Categories
мэдээ цаг-үе

Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарч, 12 га талбай шатжээ || DNN.mn

Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарч, 12 га талбай шатсан байна.

Тодруулбал, тус сумын Нарийн хүр дөрөвдүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 27 км замыг туулан очиж, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Categories
мэдээ эдийн-засаг

Ус тосыг нь ялгаарай, Хөгжлийн банкныхаа!!! || DNN.mn

УИХ-ын Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны зээлдэгчдийн бодит байдлыг олон нийтэд дэлгэлээ.

Categories
мэдээ улс-төр

П.Эрхэмбаяр: Н.Чинбатын үйлдэл бол Цэцийн гишүүн Үндсэн хуулиас давсан эрхтэй гэж харуулж байна || DNN.mn

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Цэц, Дээд шүүхийн үл ойлголцол Үндсэн хуулийн маш том хямрал руу чирж орох нөхцөл байдал үүснэ-


-Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд үүссэн асуудал хуульчид төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Хоёр хоногийн өмнө Цэц дээр болсон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй холбоотой хуралдааны талаар яриагаа эхлэх үү?

-Иргэн Т-гийн мэдээллээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн асуудлыг өчигдөр (уржигдар) Үндсэн хуулийн цэц авч хэлэлцлээ. Гэхдээ Т гэх иргэнийн гомдол өмнөх ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан байсан гэсэн үг. Одоогийн Ерөнхий шүүгч нь 2021 оны зургадугаар сард томилогдсон хүн.

Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн эсрэг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргадаг зохицуулалттай байсан. Иргэн Т-гийн хэлээд байгаа гомдол бол “Би ерөнхий шүүгч рүү гомдол гаргасан. Гэтэл ажлын алба нь хариу өгөөд байгаа нь Үндсэн хуулийг зөрчөөд байна” гэсэн агуулга. Угтаа өнгөрсөн 16 жилийн хугацаанд Улсын дээд шүүх ийм л процессоор хариу өгч ирсэн. Энэ хугацаанд хуульчид ч бас ерөнхий шүүгчийн үйлдэл Үндсэн хуулийг зөрчиж байна гээд Үндсэн хуулийн Цэц рүү хандаж байсан. Тэгэхэд Цэц нэг ч удаа маргаан үүсгэхгүй явж ирсэн. Гэтэл гэнэт л маргаан үүсгээд, хуралдаан зарлаад явчихлаа. Эндээс хардлага буюу сэжүүр төрж байгаа юм.

-Цэцийн хурал ерөөсөө л ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбоотой гэх мэдээлэл түгсэн байх шүү?

-Тэгсэн. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбогдуулсан. Яагаад ганц ерөнхий шүүгчийг онилж аваад хуралдаан хийгээд байна вэ гэдэг бас л ойлголтын асуудал байгаа гэсэн үг. Гол нь ганцхан сарын хугацаанд Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд хоёр маргаан үүсч байсан тохиолдол байхгүй. Тиймээс энэхүү үйл явдал бол энэ хоёр байгууллагын дунд зодоон үүссэнийг харуулж байгаа юм. Яагаад тэд зодолдоод унав.

-Хуульч хүн юу гэж үзэж байх юм?

-Үндсэн хуулийн Цэцэд хуульчид бид мэдээлэл өгөхөөр хэрэг үүссэн эсэх нь тодорхойгүй, үүссэн ч хүмүүстээ мэдээлэл хүргэдэггүй, процессын ажиллагаа нь яаж явагддаг нь ойлгомжгүй байсаар ирсэн. Гэтэл энэ удаа ерөнхий шүүгчтэй холбоотой асуудал маш хурдан байдлаар өрнөж, маргаан үүсч, хуралдаан болж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм.

Цэц дээр маргаан үүсгэнэ гэдэг Иргэний шүүх болон Эрүүгийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шиг хурдан болдог зүйл биш. Хуульчдын хувьд нэлээд шандас шалгаж байж, Цэц дээр маргаан үүсгэдэг. Гэтэл юу болоод Цэц ийм хурдан, иргэн Т-гийн мэдээллээр маргаан үүсгэж, хуралдаан зохион байгуулж байгаа нь хардлага үүсгэж байна.

