Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 23 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн халдварын

  • 16 нь Улаанбаатар хотод,
  • 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,437-д хүрсэн гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 119 хүн эдгэрсэн бол одоогоор 790 хүн хяналтад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, 7 настай хүүхэд амиа алджээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх, ялангуяа бидний ухамсаргүй, сахилга соёлгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байна. Тухайлбал: 2022.06.23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах 1-р багийн нутаг Сүүжийн ус гэх газарт /аймгийн төвөөс баруун хойш 30 дахь километрт/ Хонда фит маркийн автомашин онхолдож зорчиж явсан 7 настай С амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед 2 хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55%-ийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.

Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах,

Явганааар болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 963 (2.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ.

Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 697.9 сая, анхдагч орлогын алдагдал 164.8 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Мөн урсгал дансны алдагдал энэ оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 34.4 сая ам.доллароор нэмэгдэж, 431.7 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 233 сая, зарлага 840.5 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 16.9 сая ам.доллароор багасаж, зарлага 90.4 сая ам.доллароор нэмэгдлээ. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеийнхээс 107.3 сая ам.доллароор өсөж, 607.5 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 44.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Харин энэ оны 4 дүгээр сард 16.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 0.9 сая ам.доллароор нэмэгджээ.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 604.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 99.2 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 4 дүгээр сард 309.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 235.6 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний 4 сард 245 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 942.8 сая ам.долларын алдагдалтай болсон аж. Харин төлбөрийн тэнцэл энэ оны 4 дүгээр сард 10.8 сая ам.долларын ашигтай гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Шатахууныг монополь хэдэн компани биш, хэн ч импортолж оруулж ирэх боломжийг нээнэ DNN.mn

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Шатахууны импорт дээр шинэ зохицуулалт хийхээр хөдөлсөн гэж дууллаа. Зах зээлийн үнийн хувьд тогтворгүй байгаа. Ямар гарц зохицуулалт яригдчихав аа?

-Манайх хуулийн дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, шударга өрсөлдөөнийг дэмждэг, бий болгохын төлөө ажилладаг байгууллага. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг харахаар импортлогч компаниуд нэг газраас оруулж ирдэг, нэг төмөр замаар тээвэрлэдэг. Энэ нь үнийн чөлөөт өрсөлдөөн бий болгох боломж хязгаарлагдмал. Тиймээс энэ салбарт лицензтэй байх ямар шаардлага байна вэ гэдэг үндэслэл гарч ирж байгаа юм. Мэдээж бид энэ асуудлаар нэг өдөр бодоод ярьчихаж байгаа зүйл биш. Бодлогын судалгааг хийж байна. Эцсийн судалгааны дүн хараахан гараагүй байна. Дүн гарсны дараа бид Засгийн газар болон бодлогын яаманд саналаа хүргүүлнэ.

Ер нь энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Яахав, хэрэв тусгай зөвшөөрөл олгохгүй болчихвол хараа хяналтгүй болж, бүтээгдэхүүний чанар стандартын асуудал гэх мэтээр ярьж таарна. Гол нь судалгаагаар тусгай зөвшөөрөлгүй байх нь сөрөг үр дагаваргүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд саналаа хэлэлцүүлээд явна.

-Ямар хувилбарууд төлөвлөж байна вэ. Импортлогч компаниуд ОХУ-ын “Роснефть”-ээс шатахуунаа татдаг. Худалдан авагчаа олон болгох уу, импортлогчдоо нэмэх үү?

-Тусгай зөвшөөрөлгүй болж компаниуд өөрсдөө бизнесийнхээ зарчмаар оруулж ирдэг болчих юм бол дурын газраас авах боломжтой. Одоо ч гэсэн ингэж хэлдэг л дээ. Өрсөлдөөний орчин хязгаарлагдаагүй. 100 орчим аж ахуйн нэгжүүд лицензтэй байна гэх тайлбарыг мэргэжлийн яам болон бусад байгууллагууд ирүүлдэг. Яг судлаад үзэхээр тэр олон аж ахуйн нэгж нь 20, 30 болж үлддэг. Бүр цаашлаад тэдгээрийн зарим нь охин компаниуд болж, хоорондоо хамааралтай этгээдүүд болчихдог. Тэгэхээр энд чөлөөт өрсөлдөөн байх гэж харагдахгүй.

Түүнээс гадна “Роснефть”-ээс өөр газраас бензин шатахуун оруулж ирэхээр болдоггүй гэдэг. Энэ компаниуд урт хугацаандаа тухайн компанитай гэрээ байгуулчихсан, тэндээс аваад байдаг юм шиг байна. Гэтэл компаниуд хувийн хэрэгцээндээ юм уу худалдан борлуулахаар БНХАУ-аас болон ОХУ-ын наад талын захын хотуудаас авах боломж байгаа гэж харж байгаа. Дээр нь бензин шатахуун гэдэг бол мөнгөтэй компанийн хийдэг бизнес, тиймээс дурын хүн оруулж ирэх боломжгүй гэдэг яригддаг. Хэрэв бид лицензгүй болгочихвол ядаж л уул уурхайн томоохон компаниуд өөрсдийнхөө дотоодын хэрэгцээг шууд хангах боломж бүрдэнэ. Оюу толгой, Таван толгой гэх мэт. Бусад томоохон үйлдвэрүүд ч тэр, шууд өөрсдөө ОХУ, БНХАУ-тай гэрээ байгуулаад оруулаад ирэх юм бол тэдний үйл ажиллагааны зардал буурна. Тэр чинээгээрээ тэдний үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ багасна. Тэгэхээр энэ шинэ зохицуулалт зөвхөн хэрэглээний шатахуунаар тогтохгүй үйлдвэрлэл, эдийн засагтаа ч тодорхой ач холбогдол үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Шатахуун импортлогчдын лоббиг та тооцоолж үзсэн үү. Тэд тийм ч амар байраа тавиад өгчихгүй болов уу?

-Тэд ч өмнө нь лицензгүй байгаад тусгай зөвшөөрөлтэй болчихсон. Тусгай зөвшөөрөл нь 50 сая төгрөгийн хураамжтай юм байна. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани үйл ажиллагаа явуулаад тэр нь тодорхой үр дүнтэй биш байна гэдэг нь тодорхой байна. Үүнийгээ Засаг зохицуулж чадахгүй байна, зохицуулах боломжгүй байна. Нөхцөл байдал ч хүнд байна. Сая Засгийн газраас зохицуулах гэж нэлээд үзлээ. Онцгой албан татварыг нь тэглэлээ. Нэг түвшинд барих гэж үзлээ. Засгийн сайд нар хэлэлцээрүүд хийж байна. Тэгээд гарч байгаа үр дүн хангалттай биш. Гэтэл бензин шатахуун өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс энэ салбарт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна.

-Эмээлт дээрх махны асуудал томоохон дуулиан тарилаа. Танайх ажилласан. Юу болоод өнгөрөв. Нэг мөр шийдэлтэй хариуг төр засгаас олон нийтэд өгөөгүй байх шүү?

-Махны асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага болон лабораториуд ажилласан. Ямар үр дүн гарсныг тэдгээр байгууллагууд олон нийтэд мэдээлэх болов уу.

Манай хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс ажилласан. Гэтэл хэрэглэгч гэдэг субьект манай байгууллага, бидний мөрдлөг болгодог хуулин дээр тухайн бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгч рүү очсон юм уу, хэрэглэгчийн гар дээр ирсэн, Монгол Улсад борлуулж худалдаалахаар бэлтгэсэн байх юм бол хамаардаг. Гэтэл тухайн асуудал дээр дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахаар бэлтгэсэн байсан учраас манайд хамаарахгүй болж таарсан.

