Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Улаанбаатар-2023” наадмын элч төлөөлөгч болов DNN.mn

“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө.

Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо болон олон улсад сурталчлан таниулах юм.

Монгол Улсын 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болсон Ц.Цогтбаатарын хувьд энэ онд “Ташкент 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Улаанбаатарын их дуулгын мөнгөн медаль, Парисын их дуулгын хүрэл медаль хүртээд байгаа билээ.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь 2023 оны наймдугаар сарын 16-23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм.

Монгол Улсад Зүүн Азийн бүсийн спортын олон төрөлт залуучуудын наадмыг анх удаа зохион байгуулснаар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулна. Мөн Зүүн Азийн бүс нутгийн шинэ залуу тамирчдыг нээн илрүүлж, харилцаа холбоог бэхжүүлэн нөхөрлүүлж, тэдэнд 2028 болон 2032 оны Олимпын наадамд оролцох хүсэл зоригийг төрүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ DNN.mn

Өнөөдөр зохион байгуулагдах Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын хөтөлбөрийн дараа нийтийн тээврийн 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд зүгт байрлах зогсоолоос иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч Хөвсгөл аймагт ажиллав DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.

Тус эмнэлэг энэ үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмчийг 11 дүгээр сарын 14-өөс 12 дугаар сарын 14-ны өдрүүдэд орон нутгийн эмнэлэгт сэлгэн ажиллууллаа.
Дээрх мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Хөвсгөл аймагт сэлгэн ажиллах томилолтын хугацаандаа нийт 78 иргэнд мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний 13 нь хүүхдийн, 15 нь эх барих эмэгтэйчүүдийн, 20 нь гэмтлийн мэс заслын, 30 нь ерөнхий мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг хийсэн.

Мөн долоон иргэнд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж, алслагдсан 2 суманд алсын дуудлаганд дуудагдаж, эх барихийн мэдээгүйжүүлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэний зэрэгцээ орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлээд харьж ирлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнгөн үдэш” баярын арга хэмжээ болно DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүрийн шинэ жилийн өдрөөр баярын арга хэмжээ зохион байгуулж, нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо угтдаг уламжлалтай. 2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн Улаанбаатарын “Мөнгөн үдэш” хөтөлбөр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр үзэгчдэд хүрсэн. Тэгвэл тус баярын хөтөлбөрийг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Баярын хөтөлбөрт “Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчид оролцож, нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтах юм. Тус арга хэмжээг UBS, TV8 телевиз шууд дамжуулна. Түүнчлэн он солигдох мөчид Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.

Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын хөтөлбөрийн дараа нийтийн тээврийн 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд зүгт байрлах зогсоолоос иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Томоохон зах, худалдааны төвүүдийн /2022.12.31/ ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:

  • Нарантуул: 10:00-18:00
  • Баялаг Ундраа: 10:00-18:00
  • Бөмбөгөр: 09:00-19:30
  • Барс: 08:00-17:00
  • Хархорин: 10:00-17:00
  • Сандэй: 11:00-18:00 цаг хүртэл ажиллана.
  • Сандэй-2: Амарна.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД:

  • Номин: 08:00-22:00
  • Сансар: 08:00-00:00
  • И-Март: Богиносгосон цагаар буюу 09:00-21:00
  • Миний сүлжээ: дэлгүүрийн бүх салбар 09:00-22:00 цагт ажиллах юм байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Хурд”-ын Д.Ганбаяр: “Аавдаа би хайртай”-г анх Цогоо дуулахыг сонсоод бүгдээрээ уйлж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хурдхамтлагийн ахлагч, бөмбөрчин Дамбын Ганбаяртай ярилцлаа.


-“Хурдбол Монголын рок попын амьд домог болсон хамтлагуудын нэг. Тантай шинэ уран бүтээл хийгээд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудын тухай ярилцахыг хүслээ. “Цэргийн бодол”-оос эхлэх үү?

-“Хурд” хамтлаг байгуулагдаад 24 жил болжээ. Миний бие рок попын ертөнцтэй хувь заяагаа холбож, энэ том айл өрхийн хаалгыг татсанаар 40 дэх жилтэйгээ золгож байна. 1975 онд Төмөр замын хорьдугаар сургуулийн бага ангийн сурагч анх гитар барьж сургуулийн шинэ жилийн баярт оролцож байв. Түүнээс хойш 40 жилийн баярыг урлагийн гал тогоонд угтжээ. Манай хорьдугаар сургуулийн “Ган зам” хүүхдийн хамтлагийн багш Чүлтэмдорж гэж урлагийн төлөө төрсөн сайхан хүн байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд түрүүлсэн Дарханы багшийг хараад яалт ч үгүй Чүлтэм багшийгаа үгүйлэн санагалзсан. Чүлтэм багшийн шавь нараас Ардын дуу, бүжгийн чуулгын Зоригоо гавьяат, “Орь залуус” тэргүүт олон дууны эзэн Янжиндулам, “Харанга”-ын Энхманлай, Одсүрэн гээд авьяастнууд төрж гарсан. “Харанга”, “Хурд” амьд хөгжмийн хамтлагууд өнөөдрийн өндөрлөгт хүрэх хөрс суурийг багш маань бэлдсэн байна. Тиймийн учир ярианы эхэнд багшийнхаа гавьяаг хэлэх гэсэн юм. “Цэргийн бодол” дуу бид бүхнийг түүчээ тогоруу шиг замчилсан, булган сүүлтэй уран бүтээл. Бидний хамгийн том ах Ганболд энэ дууг цэрэгт байхдаа салааныхаа нөхөдтэй хамтарч шүлгийг нь бичин, аялгууг нь хийсэн. Хуучнаар морин тойруулгын тэнд Туулын хөвөөнд байсан хилийн багана, харуулын цамхаг босгох зориулалт бүхий цэргийн хуаранд 1977 онд төрсөн түүхтэй. Дунд ангийн сурагч байхдаа би ахынхаа дуудсан ёсоор цэргийн ангийнх нь шинэ жилийн баярт “Цэргийн бодол” дууны бөмбөрийг тоглоод зогсож байлаа.

