Categories
мэдээ нийгэм

А.Пүрэвдулам: Цагдаа нар сануулаад өнгөрөх жижиг зөрчилд заавал торгох гэж улайрах нь зохимжгүй DNN.mn

Хуульч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Өнөөдрийн цагдаа нарын ёс зүйн асуудлын талаар тантай ярилцах гэсэн юм. Уг байгууллага иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй. Гэсэн ч цагдаа нараас айлган сүрдүүлсэн, дарамталсан, бусдад аюул хор хохирол учруулахааргүй жижиг зөрчилд ч торгох гэж улайрсан өнгө аяс ил цагаан харагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Цагдаагийн байгууллагын тухайд тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай үе нь ирчихсэн. Цагдаагийн алба хаагч ард түмний эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүндээ тангараг өргөсөн улс. Цагдаагийн албаны тухай хууль болоод цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ч үүнийг нарийн заасан байдаг. Манайд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх байдаг. Үүнийг биелүүлдэг субьект нь цагдаагаасаа эхлээд байхгүй болчихсон. Иргэнтэй хамгийн ойр харьцаж хуулийг хэрэгжүүлж, сахиулдаг субьект нь цагдаагийн алба хаагч. Цагдаагийн үйл ажиллагааны стандарт буюу Цагдаагийн албаны тухай хуульд “цагдааг олон нийттэй харьцахдаа буюу үйлчлүүлэгчтэй харьцахдаа” гэж тодорхой заасан байдаг. Ингээд үзэхэд цагдаа бол иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй үйлчилгээний байгууллага. Хүчний байгууллага биш. Өнөөдөр цагдаагийн алба хаагч иргэдтэй уцаарласан, дээрэнгүй өнгө аясаар харьцаж байна. Иргэд ч ийм ёстой юм шиг л хүлээж авдаг болчихсон. Цагдаагийн алба хаагч иргэнтэй харьцахдаа маргалдах, уцаарлахыг ёс зүйн дүрмээрээ ч хориглосон байдаг. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүй. Иргэд цагдаа хараад л айдаст автаж, намайг яачих бол гэж түгшүүрт автдаг нь өнөөдрийн цагдаа нарын хандлагатай шууд холбоотой. Уг нь хуулиараа иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.

-Бусдад нэг их гэм хор учруулахааргүй зөрчилд шууд л торгууль бичдэг болж. Иргэний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх төдийд л зүй ёсны шаардлага биелүүлсэнгүй гэх байдлаар торгодог ч юм уу. Ийм тогтолцоо бий болчихсон байна л даа.

-Хууль зөрчиж болзошгүй байгаа иргэнд эхлээд сануулах арга хэмжээ авна. Зөвлөмж хүргүүлнэ. Ингээд хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих ч юм уу дараа дараагийн арга хэмжээг авна. Хуулиар олгогдсон эрх үүргийг хэтрүүлэн хэрэглэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль байхгүй.

Манайд энэ заалт хэрэгжихгүй байна л даа.Цагдаагийн албан хаагч дээд шатны байгууллагаас тушаал авдаг. Иргэдийн зүгээс цагдаа нар бусдын эрх чөлөөнд халдсан үйлдлийг дээрээс ирсэн тушаал биелүүлж байна гэж үзэх нь бий. Үүнийг өөгшүүлж зөвтгөж хэрхэвч болохгүй. Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагч хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байдаг. Дээд шатнаас хууль зөрчсөн үүрэг даалагавар ирвэл цагдаагийн алба хаагч биелүүлэхээс татгалзах үүрэгтэй гэсэн үг. Дарга л тушаасан бол заавал биелүүлэх ёстой гэх нийтлэг хандлага манайд бий. Энэ ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.

-Иргэдтэй дээрэлхүү харьцдаг, жижиг зөрчил дээр зөвлөж сануулахаас илүү торгох гэж улайрдаг энэ хандлага цагдаа нарын боловсролтой холбоотой байна уу?

