Categories
мэдээ нийгэм

Гурван улсын хамтарсан киноны тухай мэдэгдэл DNN.mn

2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Махаан пикчерс” компаниас зарласан хэвлэлийн бага хурал дээр тэдний албан ёсны төлөөлөгч Унгар, Англи, Монгол гурван улсын хамтарсан киноны тухай мэдээлэл өгсөн байна.

Юуны түрүүнд “Махаан пикчерс” компани нь уг кино бүтээлийн тухай ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөх эрхгүй болохыг мэдэгдье. Мөн тухайн компани уг кино бүтээлд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд кино зохиолыг Унгар, Англи хоёр улсын зохиолчид бичиж, дуусгах ажлыг ч мөн өөрсдөө санхүүжүүлсэн гэдгийг олон нийтэд дуулгая.

Унгарын тал “Махаан пикчерс” компанитай хамтран ажиллах гэрээ биш зөвхөн Санамж бичгийг байгуулсан байсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрхүү Санамж бичгийг цуцалсан учраас тухайн өдрөөс хойш “Махаан Пикчерс” компани нь “Барууны хаалга” киноны талаар ямар нэгэн мэдээлэл өгөх, Монголын талыг төлөөлөх эрхгүй болсон. 2022 оны хоёрдугаар сарын 8-нд Унгар, Англи хоёр талууд Монгол Улсын “Сэмүүн студи”-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээ одоо ч хүчин төгөлдөр байгааг мэдэгдэж байна.

Монгол Улсын “Сэмүүн студи” – Унгар Улсын “Барууны Хаалга” ХХК.

Categories
мэдээ эдийн-засаг

Ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлтэд 7.5 тэрбум төгрөг төсөвлөжээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрсөн даваа гарагийн хуралдаан 10 цаг 02 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус хийхээр тогтсон.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин хийв.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 3 зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг бэлтгэсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ хэмээн Т.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа дурдав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 7-8 хувийг эзэлдэг ойн талбайг тэлэхийн тулд ойн үржүүлгийн талбайг нэмэгдүүлэх, цаашид тухайн аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагаар ойн нөхөн сэргээлт хийх боломжийг бүрдүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах талаар тодруулж байлаа. Мөн ойн цэвэрлэгээний асуудалд хэдий хэрийн хөрөнгө төсөвлөгдсөн болон хуш модыг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээг яаралтай авах, эсэхийг лавлаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2016 онд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа газрыг зөвхөн дуудлага худалдаагаар худалдана гэсэн заалтыг оруулж баталсан байдаг. Иймд газар тариалан болон ойн үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага талбайгаа нэмэгдүүлэхийн тулд газраа дуудлага худалдаагаар авахаар болсон. Тиймээс Газрын тухай хуулийг нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, БНСУ, Япон зэрэг ойн менежментийг сайн гүйцэтгэдэг орнуудад нөхөн сэргээлтийг мэргэжлийн компаниуд хариуцан гүйцэтгэдэг бөгөөд уг хуулийн төсөл болон одоо байгаа хууль эрх зүйн хүрээнд энэ асуудалд хориглосон нарийвчлан зохицуулсан тусгайлсан заалт байхгүй. Цаашид Засгийн газрын холбогдох журам болон удахгүй батлагдах “Ойн стратеги”-т энэ асуудлыг тусгах боломжтой гэж байлаа. Мөн тэрбээр, ойн цэвэрлэгээний асуудалд 580 сая төгрөг төсөвлөсөн ч төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагдсан тул олон улсын байгууллага, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арга хэмжээ авч явуулахаар төлөвлөөд байна гэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа дэмжих зорилгоор аливаа салбарын үйл ажиллагаанд хориглох арга хэмжээ авахгүй байх чиглэлийг баримталж байгаа. Салбарын яам тодорхой мэргэжлийн байгууллагатай хамтран хушин ойн талаар судалгааны ажлыг хийж, үр дүнг нь эцэслэхээр ажиллаж байна. Монгол Улсын хушин ойн 70 хувь нь доройтолд орсон гэх дүн мэдээлэл гарсан тул хориглох хугацааг хэдэн жил байхыг судалгааны хүрээнд шийднэ хэмээн салбарын сайд хариултдаа онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлтэд 7.5 тэрбум төгрөг, ойн хөнөөлт шавьжны судалгаа, тэмцлийн ажилд 696.7 сая төгрөг, түймрээс хамгаалахад 185.6 сая төгрөгийг төсөвлөсөн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан буюу Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж, 2/17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтыг “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;” гэж, 3/30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийг “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны 2021 оны 5 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахлахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

