Ходоодны бүтэц, онцлог, эмгэгүүдийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Б.Ононтой ярилцлаа.
-Ходоод ямар бүтэц, онцлогтой эрхтэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Тэгъе. Ходоод гэдэг хоол боловсруулах дээд замын эрхтэнүүдийн нэг л дээ. Дээд замын хамгийн чухал эрхтэн ч гэж хэлж болно. Учир нь цусан хангамж хамгийн сайн нь. Ходоодыг “буруу харсан сав” ч гэж ярьдаг. Юу гэвэл ёроол хэсэг нь дээд талдаа байрладаг. Бүтцийн хувьд орох хэсэг, их махиа, бага махиа, гаралт гэсэн хэсгүүдтэй. Ходоод нь 2.5 литр орчим багтаамжтай, бортгон хэлбэртэй сав бөгөөд булчинлаг эрхтэн юм.
Хоол боловсруулах Вамин дэмийг хамгийн сайн шимэгдүүлдэг нь чухам ходоод. Мөн хоолны агууламж гэж байна. Хоол нь ходоодонд тодорхой хугацаанд шингэж цааш арванхоёр хуруу гэдэс рүү ордог. Үүнээс гадна архи үүсгэгч алкогольдегидрогеназ ферментийг шүүдэг цорын ганц эрхтэн юм.
Ходоодыг хүмүүс ихэвчлэн бат бэх эрхтэн гэж боддог. Энэ бол буруу, дэндүү өрөөсгөл ойлголт шүү. Харин ч ходоод эсрэгээр, хүний нэлээд эмзэг эрхтэний тоонд ордог. Угаасаа ходоод гэдэг дотроо атираа нугалаа ихтэй эрхтэн. Тэдгээр нь шимэгдүүлэх, шүүрэл ялгаруулах, хамгаалах гэсэн олон үүрэгтэй. Манайхан сүүлийн үед хеликобактери гэж их ярьдаг болжээ. Тэр нь ходоодонд байдаг энгийн бактери. Хэмжээ нь ихсэхээр өвчин болдог.
Тийм нөхцөл байдал үүсвэл хамгийн түрүүнд ходоодны салстын бүрэн бүтэн байдал алдагдана. Цаашлаад ходоодонд шархлаа үүснэ. Ходоодны шархлаа монголчуудын дунд түгээмэл бөгөөд ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй.
-Буруу хооллолт гэж яг юуг хэлээд байна вэ?
-Ийм юм л даа. Ходоод гэдэг хоолыг буталж, шингэн хэлбэрт оруулж цааш дамжуулах үүрэгтэй эрхтэн. Амны хөндийд зажлах рефлекс гэж байдаг.
Хүүхдийг бага байхад эцэг
эх нь хоолыг нь хөргөх гэж амаараа халбагадаж өгдөг дөө. Тэгэнгүүт том хүний амны хөндий дэх бактери хүүхдэд дамждаг. Мөн эхийн сүүгээр хооллох явдал байна. Хүүхдийг бүр нярай үеэс нь авахуулаад хоёр нас хүртэл, заримдаа дөрөв, таван нас хүртэл хөхүүлсээр байдаг. Тэгэх тусам хүүхдийн зажлах рефлекс муудна. Хүүхэд хөхөө хөхнө гэдэг нь хэл тагнай хоёрын завсар хөхний толгойг олж шимнэ гэсэн үг шүү дээ.
Дөрөв таван нас хүртэл хүүхдийг хөхүүлэх нь дархлаанд сайн гэх нь бий. Гэвч энэ нь угтаа зажлах рефлекст сөргөөр нөлөөлдөг. Шүдний булчингууд муудаж, шүд суларна. Тэр ч бүү хэл шүд орсгоо, мурий болох нь элбэг. Үүнээс гадна шүд нь хорхойдсон хүүхэд хоолоо зажилсан болоод залгичихдаг. Сайтар боловсруулдаггүй гэсэн үг.
Монголчууд бид хонины мах их хэрэглэдэг дээ. Гадаадын ном зохиолуудад үүнийг “улаан өнгийн мах” гэж тодотгосон байдаг. Тэгвэл тэр “улаан өнгийн мах” чинь ходоодонд гурван цаг болоод цааш арванхоёр хуруу гэдэс рүү ордог. Дөчөөс дөчин таван удаа зажилж залгисан, маш сайн тэрхүү “бүтээгдэхүүн”-ийг ходоод гурван цагийн турш дуустал нь боловсруулдаг юм шүү дээ.
Энд хэлэхэд, манай монголчууд зун цагтаа голдуу цагаан идээ, тэр дундаа ааруул их иддэг байж. Энэ нь амны хөндий дэх шүлс ялгаруулах үйл явцыг сайжруулж, хоёрдугаарт, шүдний булчин бэхжихэд тустай. Гэтэл өнөөдөр ааруул зэрэг хатуу зүйл идэхээ больчихсон. Чихэр, жимс идэх нь их. Улмаар хоол боловсруулалтын анхан шат болох амны хөндий дэх бутлах үйл явц дутуу явагдсанаас хоол бүхэл бүхлээрээ ходоод руу ордог болжээ. Улмаар боловсруулалт удааширч, шүүрэл их ялгаруулдаг гэсэн үг.