Гэхдээ үүний дараа Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Махны эрүүл ахуй, аюулгүй байдал, мах боловсруулах тал дээр анхаарах, илүү сайжруулах ёстой гэдэг асуудал яригдаж мал, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ, худалдан борлуулалтын техникийн зохицуулалт хийхийг Засгийн газраас даалгалаа. Энэ бол мах малчдын гар дээрээс хэрэглэгчдийн тавган дээр хүрэх хүртлээ эрүүл ахуйн ямар стандарт дарааллаар явах юм бэ гэдгийг зохицуулж өгөх техникийн зохицуулалт. Үүнийг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгож, мөрдүүл гэсэн үүргийг Шадар сайд холбогдох газруудад өгсөн. Муу зүйл сайн үр дагавартай гэдэг шиг сая өрнөсөн акцын үр дагавар гарч байна гэж ойлгож байгаа. Махны эрүүл, аюулгүй байдлын асуудал цэгцэрч байна гэсэн үг.

-Гэхдээ тухайн үед үйлдвэрт байсан махыг БНХАУ руу экспортлох зориулалттай байсан гэдэгт эргэлзээтэй байгаа. Сүүлийн гурван жил гадагшаа махны экспорт хийгдээгүй. Тэгэхээр энэ хугацаанд дотоодод нийлүүлж байсан юм биш үү гэх хардлага байна. Та бүхэн үүнийг эрх биш анхаарсан л байх?

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс яг л энэ ингэж хардаж шалгасан л даа. Гэхдээ шалгалтын дүнд үндэслэлгүй гэдэг тодорхой болсон. Учир нь хил гааль нээгдээд экспортын мах гарна гэдэг яриа гарснаар л тухайн үйлдвэрүүд махаа бэлтгэж эхэлсэн гэдэг нь тогтоогдсон. Ялангуяа дулааны аргаар болосвруулж байгаа ямааны махны өртөг гэхэд кг тутам нь 25-27 мянган төгрөг байсан.

Гэтэл манай дотоодод ямааны мах 8000-9000 төгрөгийн ханштай. Ийм ханштай махыг 28.000 төгрөгийн өртөг оруулж зарна гэдэг үндэслэлгүй. Түүнээс гадна Хятадын манайд тавьсан стандартын гэрээн дээр тэдэн градуст хөлдөөж хадгална гэснээс биш төдий хугацаанд хадгална гэсэн зүйл байгаагүй. Тэгээд л манайх бэлтгэсэн. Хил гааль хаагдсанаар махаа хөлдөөгчинд хадгалчихсан. Ингээд саяхнаас хил гааль нээгдэж, махны экспорт сэргэх шинжтэй болохоор бэлтгэж эхэлсэн юм байна. Дотоодод худалдаалагдаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.

– За ойлгомжтой. Нөөцийн махыг ч бас иймэрхүү байдлаар бэлтгэгддэг юм шиг нөхцөл байдал харагдаад явчихсан байх аа?

-Нөөцийн махан дээр хардах зүйл огт байхгүй. Зах дээр зарагдаж байгаа зоорины хөлдүү мах, нөөцийн мах хоёр яг ижил. Намар мал тарган, үнэ хямд байхад авч хадгалаад гүн хөлдөөгчинд хөлдөөн хавар гаргаж ирээд зарж байгаа л явдал. Нөөцийн гэдэг нэртэй л болохоос биш зооринд хадгалсан махнаас ялгаагүй.

-Хүнсний барааны үнийн өсөлт дээр танайх анхаарч байна уу. Нийгэмд бухимдал үүсгэж байгаа гол асуудлын нэг үнийн өсөлт болоод байна шүү дээ?

-Өнөөдөр /өчигдөр/ манайх хүнсний худалдааны бөөний төвүүд болон томоохон сүлжээ төвүүдийн эрхлэгчидтэй уулзлаа. Цагаан будаа, элсэн чихэр, есийн тос гэх мэт гол нэрийн барааны үнийн өсөлттэй холбоотой дүрэм журмыг танилцууллаа.

Импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ бодлогын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Энэ гэрээгээр гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа шүү дээ. Тийм учраас гэрээ байгуулснаас хойших хугацаанд аж ахуйн нэгжүүд үнэ өсгөхгүй байх ёстой. Энэ асуудлыг хүнсний худалдаа эрхлэгчдэд санууллаа. Мөн үнийн өсөлтийн цаана үгсэн хуйвалдах асуудал байгаа эсэхийг судалж байна.

Ер нь өнөөдрийн нөхцөл байдал бол захууд дээр бараа бүтээгдэхүүнийхээ үнэ ханшийг тодорхой тавьдаггүй. Энэ нь нэг талаас үнэ хаяг шошгыг тавих ёстой гэж хараад байдаг ч нөгөө талаасаа үнэ өсгөж байгаа өрсөлдөөний орчныг хяззгаарлаж байгаа хамгийн том асуудал. Та нэг зах руу орлоо гэхэд 10 худалдаачин зэрэгцээд суучихсан, барааны ижил үнэ тавьчихсан байвал хамгийн ойр, эсвэл хамгийн чанартайг нь харж байгаад аваад гарна. Гэтэл одоо бол бүгд үнэ тавьдаггүй, хүн очоод асуухад дурын үнэ хэлдэг. Иргэд маань зах бөөний төвүүд арай хямд гээд зорьж очиж худалдан авалт хийдэг. Гэтэл тэнд дураараа үнэ өсгөж тогтоогоод байвал эдийн засагт маш хортой.

Харин үнэ нь ил тод бол худалдаачид бараагаа хямдруулж эхэлнэ. Тэгж байж өрсөлдөөн үүсч, чөлөөт өрсөлдөөний орчин бий болно. Ийм орчныг заавал биелүүл гэдэг үүргийг өглөө. Хэрэв дараагийн удаа үнэ тавиагүй байвал шууд торгуулийн арга хэмжээ авна.

-Хамгийн сүүлд ариутгал нэрээр жолооч нараас мөнгө татдаг асуудал дээр танайх ажилласан гэсэн. Хэний ямар шийдвэрээр жолооч нараас мөнгө татдаг байсан хэрэг вэ?

-Манайд 22-ын товчооны цаана Эмээлт дээр Улаанбаатар хот руу орж ирж байгаа машинуудаас ариутгалын мөнгө гэж 1000 төгрөгийн хураамж аваад байна. Ариутгал нэртэй ч дугуй руу шүрсэн болоод л оруулаад байна гэх гомдол нэлээд их ирсэн. Нэг иргэн гэхэд гэр нь Эмээлтэд, ажил нь хотын төвд байдаг. Хот руу орж гарах бүрт хураамж төлдөг байсан гэх гомдол ч бий.

Би өөрөө Эмээлт дээр махны асуудлаар явж байхдаа ч харлаа. Ариутгагч манай машиныг ариутгаагүй, цайндаа орчихсон байж. Тэр хооронд нэлээд олон ачаатай, ачаагүй машин орж харагдана лээ. Ариутгагч нь хэзээ дуртай цагтаа гарч ирдэг юм байна. Гэтэл тэр хүнийг байхгүй байхад халдваргүйтэл хамаагүй болчихдог байж болохгүй.