Цэрэг би чинь ингэж бодохоор

Цээжин дотор минь гал дүрэлзэж

Цэвэр сэтгэлийн уяа алдуурч

Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэгэх мөрүүд ахын сэтгэлд шууд ороод ирсэн гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд бичтэл салааных нь арван хэдэн цэрэг тал талаас санаа оноогоо хэлжээ. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон ийм гайхалтай уран бүтээл болно гэж яахин мэдэх билээ. Шүлгээ бичиж дуусаад ах маань өөрөө аялгуу хийж бужигналдаж байхыг нь ротын захирагч нь мэдсэн байдаг. “Цэргийн бодол” дууны 30 жилийн ойгоор бид баримтат нэвтрүүлэг бэлдэж, энэ уран бүтээл төрөхөд гэрч нь болж, сэтгэл зүрхээ, бодол оюунаа зориулсан ахынхаа онжавуудыг оролцуулж, дууны түүхийг яриулж олонд хүргэсэн. Бид хаана ч очсон үзэгч олон “Цэргийн бодол”-ыг сонсч байж сая нэг санаа нь амрах шиг болдог. Бидэнд ч ялгаагүй уг бүтээлээ сонсгоогүй бол үзэгч олноо нэг юмаар дутуу орхих юм шиг санагдах нь бий. Монголчууд картын бараанд оочерлож байсан, амьдрал тарчиг, нийгэм зэврүүн байх тэр цагт “Цэргийн бодол” дуу олны сэтгэлийг бүлээцүүлж, тайтгаруулдаг байсан болов уу.

-1995 онд Улсын циркт болсонХар салхиконцертыг хүмүүс одоо хэр нь ярьдаг. Монголын рок хөгжмийн түүхэн дэх тэсрэлт гэх нь ч бий?

-“Хурд” хамтлаг наян зургаан онд төмөр замын ажилчин залуус болох Батжаргал, Зоригоо, Тулгаа, Мөнхбат нарын дунд байгуулагдсан түүхийг манайхан мэднэ. Би бол анхны хэдээс үлдсэн бөмбөрчин шүү дээ. Сонирхуулахад, эхний бүрэлдэхүүнд драмын театрын жүжигчин Эрдэнэцэцэг, гавьяат Оюунтүлхүүр нар дуулдаг байсан. Оюунтүлхүүрийн аав Дамдинсүрэн гэж хүн даралтат хөгжимчин байлаа, дүү нь мөн дуулдаг байсан. Хамтлагийн нэрийг “Харанга”-ын Чука, Пүүжээ нарын ах нар өгсөн гэдэг. Гэхдээ бас эргэлзээтэй. Тухайн үед суудлын вагон депогийн дарга байсан Насанбат бил үү дээ, тэр хүн өгсөн ч дуулддаг. Ямар ч байсан “Улс төрийн дууны Хурд” гэсэн хамтлаг байсан. Ерэн хоёр онд миний бие Монголын рок попын амьд домог гэгдэх “Хурд”-ыг жинхэнэ утгаар нь бий болгож, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ хийх ирмүүн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн. Гадны рок хамтлагийн бичлэгүүдийг үзэж, ийм л хэмжээний концерт тоглох юмсан гэх мөрөөдөл надад байсан. Монголын урлаг хэтэрхий поп тал руугаа хазайсан байв. Нэгэн хэвийн тийм байдлыг өөрчилж, урлагт цоо шинэ стиль, хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж тэсрэлт хийхийг эрмэлзсэн. Түүний тод илэрхийлэл нь “Хар салхи” анхны тоглолт байлаа. Амьд хөгжимчид гэдэг чинь тайзан дээр нэг л тийм бадрангуй, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дайчин эрэмгий байдгийг өнөө л гадны шилдгүүдээс харна шүү дээ. Хөгжимчид наад зах нь бүдүүн, хөдөлгөөн муутай хүмүүс байж болохгүйг хүртэл ойлгож байгаа юм. Эстрадын урлагийн хөдөлгөөнгүй байдлыг эвдэх гэж маш удаан хугацааны бэлтгэл хийсэн. Үндсэндээ амь амьдралаа зориулсан байхгүй юу. “Чоно”, “Хар дарсан зүүд”, “Харанхуй”, “Хар салхи”, “Алив бос”, “Миний Монгол” зэрэг дуу бидний тогтсон хэв маягийг эвдэх гэж шинийг эрэлхийлэн зүтгэсний хүчинд гарсан уран бүтээлүүд.

Нэгэн түүх сөхөхөд, “Хар салхи” концертоос өмнө буюу ерээд оны эхээр Спортын төв ордны “А” зааланд “Харанга”, “Айзам”, “Өргөө”, “Залуус” хамтлагуудын нэгдсэн тоглолт болж, шилдгийг нь тодруулахаар “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат, Зундарь нарын аваргууд шүүж байсныг би мартдаггүй. Тэр харин жинхэнэ тэсрэлт гэдэг чинь болсон юмдаг. Уран бүтээлийн ид оргил үе дээрээ байсан “Харанга”-ынхан түрүүлж, түүний араас эрч хүчтэй гарч ирсэн “Хурд” орж байлаа. Тэрхүү түүхэн дүрс бичлэгийг Төмөр замын “Сарны өртөө”-гийн Энхсайхан гэж хүн хальсанд буулгасан юм. Өнөөдөр тэр хүн бидний дунд алга. Сүүлд дүүтэй нь уулзахад тэрхүү бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна лээ. Гавьяат Б.Дашдондог туранхай бор хүү анх тайзан дээр дуулж байсан гээд бодохоор эртнийх байгаа биз.

-“Хурдхамтлаг дүүлэн гарч ирэхэдХаранга”-ын нөлөө их байсныг хэн хүнгүй хэлдэг. Танай хоёр хамтлаг хамтарсан тоглолт ч хийж байлаа?

