Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг нарын нэгийг ХНХ-ын сайдад томилохоор ярьж байна DNN.mn

Д.Сарангэрэл гишүүний давхар дээлийг тайлснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн болох вэ гэдэг асуудал олон нийтийн сонирхлыг ихээр татаж байна. Үүний хажуугаар улс төрийнхний хүрээнд сайдад амбицлах, бусдыгаа сайдад чичрүүлэх, сайд болох сонирхолтой улстөрч гэх мэдээллийг олон нийтэд цацаж, нэр хүндийг нь унагах зэрэг үйлдлүүд идэвхтэй хийгдэж байна. Энэхүү цуурхал, худал мэдээллээс шалтгаалж нэр хүндээ алдахаас болгоомжилсон улстөрчид өөрийн цахим хуудаснаа сайд болохгүй гэдгээ ч мэдэгдээд буй. Олон нийтийн дунд УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг дараагийн сайдад зүтгэж эхэллээ хэмээн идэвхтэй ярьгдсан. Үүний эсрэг тэрбээр сайд болохгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сайд болж, Бүлгийн даргын албаа өөр хүнд өгнө гэх мэдээлэл мөн адил идэвхтэй яригдсан. Харин бүлгийн дарга сайдад сонирхолгүй байгаагаа сэтгүүлчдэд тодорхой тайлбарласан байна. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг сайдад чичрүүлэх сонирхолтой бүлэг ч байна. Зарим нь “Ул”-ыг “Боов”-оор солихгүй байлгүй хэмээн хошигнон, бусдын нэр хүндэд зохион байгуулалттай халдах улс төрийн бохир үйлдлүүдийг ч хийж байгаа нь энэхүү салбарыг хариуцан ажиллах сонирхолтой хүн олон байгааг тодорхой харуулж буй юм. Гэвч хэнийг сонгохоо Ерөнхий сайд ганцаараа шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс намын даргадаа тал засах, нам дотроосоо дэмжлэг авчих сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Харин сошиал болон бусад хэвлэл мэдээллээр явж буй дараагийн сайдад тэр яригдаж байна гэх мэдээллийн эсрэг ямар нэгэн тайлбар хийхгүй, хөшигний ард чимээгүйхэн суух хэсэг улстөрчид байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар юм. Үүн дээр нэмэгдээд сөрөг хүчний гэх С.Одонтуяа гишүүн билээ. С.Одонтуяа гишүүний хувьд сөрөг хүчний туршлагатай эмэгтэй гишүүн.

Тэрбээр УИХ-ын дэд даргын албыг давхар хашиж буй. Гэвч эрх баригч нам дотор сайдад болох сонирхолтой олон хүн байхад хүчгүй сөрөг хүчний гишүүнийг сайд болгохгүйгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн мэдэж байгаа. Харин сөрөг хүчнийхэн нэг ч гэсэн хүнээ сайдад суулгахаар Ерөнхий сайдаас горьдсоор байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Хэрэв Ерөнхий сайд сөрөг хүчний буюу УИХ дахь АН-ын бүлгээс нэг гишүүнийг сайдад томилчихвол өөрөө намынхандаа зэмлүүлэх нь тодорхой. Тиймээс сөрөг хүчний хувьд энэ засгийн газарт орох гэсэн санаархлаа болиод дотроо учраа олж, хүчтэй, ядаж эрх баригч намаа айлгачих сөрөг хүчин байхаа бодсон нь илүү оновчтой гэдгийг улстөрчид ярьж байна. Дээр хэлсэнчлэн хөшигний ард чимээгүйхэн орших улстөрчид дундаас УИХ-ын гишүүн С.Чинзориг болон Б.Саранчимэг нарыг сайд болгохоор эрх баригч нам дотроо идэвхтэй ярьж байгаа гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг нарын аль нэгийг дэмжихээ илэрхийлсэн аж. Хэрэв энэ үнэн бол өнөөдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар дээрх хоёр гишүүний нэгийг дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох болсноо Ерөнхий сайд танилцуулах нь тодорхой. Б.Саранчимэг гишүүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын адил Харвардад суралцаж явсан, инженер, эрх зүйч мэргэжилтэй, улстөрч. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн дүү гэдгийг олон нийт мэднэ. Харин УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2014 онд тус яамыг толгойлж байсан удаатай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хуучин сайдаа хүлээж авах тухай дээр, дооргүй ярьж байгаа сурагтай. Юутай ч Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Харвардаар нь өөртэйгөө адилтган магтаж байгаад сайдад томилох уу, эсвэл яамныхны сонирхлоор хуучин сайдыг нь эргүүлэн тавих уу гэдэг нь өнөөдрийн УИХ-ын чуулганаар тодорхой болох биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Суурьшлын бүс дэх зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг тусгасан байдаг.

