Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Нарны тосоо тогтмол хэрэглээрэй DNN.mn

Нарны тосыг тогтмол хэрэглэх шаардлагатай гэдгийг зарим хүн мэддэггүй. Мэдсэн ч хэрэглээг нь тогтмол болгодоггүй. Эсвэл зөвхөн охид, бүсгүйчүүдийн хэрэглээ мэтээр андуурах тохиолдол бий. Тэгвэл юун түрүүн нарны тос бүх нас,хүйснийхний тогтмол хэрэглээ байх ёстой гэдгийг хэлье.

Арьсны хавдар үүсгэдэг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэсэн хоёр төрөл байдаг. Энэхүү хэт ягаан туяа нь дэлхийн цаг агаар, янз бүрийн бохирдлоос болж хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх нь улам нэмэгдсээр байна. UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас ч нэвтэлж, хор учруулах чадвартай байдгийг эрдэмтэд нотолсон байна. Эдгээр туяаны нөлөө тэр дороо гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх олон шалтгааны нэг гол шалтгаан энэхүү туяанаас болдог аж.

Эцэст нь нарны тосон дээр байрлах SPF-ийн тэмдэглэгээ ямар учиртай талаарх зөвөлгөөг хүргэе.Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Fac­tor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртсдаг юм шүү. Нарны тосоо тогтмол хэрэглэж арьсаа хамгаалаарай.

Categories
мэдээ нийгэм

​Т.Тэнгэс: Оюу толгойн гүний уурхайн барилга угсралтад дэлхийн хэмжээнд хамгийн сүүлий үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна DNN.mn


Бидний аялал цааш үргэлжилсээр аварга том бутлуурын системийн хажууд ирэв. Оюу толгойн гүний уурхайн төлөвлөгөө нь олон жилийн геологи, геофизикийн судалгаанд үндэслэгдэн 2005 онд эхэлсэн түүхтэй гэдгийг Гүний уурхайн барилгын хэлтсийн механикийн ахлах инженер Т.Тэнгэс хэлж байв.Оюу толгой компани газрын гүнд дор хаяж 700 метрийн гүнд орших Хюго дамметын хүдрийн биетийг олборлох бөгөөд энэхүү хүдрийн биет нь 2.5 км урт, 300 метрийн өргөнтэй хэмээн судалгаагаар тогтоогджээ. Тус хүдрийн биетийг блокчлон олборлох арга хэмээн нэрлэгддэг бүрэн механикжсан олборлолтын аргыг ашиглан гарган авах юм. Рио Тинто компанийн хувьд блокчлон олборлох аргыг эзэмшсэн дэлхийн цөөн компаниудын нэг. Тийм учраас тус гүний уурхайд ажиллаж байгаа ажилтан нэг бүр мэргэжлийн өндөр ур чадвартай гэдгийг Т.Тэнгэс онцоллоо. Хүдэр буулгуурыг огтлогч болон олборлолтын түвшин хооронд тэсэлснээр хүдэр олборлолтын түвшинд ийнхүү юүлэгддэг байна. Олборлолтын түвшинд ажиллах хутгуурт ачигч, бууж ирсэн хүдрийг тээврийн түвшин рүү хүдэр дамжуулах босоо малталтаар буулгах нь. Тээврийн түвшинд хүдрийг хүнд даацын авто машинд ачиж, гар бөмбөгийн хэмжээтэй болтол нь буталдаг анхдагч бутлуур руу тээвэрлэх аж. Ийнхүү бутлагдсан хүдэр туузан дамжуургаар явсаар газрын гадаргад хүрэх юм байна. Тус туузан дамжуурга нь газрын гадаргуу дээрх одоо ашиглагдаж буй туузан дамжуургатай нийлж, гүний болон ил уурхайгаас олборлосон хүдэр цааш туузан дамжуургаар дамжсаар анхдагч хүдрийн агуулахад очиж, Оюу толгойн баяжуулах үйлдвэрт боловсруулагдах аж. Т.Тэнгэс дэд бүтцийн буюу бутлуурын барилга, тоног төхөөрөмжийг угсрахад гар бие оролцсон хэн бүхнээр бахархаж байна. Оюу толгой төсөл Ази тивд анх удаа гүний уурхайн зориулалтаар хоёр бутлуур угсрахаар төлөвлөсөн бөгөөд эхний бутлуураа ийнхүү амжилттай угсарч дуусгассан хэмээн онцоллоо. Уг Бутлагдсан чулуулгийг татаж авах туузан дамжуурга 1.4 километр урт, 1.6 километрийн өргөнтэй бөгөөд бутлагдсан чулуулгыг газрын гадарга дээр татаж гаргах зориулалттай байна. Тийм учраас том хэмжээний цахилгаан хөтлөгч моторууд ажилладаг аж. Харьцуулж хэлбэл нэг сумыг тэр чигт нь цахилгаанаар хангаж чадахуйц буюу 5.5 мвт эрчим хүчний эх үүсвэр хоёрыг ч барьчихаад байна гэсэн үг аж. Оюу толгойн гүний уурхайн барилга угсралтад дэлхийн хэмжээнд хамгийн сүүлий үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа гэдгийг ч инженер Т.Тэнгэс бахархан ярьж байна. Тус төсөл дотоодын болоод гадны инженер, техникийн ажилчдын ажиллах хүсдэг, мэдлэг туршлага хуримтлуулж болохуйц дэлхийн томоохон төслийн нэг болжээ. Гадаадын мэргэжилтнүүдийн хүртэл Оюу толгой төсөл рүү хошуурах болсон нь дэлхийд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг уг төсөл дээр ашиглаж байгаатай холбоотой гэв. Нэг ёсондоо Монгол залуучууд, монгол инженерүүд өмнө нь гадаадынхнаас суралцдаг байсан бол одоо гадаад, дотооддын инженер, техникийн ажилчдын мэдлэг, ур чадварын зөрүү улам бүр алга болсоор байгаа гэдгийг цохон тэмдэгллэсэн юм. Эцэст нь газрын гүнээс гарч байгаа эрдэнэ нь алт, зэс биш харин хүн та өөрөө. Тийм учраас Оюу толгой төсөл дээр ажиллаж байгаа хэн бүхэн ямар нэгэн байдлаар осол эндэгдэлд орох учиргүй гэдэг үүднээс аюулгүй ажиллагааг эрхэм зорилтоо болгосон байна. Дээр дурьдсанчилан дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмж ашиглаж байгаа учраас нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд нь ч өдрөөсөө өдөрт чадавхижаад явж байгаа аж. Бид гадны мэргэжилтнүүдийг дагаж суралцахаас гадна зарим нь гадны мэргэжилтэн болоод явж байгаа гэнэ. Энэ бол гадна, дотныхон харилцан туршлага солилцох, өмнө байдаггүй байсан соёлд Оюутолгой төслийн багийнхан суралцаад явж байна. Бүгд өөрсдийн алсын хараагаа тодорхойлчихсон байдаг учраас хүний нөөц, удирдлагын бүх шатанд ажилчдаа дэмжиж ажилладаг гэдгийг хэлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ DNN.mn