-Цагдаагийн албаны боловсролын асуудал үүнд шууд нөлөөлдөг. Хүний эрхийн наад захын мэдрэмж, мэдлэг цагдаагийн алба хаагчдад байдаггүй. Ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх, ямар нэгэн худалдаа наймаа эрхлэхэд ч юмуу тухайн хүмүүстэй хууль бусаар харьцахаас авахуулаад хүний эрх чөлөөнд хууль бусаар шууд халддаг. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй улс шүү дээ.Хууль бус шаардлга тавиад үүнийг нь биелүүлээгүй иргэдийг хууль зөрчлөө гэх байдлаар шалгадаг, байцаадаг, эрүүгийн хэрэг үүсгэдэг жишиг тогтож байна. Энэ бол том аюул.

-Та ярилцлагын эхэнд цагдаагийн байгууллагад реформ хийх цаг ирсэн талаар онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Гүржийн жишээг энд онцолъё. Энд цагдаагийн байгууллагын тогтолцоог бүрэн шинэчилсэн. Шинэчлэхдээ үйлчилгээний стандартад оруулж өгсөн. Ингэхдээ хамгийн эхэнд цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг бүрэн хангаж өгсөн. АНУ-д цагдаагийн цалин 18000 ам.доллар байх жишээтэй. Манайд бол цагдаагийн албанд орсон хүн 400000 төгрөгийн л цалин авдаг. Нөгөө талд яг ижил чиг үүрэг хүлээж байгаа АТГ-т комиссараар ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Гүржид нийгмийн баталгааг нь хангаад шинээр ажилд орж байгаа цагдаагийн алба хаагчийн хүний эрхийн мэдрэмжид маш өндөр шалгуур тавьдаг болсон. Үйлчилгээ авахаар дэлгүүр ороход ямар эелдэг байдаг билээ. Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд ч тийм эелдэг харилцааг алба хаагчдад нэвтрүүлсэн. Цагдаа нарын ажиллах орчин өөрчлөгдөхөд иргэдтэй харьцах хандлага нь ч дагаад өөрчлөгдсөн жишээ Гүржид байна. Манайд үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Өөр нэг асуудлыг энд онцлоход, цагдаагийн байгууллага ямар нэгэн нам, улс төрийн байгууллагын нөлөөнд байхыг хориглодог. Гэтэл манайд Хууль зүйн яамны томилгоогоор явдаг. Эрх зүйт нийгэмд олон нийтийн саналыг тусгаж авдаг. Манайд шууд томилгооны статустай. Тэр нь улс төрийн хамааралтай. Үүнийг хамгийн эхэнд цэгцлэх ёстой.

-Замын цагдаа нар булан тухайд отож байгаад л шууд торгууль бичдэг үзэгдэл байна л даа. Төсөв бүрдүүлэхийн тулд иргэдийн халаасанд гар дүрж байгаа ч юм шиг.

-Согтууруулах төрлийн ундаа, маснууруулах бодис хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, түүнээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх мэт зүйлсээс бусад Зөрчлийн шинжтэй үйлдэлд цагдаагийн алба хаагчийн зүгээс сануулах эрх нь байдаг. Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хуульд дугаарын хязгаарлалт зөрчвөл тэгнэ, зөвшөөрөөгүй газар түр зогсвол ингэнэ гэх ч юм уу нарийн зохицуулалт байхгүй. Дугаарын хязгаарлалт зөрчих зэрэг жижиг зөрчилд шууд торгуулийн арга хэмжээ авах үндэслэлгүй. Иргэндээ сануулах арга хэмжээ аваад, зөвлөөд өнгөрөх хэрэгтэй. Заавал торгох гэж улайраад байх нь зохимжгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ҮХНӨ “үхсэн” үү DNN.mn

