Categories
мэдээ спорт

Тал нутгийн марафоны бүртгэл эхэллээ DNN.mn

“Тал нутгийн марафон 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 11-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү тэмцээн нь хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлж, хурд, хүчээ сорьж, өөрийгөө ялан дийлэх урам зоригийг өгдөг тул 8 настай балчраас 80 настай буурал хүртэлх гадаад дотоодын 1000 гаруй хүн жил бүр оролцсоор ирсэн билээ.

Мобиком Корпораци нь “Тал нутгийн марафон” тэмцээнийг жил бүр дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаад Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын сацуу зохион байгуулалт дээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, логог шинэчилж, MonPay данс үүсгэн, төлбөрийн шийдлийг цахимжуулснаас гадна тэмцээнийг олон нийтэд хүргэх тал дээр анхааран ажилласаар байна.

Энэ жилийн тэмцээн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Насны ангилал, тэмцээний зай:

  • Өсвөр үе (14 хүртэлх нас) – 3км
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 3 км
  • 15-17 нас – 5км
  • 50-59 нас – 3км
  • Ахмад (60-аас дээш нас) – 3 км
  • Насанд хүрэгчид – 5км, 10км, 21км

Шагналын сан: 14’000’000₮

Хураамж: 20,000₮ /MonPay дансаар төлөх боломжтой/

Бүртгэл: Спортын төв ордон, хойд жигүүр, 305 тоот /9.10 хүртэл Спортын төв ордон дээр, 9.11-ны өдөр Хүй долоо худаг дээр ирээд бүртгүүлэх боломжтой/

Холбоо барих утас: 9904-0530

Марафоны цаг үеийн мэдээллийг ЭНД дарж авна уу.

Та бүхнийг найз нөхөд, гэр бүл, хамт олноороо нэгдэн “Тал нутгийн марафон” тэмцээнд оролцож, нэг өдрийг спортлог, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын суурин 76, түр хоёр цэг ажиллана DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 76, түр хоёр цэгт 78 багийн 317 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах юм.

Дээрх цэгүүдэд 12-17 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд болон 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийх юм. Мөн 5-11 насны хүүхдүүд Комирнэти вакцины I тунг хийж байна.

Цэгүүдийн байршил:зураг

зураг

зураг
зураг
зураг
зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Ардчилсан Монгол Улсад Үндсэн хуультай нь нийцээгүй бол аливаа харилцаан дахь аргыг буруу гэж үзэж үр дүнг нь зөвшөөрдөггүй л байх учиртай DNN.mn

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Эхлээд уншигчдад мэдээлэл хүргэх үүднээс Үндсэн хуулийн Цэцэд та ямар учиртай мэдээлэл, яагаад гаргав гэдгээс ярилцлагаа эхэлье?

-“Зорилгодоо хүрч л байвал арга нь буруудахгүй” “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн “харгис” номлол байдаг даа.

2016-2020 оны Ардын намын үнэмлэхүй олонхын зорилго нь юу байв? Нэгдүгээрт, 2020 оны сонгуулиар дахин үнэмлэхүй олонх болох. Хоёрдугаарт, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн нэр дэвшигчийг ялуулах.

Зорилгодоо хүрэх аргын нэг бүрэлдэхүүн нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэхдээ нэгдүгээрт, бусдыг буруутгах, Үндсэн хуульд оруулсан 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтийн “долоон бурууг” засах (үүндээ өнөөдөр бүдэрч байна).

Хоёрдугаарт, ард түмэнд Үндсэн хуулийн түвшинд “гоё” амлалт өгөх (одоо ч хэрэгжээгүй).

Гуравдугаарт, “санаатай” зарим тодорхойгүй томьёололтой нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн Цэцийн тусламжтайгаар өөрт ашигтайгаар “тодорхой” болгох (жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгууль байна).

Дөрөвдүгээрт, сонгууль тулсан үед дагаж мөрдөхөөр болгож зорилгынхоо дагуу пиар хийх. Тэд зорилгодоо хүрсэн.