АТГ: 583 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд 583 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд боловсролын авлигын нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгуулав.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Амьжиргаа дэмжих зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр”, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг салбар, байгууллагуудад хамаарах авлигын эрсдэлийг судлан тогтоох чиглэлээр ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто тээврийн үндэсний төв, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 17 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Эрээнд өчигдөр коронавирус халдварын 4 тохиолдол илэрсэн DNN.mn

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар илэрч, өнгөрсөн шөнө 02 цагаас хойш бүх хөдөлгөөнийг зогсоосон байна.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Эрээн хотод зам харилцаа, тээвэр одоогоор хэвийн үргэлжилж байна. Өчигдөр Эрээнд дөрвөн тохиолдол илэрсэн. Үүний улмаас иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт ажиллаж байна. Маргааш нөхцөл байдал хэрхэн яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж, худалдаа, тээвэр эрхлэгчдийн бизнест “салхи сэвэлзэж” эхэлж байхад, Эрээнд халдвар дахин тархсан нь иргэдэд хүнд цохилт болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

2022 оны 06 сарын 01-ний 20 цагаас 06 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өчигдөр болж, шилдгүүд тодорлоо.

Тэмцээнд нийт 768 багийн 3,264 тамирчин оролцжээ.

Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулж дуусав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зөвлөлт маягийн шоронжсон хууль руугаа буцаж, иргэдийг дураараа хорьдог болох нь гэв DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгээс “Хүний эрхийг хумих хуулийн хулгайг таслан зогсооё” сэдэвт иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулахуйц хэд хэдэн заалт орсон байна. Энэ тухай АН- ын бүлгийн дарга хэлэхдээ “Хуулийн ганц, хоёрхон заалтад “мөрдөгч” гэдэг үг нэмсэн, багахан өөрчлөлт юм шиг хэрнээ Засгийн газраас өргөн бариад байгаа хуулийн төсөл хүний эрхийг дордуулахуйц болжээ. Одоогийн хуульд хүнийг заавал хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах, сургалтад хамруулах зэрэг заалт байдаг. Гэтэл зөвлөлт маягийн шоронжсон хууль руугаа буцах гэж байна. Уг хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн таныг, намайг ч дуртай үедээ баривчилж хорьдог болох нь. Гэвч цагдаа, хүчний байгууллагын албан тушаалтны дур зоргоор авирлахыг өөгшүүлсэн, салбарын лоббид автсан, дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомжоос болж нэг ч гэсэн монгол хүний эрх зөрчигдөх ёсгүй. Үүний төлөө Ардчилсан нам, АН-ын бүлэг тууштай ажиллана” гэв.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл Г.Амарзаяа болон Монголын хүний эрхийн ТББ- уудын форумын төлөөлөл оролцож УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэв. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС- ийн докторант Д.Оросоо “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн практик” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэт нэг талыг барьсан. Хэргийн зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр зөвхөн гомдол, өргөдөл гаргагчийн мэдээллээр ялладаг байдал хавтгайрсан. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тараасан алдаатай мэдээллийг “худал мэдээлэл тараах” гэдэг зүйлчлэлээр шалгаж, шийтгэдэг гажуудал үүссэн” гэв.

Жилд 200 орчим хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгадаг ч ердөө арваад хүн шүүхээр хэргээ шийдвэрлүүлдэг байна. Үүний цаана хүний эрхийн маш том зөрчил байгаа талаар, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг томилох тухай хуулийн заалтад “прокурор” хүнийг томилно гэдэг үгийг өөрчилж Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн оруулж ирж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй ярилцав. Тэд хуулийн хулгайг ил гаргаж ирж байгаад талархал илэрхийлж байлаа. Хэрэв мөрдөгч иргэдийг дураар дууддаг болчих юм бол монголчууд бүгд цахим гавтай болж, Монгол сүүлийн 30 жил байгаагүй шоронжсон улс болно гэв. Хүний эрхийг аажим аажмаар хумих ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүйд санал нэгдэж, хуулийн төслөө буцааж авахыг шаардсан юм. Энэ үеэр УИХ- ын дэд дарга С.Одонтуяа сүүлийн үед хүний эрүүл хоол хүнс хэрэглэх, амьд явах эрх зөрчигдөх болсонтой холбоотой хуулийн төсөл санаачилж өргөн барихаа илэрхийллээ.


Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЧУУЛГАН: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ DNN.mn

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудал· Ерөнхий сайдын мэдээлэл: Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

Categories
мэдээ цаг-үе

Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна DNN.mn

Сурагчид өнгөрч буй хичээлийн жилд урт хугацааны амралтаас шалтгаалж нийт гурван улирлаар хичээллэсэн. Хүүхдүүдийн зуны амралт ирэх зургаадугаар сарын эхээр эхэлнэ. Тодруулбал;

  • 1-3-р ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд амарна.
  • 4-5-р ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллэн амарч, шалгалтын долоо хоног 9-нийг хүртэл үргэлжилнэ
  • 6-12-р ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэн амарч, шалгалтын долоо хоног 17-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Мөрдөн байцаагч шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл DNN.mn


Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэнийг байцаадаг, тэр бүү хэл таслан сэргийлэх арга хэмжээ авдаг жишиг манайд байх юм. Энэ асуудал дээр хуульч, хүний эрхийг хамгаалагчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ төсөл орж ирж байгаа. Энэ хуулийн төсөлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас сэжигтэн яллагдагч болоод гэрч шинжээчийг дуудан ирүүлэх гэх заалт байна. Энэ заалтын ард хүний эрх хөндөгдөж байна л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй яваад байна л даа. Өнгөрсөн жилүүдэд мөрдөн байцаагч эрүүгийн хуулийн тусгай ажиллагаануудыг авч таслан сэргийлэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн асуудал удаа дараа гарсан. Тухайн хүний өмгөөлөгч болон ар гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүйгээр хорих анги руу хийсэн жишээ ч бий. Шүүх, прокурорын зөвшөөрлөө араас нь нөхөн гүйцэтгэдэг. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд төрийн ордонд болсон хуулийн байгууллагуудын нэгдсэн чуулганы үеэр “1964 ны Эрүүгийн байцаан шийтгэх хууль Монголын хөрсөнд тохирно. Үүнийг нутагшуулах нь зөв” гэх асуулгатай зүйл хэлсэн. 1990 оноос хойш хүмүүнлэг ардчилсан нийгэм шилжсэн үед ЦЕГ-ын дарга хүн ийм асуудал хөндсөн нь хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлсэн л дээ.

1960-аад оны үеээс хар баасан гариг гэж ярьж ирсэн зүйл бий. Энэ нь 1964 оны хуультай шууд холбоотой. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид прокурорын зөвшөөрөлгүйгээр хэрэгт шалгагдаж байгаа субьектийг шалгах шаардлагатай болоход л тав дахь өдрийг тааруулаад баривчилдаг. Прокурорын зөвшөөрлийг сүүлд нь нөхөж гаргана. Амралтын өдрүүдийн хугацаанд хэрэгт шалгагдаж буй хүний эрх ноцтойгоор зөрчигддөг байлаа. Энэ бол эрүүдэн шүүх ажиллагааны нэг хэлбэр. Хуульч, хүний эрхийн хамгаалагчдын зүгээс үүнийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж ирсэн.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд доромжлох гэж заалтыг шинээр оруулж иржээ. Хуульчдын зүгээс энэ асуудалд янз брийн л байр суурь илэрхийлж байна. Таны тухайд?

-Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах гэсэн гурван зүйл заалт нэг дор орж ирлээ. Эрх зүйт нийгмийн жишгээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах нь иргэний хуулиар зохицуулагдаад явах бүрэн боломжтой. Тухайн этгээдийг эрүүгийн хэргийн ялтан болгох шаардлага огт байхгүй. Ингэхлээр иргэн хардах эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх боломж хумигдаж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлээд л ялтан болох гээд байна шүү дээ. Үндсэндээ шоронжсон нийгэмд шилжих нь. Хууль тогтоогч байгууллага, хууль санаачлагчид иргэний хууль, захиргааны эрх зүйн мэдлэг хомс байгаа нь энд анзаарагдаж байгаа юм. Юм л бол Эрүүгийн хууль руу чихэж оруулаад л амар хялбар аргаар шийдвэрлэх гэж байгаа нь хүмүүсийн дуу хоолойг хорих гэсэн л башир арга болов уу. Энэ бүхнийг эрх зүйт нийгмийн жишигт ойртуулаад иргэний хуулиар зохицуулаад хүмүүнлэг нийгмийн ардчилсан тогтолцоонд нэгтгээд явах боломж бий. Харамсалтай нь хэрэгжүүлж чадахгүй байна л даа. Дээрх үйлдэл бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйг нухчин дарах оролдлого гэж хувьдаа харж байгаа. Монгол Улс хуулиар засаглах ёстой улс орон. Өнөөдөр хуулиар дарангуйлсан зүйл рүү л явж байна.

-Цагдаа, прокурорын тогтолцооны өөрчлөлт хийх цаг ирээд байна уу?