-“Харанга” хамтлагийн гишүүдээ би дотнын ах нар минь гэж хүндэтгэдэг. “Харанга” байгаагүй бол “Хурд” байх эсэх нь эргэлзээтэй гэж би нэгэнтээ хэлж байсан. Биднийг анх гарч ирэхэд Харангынхан “Бидэнтэй өрсөлдөх хэмжээний хамтлаг гарч ирлээ” гэж талархан хүлээж авсан нь хамгийн том гавьяа юм. “Харанга рок” гэсэн төв хамтлагийнхаа дэргэд байгуулж биднийг угтаж авсан даа. “Хурд”-ын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахад хоёр хүн маш их гавьяа байгуулсныг онцолж хэлэх гэсэн юм. “Өргөө”-гийн Волоож ах байна. Энэ хүн манай Отгонбаярыг хажуудаа авч бэлдсэн. Гитар хэрхэн тоглохыг заасан. Бөмбөрчнөөр ч бэлдсэн. Отгонбаяр, Нааяа хоёр чинь дөнгөж аравдугаар анги төгссөн банди нар байлаа шүү дээ. Тэднийг өдий зэрэгт хүрэхэд гавьяат Волоожийн дэг сургууль ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн “хоовон” Энхбаяр ах байна. Бид бол хөгжмийн мэргэжлийн сургууль дүүргээгүй, ямар ч дипломгүй хүмүүс. Хурдынханд хөгжмийн боловсрол эзэмшихэд гол анхаарлаа хандуулж, чин зүрхнээсээ бидний төлөө байсаар ирсэн Энхбаяр гавьяат юм. Рок попын энэ л хүмүүсийн хүчинд “Хурд” өнөөдрийнхөө өндөрлөгийг авсан. Түүнээс бид арал дээрх “Робинзо Крузо” нар шиг байгаагүй юм. Харин Монголын рок хөгжмийн урлагт бидний гаргасан зам мөр, орон зай өнөөдөр үгүйлэгдэж байна. Авьяаслаг залуу уран бүтээлчид, дүү нар гарч ирж байна гэж тухайн цагт баярлаж байсан. Харамсалтай нь тэд ямар ч шинэ зүйл хийсэнгүй. Гадныхныг цэвэр дуурайж, хуулж байна. Үүнд сэтгэл дундуур, урамгүй байдаг.

-“Нисванистэргүүтэй рок хамтлагууд байгаа биз дээ?

-Рок хөгжимдөө үнэнч яваа “Нисванис”-аас нэрлэлгүй яахав. Уран бүтээлийн хувьд багагүй хугацаанд рок хөгжмийн нэр нүүр болж явсан. “Булсара”, “Лемонс”, “A Sound” гээд хамтлагууд гарч ирж байсан. Гэтэл сүүлийн арван жил рок хөгжмийн урсгалд тийм нэг зааг бий болчихсон юм. Одоо бүр том ангал болсон нь аймшигтай. Америк, Англи, Германд рок хөгжмийн шинэ урсгал чиглэлийн хамтлагууд төрөөд л, үндэснийхээ урлагийг баяжуулж цус сэлбэж байна. Харин Монголын хамтлагууд миний дээр хэлсэнчлэн гадныхны хуулбар болчихож. Монгол үндэсний онцлог алга. Манайхан монгол хамтлаг, монгол урлагийн онцлог, утга агуулга гэхээр морин хуур, хөөмийгөө хэлэх юм. Тэгээд л бүгд ижил түвшинд хуурдсан, хэхэрч орилсон хүмүүс боллоо. Одоо хар л даа, язгуур урлагийн хамтлагууд гээд бүгд л хуурдсан, хэхэрсэн хүмүүс байгаа биз дээ. Зүй нь бол хөгжмийн шинэ урсгал чиглэлийг монгол үндэснийхээ онцлог, сэтгэлгээнд тааруулж, үндсэндээ монгол хөрсөнд тарьж ургуулан шинэ бүтээгдэхүүн гаргахыг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Би тийм эрэлхийллийн төлөө 40 жил зүтгэсэн байна.

Хайдавын Чилаажавын шүлэгАавдаа би хайртай”, мөнЭэждээзэрэг олон уярмаар сайхан дууны хөгжмийг бичсэн Ишхүү гэж авьяаслаг нэгэн байлаа. Танай хамтлагийнхны дурсахгүй өнгөрч боломгүй хүний нэг мөн гэж санана?

-Өвчин гэдэг хэцүү юм билээ. Ишхүү маань уушгины өвчнөөр өнгөрсөн юм. Галдны нөлөөнөөс болж уушигны бяцрал гэгч болсон. Уран бүтээлээ хийж байхдаа ам хамраас нь цус садраад ирдэг байсан. Хамгийн сүүлд би нэгдүгээр эмнэлгийн сэхээнд хүргэж өгсөн. Тэрхүү авьяас билигт сайхан залууг тэгээд явчихна чинээ огтхон ч бодоогүй. Монголын эстрад урлагийн том аялгуу, авьяасын шавхагдашгүй нөөц, үүр уурхай ингээд явчихлаа гэж үү дээ хэмээн бодоод үнэндээ маш их харамссан. Ишхүү анх Өвөрхангайгаас манай хамтлагт дуучин болъё гэж ирсэн хүн. Тэр чинь ерэн гурван он. Цогоо хамтлагт ороогүй байсан үе. Рок хөгжмийн дуучнаар нэг л болж өгдөггүй, яая гэж байтал мань хүн хөгжим бичдэгээ хэлж, “Ээждээ” хэмээх дуугаа дуулж өгч билээ.