2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тоолдог байсан. Энэ хооронд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс өвддөг, хурал хойшлуулдаг, хүсэлт гаргадаг, өмгөөлөгчөө сольдог, хугацаа хожиж явсаар ял завшдаг нөхцөл байдал үүсч байсан. Харин ардын хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хурал нь тэр дороо болж, аавын хаалга татаад явчихдаг ялгамжтай нөхцөл байдал байсан.

Үүнийг 2020 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яллах дүгнэлт үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг зогсдог болгосон гэсэн үг. Энэ асуудал дээр Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Улсын дээд шүүх хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргасан явдлаас эхтэй.

-Дээд шүүх энэ сарын 9-нд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тогтоол гаргасан. Нэг ёсондоо Цэцийн шийдвэрийн эсрэг, тийм үү?

-Цэцийн шийдвэрийн эсрэг хийсэн дүр зураг харагдаад байгаа нь үнэн. Гэтэл Дээд шүүхийн тайлбараас үүдэж ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа хүмүүс Цэцээр дамжуулж Улсын дээд шүүхийн эсрэг босгох, эсвэл Цэц дээр Улсын дээд шүүхийн гаргасан тайлбарыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар маргаан үүсгүүлээд явсныг үгүйсгэхгүй.

Хуулийн талаас бол Цэцийн хоёр гишүүнийг томилж чадахгүй нэлээд хугацаа алдсаныг та бүхэн санаж байгаа байх. Ийм хийдэл байсан учраас хууль тогтоогчид 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн тухай хуулиар Цэцийн гишүүнийг шинээр томилох нөхцөл байдал үүсвэл 30 хоногийн дотор УИХ-д санал болгосон байгууллага нь шинэ гишүүнийг оруулж ирнэ гэдэг зохицуулалтыг оруулж өгсөөн. Ингээд 2021 оны арваннэгдүгээр сард Цэцийн дарга Н.Чинбат 65 нас хүрч, төрийн албаны насны дээд хязгаарт очсон. Дашрамд хэлэхэд, Цэцийн гишүүнийг эргүүлэн татах гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, өөрийнх нь хүсэлтээр, хоёрдугаарт, эрүүл мэндийн шалтгаанаар, гуравдугаарт, төрийн албаны насны дээд хязгаарт хүрсэн бол гэдэг. Тэгэхээр шинэ хуулиар Улсын дээд шүүх ажлаа л хийсэн. 30 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаад эхэлтэл Цэцийн Н.Чинбат дарга “Надаар оролдох гээд байна уу. Надад Шүүхийн тухай хуулийн заалт хамаагүй. Би мэддэг юм, яагаад гэвэл УИХ-аас намайг томидог” гэсэн үнэр үнэртэж эхэлсэн. Уг нь Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг зарчим үйлчилдэг. Гэтэл Цэцийн гишүүн бол илүү эрхтэй юм байна гэж ойлгогдохоор байна. Энэ бол Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байгаа асуудал.

-Тэгэхээр ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа хийсэн гэж та хэлж байгаа хэрэг үү?

-Ерөөсөө л тийм. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хууль зөв хэрэглэх талаар гаргасан тайлбар. Нэг ёсондоо багаараа тойрч суугаад шийдэж байгаа. Гэтэл яагаад тэр дундаас ганц ерөнхий шүүгчийг нь дуудаж авчраад маргаан үүсгээд байгаа юм бэ гэдэг нь хачирхалтай.

-Цэцийн тухай асуудал улиг болтлоо яригдаж байгаа. Улс төрийн хамааралтай, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа гээд ярих зүйл их бий. Өнөөдөр ч энэ асуудал хурцаар яригдаж байх шиг?

-Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байна гэдэг боловч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, хуулиа дагаж мөрдөх, Үндсэн хуулиа хамгаалж, хяналт хийж чадахгүй байна гэж харж байгаа. Процессын хууль гэж бий. Тодруулбал, Цэц дээр маргаан хянан шийдвэрлэх хууль. Энэ хууль дээр заасан хугацаа тодорхой биш, хугацаа байсан ч бусад зүйл заалтыг ерөөс дагаж мөрддөггүй асуудал олон. Ийм кейс ч олон бий.