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах Төрийн Албаны Зөвлөл(ТАЗ)-ийн тогтоол гарчээ.

Харин бүртгэлийг 2022 оны наймдугаар сарын 25-ны 09:00 цагаас есдүгээр сарын 25-ны 09:00 цагийн хоорондох зохион байгуулахаар товложээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилыг үндэсний цахим платформд байршуулж, e-TAZ аппликэйшн, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн албаны шалгалтад бэлтгэх, оролцох бүх талын боломжоор иргэдийг хангах, их, дээд сургууль шинээр төгсөгчид болон өндөр мэдлэг, боловсрол, ур чадвартай иргэдээр төрийн албаны нөөцийг баяжуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм.

Мөн бэлтгэл ажлын хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор хэрэгжүүлэх төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах мэдлэг, цогц ур чадвар болон төрийн албаны шинэтгэлийн үзэл санаа, зарчмыг сурталчлан таниулж, төрийн албаны сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг ТАЗ-ийн Салбар зөвлөлүүдэд даалгалаа.

Эх сурвалж: ТАЗ

Categories
мэдээ нийгэм

Т.Номондэлгэр: Оюу толгой компанийн номер нэг соёл нь аюулгүй ажиллагаа, үнэт баялаг нь хүн байдаг DNN.mn