Ингээд гомдлын дагуу шалгахад МЭЕГ-ын даргын ариутгал халдваргүйтэл хийх тушаалаар батлагдсан журамтай юм байна. Журамдаа мал болон малын гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа машиныг ариутгана гэсэн байсан. Гэтэл бүх машиныг ариутгадаг болж таарсан. Түүнээс гадна ХХААХҮ болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2021 онд баталсан халдвар хамгаалалтай холбоотойгоор ариутгал хийх журам байна. Малын гаралтай бараа бүтээгдэхүүн ачсан бараа, автомашиныг ариутгахдаа нэг м.кв-ыг 150 төгрөгөөр тооцно гэсэн байсан. Тэгэхээр жижиг тэрэг, том машиныг ариутгаж байгаа өртөг харилцан адилгүй гэсэн үг. Дээр нь ариутгалын зардлыг төр хариуцна гээд журамлачихсан. Ингээд улсаас гарах ёстой зардлыг иргэдийн халаасаас аваад байсан асуудал. Энэ бол шат шатандаа олон дүрэм журам зөрчсөн гэж үзсэн. Тиймээс МЭЕГ-т албан зөвлөмж хүргүүлээд байна. Хууль зөрчсөн албан тушаалтандаа хариуцлага тооцож, иргэдийг дахиж хохироохгүй байх талаар арга хэмжээ авахыг зөвлөсөн.

-Өрсөлдөөний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэв үү?

-Өрсөлдөөний тухай хуулинд орчин үеийн өөрчлөлтөд нийцсэн шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Түүнээс гадна Өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байхад үнийн өсөлттэй холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна л даа. Жишээ нь, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-т давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл 7.2 дээр нь хэт өндөр үнийг тогтоох тухай журмыг олон улсын тэргүүн жишгийг баримтлан Засгийн газар батална гэчихсэн. Харамсалтай нь хууль батлагдсан 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ журам нь батлагдаагүй. Яахав, тухайн үед төсөл боловсруулах оролдлого хийж байсан ч яваагүй. Тэгэхээр энэ журмыг зайлшгүй батлах шаардлагатай. Журам боловсруулах ажил үргэлжилж байна.

Сүүлд ломбардтай холбоотой гомдлууд олноор ирлээ. Ковидын тухай хуульд барьцаалан зээлдүүлэх байгууллагууд иргэдэд зээл олгохдоо гурван хувиас хэтрүүлэхгүй, алданги тооцохдоо 0.2 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалттай. Гэтэл ломбардууд энэ хуулийг дагаж мөрдөөгүй. Шалгалт хийхэд 3.5-8 хувь хүртэл хүүтэй зээл олгодог, алдангиа өндөр тооцдог гэх зэргээр зөрчлүүд илэрсэн. Үүнтэй холбоотой албан шаардлагууд хүргүүлсэн. Давтан зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авсан байгаа. Хэрэв зөрчлөө дахин гаргавал ломбардуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна.

Categories
мэдээ нийгэм

Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn

Тархины судас дотуурх мэс заслыг манай улсад 2014 оноос эхлэн амжилттай хийж байгаа билээ.

Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын их эмч, анагаах ухааны докторант Р.Ганбаатартай ярилцлаа.


-Юуны өмнө тархины судас дотуурх хагалгаа гэж яг юу болох талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Энэ нь тархины төрөлхийн болон олдмол гажгийг эмчлэх мэс ажилбар юм. Цус харвах, цаашилбал тархины эдийг гэмтээх эрсдэлийг зогсоодог эмчилгээний нэг арга гэж бас хэлж болно. Орчин үеийн анагаах ухааны ойлголтоор нээж ордог мэс засал биш. Өөрөөр хэлбэл, гавлын ясыг нээж хийдэггүй гэсэн үг. Гуяны, шууны том буюу өнгөц артерид гуурс оруулж зүрхний гол судсаар өгсөөд тархи руу орж дотор нь хийдэг бичил мэс засал л даа.

-Хамгийн түгээмэл тохиолддог тархины судасны эмгэг гэвэл?

-Тархины судасны аливаа эмгэгийн эцсийн үр дүн бол цус харваж нас барах явдал. Эсвэл насан туршийн тахир дутуу болгодог аюултай. Ер нь тархины судасны эмгэг үндсэн хоёр хэлбэртэй. Эхнийх нь гэвэл эмгэгээс үүдэн судас нимгэрч хагараад тархины эд рүү харвалт өгдөг. Нөгөөх нь судсанд тромб буюу бүлэн үүсч тархины судас бөглөрснөөр хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг. Ерөөсөө л судас хагарах, эс бөгөөс бөглөрөхөөс л тархины судасны эмгэг үүсдэг.

Манайд төдийгүй дэлхийн аль ч оронд хамгийн түгээмэл нь тархины судасны цүлхэн гэдэг өвчин. Энэ нь тархины судасны хаана ч илэрч болдог. Гэхдээ ихэвчлэн судасны салаалах хэсэгт тохиолддог юм. Нөгөөтэйгүүр, тархины артери, венийн судасны эмгэг сүлжээрэл гэж бий. Энэ нь төрөлхийн шинжтэй агаад тараагуур, хураагуур судаснуудын хооронд эмгэг холбоос үүссэнээс үүдэлтэй.

-Манай улсад тархины судасны цүлхэн өвчинтэй хүн хэр их байдаг бол?

-Энэ өвчний талаарх судалгаа олон улсад цөөнгүй хийгддэг. Дундаж статистик тооцоогоор бол манай улсад 60 мянга орчим хүн цүлхэн тээгч боловч түүнийгээ мэдэхгүй явж байх магадлалтай. Тэдгээрийн 10 орчим хувь нь тархины судас хагарч хүндэрсэн шатандаа эмнэлэгт ирдэг. Ер нь Монголд жилд 500 орчим хүн тархины судасны цүлхэн өвчний улмаас цус харвадаг гэж тооцоолж болох биз ээ.

-Энэ өвчний шалтгаан нь юу вэ?

-Тархины судсаар цус маш хүчтэй даралттайгаар урсдаг л даа. Тэгээд судасны ханыг дарж шахсаар нимгэрүүлж, эцэст нь үлээдэг агаарын бөмбөлөг шиг сунасаар байгаад хагардаг гэж зүйрлэн хэлж болно. Монголд жилд тархины судасны зөвхөн цүлхэнгийн нээлттэй мэс заслыг 300 орчим, үүнээс судсан дотроос 200 орчим хийж байна. Тэгвэл цаана нь 100 гаруй хүн эмч дээр ирэлгүй, хагалгаанд орж чадалгүй нас бардаг байж болох юм.

-Сүүлийн үед ковидын улмаас хүмүүсийн цус их өтгөрч харвалт өгдөг болсон гэх юм. Залуус цус харвах нь ихэссэн гэх юм?

-Ковид цусны бүлэгнэлтийг ихэсгэдэг нь тогтоогдсон. Бүлэгнэнэ гэдэг чинь цусны гүйдэл зогсоно гэсэн үг. Коронавирус түүнчлэн судасны ханыг гэмтээдэг. Иймээс ч чихрийн шижинтэй, даралт өндөр, цус харвах эрсдэлтэй хүмүүсийг цусан хураа үүсгэдэг эмгэгтэй болгоод байгаа юм. Ковидоос үүдэн голдуу судас бөглөрөх эмгэг ажиглагдах болсон.

-Цусны бүлэгнэлтийг ямар аргаар анагааж байна вэ?