Саяхныг хүртэл улс төр, нийгмийн гол сэдэв нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хоёр асуудал дээр тулгуурлаж хийх байсан. Нэг нь “давхар дээл”, нөгөөх нь Их Хурлын гишүүдийн тоог нэмэх. Эрх баригчдын захиалга, шахалтаар Засгийн газрын хэдэн ч сайд “давхар дээл”-тэй байж болохыг Үндсэн хуулийн Цэцээс тогтоосон. Ингэснээр эрх баригч намд эрх мэдлийн дахин хуваарилалт хийх боломж олдож, бялуугаа хуваарилаад одоо үндсэндээ дуусч байна. Ийнхүү эрх мэдлийн дахин хуваарилалтаа хийгээд шивхэрсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч замхрах тийшээ хандаж байна.

Уг нь “Давхар дээл”-ээс гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц давхар хийчихсэн бол болох байв. Гэтэл тэд үүнийг орхигдуулчихлаа. Арга ч үгүй биз. Учир нь нэгдүгээрт, “захиалагч талаас” гишүүдийн тоог нэмэх асуудлыг Цэцэд хэлээгүй. Хоёрдугаарт, гишүүдийн тоог нэмэх нь Үндсэн хуулийн Цэцэд ямар ч унацгүй. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд гишүүд өөрсдөө их дурамжхан байгаа. Шалтгаан нь гишүүний тоо цөөн байх тусам тэдэнд ашигтай. Цөөн гишүүнтэй байснаар нэг гишүүнд ногдох эрх мэдэл тэр хэрээр өндөр байна гэсэн үг. Харин гишүүдийн тоо нэмэгдчихвэл энэ хүч нь сарниж лобби хийх, тэднийг худалдаж авах боломж энэ хэрээр багасчихна. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа учраас “арьсаа хуулуулахаас” эмээж орхигдуулсан биз ээ.

Ийнхүү өнөөдөр “Хонь бүрэн, чоно цатгалан” үлдлээ. Тиймээс одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дурсах хүн гарахгүй. Давхар дээлний асуудлыг нийгэмд гаргаж ирэхэд УИХ-ын гишүүдийн тоог нэмж парламентын ардчиллыг төгөлдөржүүлнэ гэж лоозогносон. Тиймдээ ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга албаа авахдаа “Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ” хэмээн чуулганы хуралдаан дээр хэлж байна лээ. Ачир дээрээ Засгийн газрын генсек үүнийг хийх цаг зав, нерв гаргах болов уу даа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ингээд нэг хэсэгтээ намжиж, улс төр судлаачдын дунд “ҮХНӨ үхлээ” гэсэн яриа гарсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвижна DNN.mn

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.1, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 06.10-19.35
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Болормаа: Манай нийгэм шударгаар хөдөлмөрлөж олсон хөрөнгийг шүүмжилдэггүй байгаасай DNN.mn

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ярилцлаа.


-Монгол Улсын түүхэнд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга боллоо. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Ховд аймаг бол дэд бүтэц, бүс нутгийн хувьд ч өгөгдөл сайтай. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг тэндээс эхлүүлэх боломжтой гэж хараад байгаа. Миний хувьд нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарна. Сая Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд газар тариалан, мал аж ахуйн салбар болон эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажилд нухацтай анхаарч, эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Миний хувьд мэдээж, Ховд аймгийн Засаг даргын алба гэдгийг ойлгож байгаа. Хөгжлийн бодлогын чиглэлийн мэргэжилтэй миний хувьд шинэ алба маань мэргэжлээрээ ажиллах боломж гэж харж байгаа. Ховд аймагт шийдэх асуудал олон бий. Мэдээж бидэнд төсөв мөнгө шаардсан асуудал их. Манай улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хэцүү байна. Сэтгэл зүтгэл гаргаад зохион байгуулалтад ороод шийдэх асуудлууд ч бий. Иймд Ховдын Засаг дарга болсноор орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Жишээлбэл, хогны асуудал бол орон нутгийн хэмжээнд хамгийн тулгамдсан асуудал. Очоод хогоо түүгээд хаяхаас илүү орон нутагт энэ асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл хайж ажиллана. Хогноос эрчим хүч гаргах технологийн шийдлүүд дэлхий дахинд нэвтэрчихээд байгаа энэ үед менежмэнтийн ажлуудыг зохион байгуулах ёстой. Үүнээс гадна Ховдод утааны асуудал их. Улаанбаатарын утааны асуудлыг шийдсэн шиг орон нутагт тохирсон жижиг загварыг Ховдод нэвтрүүлэх юм уу, инновацилаг аргуудыг судалж хэрэгжүүлэх ёстой.