Бидэнд Оюу толгойн гүний уурхайн барилгын үйл явцын талаар танилцуулах инженерүүдийн багийн нэг төлөөлөл болох Гүний уурхайн барилгын хэлтсийн механик шугам хоолойн мэргэжилтэн Т.Номондэлгэр юм. Тэрээр “Одоогоор гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл ойролцоогоор 74 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа талаар хэлж байна. Гадаргын барилгын угсралтын ажлууд 2020 оноос хойш зогссон байсан. Учир нь ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүн хүчний асуудлаас үүдэн гадаргын төслүүдийг зогсоосон. Гүний уурхайн үндсэн ажлууд барилга угсралтын ажлын бүтээн байгуулалт амжилттай урагшилж байгаа. Одоогоор гүний уурхайн үндсэн нэвтрэлттэй холбоотой барилга угсралтын, бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө хийгдэж дууссан. Үргэлжлээд техникийн комисс туршилт, тохируулгын ажлууд амжиттай явагдаад 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдөр гүний уурхайн хамгийн том дэд бүтцийн нэг болох материал тээвэрлэх системийн нэгдүгээр үе шатны ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ бол Гүний уурхайн хамгийн том дэд бүтцийн байгууламж юм. Бид гүний уурхайн блоклонолборлох аргачлалаар хүдрийг олборлох юм. Уг хүдрийг материал тээвэрлэх систем нэгээр бутлах юм. Буталсан хүдрээ туузан дамжуургаар дамжуулж босоо ам хоёроор дамжиж дээшээ гаргах бүтэц, зохион байгуулалтын процесстой. Хоёрдугаар үе шатыг гүйцэтгэгч нь сонгогдоод барилга угсралтын бэлтгэл ажил хийгдээд явж байна.Материал тээвэрлэх системийн хоёрдугаар үе шат 2022 оны хоёрдугаар сараас газар шорооны ажил нь эхэлчихсэн явж байна” гэв. Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явцад дэд бүтэц хамгийн чухал. Тиймээс 2016 оноос хойш бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилснээр өнөөдрийн үр дүнд хүрсэн нь түүний ярианаас тод харагдаж байсан юм.Мөн Гүний уурхайн барилга байгууламжийн бүтээн байгуулалтгэдэг ил уурхайн барилга байгууламжаас олон талаараа ялгаатай гэдгийг ч мөн хэлж байлаа. Тухайлбал, Гүний уурхайн барилга байгуулж гэдэг бол иргэний зориулалттайбус уул уурхайн хүнд үйлдвэрийн байгууламж, мөн газрын баялагийг дамжилгаар дамжуулж үнэ цэнэд хүргэх үйлдвэрийн тоног төхөөрөмж юм. Гүний уурхай газрын гадаргаас хамгийн гүндээ 1.3 км гүнд байрлаж байна. Газрын гадаргатай харьцуулахад орон зайн хувьд хязгаарлагдмал учраас газрын гүнд барилга байгууламж барина гэдэг газрын гадарга дээрх барилгын ажлаас ихээхэн ялгаа, онцлогтой. Тийм ч учраас нарийн мэргэжил шаардахаас гадна, аюулгүйн ажиллагааны стандартыг чанд мөрдөхийгшаарддаг. Түүнчлэн угсралтын арга техник, аргачлал нарийн боловсруулагддаг гэнэ.Оюу толгой компанийн номер нэг соёл нь аюулгүй ажиллагаа, үнэт баялаг нь хүн байдаг гэдгийг тодотгож байлаа. Түүнчлэн Оюу толгойн төсөл дээр ажиллаж байгаа ажилчид дэлхийн хэмжээний мэдлэг,туршлага хуримтлуулж байгаа нь хамгийн чухал үзүүлэлт. Оюутолгой компани эд эс бүхний энд ажиллаж байгаа шалтгаан нь гэр бүлтэйгээ сайн сайхан амьдрах л байгаа шүү. Зарим нэг нь олон улсын томоохон компаниудад ажиллах сонирхол ихтэй болсон. Бас урилгаар гадагшаа явах ажилчдын тоо ч нэмэгдсэн. Оюу толгой төсөл дээр ажиллаж байгаа гүйцэтгэгч компаниудын 95 орчим хувийг монголчууд эзэлж байна. Зарим нэг тусгайлсан ажлууд дээр нарийн мэргэжлийн гадаадын экспертүүдийг ажиллуулах хэрэгцээ шаардлага гардаг. Ялангуяа цахилгааны өндөр хүчдэлүүдийг холбох, механик ажлуудын туршилт, тохируулга зэрэг ажлууд маш нарийн ур чадвар шаарддаг, мм-ийн ч зөрүү ч гаргах ёсгүй. Бусдаар үндсэн ажилтан нь монголчууд өөрсдөө байна. Тиймээс гэрээт компаниуд хөдлөмөрийн үндсэн зах зээл дээр байгаа ажиллах хүчнүүдийн дунд сонгон шалгаруулалт хийж, аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, тоног төхөөрөмж, өндөр эрсдэлтэй холбоотой олон төрлийн сургалтад хамруулдаг. Ингээд ажлын байран дээр гарсны дараа захиалагчийн талаас гүйцэтгэгчтэй нягт хамтран ажиллаж өөрсдийн туршлагаа монгол залууст харамгүй хуваалцаж, харилцан туршлага солилцож, бүтээн байгуулалтын ажлаа амжилттай хэрэгжүүлж байна. Мөн манлайлал, багийн ажилтай холбоотой сургалтууд явагддаг. Тухайлбал, 2016 оноос хэрэгжиж байгаа “Хамтдаа” хөтөлбөр байна. Энэ төслийн зорилго, үнэт зүйл яг юу болох, нэг баг болж хамтарч ажиллахын давуу тал нь юу байдаг, бусад улс орнуудаас бидний соёл юугаараа ялгаатай, юугаараа нэгдэж ажиллах ёстой гэх мэт өргөн хүрээ хамарсан сургалтууд явуулдаг. Бид энэхүү мега төслийнхөө үр дүнд гүний уурхайн баялагыг гаргаж авах бүтээнбайгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулах нь өөрөө үнэт зүйл, үнэ цэнэ гэдгийг бүрэн ухамсарлаж байгаа. Монголчууд эрч хүчтэй, сэтгэлийн хаттай, аливааг сурах хүсэл эрмэлзэлтэй. Тийм учраас хүсэл эрмэлзэлдээ хөлөгдөөд бүтээн байгуулалтын ажил маань амжилттай урагшилж байна. Ковидынхоёр жил бидэнд олон сорилт бэрхшээл тулгарсныг нуухгүй. Өнөөдөр эргээд харахад чамлахааргүй амжилттай ажилласан байна. Гүйцэтгэгч, захиалагчын талуудын олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна” хэмээн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар онцоллоо.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Х.Хашхүү: Тайзнаа өөрийгөө гайхуулж үзэгчдийн алга ташилтыг мэдэрч зогсох хамгийн сайхан DNN.mn

Үндэсний урлагийн их театрын бүжигчин, бүжиг дэглээч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүүтэй ярилцлаа.


-Та яагаад бүжигт дурлах болов?

-Багаасаа бүжиглэх дуртай байсан. Дорноговь аймагт “Бүжгийн уянга” хамтлагт бүжиглэдэг байлаа. Агуу их Ц.Сэвжид гуай бол Монголын бүжгийн урлагийн суурийг тавьсан хүн. Түүний хүү С.Сүхбаатар мөн Д.Баярбаатар, А.Даваахүү гээд сайхан дэглээчид байна. Бүжиг дэглээчийн хувьд өөрийгөө энэ гайхалтай хүмүүсийн залгамж халаа, залуу үе нь л гэж боддог.