-Бид тархины судсыг бөглөсөн бүлэнг судсан дотроос нь мэс засал хийгээд авдаг. Сүүлийн үед цус тархмал хэлбэрээр бөглөрөөд байгаа. Ганц бус нэлээд хэдэн судсыг зэрэг бөглөх явдал их тохиолдох болжээ. Иймд тухайн өвчтөнд нэн даруй арга хэмжээ авахгүй бол амь насыг нь алдах магадлал их. Учир нь бүлэн хайлуулах эмчилгээг 4-6 цагийн дотор хийх ёстой. Бүлэн авах эмчилгээ зургаан цаг, цаашлаад бүр 12 цаг ч үргэлжлэх нь бий. Захын судас бөглөрсөн, эмч бидний ярьдгаар коллатераль судаст бөглөрөл үүссэн бол 24 цагийн дотор тархи үхжээгүй бол бүлэнг авах боломжтой. Харин нэгэнт тархи үхжээд тархинд өөрчлөлт орсон бол найдвар бага. Учир нь бүлэнг авлаа ч тархи сэргэхгүй, үхэжсэн байдаг.

-Тархины судас дотуурх мэс заслын заалт нь юу байдаг бол?

-Амь насны заалт гэж бий. Өөрөөр хэлбэл, хүний амь насанд эрсдэл учирсан байх явдал. Судас нь хагарах, бөглөрөх гээд нарийссан хүмүүст мэс засал хийх шийдвэр гаргадаг.

-Ийм төрлийн хагалгааг өдөрт дунджаар хэдийг хийдэг вэ?

-Дэлхийд мэдрэлийн мэс заслын эмчилгээ хийдэг олон төв бий. Тэд өвчтөнүүдээ хуваагаад авчихдаг. Цус харваад юм уу, судас нь бөглөрөөд ирсэн бол хурц хэлбэр гэж үзээд хүний амь насыг аврах заалтаар мэс ажилбар хийдэг. Тиймэрхүү томоохон төвүүдэд өдөрт 5-6, харин жижиг эмнэлгүүдэд 2-3 хагалгаа хийдэг юм билээ.

-Харин манайд ямар бол?

-Манайд тархины судас дотуурх хагалгааг өдөрт 2-3 ч биш, түүнээс ч ихийг хийхэд хүрдэг юм. Учир нь манай улс ганцхан тийм төвтэй шүү дээ. Ийм төрлийн мэс ажилбар гүйцэтгэдэг гуравхан эмчтэй. Хүний нөөц хангалтгүй. Судас доторх бусад төрлийн хагалгааг бодвол тархины судас доторх мэс ажилбар хамгийн хүнд хэцүү нь. Маш олон өртөг өндөртэй багаж хэрэгсэл, материал шаардагддаг юм. Дээр нь ийм төрлийн мэс заслыг хийж сурахын тулд эмч нарыг дор хаяж 3-5 жил дагалдаж байж бие даан гүйцэтгэх боломжтой болдог. Миний хувьд энэ төрлийн мэс заслыг 10-аад жил хийж байна. Гэтэл цаашид сурах юм бишгүй. Тэгээд ч энэ салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжин дэвших болсныг хэлэх үү.

Нэмж хэлэхэд, ийм хагалгааг ганц хоёр хүн хийчихдэг юм биш. Бүхэл бүтэн баг ажилладаг. Унтуулгаар мэргэшсэн, сэхээн амьдруулахаар мэргэшсэн гээд олон эмч гар нийлэн ажиллаж байж мэс ажилбар амжилтад хүрдэг.

-Та ноднин жил Монголын тархины судас дотуурх мэс заслын нийгэмлэг санаачилж үүсгэн байгуулжээ. Нийгэмлэгийнхээ зорилгын талаар тодруулна уу?

-Ийм төрлийн мэс заслыг Монголд хэрхэн нутагшуулах, эмчилгээнийхээ үр дүнг иргэдэд яаж хүргэх, дэлхийн хөгжингүй цөөхөн хэдэн оронд хийдэг мэс ажилбарыг бид Монголдоо хэдийнэ амжилттай хийдэг болсноо энэхүү нийгэмлэгийг үүсгэн байгуулж таниулан мэдүүлэхийг хүссэн юм. Угаасаа манай улс энэ төрлийн мэс заслаараа хөгжингүй орнуудаас дутахгүй болсон шүү дээ. Тархины судас дотуурх мэс засал хийлгэхийн тулд гадаад явах шаардлагагүй болсныг мөн иргэддээ хүргэх гэсэн хэрэг. Одоогоор манай төв олон улсын судалгаанд оролцдог нэг төв нь болсон байгаа. Цаашид олон улсын сургалтын төв болгохоор ярьж ажиллаж байна.

-Тархины судас дотуурх хагалгаа нь дотроо олон аргатай. Тэдгээрийн нэг болох урсгал өөрчлөгдөх стент тавих хагалгааг шинээр нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Урсгал өөрчлөгдөх стент тавих хагалгаа улам бүр төгөлдөржин шинэчлэгдсээр байна. Эхэндээ энгийн хэлбэртэй байсан бол мэс заслын үед гарах эрсдэлийг багасган боловсронгуй болсоор бөглөрлөөс сэргийлэх бүрхүүлтэй болсон гээд улам нарийссан. Тархины судас дотуурх хагалгааг зарим оронд дөнгөж хийж эхэлж байгаа шүү дээ. Гэтэл бид зарим мэс заслуудыг Азидаа анх хийж байгаа. ОХУ, Германы тэргүүний мэргэжилтнүүд манайд ирж сургалт явуулсаар байна.

-Ийм нарийн мэс ажилбар мэдээж аль ч улсад өртөг өндөртэй. Манайд харин 100 хувь үнэ төлбөргүй болсон гэл үү?

-Тийм ээ. Төрөөс хамгийн сүүлийн үеийн үнэтэй тоног төхөөрөмжөөр хангадаг болчихлоо. Иймээс ч эхлээд тархины судас дотуурх хагалгааны 75 хувийг улс, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлдөг байсан бол өнгөрсөн гуравдугаар сараас 100 хувь төр даадаг болсон. Өмнө нь өвчтөний төлдөг тэр 25 хувь гэдэг чинь 15-20 сая төгрөг байлаа шүү дээ. Энэ бол маш том ололт.

-Тоног төхөөрөмж, аппаратын хувьд ч хангамж сайжирсан гэсэн?

-Анх АНУ-ын Мянганы сорилын сангийн санхүүжилтээр нэг аппарат авч байв. Харин одоо хамгийн сүүлийн үеийн гурван аппараттай болж, хангамж хүртээмж үнэхээр сайжирлаа.

-Аавыг тань мэс заслын эмч байсан гэж сонслоо?

-Аав маань бас мэс заслын эмч байсан л даа. Маш их ачаалалтай, амралтын өдөргүй ажилласаар 49 насандаа харвасан юм. Онош нь тархины судасны цүлхэн гэж гарсан. Тэр үед манай улсад шаардлагатай хагалгааг хийдэггүй байсан учир Москва явахаас өөр аргагүйд хүрсэн. Тэгэхэд би жаахан хүүхэд байлаа.

-Тэгээд хагалгаа амжилттай болсон уу?

-Тийм ээ. Тэгээд л би аавынхаа мэргэжлийг уламжилсан юм.

-Тархины судас дотуурх хагалгаа хийхэд хэр хүндрэлтэй вэ. Үйл явцыг нь товч боловч тайлбарлавал?

