Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросын түрэмгийлэх дайныг бид буруушааж байна || DNN.mn

Орос Украины дайн дэлхий нийтийг цочроож байна. Оросуудын цус нэгт ах дүү нарынхаа эсрэг үүсгэсэн гамшигт дайныг бид буруушааж байна. Яагаад гэвэл хэзээ нэг цагт хоёр хөршөөс маань ийнхүү цэрэглэн довтлохгүй гэсэн баталгаа байна уу. Хүчтэйгийнхээ өмнө хүчгүй нь буруутан болдог ширэнгийн хуулиар амьдрах болох нь уу гэж бид санаа зовж байна. Яагаад ОХУ хөрш зэргэлдээ орших цус нэгт Украин руу Минскийн гэрээ(энх тайван тогтвортой байдлыг эрхэмлэн, улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдаж заналхийлэхгүй, галт зэвсэг хэрэглэхгүй байх)-г зөрчиж гал нээж дайтах болов гэдгийг олон улсын геополитик судлаачид өөр өөсдийнхөөрөө тайлбарлаж байгаа. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан “өөрийгөө хамгаалах” гэсэн заалтыг ОХУ ашиглаж байна гэж үзээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн онц хуралдааны үеэр Украины зүүн нутгийн Донбасс мужид цэргийн ажиллагаа явуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины шийдвэрийг танилцуулсан. Түүний мэдэгдсэнээр ОХУ өөрийн газар нутагт суугаа харийн хүмүүсээс иргэдээ хамгаалахын тулд дайралтыг эхлүүлсэн, Оросын цэргийн ажиллагаа нь Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагчдын бүс нутгуудын оршин суугч орос хэлтэй ард түмнээ хамгаалах зорилготой гэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Оросын төлөөлөгч ийн мэдэгдсэн нь Украинаас салан тусгаарлахаа зарлаж Орост өргөх бичиг барьсан Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсуудын тусгаар тогтнолыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайны өмнөхөн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой нь мэдээж.

Путиныг ҮАБЗ-ийн хурлын мэдээллээ хүргэж олон цаг үг хэлэхдээ нүүр нь ихэд улайсан, ээрч муурсан, биеийн хэлэмжийн хувьд айхтар сандарсан, соёлт Европын хүн төрөлхтний эсрэг аймашиггүйгээр гэмт хэрэг үйлдэж буйгаа мэдэж байгаа, түүндээ шаналж зовсон царай нь илт байсан хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд бичиж байсан. Путины мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ нь Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаараа Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөрчиж 2014 оноос хойш Донбасст байгаа цэргүүдээ хууль ёсны болгож байна. Эдгээр шийдвэрийн үр дагаврын бүх хариуцлагыг Оросын улс төрийн удирдлагууд хүлээх болно” гэж мэдэгдсэн.

Мөн тэрээр Украинд дайны онц байдал зарласнаа дуулгаж ард түмэндээ “Бүү сандар, бид хүчтэй, бүх зүйлд бэлэн байна. Бид бүгдийг ялж дийлэх болно” хэмээн зоригтойгоор хэлсэн билээ. Дайны нөхцөл байдал хэрхэн өрнөж буйг монголчууд бид сайн мэдэж байгаа. Украины цэргийн байгууламжууд руу ОХУ пуужингаар цохилт өгч байгаа бичлэгүүд цацагдахтай зэрэгцэн “Оросын цэргүүд өмнөд хэсгийн Одесса, Мариуполь боомт хотуудад галт зэвсэг ашиглан дайралт хийж бөмбөгдөж эхэллээ” хэмээн “Интерфакс Украин” мэдээлсэн. Мөн Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко оросуудын түрэмгийлэл эхэлснийг баталж Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, цэргийн агуулахуудыг хамгийн түрүүнд бөмбөгдсөнийг зарласан. Оросууд Украины нутаг дэвсгэр рүү эхлээд Одесоор буюу урдаас нь улмаар Донбасс, мөн Харьков, Беларусын зүгээс дөрвөн чиглэлээр дайрах стратеги төлөвлөгөөтэй байсныг, хамгийн гол нь үүр шөнөөр цэргийн бааз, зэвсгийн агуулах, цэргийн үйлдвэрлэлүүдэд пуужин болон агаарын цохилт өгч, мэдээллийн гол гол сүлжээнүүдийг нь устгасан гэцгээж байна. Энэ нь зэвсгийг нь устгаж дэлбэлээд, холбоо барих интернэт сүлжээг нь таслах стратегитэй байсныг судлаачид хэлж байна. Гэвч Оросын нэг хүний дэглэм ардчиллын амтыг авсан ард түмэн ямар зоригтой байдгийг тооцоолоогүй бололтой. Тэдний ихэнх дайралт бүтэлтэй болохгүй байна. Украины ард түмнийг ингэж эсэргүүцнэ гэж лав бодоогүй. Бас Орос улсад ч дайны эсрэг тэмцэж эхлээд байна. Мөн украинчууд ард түмэндээ зэвсэг тарааж өгч байгаа нь их зөв алхам болж байх шиг байна. Манай цэргийнхэн бодвол энэ дайныг анхааралтай ажиглаж байгаа биз. Яаж эсэргүүцэж болж байгааг.