Толгодыг даваад шувууд буцлаа, ээж ээ

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг …” хэмээх дуу нь бид бүхэнд шууд л таалагдсан. Ингэж уран бүтээлээрээ танилцсан. Дараа нь Чилаажавын “Аавдаа би хайртай” хэмээх утга яруу сайхан шүлэгт Ишхүү ямар гоё аялгууг хийснийг ард түмэн мэднэ. Уг дууг Радиогийн фондод бичүүлэхээр очоод студийнх нь гадаа хүлээж суухдаа Цогоогийн дуулахыг сонсоод бүгд уйлж байж билээ. Ишхүүгийнхээ аялгууг нь хийсэн “Аавдаа би хайртай” дууг миний бие дуулах бүртээ, сэтгэлд үг аялгуу нь ороод ирэх бүрийд хамар шархираад явчихдаг. Ер нь би өөрөө гэлтгүй ижий аавын, эх орны тухай дуунуудыг хаана ч очиж дуулна, үзэгч олон хамт дуулж, харийн нутагт суугаа монголчууд минь эх орон, ижий аав, амраг ханиа санагалзан уйлж нэг л халуун дулаан орчин бүрдэж, хайр энхрийлэл, Монголоороо бахархсан бахдал төрөөд явчихдаг. Монгол туургатан олондоо уран бүтээлээ хүргэхэд бас л нулимстай сонсоно.

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай…” гээд эхлэхээр хэн бүгдэд аав нь бодогдох нь мэдээж юм.

“…Ачаа тэнцүүлсэн нүүдэл нь

Амьдралтай минь дэндүү адилхан

Адууны чимээтэй тал минь

Жаргалтай минь дэндүү ижилхэн

Заяагаараа би нутагтайгаа адилхан

Дөрвөөр ээлжлэх улирал нь

Наслахтай минь даанч адилхан

Дөчин есөн бүрд нь хүртэл

Нулимстай минь ижилхэн

Зүрх сэтгэлээрээ би Монголтойгоо адилхангээд дуулахад хүний нутагт монголчууд минь мэлмэртэл уйлна. Монголоо санасан сэтгэл нь бага ч болов тайтгарах шиг болдог. Ингэж энэхэн дэлхий ертөнцийн хаана ч монгол хэлээр ярьж, монгол гэсэн зүрх сэтгэлтэй яваа элэг нэгтнүүдэд “Хурд” хамтлагийн уран бүтээл хүрсэн. Гэхдээ бид хэзээ ч онгирч, омойтож явсангүй. Аав ээжээс өгсөн суурь хүмүүжил гэж нэг том юм бидэнд байдаг. Бид энэ салбартаа шилдэг нь байж уран бүтээлээ брэнд түвшинд хийе. Бусад нь салбар салбартаа шинэ брэндүүдийг бий болгоно. Тэгж байж улс орон хөгжиж дэвшдэг байх.

-“Хурд”-ынхнаас өнөөдөр хоёр ч гавьяат төрөөд байгаа?

-Цогоогоо Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор гавьяат болоход нь ихэд бэлгэшээж байсан. Өнгөрөгч жил Отгонбаяр маань гавьяат боллоо. Монголын урлагт Цогоогийн, Отгонбаярын гавьяа их. Манай Цогоо эцэж цуцашгүй хоолойтой дуучин. Би Цогоогийн хоолойг бурханы өгөгдөл юм даа гэж боддог. Хичнээн ч цаг дуулна яг л эхлээд дуулсан шигээ тэр урт удаан тоглолтын туршид дуулдаг. Тийм цуцашгүй хоолой гэж байх уу. Отгонбаяр авьяаслаг хөгжимчнөөс гадна олон сайхан дууны аялгуу хийсэн уран бүтээлч. “Эх орон” дуу байна. Энэ дуунд нэг л юм дутаад байх шиг байна гэж надад хэлж билээ. Би түүнийг сайн ойлгохгүй, юу юм бол гэж эргэлзэж байтал манай Цогоо “Би дутсан зүйлээ олчихлоо” гэж хэлсэн. Тэр нь ардын жүжигчин Банзарын Дамчаа гуай байсан. “Шижир туяа цацруулан мишээсэн…” хэмээн Дамчаа гуай арааживаар дуулахыг Отгонбаяр сонсож л дээ. Тэгээд л Дамчаа гуайгаар дахилтыг нь дуулуулж байна. “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй…” гэх Эх орон дууны дахилтын бадаг миний хөгжим юм. Аль тэртээ ерээд онд тийм аялгуу биччихсэн байсан. Дамчаа гуай хоёрдугаар эмнэлгээс ирж “Эх орон” дууны бадгийг харж дуулчихаад “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дууг би яг ийм маягаар Москвад дуулж байлаа. Тэр түүх давтагдах шиг боллоо” гэж нэг их сэтгэл ханамжтайгаар хэлснийг би мартдаггүй юм. Дамчаа гуайн тэр өвөрмөц баргил хоолойг “Эх орон” дуундаа мөнхөлж чадсан нь Отгонбаярын гавьяа. “Номин талст”-ын “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…” гээд эхэлдэг “Зүүдэнд ирэх жаргал” зэрэг олон дууг Отгонбаяр аялгууг нь хийснийг хүмүүс мэднэ байх аа.

Сүүлд танайханНарлаг диваажинцомог дээр ажиллаж байна гэж та хэлж байсан. Харин рок попын том төлөөллүүд маань сүүлд ямар уран бүтээл хийж байна вэ. Чимээ аниргүй байх шиг санагдах юм?