-Ховд аймгийн хувьд эрчим хүчээ Оросоос авдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хараат байдлаас гарна. Энэ том бүтээн байгуулалтыг хөдөлгөх тал дээр та ямар ажлууд хийх вэ?

-Энэ бол тэр чигээрээ Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт. Багцлаад хэлэхэд, Ховд аймагт шинэ сэргэлтийг авчирна гэж мөрөөдөж байгаа. Эрчим хүчний сэргэлтийн хувьд Ховд аймагт 90 мВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах ажил эхэлж байна. Засгийн газар, БНХАУ-тай амжилттай хэлэлцээр хийсний ачаар энэ төслийн барилга угсралтын ажил нь эхлэхээр болж байна. Хэрэв Эрдэнэбүрэнгийн УЦС ойрын үед ашиглалтад орсноор Ховд аймаг Монгол Улсад төдийгүй дэлхийд ногоон хөгжлөөрөө тэргүүлэх газар болж чадна. Яагаад гэвэл бүх аймгийнхаа эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой болно. Ховдчуудын хувьд сэргээгдэх эрчим хүч бол шинэ үзэгдэл биш. Дөргөний УЦС, Тайширын УЦС байна. Саяхан Мянгат суманд 10 мВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ашиглалтад оруулсан төслийн нэг. Ховдчуудын хувьд нийт 22 мвт-ын сэргээгдэх эрчим хүчтэй болсон. Нэмээд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орж ирэх юм бол Ховд аймаг тэр чигээрээ эрчим хүчээр хангагдах боломжтой. Дэлхийд Ногоон хөгжлийн загвар болно. Ер нь хөгжлийн суурь нь эрчим хүч байдаг. Саяхан ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар ороход Ховдод гурав хоног тог тасарсан. Энэ бол бидний яриад шийдэх гээд байгаа эдийн засгийн тусгаар тогтнол, эрчим хүчний хараат бус байдал. Эрчим хүчний асуудлуудаа шийдэхгүйгээр аж үйлдвэржилт, эдийн засаг тэлэх асуудлуудаа ярих ямар ч боломжгүй юм. Тиймээс Ховд аймаг эрчим хүчний сэргэлтийн хувьд маш чухал газар.

-Боомтын хувьд ямар шийдлүүд байна вэ?

-Булган бол баруун бүсийн БНХАУ-тай хиллэдэг гол боомт. Сая ковидын үеэр энэ боомтын үйл ажиллагаа харьцангуй тасалдалгүй явж ирсэн. Цаашид Засгийн газраас боомтуудын сэргэлтийн хүрээнд боомтын хүчин чадлыг нэвтрүүлнэ гэж байгаа. Тиймээс миний хувьд Булган боомтын хүчин чадлыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хэрэгжилт дээр анхаарч ажиллана гэсэн үг. Баруун бүсийн тулгуур төвийн хувьд Булганы боомтыг хөгжүүлж чадвал аялал жуулчлал, экспортын том гарц болно. Боомтын сэргэлтийн хувьд агаарын тээврийн асуудалд ч анхаарч ажиллах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл, аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг. Гэтэл өнөөдөр та бид Ховд руу нисэхэд Солонгос руу нисэхээс илүү үнэтэй байна. Ховд аймаг руу хоёр цаг хүрэхгүй ниснэ. Гэтэл Солонгос руу нэг талдаа 3-4 цаг нисдэг. Олон улсын нислэг гэдэг утгаар тэнд буухаас өгсүүлээд татварууд нь илүү өндөр байхад яагаад Ховдын нислэгийн тийз илүү үнэтэй байна вэ.