Яагаад гэнэт тэр тоглоомын улсуудыг хүлээн зөвшөөрч тэднийгээ хамгаалан Украинд довтлох болоод явчив. Энэ нь Украин НАТО-д элсэх нь цаг хугацааны асуудал болсонтой холбоотой. НАТО Оросын зүүн хилд тулж ирэх нь аюултай гэж Путин ард түмнээ айлгасаар ирсэн. Үүнийгээ үнэн гэж батлан харуулахын тулд салан тусгаарлагчдыг өмөөрч хаацайлж байгаа нэрээр НАТО-д элсэхийн өмнөх Украиныг эзэлж тэр улсын дэглэмийг солихоор яаран дайн зарлав. “Хүн нь байхгүй бол асуудал нь бас байхгүй” гэж Оросын хуучны үг байдаг. Улсынх нь дэглэм солигдчихсон байвал НАТО гэсэн асуудал байхгүй болох юм. Путин Оросын ард иргэдэд хэлэхдээ “НАТО, АНУ болон барууны улсууд биднийг хуурсаар байна. Саналыг минь огт тоосонгүй. Тиймээс НҮБ-ын дүрмийн дагуу Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдвэрлэлээ. Энэ бол эзлэн түрэмгийлэл биш. Бидний дэргэд ирчихээд байгаа НАТО-д өгч буй сануулга. Мөн төрийн эргэлтээр гарч ирсэн Украины одоогийн нацист төрд өгч байгаа цохилт” гэдгийг онцолсон. Оросоос АНУ руу дүрвэж гарсан аюулгүй байдал судлаач улстөрчид “ОХУ өмнө нь Вашингтон болон Брюсселийн уулзалтуудад Украины талаар саналаа маш тодорхой гаргаж байсан. Украин нь барууныхантай нийлж Орост цохилт өгөх галын шугам болно гэдгийг Путин тооцоолж байсан. Тиймээс НАТО-г цаашид дорно зүгт тэр дундаа Украин руу тэлэхгүй байх, тус улсын нутагт цохилтын зэвсэг байрлуулахгүй байхыг шаардаж байсан. Мөн Путин Гүрж, Украин хоёрыг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэх баталгаа өгөхийг шаарддаг”-ийг хэлдэг.

Путин Украиныг хэзээ ч Европын холбоо руу гонгинохгүй, хэзээ ч НАТО-г бараадахгүй, зөвхөн үүрд мөнхөд Оростойгоо нөхөрлөх өнөөгийн Беларусь шиг байхыг хүсээд байгаа. Хэрвээ украинчуудыг Беларусь шиг атгандаа оруулж чадвал “Бид ийм хүчтэй шүү” гэдгээ НАТО-д харуулж буй сануулга гэж ойлгож болно. Мөн ардчилал гэж донгосдог барууны ертөнц бас бус манайх шиг орнуудад хатуу сануулга өгч “Ийм юм байдаггүй юм” гэж харуулах гэж байгаа хэрэг. Дайн хийж буйн гол зорилго нь ч үүнд оршиж байгаа. Украин бол ураны хүдрийн батлагдсан нөөцөөрөө Европт нэгт ордог, титаны хүдрийн нөөцөөр хоёрт эрэмбэлэгддэг, марганцын хүдрийн хайгуулын нөөцөөр дэлхийн 12 хувийг эзэлдэг. Төмрийн хүдрийн хоёр дахь том нөөцийг эзэмшдэг, мөнгөн усны хүдрийн нөөцөөр Европт хоёрт ордог гээд үйлдвэрлэлийн асар их нөөцтэй энэ орныг Москвагийн мэдэлд авахыг эзэрхийлж оросууд улайран дайрцгааж байна. Дайны хөшигний цаадахыг харахад иймэрхүү дүр зураг анзаарагдаж байна. Үүний цаана хамгийн аюултай нэг зүйл бий. Учир нь энэ дайн дэлхийн улс орнуудад маш аюултай харгис жишиг тогтоолоо. Үүнийг олон улс судлаачид “ОХУ-ын үйлдэл нь “presedent” буюу уруу татах муу жишиг тогтоож байна” гэж хэлж байгаа. Үндсэндээ Путин украинчуудыг дотор нь хагалан бутаргаж салан тусгаарлах улсаас нь өргөх бичиг аваад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч, улс хоорондын дунд мөргөлдөөн үүсгэнэ гэдэг байж боломгүй зүйл.

Яг үүн шиг манай урд хөрш Хятад хамгийн түрүүнд Тайвань руугаа ухасхийхэд яах ч үгүй юм байна гэж ойлгоно. Мөн Казахстан улс Баян-Өлгийн казах иргэн гэсэн хэдэн хүнээс өргөх бичиг авч тусгаар тогтносон улс болохыг нь хүлээн зөвшөөрвөл яах вэ. Тэгээд зогсохгүй Энэтхэг Пакистаны асуудал байна. Пакистан нь 1947 он хүртэл Британийн удирдлага дор Энэтхэгийн хэсэг байсан. Дээр нь Энэтхэг, Пакистан хоёр улс Энэтхэгийн захиргаан дахь Кашмирыг хуваан эзэмшдэг. Энэтхэг Кашмирын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд мөн л Пакистаны хооронд дайн тулаан үүснэ. Арабууд уйгаруудыг мөн дотроос нь Донецк, Луганск шиг бичи өргүүлээд Хятадын эсрэг босгох гээд хүн төрөлхтөн ээлж дараагүй дайн самуунтай болох ийм л тамын замыг оросууд тавьчихлаа.