-Монголын рок попын уран бүтээлчид өнөөдөр зүүрмэглэн унтацгааж байна. Тэднийг би нойрноосоо сэрээч, нөхөд минь гэж хэлмээр байна. “Чингис хаан”-ы Жагаа, поп Сараа, Ариунаа энэ хэд бүгд бөөрөнхий хүмүүс шүү дээ. Тэд бусдынхаа хийж бүтээснийг ер нь ярьдаг болов уу. Зөвхөн өөрсдийгөө л боддог хүмүүс. Бусдыгаа уриалсан, уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн бий болгосон тийм зүйлийг хийнэ гэж байхгүй. Өнөөдөр ихэнх уран бүтээлч ямар нэг тэмцээний шүүгчээр л залрах болж. “Монголын урлаг бол ийм шүү дээ” гээд цээжээ дэлдэн ярьцгаана. Тэр мундаг шүүгчдийг харин өөрсдийг нь шүүмээр байна. Хоёрхон дуутай хүн “Монголын урлагийг би байлдан дагуулж байлаа” гээд ярихад нь миний инээд хүрдэг. Ингээд яривал олон зүйл байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярын ширээ засахад ойролцоогоор 120-130 мянган төгрөг шаардлагатай DNN.mn

Баярын ширээ засахад ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулах талаар “Миний сүлжээ” дэлгүүрийн Бөхийн өргөө дэх салбараас сурвалжилга бэлтгэлээ.

“Миний сүлжээ” дэлгүүрт баярын ширээний бялуу 22-80 мянган төгрөгийн ханштай байна. “Tous les jours”-ын бялуу хамгийн өндөр буюу 60-80 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Энэ бялуу зарагдаад бараг дуусчээ. Лангуунд цөөхөн хэд үлдсэн байх бөгөөд урьдчилсан захиалга дүүрснийг худалдагч нь хэлж байв. Олон тоогоор захиалах сонирхолтой иргэд ч тааралдсан.

Харин “Seeds bakery”-ын бялуу 33.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 10 инчтэй 28 см энэ бялуу 1200 грамм бөгөөд жимстэй, аарцтай гээд нэр төрлүүдээс сонголт хийх боломжтой. Онлайнаар захиалаад ч хүргүүлж болох гэнэ. Ингэхдээ фэйсбүүк хаягаар нь холбогдох юм байна. Мөн “Мон кек”-ийн жижиг бялуу 21900, 1.4 кг-ын том бялуу нь 29900 төгрөг. Баярын ширээний тансаг зэрэглэлийн бялуу 80 мянгаар худалдаж авах бол энгийн ширээний бялууг 30-40 мянган төгрөгөөр захиалж болох нь. Очоод худалдаад авахад ч сонголт өргөн байна лээ. Харин Советское оргилуун дарс 9990 төгрөгөөр зарагдаж байгаа бол өргөнөөр хэрэглэдэг абрау дюрсо 29990 төгрөг. Баярын тансаг зэрэглэлийн ширээнд зориулсан оргилуун дарсыг 100.000 орчим мянгаар худалдаж авч болно.

Баярын ширээний өөр нэг чимэглэл жимс “Миний сүлжээ”-д төрөл төрлөөрөө зарагдаж байна. Энд ундааны савны бөглөөний хэмжээтэй гүзээлзгэнийг зургаа зургаагаар нь савлажээ. Энэ нь 5990 төгрөг гэнэ. Бэлцгэр гүзээлзгэнэ ойролцоогоор ширхэг нь 1000 төгрөг гэсэн үг. Хүмүүс үүнээс хоёроос гурван хайрцгийг торлоод гарч байна. Харин молдав усан үзмийг кг-аар нь савлажээ. Энэ нь 6990 төгрөг. Худалдан авагчид нэг кг-ыг авахад л баярын ширээнд хангалттай гэж хэлж байв. Харин испани мандарин кг нь 11990 төгрөг. Ханборгоцой 4490 төгрөгөөр зарагдаж байлаа. Иргэд хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг шүүслэг улаан алим (royal gala) кг нь 10990, ногоон алим мөн 10990 төгрөг. Миний сүлжээ дэлгүүрийн жимсний тасгийн үнэ товчхондоо ийм байна. Ойролцоогоор 40 мянган төгрөгөөр л баярын ширээний жимсээ авах нь.

Харин нийслэл салатны гол орц төмс 3 кг-ын савлагаатай нь 7 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин даршилсан өргөст хэмх өргөн сонголттой байх бөгөөд 10-12 мянган төгрөгөөр худалдаж авахаар байв. Зочин хиамны чанамал нь 7600 төгрөг (500гр), давхар утлагат хиам 6660 төгрөгөөр (430 гр) зарагдаж байна. MR RICO майонезын том савлагаатай нь 12.670, дундын савлагаатай нь 6660, жижиг нь 4020 төгрөгөөр зарагдаж байв. Нийслэл салатны материалыг мөн нь 30-аад мянган төгрөгөнд багтааж худалдаж авах боломжтой юм билээ. Харин баярын ширээний бууз хийхэд тохиромжтой хонины тарган мах кг нь 6900 төгрөгөөр худалдаалагдаж байв. Мөн баярын ширээг чимэх амталсан гахайн мах кг нь 15480 төгрөгөөр зарагдаж байлаа. Гахайн махны жижиг нь 9610 төгрөг. Харин нарийн ногооны салат хийхэд шаардлагатай салатны навч, цэцэгт байцаа нийслэлийн сүлжээ дэлгүүрүүдэд ховорджээ. Өвлийн хүлэмжүүд ажиллаж байгаа ч ч бярын өдрүүдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгааг сүлжээ дэлгүүрүүдийн зүгээс хэлж байна.

Энэ шинэ жилийн баяраар энгийн баярын ширээ засахад ойролцоогоор 120-130 мянган төгрөг болох нь.

Мөн зарим дэлгүүрүүд таны баярын ширээнд зориулж багц гаргажээ. Дундаж нь 150 мянган төгрөгийн ханштай байна. “FOODY Mongolia”-аас санал болгож буй энэ багцад веган манготай бялуу, 0 градустай оргилуун дарс, гурван өөр амттай момос, веган загас, веган тахиа, турк веган хиам, классик веган хиам, веган шарсан өндөг, еэвэнгийн цуглуулга зэрэг багтжээ. Үүнийг онлайнаар захиалж гэртээ хүргүүлэх боломжтой.

Сүүлд нь онцлоход “Миний дэлгүүр”-ийн сүлжээгээр охидын санта хувцас 11.900-27.900 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна лээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнайрамдал: Монгол Улс ирэх оноос нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаална DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.


