Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

2022 оны 05 сарын 31-ний 20 цагаас 06 сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 2, 5-нд Алтайн салбар уулсаар, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүд DNN.mn

2022 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 05-ны өдөр ажиллах шинжилгээний цэгийн хуваарийг мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Европын холбоо Оросын нефтид хэсэгчлэн хориг тавилаа

Европын холбооны удирдагчид ОХУ-ын эсрэг нефтийн импортод хэсэгчлэн хориг тогтоох тухайд гацаанд ороод байсан асуудлаар тохиролцож чаджээ.

Брюссельд болж байгаа Европын холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн төгсгөлд Холбооны тэргүүн нар энэ тухай мэдээлэл хийсэн байна.

Энэ хэсэгчилсэн хоригт, Оросоос тэнгисээр дамжуулж импортолдог нефть зөвхөн хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Оросын нефтийн импортын гуравны хоёрт хориг тавьсан гэсэн үг болж байна. Харин нефтийн хоолойгоор дамжуулж авдаг нефть шинэ багц хоригт хамаарахгүй. Тэрчлэн 2022 оны сүүл үе гэхэд Европын холбоо Оросын нефтийн бараг 90 хувиас нь татгалзана гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйн мэдээлсэн байна.

Оросын нефтийн импортод бүрэн хориг тавихын эсрэг байр суурьтай байгаа Унгар улс ч бас, тэнгист гарцгүй Европын холбооны бусад орнуудын адил хоолойгоор орж ирдэг нефтиэс худалдан авах боломжтой гэж Европын Зөвлөлийн дарга Чарльз Мишель хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр хэлжээ.

Оросын эсрэг зургаа дахь энэхүү багц хориг арга хэмжээг Европын холбооны Зөвлөл сайд нарын түвшиндээ авч хэлэлцэж, албан ёсоор батлах учиртай аж.

Үүний дараа Холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдэн гарснаар хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлэх юм. Энэ тов одоогоор тодорхойгүй байна.

Украин дахь нөхцөл байдалтай холбогдуулж Европын холбооны орнууд Оросын эсрэг таван багц хориг арга хэмжээ хэдийнээ авсан. Зургаа дахь багцыг батлах ажил Унгар зэрэг хэд хэдэн улс, нефтийн импортоос бүрэн татгалзахын эсрэг байр суурьтай байснаас болж сунжирч байсан юм.

Европын холбооны хоригийг батлахад гишүүн бүх улсын дэмжсэн санал шаардлагатай байдаг байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: DUNE буюу Манхан DNN.mn