Тэгэхээр хүн төрөлхтөн одоо хүчирхийллийг зөвтгөсөн, хүчтэйгийнх нь өмнө хүчгүй нь буруудсан, ядарсан орнуудаа дээрэлхсэн ийм дарангуйллын системийг огтоос буруушаах хэрэгтэй. Өнөө маргаашдаа Украин Оросыг ялах эсэх нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан оросууд дайн үүсгэснийг бид буруушаах ёстой. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр манайхан дайны тухай сэтгэлийн хөөрлөөр бичиж, орос ах нар минь хэмээн эвий халаг болж байгаа нь гутамшигтай.

Яг жинхэнэдээ монголчуудын хажууд Украин, Орос хоёр бол ах дүүс мөн. Тийм байтал бид эндээс орос ах гэж хийрхэх нь арай хэтэрсэн тэнэглэл болно. Харин оросуудад буруу гэдгийг нь хэлэх ёстой. Тэд тоохгүй л байх. Гэхдээ бид буруу гэдгийг нь ойлгуулж, дайныг эсэргүүцэж байгаа орнуудтай дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Барууны орнууд бүгд Оросын эсрэг байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Бадейн “Их долоо”-той Оросын асуудлыг хэлэлцэн цэргийн хүчний үндэслэлгүй халдлагыг буруутган “дэлхий нийт Орост хариуцлага тооцно” гэдгийг хатуу мэдэгдсэн. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бадейны мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Орос дэлхийн эдийн засгийн хоригт орж, дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг буюу SWIFT системээс хасагдлаа. Энэ нь цаашид тухайн улс, эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ганхах аюултай гэсэн үг.

Энэ бүхнийг монголчууд ойлгож ухаарч, улс орны бодлогыг нуруутай нухацтай хардаг баймаар байна. Орос ах гэж далдганадгаа одоо болих хэрэгтэй. Гэхдээ хуучин нөхрийн үүднээс Орост бурууг нь буруу гэж хэлдэг, ядарч зүдэрвэл чадлаараа дэм болж явдаг байх ёстой. Сүүлд нь хэлэхэд, дэлхийд тахал ч гарлаа, дайн ч гарлаа. Монголчууд бид бусдыг аялдан дагалдсан өөрийн толгойгүй хүн шиг гэнэн тэнэг байдгаа больж, аливаад хэрсүү ухаантай хандах цаг иржээ. Украиныг дэлхий яагаад дэмжээд байна вэ, яагаад гэвэл ардчилсан улс болохоор дэлхий нийт дэмжиж байна. Тэгэхлээр ардчилал манай тусгаар тогтнолын баталгаа гэж дэмий ч нэг ярьдаггүй байгаа биз.

Categories
мэдээ цаг-үе

Украин улс Европын холбоонд элсэх өргөдөл гаргалаа || Dnn.mn

ОХУ-Украин улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг эв найрамдлаар төгсгөх уулзалт амжилтгүй болжээ. Эл хэлэлцээрээр Украины ерөнхийлөгч Зеленський “Ямар ч газар нутгаа тасалж өгөхгүй бөгөөд ОХУ-ыг цэргээ татахыг хүссэн” байна. Гэвч хариуд нь Путин ямар нэгэн хариу мэдэгдэл, байр суурь илэрхийлэхээс татгалзсан юм.

Эл хэлэлцээрээс гарч ирснийхээ дараа Украины ерөнхийлөгч Зеленський европын холбоонд элссэн байна. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Өнөөдөр би Украиныг Европын холбоонд элсүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бодит гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Хөх сувд” мөсний баярын бэлтгэл ажил 80 хувьтай байна || Dnn.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр энэ сарын 3, 4-ны өдрүүдэд буюу энэ пүрэв, баасан гарагт Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хүй толгойн урд Хайчийн ам хэмээх газар болно. Энэ үеэр мөсөн шагай, мөсөн сурын харваа, мөсөн тэшүүр, мөс мөргөлдүүлэх тэмцээн болон тахтай морин чарга болон тахтай хатирч морьдын уралдаан, “Аав ээж би”, мөсөн дээрх буухиа, олс таталт, волейбол, сүмо бөхийн тэмцээн, хамгийн сайхан морин чаргатай уяачийг шалгаруулах тэмцээн болно. Мөн үүнээс гадна олон ястны урлагийн тоглолт, “Хөх цом” яруу найргийн наадам, “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн, “Хөх сувдын орон” шоу тоглолт, “Хаан их сарьдаг, Хатан далай ээжээ хүндэтгэх бөөгийн тахилга ёслол, Далай ээжид хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг соёлын арга хэмжээнүүд зохиогдох юм.

10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолжээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын өвлийн хамгийн том арга хэмжээ “Хөх сувд-2022” мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор зохион байгуулж буй юм. Тус баярыг сонирхохоор 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж буй бөгөөд нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна. 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй бөгөөд 2019 онд мөсний баярыг гадаад, дотоодын 20 гаруй мянган үзсэн гэсэн мэдээлэл бий. “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажлын талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатараас тодруулахад баярын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Мөн зохион байгуулах комиссынхноос буудал, амралтын газрын дүүргэлтийн талаар тодруулахад “Хөх сувд” мөсний баярын үеэр ажиллах жуулчны баазуудын ихэнх нь дүүрсэн” гэдэг мэдээллийг өглөө.