Энэ бол логикийн хувьд үнэхээр ойлгомжгүй. Гэтэл бид аялал жуулчлалаа дэмжинэ гээд улсын төсвөөсөө МИАТ-тээ татаас өгдөг. Гадаадын жуулчин Франкфуртээс 1500 ам.доллараар Улаанбаатар ирчихээд Ховд аймаг руу автомашинаар 24 цаг явж хүрэх үү, 700 ам.доллараар нисэх үү. Манайх аялал жуулчлалын бодлогоо дотооддоо боомилоод байдаг. Яг үнэндээ гадаадын жуулчид Улаанбаатарыг гэхээсээ илүү Монгол орны байгалийн үзэсгэлэнг харах гэж ирдэг шүү дээ. Гэтэл бид өөрсдөө машинаар хөдөө явах кайфтай. Тэр жуулчид бидэн шиг биш. Магадгүй ажлаасаа чөлөө аваад цаг хугацаагаа амралтдаа зориулаад зорьсон газраа хурдан очихыг хүснэ. Тэгэхээр агаарын боомтын асуудалд онцгой анхаарна. Ховдоос цаашаа Казахстан, Үрэмч, Солонгос руу нисч болохгүй зүйлгүй. Ингэж том мөрөөдөж, том сэтгэх хэрэгтэй. Ер нь Ховд аймагт амьдралын чанартай аж төрж болно. Яг үнэндээ Улаанбаатарын энэ түгжрэлд лагер руу явах гэж дөрвөн цаг шаардагддаг. Харин Ховд руу хоёр цаг нисээд тэндээ агаарт сайхан амьдраад, 1-4 дэх өдөр хотдоо ажлаа хийгээд амьдарч яагаад болохгүй гэж

-Та бол Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан хүн. Тэр утгаараа орон нутагт төрийн бүтээмжийг яаж сайжруулах вэ?

-Манай улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл нь төрийн бүтээмж юм. Судалгаан дээр үндэслэн бид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс үүнийг Шинэ сэргэлтийн бодлогын дунд хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлогод оруулсан. Миний бие үглэж биш, үлгэрчилж манлайлж ажиллана. Ховд аймгийн иргэдтэйгээ төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх нь бид бүгдийн хамтын хичээл зүтгэл байх болов уу гэж найдаж байгаа.

-Таныг орон нутагт дээрээс шууд томилогдсонд ИТХ нэлээд таагүй хүлээж авсан. Тухайн орон нутгийг удирдах хүний хувьд тэдэнтэй хэл амаа ололцсон уу?

-Ерөнхий сайдын ажлын албаны дарга гэдэг бол урагшаа ил гардаг ажил биш. Хэвлэлийнхэн маань ч анзаарсан болов уу. Тэгээд ч энэ хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд зохимжгүй л дээ. Сүүлийн хэд хоног миний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар нэлээд явсан нь хувь хүний хувьд шок байлаа. Гэхдээ хүмүүс ямар дүр зургаар хармаар байна, тэрүүгээрээ л болно шүү дээ. Би аль болох эергээр харахыг хичээсэн. Э.Болормаа гэдэг хүнээс илүүтэйгээр том, том сэдвүүд энэ хүрээнд яригдаж байгаа харагдсан. Ялангуяа орон нутгийн хөгжлийн талаар. Яагаад бид хот руу чиглээд байдаг юм. Хөдөө сайхан амьдрах хүсэлтэй залуусын цуваа орон нутгийг нэлээд зорих болсон. Энэ нүүдэлд би залуу хүний хувьд дэм болсон болов уу гэж найдаж байгаа.

Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж юу юм бэ гэвэл Монгол бол холбооны биш нэгдмэл улс. Тэр нь амьдрал дээр яаж хэрэгжих юм бэ гэвэл Засгийн газартаа хэрхэн яаж захирагдах асуудлууд яригдана. ИТХ гэж ямар үүрэгтэй байдаг юм бэ гэхээр Засаг даргаа дэвшүүлэхээс өгсүүлээд орон нутгийн асуудлуудаа хэлэлцдэг. Тэнд нь дагуулаад төсвөө хэлэлцэнэ. Тэгэхээр бид улс төрийн оролцоо гэдгийг зөвхөн гишүүн сайд, яамны дарга гэж харахаасаа илүү нийгэмд оролцох нь чухал. ИТХ-ын төлөөлөгчид бүгд давхар ажил эзэмших эрхтэй улс. Гэхдээ иргэдийн дуу хоолой болж байгаа. Тиймээс өрнөсөн үйл явдлууд тэр процессыг тод харуулсан болов уу. Анхны эмэгтэй Засаг даргад дэвшигч байх шийдвэрийг миний хувьд үнэхээр хариуцлагатайгаар маш их бодож гаргасан. Мэдээж эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудыг бодит байдал дээр сошиал дээр харлаа. Энэ нийгэмд эмэгтэйчүүд бидэнд ямар их бэрхшээл тулгардгийг, хувь хүний амьдралыг яаж оруулж ирж байгааг хангалттай харцгаалаа.

Магадгүй би эрэгтэй хүн байсан бол ингэж сэвэх байсан уу. Магадгүй энэ бүхэн бидэнд нэгийг бодогдуулсан болов уу. Ер нь Ерөнхий сайдыг хувьдаа феминист хүн гэж боддог. Энэ хүрээнд Монгол Улс хамгийн их эмэгтэй сайдтай танхим бүрдүүлсэн. Ажлын албаны даргаа хүртэл эмэгтэй хүнээр томилсон. Миний хашиж байсан энэ албыг эмэгтэй хүнд үргэлжлүүлээд өгч байна. Тэгэхээр бид Ерөнхий сайдыг үйлдлээрээ феминист хүн гэж боддог. Бас шинэ залуу үе ямархуу байдаг нь харагдаж байгаа байх. Ер нь залуучууд бид эв нэгдэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр нь ч харагдлаа.

Засгийн газрын яам, харьяа агентлагуудын залуучууд бид баг болж ажиллаж чаддаг. Шинэ сэргэлтийн бодлого бол шинэ үеийн залуучуудын бодлого. Өмнө манайх хөгжлийн бодлогуудынхаа загварыг гадны байгууллагын зөвлөх компаниудаар, эсвэл хэдэн судлаачийг суулгаад гаргачихдаг байсан. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг бичих ажлын хэсэгтээ яамдын хамгийн шилдэг гэсэн залуусыг цуглуулсан. Төрийн албаны шилдэг залуус нэгдэж байгаад Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын бодлогыг тодорхойлж чадсан.

-Эмэгтэй хүн төрд ялангуяа удирдах албаны ажлыг чамбай хийдгийн тод жишээ болж чаджээ. Нөгөөтэйгүүр залуу үеийнхэнд том урам зориг, итгэл өглөө гэж харж байгаа. Харин таныг нийгмийн зарим хэсэг нь “Том даргын хүүхэд болохоор дарга хийдэг” гэж байна. Аав, ээжийнхээ тухай тухай сонирхуулахгүй юу?