Уг номын хоёрдугаар дэвтэр хэвлэгдэн гарчээ. Уг номоор хийсэн уран зөгнөлт кино сая болж өнгөрсөн Оскарын шагналаас олон төрлөөр шалгарч шагнуулсан. Тэгвэл киноны эх болох “Манхан” ном баруунд аль жараад оноос л алдаршиж эхэлсэн гэнэ лээ. Френк Херберт гэж зохиолчийн энэ ном харь гариг буюу Арракисын тухай маш нарийн тодорхой зохиож үнэмшилтэй уран сэтгэж бичсэнээрээ алдартай гэдэг аж. Гол баатар гүн Пол ээж Жесикатайгаа гаригийн уугуулуудтай тааралдан цуг амьдрах болно. Уугуулууд болох фременчүүдээс анхандаа түүнийг үл зөвшөөрөн ирүүл тулаанд дуудна. Хүү тулаанд ялан дийлж нэр сонгох эрхтэй болно. Энэ нь тэр омгийн дунд амьдрах эрхтэй болж байгаа хэрэг юм. Түүнд Усул гэдэг нэр өгөөд зөвхөн тэр омгийнхон л ингэж дуудах эрхтэй, бусад нь үүнийг хэлж үл болно хэмээн зарлигддаг. Ер нь бол хамгийн нөлөөтөй омгийнхон дээр тэд очсон бөгөөд тэр омгийнхон ч ээж хүү хоёрыг эрж байсан аж. Мөн Полыг өөрөө олон түмэнд нэрлэгдэх нэрээ сонгохыг зөвшөөрдөг. Хүү өөрийгөө Пол-Мауд Диб хэмээн дууд гэж хэлдэг. Тэр Мауд Диб гэдэг нь цөлд амьдардаг алагдаахай маягийн амьтан гэнэ. Энэ нэр тухайн байдал зэрэг нь хуучны зөгнөлд яригдаж байсан зүйлүүд учир фременчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд тэд ээж хүү хоёрыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч удирдагчаараа тодруулна. Уг гаригийг хууль бусаар эрхшээдэг Харконненыхонд цөлийн зэрлэгүүд өөрийн зөнчөө тодруулсан гэнэ. Тэрийг нь МаудДиб гэж дууддаг гэнэ. Их нөлөөтөй зэрлэг тодорчээ гэцгээгээд өнгөрнө. Харконненыхан гаригийн талаар мэдээлэл маш муутай бөгөөд зөвхөн шидэт нунтгийг нь л ухахаас өөр юунд ч үл сатаарна. Мөн нутгийн зэрлэгүүдийг ажилд дайчлахаас гадна үе үе устгал явуулан элсэн цөл дэх стечь буюу суурингуудыг нь газрын хөрстөй тэгшлэх ажиллагаа явуулна. Пол Мауд Диб Чани гэх нутгийн охинтой гэрлэж нэг хүүтэй болно. Ээж Жессика нь гүнгээс үлдсэн охиныг төрүүлэх бөгөөд ээж, охин, хүү гурав айхавтар зөн билэгтэй хүчтэй удирдагчид болон өсдөг. Пол нутгийн ардуудад тулааны арга заан арми байгуулан хүчирхэгжүүлдэг бөгөөд яваандаа гаригийг ногооруулах төлөвлөгөөг нь гүйцэтгэж өгнө гэж амладаг. Арракис гариг гүндээ устай, түүнийг ууршуулж мөн цөлд тэсвэртэй ургамал ургуулж усны эргэлтийг бий болгож чадвал ногоорно гэж цөлийн эрдэмтэд үздэг аж. Пол аавынхаа үнэнч баатар дайчин эр өөрийнхөө зэвсгийн багштай цөлд тааралддаг. Гёрни Халлек гэдэг дайчин баатар бол төрөлх гаригтаа алдартай.