Оршуулгын үйл ажиллагаа тэр тусмаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй оршуулгын газруудын тухай уг журамд тодорхой тусгасан байдаг хэдий ч иргэд энэ талын мэдээлэлгүйгээс зөвшөөрөлгүй оршуулгын газруудад оршуулга үйлдэн сэтгэл санаа болон эд материал, санхүүгийн хувьд ч хохирсоор байна.

зураг

Өнөөг хүртэл нүднээс ил, далд оршуулгын үйл ажиллагаа хийгдэж байгаагаас үүдэн суурьшлын болон ногоон бүсүүдэд зөвшөөрөлгүй оршуулгын газрын тоо хэмжээ ихэссээр байна.

“Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-ын 02/09 тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 3 дахь жилдээ суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Тухайлбал Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Баяндөхөмд (25-р гудамжны ард) орших оршуулгын газарт энэхүү ажлыг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байршилд өөд бологсдоо нутаглуулсан талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдийг холбоо барих тухай мэдэгдсэн байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд та бүхэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч 72100101 дугаарын утсаар холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчид төр барьж ирсэн, цаашид ч барих учир ард түмэн гайгүйхэнийг нь сонгоорой DNN.mn

Монгол Улс Ардчилсан чөлөөт сонгуулиар нэг нэгнээ сонгож төрөө удирдуулдаг болоод 30 жил болж байна. Чөлөөт сонгуулиар төрөө эмхэлж ирсэн, өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид Монгол төрийг барьж иржээ. 1989 онд Ардчилсан хувьсгал эхэлж, нийгэм өөрчлөлтийн замнал руугаа орсон. Тэгвэл энэ өөрчлөлт, хувьсгалыг хэн анх хийсэн бэ? Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, эрдэмтэн Лодонгийн Түдэв болон “Үнэн” сонин ардчиллыг эхлүүлсэн гэж үздэг. Явж ирсэн тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүй бол цаашид оршин тогтнох үндэслэл алга, нийгэм нэг л биш байна, хувьсгалаар л үүнийг шийдэхгүй бол өөр гарц алга гэдгийг нийтлэлүүдээрээ дохио өгч эхэлсэн. 1980-аад оны сүүл үеийн “Үнэн” сонины нийтлэлүүд Л.Түдэв эрхлэгчийн удирдлага дор ардчилал, шинэчлэлийг дэмжих чиглэлээр бичигдэж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж, цээжинд нь гал бадрааж байсан юм. Нийгмийн уриа дуудлага болж байсан “Үнэн” сонин, тус сонинд ажиллаж байсан Монголын сэтгүүл зүйн акулууд, мөн Л.Түдэв гуайг “Ардчиллын салхич шувуун” гэж тодотгох нь бий. Энэ сонины араас “Улаан од” “Хөдөлмөр”, “Үг” зэрэг сонинууд дуу дуугаа авалцан ардчилалд монголчуудыг уриалж байлаа. Монголд ингэж ардчилсан хувьсгал эхэлсэн, Монголд ардчиллыг сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан анх суурийг нь тавьжээ. Ардчиллын анхны 13 гэгддэг хүмүүсийн зургаа нь буюу Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин, Д.Нинж, С.Амарсанаа нар сэтгүүлч мэргэжилтэй байсан нь аль ч цаг үед нийгмийн тулгамдсан асуудлын өмнө хүчтэй дуу хоолой болж чаддаг түүчээлэгч хүмүүс бол сэтгүүлчид гэдэг нь харагдана. Энэ эрчээрээ сэтгүүлчид ардчилсан хувьсгалд хамгийн их нөлөөтэй, хүч түрэн орж ирсэн нь Улсын бага хурал, Улсын их хурал бүрэлдэхэд харагддаг. УИХ-ын гишүүн асан Т.Ганди ардчилсан өөрчлөлтөд үзгээрээ оролцож явсан сэтгүүлчдийн нэг. 1983-1990 оны хооронд сэтгүүлч, редактор, хөтлөгчөөр ажиллаж байсан С.Баяр бол ардчилсан хувьсгалаас өмнө нийгмийн сэтгэлгээг задраахад, хувьсгалын дараа шинэ төрийг төвхнүүлэхэд оройлж оролцсон сэтгүүлч. Хожмоо Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон зургаан эрхмийн хоёр нь сэтгүүлч. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар. Ерөнхий сайдуудын дунд ч сэтгүүлчид бий. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлч. Нам төрийн удирдлагууд, нийгмийн зүтгэлтнүүд бүгд шахуу сэтгүүлчид. УИХ-ын гишүүн асан З.Алтай, Г.Уянга, Ө.Энхтүвшин, Т.Ганди гээд нэрлэвэл олуулаа. Сүүлийн парламентыг л хар. Д.Жаргалмаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, П.Анужин, Л.Энх-Амгалан сайд байна. Ингээд эргээд харахаар сэтгүүлчид голдуу Ардчилсан Монгол Улсын төрийг барьсаар иржээ, барьж ч байна.