-Бүжиг дэглээчийн хувьд таны ажлын хувийн арга барил, онцлог юу вэ?

-Бүжиг бол ганцаарчилсан биш хамтын урлаг. Олон бүжигчинг нэг хүн шиг болгоход маш их бэлтгэл, уран бүтээлчээс шалтгаалах форум хэрэгтэй. Тайзан дээр хамтдаа уран бүтээлээ хүргэдэг учир түүнийг нэг амьсгаанд оруулна гэдэг амаргүй ажил. Театртаа мэргэжлийн бүжигчидтэй хамтарч сэтгэл зүрхээрээ ажилладаг. Мэргэжлийн бүжигчид учир хөдөлгөөнөө жигдрүүлэхэд асуудалгүй. Дэглээчийн хэлэх гэсэн санааг биеийн гоо зүйгээрээ гаргахыг л зорьдог.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Тайзан дээр амьдрах сайхан. Тайзнаа өөрийгөө гайхуулж үзэгчдийн алга ташилтыг мэдэрч зогсох хамгийн сайхан.

-Ямар нэг санааг бүжгээр дамжуулж гаргахын тулд олон зүйлийг бодож, судалдаг байх. Дэглэж байсан хамгийн хүнд бүжиг тань юу вэ?

-Бүжиг дэглэж хүний биеийн гоо зүйг харуулна гэдэг хэцүү. Биеийн зөв галбиртай, зөв төрхтэй гэх мэт бүжигчинд байх бүх шаардлагыг хангаж мэргэшээд ирсэн хүнийг би нэмж урлаж өгнө гэсэн үг. Уран бүтээл дээр ажиллахдаа судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Миний хувьд хамгийн хэцүү нь “Монголын их хатад” бүжгэн жүжигт Алунгоо хатны хэсгийг дэглэх байсан. “Нарны домог” анхны бүжгэн жүжгийг Сүхээ багш маань дэглэхдээ Алунгоо эхийн эвийн сургаалаар асар том бүтээл хийсэн. Тэгэхээр би Алунгоо эхийн таван сум хугалахыг арай өөрөөр сэтгэх шаардлагатай болж гарын таван хуруутай зүйрлэж дэглэсэн. Энэ таван хуруу атгасан гар шиг зангидсан байваас эвтэй байна гэсэн санааг шинээр гаргасан. Мөн саяхан “Тамгагүй төр” хэмээх үзэгчдийн мэлмийг мялаасан сайхан бүтээлд дэглээчээр ажилласан. Шандас сорьж, ур ухаан шаардлаа.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Үндэсний урлагийн их театрын өв соёл уламжлалаа харуулсан, язгуур урлагаа сурталчлах зорилготой зуны 100 өдрийн тоглолтоо нээсэн. Манай байгууллага нийт 180 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй. Байгууллагаараа “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтдоо анхаарч ажиллаж байна.

-Энэ жилийн зуны тоглолтын онцлог юу вэ?

-Тоглолтын хөтөлбөрийг тухайн жилдээ өөр өөр гаргадаг. Жуулчид болон монголчуддаа зориулсан эл тоглолт 20 гаруй жил уламжлал болон тоглогдож байна. Зуны гурван сар 100 өдөр тоглодог. Ер нь уртын дуучид, хөгжимчид маань зөвхөн үндэсний ая хөгжмөөс гадна гадаадын сонгодог бүтээлүүдийг тоглож жуулчдад бэлэг барьдаг, мөн шарын шашны цамын бүтээл, үндэсний язгуур бие биелгээ зэргийг шингээсэн бүтээлийг гаргадаг. Уран бүтээлүүд, хөтлөлт бүгд англи тайлбартай явагддаг.

-Та Үндэсний урлагийн их театртаа хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2005 онд Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Хоёр жилийн дараа ОХУ-ын Москва хотын театр урлагийн академид /ГИТИС/ бүжиг дэглээч мэргэжлээр сурсан. 2012 оноос театртаа тасралтгүй ажиллаж байна.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

-Бүжгэн жүжиг хийхийг хүсдэг. Хүннүгийн эртний олдворуудад тулгуурласан бүтээл хийх бодолтой. Одоо судалгааны шатандаа явж байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Дэлхий дахинд алдаршсан “Хунт нуур” бүжгэн жүжиг шиг Хашхүүгийн Монгол уламжлалаа харуулсан бүтээлийг дэлхийн театрт тоглох юмсан гэж мөрөөддөг.

-Монгол уламжлалаа харуулсан бүтээл гэхээр…

-Гадны зүйлийг хэт их дагах биш, үндэсний хэв маягаа харуулсан мөн орчин цагтайгаа хосолсон тийм бүтээлийг энэ цагт хийх хэрэгтэй. Бид монгол үндэсний ёс уламжлал, соёлоо харуулсан, аж ахуйтайгаа ойрхон бүтээлийг гаргавал энэ нь бидний брэнд болж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Беларусь, Гүрж, Азербайжан улс руу зорчих болон ачаа тээвэрлэхдээ анхаарах зүйлс DNN.mn

Ачаа тээврийн гол зангилаа бүс нутгууд болох Беларусь, Гүрж, Азербайжан зэрэг улс руу зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байна.

Иймд дээрх улсуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй Монгол Улсын иргэд өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, зохих ангиллын визийг /Гүрж, Азербайжан улсын виз/ мэдүүлж, хүлээн авсны дараа зорчих, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, гадаад улсын хууль, тогтоомжийг хүндэтгэн зорчихыг ГХЯ-наас анхаарууллаа.