Мөсөн хотхоныг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлаж байна

Мөсний баярыг зорин ирж буй иргэдийн хамгийн их сонирхдог зүйл бол мөсөн хотхон юм. Энэ жил мөсөн хотхоныг Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах сэдвийн хүрээнд Улаанбаатар хотоос дөрвөн баг, Увс аймгаас нэг баг, Хөвсгөл аймгаас 10 баг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар мөсөн хотхоны бүтээн байгуулалт 70 хувьтай байна. Үлдсэн өдрүүдэд бүрэн хийж дуусгах бөгөөд маргааш гэхэд мөсөн хотхоны бүтээн байгуулалт дуусна гэж албаныхан хэллээ.

Анх удаа яруу найргийн тэмцээн болно

Энэ жилийн хувьд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржавын нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадам болохоороо онцлогтой. Наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн соёл урлагийн газар хамтран зохион байгуулна. Наадамд яруу найрагчид гурван шүлэг ирүүлэх бөгөөд өнөөдрийг дуустал бүтээлийг хүлээж авах юм. Сүүлийн шатанд шалгарсан 15 найрагч Хөвсгөл нуурын хөвөөнд мөсний баяраар шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулна. “Хөх цом” яруу найргийн наадмыг мөсний баярын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

“Хөх сувд-2022” мөсний баярын үеэр Мөрөн суманд ажиллах зочид буудлын жагсаалт

“Хөх сувд-2022” мөсний баярын үеэр Мөрөн суманд ажиллах зочид буудлын мэдээллийг танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Зундуйдорж: Ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг эмгэнэл || DNN.mn


Олон улсын эрх зүй судлаач О.Зундуйдоржтой ярилцлаа.


-Монгол Улс 30 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуультай орон болсон. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж тунхагласан “эцэг” хууль маань амьдрал дээр биеллээ олж чадаж байна уу?

-Ардчилсан Үндсэн хууль бол бидний хувьд том зол завшаан. Олон хүний үзэл санааны нэгдэл болсон амьтай хууль. Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан эрх, эрх чөлөөний тухай олон зүйлийг тусгаж өгсөн. Тэр эрхүүд нийгмийн амьдралд хэрэгжиж, бодитоор хянагдаж, хамгаалагдаж байж баталгааждаг. Харамсалтай нь Үндсэн хуульд тусгагдсан тэдгээр эрх тунхаглалын шинж чанартай. Үүний үр дүнд эрх мэдэлтэй, хууль хүчний байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд өөрт олгогдсон давуу байдлаараа бусдын эрхэд халддаг үзэгдэл хавтгайрсан нь цөөнгүй зүйлээр нотлогддог.

-Хүний эрхэд халдаж буй энэ хандлагыг та юутай холбож хардаг вэ?

-Мэддэг нь мэдэхгүйгээ дээрэлхдэг. Хүний эрхийн мэдлэгээс гадна мэдрэмжтэй байх ёстой. Дорнын уламжлалт сэтгэлгээний уур амьсгал бол бусдаас илүү үг сонсдог, бусдад их найддаг. Тухайлбал, бид аав, ээж, ахмад настны үгэнд заавал орох ёстой гэсэн хүмүүжлээр өсдөг. Бараг тэдний буруу байсан ч дага гэдэг хандлагатай. Яагаад гэвэл, чамаас ахмад настай хүн зөв зүйл ярьдаг гэсэн ойлголт уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Харин өрнийнхөн өөр. Тэр хүн настай болохоос мэдлэгтэй биш, боловсролтой гэсэн үг бас биш. Ренчин Бямбаа гуайн хэлсэн үг байдаг даа. “Бодол нь босгоо, хөл нь хилээ давж байж бид нийгмийн харилцаанд зөв орох юм байна” гэж. Ерөөсөө аливааг томоор нь харах ёстой гэсэн санаа. Бид хүний эрх гэж дандаа ярьдаг. Энэ эрхийг “амьтай” байлгах гаргалгаа нь үүргээр хязгаарлагдаж, хариуцлагаар баталгаажих ёстой. Эрх, үүрэг дангаараа юу ч биш. Ард нь заавал хариуцлага дагаж байж амьтай болно гэсэн үг. Эрхээ эдэлж байхдаа зарим тохиолдолд үүргээ урд нь барьж байх ёстой. Эрх нь хэтэрчих юм бол хариуцлагаар зогсоодог байх. Ингэж байж зөв гольдролоор явах юм. Эрх-үүрэг-хариуцлага гэсэн хэлхээс тулгын гурван чулуу шиг байх учиртай.

-Тэгэхээр бидний сэтгэлгээнд хүний эрх гэдэг ойлголт байхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Байхгүй гэхэд хилсдэхгүй. “Мөрөөрөө чимээгүй явбал аминд өлзийтэй” гэсэн үг бий. Эрхээ мэддэг, өөртөө итгэлтэй, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг ойлгохын тулд бие хүн болж төлөвших ёстой. Гэтэл “Настай хүний урдуур битгий ор. Буруу зөрүү юм асууж, сөрж болохгүй. Заавал хүндлээд дуугүй байх ёстой” гэдэг. Мэдээж нас намбыг нь хүндэлж бололгүй яахав. Гэхдээ буруу үзэл сурталд автахгүй байх ёстой. Өвөө нь МАН-ын гишүүн бол заавал тэр намд саналаа өг гэдэг. Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхэд халдаж байгаа гэмт хэрэг. Бие дааж шийдвэр гаргах, төлөөллийн байгууллагаа сонгох эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн үг.