Цэцийн гишүүнээр томилогдож байгаа хүн ёс зүйн маш өндөр хариуцлагатай, сахилга баттай, жинхэнэ хүний дээд байх ёстой. Гэтэл Цэцэд томилогдохын тулд, эсвэл томилогдож очоод хэн нэгний үүрэг даалгаврыг биелүүлэхээр очсон юм биш үү гэж хардмаар хүмүүс өнөөдрийг хүртэл суудал бөглөн Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна гэж харж байгаа.

-Н.Чинбат даргын тэтгэврийн насан дээр нэлээд ньюанс яригдаад байна уу даа. Чухал үндэслэл мөн үү?

-Н.Чинбат дарга томилогдсоноос хойш хамгийн их зөрчил гарч эхэлсэн гэж хэлнэ. Жишээ нь, процессынхоо хуулийг дагаж мөрддөггүй. Хурал хэзээ болох, мэдээлэл гаргасан хүнд яаж мэдэгдэх. Хуваарилалтыг хэрхэн хийдэг, программаар хуваарилдаг юм уу, Цэцийн дарга нь шууд цохдог уу гэх мэт процессын зөрчлүүд бий. Хууль хэрэглээний талаас ч гаргаж байгаа тайлбарууд нь эрх зүйн шинжлэх ухааны онолоос зөрдөг, маш их хэл ам дагуулсаар байна. Үнэхээр Цэцийн дарга Н.Чинбат ёс суртахуунтай, ажилдаа сэтгэлтэй, Үндсэн хуульд хяналтаа цэвэр тавьчихъя гэдэг байсан бол хэл амгүй байх ёстой. Тэр хүн 65 нас хүрсэн ч томилогдсон хугацааг нь дуустал ажиллуулчих юмсан гэдэг дүр зураг харагдана аа даа. Байхгүй шүү дээ.

-Тэгвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг гэж ямар хүн юм бэ. Улс төрийн том хэргүүд дээр баталгаа, дэнчин нэрээр их хэмжээний мөнгө шүүхийн дансанд байршуулсан гэх зэргээр асуудлыг ярих боллоо?

-Д.Ганзриг шүүгчийг би танихгүй. Би өөрөө С.Баяр, С.Баярцогтын шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөр оролцож байсан хүн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогтзандан шүүгч шийдэж байсан. Тэр шүүгч халдашгүй, хараат байж шийдвэрээ гаргасан байж таараа. Дэнчин баталгааг Цогтзандан шүүгч ярьж л байсан асуудал.

-Ямартаа ч хууль, шүүхийн дээд байгууллага ингэж зодолдох сайны шинж биш байх аа?

-Монгол Улс байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдана шүү дээ. Энэ хоёр байгууллагын үл ойлголцол, хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол юун улс үндэстний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө вэ. Үндсэн хуулийн маш том хямрал руу чирж орох нөхцөл байдал үүснэ. Аль нэг улстөрчийн утсан хүүхэлдэй болж, түүний өгсөн үүрэг даалгавраар ажил хийдэг болох юм бол энэ улсад хууль байх, хүний эрх чөлөөг ярих ямар ч үндэслэл байхгүй болно гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Польш: Оросын нүүрсэнд хориг тогтоолоо || DNN.mn

OХУ-ын нүүрсний импортод хориг тогтоосон Европын Холбооны анхны улс Польш боллоо. Энэ талаар Польшийн Засгийн газрын тогтоолд дурдсан байна. Эл шийдвэр нь Оросын эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж байгаа гэсэн үг юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу халдах шийдвэр гаргасны дараа Польшийн эрх баригчид Оросын эсрэг хатуу хориг тогтоосноор Оросоос авах нүүрс, газрын тос, байгалийн хийн импортыг зогсоох уриалгыг Европын Холбоонд гаргасан юм. Гэсэн хэдий ч, НАТО-гийн гишүүнчлэлтэй Унгар, Герман тэргүүтэй Европын Холбооны гишүүн орнууд Польшийн уриалгыг дэмжээгүй юм.

Үүний зэрэгцээ, Польш улс мягмар гараг /2022.03.29/-т газрын тос, байгалийн хийн эх үүсвэрийг төрөлжүүлж, эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлыг бататган бэхжүүлэх цаашдын стратегийг хэрэгжүүлэх замаар 2040 он хүртэлх эрчим хүчний бодлогод өөрчлөлт оруулах арга хэмжээ авахаар боллоо.