Дээшээ дэвшье, амжилттай явъя гэвэл сэтгүүлч мэргэжил эзэмшдэг. Төрд инженер алга, инженер-гишүүн л байхгүйгээс бүх юм болохоо байлаа гэж сошиалаар шуугьцгаадаг. Нэг инженер төрд гарч ирээд нэг механизм л тайлбарлана уу гэхээс биш сэтгүүлч шиг энэ нийгмийг бүхэлд нь ойлгож, анализ хийж, эдийн засгийн асуудлыг хөндөж, ард түмний хүсэл сонирхлыг хамтатгаад энэ бүгдийг нь тархиндаа боловсруулж ярьж чадахгүй л болов уу. Ойлголоо гэхэд бүгдийг уялдуулаад яриад хийж чадах уу. Үгүй л байх. Үүнийг сэтгүүлч л чаддаг. Яагаад гэвэл сэтгүүлч мэргэжил нь нийгмийн өргөн хүрээний асуудалд мэдрэмжтэй, мэдлэгтэй хандахыг шаарддаг. Ийм байхыг ч сургадаг. Сайн сэтгүүлч сайн удирдагч болдог. Сэтгүүлч хүн сайн ярьдаг. Бусад нь харин чаддаггүй юм. Ярина гэдэг өөрийгөө зөв ойлгуулах боломж. Дажгүй гэх үнэлгээ авдаг ганц хоёр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бий. Эд нар сэтгүүлч шиг ярьдаг, эсхүл сэтгүүлч байсан болохоор эдийн засгийг ярьдаг. Дан эдийн засагч мэргэжилтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэж хүн байлаа. Тэр хүн юу ч ярьж чаддаггүй байсан. Ганц л юм ярьсан нь асар их эсэргүүцэл дагуулж байсныг та бүгд санаж байгаа байх. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх үеэр “Энэ хууль хэрэгжвэл “Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ” гэж байгаа. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юү” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэж ярьсан. Захын нэг жишээ энэ шүү дээ. Сэтгүүлч хүн бол хэзээ ч ингэж ярьдаггүй.