-Тархины хагалгаа хоёр төрөлтэй. Нээлттэй хагалгааг микроскопоор харж хийдэг. Харин судас дотуурх хагалгааг рентген гэрлээр нэвт гэрэлтүүлэх чадвартай тусгай аппаратын тусламжтайгаар хийдэг. Өнгөц харвал амархан мэт санагдах байх л даа. Мэдээж тийм биш. Наад зах нь гэхэд багаж хэрэгслээ зөв сонгохгүй бол тархины судсыг урна, гэмтээнэ.

Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж буйг дахин онцолмоор байна.

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн 833 автомашиныг хилийн боомтоор нэвтрүүлэв DNN.mn

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор өчигдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ.

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарсныг УУХҮЯ мэдээлэв.

Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бямбадорж: Үндсэн хуулиас гадуур зэрлэг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцнэ DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт(ҮХНӨ)-ийг явуулахтай холбогдуулан УИХ-ын чуулган энэ долоо хоногт завсарласан билээ. Ард иргэд Үндсэн хуулийг өөрчлөхөд ямар байр суурьтай байгаа зэрэг саналыг нь авахаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тэгвэл энэ цаг үед АИХ-ын депутатууд ҮХНӨ-ийг эрс эсэргүүцэж, Цэцэд гомдол гаргав. Тэдний нэг Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Та бүхэн яагаад ҮХНӨ-ийг эсэргүүцэх болов?

-УИХ сая 34 дүгээр тогтоол гэж баталсан байна. Энэ тогтоолын дагуу парламент завсарлаад гишүүд тойрогтоо ажиллаж байгаа юм билээ. Үнэндээ тэр тогтоолын учрыг сайн олохгүй байна. ҮХНӨ-ийг хийнэ гэж яриад байх юм. Ямар төсөл гаргасан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, бэлэн төсөл байхгүй. ҮХНӨ оруулах дөрвөн чиглэл гээд нэг юм гаргасан харагдана лээ. Тиймээс энэ тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ардын их хурлын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан сансрын нисгэгч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа бид дөрөв Цэцэд хандсан юм.

Дээр дурдсан УИХ-ын 34 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

-Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг эрх баригч нам гурван жилийн өмнө орон даяар ард нийтийн санал асуулга явуулж нэлээд нухацтай сайн хэлэлцэж баталасан шүү дээ. Энэ удаад УИХ-ын тогтоол гаргасан нь хуулийн ямар заалтуудыг зөрчиж байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан байгаа. Гэтэл ҮХНӨ хийнэ гэж яриад байгаа хуулийн заалтаа нарийвчлан боловсруулаагүй байж, тодорхойгүй, ямар ч шалгуургүй зүйлээр иргэдийн санал авах гээч үйл ажиллагааг энэ сарын 18-26-ны өдрийг дуустал явуулахаар болж, шууд хэрэгжүүлж иргэдийг төөрөгдүүлсэн ажлаа эхэллээ.

Зүй нь хуулиа ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол хуулийн төслөө биччихээд явуулах ёстой. Гэтэл хүмүүсийн тархи угаасан үйлдлийг хийж байгааг нь эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, мөн хуулийн “3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Ковидын хууль энэ оныг дуустал хүчинтэй байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд явж байж болохгүй ээ. Гуравдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

-Та бол Үндсэн хуулийн Цэцийн дарга байсан хүн. Тэгэхээр Цэц уг асуудлыг яаж шийдэх бол?

-Цэцийн гишүүд битгий хэл жирийн хуульчид, иргэд хүртэл “УИХ-ын 34 дүгээр тогтоол ноцтой юм болжээ” гэж харагдахаар хуулийн заалтыг өнөөдрийн үйл ажиллагаатай нь холбогдуулж тавьсан байгаа. Төслөө боловсруулаад ард нийтээр хэлэлцүүлэх ёстой. Ямар ч шалгуур байхгүй. Тэгсэн хэрнээ гишүүд уулзалт хийгээд яваад байгаа биз дээ. Хичнээн хүн оролцов, ямар санал гаргав, хэдэн хувь нь дэмжиж байх юм, хэдэн хувь нь дэмжихгүй байна гэдгийг гаргах ямар ч шалгуур байхгүй. Зүгээр л олон нийтийн тархийг угаах гэсэн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол заавал төслөө боловсруулах ёстой юм шүү. Түүнээс битүү юм тавьчихаад хууль зөрчиж байна. Энэ бол ҮХНӨ оруулахыг завдсан, хуйвалдаан хийсэн гэдэг нь тов тодорхой. Тэгээд ч хуулийн заалтаас Үндсэн хуульд халдсан үйлдэл гэж үзэхээр харагдаж байгаа.

-Үндсэн хуулийн Цэц эрх баригчдын гар, хөл болсон гэж шүүмжлэх нь элбэг. Тэгэхээр та бүхний гомдлыг хэлэлцэхгүй бол яах вэ?

-Хэлэлцэнэ. Хэлэлцүүлнэ бид нар. Ямар шийдвэр гаргах нь тэдний мэдлийн асуудал учраас урьдчилж шүүмжилж ярих эрх байхгүй, харъя.

-Наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж ҮХНӨ-ийг хэлэлцэх нь нэгэнт тодорхой болчихсон юм билээ?

-ҮХНӨ оруулах журмын тухай хуулийг өөрчилж байж цааш явах ёстой. Тэгэхээр нөхцөл байдалд тааруулж хууль өөрчлөхийг дэлхийн ардчилсан битгий хэл ардчилсан бус орнууд хүлээн зөвшөөрдөггүй юм. Ганц жишээ хэлье. Филлипин цаазаар авах ялыг халаад НҮБ-д бүртгүүлсэн. Ийм байтал одоогийн ерөнхийлөгч Родриго Дутерте буцаад Үндсэн хуулиндаа оруулах гэснийг дэлхий нийт эсэргүүцсэн. Яагаад гэвэл нөхцөл байдалд тааруулж хууль өөрчлөхийг, гаргахыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөггүй. Үүн шиг зэрлэг юм байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд тааруулаад хууль гаргаад байх юм бол юу болох вэ. Муу хэлдэг социализмын үед ч ийм байгаагүй шүү.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийн тулд ҮХНӨ оруулах шаардлагатай гэж яриад байгаа?

-Миний бие 1990, 1992 оны сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг бас л нөхөдтэйгөө хамтарч, боловсруулж, бичиж, батлуулсан. Одоо ҮХНӨ оруулна гэж эдний ярьж байгаа асуудал бол зүгээр л хувийн эрх ашиг юм шүү. Дараагийн сонгуульд яаж сонгогдох уу гэдгээ л ярьж байна. Өөр бодож байгаа юм алга, тэдэнд. Энэ ядуурал, ажилгүйдэл, авлига хээл, хахууль гээд бүх зүйл Үндсэн хуулиас болж байгаа мэтээр ярьж байна. Ёстой гайгүй байлгүй. Үндсэн хуулийг чинь зохиож бичээгүй юм. Дэлхийн жишиг байна. Тэр дундаа Ром, Германы систем гэж байдаг. Маш олон орон их газрын системийг Үндсэн хуульдаа чиглэл болгосон байдаг юм. Бид ч тэгсэн. Тийм ч учраас 1992 оноос хойш Герман, ардчилсан орнууд Монгол Улсын эрх зүйн тогтолцоог шинэчлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн. Германы олон сан их ч хөрөнгө гаргасан даа. Өндөр хөгжилтэй Япон орон хүртэл Германы системээр Үндсэн хуулиа баталсан.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээд олон хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатай юм билээ. Тэдгээр заавал суурь хуультайгаа уялдаж байх ёстой учраас ҮХНӨ оруулах гээд байгаа юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Тэр бол зөвхөн шалтаг. Харин шалтгаан биш. Үндсэн хууль бол хамгийн ерөнхий зүйлийг заадаг. Тэр дотор нь нийцүүлээд ерөнхий зүйл нь зарчим байдаг. Нэг ёсны том хашааг нь хийж өгч байгаа юм. Хашаан дотроо юугаа хийх нь УИХ, Засгийн газрын эрх мэдлийн асуудал. Харин хашаанаас гарч болохгүй. Тэгвэл зарчмаа зөрчинө гэсэн үг.