-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа. Олон жил дуншсан уг хууль нүүрсний хулгай өндрөө авсан энэ үед гарч байна. Хуулийн ач холбогдлыг том зургаар нь та хэрхэн харж байгаа вэ?

-Нүүрсний хулгай өнөөдөр гэнэт бий болсон асуудал биш юм. Олон жил бугшиж байгаад дэлбэрч байгаа хэрэг. Энэ үйл явдал уул уурхайн салбарын тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатайг хэлээд байна шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг Монголын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчдын холбоо 2014 онд боловсруулж байсан юм билээ. Тухайн үеийн Засгийн газрын захиалгаар хийсэн боловч төслийг авч хэлэлцээгүй, унтаа байдалтай явж ирсэн нь үнэн. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Олборлолтоос боловсруулалт руу” уриан дор Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудал багтсан байв. Энэ оны нэгдүгээр сард хуулийн төслийг засгаар хэлэлцэж, УИХ дэмжиж, ажлын хэсэг байгуулагдсан. Сая нүүрсний хулгайн дуулианаар УИХ-ын даргын зүгээс хуулийн төслийг яаралтай оруулж ир гэсний дагуу хоёр долоо хоногийн дотор нэгдсэн хэлэлцүүлэг явуулж баталсан нь сайн хэрэг.

Энэ оны эхний 11 сарын байдлаар 10.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гадагшаа экспортлогдож доллар болж орж ирсэн байгаа. Дийлэнх нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниар дамжиж гардаг хуультай. Гэтэл нүүрсний хулгайтай холбоотойгоор төрийн өмчит компаниуд хаалттай, борлуулалтын гэрээнүүд хэн хийгээд байгаа нь ойлгомжгүй явж ирсэн байна. Тэгэхээр ганцхан компанийн гүйцэтгэх захирал солих гэдэг утгаараа биш, тогтолцооны шинэчлэлээр зайлшгүй хүнээс хамааралгүй л болгох ёстой. Гаргалгаа нь тэр бүх гэрээ, борлуулалтууд нь ил тод арилжаалагддаг байх хэрэгтэй. Одоо явж байгаа зарчмаар тухайн төрийн өмчит компани дотроо үнэлгээний комисс гэж зарладаг. Тэр комиссын дөрвөн хүн нь ирсэн материалуудыг хоорондоо ярилцаж байгаад л шийдчихдэг. Хаалттай хаалганы цаана дөрөвхөн хүн л шийдвэр гаргаад байна гэсэн үг. Тэр хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Зүй нь төрийн өмчит компанийн удирдлагыг өөр хүнээр солих биш, борлуулж байгаа компаниуд бүгдээрээ цахимаар арилжаа хийдэг болъё гэж байгаа юм. Тэр нь уул уурхай бүтээгдэхүүний биржБидэнд уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж байсан туршлага байхгүй. Бирж ямар бүтцээр яаж ажиллах вэ?

-Ер нь хөрөнгийн биржтэй ижил гэж ойлгож болно. Комппаниуд хувьцаа бондоо хөрөнгийн бирж дээр гаргадаг. Худалдан авагчид брокероор дамжиж ороод арилжаагаа хийдэг. Үүн дээр хаалттай ч юм уу, хэн нэгэн хуйвалдах явдал гардаггүй. Монгол Улс анх удаа уул уурхайн биржтэй болж байгаа ч олон улсад 150+ жилийн түүхтэй. Анх хөрөнгийн бирж бий болоход бараа бүтээгдэхүүн арилжаалсан бирж үүсч байсан. Өнөөдөр хамгийн том нь Лондонгийн Металлын бирж байна. Мөн Шанхайн фьючрес, Далианы таваарын зэрэг олон том биржүүд байдаг. Сонирхолтой нь 2000 оноос хойш хөгжиж буй орнууд гадагшаа экспорлтох бүтэгдэхүүн тэлэхийн хэрээр дотоодын биржүүдийг олноор байгуулж эхэлсэн байдаг. Олон орон Монгол Улстай ижил Хятадын сүүлийн 30 жилийн эдийн засгийн огцом өсөлтөд зориулж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа. Тэдгээр орнууд экспортолж буй бүтээгдэхүүнээ илүү шударга, өрсөлдөөнтэй, ил тод байлгахын тулд таваарын биржүүдийг бий болгосон. Өнөөдөр дэлхийн таван том таваарын биржийн гурав нь Хятадад байна шүү дээ. Бас Польшийн жишээг харж болно. Тус улс социализмын дараа эрчим хүчний салбараа лебиралчилсан. Эрчим хүчний бирж байгуулж, жижиглэн худалдаа явуулдаг болсон нь амжилттай болсон байдаг. Улмаар Варшавын хөрөнгийн биржийнхээ дор охин компани хэлбэрээр байгуулсан. Тэр нь амжилттай явсаар гурван жилийн өмнөөс биржээр арилжаалдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Энэ мэтчилэн олон орны амжилтуудыг харж болно.

Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хувьд төрийн өмчийн оролцоотой компани байна. Зуун хувь төрийн өмчит биш, олон нийтэд нээлттэй компанийн хэлбэртэй байх ёстой. Ингэхдээ цоо шинэ компани байгуулахгүй. Бидэнд 30 жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж гээд төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байна шүү дээ. Энэ байгууллагын туршлага, хүний нөөц, мэдлэгт тулгуурлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийнхээ үйл ажиллагааг шууд эхлүүлнэ. Хөрөнгийн биржийн 34 хувийг арилжаалаад олон нийтийн оролцоотой компани болж байгаа нь сайшаалтай.

-Ер нь төрийн өмчит компани муу менежер байдгийг олон жишээнээс харж болно. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээ хувийн хэвшилд даатгаж болохгүй юу?