Польшийн “Эрчим хүчний форум”-ын мэдээллээс үзвэл тус улс нүүрсний хэрэглээнийхээ 20 орчим хувийг импортоор авах шаардлагатай байгаа юм. Харин хачирхалтай нь Польш улс импортын нүүрснийхээ даруй 75 орчим хувийг Оросоос авдаг юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг хаалттай хэлэлцэнэ || DNN.mn

1.“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай/

2.Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр ирүүлсэн/

3.“Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Болд: Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх сонирхол хоёр хөршид бий || DNN.mn

Олон улс судлаач, тоймч Т.Болдтой ярилцлаа.


-Манай улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг хоёр том хөршийн дунд оршдог хэрнээ хөгжихгүй байгаагийн шалтгааныг та хэрхэн хардаг вэ?

-Ер нь манай хоёр хөрш Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн бодлоготой. Яагаад гэвэл, аль алинд нь монгол үндэстэн байна. Орост буриад, тува нар бий. Урд талд өмнөд монголчууд маань байна. Хэрвээ Монгол Улс хөгжөөд, дэлхийн хүмүүсийг татах хэмжээнд хүрэх юм бол монгол үндэстнүүд маань хоёр хөршөөс салан тусгаарлаж мэднэ. Улмаар Монгол руу нэгдэх хөдөлгөөн өрнөхөөс хоёр хөрш маань айж байгаа.

Тиймээс манай улсыг хөгжүүлэхгүй байх зорилго аль, алинд нь бий гэж боддог. Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц Орос, Хятадын хөрөнгө оруулалт манайд үнэндээ алга.

Орос бол бүр тэг гэж хэлж болно. Хятадаас жижигхэн үйлчилгээний газрууд ч юмуу, хамгийн ихдээ ноос угаах үйлдвэр л байдаг Тэрнээс яг Монголын хөгжилд түлхэц болохоор хөрөнгө оруулалтууд байхгүй. Харин энэ хоёр их гүрний дунд Оюу толгойд гурав дахь хөршийнхөө хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь бидний хувьд маш том зол завшаан. Мэдээж, энэ том төсөл эхэндээ хоёр хөршийн эсэргүүцэлтэй их тулсан. Тэр зовлонг туулж давж гарч, хөдөлгөж чадсан С.Баярын Засгийн газарт талархах ёстой. Өнөөдөр Оюу толгой төсөл Монголын эдийн засгийг тэтгэж байгаа гол суваг боллоо шүү дээ.

-Өнгөрсөн 30 жилд манай улс стратегийн томоохон бүтээн байгуулалт босгож чадсангүй. Цахилгаан, шатахуунаараа Оросоос хараат байсаар ирлээ. Үүнд хэн буруутай вэ?

-Монгол Улсыг олигтой хөгжүүлж болохгүй гэсэн хойд хөршийн гол явуулга. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 20-иод жилийн өмнө М.Энхсайханы Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Анхандаа монголчууд өөрсдөө учраа ололгүй, төслийг эсэргүүцэж байсан байх. Сүүлийн үед оросууд хаалт тавьж байгаа. ЮНЕСКО-гоор дамжуулаад Байгал нуурын экологи сүйдэх гэж байна гэсэн шалтгаанаар хориг тавиад байна. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцад төдийгүй өөр газарт барих эрчим хүчний эх үүсвэрүүдийн төслийг Монголд байгаа өөрсдийн гар хөлөөрөө дамжуулж гацаадаг. Жишээлбэл, Багануурын, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслүүд олон жил яригдлаа. Хөдөлж өгдөггүй. Оросууд шууд өөрсдөө оролцож гацаахгүй ч гэсэн эндэх иргэдийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудаараа дамжуулаад бойкотолж чадаад байгаа юм. Бид өнөөдөр Оросоос эрчим хүчээр 25 хувь, нефтийн бүтээгдэхүүнээр 98 хувь хараат байж ирсэн, үнэхээр харамсалтай. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефть боловсруулах үйлдвэрийг эхлүүлж чадсан нь том амжилт. Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа уг үйлдвэрийн бүтээн байгуулалт бас л их зовлон туулж байж хойд хөршийн явуулгыг давж гарч чадсан төсөл. Тэр нь сүүлийн үед явц нь нэг л удаан байна уу даа гэж харагдаад байгаа.