Тэр Харконненыхны дайралтаас тулалдан гарч чадсанаар барахгүй өөрийн гэсэн бүлэг байгуулан шидэт нунтаг хувиараа олборлон борлуулдаг ажилтай болсон байдаг. Хулгайн анчид буюу хулгайн нунтаг олборлогчид цөлийн бүүр гүнд очин эргүүл цагдаагаас хол олборлолт хийх гэж ирдэг. Тэр нь Пол цэргүүдтэйгээ дайран гардаг ус, хүнсний нөөц газар нь байлаа. Фременчүүд ийм хол нисдэг аппарат олборлогч зэрэгтэй тааралдаад маш гайхан даруйхан цааш нь харуулахгүй бол болохгүй, нууц задарна гэж үздэг. Яагаад гэвэл ийм хол цөлд амьдрал байхгүй гэсэн домог нь худал болох учир ингэж шийддэг. Полын цэргүүд тулааны чадвараар хэтийдсэн бөгөөд эзэн хааны торгон цэрэг болох мэргэжлийн алуурчдын арми сардукаруудыг дийлдэг болоод байв. Тэр сардукар болох гэж 10 жаалын дөрөв нь амьд үлддэг, дурын сардукар энгийн армийн 10 цэрэгтэй тэнцдэг аж. Полын цэргүүдийн довтолгоо эхэлж онгоцуудыг унаган явган цэргүүд рүү нь довтолж эхлэхэд хулгайн анчдын тэргүүн тулалдахаар зэхэн биеэ хураан довтлогчдыг гярхай ажиглан зогсоно. Пол аавынхаа шадар анд өөрийнхөө зэвсгийн багшийг шууд таньж “Гёрни Халлек илдээ бүү сугал гэж тушааж байна” хэмээн хашгирна. Герни цочин тэр хашгирагч руу харан “Чи яаж миний нэрийг мэддэг юм, бас надад тушаадаг хэн бэ” гэж асуув. Хүү дуулгаа авахад Гёрни хий үзэгдэл үзсэн юм шиг цочиж шууд сөхрөн сууна. “Би гүн Пол Мауд Диб байна” хэмээн аавынхаа бөгжийг гарган харуулна. Цаашид ямар үйл явдал өрнөхийг мэдэх гэвэл та бүхэн энэхүү номыг худалдан авч уншаарай.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тус аймагт ажиллахдаа өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан дэл уул-Өлзий” автозамын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны шийдвэрийг түдгэлзүүлсэн талаар ярилцах нь зүйтэй гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 2014 оны 246 дугаар тогтоолоор “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозмын замын боомт байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын малчид, иргэд хилийн боомт хүртлэх автозам тавигдсанаар зам дагуух ашиглалтын зөвшөөрөлтэй уурхайнууд нээгдэж, улмаар говийн унаган байгалийн экосистемийг алдагдуулах, ховор ан амьтны байршилгүй болох, бэлчээр хомсдох зэрэг сөрөг нөлөөлөл үүснэ хэмээн эсэргүүцэл илэрхийлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ өнгөрсөн долоо хоногт 4.8 сая төгрөгийн хохирол барагдуулжээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өнгөрсөн долоо хоногт нийт 191 өргөдөл гомдол ирсэн байна. Хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлын дийлэнх буюу 70 гомдол нь худалдаа, үйлчилгээтэй холбоотой байжээ. Хэрэглэгчийн гомдол санал хүлээн авах 115 төвд ирсэн иргэдийн гомдлоос найман хэрэглэгчийн 4805000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд тогтоосон тусгай горимын хугацааг сунгалаа DNN.mn

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Замын-Үүд боомт байрлаж буй бүсэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл уг тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна DNN.mn

Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. Чехийн улсын Прагийн амьтны хүрээлэнгээс ирсэн тахиудын нутагшилт маш сайн байгаа бөгөөд Зүүнгарын говьд тахийн тоо толгой өсөхөд бодитой хувь нэмэр оруулж байгаа талаар салбар яамнаас мэдээллээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Чех Улсын талаас тахь нутагшуулах боломжит газрын судалгааг хийсэн байна. Улмаар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах Ар сүмийн хоолой дахь Өлзийтийн нуур орчмын газар нь тааламжтай бэлчээртэй, уст цэг хангалттай их, адуу мал тухайн нутагт маш бага байсан учир тахь нутагшуулж, тахь шинэ нөхцөлд дасгах хашаа барихад тохиромжтой гэж үзжээ.

Мөн Монгол Улсад аялалын маршрутын зураглал гаргах, хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил манай талд танилцуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш автомашины хөдөлгөөн хязгаарлах замууд DNN.mn

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тухайлбал,

  • Чингисийн өргөн чөлөө
  • Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
  • Хуульчдын гудамж
  • Ерөнхий сайд А.Амарын гудамж
  • П.Гэндэнгийн гудамж (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам
  • Өглөөний гудамжны хойд талын зам
  • Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана.

Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөн хязгаарлах юм.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг 80.4 хувиар өсчээ DNN.mn

2022 оны эхний дөрвөн сард 14150 гэмт хэрэг гаржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6308 (80.4%)-аар өссөн үзүүлэлт юм. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4894 (2.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1143 (49.3%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 179 (84.4%), хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 90 (48.6%)-ээр өссөн нь голлон нөлөөлжээ.