-Мэдээж сайн дурын үндсэн дээр оролцох эрх нь нээлттэй. Гэхдээ хуулиар хувийн өмчит компаниудыг биржээс гаргаж болохгүй. Эхний ээлжинд төрийн өмчийн компаниудын оролцоотой байна. Хэрэв хувийн компаниуд өөрсдийн сайн дурын үндсэн дээр оролцох бүрэн боломжтой.

Биржийн арилжаа оролцогч талуудын итгэлцэл дээр явагддаг. Худалдагч, худалдан авч байгаа хүн ч гэсэн биржээр авч байна гэдэгтээ найдвартай, стандарттай. Төлбөр тооцоо нь ч цагтаа хийнэ гэдэг итгэл үнэмшилтэй байх ёстой. Худалдагч, худалдан авагч, тэдний дунд зуучилж байгаа брокерууд бол тэр итгэлцлийг үүсгэдэг механизм. Энэ механизм цаашдаа сайн ажиллахын тулд өөр итгэлцүүр байх ёстой. Тийм ч учраас одоохондоо төрийн өмчийн оролцоо зайлшгүй байх шаардлагатай. Одоо шууд хувийн компани гараад хийе гэхээр гадаадын худалдан авагчид итгэх үү, үгүй юү гэх мэтчилэн асуудал үүсдэг. Хөгжиж байгаа орнуудын биржийн тогтолцоог аваад үзэхээр эхлээд төрийн дэмжлэг заавал байдаг. Итгэлцэл дээр өөрийн брэнд болж гарч ирсэн компани хувьцаат, олон нийтийн болоод явдаг жишгүүд байдаг. Итгэлцүүр гэдэг нь өөрөө стандарт. Бид энэ цаг үед нүүрсний стандартаа шинэчилсэн нь том давуу тал болж байна. Монголын нүүрс одоог хүртэл 11 стандартад хуваагддаг байсан. Баяжуулсан, баяжуулаагүй бүгд ороод коксжих нүүрсний ганцхан стандарттай байсан Гэтэл чанарын үзүүлэлтээрээ гадагшаа зарагдаж байгаа нь олон төрөл. Дөрөв, таван төрөл нь өөр өөр үнэтэй байдаг. Гэтэл коксжих нүүрсний ганцхан төрөл байдаг. АМНАТ нь ганцхан үнээс бодогдоод маргаан гардаг байв. Хятадын талд очингуутаа дөрөв, таван стандарт болоод явчихдаг. Манай яам нүүрсний стандартынхаа 11 төрлийг 30 болгосон. Өөрөөр хэлбэл, MNS 6457:2022 нүүрс, нүүрсэн бүтээгэхүүний ангилал гээд шинэ стандарттай болсон. Хятадын нүүрсний стандартыг бараг л мөргөнө. Хятадын нүүрсний стандарт өөрөө олон улсын нүүрсний стандартад суурилсан байдаг. Манай бирж дээр ийм стандартын нүүрс гээд гараад ирэхээр хятадын худалдан авагчдад маш ойлгомжтой болно л доо.

-Биржийн хууль ирэх оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Үйл ажиллагааны бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Хууль хэрэгжих хугацааг заавал хүлээхгүйгээр Засгийн газар шууд шийдлээ гаргасан. Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Таван толгой”-д онцгой дэглэм тогтоосон. Энэ тогтоолын дагуу Ерөнхий сайдаас Монголын нүүрсний экспортыг цахимаар арилжаал гэдэг чииглэл ирсэн. Үүнтэй холбоотой манай яамнаас түр журам гаргасан. Ирэх 2023 оны нэгдүгээр сарыхн 1-нээс “Эрдэнэс Таван толгой” нүүрсийг цахимаар арилжаалахын тулд түр журам гаргаж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хурлаар батлуулчихлаа. Журам хууль хэрэгжтэл хүчинтэй. Түр журам онцгой дэглэмтэй гэдгээрээ “Эрдэнэс Таван толгой”-гоос гадна орон нутгийн Тавантолгойгоос, “Энержи ресурс” компани өөрсдийн хүсэлтээр түр журмаар оролцъё гэсэн. Таван толгойн бүлэг орд дээрх гурван компани түр журмаар цахимаар экспортын нүүрсээ арилжаална. Гашуунсухайт боомт дээрх чингэлэг тээврийн терминалаар энэ гурван компани квотоор гаргадаг. Терминалаар гарч байгаа нүүрсээ шууд цахим арилжаагаар явуулж эхэлнэ. Сард 500-700 мянган тн нүүрс шууд цахим арилжаагаар явуулна. Энэ бол нийт экспортолж байгаа нүүрсний 30 орчим хувь байх боломжтой.

-“Эрдэнэс Таван толгой” нүүрсийг ам үнээр зарж, бөөн асуудал үүссэн. Биржээр худалдаалахаар үнийг хэн тогтоох вэ?

-Энэ “ам”-аар зардаг байдал “Эрдэнэс Таван толгой” нүүрсийг үнэ хүргэж чаддаггүй. Нүүрсний тээвэрлэлт дээр нэг тэрбум ам.долларын далд эдийн засаг үүсчихсэн байна. Тэрийг шийдэх гарц нүүрсээ хил нөхцөлөөр зарах ёстой. Тээвэрлэлтээ өөрсдөө хариуцна гэсэн үг. Хил нөхцөлөөр зарах юм бол дундын тэр олон тээвэрлэлт, зуучлалаар дамжсан далд эдийн засаг үүсэх шаардлагагүй. Бид цахим арилжаагаар “Эрдэнэс Таван толгой” компанийг Гашуунсухайтын терминал дээр нүүрсээ аваачиж зар гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Тэгэхээр ирэх оны эхний өдрөөс Гашуунсухайт боомт дээр нүүрсээ зарж эхлэх нь байна. Эхний ээлжинд чингэлэгт терминалаар гарч байгаа нүүрсээ цахимаар арилжаална. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг дунджаар 110 ам.доллараар ам нөхцөлөөр зарж байна. Гэтэл Ганц мод буюу Хятадын хил гараад долоохон км зайтай байдаг овоолго дээр “Эрдэнэс Таван толгой”-н сайн чанарын коксжих нүүрс 210-230 ам.доллараар зарагдаад байгаа юм. Энэ хооронд хэдэн ам.долларын зөрүү байна вэ. Хил дээр нүүрсээ аваачаад цаашаа долоохон км явах орон зай үүсч байгаа биз. Тэнд илүү өндөр үнээр зарагдах ёстой. “Эрдэнэс Таван толгой”-н өнөөдрийг хүртэл явж ирсэн тендерийг аваад үзэхэд худалдан авагч нь 100 дотор багтана. Тэд өөрсдөө цахимаар орж ирээд хамгийн өндөр үнэ санал болгосон нь авдаг болно гэсэн үг. Түр журмынхаа хүрээнд цахим арилжааг явуулахад Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавина.