-Аав минь олон жил улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Над руу дайрахдаа аав руу минь даваад орж байгаа нь үнэхээр харамсалтай. Би өөрийгөө даргын хүүхэд гэж хардаггүй. Эгэл жирийн монгол айлын хүүхэд. Аавын маань аав Ховд аймгийн Манхан сумандаа амьдарч байгаа, жолооч хүн. Эмээ маань эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан. Тэд маань Ховддоо бүх насаараа амьдарч байгаа. Аав, ээж маань тухайн үеийн залуучуудын жишгээр ЗХУ-д суралцаж төгссөн, ойн инженер мэргэжилтэй хүмүүс. Аав маань Байгаль орчны яамыг Ойн яам байхаас нь насаараа зүтгэсэн. Тэр дундаа гадны төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байв. НҮБ-ын төслийн дарга, АНУ-д НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байлаа. Миний хувьд аавыгаа үнэхээр хүндэлдэг. Төрийн албан хаагч ямар ёс зүйтэй байхыг ааваасаа л үлгэрлэсэн. Улс орныхоо төлөө өдөр, шөнөгүй ямар их зүтгэдэг байсныг одоо ч тод санадаг. Ажлынхаа их стрессийг хэзээ ч гэр бүлдээ авчирч байгаагүй. Оройн хоолоо заавал гэртээ ирж эхнэр хүүхдүүдтэй зооглочихоод буцаад л ажилдаа явдаг. Аавынхаа ажилдаа хандах хандлага, зан чанараас үлгэр авч, гадаадад сурахдаа эдийн засаг, хөгжлийн бодлогыг сонгосон. Би бүх сургуульдаа тэтгэлгээр суралцаж төгссөн. Орон нутгийн ажил амаргүй шүү дээ гэж одоо хүмүүс ярьж байна. Гадаадад монголчууд маань хөлөө амархан олдог шүү дээ. Дасан зохицох чадвар гэдэг бол монголчуудын хувьд хамгийн том давуу чадвар. Тэр байтугай би ядуу оронд ажиллаж байсан.

-Нээрээ таны ажлын туршлагыг харахад Дэлхийн банкинд шигшигдэн ажиллаж байсан юм билээ. Тийм том ажил хийж байсан хүн яагаад төрийн албыг сонгосон юм бол?

-Хөгжлийн бодлогын мэргэжилтэй миний хувьд хаана шийдэж болох асуудал байна, тийшээ явах нь сонирхолтой. Өөрийн амьдралын ая тухыг чухалчлахаасаа илүү ажлаасаа үр дүн гарах нь илүү кайфтай. Миний хувьд 2014 онд магистраа төгсөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Дэлхийн банкинд анхны залуу манлайлагчдыг шалгаруулдаг хөтөлбөрт нь 14 мянган анкетаас шалгарсан арав гаруй хүний дунд багтаж чадаж байв. Дэлхийн банкинд 10 гаруй мянган хүн ажилладгийн 2000 орчим нь staff байдаг. Бусад нь ажлын шаардлагаар авдаг гэрээт зөвлөхүүд. Харин staff нь болохоор Дэлхийн банкны ажилтнууд. Урт хугацаандаа гол хүний нөөцөө барьж байна гэсэн үг. Цалин хангамж, тэтгэвэр нь асар өндөр. Миний хувьд энэ ажлаа орхино гэхэд сонин шийдвэр байсан. Би Дэлхийн банкны захирлын ажлын алба болон Уур амьсгалын өөрчлөлтийн албанд ч ажиллаж байсан. Нэг бодлын том дарга шиг ордонд шигдээд байгаа мэт санагддаг байв. Ингээд газар дээр нь ажилламаар байна гээд өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарч байсан. Бараг зарим хүн staff болохын тулд 10 жил зөвлөх хийдэг. Тэр болгон хүнд олддоггүй том боломж. Ийм ажлаа хүсэлтээр орхиж байхад ойр тойрныхон гайхаж байсан. Тухайн үед нэг оронд гэхээсээ илүүтэйгээр бүс нутаг сонгон ажиллах хүсэлтэй байв. Би Дэлхийн банкинд байхдаа НҮБ-ын Уур амьсгалын ногоон хөгжлийн сантай хамтардаг байсан болохоор тэндээс надад ажлын санал ирсэн юм. Ингээд Африкийн дайнгүй, хамгийн ядуу оронд очсон. Тэндээ хоёр, гурван жил ажиллахдаа уурхайн байгаль орчны үнэлгээг хийдэг байв. Ингээд дараагийн ажлаа бодож эхэлсэн л дээ. Хятад улс миний сонирхлыг татсан. Би барууны боловсролтой хүн. Хятад, Орос хоёр манай мөнхийн хөрш орнууд. Би тэдний сэтгэхүйг ойлгох ёстой. Ингээд Хятадын хөрөнгө оруулалттай, Дэлхийн банктай өрсөлдөх гэж гаргаж ирсэн том банкинд хамгийн анхны монгол ажилтан болсон. Удалгүй энд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дөнгөж байгуулагдахад намайг Ерөнхий сайдын Ажлын албаны дарга болох санал ирсэн юм. Би ямар ч асуудалгүй шууд ажлаасаа гарах өргөдлөө өгөөд, шинэ Засгийн газартай хамт ажилдаа орж байлаа. Өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүн солигдож байхад би давхар ажлаа өгөөд явж байна.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг их татлаа. Төрд богино хугацаанд ажилласан залуу хүн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байх боломжгүй гээд л шуурсан. Таны тайлбарыг сонсъё?