-Ер нь хойно сургууль төгссөн, орос школтой нөхдүүд төрд гарчихаад улсаа хорлоод байгаа юм биш үү?

-Бүгд биш гэж бодож байна. Манай улстөрчдийг урвуулах замаар бодлогоо хэрэгжүүлээд байгаа юм. Тэрэн дотор нь орос школтой нөхдүүд бас харагддаг. Төмөр замын талаар ярихаар бүгд л мэднэ. 2008 оноос MCS компани төмөр зам бариад Гашуунсухайт руу нүүрсээ зөөх төслийг Германы банкнаас зээл аваад эхлүүлж байхад нь Х.Батуулга гэж тэр үеийн Зам тээврийн сайд Их хурлаар нэг тогтоол гаргуулаад зогсоочихсон. Заавал улс барих ёстой гээд төмөр замаа эхлүүлсэн боловч одоо хүртэл гацаатай. Таван толгойн нүүрсээ зарж олсон орлогынхоо цэвэр ашгаар нь барьж байгаа асуудал шүү дээ. Тэр төмөр замаа дуусгаагүй байж хажуугаас нь Зүүнбаян руу өргөн царигтай төмөр зам тавиад л хөрөнгө мөнгийг тарамдуулаад байна л даа. Энэ бол улсаа санаатайгаар хохироож байгаа үйлдэл. Зүүнбаян руу 400 гаруй км зам тавих ямар ч хэрэггүй. Үүний оронд Гашуунсухайтаар явж байгаа замаа барихдаа хоёр салаа болгох ёстой байсан юм. Нарийн царигаар барих ёстой замыг хорлож байгаа юм шиг өргөнөөр барьсан. Тэрийгээ дуусгаагүй байж, Зүүнбаян руу дэмий төмөр зам татсан. Гэтэл энэ төмөр замыг чанаргүй барьсан нь сая харагдлаа шүү дээ. Хоёр хоногийн өмнө вагон уначихсан байна гээд баахан шуугилаа. Албаар чанаргүй барьсан нь эндээс тодорхой харагдаж байна. Цэргүүдээр бариулсан гэж байгаа. Мэргэжлийн улсууд “Төмөр замыг цэргүүд барьдаггүй юм аа” гээд зөндөө хэлж байсныг санаж байна. Энэ бол улсын хөрөнгө мөнгийг тарамдуулж хаясан хорлон сүйтгэх ажиллагааны зүгээр л нэг жишээ.

-Ер нь төрийн хийсэн ажил чанаргүй болдгийн тод жишээ боллоо. Сая Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр худалдаж авсныг нэлээд шүүмжилж байгаа харагдах юм. Та ямар байр суурьтай байна?

-Төрийн хийсэн ажлууд чанаргүй, гүйцэтгэл муутай байна. Шат, шатандаа хоноцын сэтгэлээр ханддагтай холбоотой. Хөтөлийн үйлдвэрийн тухайд нэг зүйл дээр эргэлзээтэй байна. Менежмэнтийн хувьчлал гээд төр үнэгүй хувьчилсан гэж яриад байгаа юм. Нөгөө талд нь болохоор 41 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гээд яваад байх юм. Үнэхээр төр хувьчилсан юм бол хувийн өмчийг ямар нэг шүүхийн шийдвэргүй булааж авч болдог юм уу. Би үүн дээр гайхаж л байна. Хууль зүйн яам гээд том аппарат байна. Бодвол тэр яам нь болно гээд булааж авч байгаа юм байлгүй. Нөгөө тал нь шүүхээр заргалдаад явах биз ээ.

-Ер нь Монголоо хорлосон хүмүүсийг яаж шийтгэвэл зохистой вэ. Зарим нь үе удмаараа төрд шургаж, шимэгчилж амьдрах сонирхолтой байдаг бололтой…

-Манай улс хүний буруутай үйлдлийг шүүхээр тогтоодог ардчилсан зарчимтай. Үнэхээр Монгол Улсдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь тогтоогдвол зохих ялыг нь өгдөг. Тэр дунд нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хаслаа гэсэн шийтгэл байдаг. Харин тэдний ялыг удам дамжуулан эдлүүлнэ гэвэл бидний ардчилсан зарчим биш.