Олон нийт ямар хүмүүсийг сонгуулиар сонгодог вэ гэхээр ярьж, хэлж ойлгуулсан хүнийг сонгодог юм, ардчилсан нийгэмд. Тэгэхээр хэн ярьж чаддаг вэ? Сэтгүүлч л ярьж чадна. Хүссэн хүсээгүй цаашид сэтгүүлчид энэ л хэвээрээ Монгол Улсыг авч явах болно. Харин ард түмэн та нар сайн сэтгүүлчийг нь л сонго. Сэтгүүл зүй бусад салбартай л адил сайнтай, муутай ч сэтгүүлч гэдэг мэргэжил өөрөө уран тансаг, амин чухал мэргэжил гэдэг нь энэ бүгдээс харагдана. Сэтгүүл зүйд явсан хүн дандаа сайн явдаг. Сүүлийн үед сэтгүүл зүйн нэр хүндийг унагах гэсэн, сэтгүүлчдийн нэрийг хорлох гэсэн зориуд гэмээр юм их гарах болов. Яагаад вэ гэвэл сэтгүүлчид өөрсдөө бусадтай нийлээд мундаг чадвартай сайн сэтгүүлчдийгээ муулаад байна. Гэтэл жүжигчин, багш, эмч нарын тухай нэвтрүүлгүүд зурагтаар их явж байгаа харагдах юм. Тэдгээр мэргэжлийнхэн мэргэжил нэгтнүүддээ ямар их хайртай юм, биенээ ямар гайхалтай дэмждэг юм бэ. Бид ч бас тэгэх ёстой. Сэтгүүл зүйдээ хир халдаахгүй байя. Ард түмэн сэтгүүл зүйг сошиал маркетингтай хольж хутгах явдал бий. Ялгаж мэдэхгүй байна л даа. Энэ хоёр чинь тэс өөр юм шүү дээ. Сошиал мэдээлэл гээд хошуураад байгаа баталгаагүй юмнуудын цаана сэтгүүл зүй байдаггүй шүү. Тэнд сэтгүүлч ч байхгүй. Сошиал бол хувь хүмүүсийн орон зай. Хувийн үзэл бодлоо бичээд олон дагагч цуглуулчихсан байгаа тэдгээр хүмүүс сэтгүүлчдийн нэр хүндийг зориуд санаатайгаар болон санамсаргүйгээр байнга гутааж байдаг тийм нэг зүйл ажиглагдах боллоо. Тийм учраас амтай болгон сэтгүүл зүйг элдвээр хэлдэг хандлага бага сага дэврээд байх шиг. Хүний эго гэж юм бий, бас атаархал. Сэтгүүл зүй гэх салбар нийгмийн манлайллын түвшинд, толгой дээгүүр тавигдаад байхаар атаархсан, мөчөөрхсөн санаатай болон санамсаргүй яриа гараад байгаа нь сэтгүүл зүйн нэрийг хугалах гээд байдаг болж. Гэвч сэтгүүлч мэргэжил аль ч цаг үед үнэ хүндээ алдахгүйтэй адил сэтгүүлчид улс төрд гарч ирж, төр барилцах нь маргаангүй үнэн. Тиймээс ард түмэн энэ салбараас гайгүйхэн шигийг нь сонгож байгаарай. Сэтгүүлчид угаасаа л төр, нийгмийн толгойд явж байдаг гэдгийн нэг том жишээ бол Америк. Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын хамгийн сайн ерөнхийлөгч гэгддэг Роналд Рейган жүжигчин, сэтгүүлч л байсан.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд төгрөг болов DNN.mn

Татварын орлого эхний найман сард 9.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 23.3  хувь өсчээ DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 2.2 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 557.3 (33.7 хувь) тэрбум, нийт зарлага 2.2 их наяд төгрөг болж, 511.6 (30.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 922.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 267.3 (40.8 хувь) тэрбум, нийт зарлага 1.3 их наяд төгрөг болж, 527.1 (71.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 506.9 (73.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ DNN.mn

Чуулганы танхимаар шагайхаа байсан гишүүд Төрийн ордонд “нуугдан тоглож”  байна – updown.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр 10:00 цагт нээхээр товложээ.

Нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Ардын Нам болон Ардчилсан Намын бүлэг хуралдах юм.

УИХ-ын нэгдсэн чуулганы дараагийн хуралдаан аравдугаар сарын 6, 7-нд болж

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: 1.6 их наядын алдагдалтай төсвийг хэмнэлтийн төсөв гэж нэрлэх боломжгүй DNN.mn


Ардчилсан намын сонгогдсон дарга М.Тулгаттай ярилцлаа.