-Энэ бол төрд ажиллаад авсан мөнгө биш. Би өөрийнхөө амьдралдаа хэрэглэдэг бүх төгрөг, ам.доллар, хөрөнгийг бүгдэд нээлттэй тооцоолж чадна. Залуу байхдаа өндөр цалинтай болчихоод яахаа мэдэхгүй байж байсан үе бий. Нэгэнт АНУ-д амьдрах нь тодорхой юм чинь гээд моргажийн зээлээр байр авсан. Тэр байраа одоо түрээсэлдэг. Дэлхийн банкнаас гарахад тэтгэврийг нь ажилласан жилээр нь урьдчилаад өгчихдөг юм. Тэр мөнгөөрөө Монголдоо ирээд байр авсан. Хүний л амьдрал болсон хойно, тэрийгээ Ховд явахдаа түрээслэх байх. Надад машин, газар, мал байхгүй нь үнэн. Би багадаа гэрээсээ явж, бие даасан маань их нөлөөлсөн.

Хөрөнгө орлогын мэдүүлэг ингэж нээлттэй байдаг нь маш зөв. Монголд хичээгээд өөрсдийгөө болгож байгаа маш олон залуус бий. Би бол зүгээр л нэг жишээ. Гадаадад ч тэр, дотоодод ч тэр хөдөлмөрлөсөн хүн хөрөнгө хурааж чадна. Монголд бизнесийн асар их боломж байгаа. Хүн ажил хийвэл ам тосдоно гэж сайхан зүйр байдаг даа. Ямар ч ажлыг барьж аваад цаг нартай уралдахад үр шимийг нь заавал хүртдэг. Залуу хүн тэрбум төгрөгтэй байх ёстой. Тэр бол 300 мянган ам.доллар шүү дээ. Найм, арван жил хөдөлмөрлөсөн хүнд байж болох л хөрөнгө. Манай нийгэм үүнийг шүүмжилдэггүй байгаасай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Говь-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчийн улсаас Зохиолчдын улс​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ховд аймгийн Засаг
дарга Э.Болормаа “Манай
нийгэм шударгаар
хөдөлмөрлөж
олсон хөрөнгийг
шүүмжилдэггүй
байгаасай”
гэснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хичээлийн шинэ жил эхэллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчийн улсаас Зохиолчдын улс” нийтлэл хэвлэгдлээ

Улсын Нэгдүгээр төв
эмнэлгийн Цусны эмгэг
судлал чөмөг шилжүүлэн
суулгах төвийн эмч, анагаах
ухааны доктор, ахлах
зэргийн эмч Д.Булган “Донороос цусны үүдэл эс шилжүүлэн
суулгах эмчилгээ анх удаа хийсэн
” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