Түүнчлэн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг сэрэмжлүүлж байна.

Гүрж улсын виз мэдүүлэх цахим хаяг: www.evisa.gov.ge

Азербайжан улсын виз мэдүүлэх цахим хаяг: www.evisa.gov.az/en/

Эх сурвалж: ГХЯ


Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Батболд: Хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр парламентын ардчилал хэзээ ч зүгширч чадахгүй DNN.mn

– Хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай –

МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор, дэд профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Гуравхан жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин нэмэлт оруулахаар яригдаж эхэллээ. Үндсэн хуульд ийнхүү ойр, ойрхон өөрчлөлт оруулах гээд байгаагийн цаад шалтгааныг судлаач хүний хувьд та хэрхэн харж байна?

-Аливаа Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны нийгмийн анги давхаргуудын зөвшилцөл байдаг. Өөрөөр хэлбэл, ямар төр засагтай байх, ямар тогтолцоотой байх тухай зөвшилцөл учраас нийгмийн гэрээ гэж нэрлэдэг. Тиймээс Үндсэн хуулийг хийхэд нийгмийн бүхий л давхарга, бүлгүүдийн зөвшилцөл, дуу хоолой хүрсэн байж нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сая бүрэн зөвшөөрөгдөх ёстой.

Үндсэн хуулийг хэлэлцэхдээ зөвхөн нэг нам олонхоор асуудлыг шийдэж байгаа бол нийгмийн зөвшилд хүрч чадахгүй байна гэсэн санаа байдаг. 2019 онд өөрчлөлт орж батлагдсан Үндсэн хуульд гуравхан жилийн дараа дахин нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байгаа нь нийгмийн нэг хэсэг хүлээн зөвшөөрөөгүй байжээ гэсэн үг. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед парламентад нийгмийн хэсэг бүлгийн төлөөлөл олон буюу алаг цоог байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд парламентад үнэмлэхүй нэг хүч зонхилж байгаа үед Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэх, нийгмийн бусад бүлгийн ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж хэр буй нь эргэлзээтэй. Иймэрхүү байдлаас үүдэж Үндсэн хуулийн дархлаа сулрах хандлагатай байдаг.

Аливаа Үндсэн хуульд нийгмийн гэрээ хэлэлцээр оруулж өөрчилсөн бол тодорхой нэг үеийг (30 жил) туултал түүнийгээ даах чадвартай байх ёстой. Америкийн Үндсэн хууль 200 жил болсон ч 28 удаа өөрчлөлт хийсэн гэдэг. Гэхдээ хэт ерөнхий хууль байдаг. Орчин үеийн Үндсэн хууль арай дэлгэрэнгүй байдаг. Ийм Үндсэн хуульд 20, 30 жил болоод өөрчлөлт оруулах магадлал бий. Үүнээс гадна нийгмийн хөгжил, хувьсал хурдацтай явагдаж байна. Тиймээс 30 жилийн дараа зайлшгүй өөрчлөлт оруулах нь байх үзэгдэл. 30 жил гэж байгаагийн учир нь, хүний идэвхтэй насыг хэлж байгаа юм. Өсөх нас, идэр нас, өтөл насны үечлэл 25-30 жилээр хэмжигддэг. Нэг үе солигдоход нийгмийн үзэл бодол, байр суурь зэрэг олон зүйл өөрчлөгдөж байдаг учраас Үндсэн хуульд өөрчлөлт орох магадлал өндөр байдаг. Харин 30 жилийг дааж чадахгүй гурван жил болоод өөрчлөгдөж байна гэдэг нь өөр асуудал байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үндэсний нийтлэг ашиг сонирхлыг баримтлалгүй нам, бүлгийн эрх ашгийг баримталж заалт оруулах хандлага туссан байх магадлалтай. Энэ тохиолдолд дахин, дахин өөрчлөлт оруулах асуудал үүсч болох юм гэсэн таамаглал байдаг.

-Одоогийн Үндсэн хуулиар явбал 2024 оны сонгуулиар МАН дахин ялалт байгуулахаар байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Гэтэл өөрсдийнхөө боломжоос татгалзаж улайм цайм бусад намуудад боломж олгоё гээд байгааг та хэрхэн дүгнэж байна. Бүх зүйл бодит байдал дээр ойлгомжтой л байна шүү дээ?

-Нэгдүгээрт, нийгмийн өнөөгийн нөхцөлд байдлаас үүдэж МАН-д асуудал тулгарч байх шиг байна. Олон улсын хувьд ч, эдийн засгийн хувьд ч төвөгтэй байдал үүссэн. Энэ төвөгтэй байдлыг даван туулахад өөр дуу хоолой, өөр идэвхтэй байр суурь, өөр гарц, санал санаачилга парламентад дутагдаж байна. Өнөөдөр парламентад сөрөг хүчнийг төлөөлж байгаа намуудын байр суурь нийгэмд уначихсан, төлөөлөгчдийнх нь чадвар, илэрхийлж байгаа байр суурь нь суларчихсан байгаа учраас бусад намуудыг ямар нэгэн хэмжээгээр оруулж ирье гэж байгаа болов уу хэмээн эерэг талаас харах боломжтой.

Хоёрдугаарт, хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам ямар нэгэн алдаа гаргаж, унахыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин эрх баригчдын алдааг нь хэлж өгч, засаж явдаг. Энэ бол ардчиллын давуу тал.