-Цагдаагийн реформ буюу тогтолцооны өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Манайд шүүхийн шинэчлэл гэж ярьдаг. Үүний хажуугаар цагдаа, прокурорын шинэчлэлийн асуудлыг огт хийдэггүй. Шударга шүүхээр шүүлгэх суурь зохицуулалт нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт прокурорын шатанд явагддаг. Суурь зохицуулалтын тогтолцоонд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулна гэдэг өрөөсгөл. Гүрж болон Казахстанд цагдаагийн байгууллагын тогтолцоог үндсээр нь өөрчилсөн. Ингэхдээ хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг өндөр түвшинд хангаж өгсөн байдаг. Жишээ татаад ярья л даа. АНУ-д жирийн цагдаагийн цалин 18.000 ам.доллар байдаг бол манайд 650.000-аас эхэлдэг. 650.000-ын цалинтай алба хаагчид ачаалалтай орчинд стресстэй ажилладаг. Хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчдын ахуйн хангамж, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй. Энэ чинээгээр хүний эрхийн мэдлэг боловсролыг шалгуур болгож цагдаагийн албанд томилдог байх ёстой. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн талаар мэдлэг боловсрол алга. Хүчний байгууллага гэх ойлголттой байх юм. Цагдаагийн байгууллага бол үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага. Эрх зүйн хэм хэмжээний актанд нь ч энэ талаар тодорхой заасан байдаг.

Хоёрдугаарт, боловсон хүчин, боловсролын асуудал бий. Цагдаагийн боловсон хүчинг ОХУ-д бэлтгэдэг. Хуучин нийгмийн школ өнөөдрийг хүртэл салахгүй явж байна л даа. Үүнийг буруу гэж хардаг юм. Мэдээж аль ч орныг сонгоод очиж суралцах эрх нээлттэй ч эрх зүйт нийгмийн жишиг болсон улс оронд боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байгаа юм. Энэ төрлийн боловсон хүчин бэлтгэж байгаа дотоодын сургуулиуд нь ч Орос школтойг та мэдэх байх. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Хүн эрх зүйн харилцаанд алхам тутамдаа орж явдаг. Бидний эрх зөрчигдөхөд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, хамгаалах чиг үүрэгтэй. Гэтэл эсрэгээрээ хүчний байгууллага гэдэг утгаараа үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхэд хүний эрхийг хамгаалах гэхээс илүү эрх баригч нам, нөлөө бүхий хүмүүсийн тушаал шийдвэрээр хөдлөөд байна л даа. Дээд шатны байгууллагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг цагдаагийн алба хаагч биелүүлэхгүй байх үндсэн чиг үүрэгтэй. Үүнийгээ ч биелүүлэхгүй юм. Үүний тулгуур зүйл нь цагдаа нарын нийгмийн баталгаа болоод тогтолцооны шинэчлэл. Энэ чигээрээ цааш явбал хүний эрх гэж яриад хэрэггүй. Бусад салбар хуулиудаараа л хааж боогоод явчихаж байна.

-Ардчилсан нийгэмтэй оронд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцаах ажиллагаа явуулдаг жишиг байдаг юм уу?

-Хүний эрхийг дээдэлсэн улс орнуудад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчдийн эрх, нөгөө талаасаа прокурорын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх ижил тэнцүү байдаг. Иргэнийг хэрэгт хамааруулаад шалгаж байна гэж тооцъё л доо. Аль ч талаасаа Үндсэн хуульд зааснаар тэр хүн өмгөөлүүлэх эрхтэй. Өмгөөлүүлэх эрхээ эдлэхийн тулд яллах, цагаатгах тал ижил тэнцүү байж тэр хүний гэм бурууг эцсийн шатан дээр шүүхээр дэнсэлдэг. Гэтэл өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах боломж прокурорын шатанд дутуу байна.

Прокурор дээр хүний эрх хамгаалах манаанд хамгийн түрүүнд зогсдог улс бол өмгөөлөгчид. Энд прокурор давуу эрхтэй байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор гээд шүүхийн шат руу явах хүртэл хэргийн материалыг задруулж болохгүй, хэргийн материалтай танилцах эрх байдаггүй. Прокурорт шилжээд шүүх рүү шилжихийн өмнө л өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцдаг. Бусад оронд прокурорын зүгээс тухайн хэргийг хянан шалгаж байгаа субьектэд даалгавар бичдэг. Үүнтэй ижил өмгөөлөгчид даалгавар бичих юм уу, хүсэлт гаргаад цугларч байгаа хэргийн материалтай нь танилцаад явдаг. Ингээд шүүхээс өмнөх шатанд нь цагаатгах болон яллах талын ижил тэнцүү баримтыг цуглуулж бэхжүүлсэн эсэхэд давхар хяналт ордог. Ажиллагаа хангагдаагүй тохиолдолд шүүх дээр очоод үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд эргэлзээтэй байна гэж үзээд буцаадаг. Монголд ийм үйл явц байдаггүй.