-Засгийн газраас УИХ-д ирэх оны төсвийг өргөн барилаа. Энэ удаагийн төсвийн онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийг дүгнээд хэлэх юм бол “үнэнээс зугтаасан” л төсөв болсон. Сүүлийн жилүүдэд ер нь ийм байгаа. Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч үнэнд удахгүй гүйцэгдэнэ. Эдийн засгийн өнөөдрийнх шиг хүнд нөхцөл байдал өмнө ирж байгаа цаг үед шийдэмгий таналт, төсвийн сахилга бат, бүтцийн зоримог өөрчлөлт шаардлагатай. Гэтэл төрийн данхар байдал цасан бөмбөг шиг уруугаа эрчээ аван томорч, эргэлт буцалтгүй болсон нь харагдаж байна. Эрх баригчид энэ инерцийг тогтоон барьж дийлэхгүй нь. 2016 оноос хойш засгийн эрхийг аваад явж байгаа нам чадахгүй гэдэг нь тодорхой. Учир нь өөрөө өөрсдийгөө үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд системийн эд эсүүд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ төсвөөр бол зах зээлд төгрөгийн ханшийн уналт үргэлжилнэ, түүнийг тогтоон барихын тулд төв банк хатуу бодлого барина, эдийн засгийн эргэлтийг тэтгэдэг цусны гүйдэл болсон мөнгөний урсгал саарна, энэ нь хувийн хэвшлийн хөгжлийг боомилно. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд хийгдэж, төрийн сектор улам томорч, хувийн хэвшил улам агшсан, эдийн засаг байрандаа эргэлдсэн ийм л дүр зураг энэ төсвөөс харагдаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж байгаа ч, БНХАУ-ын төрийн өмчит компанийн оролцоотой, өөрөөр хэлбэл, үр өгөөж нь дотооддоо шингэхгүй байх төлөв ажиглагдаж байна.

Алдагдалтай төсвөө Засгийн газар гадаад болон дотоод өрөөр нөхөхөөс аргагүй. Дотооддоо босгосон бонд нь арилжааны банкуудын нөөцийг хувийн хэвшлээс булаана. Угаасаа мөнгөний хатуу бодлого явагдахаар бүр чанга болно. Хувийн хэвшлийнхэнд зээл олдохгүй. Эдийн засаг тэжээгдэхгүй. Үүний горыг төр болон төрийн өмчит компаниуд мэдрэхгүй. Харин хувиараа бизнес эрхлэгч иргэд, ААН-үүд л мэдэрнэ, амсана. Ийм байдал үргэлжилж, дээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шахаж хавчиж, попорч байснаас болоод манай эдийн засаг сүүлийн 10 жил тэлсэнгүй. Энэ хугацаанд төр л данхайж, томорлоо.

-Сангийн сайд ирэх оны төсвийг хэмнэлтийн төсөв болсон хэмээн тодотгож байгаа. Хэмнэлтийн тухай хуулиар нэг их наяд төгрөг хэмнэсэн гэдгээ зарласан шүү дээ?

-Хэмнэлтийн төсөв болсон гэдэгтэй санал огт нийлэхгүй. Тэд хэмнэлт гэж юуг хэлж байна вэ. Төсвийн зарцуулалт 14 хувиар нэмэгдлээ. Төсвийн алдагдал 1.6 их наяд байхаар орж ирлээ. Засгийн газрын өрийн хэмжээ 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Өр тавьж, ирээдүй хойч үедээ өрийн дарамт өгч, ирээдүйн хөгжлийн боломжийг хулгайлж байна. Тоо бодит үнэнийг хэлж байхад мянга “хэмнэсэн” гэж өөрсдийгөө өмөөрөөд нэмэргүй.

-Ирэх онд бүтээн байгуулалттай холбоотой нэг ч шинэ төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсанаас өөр ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Уг шийдвэр төсвийн шинэчлэлтэй холбоотой юу?