Дараа нь сурч боловсрох эрх, ажил мэргэжлээ сонгох амин чухал асуудал дандаа бусдын нөлөөнд автана. Тэр хүн өөрөө үлдсэн амьдралдаа сонголт хийхдээ өнгөц итгэсэн, эргэн тойрныхноороо шийдвэр гаргуулж байгаа бол төлөвших болоогүй байна. Бие хүн болохын тулд өөрөө оролдоод үзэх хэрэгтэй. Чамд юу таалагдаж байна. Юу тохирох юм. Чамайг ирээдүйд итгэлтэй харагдуулж байгаа тэр сонголтоо тухайн хүүхэд өөрөө хийх ёстой.

Сургуульд багш нар самбарын өмнө гараад зөвхөн хичээлээ заасаар байгаад гараад явчихдаг. Сурагчид тэр бүр асуулт асуудаггүй. Багш хичээлийн дараа “Асуух зүйл байна уу” гэхэд хүртэл ангиараа дуугардаггүй. Зөвхөн “Хурдан хичээл завсарлаасай” гэсэн команд хүүхдүүдийн тархинд суусан гэсэн үг. Өөрт нь асуудал үүсэхэд ээж, ааваасаа асууж зүрхэлдэггүй, ярилцдаггүй. Энэ байдал нь ирээдүйд улстөрчид буруу шийдвэр гаргахад чимээгүй байх суурийг нь бэлтгэж байгаа юм. Өөрийнх нь эрхийг зөрчиж байхад нүдэн балай, чихэн дүлий байхыг гэр бүлд нь болон сургуульд байхад нь төлөвшүүлчихдэг.

Ингээд ажлын байран дээр гараад бас л даргын буруу шийдвэрийг дагадаг хүн болж төлөвшиж байна. Энэ нь өөрийн эрхийг бусдад бэлэглэсэнтэй ялгаагүй. Чиний ирээдүйг бусад хүн дураараа өөрчлөх, ашиглахыг өөрөө зөвшөөрчихөж байна гэсэн үг. Хүний биеийг олж, ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг бол бие хүний хувьд эмгэнэл.

-Харин өрнийн сэтгэлгээнд эсрэгээрээ гэж та дурдлаа. Сонирхолтой кейсүүд хуваалцахгүй юу?

-Өрнийн сэтгэлгээ дорныхоос дэндүү өөр. Хүүхдээ балчир гэлтгүй өөрөөр нь сонголт хийлгүүлж, шийдвэр гаргахад оролцуулж, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэдэг. Аав, ээжүүд аль нэг өрөөнийхөө хөшгийг солихоор болбол хүүхдийнхээ саналыг заавал авна. “Аав нь хөх, ээж нь ногоон өнгөтэй хөшиг авах бодолтой байна. Харин миний хүү ямар өнгийг санал болгомоор байна” гэж асууна. Хүүхэд нь ногоон өнгөтэй хөшиг авах саналтай байна гэвэл сонголтыг нь хүндэтгэж тэрийг нь биелүүлдэг. Энэ нь тухайн хүүхдэд “Би аливаа шийдвэр гаргахад оролцох ёстой, миний санал биелдэг юм байна” гэсэн ухамсар, итгэл үнэмшлийг суулгаж байгаа хэрэг. Өөр нэг жишээ, намайг Норвегийн Ослод байхад 18 настай охин нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшээд гишүүн болж байлаа. Түүний аав Норвегийн парламентын гишүүн. Тэр охин “Аав намайг ойлгохгүй байгаа юм чинь залуу үеийг бас ойлгохгүй байна гэсэн үг. Тиймээс дээд сургуулийг сонгохгүйгээр би нийслэлийн иргэдийн хуралд үеийн залуусаа төлөөлнө” гээд 18 настай охин нэр дэвшиж ялалт байгуулж чадсан. Энэ нь хувь хүний болоод нийгмийн эрүүл сэтгэлгээг тод харуулж чадсан. Манайд 18 настай охиныг УИХ, НИТХ-д нэр дэвших гэвэл “Хүн болоогүй байж юун ч амбицтай юм дээ” гэхчилэнгээр буруутгана. Өөрөөс нь дүү байх нь мэдлэггүй, ур чадваргүй байна гэсэн үг биш. Заавал настай хүн ухаантай байж, залуу хүн тэнэг гэсэн ойлголт ч бас биш. Ардчиллаар олгогдсон эрх нь хуульд баталгаажсан байгаа юм чинь 18 нас хүрсэн бол сонгох, сонгогдох эрх хүн бүрт бий. Үзэл санаа, үнэт зүйл, нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, ирээдүйд юуны төлөө зорьж байгаа гэдэг нь олон нийтийн дэмжлэг авах юм бол тэр хүн биднийг төлөөлөх нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Бид хүнд, намд, насанд биш зөвхөн тухайн хүний үзэл санаа, сэтгэлгээнд ач холбогдол өгөөд сонголтоо хийж чадвал нийгэм эрүүл болно.

-Энэ нь хүчирхийллийн нэг хэлбэр мөн үү?