Гэтэл зайлшгүй цогцоор нь хийх байсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын сонгуулийн хэлбэрийг өөрчлөх, Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодгийг өөрчлөх зэргийг ард түмэнд таалагдахгүй. Иймд том зорилгодоо хүрэхгүй гэж үзэж хийгээгүй зовлонтойгоо нүүр тулж байна. “Аргаа” хайж байна.

Хамгийн түрүүнд Засгийн газарт УИХ-ын гишүүдээс байх тооны хязгаар дөрөв гэдгийг арилгах зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэх арга яг л Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрэглэсэн аргаа сонгосон. Оролцуулагчид нь ч яг хэвээр! Нөгөө л иргэд нь Цэцэд мэдээлэл гаргадгаараа гаргасан. Энэ удаа бүр Цэц нь Үндсэн хуульдаа халдан байж зорилгыг нь биелүүлсэн. Энэ тухай тантай өнгөрөгч сарын 23-нд (2022.08.23) хийсэн ярилцлагадаа дэлгэрэнгүй хэлсэн дээ. Зорилго нь аргаа зөвтгөнө гэж энэ л байх даа.

Математикт арга нь буруу бол баталгааг нь буруу, үр дүнд хүлээн зөвшөөрдөггүй. Ардчилсан Монгол Улсад Үндсэн хуультай нь нийцээгүй бол аливаа харилцаан дахь аргыг буруу гэж үзэн үр дүнг нь хүлээн зөвшөөрдөггүй л байх учиртай.

Үндсэн хууль нийт ард түмний эрх ашиг, нэрийн өмнөөс ингэж шийддэг! Өөр хэний ч биш! (Битгий мөрөөд гэж надад бүү хэлээрэй!)

За үндсэн асуулт руугаа оръё. Үндсэн хуулийн Цэц 2022 оны наймдугаар сарын 15-нд эцсийн шийдвэрээ гаргаж Үндсэн хуулийн 39.1-ээс Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өгүүлбэрийг Үндсэн хуулиас хассан. Ингээд л МАН-ынхан “хүний гараар могой бариулж” зорилгодоо хүрсэн атлаа 2022 оны наймдугаар сарын 25-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байхгүй болгосон өгүүлбэрийг дахин байхгүй болгосон үйл ажиллагаа явууллаа. Нэг түүх санаанд орчихлоо. Нас барсан нөхрөө дахин нас баруулж оршуулгын тэтгэмж хоёр удаа авсан шуналтай эмгэний тухай хэрэг байдаг гэсэн. Хөөрхий тэр олны зэвүүцэл шүүхийн шийдвэрийг даалгүй өөрөө удалгүй талийгаач болсон гэдэг.

УИХ-ын энэ ажиллагаа Үндсэн хуулийг зөрчсөн талаар урьд бас мэдээлэл хамт гаргаж байсан Э.Төмөрбаатартай хамтарч мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргаад байна даа.

-Цэц арьсаа хамгаалж таны гаргасан мэдээллийг хүлээж авалгүй, шийдвэр гаргахаас татгалзах боломжтой юу. Үндсэн хуульд маргаан үүсгэхээс татгалзаж байна гэдэг шиг?

-Цэц бидний мэдээллээр УИХ-ын дээрх ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар ямар нэг хэлбэрээр гаргахгүй бол Цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн өөрийн гаргасан 02 тоот тогтоол, эцсийн шийдвэрээсээ татгалзсан үйл явдал болно. Өөрөөр хэлбэл, бидний шийдвэр Үндсэн хууль зөрчсөн буруу шийдвэр байжээ гэж үзсэн хэрэг. Энд Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай гардаг маргаан яриагүй, харин УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал ярьж байгаа юм.

-Тэгэхээр та Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдэл нийцсэн байхыг Цэц болоод УИХ-д дахин сануулж, энэ удаа ацан шалаанд орууллаа ойлгож болох уу?