Гуравдугаарт, гишүүдийн тоог нэмэх асуудал улс төрчдөд тааламжтай сонсогдож байгаа. Хэт цөөнх болохоор лоббид автах нь элбэг. Засгийн газар чадавхгүй болоод байна. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллавал арай чадвартай байна гэсэн бодол заримд нь байгаа байх. Үүнээс гадна сонгогдоход төвөг багатай болно гэдэг ч юмуу ийм сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн байж болох хэмээн таамаглаж болох юм.

-Тэгэхээр 100 жилийн түүхтэй МАН цаашдын нэр хүндээ хамгаалах, уналтаас сэргийлэх зорилгоор бусад намуудыг оруулъя гэж байна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийг баталсан гишүүдийн тал хувь нь одоогийн парламентад байх шиг байна. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг баталсан хүн парламентыг удирдаж байна. Ийм үед дахин өөрчлөлт оруулах гэж байна гэдэг нь өмнөх өөрчлөлтөд нийгмийн гэрээ тусгагдаагүй байна гэсэн үг юм.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсан хүмүүс дахин өөрчлөлт оруулъя гэж байгаа нь өөрсдийнхөө өмнөх хийсэн ажлаа үгүйсгэж байгаа хэлбэр биз дээ?

-Тийм. Олон түмний байр суурийг илэрхийлсэн парламентыг бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Хоёр сонгууль дараалан МАН 60 гаруй суудал авсан. Ард түмэн тэднийг дэмжсэндээ ийм суудал өгсөн юм биш. Энэ бол сонгуулийн луйвар. Зохион байгуулалттай заль. МАН 240 мянган гишүүнтэй гэдэг. Гишүүн бүртэй тулж ажиллана гэдэг шүү дээ. Тулж ажиллах нэрээр нэг хүн гишүүн бус таван хүнийг манай намд санал өгүүл гэсэн үүрэг өгч байгаа. Үүндээ санхүүжилт өгч байгаа. 240 мянган сонгогчийг таваар үржүүлэхээр 1.200 мянган иргэн болно. Ингэж 60 гаруй хувийн суудал аваад байгаа юм. Үүнийг ямар ч ажиглагчид олж харж чадахгүй. Тэдний энэ систем бол дийлдэшгүй төгс арга.

Тиймээс хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр Монгол Улс хэзээ ч Үндсэн хууль ярьж чадахгүй, хэзээ ч парламентын ардчилал зүгширч чадахгүй.

-Нөгөө талаас Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гээд байгаа нь хэсэг бүлэг хүмүүс улс төрийн тоглолтдоо эцэг хуулийг ашиглаад байна уу гэж хардаж болох уу?

-Хэд хэдэн таамаглал байна. Нэгдүгээрх нь, сөрөг хүчин болоод парламентын гадуур байгаа зарим хүчнүүд “тэд өөрсдөдөө зориулж дахин тоглоомын дүрмээ өөрчлөх гэж байна” гэж хардаад байгаа. Үүнийг шуудхан үгүйсгэх боломжгүй. Магадлалтай байж болно.

Хоёрдугаарх нь, МАН зарим намуудтай тохиролцоонд орж нийлсэн. МАХН-тай нэгдэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, хоёр танхимтай болгоно гэж амласан. Амлалтандаа хүрэх санаа байгаа байх. Зарим нь хэдийгээр хоёр танхимтай болохгүй ч сонгуулийн пропорциональ тогтолцоотой болгоё гэж байгаа байх гэж таамаглаж болно.

Гэхдээ ямар ч таамаг дэвшүүлсэн бай нэг зүйлийг онцлоход Үндсэн хуульд жижиг жижиг өөрчлөлтүүд хийж өнөө маргаашийг аргацаах үзэгдлүүд буруу. Өөрчлөлтийг сөрөг хүчний зүгээс зүгээр байхаар жаахан ч болтугай дэвшил юм уу гэж хүлээж авах хандлагатай байж болох юм. Эрх баригчдын хувьд аль аль талдаа уян хандах гэсэн оролдлого, сөрөг хүний байр суурийг сулруулах, “жаахан ч гэсэн өөрчлөлт хийчихлээ шүү дээ” гэж хэлэх гэсэн талтай гэж харж болох юм.

Гуравдугаарх нь, өнөөгийн нөхцөлд энэ хэвээрээ цаашид явах нь тулгамдаж буй бэрхшээлүүдийг давах, хөгжил дэвшлийн бодлогын асуудлыг боломжгүй болгочихоод байгаа. Засаглалдаа өөрчлөлт оруулж гадаад, дотоод орчны шахалтуудыг тэсэж давах чадвар бүхий, төсвөөрөө хөгжил дэвшлийн бодлого тодорхойлж чаддаг засаглалыг бага ч болтугай бүрдүүлэхийг зарим нэг нь хүсч байж болох юм.

Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал үүсч байна. Одоо байгаа Үндсэн хууль шаардлага хангахгүй байна уу гэвэл хангахгүй байна. Өөрчилмөөр байна уу гэвэл өөрчилмөөр байна. Гэтэл нөгөө талд хэрвээ ингээд өөрчилчихвөл Үндсэн хууль дараа нь дархлаагүй, хэдийд л бол хэдийд өөрчилж болох бусад хуулиуд шиг болж нэр хүнд нь унана гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ дархлаа унана гээд “хангалтгүй” гэж шүүмжилсэн Үндсэн хуультайгаа яваад байх нь ирээдүйдээ илүү хохиролтой. Үндсэн хуульд өөрчлөлт дахин оруулах гэсэн энэ үйл явц нь эрх баригчид “гоомой” Үндсэн хууль хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголтыг олон нийтэд бий болгоод байгаа. Тэд үүндээ хариуцлага тооцож, ямар нэг арга хэмжээ авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэр хүндийн дархлааг хамгаалж чадна. Түүнчлэн өөрчлөх гэж байгаа хүмүүсийн оюуны боловсрол, чадвар өөрчлөх хэмжээнд хүрээгүй байна гэсэн болгоомжлол байгаа хэдий ч өргөн хүрээтэй олон удаагийн хэлэлцүүлэг үүнийг даван туулах боломж олгоно. Үндсэн хууль нийгмийн бүх давхаргын төлөөллийг ямар нэг хэмжээгээр оролцуулсан зөвшилцлөөр өөрчлөгдөх нь зүйтэй. Ингэж байж л Үндсэн хууль нийгмийн гэрээ болдог.

Эцэст нь нөхцөл байдалд тохируулан хэлэхэд, одоо байгаа парламент энэ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа ч үүнийг шийдвэрлэх хоёр арга зам байж болох юм. Эхнийх нь шаардлага хангасан шинэ парламент бүрдүүлэх. Гэвч энэ нь одоогийн нөхцөл байдалд асар их эрсдэл, хохиролтой учраас шаардлагагүй. Хоёр дахь нь парламентын гадуурх нам, бүлэг хүчнүүдийн байр суурийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Их Хурлын хуралдаанд нээлттэй оролцуулах түр механизмыг бүрдүүлэх. Ийм нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлагыг хангах боломж үүсэж магадгүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам ашиглалтад орлоо DNN.mn

21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын зорилт бүрэн биелж Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Загастайн давааны автозамын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна.

7,000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуулаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм” гэж хэлээд төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Энэ замын нээлт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын их бүтээн байгуулалтын эхний зунтай давхцаж байгаад бэлгэшээж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг энэ гэдгийг онцоллоо.

Энэ зун Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 километр төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 километр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ.

Ингэснээр Монгол Улс нийслэл Улаанбаатар хотоо 21 аймгаа авто замаар амжилттай холбож, нийт боомтуудаа авто замаар, стратегийн ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбож, ачаа тээвэр, тээвэр логистик, экспорт импортын хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх Боомтын сэргэлтийн түүхэн ач холбогдолтой төсөл орон даяар хэрэгжинэ.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозам нь далайн түвшнээс дээш 2,500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээл ихтэй уулын зам юм.

Загастайн давааг давахын тулд 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд бид ярьдаг. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамыг БНХАУ-ын Засгийн газар Экзим банкны санхүүжилтээр барьж хүлээлгэн өгч байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК- ажиллажээ.

Тус замын зорчих хэсэг нь 7 метрийн өргөн 5 см асфальт бетон хучилттай, 20 см зузаан буталсан чулуун суурьтай, 40 см зузаан суурийн доод үетэй, нийт хучилтын хийцийн зузаан 65 см. Давааны оройн цэвдэг, намагтай газруудад нийт 3,0 км уртад 1,0 м зузаантай чулуун шүүрүүлэх үе, хоёр талдаа тус бүр 1,5 м өргөнтэй хайрган хөвөөтэйгээс гадна ус зайлуулах хиймэл байгууламж 132 байршилд хийжээ.

Замын ажлын хүрээнд Загастай болон Хатавчийн гол дээр тус бүр 19.10 у/м төмөр бетон гүүр барьсан. Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, 20 км уртад хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, 1,000 гаруй ширхэг замын тэмдэг байршуулжээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Э.Мөнхбаяр: Аавынхаа хийсэн хөгжмийн зэмсгээр тоглож байхдаа бахархал төрдөг DNN.mn

Үндэсний урлагийн их театрын морин хуурч, удирдаач Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаяртай ярилцлаа.


-Шинэхэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтанд баяр хүргэе. Уран бүтээлийн олз омог их үү?

-Маш их баярлалаа. Энэ жил үндэсний найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Монгол Улс үндэсний дархлаа, соёлыг тэртээ 1962 оноос хийжээ. Миний бие 2016 оноос Үндэсний урлагийн их театрт ажиллаж байна. Театртаа ажиллаад бие даасан болон хамтарсан олон тоглолт хийж гадаад үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх хүндтэй цолны болзлыг хангасан байх гэж бодож байна. Түүхт 60 жилийн ойн үйл ажиллагааг залуучуудын хамтарсан “Global mind” тоглолтоор нээлээ. Энэ тоглолтын хамгийн гайхалтай, гэнэтийн хэсэг цолоо гардан авах байлаа.

Өнгөрсөн сард улсын филармони концертын танхимд Монгол Улсын урлагийн гавьат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаяр агсны нэрэмжит, залуу удирдаачдын тэмцээнд финалийн шатанд, дэд байрын шагнал хүртсэн. Энэ жил олз омогтой, амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байна. Одоогоор манай Үндэсний урлагийн их театрын хамт олон зуны гурван сар буюу 100 хоног үргэлжилдэг тоглолтоо эхэлсэн.

-Энэ жилийн тоглолт ямар онцлогтой вэ?