-Өнгөрөгч 2021, 2022 оны төсөв ковид, цар тахлын үеийн онцгой нөхцөл байдал гэдгээр халхавчлан замбараагүй явсан. Эдийн засгийг идэвхжүүлэх нэрээр ямар ч тооцоо судалгаагүй, үр өгөөжгүй хөшөө дурсгал, байшин барилга, соёлын төв гэх мэт хөрөнгө оруулалтын ажлуудыг батлаад явсан. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө бол тэр чигээрээ замбараагүй зарцуулалт, үр ашиггүй, дээр нь зах зээлийн эрүүл балансыг бусниулах, төгрөгийн үнэ цэнийг унагах үр дагавартай. Өмнөх жилүүдэд төлөвлөсөн, он дамнасан гэх ажлууд нь угаасаа хангалттай их байгаа учир шинээр ажил төлөвлөх шаардлагагүй байгаа юм. Энэ төсөв эдийн засгийг тэлэх төсөв биш. ДНБ-ий өсөлт ковидоос болж 2020 онд хасах 4.6 хувь байсан. 2021 онд 1.6 хувь өссөн үзүүлэлттэй гарсан нь өмнөх оныхоо агшилтыг даваагүй гэсэн үг. Энэ онд 2.5 хавьцаа гарах юм шиг байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд агшсан хэмжээгээ нөхөж чадахгүй яваад байна. Гэтэл манай улсын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар тэр дундаа зэс, нүүрсний үнэ өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд сүүлийн 100 жил гараагүй өндөр өсөлттэй байгаа. Манайхтай адил уул уурхайгаас хамааралтай бусад улс орнуудын эдийн засаг ковидоор уналт бага, дараах оноос өсөлт нь өндөр яваа. Уул уурхайд ковид бараг нөлөөгүй гэсэн үг. Төрийн менежмэнт үнэхээр хангалтгүй, бодлого дампуу байна.

-Өмнө нь хэрэгжүүлэх оролдлого хийсэн боловч бүтэлгүйтсэн шаталсан татварын тогтолцоог ирэх жилээс хэрэгжүүлэхээр боллоо. Хэн илүү ашиг олж байгаа нь тэр хэмжээгээр өндөр татвар төлөх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд Б.Жавхлан 1300 орчим иргэн сард 10 сая төгрөгөөс дээш орлоготой хэмээн мэдэгдсэн. Ингээд тооцохоор төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нь тийм ч их биш. Тэгэхээр магадгүй олон нийтэд таалагдах оролдлого гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, баячуудаас илүү өндөр татвар авч төсөвт төвлөрүүлж байгаа гэх ойлголтыг олон нийтэд өгч байна. Цаашид бид хувийн хэвшлээ дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлэх ёстой. Хувийн хэвшлээ дэмжсэн татварын бодлого гэдэг бол ердөө л татварын хэмжээг бууруулах тухай асуудал юм. Гэтэл манайхан үүнийг зөвхөн хэлбэр төдий ойлгоод байна.Тухайлбал, ирэх оны төсөвт гарааны бизнес эрхлэгчдийг 3-5 жил татвараас чөлөөлөхөөр тусгасан. Энэ бол бас л бодит байдалд үр дүн байхгүй. Учир нь гарааны бизнес эрхлэгчид эхний 3-5 жил угаасаа л алдагдалтай ажилладаг. Бизнес эрхлэгчдийг хамгийн их зовоодог асуудал бол НӨАТ шүү дээ. Манайд НӨАТ-ын хэмжээ 10 хувь буюу харьцангуй өндөр. Ашигтай эсвэл ашиггүй ажилласнаас үл хамаарч заавал төлөх ёстой татвар учраас бизнесийхэнд хүнд тусдаг татвар юм. Уул нь НӨАТ-ын хэмжээг бууруулж, татварын баазыг буцаагаад нэмэгдүүлэх гэх мэт алхам хийвэл алсдаа эдийн засгаа тэлэхэд дэмтэй. Иймэрхүү өөрчлөлт байхгүй, эсрэгээр нь хувийн хэвшлийнхнийг тултал “нугаслах” бодлого хэрэгжиж байна.

-Цар тахлын болоод геополитикийн асуудал цаашид хэрхэн үргэлжлэх нь одоо ч асуулт, анхаарлын тэмдэг дагуулж байна. Гэтэл ирэх оны төсөвт уул уурхайгаас олох орлогын хэмжээг өмнөх хэмжээнээс бууруулаагүй байдлаар төсөөлсөн байна. Ирээдүйд гарах эрсдэлээ тооцоолж чадсан болов уу?