-Хөрөнгийн бирж, таваарын бирж хоёр тусдаа. Хөрөнгийн бирж бол нүдэнд харагддаггүй үүсмэл хувьцааг арилжаалдаг. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүний бирж гэдэг чинь биет бүтээгдэхүүнийг арилжаалж байгаа. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний бирж тусдаа бие даах юм уу?

-Олон улсад энэ хоёр тусдаа явдаг зүйл л дээ. Гэхдээ нэгтгээд нэг дээвэр дор явуулсан жишээ олон бий. Польш, Туркийн биржүүд засаглалын хувьд улсынхаа том хөрөнгийн биржийн дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. 1990-ээд оны үед Турк улс алтныхаа салбарыг либералчлахын тулд алтны бирж байгуулсан. Алтаа биржээр арилжаалдаг болсон нь чөлөөт өрсөлдөөнийг бий болгосон юм билээ. Тэр нь явсаар өнгөт металл, алмааз арилжаалдаг томоохон бирж болж хувирсан байдаг.

Уул уурхай бол бидний доллар олдог гол салбар. Борлуулалтын гэрээ нь хамгийн их дуулиантай байдаг нь үнэн. Тэгэхээр хүнээс хамааралгүй ил тод байх ёстой. Нүүрсний хуүлгайтай холбоотой ард түмний шахалт шаардлагын дагуу зайлшгүй явуулах ёстой ажил мөн. Цаашид төмрийн хүдэр, зэс, гянт болд, хайлуур жонш зэрэг биет бүтээгдэхүүнийг арилжаалдаг болно. Үүний тулд зөөх, агуулах, итгэмжлэгдсэн лаборатори, тээвэр логистикийн төв зэрэг дэд бүтэц шаардлагатай. Эхний ээлжинд Гашуунсухайт, Шивээхүрэн дээрх чингэлэг тээврийн терминал том давуу тал.

Яваандаа ийм терминалуудыг боомтууд дээрээ барих хэрэгтэй. Одоо байгаа дэд бүтцээ ашиглаад цаашид өргөжүүлээд явах бололцоо байгаа. Элдэв шалтаг дурдаад эхлүүлэхгүй байх нөхцөл байхгүй. Ард түмэн шаардаж байна. Салбар нь ч цаашаа ил тод, нээлттэй явах ёстой гэдгээ ойлгож байна. Дээрээс нь улс төрийн дэмжлэг нь байна. Энэ нь манай салбарын маш том тогтолцооны шинэчлэл.

-АМНАТ-ын хэл ам их гардаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Биржийн дэлхийн жишгээр аливаа бүтээгдэхүүн хил нөхцөлөөр зарагдаж байх ёстой. Бид уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсноор үнийн маргаан яваандаа байхгүй болно. АМНАТ-аа тооцохдоо ч хил нөхцөлийн ил тод арилжаалагддаг бодит үнэ гараад ирэхээр маргаан нь арилна. Заавал Австрали, Хятадын үнийг авах шаардлагагүй. Монголын бүтээгдэхүүн өөрсдөө хил үнээр олон нийтэд ил тод зарлагдаад, хүлээн зөвшөөрөгддөг үнэ гараад ирвэл заавал гадаадын үнэ хайгаад байх шаардлагагүй. Үүнийг бас цэгцлэх ёстой.

-Манайх олон улсын бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалж болдоггүй юм уу?

-Том биржүүд илүү боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалдаг. Катодын цэвэр зэс, цэвэршүүлсэн 999-ийн сорьцтой алт арилжаалдаг байх жишээтэй. Харин өнөөдөр бид зэсийн баяжмал зардаг. Нүүрсээ угааж чаддаггүй. Дийлэнх нь түүхий нүүрс экспортолдог. Одоохондоо манай уул уурхайн бүтээгдэхүүн олон улсын стандартад хүрч амжаагүй. Гэхдээ тэдний стандартад хүрэхэд цаг хугацаа шаардана. Тэрний оронд өөрсдөө биржтэй болоод тогтоосон стандартаа барих ёстой. Цаашдаа зэсээ боловсруулдаг, алтаа цэвэршүүлдэг, нүүрсээ угаадаг үйлдвэрүүдтэй болоод ирэхэд олон улсын биржийн стандартад дүйцнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэдэг бол томоохон логистикийг шаарддаг. Үүнийг дагасан томоохон логистикийн сүлжээ бий болно гэдэг бол Монгол Улсын хөгжилд том хувь нэмэр оруулна. Өрсөлдөх чадварт том давуу тал үүснэ. Хэрэв уул уурхайн бүээгдэхүүний бирж сайн ажиллавал хөдөө аж ахуйн биржээ дараагийн түвшинд гаргах модель нь болж чадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр DNN.mn

2022-12-31, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

Аргын тооллын: 2022-12-31, Бямба гараг

Наран ургах шингэх: 08:41-17:08.

Үс засуулбал: Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: идэрийн барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын шинийн 9, шар морь, дэлгэрүүлэгч-26 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32…-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27…-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -23…-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.