-Шатраар бол өвгөн, бэрс хоёрын дунд мориороо шалчихаад байна. Юугаар ч хаах аргагүй. Тэгэхээр Цэц өөрийгөө өгч бууж өгөх үү, бэрсээ өгч цааш нүүх үү гэдгээ л шийднэ дээ.

-Эрх баригчид санасандаа хэдийнэ хүрчихлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ингээд замхарчихав уу?

-Уг нь Цэцийн шийдвэр гаргуулчихаад л зорилгодоо хүрчихсэн мөртлөө юу гэж Үндсэн хуулийн “хоосон зайг” дахиж “хоослон” өөрчлөлт оруулсныг ойлгох гээд ухаан хүрдэггүй ээ. Цэц өмнөх шийдвэрүүдээ хүчингүй болгодог болсноос л айхдаа ингэсэн юм болов уу даа. Цэц чинь саяны шийдвэрээ гаргах гэж урьд нь “Үндсэн хуулийн заалт үйлдсэн хууль зөрчсөн тухай маргааныг Цэц хэлэлцэхгүй” гэж гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгож байсан шүү дээ. Одоо УИХ-ын энэ бүрэлдэхүүн Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйн эрхгүй болж байх шиг байна даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулах саналыг НИТХ-д оруулна DNN.mn

Хичээлийн шинэ жилийн эхлэлтэй холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа бөгөөд асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар болжээ.

Түүнчлэн хөдөө орон нутагт хаягтай иргэд дугаар авахдаа харъяаллаараа дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж буй аж.

Нийслэлд 40-70 мянган иргэд шилжин ирдэг гэсэн статистик байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: Усан парк барих зөвшөөрөлтэй газрыг орон сууцных болгож өөрчилсөн нь ноцтой баримт DNN.mn

Дунд голын хөвөөнд босох ёстой усан паркийн газар дээр орон сууцны барилга баригдаж байгаа гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Иргэдийн төлөөлөл энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв. Тэд олон нийтийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх талбайд хувийн компани барилга барьж буйг эсэргүүцэж байв.

Тэгвэл энэ асуудлаар “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулахаар болж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал, хуульч Ө.ЭрдэнэОчиртой ярилцлаа.


-Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар мэдээлэл өгөхгүй юү. Танай хуульчдын хувьд нийтийн эрх ашгийн өмгөөллийн анхны хэрэг биш байх аа?

-Манайх бол стратегийн өмгөөлөл хийдэг төрийн бус байгууллага. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ дээр нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд эрх мэдлээрээ далайлгаж олон нийтийн боломжийг хулгайлсан асуудлыг хөндсөн. Мөн дараа нь цар тахлын үеэр унаач хүүхдийн эрхийг Засгийн газар хамгаалж чадаагүйг хөндөж, шүүхэд хандсан. Эдгээр өмгөөллүүд маань үр дүнгээ өгсөн.

Энэ удаа Дунд гол дээр усан парк барих ёстой газар дээр орон сууцны барилга босч байгаа үйл явдлыг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэлийн гол шаардлага бол байгаль орчныг хамгаалах, олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөж байгааг хөндсөн. Усан парк барих зориулалттай газар дээр барилга барьж байгаа нь хууль бус үйлдэл. Усны тухай хуулийн 22.2-т усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа Байгаль орчны сайдын албан бичигт барилга барьж байгаа газар нь Дунд голын онцгой бүсэд орсон талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, газрыг зориулалтын бусаар ашиглаад зогсохгүй Усны тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.

-Газартай холбоотой талууд янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа. Хотын захиргааны байр суурь дээр юу хэлэх вэ?

-Хотын захиргаа буюу Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга өөрөө энэ хэргийн хариуцагч. Тодруулж хэлбэл, усан паркийн зориулалттай газрыг 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр орон сууцных болгож газар эзэмших эрх олгосон үйлдлээрээ.

Хамгийн ноцтой нь усан паркийн зориулалт гэдэг нь алга болж худалдаа үйлчилгээний цогцолбор, орон сууц гэдэг өөр зориулалттай болсон.