-Эрх баригч нам заавал ҮХНӨ оруулах гээд зүтгээд байгаа нь олон нийтэд бас хардлага төрүүлж байна. Одоо байгаа сонгуулийн тогтолцоогоороо явбал тэд бүрэн ялах боломжтой. Гэхдээ дандаа өөрсдөө ялаад баймааргүй байна, бусад намтай хамтарч, хүчтэй сөрөг хүчинтэй төр баймаар байна гэсэн маягтай тайлбар хийж байгаа харагдах юм. МАН том юманд унах гээд ингэж ҮХНӨ-ийг яаравчлаад байна уу гэж ярих хүмүүс ч байна лээ. Харин та улс төрийн өнцгөөс нь юу гэж харж байна вэ?

-Би хуульч хүний хувьд мэргэжлийн талаас нь яримаар байна. Үндсэн хуулийг боловсруулах ажилд эхний өдрөөс нь оролцож батлуулсан хүний хувьд, үүнээс хойш УБХ, УИХ-ын анхны хурлаас өгсүүлээд суурь хуулиудыг анх гаргалцсан хүний хувьд хэлэхэд өнөөдөр ҮХНӨ оруулах ямар ч шаардлага байхгүй. Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар тайлбарлахад фундамент нь. Байшин барьчихаад суурь нь буруу болжээ гээд хөндөөд байвал нурна даа. Тэрнээс хойд талын фундаментыг нь нураагаад урд тал нь хэвээрээ байж байг гэвэл тэр ямар байшин болох уу. Дэлхийн жишигт Үндсэн хууль тогтвортой байх зарчим байдаг юм. Дэлхийн анхны Үндсэн хууль АНУ-д 1787 онд батлагдаж байсан. Өнөөдрийг хүртэл 230 гаруй жилийн хугацаанд 26-хан удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг юм. Тэр нэмэлт, өөрчлөлт гэдэг нь бараг л ганц заалт байдаг. Дээр нь дэлхийн II дайны дараа өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь Үндсэн хуулиа шинэчилсэн. Үүнээс хойш Үндсэн хуулиа эрэмдэглэж, зэрэмдэглэсэн улс бараг байхгүй. 1960-аад оноос эхлээд дэлхийн колонийн систем задарсан. Колонид байсан орнууд ч Үндсэн хуулиа баталсан. Бас өнөөдрийг хүртэл сүртэй өөрчлөлт хийгээгүй байгаа. Үндсэн хуулиа тогтвортой мөрдөх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг Үндсэн хуулиас болж байгаа гэж тайлбарлаж, олны толгойг угаадгаа боль гэж хэлмээр байна. Ер нь их л сонин байна даа.

-АИХ-ын депутатууд ҮХНӨ-ийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэл үү?

-Үндсэн хууль баталсан АИХ-ын зарим депутатууд өлсгөлөн зарлах тухай яриа гаргасан юм билээ. Харин манай Ж.Гомбожав гуай “Та нар тайван бай. Байдлыг харах ёстой” гэж тайвшруулсан гэсэн. Ер нь хууль бус Үндсэн хуулиас гадуур зэрлэг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, мөнгөөр жагсдаг улсуудаас өөр байдлаар хандана шүү гэдгийг хаахаанаа бодох ёстой.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 121 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1801 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1468, хулгайтай холбоотой 21, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 82, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 166, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 116, хүний биед халдсан 87, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 127, эрүүлжүүлэх байранд хоносон 121 оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 73 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймагт өнөөдрөөс мал аж ахуйн тооллого эхэлнэ DNN.mn

Хөдөө аж ахуйн 2022 оны тооллого тавдугаар сарын 21-нд эхэлсэн. Тэгвэл хөдөө аж ахуйн 2022 оны тооллого өнөөдрөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдах юм байна.

Тооллогод

1. Мал аж ахуй

2. Газар тариалан

3. Ойн аж ахуй

4. Ан агнуур

5. Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.

Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцох юм. Мөн дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дилов хутагт Данзанламэд: Бэрхшээл болгоныг зовлон гэж хүлээж авсаар байвал зовлон үргэлж байсаар л байна DNN.mn

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан “Na­maste Yoga school Mongolia”-гийн хамт олны урилгаар Дилов хутагт Данзанламэд бясалгалын хичээл заасан юм. Уг хичээлийн үеэр хутагтын айлдсан сургаал, номоос түүвэрлэн хүргэж байна. Тэрээр энэ удаад шашны гэх тодотголоос татгалзаж, энгийн үг хэллэг, амьдралд байдаг энгийн жишээнүүдээс эш татаж сургаал айлдсанаараа онцлогтой байлаа.

※ Бидний эерэг сэтгэл хөдлөлүүд хоорондоо уялдаа холбоотой, нэг нэгнээсээ шүтэлцэж гардаг. Жишээлбэл, би таныг хайрладаг бол танд элэгсэг дотно бус хандаж чадахгүй. Би танд сайхан ханддаг мөртлөө халамж тавихгүй бол болохгүй. Яагаад вэ гэвэл энэ хоёр чинь хоорондоо уялдахгүй болчихож байгаа юм. Танд энэрэнгүй сэтгэлээр ханддаг гэдэг мөртлөө “Би танд өнөөдөр санаа тавьж чадахгүй нь ээ” гэж хэлж болохгүй. Хүний сэтгэлд эхлээд асрал хайр төрнө. Асрал хайр төрснөөр тэр хүн бусдад элэгсэг дотно хандана. Элэгсэг дотно хандсаны дараа тэр хүнээ жинхэнээсээ энэрч нигүүлсэнэ. Яг үүнтэй адилхан бидний муу сэтгэлүүд ч хоорондоо холбоотой. Уур хилэн, шунал, тачаал, атаа хорсол бүгд уялддаг. Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэлтэй байлаа. Залуус тэр бүсгүйг хоёулаа л өөрийн болгох хүсэлтэй. Бүсгүйг романтик болзоо, лааны гэрэлд зоог барья гэж урина. Түүнийг ингэж урьж байна гэдэг бол өөрийн болгох гэж байгаа юм. Энэ бол цаанаа хувиа бодож байгаа хэрэг. Өөрийн болгох гэсэн хүслээс нь шунал төрнө. Бүсгүй хоёр залуугаас арай боломжтой, мөнгөтэйг нь сонголоо. Түүнтэй гэрлэвэл амьдралын баталгаатай юм шиг, баталгаатай сайхан амьдрах байх гэсэн бодол төрж байж болно. Ийм шалтгаанаар түүнийг сонголоо гэж бодъё. Үүнийг өнөө сонгогдоогүй залуу олж мэдвэл атаархаж эхэлнэ. Хардана. “Би энэ бүсгүйг өөрийн болгох гэж байтал яагаад энэ авчихав” гээд атаархана, магадгүй тэр хоёр залуу маргалдана. Хэн хэн нь уурлана. Хүн их уурлавал тухайн агшинд өөрийгөө хянаж чадахаа больдог. Хяналтаа алдвал тэр хүн юу ч хийж магадгүй болно. Уурласнаасаа болоод тэр хоёр залуугийн нэг нь хутга шөвөг гаргаж ч мэднэ. Ингэж тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс болоод хэрэг түвэг хийгээд шоронд ч орчихож магадгүй. Шоронд орсон хойноо “Би тэр үед тийм муу үйл хийдэггүй байж” гэж хичнээн харамсавч бүх юм өнгөрчихсөн байх болно. Цаг хугацааг ухраах боломжгүй. Тийм учраас сэтгэл оюунаа хөгжүүлэх боломж байгаа дээр нь бид өөрийнхөө сэтгэлийг дандаа ухаж, төнхөж түүнийгээ засч залруулахын төлөө хичээх хэрэгтэй байна.