-Орос ах нарын байгуулж өгсөн хот, тэд байшин савтай болгож өгсөн гэж ярих хүмүүс их байх юм?

-Харин тийм. Тэмбүүнээс салгаж өглөө гэж сайрхацгаах нь ч бий. Орос бидний тусгаар тогтнолын баталгаа гэж ярьж байна. Украинтай хийж байгаа дайнд Орос хэрэв ялахгүй бол Хятад биднийг эзэлнэ гэж ярьдаг юм. Тийм зүйл байхгүй гэж зуун хувь хэлмээр байна.

-Хөгжлийг зарим хүмүүс нүдэнд харагдах шилэн барилгаар жиших юм. Сүүлийн 30 жилд эдийн засагт хувь нэмрээ оруулсан томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэвэл та юуг онцлох вэ?

-Оюу толгой, Эрдэнэс Таван толгой л байна даа. Энэ хоёр л Монголыг тэтгэж байх шив. Өнгөрсөн 30 жилд бидний эхлүүлсэн өөр том бүтээн байгуулалт үнэндээ алга. Уг нь Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой Хөгжлийн банкны зээлээ төрд гарсан улсууд өөрсдөө хуваагаад идчихлээ. Ер нь бол төрд аливаа банк, сангууд, үйлдвэрийн газар, бизнес байх ямар ч шаардлагагүй. Байх л юм бол бүгд хулгайн замаар орно. Тиймээс төрд байгаа аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь хувьчлаад төр өөрөөсөө салгах хэрэгтэй. Нэг ширхэг банк ч байх хэрэггүй.

-Засгийн газраас зарласан шинэ сэргэлтийн бодлогыг та хэр гэгээлгээр харж байна?

-Санаа нь бол зөв. Хэрэгждэг бол үнэхээр сайхан. Хэрэгжүүлэх хүсэл зорилго, чин сэтгэл нь байна уу, зүгээр шоу юм уу. Том том бүтээн байгуулалтууд ярьж байна. Тэрийг хийх мөнгө нь байгаа юм уу. Хувь хүнийхээ хувьд эргэлзэж л байна.

-Орос Украины дайнтай холбоотой манай ард түмэн их талцах юм. Дайны талаар янз бүрээр л тайлбарлах юм. Харин таны хувьд Украинд очоод нэвтрүүлэг бэлдэж байсан хүний хувьд юуг онцлох вэ?

-Тэр дайн яагаад эхэлсэн тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг л энд дурдмаар байна. Мань эр “Диктатуртай том улс өөрийнхөө хажууд эрх чөлөөтэй, ардчилсан, хөгжингүй улс байлгахгүйн тулд эхлүүлсэн дайн” гэж хэлсэн. Яг л Монгол хөгжөөд ирвэл хойноос буриад, тува нар нутгаа аваад таслаад ороод ирж мэдэх улс Оросын бөөрөнд байгаа учраас энэ үндэстэнг дарж авъя гэсэн В.Путины хорон санаа гэж Ц.Элбэгдорж ярилцлаганд орохдоо хэлж байсан л даа. Миний хувьд зуун хувь санал нэг байгаа. Монгол Улс бол дайныг дэмжихгүй, эсэргүүцэхгүй, түдгэлзэж байна гээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр манайх байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Монголын дотоодод иргэд тэрийг эсэргүүцэнэ үү, дэмжинэ үү гэдэг нь цэвэр хувь хүний эрх чөлөөний асуудал. Монгол Улсын иргэд чөлөөтэй сэтгэн бодох, тэрийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө Үндсэн хуульдаа баталгаажуулсан орон шүү дээ. Тийм учраас дайны тухай монгол хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Тэрийг хэн ч хааж боож чадахгүй. Хэрэв оросын төр манай ард иргэдийг дотроо эсэргүүцлээ гээд шатахуунаараа хааж боох юм бол маш харалган бодлого. Боовол боохоос биш. Бид ямар тэрнээс нь айгаад ардчиллаасаа ухралтай биш. Ард түмнийхээ амыг барилтай ч биш.