Үүнийг нь үндэслээд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж албан даалгаврыг нь баталчихсан. Энэ үйлдлээрээ Нийслэлийн ерөнхий архитектор ч татагдана.

-Өмнө нь Мэргэжлийн хяналтын газраас барилгын үйл ажиллагааг зогсоож байсныг санаж байна. Гэтэл тун удалгүй хэвийн ажиллаад эхэлчихсэн. Энэ талаар хуульчид та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-“Эм энд Жи” констракшн компани барилгын тусгай зөвшөөрөлгүй, кран ч ажиллах зөвшөөрөлгүй байсан юм билээ. Тиймээс краныг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн мэдээллийг авсан.

-Тэгвэл барилгын компанийн зүгээс өөр тайлбаруудыг хэлээд байгаа. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа талаар дурдсан байсан. Үүнийг тодруулбал?

-Тодорхой тайлбар, баримтууд шүүхийн журмаар гарч ирнэ. Одоогоор бидний олж аваад байгаа мэдээллээр бол анх энэ газар дээр усан парк барих зориулалттай зөвшөөрөл олгогдчихсон. Зураг төсөл нь ч гараад олон нийтийн дунд мэдээлэл нь тархчихсан. Монголд битгий хэл Азид ховор тооцогдох олон улсын усан парк босно гэдэг мэдээлэл одоо ч интернэтэд бий. Олон нийтийн дунд эртнээс хүлээлт үүсчихсэн байсан шүү дээ. Гэтэл гэнэт газрын зөвшөөрлийг хүчингүй болгоод орон сууцны барилга барихаар болоод өөрчлөгдчихсөн. Тиймээс энэ бол илт хууль бус үйлдэл.

-Ер нь ямар тохиолдолд газрын зориулалтыг өөрчилж болдог юм бэ?

-Газар эзэмшигчийн хүсэлтээр хуулийн дагуу өөрчилнө. Мэдээж голын ай сав газарт олон нийтийн амралт чөлөөт цагт зориулсан усан парк барих газрыг хувийн орон сууц, үйлчилгээний цогцолбор болгохоор сайн дураар өөрчилнө гэж байхгүй шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, эрс сэрүүснэ DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 09 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Талбайн 40-50 хувьд барилга барих стандартай болно DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Стандартын хуулийн төсөл боловсруулан намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгдлээ. Энэ хуулиар барилга байгууламжийн нийт талбайн 40-50 хувьд орон сууц барих стандартыг тогтоох юм. Үлдсэн хувьд нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх аж. Өмнө нь барилгын стандарт, норм байдаг ч төдийлөн хэрэгждэггүй байсан учраас цаашид хуулиар илүү тодорхой зохицуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Булган: Донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ анх удаа хийсэн DNN.mn


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Д.Булгантай ярилцлаа.


-Үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж чадсан багийнханд нь баяр хүргэе. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улсад анх 2011 оноос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл хэрэгжиж эхэлсэн. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь өндөр өртөгтөй, нарийн технологи шаардсан эмчилгээ бөгөөд багийн ажиллагаатайгаар хийгддэг эмчилгээ юм. 2011 онд Монгол Улсын ардын эмч, дэд профессор, зөвлөх эмч Н.Оюундэлгэр эмчээр ахлуулсан баг байгуулагдсан. Хүний нөөцийн сургалтыг Солонгос улсад хийж, техник тоног төхөөрөмж бэлдэж, эмчилгээг хийх тусгай тоноглогдсон ариун өрөөг бэлдэж 2014 онд анхны тохиолдлоо БНСУ-ын Гэгээн Мариягийн эмнэлэг, Католикийн их сургуулийн профессоруудтай хамтран хийж байсан. Түүнээс хойш одоо хүртэл ӨӨРӨӨС- ӨӨРТ (Ауто) нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 27 тохиолдлыг амжилттай хийсэн байна.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг нь 2022 оны наймдугаар сарын 4-ний өдөр Донороос-Өвчтөнд (Aлло) цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа хийлээ.

-Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай хэчнээн хүн байдаг вэ?

-Цусны хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой бид оношилгоо эмчилгээг олон улсын түвшинд хийх шаардлага тулгарсан. Иймээс үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулахыг зорьсон.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь хоёр төрөл байдаг. Өөрөөс – өөрт (Ауто) болон донороос- өвчтөнд (Алло). Өөрөөс-өөрт нь – цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээ нь ихэвчлэн цусны архаг хавдартай хүмүүст хийгддэг бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүний тоо ч олон байдаг. Бид тэдгээр эмчлүүлэгчдийг олон үе шаттайгаар эмчилгээ хийж бэлдэж байгаад үүдэл эс шилжүүлэх эмчилгээндээ авдаг.

Харин Донороос – цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны цочмог хавдар болон хавдрын бус зарим эмгэгийн үед хийдэг бөгөөд эмчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Алло-цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зайлшгүй шаардлагатай нэг асуудал бол донор эмчлүүлэгчийн хоорондын эд нийцлийн тохироо гэж байдаг. Монгол Улсад одоогоор эмчлүүлэгчийн төрсөн ах дүүг шинжлээд таарах донор үгүй бол энэ эмчилгээ хийгдэх боломжгүй болно. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад донорын бүртгэлийн сан гэж байдаг. Хүмүүс сайн дураараа очиж эд нийцлийн шинжилгээгээ өгөн бүртгүүлнэ гэсэн үг. Хэрэв ах дүүгээс тохирох донор олдохгүй бол нэгдсэн сангаас хайдаг. Тиймээс манай улсын хувьд цаашид үүдэл эсийн бүртгэлийн сан байгуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Тэгснээр өвчтөнүүдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэн, амьдрах хугацаагаа уртасгах боломж нэмэгдэнэ.

-Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа гэж сонссон.

-Тийм ээ. Манай үндэсний багийн бүтцэд хүүхдийн хавдрын эмч нар багтсан байгаа. Бид бас хүүхдэд өөрөөс нь болоод донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй ажиллаж, боломжийг судалж байна.

-Багийн гишүүдээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Монгол Улсад анх 2011 онд Үүдэл эс шилжүүлэн cуулгах баг байгуулагдаж байсан бөгөөд энэ онд шинэчлэгдэн, 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний хэмжээний баг болон батлагдсан. Багийн бүрэлдэхүүнд цус болон лабораторийн эмч нар голчлон орж, сувилагч, лаборант, техникч, бусад нарийн мэргэжлийн эмч, инженерууд орсон. Энэ баг ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан. Багийн ахлагчаар Н.Оюундэлгэр эмч ажилладаг бөгөөд анх 2014 онд өөрөөс-өөрт, 2022 онд донороос -эмчлүүлэгчид үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхлэхэд зөв удирдан зохион байгуулж, зоригтой эхлүүлж амжилттай хийж чадсан. Цаашид баг хамт олноороо уг эмчилгээг нутагшуулахаар ажиллаж байна.

-УНТЭ-т олон улсын стандартад нийцсэн цусны хавдрын хими эмчилгээний хэсгийг байгуулсан гэсэн үү?

-Цусны хавдартай хүмүүст хими эмчилгээ хийсний дараа цусны эсүүд унаж халдварт өртөмтгий болдог. Хими эмчилгээ хийлгэсний дараах орчин их цэвэр ариун байх шаардлагатай байдаг.

УНТЭ-ийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвд ЭМЯ-ны хөрөнгө оруулалттайгаар олон улсын стандартыг хангасан, тусгай тоноглогдсон, хепа филтер бүхий ариун есөн ортой “Хими эмчилгээний хэсэг” -ийг байгуулсан. Энэ нь цусны хавдартай хими эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчдэд халдвараар хүндрэх эрсдэлийг бууруулж, ор хоног болон эмчилгээний зардлыг багасгах чухал нөлөөг үзүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр DNN.mn

2022.9.2, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.2, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 06.11-19.33
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.