※Шинжлэх бясалгалыг хийснээр сэтгэлийн хөдөлгөөнүүдээ захирч, жолоодож сурах гээд байгаа юм. Би сэтгэлийнхээ хөдөлгөөний эрхэнд автах бус тэднийг өөрөө удирдаж жолооддог сэтгэлийнхээ эзэн нь байхын тулд шинжлэх бясалгалыг хийдэг.

Бидний олонх нь маш их юм уншдаг. Гоё шүлэг, ном, зохиол, бүтээл, гүн ухаан, философичдын хэлсэн үг, шинжлэх ухааны эшлэлийг уншдаг. Гэхдээ уншсан тэр зүйлээ өөртөө тусгаж аваад амьдралдаа хэрэгжүүлж авъя гэж боддог үе цөөхөн байна. Бид гар утсаараа интернэтэд орж байхдаа мэргэн цэцэн үг таарвал “Гоё үг байна” гээд л гүйлгээд орхичихдог. Тэр үгийг гоё гэж бодож байгаа бодол хоромхон зуур төрдөг. Тэгээд дараагийн агшинд өөр зүйл бидний сэтгэлийг эзэмдчихдэг. Утасныхаа дэлгэцийг гүйлгэж байтал өөр гоё үг гараад ирэхээр “Өө энэ ямар гоё үг вэ” гээд л хэлээд өнгөрдөг. Тэгсэн хэрнээ маргааш нь ажил дээрээ очно. Нөгөө л сэтгэлийн хямрал нь дагаастай, стресстэй, ууртай хэвээрээ л байдаг. Би та нартай л адилхан хүн шүү дээ. Надтай уулзах гэж өдөрт маш олон хүн ирдэг. Тэр хүмүүс тус тусын асуудлаа бүгдээрээ л надад ярьдаг. “Би эхнэр авахгүй оройтчихлоо”, “Би хүүхэд гаргахгүй оройтчихлоо”, “Би хүүхэд гаргаж чадах болов уу”, “Миний ажил бүтэлгүй байна”, “Би санхүүгийн уналтад орлоо” гэж хүмүүс надад зовлонгоо их ярьдаг. Олон хүний зовлонг сонсоно гэдэг сайхан зүйл мөн үү. Тэр зовлонгуудыг сонсоод би сэтгэлийн баяр баясгалан эдлэхгүй шүү дээ. Гэхдээ үүнд ялгаа байгаа. Агаарын хэм өөрчлөгдсөнөөс болж толгой минь өвдөж байгаа л даа. Өнөө өглөө толгой өвдлөө гээд 60, 70 хүнтэй уулзах уулзалтаа цуцалж, өөрийгөө бодож болох байлаа. Гэхдээ олон хүн надтай уулзана гэснийг бодоод миний дотоод сэтгэлд энэрэл нигүүлсэл төрсөн байна. Тэр энэрэл нигүүлслийн хүчээр би орноосоо босоод энд хүрээд ирсэн. Хэрвээ бусдын зовлонг сонсохгүй гэж зугтаад, толгой өвдөөд байна гээд та нараас холдсон бол бас нэг сайхан зүйлээ би алдах байсан байх аа. Хэрвээ та бүхэн миний ярианаас ямар нэгэн урам зориг авсан бол, ямар нэг сайн сайхан зүйлийг олж сонсоод тэрэндээ та бүхэн баярлаад түүнийгээ надад хэлбэл миний толгой өвдөж буй, ядардаг, бусдын зовлонгоос зугтдаг зовуурьтай зүйл алга болоод миний сэтгэлд амар амгалан төрдөг юм аа. Энэрэл нигүүлслийг төрүүлж, хүмүүстэй уулзаж хамтарснаар би өөрөө тэрнээс ач тусыг нь хүртээд байгаа юм. Тийм учраас би өөрийнхөө тусыг бодсон ч гэсэн хүмүүст сайхан сэтгэлээр хандах нь өөрт хийгээд өрөөлд туслаад байгаа юм.

Бидний амьдарч буй цаг хугацаанд асуудал, зовлон бэрхшээл их байна даа гэж боддог хүн хэр олон байна вэ? (Бясалгалд хүрэлцэн ирсэн хүмүүсээс асуув). Амьдрал хэцүү юм аа гэж бодож байгаа хүн байвал гараа өргөөрэй. (Хүмүүс гараа өргөв). Асуудал бэрхшээл байгаа. Асуудал бэрхшээл, зовлон байгаагүй үе гэж хүн төрөлхтний түүхэнд байгаа болов уу? Ядаж тийм арван жил байгаа болов уу. Асуудал бэрхшээлгүй тийм зуун хүн төрөлхтний эрин зуун, түүхэнд байсан болов уу? Тийм эрин зуун байсан бол та бүхэн хэлээрэй. Хүн төрөлхтний эртнээс өнөөдрийг хүртэлх түүхэнд үргэлж ямар нэг асуудал, бэрхшээл, зовлон зүдгүүр байсаар ирсэн. Одоо ч байгаа, ирээдүйд ч байна гэж хэлэхэд харамсалтай ч ирээдүйд байх болно. Хэрвээ бид тэрийг сэтгэлдээ зовлон гэж хүлээж авч бодсоор байвал зовлон үргэлж байсаар л байна. Бид амьдралд болж байгаа, муу муухай бүхэн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлчихдэг. Тэрнээсээ болоод хажуудаа байгаа сайн сайхан зүйлсээс таашаал авч чаддаггүй бэрхшээл дээрээ төвлөрчихдөг. Мөн бид хэтэрхий өөр рүүгээ хандаад хувиа хичээгээд өөрийгөө бодоод байхаар бүр их зовлонтой болоод байдаг. Хувиа хичээгээд өөрийгөө л бодоод байвал юм юмнаас айдаг, “Би ингэчих вий, тэгчих вий” гэдэг айдастай болчихдог. Айдастай байгаад байвал өөртөө итгэх итгэлгүй болдог. Итгэлгүй, түгшүүртэй удвал өөрт байгаа маш олон боломжуудыг алддаг. Алхам алхмаар маш олон зүйлээ алддаг.