-Ходоодны ямар төрлийн эмгэгүүд байдаг вэ. Манайд аль нь давамгайлдаг бол?
-Ходоодонд шархлаа, сөргөө, хавдар гээд бүхий л эмгэг бий. Монголчуудын дунд хамгийн түгээмэл нь сөргөө өвчин. Хоолны урсгал ходоодонд доошоо нэг чигийн байх ёстой атал сөрж ороод байдгийг ийн хэлдэг. Эмнэлгийн хэллэгээр сөргөөг рефлюкс гэнэ. Манай монголчуудын нэг дутагдал нь өлөн явснаа гэнэт их идэх явдал. Жишээлбэл, энэ өвчин бид өглөө цайгаа уулгүй гардагтай холбоотой ч байж болно.
Ходоод нь өөрийн гэсэн хэмжээс,бэхэлгээнүүдтэй. Бэхэлгээнүүд нь сунаад ирэхээр ходоодны их махиа хэсэг нь доош унжина. Манайхан үүнийг “цээж хорслоо” гээд ойлгочихдог. Ер нь монголчуудад улаан хоолой, залгиурын сөргөө элбэг. Илрэх шинж тэмдэг нь ханиалгах. Орой унтах гээд хэвтэнгүүт хоолой сэрвэгнээд, ханиалгаад цээж хорсдог доо. Энэ чинь ходоодны сөргөө өвчний шинж тэмдэг юм.
Тэгэнгүүт энэ зовуураа арилгах гээд гаа юм уу, ус уугаад хэвтчихдэг шүү дээ. Ходоодны өвчнөө ийн улам нэмэгдүүлээд хүндрүүлдэг. Эм ууна. Таван салааны ханд ууна. Зарим нь сода ууна. Энэ нь маш аюултай. Дээрээс нь сүүлийн үед турахын тулд алимны цуу их ууж байна. Концентрацийг нь бууруулж амандаа хийнэ үү гэхээс шууд халбага халбагаар уугаад байж болохгүй. Үүнээс болж л ходоод, мөн нарийн, бүдүүн гэдэс нь цоорч хүндэрсэн хүн ирдэг юм шүү.
-Ходоод өөр ямар шалтгаанаас болж цоордог бол?
-Үүнд хүргэдэг гол шалтгааны нэг бол тамхи. Тамхины дотор агуулагдах хортой бодис нь маш их шүлс ялгаруулдаг. Амны хөндийгөөр дамжин ходоодыг цочроодог юм. Энд гэж хэлэхэд, бид эрүүл мэнддээ хайнга хандаж байгаа шүү. Ажил төрлийнхөө зай завсраар л эмчид үзүүлдэг. Эмчийн бичсэн нэг эмийг хэлсэн ёсоор нь ууна. Тэгээд л болно гэж үздэг. Тэр эмийг уугаад маргааш нь зүгээр болчихно гэсэн ойлголттой. Угтаа бол шарх, шархлаа гэдэг ганцхан өдрийн дотор үүсдэг юм биш. Амьдралын туршид буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ зэрэг нь ходоодны шархлаа үүсэхэд хүргэдэг. Тэр бүхнээ эмчлэхгүй удсаар хүндрүүлдэг билээ.
-Ходоод цоорох, урагдах гэдгийн хооронд ойлголтын ялгаа байна уу. Ер нь ходоод юунаас болж урагддаг юм бол?
-Намайг эмчилгээ хийж эхэлснээс хойш ходоод урагдсан гэх тохиолдол гарч байсангүй. Ходоод гэдэг угаасаа маш сайн булчинтай эрхтэн л дээ. Шархлааг эмчлэхгүй явсаар ходоодны хана нимгэрч цоордог. Ходоод яз татагдаад урагдах бол том хэмжээний авто осол ч юм уу хутгаар хатгах гэдгээс байж болно. Гэмтлийн эмч биш учир над дээр тийм хүн ирж байсангүй. Ходоод зүв зүгээр байж байгаад цоорно гэж ерөөсөө байхгүй. Ямар нэгэн шарх, шархлаа байж байгаад тэр суурин дээр л үүснэ. Ходоод бол маш сайн булчинтай учраас нарийн гэдэс шиг тийм амар урагдах, цоорно гэж байхгүй.
-Ходоод урагдах, цоорох гэж байдаг юм байна. Харин хагарах гэж байх уу?
-Байхгүй байх аа. Урагдахын тухайд бол архи их уудаг хүн бөөлждөг. Бөөлжихөд хоёр эсрэг даралт үйлчилдэг. Ходоод өргөн бол улаан хоолой нарийхан. Ходоод, улаан хоолойн нийлдэг амсар хэсэг гэж бий. Эмнэлгийн хэллэгээр кардийн хэсэг. Энэ хэсэг дээр даралтын зөрүүтэй үйлчлэл явагдахаар дотор талын салстууд цуурах үед цус их гардаг юм.
-Тэгвэл энэ нь архи, тамхи хэрэглэдэггүй энгийн хүнд тохиолдож болох уу?
-Болно. Бага насны хүүхдэд ч тохиолдож болно. Энгийн хүн бөөлжихдөө өөрийгөө хянаад удирдаад байдаг. Хүүхэд бол өөрийгөө удирдаж чадахгүй шүү дээ. Бөөлжихөөр хүн өөрийн эрхгүй байдгаа амаараа гаргачихдаг. Тэр үед ходоодны дотор салстын урагдал ажиглагддаг л даа. Цус ч их гарна. Гэхдээ үүнийг эмчлэх бүрэн бололцоотой. Дурангийн аргаар хавчаар тавиад эмчилж болдог. Угаасаа архи хэрэглэдэггүй энгийн хүн ч ихээр бөөлжих тохиолдол бий. Тухайлбал, хоолны хордлого, эсвэл зогисуулах огих зэрэгцэх тохиолдол, эсвэл ханиаж найтаах үедээ эвгүй хөдөлгөөн хийснээс зарим үед улаан хоолойгоо зад татсан, голтын хөндий рүү нь хоолны үлдэгдэл орчихсон тохиолдол байсан.
-Тийм тохиолдол хэр их вэ?
-Ер нь ховор, гэхдээ байдаг. Тухайн хүн ходоодондоо шархтай байсан эсэхийг харуулах шинжилгээ, жил тоолонд ходоодоо дурандуулсан эсэхийг харуулсан бичлэг зэргийг үндэслэн оношилдог юм. Энд хэлэхэд, сүүлийн үед монголчуудын дунд сөргөө, улаан хоолой, өрцний нүхний эвэрхий гээд өвчин цөөнгүй тохиолдох боллоо.
-Ер нь ходоодны үндсэн хэмжээ ямар байдаг вэ?
-Хэмжээсийн хувьд харьцангуй, тоон утгаар илэрхийлэхэд хэцүү л дээ.
-Хүний ходоод урагдсан байлаа гэхэд илрэх шинж тэмдэг нь юу бол?
-Маш хүчтэй өвдөлт ажиглагдана, бүр ухаан алдаж унана. Ийм юм л даа. Ходоод цоороход хэвлийн хөндий дотор агаар үгүй болдог. Гэтэл ходоодонд хий байдаг. Ходоод цоороход хутгаар чичих мэт өвдөлт өгнө гэж ярьдаг. Анагаах ухаанд “кинжальная боль” ч гэж нэрлэдэг. Хутгаар чичсэн юм шиг өвдөлт өгнө.
-Ходоодоо хамгаалах урьдчилан сэргийлэх арга бий юү?
-Хамгийн гол нь зөв хооллолт. Усыг бага, шингэнийг их уух хэрэгтэй. Мөн сайн хөдлөх хэрэгтэй.
-Шингэн гэхээр?
-Шингэн гэхээр хүмүүс ихэвчлэн ус уухыг ойлгодог. Гэтэл тийм биш. Байхуу цай, хярам, тараг, сүү, жимсний сүү, цийдэм байж болно. Эсвэл ургамлын цай, таван салаа, аньсны навч гэх зэрэг монголчуудын зөндөө хэрэглэдэг ханд байна. Өөрөөр хэлбэл, шингэн гээч нь усыг аливаа нэг юмтай хольсон юмыг л хэлнэ. Зөв хооллолтын үед 800 мл-ээс нэг литр орчим цэвэр ус байх ёстой. Дахиад 2.5-3.5 литр шингэн уух хэрэгтэй. Ийм шингэнийг мэдээж нэг дор уухайн тас залгин ууж болохгүй л дээ. Аль болохоор бага багаар шимэх нь зүйтэй. Ер нь хоолны хамгийн зөв зарчим гэвэл өлсөхгүй ч цадахгүй байх, чанасан жигнэсэн юм сайн идэж байх явдал. Өөрөөр хэлбэл, ходоодонд юм удахгүй гэдэг нь тэр л дээ. Аливаа зүйл ходоодонд удахаар эмгэг үүснэ.
Хэдий тийм ч зөв хооллох гээд ямар ч гурил будаа хэрэглэхгүй байж болохгүй. Энэ бол маш буруу. Витамин В эргэн шимэгдэлт байхгүй болно. Гурил будаанд эдгээр нь ихээр байдаг. Гол нь хүн өдөр болгон идэхдээ биш, тун хэмжээгээ л тохируулаад явахад болно. Цадталаа идсэн бол илүү хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Тэрнээс ямар нэгэн эм, алимны цуу уугаад ч юм уу, эсвэл кето зэрэг элдэв янзын дэглэм бариад турна гэж байхгүй ээ. Хүний баримтлах гол зарчим нь бага идэх, их хөдлөх. Энэхүү зарчмыг л баримтлах явдал. Гэхдээ бүх юм өөрийн гэсэн тун хэмжээтэй. Хэт их, хэт бага байж болохгүй. Өөртөө л тохируулах хэрэгтэй гэсэн үг л дээ.