-Нэг талаас нь тэгж хэлж болно. Бид хүүхдээ сургуульд заавал онц сурах ёстой, тэмцээн уралдаанд орох ёстой гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлж буй нь бас нэг төрлийн хүчирхийлэл. Ардчилал буюу эрх зүйт төр оршиж байгаа олон орон байна. Скандиновын хөгжингүй орнуудад танхимын сургалтад 25 хүүхэд байлаа гэхэд тав нь зайлшгүй онц сурдаг. 15 хүүхэд нь дунд, үлдсэн тав нь муу сурна. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл, тэр таван хүүхдийн муу сурч байгаа нь оюун ухаантай нь биш, багшийн заах арга барилтай холбоотой гэж үздэг. Цагийг үр дүнтэй өнгөрүүлж, илүү бүтээлч байхад чиглүүлдэг. Ээж, аавтайгаа салхинд гар, настай хүнд тусал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яг адилхан хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх ёстой гэхчилэн хүн байхын үнэ цэнийг мэдрүүлнэ. Харамсалтай нь бид сурч боловсрох эрх дээрээ асар олон ялгаварлыг бий болгочихсон. Энгийн жишээ хэлье. Өндөр төлбөртэй сургуульд нэгдүгээр ангиас нь гадаад хэл заадаг. Тэгвэл улсын сургуульд тавдугаар ангиас нь орж эхэлдэг. Манайх хуулиараа ялгаварлыг бий болгочихсон. Ажлын байран дээр ч тэр ялгавартайгаар үнэлгээ өгдөг. Хувийн хэвшил, төр гэлтгүй яг адилхан хандлагатай. Хуулийн амин сүнс бол гарааны тэгш байдлыг бий болгох ёстой. Хувийн өндөр төлбөртэй сургуульд нэгдүгээр ангиас нь англи хэлийг зааж байгаа бол улсын сургуульд яг адилхан орох ёстой. Тэгвэл гарааны тэгш бус байдлаас болж улсын болон хувийн сургууль төгссөн хоёр хүүхэд ажлын байран дээр очиход хэнд нь илүү боломж олдох нь ойлгомжтой. Мөнгөтэй буюу хувийн сургуульд сурсан нь илүү боломжтой. Тэр хүүхэд амьдралын боломжтой, баталгаажсан нийгэмд орж байгаа юм. Харин улсын сургууль төгссөн хүүхдүүдээс асар олон эрсдэл, хичээл зүтгэл гардаг. Энэ нь өөрөө бидний хүсээд байгаа нийгэм биш.

-Бид хүссэн нийгмээ цогцлоож чадахгүй байгаа нь төрийн бодлого, шийдвэрийн алдаа гэдэг. Даргын шийдвэрийг дагадаг уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүй нөхцөлд зарим эрхээ хязгаарлуулсаар байх юм биш үү. Жишээлбэл, цар тахлын түр хуулиар хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж олон түмэн их л шүүмжилсэн. Дахиад нэг жилээр сунгачихлаа..?

-Миний өмнөөс оновчтой зөв шийдвэрүүд гаргаж, ирээдүйд ажиллаж амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулаарай гэж УИХ-ын гишүүдэд зарим эрхээ шилжүүлдэг. Гэтэл ард түмний итгэлийг аваад сонгогдон гарч ирсэн төрийн түшээд иргэдийн эрхийг нэмээд хязгаарладаг. Хар үгээр хэлбэл дээрэлхдэг. Эрх зүйт төр төлөвшсөн орны төр нь иргэдээ маш сайн сонсдог. Үзэл бодлыг нь хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Монголд эсрэгээрээ дарга төвтэй. Даргын зөв. Энэ бол уламжлалт сэтгэлгээтэй яах аргагүй холбоотой.

Ковид гэдэг бол шинэ үзэгдэл биш. Дэлхийн хэмжээнд цар тахлын үед оновчтой менежмэнт хэрэгжүүлсэн орнууд олон. Франц гэхэд ковидын үед эдийн засгаа хорихоосоо илүүтэйгээр чөлөөтэй байлгая, хувь хүн иргэн бүр эрүүл мэнддээ өндөр хяналт тавих ёстой гэсэн бодлого баримтлал. Манай төрийн шийдвэр иргэндээ ч, төрийн албанд нь ойлгомжгүй. Менежмэнтийн том алдаа гаргаж байна гэсэн үг. Монгол Улсад хүний эрхэд халдаж байгаа олон, олон шийдвэр гарч байна. Ковидын цаана иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цар тахлын талаар түлхүү ярьдаг болсон. Үүний цаана төсвийн үрэлгэн байдал ихэслээ. Төрийн албаны меррит зарчмыг байхгүй болгох гэж байна. Хэн дуртай хүнээ тодорхой албан тушаалд томилж байна. Төр өөрөө дадлагын оюутантай адилхан шийдвэрүүд гаргаж байгаа юм. Уг нь төрийн шийдвэр ямагт мэргэшсэн, мэргэжлийн, ур чадвартай, тооцоо судалгаа, шинжилгээтэй байх ёстой. Гэтэл эрх баригчид зөвхөн нийгэмд таалагдах сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байна. Эцсийн бүлэгт ард түмэн л хохирно. Төр өөрөө туршилтын талбар биш. Иргэд олон нийт ч гэсэн дур зоргоороо авирладаг төрийн үйлдэлд эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой.

-Гэтэл МАН-ыг эрх барьж байгаа цагт иргэд ил гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс айдаг болжээ. Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс баривчлагддаг. Ингээд байхаар төрийн түшээдийн гаргасан бодлого шийдвэрийг шүүмжлэх иргэдийн зориг зүрх улам мохоод байх шиг…

-Нийгмийн оролцоог айдсаар хязгаарлах тактик. Өөрөөр хэлбэл, бага өгөөшөөр том эрсдэлийг хаах. Төр барьж байгаа нам иргэдийн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын амин сүнс болсон гол эрхүүдийг хязгаарлахыг хүсдэг. Нийгмийг чимээгүй болгох, бүх эрхийг нь айдастай байлгах, хянах, цагдах замаар мэдээллийн аюулгүй байдал, нууцад хамаарах зэрэг асар олон эрхийг дахиад хязгаарлаж байгаа юм. Төрийн туйлын зорилго нь урт хугацаанд энэ дарангуйллын эрхээ хамгаалж үлдэхэд оршиж байгаа хэрэг.