Найз бүсгүй чинь хэн нэгэн рүү “Чи одоо юу хийж байна” гэж мессэж бичлээ гэж бодъё. Өөр хүн рүү ингэж мессэж бичсэнийг нь харангуут юмыг сөргөөр боддог сэтгэл оюун тэр чигээрээ “Яахаараа өөр хүн рүү ингэж бичээд байгаа юм бол оо, энэ чинь зөвхөн минийх байх ёстой. Өөр хүнтэй харьцах ёсгүй, намайг хуураад байна уу, яагаад байна” гээд хямарч эхэлдэг. Энэ бол өнөө өөрийн болгох гэсэн шунал хүслээсээ болоод уурлаад байгаа юм. Гэтэл найз бүсгүй нь өөр хүн рүү санаа тавьсан ч юм уу, сайхан хандлагаар тэгж асуусан байж болно. Гэтэл явцуу сэтгэл оюун нь шунал хүсэлдээ автаад “Энэ яагаад өөр хүнтэй харьцдаг юм бэ” гээд уурлачихдаг. Хэрвээ өргөн талаас нь харвал сэтгэл оюун тийм байх ёсгүй, илүү уужуу байх байсан. Газтай болон жирийн цэвэр ус байлаа. Би газтай усанд дуртай байлаа. Гэтэл газтай ус дуусаад савтай жирийн ус үлджээ. Би “Энд яагаад газтай ус тавьчихсангүй вэ” гээд уурлаад хямраад байвал аяндаа бие тавгүйтнэ. “Газтай ус дууссан бол жирийн ус уучихъя даа” гэвэл өөрийнхөө сэтгэлийг тайвшруулж байна, тэнцвэржүүлж байна, амьдрал баланстай болж байна гэсэн үг. Энэ байдлаар бид өөрийнхөө дотоод сэтгэлийг муу тал руугаа хэвийгээд байвал “Өө яахав, өнөөдөр олдсон ус нь энэ юм чинь” гээд байгааг нь хүртээд сэтгэлээ тайван болгож байгаа юм.

Хэрвээ хэн нэгнийг хардаад зөвхөн минийх байх ёстой гээд уурлаад уцаарлаад хямраад эхэлбэл би ганцаараа хохирохгүй, тэр хүн хохирохгүй. Бид хоёулаа л хохирно. Тийм учраас бидэнд сэтгэлийн тэнцвэр хэрэгтэй юм аа.

Бид өөрсдийгөө эерэг талаас нь харах хэрэгтэй. Надад ийм эрдэм боловсрол байна, би энийг чадна, надад ийм авьяас байгаа гэж өөрийгөө маш сайхан өөдрөгөөр зөв талаас нь бодож байх хэрэгтэй. Би үүнийг чадна, надад ийм боломж байна гэж өөрийгөө зөв талаас нь сайхан бодоорой. Гэхдээ өөрийгөө бодохдоо тодорхой хэмжээгээр шүүлтүүр тавих хэрэгтэй. Хэдийгээр надад үүнийг хийх чадвар, боломж байлаа гээд би бүгдийг чаддаг хүн байх албагүй гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүнд олон авьяас байж болно. Тэр болгоныг бүгдийг нь амьдралд хэрэгжүүлэх боломжгүй. Тийм учраас өөрийнхөө боломжийг бодитойгоор үнэлээд “Би энэ ажлыг хийж чадна, энийг нь хийж чадахгүй, надад ийм боломж байгаа” гээд бодитойгоор үнэлбэл өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавиад өөрийгөө зовоохоо болино оо. Бид өөрсдөдөө үнэн, бодитой хандах хэрэгтэй.

Mindfulness гэдэг үг моодонд ороод байна. Mind­fulness буюу дурдлыг ойр агуулахуй гэдэг нь өөрийнхөө бодол санааг хянахыг хэлж байгаа юм. Өөрийнхөө үг хэл, үйлдлийг анзаарч ажиглахыг дурдах гэж байгаа юм. Үг хэл, бодол санаа, үйлдлийг дурдана гэдэг нь бүх зүйлдээ анхааралтай байхыг хэлдэг. Түүнээс биш “Энэ хүн хоол идмээр байгаа юм байна. Энэ хүнд хоол өгье” гэдэг бол тухайн хүнд анхаарч, дурдаж байгаа гэсэн үг биш. Тэр хүний хүслийг биелүүлж байгаа минь анхааралтай, дурдалтай байгаа гэсэн үг биш юм аа. Mind бол сэтгэл, fulness бол дүүрэн байх. Mindfulness бол сэтгэл оюун дүүрэн байх, сайн сайхан юмаар сэтгэлээ дүүрэн байлгахыг хэлж байгаа юм. Эерэг зүйлээр дүүрэн байх, сайхан сэтгэлээр дүүрэн байх, өгөөмөр байхыг хэлж байна.

Дилов хутагт бясалгалд оролцогчдын дундаас нэгэн залууд хандан:

-Таныг хэн гэдэг вэ?

-Хишгээ.

-Би танд хайртай (бясалгалд оролцогчид инээлдэв). Анх удаа танилцсан танихгүй хүндээ “I love you” (Би танд хайртай) гэж хэлбэл тэр хүн дургүйцэх байх, эгдүүцэх байх, бас гайхах байх даа. Яагаад вэ гэвэл хүмүүсийн хайр гэдэг үг чинь хязгаарлагдмал байдаг юм байна. Бид хайрлахдаа эхлээд эхнэр нөхрөө, үр хүүхдээ хайрладаг, тэгснээ аав ээжийгээ хайрладаг гээд хайрлах хүмүүсийн хүрээ холдох хэрээр бидний хайр багасч байдаг. Эхлээд гэр бүл, дараа нь ах дүүсээ, найз нөхөд, тэгээд танихгүй хүмүүс гэхээр өнөө хязгаарлагдмал хайр нь хүрч очдоггүй. Энүүхэн хүрээндээ л хүмүүсийн хайр байдаг. Танихгүй хүнд хайртай гэж хэлбэл гайхдаг. Яагаад вэ гэвэл бид хайрыг романтик хайраар төсөөлдөг. Валентины баяраар цэцэг, шоколад бариад хайраа илчлэхийг л хайр гэж ойлгоод байдаг. Гэтэл хайр гэдэг чинь романтик, заавал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн л хооронд байх зүйл биш юм аа. Хайр бол хил хязгааргүй, хүрээгүй байх ёстой. Гэтэл бид хайрыг маш богино хүрээнд ойлгодог учраас хэн нэгэн гадны хүн “Би танд хайртай” гэнгүүт эгдүүцдэг, дүргүйцдэг, гайхдаг. Уг нь хайр бол цаглашгүй, өргөн уудам байх ёстой.

Би Хишгээд “Би танд хайртай” гэж хэлэхээ больё л доо. Түүн дээр очоод “Би танд элэгсэг сайхан ханддаг шүү” гэвэл “Би танд хайртай” гэснийг бодвол хамаагүй гайгүй хүлээж авна. Яагаад вэ гэвэл “Би танд элэгсэг ханддаг” гэдэг үг “Хайр” гэдэг үгнээс тусдаа. Тэгээд “Би таныг энэрч нигүүлсдэг ээ” гэвэл Хишгээ бүр сайхан хүлээж авна. “Хутагт намайг энэрч нигүүлсдэг юм байна” гэнгүүт нэг их сайхан хүний нөмөрт орж байгаа юм шиг, хүний сайхан сэтгэлийг бодоод гоё болно. Гэтэл уг нь би энэ хүнийг хайрлахгүйгээр элэгсэг сайхан хандаж чадахгүй. Элэгсэг хандахгүйгээр энэ хүнд би энэрэнгүй хандаж чадахгүй. Хамгийн түрүүнд хайр, love эхэлдэг. Гэтэл бид хайрыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хооронд байдаг романтик харилцаагаар төсөөлчихөөд хайрынхаа хүрээг багасгачихаад байгаа юм. Яагаад би энгийн, огт танихгүй хүнээ хайрлаж болохгүй гэж. Бүх хүнийг хайрлаж болно. Хайр гэдэг нь элэгсэг дотно хандах, энэрэл нигүүлсэлтэй байхын уг, анхны шат нь юм.