хэлэх вэ. Тэднийг хууль зөрчсөн гэж харж байна. гэхдээ энэ цаанаа улс төрийн зорилготойгоор миний нэрийг оруулсан юм болов уу гэж би хардаж байгаа, хардах эрх надад бий. Зарим мэдээллийн хэрэгслээр хардах эрхтэй гээд намайг гүтгэсэн нийтлэл гаргасан байна лээ. Хардаж болно. Гүтгэж болохгүй шүү дээ. Тиймээс би хардаж байгаа юм. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавиулсан нийтлэлийг мөшгөөд үзэхээр нэг хүн ар, өврөөр нь гүйгээд байгаа юм. Тэр мэдээллийг харахаар хүн бэлдэж өгсөн болохоос сэтгүүлчид өөрсдөө олоод тавьсан зүйл биш байна лээ. Хүн зохиож бичээд аваачаад өгчихсөн байгаа юм.

Миний харж байгаагаар үүний ард миний нэр төрийг унагаах гэсэн явуургүй оролдлого явж байна гэж харж байгаа. Юугаар нотлогдож байна гэхээр би нүүрсний ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй хүн. Надад нүүрсний нэг ширхэг ч машин байхгүй. Нүүрстэй холбоотой ямар ч аж ахуйн нэгж байхгүй. Нүүрстэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэлд би хэзээ ч орж байгаагүй. Тэр байтугай үг дуугарч харж ч байгаагүй. Нүүрсээ олборлодог аж ахуйн нэгжүүдээс бараа таваар худалдан авсан, худалдаж өгсөн ганц ч тохиолдол байхгүй. Ийм хүнийг ингэж зарлаж байгааг санаатай юм уу гэж бодож байна. Надад реакц өгөх юм алга. Хууль хяналтын байгууллага надаас асууж тодруулах зүйлээ асууж тодруулаг. Би өөрийн мэддэг зүйлээ бүгдийг нь хэлээд өгнө. Энэ асуудлыг шалгаж тодруулахад дэмжлэг болох байх гэж бодож байна.

2012-2016 оны хооронд Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан гэж би түрүүн хэлсэн. Дээр нь Хилийн Тагнуулын албыг татан буулгасан. Энэ хоёр асуудлыг ямар зорилготой юм бол гэж би боддог. Үүнийг улстөрчид, хууль хяналтын байгууллага анхааралдаа аваасай гэж бодож байгаа.

-Намын дотоод зөрчилдөөний улмаас та бүхнээр туг дахиж байна гэцгээж байгаа шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Би үүнийг намтайгаа холбож харахгүй байна. Би энэ намын шударга гишүүн. Намд гомдож тунирхаад байгаа зүйл надад алга. Би нэг зүйлийг гайхдаг. Улс төрд ямар нэгэн будлиангүй, но-гүй хүн яагаад байж болдоггүй юм бэ. Би Монгол Улсын хуулийг зөрчсөн, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй. Би бусдын адил хуулиа хүндэтгэж, төрдөө үнэнчээр ажиллаж яваа хүн. Заавал намайг харлуулах оролдлого яваад байх юм.

Монгол Улсын аюулгүй байдлыг хангах албанд байлдагчаас нь эхлээд генерал хүртэл, анхан шатны нэгжээс эхлээд удирдах байгууллага хүртэл яг шатлан ажиллаж явсан хүний хувьд энэ асуудлаар онол практикийн түвшинд би хэнтэй ч ярих чадамжтай. Миний олж авсан онолын мэдлэг, туулж өнгөрүүлсэн амьдралын замнал, туршлага аюулгүй байдлын чиглэлийн Монгол төрийн ҮАБ-ын бодлогыг боловсруулах үйл явцад хэрэг болох юм болов уу гэж бодож, зорилго тавьж УИХ-д нэр дэвшсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 20, Ангараг гариг. Билгийн тооллын 27, хонгорцог одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8:38 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн, ялимгүй цас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -36…-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -31…-36 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Алтайн өвөр говь орчмоор 0…-5 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.