Өнөөдөр иргэд эрхээ эдэлж, үндэсний хэмжээний жагсаал цуглаан өрнүүлье гэвэл зөвшөөрөл авна. Нийтэд хортой, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн уриалга гаргаж, ийм үзэл санаан дээр иргэд нэгдэж жагсах гэж байвал зөвшөөрөл өгөх нь битгий хэл хориглоно. Бусад тохиолдолд буюу эдийн засаг, зорчих эрх, эрүүл мэндийн хувьд төрөөс шаардсан иргэдийг хууль хяналтын байгууллага хамгаалах ёстой. Улмаар нийгмийн хэв журмыг сахиулах, хуулиар олгогдсон эрх хэмжээг нь сануулах, ойлгуулах, ковидын үеийн зай хоорондын шаардлагуудыг нь хангуулж ажиллана. Ингэж ардчиллын амин сүнсийг бэхжүүлэх учиртай. Гэтэл бодит байдал дээр жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авахад хүнд суртал ихтэй.

Эрх барьж байгаа нам бусдаар муулуулахыг хэзээ ч хүсэхгүй. Тийм төрийн “хорхойтой шүдэнд” хүрэх төдийд таагүй мэдрэмж авна. Ингээд иргэдийг эрхийн хязгаарлалтад албаар оруулна. Утааны байдал, эдийн засгийн хямрал, замын түгжрэл, ажлын байрны олдоц, халамж гээд асар олон зүйлээр эх орондоо амьдрах орчныг хязгаарладаг. Эдгээр асуудлыг төр сайжруулахаасаа урьдаар муу дээр нь барих бодлого явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өндөр албан тушаалтнууд эс үйлдэхүйгээрээ төрийн эсрэг үйлдэл хийж байна. Тоо судалгаа мэдээллийг олон нийтэд танилцуулдаггүй. Хуульд өөрчлөлт оруулах замаар сайжруулах шинэ зүйлүүдийг хийх боломж нь байсаар атал эх орныхоо эсрэг үйлдэл хийдэг. Тэгснээ ард түмнээ юу ч хийдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж шүүмжлэх дуртай. Үнэн хэрэгтээ төрийн муу менежмэнт иргэдийн итгэл найдвар, хүсэл зоригийг мохоож байна.

-Ингэхэд сонгуульд иргэдийн итгэл үнэмшил суларсантай та санал нийлэх үү?

-Туйлын идэвхгүй болсон нь сүүлийн сонгуулиудаас тод харагдлаа. Сонголтгүй сонгууль гэцгээх болсон нь худлаа биш. Дүр эсгэсэн сонгуулиуд боллоо. Ер нь хүний итгэл найдвар шавхагдвал амьдрах орчингүй болж улмаар гадагшаа явах хүсэлтэй болдог. “Би идэвхтэй байгаад юу ч өөрлөгдөхгүй” гэсэн мэдрэмжийг авна. Уг нь иргэд олон нийт идэвхтэй байх тусам эс үйлдэхүйгээрээ улс орны эрх ашгийг хохироож байгаа хүмүүс өөрсдөө ухаарах ёстой. Ядуу буурай орнуудад юу шаардлагатай, яагаад тэднийг ядуу байлгадаг вэ гэхээр олон шалтгаан нөхцөлүүд хамаарна.

-Тухайлбал?

-Хүнийг хөгжүүлдэг хүчин зүйл нь эдийн засгийн баталгаат байдал. Хүн идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орчноо шийдсэний дараагаар хөгжлийн замд орж ирдэг. Бусдад санаа тавьж, үр хүүхдүүдийнхээ боловсрол, хандлага, ирээдүйд анхаарал хандуулж эхэлдэг. Ингэснээр нийгэм аяндаа хөгждөг. Харин хөгжил бол өндөр байшингаар хэмжигдэхгүй. Гагцхүү нийгмийн оролцоо сайтай, буруу шийдвэрийг эсэргүүцэж, зөв сонголтыг оновчтойгоор хийдэг байвал хөгжил ирнэ. Ингэж байж эрх зүйт тогтолцоотой нийгэм төлөвшинө. Мэдлэгтэй, оролцоотой иргэд зөв төрийг бий болгоно. Системийн эсрэг ганц иргэн юу ч хэлж чадахгүй. Иргэд олуулаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд хүний эрхийг зөрчих явдал түгээмэл. Наад зах нь дуудсан цагтаа мэдүүлгээ авахгүй байн байн ирж, очуулж залхаадаг. Энэ нь тухайн иргэний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ?

-Хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж, нийгмийн хэв журмыг тогтоож байгаа хууль хүчний байгууллагууд, хэргийн мөрдөн байцаагч, цагдаагийн албан хаагчид зарим тохиолдолд хүний эрхийн зөрчил гаргадаг. Урт хугацаагаар шүүн таслах ажиллагаа явуулж байгаа, хэргийг үнэн зөв мэдээллээр хангах үүднээс тухайн хүний эрхийг зарим талаараа зөрчдөг. Гэрч, хохирогч, сэжигтэн болсон хүмүүс мэдүүлэг өгөхдөө удаан хугацаагаар хүлээнэ. Нэг талаар төрийн ачаалал нь өндөр байна гэж тайлбарлах байх. Хэдийгээр мөрдөгч дээр ирж байгаа гэмт хэргийн тоо өндөр байлаа ч боловсон хүчний чадавх, хүний эрхийн мэдрэмж чухал. Төр гэдэг байдлаар захирагдах, захирах ойлголтыг өндөр аваад эхлэхээр хүний эрхийн зөрчил гардаг. Мэдүүлэг өгөхөөр очсон хүнийг урт хугацаагаар зогсоох, бие засуулахгүй байх, бүр гэдэс өлсгөлөн үед нь хөтөлж байцаах нь энгийн тактик. Тухайн гэмт хэрэгт үнэн зөвөөр мэдээлэл авахын тулд мэдүүлэг өгч байгаа хүн сэтгэл зүйн хувьд тогтвортойгоор хариулах ёстой. Тэр хүний мэдээллийг авахдаа орчин бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, өрх толгойлсон аав есөн настай хүүхдээ гэртээ ганцааранг нь цоожилчихоод мэдүүлэг өгөх гээд байцаагчийн дуудсан цагт очиж гэж бодъё. Гэтэл найман цаг үүдэнд хүлээлгэж байгаад байцаалтаа эхлүүлэхэд тэр аав ямар ч асуултад хурдтай хариулна. Бодох, эргэцүүлэх, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх нь нотлох баримт бий болгоход шаардагдах хүчин зүйл. Харин цоожтой хаалганы цаана олон цаг хүлээж байгаа хүүдээ санаа зовсон тэр хүн өнгөрөөж буй цагтаа илүү төвлөрдөг. Түүний бодолд хүүхэд нь л байгаа. Зүй нь дуудсан цагтаа зохих журмынх нь дагуу байцаалт авах ёстой.

-Эрх зүйт нийгэм төлөвшсөн орнуудад иймэрхүү асуудлыг яаж шийддэг вэ?

-Шүүх процедурын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хуульд суурьтай, мэдлэгтэйгээс гадна иргэний оролцоо их хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын иргэн 18 мянган удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дийлэнх нэхэмжлэлийг нь шаардлага хангахгүй байна гээд буцаасан байдаг. Гэхдээ хэдэн кейс дээр ялалт авсан байдаг. “Macdonalds”-оос үйлчилгээ авсны хариуд нь салфетка өгөөгүйн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан айл андуурч орсон үйлдэл гаргасан. Үүнд хүний эрхийг ноцтой зөрчсөн тул хотын захиргаа шүүхээс нь 2.1 сая ам.долларын нөхөн олговор олгосон байх жишээтэй. Хүний эрхийг хангах, хамгаалах талаар мэдлэг өндөр байх тусам хуульд итгэх, иргэдийн оролцоо сайжирна. Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хууль болон дагалдах 800 гаруй хууль байна. Эндээс яг хэд нь амьтай, иргэнд нийцсэн, иргэдийн амьдралыг хөнгөвчилсөн, тэдэнд ирээдүйдээ итгэлтэй амьдрах амьдралын орчныг бүрдүүлсэн хууль бол. Нийгмийн харилцааг зайлшгүй зохицуулж байгаа иргэд олон нийт болоод төрийн албан хаагч нарт уялдаа холбоог нь сайжруулж байгаа хууль бол амьтай. Харин амьгүй, нийгэмд хэрэгждэггүй нэр төдий хуулиуд их байгаа учраас хүний эрхийн зөрчлийг бий болгодог. Иргэд өөрсдөө мэдэх, оролцоотой байх эрхээ эдлээд ирэхээр бусад хүчин зүйлүүд нь сайжирна. Ямар удирдагчтай байна тийм л орон байна. Тийм л ард түмэнтэй оронд тийм л удирдагч гарч ирнэ. Хэрэв ард түмэн хэтэрхий амин хувиа хичээсэн, эрх ашгаа нэгд тавиад эхлэх юм бол популист улс төр гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнуудад хууль ялгаварлалгүйгээр хэрэгждэг учраас эрх тэгш байдлыг хангадаг.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин үхэр өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 1, Ангараг гариг. Билгийн тооллын 29, Тооно одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7:34 цагт мандан, 18:36 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна || DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Туул голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Оюу толгойг хянах цаг одоо л эхэлж байна​” хэмээн өгүүллээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын банкны
холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Хөгжлийн банкны
хуулийг өөрчилснөөр
үнэхээр том луйвар хийж
болох заалтуудыг тусгасан” гэснийг XII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч Д.Сумъяабазар “Ажлын ард
гарч, үр дүнг нь
үзэх л үлдсэн” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оюу толгойг хянах цаг
одоо л эхэлж байна” хэмээн өгүүллээ.

“Сэгс Цагаан Богдыг
сэндийчлээ гэх дуулианы
мөрөөр сурвалжилсан нь” хэмээснийг “Томилолт” нүүрээс уншаарай.

Олон улс судлалын
доктор, эдийн засагч Ш.Пүрэвбаатар “Украин, Оросын
мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн
хямрал манай улсад нэгээс хоёр сарын
дараа мэдрэгдэж эхэлнэ” хэмээн ярилаа.

“Эксклюзив” брэндийг
үүсгэн байгуулагч Г.Майцэцэг “Ажлын байр бий болгож, татвар төлж
байгаа бүхэн баялаг бүтээгч мөн” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