-Сүүлийн жилүүдэд эрх баригчид заль хэрэглэдэг болсон. Төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлдөг болсон. Өөрөөр хэлбэл, олох орлогынхоо хэмжээг бодитоор төсөөлөөд багаар оруулж ирвэл төсвийн алдагдлын хэмжээ өсч 4-5 их наядад хүрнэ. Тийм учраас орлогоо өөдрөг төсөөлдөг заль хэрэглэдэг. Гэтэл гүйцэтгэл нь хангалтгүй болоод ирэхээр “БНХАУ-д тэг ковид бодлого хэрэгжсэнээр хил боомтын асуудал гацлаа, ОХУ, Украины дайн хүндэрлээ, инфляци өслөө” гэх мэт гадаад, дотоод шалтаг тоочиж, үүнийг бид тооцоолоогүй байсан” гэх үг хэлдэг. Орлогоо өөдрөгөөр төсөөлчихөөд эргээд УИХ,ЗГ-ын гишүүд нь тойргоо усалж, бүтээн байгуулалт нэртэй төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг. Магадгүй ирэх оны дундуур төсвийн тодотгол хийх байх. Энэ жил төсөвт тодотгол хийх нэрээр 2030 он хүртэл захиран зарцуулах эрхгүй байсан “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг зарцуулсан шүү дээ.

-Тэгвэл ирэх онд төсөвт дахин тодотгол хийх нь гарцаагүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-Төсөвт тодотгол хийх нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд төсөвт тодотгол хийх нь хэвийн үзэгдэл болсон. Нэг удаадаа хийдэг байсан бол хоёр хийдэг болсон. Өмнө нь явж байсан арга, техникээрээ л явж байгаа учраас төсөв батлагдаад удаа ч үгүй тодотгох асуудал яригдах байх. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол гадаад валютын нөөц. Оны өмнөхөн 4.7 тэрбум доллар байсан валютын нөөц одоо 2.7 тэрбумд хүрчихлээ. Цаашид ч нөөц багасах дүр зураг ажиглагдаж байгаа учраас ханшийн өсөлтийг тогтоон барих боломж алга. Инфляци өндөр байгаа энэ үед төсвийн сахилга бат маш чухал. Эдийн засаг руу орж байгаа төрийн секторын эдийн засгийн нийлүүлэлтийг танах ёстой. Үүний тулд зоригтой алхам хийх ёстой. Даанч эрх баригчид чадахгүй л дээ. Үнэнээс зугтаад л явна. Гэхдээ үнэнтэй хэзээ нэгэн цагт нүүр тулна. Уул нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой, хүчтэй ажиллах нөхцөл бүрдсэн. Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрсөн. “Хүчтэй” Ерөнхий сайд зоримог шийдвэр гаргаад явбал болох учиртай юм. Гэтэл чадахгүй юм байна. Ямар ч улс төрийн зориг, манлайлал алга. МАН сонгуулийн амлалтаар татвар нэмэхгүй гэсэн, өчнөөн нэмлээ. Хэмнэнэ, цомхон болгоно гэсэн улам данхайлаа. Давхар дээлтэй болж аваад л бүр замаа алдлаа. Шинээр сайдуудын орон тоо, ажлын алба байгууллаа. Чөтгөрийн тойрогт орчихлоо.

-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ жил түгжрэлд 420 тэрбум төгрөг тусгасан. Харамсалтай нь бодит үр дүн тааруу л харагдаж байна. Ирэх жилийн төсөвт түгжрэлийг бууруулахад 580 гаруй тэрбум төгрөг суулгасан. Энэ хэр оновчтой шийдвэр бол?