-Энэ жилийн зуны тоглолт “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” нэртэйгээр өнгөрсөн долоо хоногоос тоглогдож эхэлсэн. Бид энэ тоглолтыг жуулчид болон Монгол Улсынхаа иргэдэд зориулан зун болгон зохион байгуулж ирсэн. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тасалдлаа.

-Таны хувьд хэдэн удаа бие даасан тоглолтоо хийв?

-2014 онд арваннэгдүгээр анги төгсөх жил их найралтайгаа анхны тоглолтоо хийсэн. 2018 онд буюу төгсөх жилээ бие даасан тоглолтоо хийсэн. 2017 онд “Чавхдас морин хуурын дөрвөл” гэж Дуурь бүжгийн эрдмийн театрт, Европын орнуудаар хамтлагаараа тоглолт хийсэн гэх мэт цөөнгүй тоглолт хийжээ. Хөгжим бүжгийн коллежид арван жилээ морин хуурчаар төгсөөд, Консерваторит магистр хамгаалсан.

-Яагаад морин хуурч болохоор шийдсэн бэ?

-Хүн бүр л багаасаа “Би тийм хүн болно” гэсэн чиг баримжаатай байдаг гэж боддог. Саяхан цэцэрлэгийн багш маань надтай таарсан юм. Гэтэл би багшдаа “Том болоод дэлхийд алдартай хөгжимчин, морин хуурч болно” гэж хэлж, бичүүлж байсан юм билээ. Багшийн тэмдэглэлийн дэвтэр дээр, миний асуултын хариулт одоо ч байгаа гэсэн /инээв/. Би хөгжимд маш их хайртай. Миний өвөө, аав удам залгасан морин хуурчид, миний мэдэж байгаагаар манайд гурван үеийн хуурчид бий.

-Гэр бүлд нь хөгжимчид байсан учир энэ мэргэжилд дурласан юм болов уу?

-Тийм ээ, миний аав, ээж хоёр Төв аймгийн Хөгжимт драмын театрт 30 гаруй жил ажиллаж байна. Би аавынхаа хийсэн хуур, хөгжмийн зэмсгээр тоглодог. Үүгээрээ их бахархдаг.

-Хуурдахын сайхан нь юу вэ?

-Мэргэжил бүхэн гайхамшигтай. Бүх зүйл баялаг дуусашгүй байдаг шиг хөгжмийг ч бас сурч, мэдэрч дуусдаггүй. Би яг хаана хүрэхээ мэдэхгүй, хүрлээ гэж мэдвэл тайзнаас буух байх. Сэтгэл зүрх минь догдлохоо боливол тайзаа орхих байх. Урлаг тийм л хатуу зарчимтай.

-Та яагаад удирдаачаар сурах болсон юм бэ?

-2007 онд хөгжим бүжгийн Консерваторид орох гээд шалгуулсан. Гэтэл миний нас нэг жилээр хэтэрсэн байсан юм. Тухайн үед Хөгжим бүжгийн сургууль маш хатуу диктатуртай байлаа. Би тэр сургуульд орох гээд Цагаан сарын шинийн нэгний өглөө аав, ээжтэйгээ захирлын хаалганы гадаа “Намайг авах болов уу” гээд хүлээж байсан үе өчигдөр юм шиг санагдаж байна. Үндэсний чуулгын ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар гэдэг хүнтэй уулзаад чамайг сургуульд авах эсэхийг шийднэ гэж хэлсэн. Тэгээд аавтайгаа энэ улаан театрын хаалгыг татаж байлаа. Багштайгаа уулзаад, сургалтад сурч 2008 оноос сургуульдаа элсэж байсан.

Багш маань удирдаач хүн, би байнга л үзэгчийн суудлаас багшийгаа юу хийж байгааг харж ажигладаг. Сургуулийн сурагч ч гэсэн ирээдүйдээ санаа зовж зөвхөн хуураа тоглоод амьдарвал амьдралын түвшин ямар байх билээ, хос мэргэжил эзэмшвэл амьдралд хэрэгтэй гэж бодсон. Удирдаач бол найрал хөгжмийн ахлагч манлайлагч байдаг тийм ч учир хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд удирдаачаар сурсан.

-Дараагийн зорилго төлөвлөгөө тань юу вэ?

-Бид 60 жилийн ойтойгоо холбогдуулан маш олон тоглолтыг төлөвлөсөн. Долдугаар сарын 12-ны орой тоглогддог “Наадмын үдэш” их найрлын тоглолт, гоцлол хөгжимчдийн тоглолт, сонгодог вальс, гала зэрэг тоглолтууд шил шилээ дараад л хүлээгдэж байна даа.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болж байна DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурлаа Шонхор тауэрт намын удирдлагуудын оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр хийж байна.

Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурж нэгдээд байгаа. Ерөнхийдөө сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг саналуудыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх хүсэлтийг тавиад удаж байна. Тус асуудал УИХ-ын даргын зөвлөл дээр хоёр удаа унаж, нэг удаа санал тэнцэж унасан. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр тогтсон. Гэвч УИХ-ын гишүүн Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хүсэлтийг байнгын хорооны дарга хоёр хоног завсарлага өгөхөөр шийдсэн. Ингээд 2022 зургадугаар сарын 17-ны ТББХ-ны хуралдаанаар дахин гурав хоногийн завсарлага авсан. Үүнээс хойш “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, чуулган долоон хоног завсарласнаар асуудал түр хойшлогдоод байна. Уг асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэх аж.