-Сүүлийн үед ардчиллыг бүдгэрүүлэхийг оролдох хандлага их ажиглагдах боллоо. Орос шиг, Хятад шиг байвал амар гээд л адилсгах гэж оролдох болсон. Энэ үзлийн талаар та юу хэлэх вэ?

-Манай нийгэмд болохгүй бүтэхгүй юм зөндөө л байна, тэр бүгдийг ардчилалтай холбож тайлбарлах гэж оролддог нь бусармаг явдал шүү. Ардчилсан парламентын засаглалтай аливаа улсын улс төр, эдийн засгийн шийдвэрүүд гарах гэж уддаг, хэрэгжүүлэх шатандаа хариуцлага алддаг, эзэнгүйрдэг муу гэмээр талууд бий гэвэл бий. Иймээс зарим иргэд “хатуу” гарыг хүсэмжилдэг байх. Гэхдээ бидний засаглалын хэлбэр нь бидний Тусгаар тогтнолын баталгаа гэдгийг иргэд маань хатуу ойлгоосой гэж хүснэ. Нэг хүний засаглалыг хоёр том хөрш маань тэр дор нь урвуулж Монгол Улс Тусгаар тогтнолгүй болохыг хэн ч хүсэхгүй биз ээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 31, Бархасбадь гариг. Билгийн тооллын 29, могойг хүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6:33 цагт мандан, 19:20 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “ХӨТӨЛ хаашаа хөтөлнө?​” нийтлэл хэвлэгдлээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ дахь АН-ын бүлгийн
дарга Д.Ганбат Бид Азийн
хүлэг биш,
Азийн гөлөг
улсын тоонд
орж байна ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн
баталснаар жилд хайгуулын тусгай
зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Цагаан хаднаас ковид салахгүй
байна гэх мэдээллийн цаана
ямар учир байна вэ.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Манай улсын эдийн засгийн
амин үзүүлэлтүүд түгшүүрийн байдалтай,
улаан гэрэл асчихсан байна” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “ХӨТӨЛ хаашаа хөтөлнө?” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Зон олны нам”-ын
дарга Э.Одбаяр “Биднийг удаа дараа доромжилж,
ёс зүйгүй үйлдэл гаргасан Элчин сайд И.К. Азизовыг
яаралтай нутаг буцаах хэрэгтэй” гэлээ.

“Positive Mongolians”
төслийн санаачлагч,
Соёлын тэргүүний
ажилтан Д.Түвшинбаяр “Хайр”
УСК-оор хайрыг
мэдрүүлэхээс
илүү ойлгуулахыг
зорьсон” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Гаитийн жагсагчид онгоц шатаажээ || DNN.mn

Гаитийн жагсагчид онгоц шатаажээ

Гаитийн иргэд хүн хулгайлах гэмт хэргийн эсрэг жагсаж байна. Лес Кайес хотод жагсаалд оролцогчид өчигдөр /2022.03.29/ АНУ-ын номлогчдын буюу “Агапе Флайс” бүлэглэлийн онгоцыг шатаасан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Агапе Флайс нь Карибын тэнгисийн орнууд руу шуудан болон хүмүүнлэгийн бараа илгээдэг, Флоридад төвтэй номлогчдын бүлэг юм.

Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацсан ч тэд нисэх онгоцны буудал руу нэвтэрсэн байна. “Cayes Infos” цахим хуудсаар цацагдсан бичлэгээс харвал, жагсагчид олноороо нийлэн, онгоцыг цардмал зам руу түлхэн гаргажээ. Дараа нь нисэх буудлын ойролцоох гудамжинд тус онгоцыг шатаасан бололтой. “Агапе Флайс” бүлэглэлийнхнээс гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд хүмүүсээ аюулгүй газар руу буцаахаар бэлтгэж байгаа аж.

Жагсагчид яагаад заавал онгоцыг онилсон нь тодорхойгүй байна. Жагсаал анх тайван замаар эхэлсэн боловч идэвхтнүүд Хенригийн засгийн газраас хүчирхийлэл, тэр дундаа хүн хулгайлах гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авахыг шаарджээ.

AZXMFWM52RJZBLSP64WKRQPHEU