-Энэ жил нийслэлийн төсөвт суулгасан 420 тэрбум төгрөгийг хэр оновчтой зарцуулсан талаар удахгүй танилцуулагдаад явах байх. Одоогоор нүдэнд харагдахуйц үр дүн гараагүй л байна. Улаанбаатар хотод өдөр тутамдаа 1000 орчим автобус нийтийн тээвэрт үйлчилдэг. Энэ тоог 2000 болгочихвол нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх нь тодорхой. Гэтэл бодит байдал дээр одоо байгаа 1000 автобусаар бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй зам дээрээ гацчихсан байна. Нэг автобусны рейс хийх тоо нь түгжрэлээс үүдэн 3-4 дахин буурчихаад байгаа юм. Ийм байхад асуудлын гол нь нийтийн тээврийн тоонд байгаа юм биш. Бид 700 сая төгрөгийн үнэтэй 1000 автобус авсан ч үр ашгийг нь гаргаж чадахгүй. Тэгэхээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх нь зайлшгүй хийх ажил боловч түгжрэлийг шийдэх гол байгаа онохгүй л байна. Концепцийн хувьд болохгүй байна. Ер нь бол түгжрэлийг шийдэх арга зам бол нийтийн тээвэр. Гэхдээ үүнийг цогц арга хэмжээгээр шийдэх ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сэтгүүлчид төр барьж ирсэн, цаашид ч барих учир ард түмэн гайгүйхэнийг нь сонгоорой” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын
сонгогдсон дарга М.Тулгат “1.6 их наядын
алдагдалтай төсвийг
хэмнэлтийн төсөв гэж
нэрлэх боломжгүй” хэмээн ярьсныг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар “Өрхийн орлогыг
оруулан тооцох аргачлал ашиглан
амьжиргааны түвшинг тодорхойлох
боломжтой” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг,
Б.Саранчимэг нарын нэгийг ХНХ-ын
сайдад томилохоор ярьж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сэтгүүлчид төр барьж ирсэн, цаашид ч барих
учир ард түмэн гайгүйхэнийг нь сонгоорой” хэмээн өгүүллээ.

Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах
улсын комиссын
нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Бид хэлмэгдүүлэлтийг мартах
учиргүй, давтах ч ёсгүй” гэлээ.

“Loh Sien Chi-тэй онлайнаар харилцсан охид
300 давж, КК паркад худалдагдсан нь
таваас ч илүү болжээ” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны хуваарилалт дууслаа DNN.mn

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирсэн юм. Тэднээс

-8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав

-1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан

-578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй

-47 хүүхэд хамрагдахаас татгалзсан

88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай

578 хүүхдийн тухайд орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой. 88 хүүхэд бол багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Газрын багц хуулиудын төслийг танилцуулав DNN.mn

Газрын багц хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Уулзалтанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар газрын харилцааны эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдуулан хуулийн төслийн үзэл баримтлал, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, Газрын багц хуулиудын төслийн талаар танилцуулга, мэдээлэл хийсэн юм.

Хуулиудын төсөл батлагдсанаар газрын шинэтгэл хийгдэж нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарах юм.

  • Иргэн, хуулийн этгээд газраа газрын цахим биржээр нээлттэй арилжаалах боломжтой болно.
  • Төрөөс газрын эрх авч байгаагүй зорилтод бүлгийн иргэд тэргүүн ээлжинд газар авах боломж бүрдэнэ.
  • Төрөөс иргэдэд үзүүлэх газартай холбоотой үйлчилгээний шат дамжлага, хугацаа багасна.
  • Газрын эрх баталгаажиж, газарт оруулах хөрөнгө оруулалт хамгаалагдана.
  • Иргэн бүр газрыг тэгш, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ.
  • Газрыг аж ахуйн эргэлтэд оруулах замаар иргэдийн амьжиргааг дэмжинэ.
  • Нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхээ өмчлөгчид дундын мэдлийн газрын эрхээр шилжүүлэн авах боломж бүрдэнэ.
  • Нэгдсэн төлөвлөлт, бүртгэлд суурилсан салбар дундын зохицуулалт бүхий Газрын нэгдмэл сангийн нэгдсэн удирдлагын тогтолцоо бүрдэнэ.
  • Газар, байгалийн нөөц баялгийг тэнцвэртэй төлөвлөж, удирдах замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
  • Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, газрын төлбөр, татварыг оновчтой тогтоож, төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Иргэдийн нийгмийн зайлшгүй хэрэгцээнд шаардлагатай дэд бүтэц, барилга, байгууламж барих газрыг нөхөх олговрыг олгож газрыг чөлөөлөх боломж бүрдэх юм.
  • Газрын мэдээлэл, үйлчилгээ ил тод, нээлттэй болсоноор иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх юм.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд болон зөвлөхүүдээс олон чухал саналуудыг гаргасан бөгөөд цаашид тодорхой чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна