Categories
гадаад мэдээ цаг-үе

Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно DNN.mn

ОХУ Украин руу довтолсноос үүдэлтэй үнийн өсөлт, хүнсний хямралыг шийдвэрлэхийн тулд нэмэлтээр 250 сая канад доллар буюу 193 сая ам.доллар НҮБ-д олгохоо Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт мэдэгдэв.

“Бид энэ оны эхээр дэлхийд үүсээд буй хүнсний хямралыг шийдвэрлэхэд зориулж НҮБ-ын хүнсний хөтөлбөрт хагас тэрбум ам.доллар олгосон, мөн нэмэлтээр 250 сая канад доллар олгоно” гэж Ерөнхий сайд Жастин Трюдо Руанда улсын нийслэл Кигали хотод болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Дэлхийн үр тарианы томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Украинд Орос довтолсон нь шатахуун, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Шалгалтын явцад цэргийг дэглэсэн гэх асуудал тогтоогдоогүй DNN.mn

Энэ сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч “Н”-ын ходоод задарч эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан.

Талийгаачийн ах Н.Эрхэмбилгүүний зүгээс “Сүүлд тангаргийн баяраар өвөө нь хоёр дүүгийнх нь хамт очиж уулзсан. Өвдсөн зовсон шинж огт ажиглагдаагүй. Малгайгаа өвөөгийнхөө толгой дээр нь тавьж хамт зургаа даруулаад л, хоёр дүүгээ тэвэрч үнсэж инээж хөхрөөд сууж байлаа. Тухайн өдрийн 16:00 цагийн алдад л цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Энэ үйл явдлаас зургаан цагийн дараа буюу 22:00 цагийн орчимд бие нь тавгүйрхэж ангийнхаа эмнэлэгт хэвтсэн юм билээ. 16:00-22:00 цагийн хооронд л ямар нэгэн асуудал болсон гэж хардаж байгаа. Ангийн эмч нар нь эхлээд хоолны хордлого гэх оношийг тавьсан юм билээ. Гэсэн ч биеийн байдал нь огцом муудаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж мэс засалд ороод өөд болсон. Мэс ажилбар хийсэн эмч нарын зүгээс “Хурууны дайтай л урагдсан болов уу гэж бодоод хагалгаа хийхэд бүр том задарчихсан байсан” гэж хэлж байна лээ.

Үүссэн асуудлын хүрээнд ХЗДХ-ийн яамны сайд Х.Нямбаатарын зүгээс “Сургалтын төвд очсон алба хаагч тангараг өргөснийхөө дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага шалгалт явуулаад, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн. Ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Заавал нэг хүн дэглээд, ходоодыг нь цоо өшиглөсөн гэж хүмүүс ярих гээд байна. Гадна нь хөхөрсөн шарх сорви байхгүй байна. Одоогоор дүрмийн бус харилцааны асуудал тогтоогдоогүй” гэх байр суурийг илэрхийлэв.


ШШҮХ:Талийгаач цэргийн ходоод 14 смурагдсан


Эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд мордсон 18-тай залуугийн ходоод задарч амь насаа алдсан асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өчигдөр мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд “Шүүхийн шинжилгээний хуулийн 15.1.5-д заасны дагуу шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тодорхой хугацааны дараа шинжилгээний хариунууд нэгтгэгдсэнээр дүгнэлт гаргана. Тухайн алба хаагч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 20 гаруй цаг эмчилгээнд байж, хагалгаанд орсон. Хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг бэхжүүлэх уусмалд хийж, өвчтөний түүх бусад бичиг баримтыг цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан.Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон, эсвэл урагдсан нь цохилтоос болсон уу, эсвэл хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаанууд нь бүгд тодорхой болно. Яг одоо шинжилгээний үйл явц үргэлжилж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарах боломжгүй, нэг удаа гарна гэх байр суурийг илэрхийлэв.


Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Талийгаач цэргийн ар гэрийн зүгээс хагалгаанд ороход хугацаа алдсан, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан бол амьд гарах боломж байсан гэх гомдол хэлж байна лээ. Газар дээрх нөхцөл байдал ямар байсан бэ?

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд:

-Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор, мөрдөгч нар болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Шинжилгээний явцыг камераар бичлэг хийж, зураг дарж баталгаажуулсан. Эд эсийн болон ходоодонд шинжилгээ хийсэн. Ходоод нь 14 см задарсан байсан. Гадна үзлэг хийхэд гэмтэл байхгүй, харин тарианы ором, хатгалт байна лээ.

-14 см задарсан гэхлээр ноцтой гэмтэл авсан нь харагдаж байна л даа. Тухайн ангийн удирдлагын зүгээс “Салат идсэнтэй холбоотойгоор хордлого авсан” гэх байр суурийг талийгаачийн ар гэрт илэрхийлсэн байна лээ. Хордлого авсан хүний ходоод урагддаг юм уу. Хүний ходоод ямар нөхцөлд ийм ноцтой гэмтэл авах вэ?

-Яг одоо шинжилгээний үйл явц үргэлжилж байна. Тухайн цэргийн гадна үзлэг болон өвчний түүхтэй танилцахад гэмтэл байгаагүй. Гадны нөлөөтэй задарсан эсэх нь удахгүй шинжилгээний хариу гарахад тодорхой болно.

-Мэргэжлийн эмч болохоор тань тодруулж байна л даа. 05 дугаар ангийн удирдлагуудын тайлбарлаж байгаагаар хүний ходоод салат идээд л 14 см урагдчихдаг юм уу. Талийгаачийн гэмтэлд гадны нөлөөлөл байсан уу?

-/Толгой дохив/.

Талийгаач цэргийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дотор гарна гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс онцолж байна.

ЦЕГ: Хэрэг авлигатай тэмцэх газарт шилжсэн

Хэргийн талаар ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатараас тодруулахад “Цагдаагийн ерөнхий газар, цагдаа цэргийн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой албан шалгалт хийгдэж байна. Албаны шалгалт дуусаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа байгууллагууд байлдагчийн нас барсантай холбоотой үйл ажиллагаанд нарийвчлан шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан, харьяалал тогтоолгон, хэрэг Авлигатай тэмцэх газарт шилжсэн.

Тухайн байлдагч нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад ирсэнээс хойших хугацаанд цэргийн албан харилцаанд орж байсан асуудлууд дүрэм журмын дагуу явагдсан уу. Эмнэлэг үйлчилгээний асуудлууд цаг хугацаандаа хэрэгжсэн үү. Ямар нэгэн дарамт шахалт байсан уу зэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Тухайн цэргийн цэргийн ангийн амралтын өрөөний хоёр камер ажиллахгүй байсан гэх байр суурийг талийгаачийн ар гэрийн зүгээс онцолж байгаа юм. Энэ талаар Дотоодын цэргийн 005 дугаар ангийн захирагч хурандаа захирагч Ж.Мөнхсолонго “Камерын тоо бол цэргийн нууцтай холбоотой. Цэргийн алба хаагчдын байрладаг болон дасгал сургуулилт хийдэг орчинд 18 камер байдаг. Унтлагын байрны хоёр камер гэр бүлийнхэн очиж үзэх үед түр зуурын засвартай байсан. Ямар нэгэн байдлаар камерын бичлэгийг устгах, өөрчлөх, солих ямар ч боломжгүй. Хэргийн материалд камерын бүх бичлэгийг хурааж авсан учир тэнд бүх зүйл байгаа” гэх тайлбарыг хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүрэгт шинээр баригдаж байсан барилгаас хоёр хүн унаж, нэг хүн амиа алджээ DNN.mn

Хан-Уул дүүргийн нутагт шинээр баригдаж байсан барилгаас өнөөдөр хоёр хүн унаж, нэг хүн амиа алджээ.

Хэргийн тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул Дүүрэг 17 дугаар хороо Маршал таун хотхон дотор барилгын өргүүр унасны улмаас хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх дуудлагыг өнөөдөр 16:00 цагт хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн фасад хийж байсан ажилтан 35 болон 37 настай хоёр эрэгтэй доош унаж, нэг эрэгтэй нас барж, нэг хүн нь Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тус хэргийн шалгалтын ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.

Сануулахад, өчигдөр мөн тус дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байсан барилгын кран унасны улмаас ажиллаж байсан хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтээд байгаа юм. Тухайн хэргүүдтэй холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ DNN.mn

Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхэлж буйг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Уг чиглэлд “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Драгон авто вокзал 5 шар”, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Улсын Их Дэлгүүр 120 мянгат” маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

  • Том хүн 20,000 төгрөг
  • Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Одоогийн УИХ үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна DNN.mn

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Та өнөөгийн бодлого тодорхойлж буй эрх баригчдын чадамжийг хэрхэн дүгнэж байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг асуудал бүрийн өмнө Үндсэн хуулийг л урдаа бариад байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Одоогийн эрх баригчид, тэр дундаа Г.Занданшатар тухайн үед УИХ-ын дарга байсан. Өөрөө гол автор нь болж, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг би толгойгоороо хариуцна” гэж хэлээд өөрчлөлт оруулуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа “Бүрэн зураглал” нэвтрүүлэг хийж “Үндсэн хуульд арван жил гар хүрэхээргүй боллоо”, бараг л “1992 оны Үндсэн хууль тогтоогчдын хийсэн бүх алдааг бид засчихлаа” гээд бүгд ам уралдаж ярьсан.

Харамсалтай нь хоёр жил болов уу, үгүй юү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, болохоо байчихлаа гэцгээж байна. Асуудлын гол нь Үндсэн хуульд байгаа юм биш. Эрх баригч нарт байгаа юм. Учир нь эрх баригчид ард түмний амьдралыг сайхан болгоно, орлогыг нэмэгдүүлнэ, эдийн засгийг тэлнэ, хүний эрх чөлөөг хүндэтгэнэ гэж 2020 оны сонгуульд ялсан. Гэтэл яг үүнийхээ эсрэг явж байна. Бидний авч байгаа цалинг 2016, 2020 оныхтой харьцуулахад буурсан. Иргэд худалдан авах чадваргүй болсон. Монгол Улсын Засгийн газар гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн.

Залуус хавар жагсаал хийхдээ “Юу юуны тухайнд хүрэлгүй Засгийн газраа огцруулах гээд яахав. Та нар ажлаа сайн хий” гэсэн. Эд нар ч “Ажлаа сайн хийнэ. Ганцхан боломж олгооч” гэсэн. Гэтэл өнөөдөр бензин шатахууны үнэ яаж нэмэгдэж байгааг харж байгаа биз дээ. Наймдугаар сараас эрчим хүчний үнэ нэмэх юм шиг байна. Эрчим хүчний үнэ бол бензинтэй ижил суурь үнэ учраас бүх юм нэмэгдэнэ. Ингээд иргэдийн нуруун дээр бүх ачааг үүрүүлж байна. Угтаа төр засаг, эрх барьж байгаа нам ачааг нуруун дээрээ үүрэх ёстой. Гэтэл эсрэгээрээ бизнес эрхлэгчид, амьдралынхаа төлөө зүтгэж яваа ядарсан иргэддээ ачаагаа үүрүүлж байгаа нь маш харамсалтай байна. Эрх баригчид торгож, шийтгэхээс өөр ажил мэдэхээ болилоо. Социалист нийгэмд л өнөөгийнх шиг нэг бол шийтгэдэг, нэг бол шагнадаг байсан.

Өнөөдөр Монгол Улс нэг бол одон медаль тарааж шагнадаг, нэг бол шоронгоор айлгаж шийтгэдэг улс болж хувирлаа. Үүнээс өөрийг хийж чаддаггүй төр засагтай боллоо.

-Ийм хүнд цаг үе, нөхцөлд яаж эдийн засгаа сэргээх, яаж гадаадын хөрөнгө татах гэж ярих байтал чуулганаар морь, бөх яриад сууж байгаа нь өнөөгийн УИХ-ын чадамжийг харуулж байгаа хэрэг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Улс орны тулгамдсан асуудалтай холбоотой хуулийг нэн даруй баталж, бизнес эрхлэгчдэд боломж олгож, иргэдэд дарамт болоод байгаа татварыг нь тэглээд асуудлыг нь шийдвэрлэх ёстой байтал эсрэгээр нь ажиллаж байна. Бөхөд цол олгох тухай хуульд л ихээхэн ач холбогдол өгч байна. Ардын намын бүлгийн дарга нь хүртэл дүүргийн арслан гэж байвал яадаг юм бэ гэж байх жишээтэй. Үнэхээр ичмээр. Ийм байж Үндэсний хэмжээний том нам гээд байгаа юм. Бөхийн эрэмбэ ч ярьж байх шиг. Эрлийз морь уралдуулах тухай ч ярьж байх шиг. Эрлийз азарга хоёр жил болоод үхдэг, үхдэггүй тухай Их Хурлын гишүүн хүн ярьж суугаа нь хошин шогоос долоон дор байна. Энэ бол Монголын төр яаж суларсныг харуулж байгаа юм. Эрх баригчид дангаар ноёрхсоноор төрийг яаж сулруулж, ард түмний амьдралыг хоромхон хугацаанд яаж доройтуулдгийг харуулж байгаа юм. Би тэднийг бас ч гэж ичих булчирхайтай болов уу гэж бодсон. Янз нь үгүй юм шиг байна. УИХ-ын дарга нь юу ч болоогүй юм шиг нохой салхилуулаад явж байх шиг. Шударга туйл царайлаад байдаг УИХ-ын гишүүд ард нь балиашиглаж ч байх шиг. Иргэдийн амьдрал, Монголын хувь заяанд санаа зовж байгаа хүн тэдэн дунд ганц ч алга.

-МАН-ынхан яг одоогийнхоороо дураараа дургиж байгаад 2024 оны сонгуулиар чөлөөтэй ялахаар байхад яагаад заавал Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол. Үүнийг юу гэж харж байна?

-Тэд Үндсэн хуулийг өөрсдийнхөө болохгүй, бүтэхгүй бүх юмны халхавч болгож ашиглах гэж байна. Нийгмийн анхаарлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт рүү хандуулах гэж үзэж байна. Гэхдээ тэдний энэ арга барил одоо газар авахгүй. Хэдийгээр МАН-ынхан “Ард түмнийг цагаан цаас” гэж боддог ч гэсэн тэдний боддог шиг Монголын ард түмэн тэнэг биш. Энэ хүмүүст буулга нь их чанга ирнэ дээ.

Цаашид ч энэ янзаараа байвал МАН улс төрд үлдэх үү, үгүй юү тухай асуудлыг иргэд ярина шүү. Монголчуудын амьдралыг ийм байдалд хүргэсэн улстөрчид байх уу, үгүй юү тухай ярина. Энэ хүмүүс иргэдийн амьдралыг өнөөгийн байдал руу оруулсан. Ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй. Гаднаас хөрөнгө оруулалт татах ажил хийгээгүй. Уг нь бол улстөрчид монголчуудын уудаг усны крантыг нэмье, зөвхөн Оюу толгой, Эрдэнэт гэдэг биш эдийн засгаа солонгоруулъя, хөрөнгө оруулалтыг татъя гээд гүйх ёстой. Гэтэл бүгдийг нь үргээгээд хөөгөөд гаргачихсан. Шорон гяндангаар айлгачихсан. Дотоодод байдаг хэд рүүгээ дайраад орсон. Бизнес хийдэг хүмүүс эд нараас цэрвэдэг болчихсон. Болж л өгвөл иргэдээ торгодог болсон. Төсөв бүрдүүлэхэд тэдийг нь торгуулиас бүрдүүлээрэй гээд алба хаагчдадаа үүрэг өгчихсөн шүү дээ. Хаана зөрчил гарна цагдаа нар иргэдээ торгохын түүс. МХЕГ-ын байцаагч, татварын байцаагч нар иргэд алдаа гаргахыг хайгаад төсөв бүрдүүлэх гээд гүйдэг болчихсон. Монгол Улс нэгнээ тонож амьдардаг улс болж хувирлаа. Үүнд төр нь манлайлал үзүүлж байна. Эд нар энэ янзаараа явах юм бол Монгол Улсыг сүйрүүлснийхээ хариуг хүртэнэ шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхийнхээ оронд иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд. Бензиний үнийг бууруул. Хил гаалиа нээлгэ. Гадаад хэргийн сайд юу хийгээд оффист суугаад байдаг юм. Гадаад хэргийн сайд гэдэг чинь гадагшаа явж хөрөнгө оруулалт “гуйгаад”, Монголын талаарх эерэг ойлголтыг гадныханд өгөх ёстой юм байгаа биз дээ. Яг үнэндээ монголчуудын толгойд хэдэн коммунистууд гарчихсан Монгол руу хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй. Монгол руу орсон мөнгийг тагнуултайгаа юутай ийтэйгээ нийлээд дээрэмддэг. Барьж хорьдог. Шоронд хийдэг ийм л улс гэсэн ойлголттой болчихсон байгаа. Тиймээс үүнийг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой. Үүнээс гадна эрх баригчид нааран дээр биш, нүүрэн дээр хүний эрх их ярих юм. Бодит байдал дээр өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг шоронд хийдэг, Эрүү, Зөрчлийн хэрэг үүсгэдэг. Үг даахгүй байж яаж Монгол Улсын ачааг даах гээд байгаа юм. Үг даадаггүй гоншигнож, нялцганасан энэ хүмүүс Монголын ачааг дааж, асуудлыг шийднэ гэдэгт би лав итгэхгүй байна. Эд нар чадах ч үгүй юм байна. Чадахгүй бол ажлаа өгөөд зайлах хэрэгтэй. Учир нь Монгол эд нараар, биднээр дуусахгүй. Эд нарын, бидний хойч үе гэж байна. УИХ, Засгийн газар үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна гэж дүгнэж байгаа.

-Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэдэг шүү дээ. Гэтэл уншаагүй хуулиа санаачилсан гээд өргөн барьдаг өнөөгийн УИХ Үндсэн хуульд нэмэлт оруулбал нийгэмд ямар уршиг тарих бол?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэдийн хөргөгч дүүрэхгүй. Цалин нэмэгдэхгүй шүү дээ. Үндсэн хууль бол Монгол Улсыг дарангуйлалд оруулчилгүй хашиж байгаа зүйл. Үргэлж тонгочуулаад байвал маш буруу жишиг тогтоно. Дараа нь эд нараас ч долоон дор популист увайгүй улстөрч гарч ирээд ерөнхийлөгчийн засаглалтай болгоё, ардчилсан системийг өөрчилье гэвэл яах вэ. Учир нь өөрчлөх боломжийг эд нар нээх гээд байна. Хоёр, гурван жил болоод л Үндсэн хууль руу дайрдаг ийм зүйл рүү орж ерөөсөө болохгүй. Дархлаагүй хүн өвчинд өртөмтгий байдаг биз дээ. Үүнтэй адил ингэж өөрчилсөөр Үндсэн хуулийг дархлаагүй болгочихвол Монгол Улс тогтворгүй болно. Тогтворгүй болчихвол бусад орны тоглоомын улс болох боломжийг нээнэ. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцээд байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр эдийн засгийг өөд нь татах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хариуцлагатай болох чиглэлд хийх ажил зөндөө байна. Энэ чиглэлд эрх баригчид ажил хийхгүй байна. Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн яамыг байгуулчихвал ард түмний амьдрал дээшилж, Монгол Улс супер болно гэж яриад байсан хаана байна. Сайдыг нь ч томилж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хэн нэгэнд зориулж эдгээр яамыг байгуулсан юм уу, ойлгохгүй байна. Хөгжлийн банкны асуудлыг яриад л шударга ёс тогтоодог улс болцгоогоод байсан. Хаана байна. Өнөөдөр таг чимээгүй болцгоочихлоо. Ер нь эд нар нийгмийн анхаарлыг өөр тийш нь татахын тулд нэг асуудал гаргаж ирээд сэвдэг боллоо. Ардчилсан намын өнгөтэй өөдтэй болгоныг бодлогоор харлуулсан. Үүнээс цааш харлуулах зүйлгүй болчихоор өөрийнхөө хэд рүү орж буцаад байсан. Сүүлдээ аргаа бараад Үндсэн хууль руу дайрч байна. Муу л бол хойд талын хар овоохой нь Үндсэн хууль боллоо. Ардын нам ард түмний амьдралыг туйлдуулсны буруу нь ардчилсан Үндсэн хууль болж хувирах гээд байна шүү дээ. Ийм л арчаагүй улстөрчидтэй болчихоод байна. Ц.Нямдорж гуай “Би 30 жил улс төрд явлаа. Ийм хүнд үетэй тулгарч байгаагүй” гэж ярьсан байна лээ. Монголын ардчиллын 32 жилийн түүхэнд ийм муу удирдагчид, ийм чадамжгүй УИХ, ийм арчаагүй засаг төр байсныг би санахгүй байна. Ардын намынханд Санжийн Баярынхаа хаана нь ч хүрэх хүн байхгүй. Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Баярцогтын хаана нь ч очих хүн байхгүй. Аз жаргалтай Улаанбаатар болгоно гэж амласан. Зовлонгоор дүүрэн Улаанбаатар боллоо. Монгол Улсыг өвчин тахлаар барьсан улс боллоо. Ёс зүйтэй хүн хийж байгаа үйлдлээсээ ичдэг. Ёс зүйтэй сайд, гишүүд ард түмэндээ гай болж байхаар гээд огцордог. Энэ УИХ-ын гишүүд, сайд нар үнэндээ ичихгүй байна. Хил гаалиа нээх гээд, эрчим хүч, бензиний үнийг тогтвортой байлгах гээд гүйж байх ёстой хүмүүс тэнд адуу, энд бөх дагаж гүйгээд байна. Үндсэн хуулийг сурталчлах гэж байгаа нэрээр тойрогтоо бэлэг тарааж гүйгээд байна.

-Уг нь гишүүд Үндсэн хуулийг дээдэлнэ сахина гэж өргөдөг шүү дээ…

-УИХ-ын гишүүд тангаргаа ойлгохгүй байна. Үндсэн хуульдаа үнэнч байна гэдэг хариуцлага. Гэтэл тангараг өргөхийг эд нар интертаймэнт гэж ойлгоод байна. Тангараг гэдэг бол том хариуцлага. Монгол хүн уурга дээгүүр алхдаггүйтэй ижил төрийн түшээ хууль дээгүүрээ алхаж болохгүй. Өдөр тутмын үйл ажиллагаа, ажилдаа Үндсэн хуулийг зарчим болгож баримтлахыг хэлж байгаа юм.

-Иргэд туйлдаж, эдийн засаг сөхөрч байгаа энэ үед сөрөг хүчний дуу хоолой их чухал байна. Тиймээс танай намын сэргэлт чухал болчихоод байна шүү дээ. Та намын генсек хүний хувьд намаа нэгтгэх чиглэлд ажиллаач ээ, энэ чиглэлд юу хийж байна вэ?

-АН өмнө ийм зовлонг хэд хэдэн удаа туулж байсан. Тиймээс үүний ард өмнөх шигээ гарч чадна. Аливаа хөгжилд унаж, босч байж хүрдэг. Тэр замаар явж байна. Бартаатай ч зөв замаар явж байгаа. МАН шиг хэн нэгнийг дарга болгоод дахин шүтдэггүй. Ийм хиймэл зүйл нэг л өдөр нурж унадаг. Тэр цагт хэзээ ч босдоггүй. Манайх босно.

Нэгдүгээрт, нийл гэхээр нийлчихдэг шидэт дохиуртай биш. Олон зүйлээс шалтгаална. Бидэнд нийлэх хугацаа хангалттай бий. Энэ чиглэлд бид ажиллаж байгаа. Намын жирийн гишүүдэд ямар ч буруу байхгүй. Тэд итгэл үнэмшлээрээ намаа дэмжиж байгаа. Тодорхой цөөн хүмүүсийн дунд үл ойлголцол байгаа. Үүнийг эрх баригчид хийсэн. Бусдын тоглоом болж болохгүй. Үүнийг хаа хаанаа бодож байгаа байх. Одоо хаа хаанаа ухаарч ойлгох цаг болсон. Тиймээс эвлэрнэ гэдэгт итгэлтэй байна. Эвлэрье гэхээр эвлэрчихдэг зүйл биш. Энд тодорхой цаг хугацаа, ажиллагаа орно. Энэ чиглэлд санаачилга гаргаж байгаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шар бич өдөр DNN.mn

2022.6.24, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.6.24, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 04.54-20.55
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Өдөртөө 28-30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Шатахууныг монополь хэдэн компани
биш, хэн ч импортолж оруулж ирэх
боломжийг нээнэ
хэмээснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Иргэдийн
олонх нь
гишүүдийн
тоог нэмэх,
давхар
дээлтэй байх
асуудлыг
эсэргүүцэж
байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм” хэмээн өгүүллээ.

Хүний эрхийн
үндэсний комиссын дарга
асан Ж.Бямбадорж “Үндсэн хуулиас
гадуур зэрлэг үйл ажиллагаа
явуулахыг эсэргүүцнэ” гэлээ.

“Өлзий” энд Ко Капитал
ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Б.Өлзийбаяр “Дижитал зээлийн салбарт болон хөрөнгийн
зах зээлд богинохон хугацаанд үсрэнгүй орж ирсэн
“Simple”-ийг иргэд маш их сонирхож байна” хэмээлээ.

Өмгөөлөгч Т.МөнхОргил “Цэргийн ангиуд эхлээд
хүчирхийлэгчдээсээ ангижрах ёстой” гэв

Дилов хутагт Данзанламэд “Бэрхшээл болгоныг зовлон гэж хүлээж авсаар байвал зовлон үргэлж байсаар л байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Донорын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд DNN.mn

Манай улс 2000 онд анх удаа Донорын тухай хуультай болжээ. Улмаар 2018 онд шинэчлэн найруулж, 2021 онд хоёр ч удаа тус хуульд өөрчлөлт оруулсан байна. Гэсэн ч хуулийн зарим заалт цаг үеийн шаардлагыг хангахгүй байна хэмээн үзэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн хуулийн өөрчлөлтийг дахин өргөн барьж, парламент өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталлаа. Тэгвэл шинээр хэрэгжих Донорын тухай хуулийн онцлох таван заалтыг хүргэж байна.

1. Донорын нас 25 байсныг 21 болгон бууруулж хуулд тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болж байна. Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байсан юм.

2.Донорын нэгдсэн бүртгэл мэдээллийг ил тод, нээлттэй байхаар тусгажээ. Хуулийн есдүгээр зүйлд нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан. Тус алба нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой ДАТА баазыг ажиллуулах юм. Манай улсын хэмжээнд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна.

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана. Одоогийн Ёс зүйн хороо нь эмнэлэг бүрт тус тусдаа байгаа юм.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг сая төгрөгөөр тогтоосон байна. Цаашид олон хүний амь насыг аварсан донорын оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд тусгажээ.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг гол үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн